2005/05/03

Ухамсар нэг л агшинд єєрчлєгддєг

Саяхан уншсан Накатани Акихирогийн номон дээр нэг сонирхолтой хэсэг байсан тул товчлон орчуулъя.

“Компанид шинэ сайн ажилчин оруулж ирье гэхэд хуучин ажилчдаасаа халах шаардлага гарна. Япон маягийн менежментийн хувьд энэ нь тийм ч амар ажил биш. Ажилчдыг халах юм бол нийгмээр нэг эсэргүүцэл шүүмжлэл өрнөнө. Ийм нөхцөлд шинээр сайн ажилчин авдаггүй юмаа гэхэд одоо байгаа ажилчдаа жаахан ч гэсэн өөрчлөх, чанаржуулах арга байна уу? Янз бүрийн компанийн удирдлагатай уулзаж явахад ийм асуулт зөвлөгөө байнга ирдэг юм.
Хүнийг өөрчлөх боломж бол бий.
Ханиадны вирусэнд тэсвэртэй хүнээс ханиад хүрдэггүй хүүхэд гарна гэдэг нь DNA-д тулгуурласан онол юм. Удамшил ийнхүү нэг бүтэн үеэс нөгөөд арай чүү нэг нэгээр дамжин явагдаж байгаа цагт эволюц маш удаан хугацааны процесс байж таарна.
Тэгвэл сүүлийн үед бие дотор ямар нэгэн вирус халдаж ирсэн үед, ген өөрөө өөрчлөгдөж, вирусний дархлалтай болон өөрчлөгддөг гэх судалгаа анхаарал татах боллоо. RNA –д тулгуурласан онол юм. RNA нь DNA-ийн хуулбар боловч, энэхүү хуулбар нь анх байсан их биеэ өөрчлөх чадвартай аж. Гол ялгаа нь, энэхүү онолыг баримталвал эволюц маш түргэн явагдах боломжтой гэдэг санаа.
Хэрэв тийм биш байсан бол ямар нэгэн сөрөг өөрчлөлт бий болоход хүн, амьтан юу юугүй устаад алга болох байсан биз.
Археологичид мичнээс хүн үүссэн шилжилтийн үе дэх missing ring буюу “алдагдсан хэлхээ” гэж нэрлэгддэг ясыг ухаан сөгөөгүй хайж байдаг. Мич, хүн хоёрын дундах завсрын яс олддоггүй. Сурах бичиг дээр байдаг Sinanthropus, Pithecanthropus эд нар бол бүр сүүл үеийнх л дээ. Асар их хүч гарган хайсны эцэст ерөөсөө тийм яс байхгүй юм бишүү гэдэг дүгнэлт сүүлийн үед хийх болоод байгаа юм.
Өөрөөр хэлбэл мич, хүн хоёрын завсарын үеийн яс олддоггүй нь мичнээс хүн үүсэх шилжилт маш богино хугацаанд явагдсантай холбоотой гэх аж. Хэрэвзээ DNA-ийн өөрчлөлтөөр аажимдаа хүн төрөлд шилжсэн бол завсрын яс хаа нэгтээ заавал байх ёстой.
Ерөөсөө хүний өвөг дээдэс ой шугуйнаас гарч, хоёр хөл дээрээ явах болсон нь маш богино хугацаанд явагдсан өөрчлөлт гэж тайлбарлагддаг. Ийм түргэн зуурын шилжилт гэж юм байдаггүй байсан бол эволюц хэзээ ч явагдахгүй байх байсан бизээ.

Компани өөрчлөгдөх үү? Хэрвээ компанийг өөрчлөе гэж бодож байгаа бол маш богино хугацаанд л өөрчлөх хэрэгтэй. Мэдээж байгууллагын өөрчлөлт бол DNA-ийн өөрчлөлт учраас цаг хугацаа орно. Харин ухамсрын өөрчлөлт гэдэг юм явагдахаа хүрвэл огцом богино хугацаанд явагддаг.
Мэдээжийн юм шиг юмыг хийж, хуримтлуулсаар явтал “үгүй нээрээ ийм байж” гэж бодох, ухварлах огцом шилжилтийн тэр мөч ирдэг. Байгууллагын өөрчлөлтөд хугацаа ордог бол, ухамсрын өөрчлөлт “өө тиймүү” гэж нүд нээгдэх яг тэр агшинд огцом явагдана.
Үүнийг зүйрлэвэл өнөөдрийг хүртэл мөлхөж дэвхэрч байсан сармагчингуудын дундаас нэг хоёр нь хоёр хөл дээрээ босоод явангуут бусад нь хараад “энэ чинь зүгээр ч юмуу” гэж бүгдээрээ босч ирэх маягтай. Ердөө ийм түвшний зүйлийг л хэлж байна л даа.
Хүний бие, мэдрэц, ухаан бүгдээрээ оюун ухамсартай холбоотой. За тийм юм худлаа биз, гэж бодож байгаа зүйл бол хэзээ ч бүтэхгүй.
Булчин хүртэл ухамсартай холбоотой. Хүний биед хязгааргүй тооны булчин байх бөгөөд, хаана агшиж, хүч өгөх хэрэгтэй вэ гэдгийг мэдэх тэр мөчид зангирч, гантилийг өргөдөг юм.”

Үүнийг уншиж байхад ингэж бодогдож байлаа. Нээрээ хэл сурахад ч гэсэн өдөр бүр өчнөөн үг цээжлээд байхад л тогтоогдож өгдөггүй, нэг үгээ олон дахин мартаад л, ер ахидаггүй шүү дээ. Ямар ч ажлыг аваад үзсэн тэр. Харин хийгээд л явж байтал нэг өдөр "хөөх би чинь овоо болчихсон байна шдээ" гэж гэнэт анзаарах үе ирдэг. Энэ мэт олон жишээ холбож хэлж болмоор санагдаж байлаа.

ХҮНИЙ УХАМСАР НЭГ Л АГШИНД ӨӨРЧЛӨГДДӨГ (「人間の意識は一瞬で変わる」) бүлгээс. Зохиогчийн болон номын нэр япон хэл дээрээ: 中谷彰宏『入社3年目までに勝負がつく77の法則』、PHP、Ⓒ1995

2 comments:

Dulu said...

Сайн байна уу!Компанийн єєрчлєлтийг хувьсалын онолын зvгээс тайлбарласан нь их сонирхолтой байна.
Амжилт хvсье!

А.Ганбаатар said...

Ene-g unshaad ih surguulid bolson neg yavdal mini sanaand orchihloo.
TIS-d tuuhiin hicheeliig zaawal oruuldag bolson ter jil bi tuuhiin hicheel uzej bilee. Neg dund ergem nasnii bagsh (neriig ni martaj):
Hun chuluun zevseg herhen hereglej ehelsen tuhai hicheel oroh bolood bidniig taamaglal devshuul gesen yum.
Hun bolgon l yanz buriin taamaglal devshuullee.
Bi "Neg udaa hun sureg jims nogoo tuuj idej yavtal neg ulsgulun araatan dairaad sandarsan neg hun gartaa dairaldsan chuluugaar bie-ee hamgaalsanaasaa hoish hun chuluutai nuhurluj eheljee. u.helbel biee hamgaalahaar anh ashiglasan bh" gej bilee. Harin bagsh maani nadad Yu gej genetiin tohioldloor chuluu ashiglah vee tiim uhaangui bsan bj taarna. Harin gazar uhaj humsaa ashiglaj bsanaa neg medehed chuluugaar tunhuj uzeh arga olsonoos hoish chuluu hereglej ehelsen gej tuuhiin nomon deer bdag gej bilee...
Chuluun zevsegiin ue ch gesen genet-iin tohioldoloos bolj l eheljee dee yanz ni...