2006/07/29

Єєрийгєє ялж биеэ дайчлах нь

Доорх бичлэгийг "Өөрийгөө хөгжүүлье" (ЭМОС клуб, 2004) номонд зориулж бичиж байсан билээ. Номоо зарж зарлагаа нөхөх үүднээс хамаагүй вэб дээр тавихгүй байх бодолтой байсан боловч нэгд цаг хугацаа ч өнгөрч, хоёрт намайг мэдээгүй ч байхад энд тэндхийн вэб (Орхон форум, Бийрбэх гэх мэт) дээр хүмүүс аваачаад наачихсан байна. Хүмүүс минь оюуны бүтээлд жаахан анхааралтайхан...
------------

Их хүний нийтлэг шинж
Амжилтанд хүрсэн хүмүүсийн намтар түүхээс сонирхцгооё. Тэд янз бүр. Зарим нь нийтэч, зарим нь зожиг. Ааш араншин, гарал үүсэл, гаднах төрх нь гээд тоочвол есөн шид. Харин тэдний дунд цор ганц нийтлэг чанар ажиглагддаг. Тэр бол гагцхүү өөрийгөө ялах чадвар билээ. Авъяас билгээрээ алдрын оргилд хүрэх хүн байдаг л даа. Гэвч авъяастай төрсөн хирнээ зуурдын цэнгэл, архи дарсанд шунаж арчаагаа алдаад адаг сүүлд нь амьдралын ёроолд живсэн хүн бас олон. Авъяас 1 хувь, хөдөлмөр 99 хувь ч гэж ярьдаг. Хүн шиг амьдарч, хүссэнээ бүтээж чадах нь өөрийгөө хэдий чинээ ялахтай холбоотой бололтой. Өөрийгөө бүрэн ялна гэж байхгүй, харин ялахын төлөөх тэмцэл өөрөө утга учиртай амьдралыг авчирдаг байнам. Английн найрагч Теннисон:
“Өөрийгөө хүндэлж, өөрийгөө мэдэж, өөрийгөө захирахуй,
Өндөр их суудал өөд залж өгөгч нь гагцхүү энэ гурав билээ.”
(Self-reverence, self-knowledge, self-control,—
These three alone lead life to sovereign power.)
гэж шүлэглэсэн байдаг. Бүх хүн суу алдартан болох албагүй, бас боломжгүй. Гэвч бүх хүнд сайн сайхныг хүсэх хүсэл нуугдан байдаг учраас өөрт нь энэ сэдэв хамаагүй гэх хүн үгүй бизээ.


“Уруу татах хүч”
Би багадаа “өөрийгөө ялах л хамгийн хэцүү” гэх юмуу, “өөрийгөө ялвал тэр чинь хамгийн том ялалт болно” гэх мэт үгийг бишгүй сонсдог байлаа. Тухайн үед “тийм л байх” гэж бодоод өнгөрдөг байсан ч, одоо эргээд санахад яг нарийн утга учрыг нь тунгааж мэдрээгүй явжээ. Харин Японд ирээд байхдаа нэг удаа сургуулийнхаа эрхлэгчийн яриаг сонссоноос хойш энэ талаар нухацтай бодох болсон юм.
“Ихэнх хүний залуугийн мөрөөдөл талаар болдог нь тэд “Уруу Татах Хүч”-нд ялагдсанаас болдог” гэж тэрээр хэлээд “зугаа цэнгэл, биеийн амрыг харах сонирхол гэх мэтийн уруу татах хүчийг ялж чадсан үед хүн амжилтанд хүрч чадна” гэж хэлж билээ. Түүнээс хойш “за яадгийм”, “дараа болъё” гэж бодох бүрд энэ “уруу татах хүч”-ний тухай яриа тархинд минь зурсхийдэг болсон юм.
“Уруу татах хүч” энэ үнэхээр ер бусын хүчтэй эд аж. Аминдаа үүнтэй тэмцэж янз бүрээр үзэж тарж ирлээ. Ялж, бас ялагдсаар энэ тэмцэл дундаас зарим нэг “байлдах урлаг” хүртэл төрж гарсан юм. Арга барилаа олохгүйгээр энэ дайсантай тэмцвэл их хүнд бэрхийг туулах бололтой.
Нэг сайхан ном уншаад, сайхан яриа сонсоод, эсвэл ямар нэг хүчтэй өдүүлэлт аваад хүн нэг хэсэгтээ биеэ дайчлах нь бий. “Эрч хүч”-ээр жигүүрлээд “уруу татах хүч”-рүү сүр жавхлантайгаар довтолдог. Гэвч хэсэг хугацаа өнгөрөхөд энэ бүхэн сарнин одох ба хүн нөгөө л бахь байдаг руугаа буцсан байдаг. “Эрч хүч” унтарч, “уруу татах хүч” ноёрхлоо.
Yнэндээ энэ “эрч хүч” гэдэг юм сэлбэж байхгүй л бол амархан унтарчихдаг богинохон амьтай эд ажээ. Гэтэл “уруу татах хүч” бол үргэлж хүчтэй, хаа ч явсан сүүдэр мэт дагана. Иймд бид “эрч хүчийг” үргэлж ноцоож байхын тулд янз бүрээр оролдож үзэх хэрэгтэй болно. Жишээ нь, ухаалаг сайхан хүнтэй ярихад хүн маш их цэнэг, эрч хүч авдаг. Гэтэл тийм завшаан тэр бүр тохиогоод байхгүй. Харин маш үр дүнтэй нэг арга бол сэтгэл сэргээж, хийж бүтээх хүсэл төрүүлэх ном унших арга юм. Номыг мэдээж хүн бичнэ, иймд ном унших нь бичсэн тэр агуу хүний яриаг сонсч, хүч энергийг нь хүртэн авахтай адил хэрэг болно.


Цаг мөч бүрийг мэдрэх
Цэнэг авсан үедээ бид жишээ нь “өнөөдрөөс эхлээд өдөрт 2 цаг англи хэл үзнэ” гэх ч юмуу өөртөө амладаг. Гурав хоног, за сайндаа долоо хоног үргэлжилнэ. Яг тэгж байтал ар гэрийн ч юмуу, яаралтай чухал нэг ажил гарах ба нөгөө хуваарь маань саатахаас өөр аргагүйд хүрдэг. Хүний амьдралд юу ч тохиолдож болох учир иймэрхүү саатал гарцаагүй гарна, харин түүний дараа шууд горимондоо буцан орж үргэлжлүүлэх нь чухал. Гэтэл бид тэгдэггүй ба хоног өдрүүд хүүе хайя гэхийн зуургүй урсан одож нэг л мэдэхэд нэг, хоёр сар өнгөрчихсөн байдаг. Бүтэн жилүүд, тэр ч бүү хэл залуу нас тэрчигтээ өнгөрнө. Ихэнх хүн дахиад залуу болох юмсан гэдэг шүү дээ. Би лав эргээд нэгдүгээр курсын оюутан болвол ингэх байсан, тэгэх байсан гэж одоо харуусан боддог юм. “Жар хүрч ухаан суугаад жаран нэг хүрч нас барав” .
Энэ бүхэн юуг хэлээд байна аа? Зорилгоо тавьсан, хийх ажил тодорхой болсон бол өөрийнхөө өдөр бүр, цаг нэг бүрийг мэдэрч, хянаж, тольдож байх шаардлагатайг хэлээд байгаа юм. Өөрийгөө ялах тэмцэл өөрийгөө хянаж, мэдрэхээс эхэлнэ.


Хянах хүснэгт
Магистрт орох шалгалтанд бэлдэж байх үедээ би өдөр бүрээ хянахын тулд тэмдэглэл хөтөлж эхэлсэн юм. Энэ нь өдрийн тэмдэглэлээс ялгаатай ба уг тэмдэглэлд зөвхөн тэр өдөр ямар хичээл хийснээ бичих юм. Гол зарчим бол олигтой юм хийгээгүй байлаа ч гэсэн түүнийгээ бичих. Эхний гурван өдөр юу ч хийгээгүй байхад л өнгөрчихөв. Тухай бүрд нь:
“4 сарын 2. Юу ч хийсэнгүй.”
“4 сарын 3. Юу ч хийгээгүй” гэх мэтээр бичээд байлаа. Гэтэл энэ нь ядаж харахад үзэмжгүй учир 4 дэх өдрөөс нь аргагүй хичээлээ барьж авч билээ. Энэ арга барил өөрт минь үр дүнтэй санагдсан тул хэсэг хугацааны дараа илүү боловсронгуй болгож долоо хоногт хэдэн цаг англи хэл хийсэн, хэдэн цаг онолын хичээл хийсэн гэх мэтийг нарийвчлан гаргадаг хүснэгт болгосон юм. Өдөр бүрээ “мэдрэх” болсноор өдөр бүрийн хийх ёстой ажлууд маань илүү бодитой харагдах болсон билээ.
Яваандаа энэ хүснэгтэнд хичээлээс гадуур хийх ёстой ажлуудыг ч тусгав. Нэг өдөрт заавал гүйцэтгэх ажлуудыг дугаарлаж, өдөр бүрийн биелэлтийг тэмдэглэдэг болсон. Жишээ нь би орой шүдээ угаахаас залхуурдаг байлаа. Гэтэл ажиглаад байхад цэвэрч бус байдал гэдэг хүнд залхуурлыг авчирдаг ажээ. Протестант шашинтнууд цэвэрч байхыг эрхэмлэх ба их хөдөлмөрчөөрөө алдартай. Япончууд ч адилхан цэвэрч бөгөөд шоргоолж мэт хөдөлмөрч улс билээ. Өөрийгөө ялах өчүүхэн мөртлөө маш чухал алхам бол цэвэрч байдлыг сахих явдал юм байна гэдэгт би бат итгэв. Заваанаас залхуу, залхуугаас арчаагүй үүснэ. Ард түмэн маань “Бага залхуугаас их залхуу” гэж сургасан нь юутай үнэн. Хөл маань амархан шивэртдэг тул орой болгон хөлөө угаах гэх мэтийг ч тусгав. Эхний хэд хоног гайгүй хийгээд байлаа, гэтэл үүнийг бүтэн сар үргэлжлүүлээд ирэхэд залхаж, яршигтай санагдаж ирдэг юм байна. Харин дахиад жаахан тэсээд байж байтал яваандаа нэг их төвөгтэй зүйл биш болж, ердийн нэг зуршил болж ирсэн юм.


Тэвчээр
Ингээд бодоод үзэхэд өөрийгөө ялахад хамгийн чухал нь “байнга үргэлжлүүлэх” өөрөөр хэлбэл тэвчээр болж таарч байгаа юм. Дээр бичсэн, бид нэг хэсэгтээ цэнэг аваад хичээдэг боловч тун удалгүй зогсдог. Yргэлжлүүлж чаддаггүй. Байнга үргэлжлүүлнэ гэдэг хамгийн хүнд, гэхдээ хамгийн шийдвэрлэх хүчин зүйл билээ. Тэвчсэний эцэст хүний бие шинэ дадалд дасдаг. Хэсэг хугацаанд амраад ирсэн хүн хичээлийн ширээнд удаан сууж чаддаггүйг оюутнууд анзаардаг байх. Ийм тохиолдолд дасах хүртлээ өөрийгөө албадаж, хүчлэхээс аргагүй.
Түүнээс гадна ямарваа нэг ажил үйлийг эхлүүлээд явж байхад заавал тохиолддог саад бол сэтгэл санааны хэлбэлзэл юм. Хүний сэтгэл санаа зогсолтгүй өгсөж, уруудаж байдгийг бид мэднэ. Дэврүүн хөгжүүн үедээ урам зоригтойгоор эхлүүлсэн ажил, сэтгэл гундах үед унтардаг. Эсвэл бусдад атаархаад, “үзүүлээд өгье” гэж бодож эхэлсэн эрч хүч, сэтгэл тайтгарч, гуниг үргэсэн үед хамтдаа үгүй болох нь бий. Харин тэсвэр тэвчээрээр энэ сэтгэлийн хэлбэлзэлд автахгүй байж болно. Английн их зохиолч Самьюэл Жонсон: “Агуу үйлсүүд нь хүч чадлаар бус, цөхрөлтгүй оролдлогоор биелэлээ олдог” (Great works are performed, not by strength, but perseverence) гэж хэлжээ.
Бас билгүүн шүлэгч Чойномын:
“...зовж үзлээ, багаасаа ядарч, дутаж, гутаж үзлээ.
Харин гунихарч үзсэнгүй,
хаа ч очиж сэтгэлээр унаж няцаж явсангүй.
Харсан, зорьсон, итгэсэн чигээсээ
Хазайж ухарч байсангүй...”
гэж өөрийнхөө тухай тэрлэсэн ганган мөрүүд байдаг.


Мөрөөдөл
Уруу татах хүч биднийг байнга заналхийлдэг ч түүнийг бутцохих хүчтэй ялгуусан арми бидэнд бас бий. Ямар ч хүнд үед тэвчээр болж, ямар ч боломжгүй үед хүч чадлыг дууддаг зүйл бол “мөрөөдөл” билээ.
“Тэнэгүүд л хоосон мөрөөддөг” гэж хэлэх хүн байдаг. Харин дээр дурьдсан ёсоор ихэнх хүн өөрийгөө ялж чаддаггүй учраас л хоосон мөрөөдөлтэй хоцордог аж. Уруу татах хүчинд дийлдчихээд эцэст нь бүх бурууг хувь заяанд тохдог байна.
Том том юм ярьж мөрөөдсөн хир нь хийх ёстой наад захын ажлаа хийдэггүй хүн байдаг. Эсвэл бодол санаа нь шавьжны ертөнц мэт өчүүхэн бөгөөд гагцхүү амиа аврахын тулд нүдэнд харагдах зүйлийг үхэн хатан хийх хүн байна. Тэгвэл хүн ямар байвал зохистой вэ? Өргөн хүрээгээр сэтгэж, мөрөөдөх хэрэгтэй, харин урдаа байгаа жижиг зүйлээс хийж эхлэх шаардлагатай.
Зорьсон үйлийнхээ төлөө элсний ширхэг зөөх мэт уйгагүй хөдөлмөрлөн, цаг мөч бүрд бүх боломжийг хайсан хүн заавал ид шидтэй учирна гэдэгт би итгэдэг. Наполеон Бонапартын “Боломжгүй гэдэг үг зөвхөн тэнэгүүдийн үгийн санд байдаг” (Impossibility: a word only to be found in the dictionary of fools) гэсэн алдартай үгийг та бүхэн сонсч байсан байх. Агаарт хөвөх мэт биднийг тойрон байгаа мянга мянган боломжуудаас гагцхүү чихээ байнга сортойлгож, нүдээ байнга бүлтийлгэн өөрийгөө дайчилсан хүн л олж шүүрч чадна.


Хүсэл эрмэлзэл ба дур хүсэл
“Хүчтэй эрмэлзэл байсан цагт, хүрэх зам аяндаа тодорно” (Where there is a strong will, there is a broad way) гэсэн үг бас бий. Энд “хүсэл эрмэлзэл”-ийг “дур хүсэл”-ээс ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Хүсэл эрмэлзэл бол хийж бүтээх, сайн сайхныг цогцлон байгуулах чин эрмэлзэл бөгөөд, дур хүсэл бол хувь хүний аминч хүсэл юм. Хувь хүний аминч хүсэл бол муу муухай зүйл бишээ. Жишээ нь ирээдүйд өөрийн гэсэн том байшинтай болох юмсан гэж мөрөөдөж болох ба энэ нь хүнд амьдралынхаа төлөө тэмцэх эрч хүчийг өгдөг. Харин иймэрхүү дур хүслийг амьдралын үнэт зүйл мэтээр огоорвол гутамшиг болох бөгөөд ийм хүн хорхой мэт өчүүхэн чигээрээ үлддэг. Гэтэл одоо монголд мөнгө, эрх мэдэл зэргийг амьдралын утга учир мэт санаж, түүнийг сохроор шүтэх залуус олширчээ. Хүний аминч хүсэлд хязгаар байхгүй ба, энэ нь өөрийгөө ялахаас илүү, бусдыг ялахад чиглэгдсэн байдаг. Сайн үйл, зөв шударгын төлөө хатуу зогсч, сайн сайхан зүйлийг мөрөөдөж яваа хүнд явах зам олдох болно.
“Жинхэнэ хүч чадал гэдэг бол тэвчээр юм
Жинхэнэ зориг гэдэг бол зөв үйлийг хийх явдал юм”
гэж Японы соён гэгээрүүлэгч Нитобэ Иназоо хэлсэн байдаг. Монголчууд бид ч гэсэн “Санаа сайтын заяа сайн” хэмээн хүсэл зоригийн ариуныг дээдэлж ирсэн ард түмэн билээ.


Санаа зүгшил
Хүсэл мөрөөдөлтэй байхад түүний дор бидэнд тодорхой зорилтууд тавигддаг. Гэтэл бид өөрийнхөө зорилтыг мэдсээр байж зуун хувь биеэ дайчилж чаддаггүй. Яаж ийм байдлаас гарах вэ? Миний хувьд өөр дээрээ туршиж байгаа нь “санаа зүгшил” гэж өөрөө нэрлэсэн нэг арга юм. Гол санаа нь өөрийнхөө хүсэл мөрөөдөл ба яг ойрын зорилт, хийх ёстой ажлуудыг өглөө бүр өөртөө сануулж байхад оршино. Эзэн Чингис Хаан “Тангуд улс мөхөөгүйг өглөө бүр надад сануулж бай” гэж тушаасан байдгаас санаа авсан юм. Өглөө бүр өөртөө сануулдаг хамгийн эхний маань үг “Өөртөө хатуу бай” гэдгээр эхэлдэг. Өөртөө хатуу байна гэдэг хэлэхэд амар боловч, хэрэгжүүлэхэд туйлын хэцүү даалгавар. Гэхдээ өглөө бүр бодоод байхад аяндаа өөрийн мэдэлгүй хөтлөгдөж ирэх болов уу гэж би найддаг.
Жишээ нь турахыг хүсдэг эмэгтэй бол “өнөөдөр ч гэсэн бага идэх” гэж өөртөө сануулж байж болох юм. Бас шалгалтанд бэлдэж байгаа бол “би биеэ хангалттай дайчилж байна уу?” гэсэн асуултыг өглөө бүр өөртөө тавьж болно. Харин үүнийг өглөө бүр хийж байтал сүүлдээ улиг болоод, санаа зүгшил маань хэлбэр төдий болж болох юм. Ингэж хэлбэр төдий болгохгүй байхын тулд түүнийг шинэ шинэ агуулгаар баяжуулан, үр дүнтэй байлгахын тулд үргэлж эрэл хайгуул хийх хэрэгтэй.
Хүсэл мөрөөдлөө өөртөө сануулахын чухлыг тамирчдын хийдэг имиж-дасгалаас (image training) харж болно. Хөлбөмбөгч бол яг гоол хийх мөчийг санаандаа ургуулан, боксчин бол шийдвэрлэх цохилт хийж байгаа дүр зургийг дотроо төсөөлнө. Хүсэл мөрөөдлөө нүдэнд харагдтал бодох хэрэгтэй. Гэхдээ хэтрүүлэлгүй, тогтсон богинохон хугацаанд.


Дайснаа нөхөр болгох нь
Уруу татах хүчтэй тэмцэх явцад хүн маш их ядардаг ба хэрэв зогсолтгүй ингээд явбал нэг өдөр л ядаргаанд орж, юу ч хийх чадваргүй болно. Уруу татах хүчийг өөрийнхөө нөхөр болгон ашиглах боломж бас байгаа юм. Би өдөрт тодорхой цаг хичээл хийж байж дараа өдөр нь өөрийнхөө дур сонирхолтой ажлыг хийх дүрэм тогтоосон. Уруу татах хүчийг “шагнал” болгох аргын тухай ярьж байна.
Ингэвэл уруу татах хүчийг харин ч өөрийн талын хүч болгон ашиглах боломжтой болж байгаа юм. Маргааш нь дуртай зүйлээ хийхийн тулд хүн хичээнгүйлэн ширээний ард суух бөлгөө. Мөн ингэж “их үнээр” олдсон баяр баясгалан нь хүнд их амралт болдог шиг санагддаг.
Харвард гэх мэт нэгдүгээр зэрэглэлийн сургуулиудад оюутнууд нь суух үедээ суусан шиг сууж, амрах үедээ амарсан шиг амардаг гэлцдэг юм билээ.
Ер нь ямар ч сонирхолгүй, чадалгүй болж ядарсан үедээ бол урд байгаа ажлаа хэсэг хаяж, өөрийгөө амраасан нь дээр. Хүн төгс байх албагүй ба гол нь төгс байхын төлөө тэмүүлж байвал болох нь тэр.


Өөртөө хатуу, өрөөлд эелдүү
Зарим хүн маш хатуу, зарчимч байх ба бусад хүн түүнээс дөлнө. Ийм хүмүүс ихэвчлэн өөртөө ч хатуу байдаг. Зарим хүн зөөлөн зантай ба уужуу сэтгэлээр амьдарна. Гэтэл энэ нь өөртөө ч уужуу загнаж, өөрийгөө өөгшүүлэхэд хүргэх нь бий. Харин маш цөөхөн хүн өөртөө ган мэт хатуу, бусдад боорцог мэт зөөлөн байдаг байна. Энэ бол гайхамшигтай чанар бөгөөд амьдрал дээр хэрэгжихэд хамгийн хүнд нь юм. Эцсийн нэг хувилбар бол бусдад ширүүн дориун хирнээ өөртөө зөөлөн, өөрийгөө бөөцийлдөг хүн байх бөгөөд ийм хүн бол адгийн шаар гэсэн үг.
Өөрийнхөө муу явааг өөрөөсөө биш, бусдаас хайдаг, гадаад орчинтой холбодог хүн бидний дунд их байдаг. Бизнес эрхэлж байгаа хүн ажил урагшгүй байгаагийн учрыг “арай илүү хөрөнгө оруулалт орсон бол”, “гадныхантай холбоотой ажилламаар байна, даанч холбоо тогтоох боломж алга” гэх ч юмуу гомдоллоно. Гэтэл өөрөө үд болтол унтах ба гадны компанитай хамтарна гэчихээд гадаад хэл үзэхэд шамдахгүй байх жишээтэй.
Мэйжигийн эхэн үед Японд уригдан багшилж байсан Америкийн сурган хүмүүжүүлэгч Капитан Жейнс “Япончууд та нар гадны аюул биднийг заналхийлж байна, гадаадуудаас болж байна гээд байдаг, үнэндээ танай оронд нүүрлээд байгаа хамгийн том аюул бол өөрсдийн тань харанхуй бүдүүлэг байдал болоод байна шүү дээ” гэж сургаж байсан гэдэг.
Түүн шиг монголчууд бид ч гэсэн энэ ч орон манай ноолуурын үйлдвэрүүдийг унагаах бодлого явуулж байна, тэр ч орон бидний газарт санаархаж байна гэж улиглацгаадаг. Хэрвээ бид өөрсдөө соёлжиж, өөрсдөө биеэ дааж чадахгүй бол хүссэн хүсээгүй даяарчлагдаж байгаа ертөнцийн төвөргөөнд няц даруулах болно.

Хувь хүний амьдрал ч бай, улс орны хувь заяа ч бай, гагцхүү өөрөө өөрийгөө ялж, өөрөө өөрөөсөө бүтэхээс хамаарна билээ.
Жинхэнэ амжилт бусдыг ялснаар биш, гагцхүү өөрийгөө ялснаар ирдэг ажгуу.

2004 он 01 сар 05 өдөр

Солонгосын Оh My News!

“Иргэн сурвалжлачид” Солонгост хүчээ авч байна
Лийндер Каани /Эй Пи агентлаг/
------------------------------------------------
(Товчлон орчуулав)
Өмнөд Солонгосын “Oh my news” нэртэй нэгэн сайт дэлхий нийтийн анхаарлыг татах болжээ. “Жирийн иргэн та ч гэсэн сурвалжлагч” гэдгийг уриагаа болгосон энэхүү интернэт сонин нь сэтгүүлзүйн ертөнцөд цоо шинэ хуудсыг нээж байна гэх аж. Барууны хөгжингүй орнуудад хувь хүмүүс блог (өдрийн тэмдэглэл, эссэ зэрэг бичихэд зориулсан хялбар хоомпэйж) нээж, өдөр тутмын бодсон санасан зүйлээ буулган “амныхаа загатнааг гаргадаг” болж байгаа бол Солонгосын бичигч нар блог дээр даруухан үзэглэхийг төвдөлгүй шууд л олон хүн цугласан "газар", томоохон индэр дээрээс дуу хоолойгоо хүргэхийг илүүд үзсэн бололтой. Энэ нь явсаар ийнхүү хүчирхэг мэдээллийн хэрэгсэл төрж гарахад хүргэжээ. Үүсгэн байгуулагчдын нэг редактор Оү Ёнхо хэлэхдээ “Хуучныг баримталсан уламжлалт хэвлэл мэдээлэл хүмүүсийн гол харах нүд болж байсан 20-р зууны сэтгүүлзүйг үндсээр нь халахыг Өү май ньюс зорьж байгаа” гэнэ. “Бидний үндсэн консепт нь иргэн бүр хэн боловч сурвалжлагч, сэтгүүлч байж чадна гэх санаа юм. Бид бодит үйл явцыг байгаа чигээр нь дамжуулж, уншигчдад өөрсдийнхөөрөө дүгнэлт хийх боломжийг олгоно”. Гурван жилийн өмнө 4 хүний бүрэлдэхүүнтэй гараагаа эхэлсэн Өү май ньюс өнөөдөр 40 гаран сурвалжлагч, редактор бүхий томоохон байгууллага болж, өдөрт 200 орчим мэдээ мэдээллийг нийтлэх хэмжээнд өргөжөөд байна. Мэдээллийн ихэнхийг сайтад бүртгэлтэй 26 мянган “иргэн сурвалжлагчид” нийлүүлж байгаа ажээ. Иргэн сурвалжлагчдын үндсэн ажил нь бол зочид буудлын үйлчлэгчээс эхлээд зохиолч хүртэл янз бүр. Уг сайт өдөрт 2 сая уншигчийг өөртөө татаж, Ерөнхийлөгчийн сонгуульд прогрессив (эрчимтэй шинэчлэгч) талын Ро Мо Хюнийг ялахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэдгээрээ олон нийтэд нэр хүндтэй болоод байгаа юм. Английн Гардиан (Guardian) сонин “улс доторх нөлөөлөл гэдэг үзүүлэлтээрээ бол дэлхий дээр хамгийн хүчтэй мэдээллийн сайт” гэж үнэлж байна. Мөн Солонгосын нэгэн дипломат “Өү май ньюс өнөөдөр солонгосын аль ч сониноос илүү хүч нөлөөтэй байгаа. Энэ сайтыг үл тоох улс төрч байхгүй болжээ. Солонгос орон маань бид өөрсдөө ч итгэхийн аргагүйгээр өөрчлөгдөж байна” гэж өгүүлнэ. Хэлбэрт баригдаж хэт хуучинсаг барилд бугшсан дотоодын медиагийн эсрэг цоо шинэ мэдээллийн хэрэгсэл бий болгоё гэж Оү Ёнхо 2000 онд анх Өү май ньюсийг нээсэн бөгөөд, хөрөнгө мөнгөгүйн эрхээр аматюр (мэргэжлийн бус) репортеруудад бичүүлж, гол талбараа вэбсайт болгохоос өөр арга байсангүй. Уншсан хүн бүр “Өү май год!” (Oh, my God!) гэж уулга алдан, байр байдлаа эргэн харж засмаар тийм нийтлэлүүдийг оруулна гэсэн санаа зориг өвөрлөж эхлүүлсэн юм. “Өү май ньюс” сайт нь томоохон компаниудын эсрэг, засгийн газрын эсрэг, эсвэл Америкийн эсрэг боломтгой, сэтгэлийн хөдлөл илэрч, юмыг бодитойгоор бус субьективээр дүгнэх, зарим тохиолдолд хувь хүний яриа руу хадуурч оромтгой. Гэвч түүний хажуугаар амьд эрч хүчтэй, нарийн дэлгэрэнгүй, өргөн хүрээг хамарсан мэдлэг бүхий бичлэгүүд дүүрэн байдаг. Спортоос эхлээд олон улсын харилцаа хүртэл уламжлалт сонинд байдаг бүх төрлийн сэдвийг хамарч чадсаны хажуугаар өөрийн гэсэн хүчтэй онцлогыг хэдийнэ бий болгожээ. Өү-май-ньюсийг өдөр болгон уншдаг Солонгос гаралтай америкийн иргэн Дон Парк “Блог уншиж байгаа юм шиг л байдаг. Хувь хүнлэг, эмоцлог (emotional) бөгөөд амьд. Уламжлалт мэдээ шиг уйтгартай бөгөөд хэт бодьлог (objective) биш. Мэдээж туйлшрах тал ч бий. Мэргэжлийн хүний бичсэнээс өөр боловч, уншигчид болсон явдлын талаар сайн ойлголт авч чадна. Би лав итгэдэг” гэж үнэлж байна. Өү май ньюсийн сурвалжлагчид Засгийн газар, яам тамгын газруудаар чөлөөтэй нэвтрэх эрхтэй бөгөөд бусад мэргэжлийн сурвалжлагчидтай адилхан түвшинд сурвалжлага авах боломжоор хангагдсан байдаг. Дээд албаны хүмүүс ч эхнээсээ Өү май ньюсийн тусгайлсан ярилцлагыг хүлээн зөвшөөрч эхлээд байна. Ерөнхийлөгч Ро Мо Хюн сонгуульд ялсан анхныхаа ярилцлагыг Өү май ньюст өгсөн нь их гарын бусад хэвлэлийн агентлагуудад томоохон шок болж байлаа. Өү май ньюсийн сурвалжлагчид хүссэн зүйлээ юу ч бай сайтад нийтлүүлэх эрхтэй. Нөхцөл бол ердөө ганцхан, өөрийн жинхэнэ нэрээ тавих явдал. Уг сайт нийтлүүлэгч нарт бичсэн зүйлийнхээ бүх хариуцлагыг хүлээх ёстойг анхааруулж буй. Зохиогчийн эрхийг Өү май ньюс болон репортерууд хамтдаа эзэмших тул бичсэн хүн өөр газар ч бичлэгээ нийтлэх боломжтой. Бичлэгийн шагнал нь тэгээс 16 доллар хүртэл бөгөөд, редактороос уг нийтлэлд олгох “үндсэн”, “бонус”, “онцгой” зэрэг ранкаар тодорхойлогдоно. Боловсруулах ажиллагаа нь ердийн сонинтой адилхан боловч тэдэнтэй харьцуулахад хаалттай тусгаарлагдсан өрөөнд биш нээлттэй ил орчинд явагдана. Мөн сайт дээрх хэлэлцүүлэг форумд сурвалжлагч болон редакторууд бичигч иргэдтэй шинэ нийтлэлийн санаа онооны талаар ярилцана. Түүн дотроос сонирхолтой санаа төрсөн үед иргэн сурвалжлагчдын нэг нь өлгөн авч сурвалжлага болгон боловсруулна. Нийтлэл мэдээнүүд вэбийн интерфэйсээр тушаагдах ба, нийтлэгдэхийн өмнө редакторуудын хяналтаар дамжина. Оүгийн хэлснээр, бүх бичлэгүүдийг бодитой үнэн эсэх талаар нь урьдчилан шалгаж, мэргэжлийн редакторуудаар хянан тохиолдуулдаг гэх. Өнөөдрийг хүртэл нэр төр гутаасан хэргээр шүүх зарга үүссэн нь ердөө хоёрхон удаа гэж тэрээр ярина. Мэдээж дутагдалтай талууд ч бий. “Аль нэг компанийн маркетингийн ажилтан, эсвэл ямар нэг активист сэтгүүлчийн баг өмсч өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүн, эсвэл үзэл суртлыг “шахахгүй” гэх газаргүй” гэж Солонгосын томоохон сонин болох “Чоосүн Илбо”-гийн Чой Жюнсүк өгүүлж байна. “Онлайн медиад чанарын томоохон асуудал бий”. Өү май ньюсийн хувьд иймэрхүү асуудлаас сэргийлэхийн тулд бичлэг нийлүүлэгчдээс банкны дансны дэлгэрэнгүй баримт зэргийг авдаг болж эхлээд байна. Ямартай ч, энэхүү сайт нь Солонгосын соёлд томоохон давалгаа авчирч байгаатай маргах зүйл үгүй. Солонгос бол хүн амынх нь 70 орчим хувь бродбанд холболтоор интернэтэд холбогдсон, дэлхийн хамгийн интернэтчлэгдсэн орон. Тиймээс ч Солонгос нь дэлхий дээр хамгийн “вэбтөржсөн” (Webocracy) орон гэгдэх хэмжээнд хүрээд байна.
2006.03.21-нд орчуулж, Гэгээ сайт дээр тавьсан байсныгаа энд давхар хуулав.
--------------------------
Эх сурвалж:

2006/07/25

Нvvр царай

Америкийн 5 дахь ерөнхийлөгч Авраам Линколны тухай нэгэн алдартай эписод байдаг. Түүний нарийн бичгээр нэр сайшаагдсан (recommended) хүн түүнтэй биеэр уулзаж ярилцлага өгч гэнэ. Гэтэл Линколн нэр дэвшигчийн нүүрний өнгийг голж авахгүй хэмээн мэдэгдэв. Үүнд ярилцлага өгөгч,
- Нүүр царай ингэж заяасан нь миний буруу гэжүү? гэж эсэргүүцэв. Харин Линколн,
- Дөч гарсан хүн зүс царайндаа өөрөө хариуцлага хүлээх ёстой юм гээд халгаагаагүй гэдэг.
Энэ түүхийг дэлхийн хүмүүс ам дамжин дурссаар өдгөө "40 өнгөрсөн бол нүүрэндээ өөрөө хариуцлага хүлээ" гэх үг бий болжээ.

Үнэндээ нас залуу хүний тухайд бол эцэг эхээс ямар заяасан тийм л нүүр царайтай байна. Өөрөөр хэлбэл нүүрэндээ хариуцлага хүлээхгүй. Харин нас ахих тусам тэр хүний ямар амьдрал туулснаас нь шалтгаалж нүүрний өнгө ялгарч ирдэг. Хаа нэг гудамжинд дайралдах зовхи нь бууж хүйтэн өнгөөр нүд нь сааралтах өвгөнийг сана даа. Өчүүхэн дотортой, болохгүй бүтэхгүй болгоны шалтгааныг бусдаас хайж, хорвоог зүхэж занасаар, тэгэх тусам нь амьдрал нь уруудаж ирсэн хүний царай яг тэр түүхээ өөрөө илчлэн байдаг. Тэгвэл бас нэг их сайхан буурлууд ч бий. Зөв сэтгэлийг барьж, зөв замаар явж ирсэн хүний төрх цаанаа л өөр. Заавал цэвэрхэн цагаан байхдаа биш. Хөдөөгийн салхинд хүдэршиж борлосон, амьдралын түмэн зовлонг дааж үрчлээ суусан ч цаанаа нүүрний буянтай эр байх. Дээрх ярианы эзэн Линколн ч өөрөө эв хавгүй, царай муутайгаараа бол алдартай ерөнхийлөгч шүү дээ. Тэгэхээр зөвхөн нүүрний хэлбэр онцлогтоо бус, тэр хүний төрх, ааль үйлдэл, уур амьсгалд бас гол нь байна.

Би дунд, ахлах ангид байхдаа илүү царайлаг болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Хэн ч гэсэн тийм насыг туулаад өнгөрдөг. Одоо бол тийм юм бодохоо ч байж. Насаар дүү хүмүүсийг харж байхад хаа нэгтээ нэг их нүд хөмсөг болсон царайлаг хөвгүүн байлаа ч нүд нь гүнзгий бодолгүй, харваас тулах цэгээ олоогүй хүн заримдаа байх бөгөөд үзээд андашгүй. Хэдий төрөлхийн царай нь эв хавгүй байлаа ч, нүд нь цаанаа суурьтай, дотроо хатуу зорилготой ухаалаг байрын хөвгүүн бол хүнийхээ хувьд сэтгэл татна.

Гэснээс Накатани саны нэгэн номон дээр (*1) "Царайлаг болох хамгийн амархан аргыг зааж өгөх үү? Ердөө ном уншаад бай. Тэгэх явцад хүний төрх аяндаа өөрчлөгдөж ирдэг. Учир нь ном уншихад хүн бодож толгойгоо ажиллуулж байдаг, тэгж юм боддог хүний царай ч өөр болдог юм" гэж бичсэн байдаг нь санаанд бууж байна.

За тэгээд 40 өнгөрсөн хойноо Линколнд гологдох уу үгүй юу?
-----------------
(*1) 中谷彰宏『入社3年目までに勝負がつく77の法則』、PHP、c1995

2006/07/24

Эрдмийг эрхэмлэх ухаан

Очирхүүгийн Жаргалсайхан гэж хүний тухай дуулсан уу? Энэ хүн бол боловсрол, хэл орчуулгын салбарт олон буянтай үйл бүтээж яваа эмэгтэй юм. Японд мастер хамгаалж төгсөөд нутагтаа очин япон хэлнээс Самюэл Смайлс "Өөртөө туслах ухаан", Шиба Рёотароо "21-р зуунд амьдрах охид хөвгүүдэд", мөн зохиолчийн "Тал нутгийн тэмдэглэл" гэх мэт хэд хэдэн сайхан бүтээл орчуулсан юм. Өнөөдөр би түүний орчуулсан Фүкүзава Юкичи "Эрдмийг эрхэмлэх ухаан" (福沢諭吉 『学問のすすめ』) нэртэй номыг уншлаа. Өнөөдрийн залуучуудад маань цөлд асгарах бороо мэт юу юунаас хэрэгтэй номын нэг гэж бодож байна. Бас үнэндээ сайн орчуулжээ. Ялангуяа эх хэлнийхээ баялаг сангаас үгийн сувд түүх гэж цөхрөлтгүй чармайлт гаргасан нь унших явцад нүднээ ил. Мэдээж орчуулгын ном гэдэг хаа нэгтээ заавал "гадны үнэртэй" байдаг бөгөөд, мөн тухайн орны түүх соёлын дэвсгэргүй уншигчдад хүрэхгүй зүйл олон байдаг учир амаргүй ажил. Юутай ч Жаргалсайхан эгчид уншигчийн хувиар талархал илэрхийлээд цаашдаа улам ихийг бүтээж, урт удаан баяр баясгалантай амьдрахыг хүсэн ерөөе! Бас залуус минь, хэрэв уншаагүй байгаа бол энэ номыг худалдан авч, оюуны бүтээл туурвин байгаа хүмүүсээ дэмжээрэй.

------------------------
Зарим сонирхолтой хэсгээс:

(83-р тал) ... Шувууд, загас жараахай, өт хорхой өөрөө хоолоо олж иддэггүй гэж үү. Шоргоолж сэлт нь идэш хоолоо олоод зогсохгүй өвөл болоход бэлтгэж нүх ухаж, үүр бариад, идэш хоолоо нөөцлөн хураадаг. Гэтэл энэ хорвоод шоргоолжтой адилхан үйлдэл төдийд сэтгэл нь бүр ханаж орхидог хүмүүн буй бөлгөө. Нэгэн жишээ татья.
Хүү өсч, худалдаа наймааны юмуу түшмэлийн алба хаших болж, төрөл төрөгсөд, найз нөхдийнхөө туслалцаа дэмээс салж, юутай ч биеийг даасан амьдралаар амьдрах боллоо гэж бодъё. Бусад хүмүүст ёс алдалгүй, яаж ийгээд өөрийн гэрээ босгож, эд хогшил ч бага сага бүрдэж, хүссэн ёсоороо гэрлэнэ.Амьжиргааны зарлагаа ч бага сага хэмнэн, бас хүүхэд ч төрж, ном ёсоор сургаж хүмүүжүүлэн, элдэв гэнэтийн үед хэрэг болно гэж хэдэн төгрөг ч хуримтлуулав. Би ингээд хувиа даасан амьдралтай боллоо гэж тэрээр сэтгэл ханана. Бусад хүмүүс ч энэ сүрхий чамбай хүн дээ гэж үнэлцгээж, тэр өөрөө ч амьдралд хөлөө олоод авчихлаа хэмээн бодно.
Та энэ хүнийг юу гэж үзэж байна? Би бол нэг их сүрхий хүн гэж бодохгүй л байна. Дээрх хүмүүсийн үнэлэлтэд том эндүүрэл байна. Ийм хүн чухамдаа шоргоолжтой л адилхан зүйл хийсэн төдий агаад шоргоолжноос илүү гарсан юм алга...
Уул нь хүнд балаггүй, өөрийгөө болгоод амьдарвал тэр чинь том буян гэж ярилцах ч бий. Харин Фүкүзава сан их хатуу байна шүү. Ердөө л шоргоолжтой л адилхан зүйл хийсэн гэж чангалж байх.
49-р тал дээр
Улс орон маань яг л Засгийн газрын хувийн өмч лүгээ адил агаад харин ард түмэн болохоор улс орныхоо хоноц лугаа адил байж ирлээ.
гэсэн нь өнөөгийн монголчууд бидэнд ч бас юм бодогдуулахаар яриа шиг санагдана. Өөр олон сайхан санаа, зүйрлэл, жишээ энэ номонд орсон байгаа.

За тэгээд энэхүү орчуулгын талаар зарим ганц хоёр санал гарсаныг бичье.
Дээр хэлсэн ёсоор орчуулгын ном гаргана гэдэг ярвигтай ажил билээ. Шууд монгол хэл дээрээ бичсэн ном ч хэдэн арван удаа мөлжиж байж арай гэж санаанд дөхүү болж ирдэг эд. Орчуулгын болоод ирэхээр эх бүтээлтэй нь тулгах, утгыг зөв дамжуулах гээд бүр их ажиллагаатай, засвар ариутгал хэд илүү шаардагддаг болохоор ямар ч орчуулгын бүтээлээс но хайвал барагдахгүй.
---------------------------
*** Хятадын гүн ухаантан 孟子-г Мүнз гэсэн байсан, уул нь монголд Мэнз гэдэг. Хятадын эртний 週 улсыг "Шюү улс" гэж япончуудын дуудлагаар бичжээ. Уул нь монголд Сүй улс гэдэг санагдана (хэрэв андуурч байвал андууд залруулж өгөөрэй). Бас 『論語』-г Ронго гэж шууд япон дуудлагаар бичсэн нь орчуулгын түгээмэл зарчимд нийцэхгүй мэт. "Шүүмжлэлт өгүүлэл" нэртэйгээр орчуулагдаж байсан юм шиг байна лээ, би бол "Цэц судар" гэж нэрлэх дуртай. Ингэж буюу ямар нэгэн байдлаар монгол гарчиг оноож, харин ард нь хаалтанд оригинал хэл буюу ханзыг нь тавибал тустай санагдана.
*** (119р тал) Дээр дурдсан "Цэц судар"-т олонтаа гардаг бага хүн, явцуу хүмүүн гэсэн утгатай 「小人」-г "одой хүн" гэж орчуулсан нь уншигчдад бие галбирын хувьд жижиг хүнийг зааж буй мэтээр буруу ойлголт өгөхөөр болж. Учир нь уг сударт биеэр жижиг хүнийг биш, санаа сэтгэлээр явцуу, жижиг бодолтой хүний тухай яригддаг билээ.
*** Хоёрдугаар бүлгийн эхэнд буюу 19-р талд эрдэм хэмээх үгийн утга хийсвэр хийгээд бодот гэсэн хоёр талтай гэж бичигдсэн хэсэг байгаа. Хийсвэр гэдэг нь монгол хэлэнд жаахан сөрөг утгаар сонсогдох гээд байдаг, энд орчуулгын дагуу явбал "хийсвэр эрдэм ном" болж таарна, энэ бол нэг л амьдралгүй, хоосон утга учиргүй гэж бууж магадгүй юм. Уул нь эх бүтээл дээрээ 「無形」 гэсэн байна. Иймд "биет бус" гэх зэргээр орчуулбал гэвэл сөрөг утгаар сонсогдох нь арай гайгүй болох байх.
*** Миний хувьд хамгийн анхаарууштай хэсэг бол 136-р тал дээрх "Хятадад хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөв гэж зүйр үг бий" гэж орчуулсан хэсэг юм. Дээрх орчуулга нь монгол уншигчдад "хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөв" гэдэг маань монгол биш хятадын зүйр үг юм байна шүү дээ гэж санагдахаар болжээ. Би ч гайхсандаа япон эхийг нь шалгаж үзэв. Тэгтэл япон эх дээрээ "Хятадад Сэйши авхайгаас хөмсөг зангидахыг сурах (西施の顰に倣う) гэж зүйр үг бий" гэсэн байна. Хэрээ галууны зүйр үгийг тавьсанаас болж түүнээс доошхи хэсэг нь ойлгомжгүй болж. Ном орчуулахад гадаад хэл дээрх зүйр цэцэн үгийг эх хэлнийхээ зүйр үгээр орлуулах нь орчуулгыг амьд бөгөөд уншигчдад ойр болгодог ч, энэ тохиолдлын адилаар бүх юманд ингэж хэрэглэхийг бас азнах нь зүйтэй.
*** За тэгээд нэг их чухал биш хэдэн засвар санал болгоё. Хэд хэдэн газар англи үгийн спэл (spell) дээр буруу бичсэн байсан. Эдгээр нь eguality биш equality (т.25), rait биш, right (т.27), leasening биш reasoning (т.109) гэх мэт.
- 15-р талд "Японы ард түмэнд, эхээс төрөхийн өмнөөс тогтож шийдэгдсэн эрх ямба гэгч..." гэдэг дээр эх бүтээл дээрээ 「位」 гэж байсан тул "эрх ямба" биш "зэрэг дэв" гэх нь зүйтэй.
- (т.147) бид мэдрэлийн өвчтөн гэж их ярьдаг, уул нь "сэтгэцийн өвчтөн" гэх нь зүйтэй гэж боддог юм. Мэдрэл гэдэг маань сэрэл мэдрэл болох учир сэтгэцийн биш, бие махбодийн өвчлөл болж таарна.
- (т.41) 「万能」-г "түмэн чадал" гэж орчуулсан нь яг тухайн өгүүлбэр дотроо байхдаа монгол уншигчдад бууж ирэхээргүй санагдсан. Шинэ илэрхийллийг импортлох дээр би эсрэг байдаггүй, харин уншигчдад утга нь хүрэхгүй байвал зай бөглөсөн илүү үг болох учир анхаарвал зүгээр. Иймэрхүү санал хэлэх байна. Магадгүй энд би өөрөө эндүү ташаа ойлгосон зүйл ч байгаа байхаа. Юутай ч хэрэв хэзээ нэгэнтээ дахин засварлагдаж гарах болвол дээрх мэт сайжруулалтыг тусгаж, илүү чансаатай бүтээл болоосой гэж хүснэ.

2006/07/19

"Шахаа" (Ганбатын блог)

Өнөө өглөө Ганбат гэж залуугийн блогоор анх удаа орж үзлээ. "Шахаа" гэдэг бичлэгт нь комент оруулаад үзтэл бичсэн хүнээс нь урт зурвас болчихож, хэ хэ.
http://ganbat.blogspot.com/2006/07/blog-post.html
Шахааны наймаа гэдэг жижиг мэт хэрнээ ихээхэн уршигтай эд дээ.

2006/07/16

Web 2.0

Гэрийнхээ цонхоор гадагш ажвал жил гарны өмнө энд нүүж ирээд харж байсан тэр байдал төрх яг л хэвээрээ. Ер нь жилийн өмнө Японд жуулчилж байсан монгол хүн, энэ жил дахиж ирээд харвал нэг их өөрчлөлт гараагүй санагдах болов уу. Байшин барилга, зам гүүр, хүмүүсийн хувцас хэрэглэл. Өнгөн тал, рийл (real) орчин гэдэг утгаараа.
Монголоос туршлага судлахаар хааяа морилдог төрийн түшмэлүүд Японд хэдэн албан газраар шагайсан болоод, хажуугаар нь сүм дуган үзэж сонирхоод их додигор буцна. Толь шиг хурдных нь замыг хараад, "Монголд байсан бол" гэж шүүрс алдан "Мянганы зам"-аа санана. Тэдний ихэнх нь бас л рийл орчинг харж, түүгээр дүгнэнэ. Одоогийн Япон гэдэг бол өнгөрсөн Японы бүтээл учир нүдэнд ил харагдах зүйл лавтай мэдээлэл өгөхгүй. Бас ирээдүйн Япон рийл бус, нэт орон зайд асар хурдтайгаар бүтээгдэж байна. Бас л нүдэнд харагдахгүй.

Тиймээ, цахим орон зайд асар том хэмжээний бүтээн байгуулалт өрнөж, өдөр өдрөөр хөгжиж байна. Бродбандын хөгжлөөр Япон дэлхийд толгой цохиж, Америкаас 50 дахин хурдан боловч 50 дахин хямд интернэт холболтын дэд бүтцээр хангагдаад байгаа юм. Технологийн хөгжлөөр ярьвал Силикон Валлэй ноёны суудлаа тавих яагаа ч үгүй байгаа нь үнэн боловч хэрэглэгчдийн түвшинд, жирийн хүмүүсийн өдөр тутмын амьдрал, лайфстайлд гүнзгий нэвчиж байгаагаараа Япон бусад орноос илүү тасарч эхлээд байгаа мэт санагдана.

Үүнийг уншигч та дотроо хов хоосон, хязгааргүй уудам огторгуйг төсөөл дөө. Тэр орон зайд долоон хэлийн, есөн гарлын хүмүүс хөвж явна. Энэ орон зайд байшин баригдаж, зам тавигдаж, дэлгүүр нээгдэж, банк ажиллаж байна. Америк тивийг Колумб нээснээр "шинэ тивд" амьдрал хайхаар мянга мянган шилжин суугчид очиж байсан шиг одоо интернэтэд цоо шинэ хотууд баригдаж, хүмүүс суурьшиж, бүтээн байгуулалт ид өрнөж байна. Рийл ертөнцөөс виртуал ертөнц рүү шилжих "их нүүдэл" нэгэнт эхэлжээ. Нэт орон зайд Опэн сорс (open source) дээр 2 сая хүн ажиллаж, дэлхийн хамгийн том инженер байгууламж явагдаж байна. 40 сая сервер 365 хоног 24 цагаар ажиллан энэ шинэ ертөнцийг тулж байгаа бөгөөд ийм серверын тоо ойрын хэдхэн жилд астрономын тоогоор хэмжигдэх хэмжээнд хүрэх юм. Энэ орон зайд дэлхийн хүмүүс, мэдээж монгол хүн, үүнийг уншиж байгаа та ч холбогдож байна. Харин тэр дунд япончууд өөрсдийн "шинэ улсаа" тун амжилттай байгуулж байгаа гэж хэлээд байна л даа.

Монголчууд бид дижитал эриний хөшиг нээгдэж буй энэ цаг мөчид билгийн хараа хурцтай байж, боломжоос алдалгүй зуурч авах нь зөв. Мянганы зам биш, цахим дэд бүтцийн тухай яримаар байгаа юм. Одоо байгаа бүхний дараагийн хэлбэр дүрс, бүтэц юу болох вэ, энэ талаар андуудтай ярилцах хүсэл дүүрэн байна. Хуучин ертөнц суудлаа тавьж өгөх цаг ирнэ, харин хуучин ертөнц өөрөө цахимжина гэж байхгүй. Цоо шинэ үзэл бодол, үнэлэмжтэй залуус та бид шинэ ертөнцийг байгуулна. Цахим орон зайд монголчуудын Хархорум хот, Сүлдэн хот, Баргасун хот шаваа тавих мөч ойртсоор... Эртний грекийн "хот-улсууд" шиг, монголчуудын шинэ хотод бие даасан идэвхтэй иргэд оршин сууж, тэдгээр хот улсуудын хууль дүрэм, бодлого чиг хандлагыг тодорхойлох болно.

Өнгөрсөн долоо хоногт уншсан Үмэда Мочиогийн "Вэб хувьслын тухай" (梅田望夫『ウェブ進化論』ちくま新書582、c2006) номын сүүлийн хуудсыг хаангаа ийн бодож байлаа.
(Дашрамд, уг номыг блог дээрээ танилцуулсан Зоригтод баярлалаа. Тун сонирхолтой, өгөөжтэй ном байна лээ шүү)

2006/07/10

Хэн нь "илvv" монгол вэ?

Хятад ханзанд байцааг 白菜 гэж бичих бөгөөд эхний дүрс үсэг нь "цагаан" гэдэг утгатай, "бай" гэж уншина. Хоёр дахь нь "ногоо" гэсэн утгатай, "цаи" гэж уншина. Тэгэхээр байцаа гэдэг маань хятад үгийг тэр чигээр нь оруулж ирсэн үг болж таарлаа.
Харин өвөрмонголчууд дүрс үсгийн утгаас нь авч байцааг "цагаан ногоо" гэж хэлдэг бололтой.
Нэгэн өвөрмонгол залуу Улаанбаатарын дэлгүүрт байцаа сураглан "цагаан ногоо байна уу?" гэж асууж гэнэ. Худалдагч нь юу хэлээд байгааг нь ойлгосонгүй. Залуу лангуун дээр тавьсан байцааг зааж, "энэ" гэж заав. Гэтэл худалдагч нь "энэ өвөрлөгчид монгол хэлээ мэддэггүй хогнууд, энийг чинь байцаа гэдэг шүү дээ" гэж ундууцаж гэнэ. Хэн нь илүү монгол юм болоо?

Номын тэмдэглэл (2006 он 6 сар)

Өнгөрсөн хугацаанд уншсан хэдэн номоос танилцуулъя. Хойшлуулсаар байтал бүр худлаа болох нь байна.


1. BUSHIDO - The Soul of Japan
Хоёр жилийн өмнө хальт уншиж байсан Нитобэ Иназогийн "Бушидо - Японы охь" номыг эргүүлж уншив. Үнэхээрийн гайхамшигтай ном, үүнийг залуус минь заавал уншаарай. Номын зураг дээр эрхий хуруугаа гаргаж давхар рекламдая. Энэ зурган дээр байгаа нь байлингал (billingual) буюу англи, япон хоёр хэл дээр зэрэг гарсан ном юм. Дээр үеийн хэллэгтэй ойлгоход хэцүү газар олон байдаг учир иймэрхүү хоёр хэлээр хэвлэгдсэн номыг уншвал ойлгоход дөхөмтэй болов уу.
Хэвлэлийн газар: Kodansha. Billingual Books цуврал.

2. 山田真哉(やまだしんや)『さおだけ屋はなぜ潰れないのか』(c)2005, 光文社

Энгийн хүмүүст нягтлан бүртгэлийн (accounting) талаар ойлгомжтой тайлбарлахыг зорьсон энэ ном өнгөрсөн өвөл Японд нэлээд гүйлгээтэй сайн борлогдсон юм. Мэргэжлийн хүмүүс үүнийг "миний түвшинд хэтэрхий амархан ном байна" гэж бодож болохгүй, үнэндээ янз бүрийн бизнесийн, амьдралын жишээнүүдийг татаж, олон талын юм бодогдуулахаар сайн бичсэн бүтээл юм. Надаас хоёр ах залуу хүн аль хэдийн миллион сэллэр (сая хувь борлогдсон) номын эзэн болоод явж байна гэдэг атаархмаар ч юм шиг.

3. 渋沢栄一自伝 『雨夜譚』(あまよがたり)、岩波文庫

Японы "аж үйлдвэржилтийн эцэг" гэгддэг Шибүсава Эйичигийн амьдрал, үйл хэргийн тухай намтар ном. Миний японы түүхэн хүмүүсийн дотроос хамгийн их үнэлж, хүндэтгэдэг хүмүүсийн нэг юм. Энэ хүний амьдралын талаар нэг цаг боломжтой үедээ тусад нь бичье гэж бодож байгаа учир энд нэг их дэлгэрэнгүй бичээд яахав. Ямартай ч японд хувьцаат компанийн тогтолцоог анх нэвтрүүлж, анхны арилжааны банкийг байгуулж (одоогийн Мизүхо банк), түүнээс хойш төмөр зам, гангийн үйлдвэр, тоосгон завод, цаасны үйлдвэр, усан тээврийн компани, цахилгаан станц гээд орчин үеийн аж үйлдвэржилтэд хэрэгтэй бараг бүх төрлийн үйлдвэр компанийг байгуулахад гар бие оролцож, тэр тоо нь бүр 500 давсан гэгддэг хүн юм. Мөн одоогийн Хитоцүбаши их сургууль, өнөөдөр манай монголын сор болсон залуус бас тэнд суралцаж байна, тэр сургуулийг байгуулахад энэ хүн голлох үүрэг гүйцэтгэсэн байдаг.

4. Сэнэка "Амьдралын урт богинын тухайд"

Lucius Annaeus Seneca 『人生の短さについて』 岩波文庫

Стоик урсгалын гол төлөөлөгч болох эртний Ромын улс төрч, гүн ухаантан Сенека (МЭӨ 4 - МЭ65 онд амьдарч байсан) -гийн гурван бүтээлийг нэгтгэн нэг ном болгожээ. Уншиж байхад эхний ном буюу "Амьдралын урт богинын тухайд" нь их таалагдлаа. Латин хэлэнд Vita brevis, virtus longa (命は短く、徳は長し) буюу "нас богино ч, virtue урт гэсэн утгатай үг байдаг санаанд орж байлаа. Ерөнхийдөө хүн өөрийнхөө зөв гэж бодсоноор зоригтой амьдрах, энэ нь тэр хүн амьдралын цаг мөч бүрийг өөртөө зориулж байгаа учраас амьдрал нь урт байгаа хэрэг, харин бялдуулчилж, эсвэл бусдын үг шүүмжлэлээс эмээж, хоосон чамирхаж амьдрах нь цаг мөч бүрийг өөртөө зориулж чаддаггүй учир богинохон гэсэн санаа гарч байгаа. Энэ эхний дэвтрийг монгол хэлэнд орчуулахсан.

------------ Энэ 徳, virtue гэдэг үгтэй тааралдах болгонд би монгол хэлээр хэрхэн орчуулах билээ гэж шаналаад унадаг юм. Зүгээр нэг "ариун журам", "жудаг", "ёс суртахуун" гэх мэт үгээр орчуулах нь энэ үгийн цаана байгаа хүч, амин сүнсийг илэрхийлж чаддаггүй.

5. 茂木健一郎 『「脳」整理法』 ちくま新書、2005

Хүний уураг тархины бүтэц ажиллагааны талаар судалдаг Моги Кэничироо профессорын номнууд сүүлийн үед японд эрэлт ихтэй байгаа. Энд дурдсан номноос гадна өөр хэд хэдэн тархины талаар ном бичсэн. Эхний гурван бүлэг хүртэл тун их сонирхол татаж, нэлээд шинэ санаа өглөө. Харин түүнээс хойшхи нь "тэгээд цааш нь?" гэж асуусан миний асуултад тэр бүр хариулт болохооргүй, зарим газраа нотолгоо муутай санагдсан. Юутай ч нэг уншаад авахад өгөөжтэй ном.