2006/08/27

Мах цусандаа шингээж унш

Чихэнд The Offspring-ийн "Want you bad" хангиана. Долоо хоног тутмын Дорнын эдийн засаг (週刊東洋経済) сэтгүүлийн 8.12-19 ний дугаарт миний хүндэлдэг бизнес удирдагч Китао саны (SBI Holdings) ярилцлага гарчээ:

Китао Ёшитака: - Өдөр тутмын их ажлын дунд ном унших цаг гаргахын тулд нойроо хасахаас аргагүй. Миний хувьд өглөөнөөс орой хүртэл завсаргүй төлөвлөгөө, хурал уулзалтаар дүүрч, ихэнх оройд хүлээн авалт, зоогтой байдаг. Тиймээс унтахын өмнө 12 цаг хүртэл 1 цаг, өглөө 4:00-т босч 6:00 хүртэл 2 цаг нийлээд өдөрт 3 цаг ном уншдаг. Уншиж байхдаа улаан балаар зурна, шараар дугуйлж тэмдэглэж, хуудсыг нь нугална, баахан post it наагаад сайн номыг бол тийм байдлаар хэд хэд уншсаар сүүлдээ бүр тэр гэхийн тэмдэггүй болгочихдог. Ер нь номыг бүх анхаарлаа хандуулан шимтэн уншиж мах цусныхаа нэг хэсэг болгох хэрэгтэй. Тэгж уншихгүй бол жинхэнэ уншлага болохгүй.
Гээд тэрээр дараах 5 номыг санал болгосон байна:
1) 田坂広志 『金融業の進化 10の戦略思考』、ダイヤモンド社
2) 森信三(もり・しんぞう) 『終身教授録』、致知出版社
3) 森信三 『人生二度なし』致知出版社
4) 安岡 正篤(やすおか・まさひろ) 『経世瑣言』、致知出版社
5) 安岡 正篤 『いかに生くべきか―東洋倫理概論』、致知出版社

Эдгээр номын танилцуулгыг дэлгэрэнгүй өгүүлсэн байсан ч энд зай болон цаг хэмнэх үүднээс бичихийг азнав (мартахгүй авч уншихын тулд нэрсийг нь жагсааж бичлээ). Тэрээр цааш нь,
- SBI групп маань ар араас нь шинэ бизнес эхлүүлсэн болохоор урт хугацаанд банк санхүүгийн номоор "занималдлаа". Одоо даатгалын салбарт хүч сорих гэж байгаа болохоор энэ чиглэлийн ном нэлээд уншиж байна. Түүнээс гадна сүүлийн үед эрүүл мэнддээ санаа тавин анагаахын ном ч эргүүлдэг болоод байгаа. Өөрт тааруулан биеийн тамираар ч хичээллэж байна. Гэхдээ гольф тоглодоггүй юм. Гольф бол ирж очих гэсээр байтал хагас өдөрөө алдана. Хагас өдөр олдвол ном уншихгүй юу. Ер нь цаганд хэр харамч байна гэдгээс тэр хүний амьдрал хамааралтай байдаг шүү дээ.
гэх зэргээр манай хүн урсгаж өгч.

Товч танилцуулахад SBI Холдингс бол байгуулагдаад зургаахан жилийн дотор асар хурдтай томорсон санхүүгийн групп юм. Венчер хөрөнгө оруулалт, үнэт цаасны арилжаа, үл хөдлөх хөрөнгө, ассэт менежмент, санхүүгийн үйлчилгээ зэрэг явуулдаг 30 гаран охин компанитай. Яхүү файнанс сайт дээрээс энэ группын амжилтыг харж болно. Операцийн ашиг (営業利益) нь 2004 онд 8 тэрбум иен, 2005 онд 24 тэрбум, 2006 онд 50 орчим тэрбум иен гэж геометр прогрессоор өсч яваа. Би вэбсайт дээрх тэдний группын нэвтрүүлэг SBI channel-ийг хааяа үздэг юм. Суваг гэхээс голцуу л Китао саны яриа л даа. Ямар дүр төрхтэй, ямар яриатай хүн болохыг тэндээс харж болно. Магадгүй японд байгаа хүмүүсийн зарим нь телевизээр харсан байх.

Єєрийгєє учирлан хамгаалах

Японд богино хугацаатай ирсэн дүү маань нэг жаахан асуудал гаргаадахав. Шальтай асуудал биш л дээ, би өөрөө 18-тай байсан үеэ бодож үзлээ. Ойлгож байна.
Тэгээд байцаав. Мань хүн "би уул нь тэгээгүй, тэр хүмүүс намайг гүтгээд" гэж байна. Тэгэхээр нь би "чи битгий өөрийгөө хамгаалаад тайлбар тавиад бай, юу болсоныг би нэвт харж байна. Харин ямар дүгнэлт хийснээ л хэл" гэж гэв.
Үнэндээ нөгөө япон улсууд нь буруу ойлгон давсдуулж, болсон явдлыг 2, 3 дахин томсгосон бололтой санагдсан. Хар ажлын боловсрол багатай хүмүүс. Гэхдээ л "овоо босгоогүй бол" гэж үг байдаг шүү дээ, манай хүн ч хүнд тэгж хэлүүлэхээр биеэ авч явж.
Дүү минь надад ерөнхийдөө ний нуугүй ярьж, дүгнэлтээ хэлэв. Би түүнд нь баярлаж байлаа. Ер нь хүн алдаа гаргаж болно, харин нууж худал хэлж болохгүй. Хүнд худал хэлэхгүйн дээр бүр чухал нь өөрөө өөрийгөө хуурч болохгүй. Өөрийгөө хуурвал тэгээд зүйл дуусаа. Тийм хүн өөдлөж хөгжихгүй. Алдаа гаргасан хүнийг бол нэг загнаад сануулаад өнгөрнө, харин түүнийгээ нууж худал хэлж байгаа хүнтэй бол хатуухан ярина. Эсвэл тэр хүнийг зөнд нь орхино (харьцаагаа тасална).
Дүүд хэцүү байсан байх, "Тулгаа ах намайг буруу ойлгочих шиг боллоо" гэж сандарсан байж магадгүй. Тэгэхээр нь би хэллээ, "өөрийгөө хамгаалж битгий тайлбар тавиарай, түрүүн хэлсэн ёсоор энэ явдлаас юу дүгнэж бодсоноо л хэл. Тэр хүмүүс чамайг буруу ойлгож, гүтгэсэн бол гүтгээ л биз. Тэр ч байтугай Тулгаа ах чинь ч буруу ойлгосон байг, хамаагүй. Явж явж чи өөртөө л үнэнч байгаа бол, өөрийгөө буруу юм хийгээгүй гэдгээ мэдэж байгаа бол болоо гэж бод" гэж хэлсэн.
Ер нь үнэхээрийн зөв замаар явж байгаа хүчтэй хүн өөрийгөө хамгаалья гэдэггүй. Тэгж явах илүүдээ гарсан цаг ч байдаггүй. Хийж бүтээж, сайн яваа хүн угаасаа шүүмжлүүлж, буруугаар ойлгогдож, элдвээр хэлэгддэг. Тэр болгонтой зууралдаж байх хайран цаг. Зөв явж байгаагаа өөрөө мэдэж, ӨӨРТӨӨ ҮНЭНЧ байвал болоо. Ийм залуу хүн улам хүчтэй болно.
Гэж байтал саяхан уншсан Үүрцайхын "Ерөнхийлөгчид илгээх ил захидал" санаанд оров. Энэ Н.Энхбаяр гэгч нөхөр өөрийгөө хамгаалах гэж, сурталчилах гэж яаж үхэн хатан арчаагүйтэж байдаг билээ дээ. Жил гарны өмнө юу билээ дээ нэг сэтгүүлчээр хэвлэлийн бага хурал хийлгээд, нэр төрөө хамгаалах байгууллага гаргаад л. Ингээд л үнэлгээ навс унаж өгнө шүү дээ. Ээ өчүүхэн амьтан юм даа чааваас гэж. Энд тэндгүй зураг плакатаар өөрийгөө дүүргээд, өөрийнх нь дотор эвгүй оргидоггүй л юм байх даа.
Үнэхээр юм хийж бүтээж байгаа хүн бол тэр нь хүмүүст аяндаа бага багаар боловч танигдаад ирнэ. Улс төрчид нь хийсэн зүйл, эрдэм чадлаараа биш элдэв ухуулга рекламаар сонгогддог манай нийгмийн хамгийн том төлөөлөгч болохоор аргагүй ийм байдаг байж. Улс төр дэх утсан чинээ улаан амь нь юм болохоор түүнийгээ үхэн хатан хамгаалж байдаг нь тэр.
Үүрцайх гэж сайхан нэр юм. Үүр хаяарах мөч ойртсоор байгаа гэдэгт итгэнэм. Шинэ үеийн залуус өндийсөөр байна. Монгол үндэстэн тэнгэрээс ивээлтэй гэдэгт үл эргэлзнэм.

Blogweek, Bookweek (2006/08/27)

Үзсэн блог, нийтлэл:
(1) Цахимөртөөн дээр Үүрцайх гэж залуугийн Ерөнхийлөгчид илгээсэн "хайрын захиа" нийтлэгдсэн байна лээ. Нямбайлан уншлаа. Бутавсан байна, санал нэг. Манай нийгэм түүхэндээ байгаагүй ухамсарын доройтолд орчихсон байна, тэгвэл энэ цаг үеийг тодорхойлж, төрийн дээд 3 суудлыг дамжсан Н.Энхбаяр түүхэнд хамгийн увайгүй удирдагч байна уу гэхээс шилдэг удирдагч байхгүй нь тодорхой.
(2) Гобигийн блог миний браузераар гарч ирдэггүй байсан нь одоо зүгээр болжээ. Microsoft Office үнэхээр хэрэгтэй юу? бичлэг нь технологи хаашаа явж байгаа талаар олон шинэ мэдээлэл өгнө. Ер нь Word, Excel гэх мэт аппликэйшн программууд яваандаа улам бүр локал биш болж (өөрөөр хэлбэл хүн заавал өөрийнхөө компьютерт инстол хийж суулгахгүй гэсэн үг), улам бүр нэт дээр байрладаг болох янзтай. Тэгвэл та бидний PC-ийн гол үүрэг ердөө "нэт рүү холбогддог терминал" болно гэсэн үг.
(3) Amateur Directors блог дээрээс "Икирү" гэдэг киноны тухай Хашаагийн танилцуулгыг уншив. Куросавагийн кино юм байна. Комментийг мундаг бичиж байна шүү. Тэр кинoг олж үзье байз.


Уншсан ном:
Бага багаар уншиж ахиулж байсан "Бүтцэт санхүүжилтийн үндэс" (大垣 尚司『ストラクチャード・ファイナンス入門』) номыг өнгөрсөн долоногт дуусгав. Компанийн санхүүжилт үндсэн 3 төрөл байдаг. 1.Зээлийн санхүүжилт (debt finance), 2. капитал санхүүжилт (equity finance), 3.ассэт санхүүжилт (asset finance). Үүнийг баланс шийт (balance sheet) дээр үзүүлвэл:
Эхнийх нь буюу зээлийн санхүүжилт нь хамгийн уламжлалт, компани банкнаас зээл авах, компанийн бонд гаргах зэрэг баланс дээр бол liability болж бүртгэгддэг арга. Хоёрдахь нь бол компани хувьцаа хэвлэх замаар олдог санхүүжилт. Харин гуравдахь нь буюу энэхүү бүтцэт санхүүжилт нь 80-аад оноос гарч ирж маш хурдтай хөгжиж байгаа финансын шинэ технологи бөгөөд энэхүү ном үүний талаар өгүүлсэн байна.

Зохиогч structured finance-ыг тодорхойлохдоо "итгэлцлийн эрсдэлийг контролдох credit engineering" (信用リスクをコントロールする技術) гэжээ. Ердийн банкнаас авдаг зээл бол тухайн аж ахуйн нэгжийг бүхэлд нь тооцсон эрсдэлээр зээл олгодог. Эрсдэл их байх тусам зээлийн хүү өндөр. Тэгвэл энэхүү бүтцэт санхүүжилт нь тухайн компанийн агуурс (аsset) дотроос хамгийн эрсдэл багатай, тогтмол кэйш (cash) орлого оруулж байдаг агуурсыг тусад нь салгаад, түүнийг эзэмшигчээр тусгай зорилтот компани буюу SPC байгуулан, тэр компанийн үйл ажиллагааг гэрээгээр хатуу хязгаарлах замаар анхнаасаа AAA гэх мэт рэйт (格付) авдаг, тэгснээрээ зээлийн хүүг (IRR) хамгийн бага хэмжээнд аваачдаг технологи юм.

Зохиогч бүтцэт санхүүжилт (structured finance) нь agency cost -ийг хэмнэх замаар нэмүү үнэц бий болгодог технологи юм, тиймээс бүтцэт санхүүжилтийн бизнес хайж байгаа бол agency problem хайж ол, гэж хүртэл бичсэн байв. Их дажгүй, системтэй тайлбарласан ном байна. Ажлын газрынхаа залуугаас зээлж уншлаа.

Янз бүрийн боломж нүдэнд харагдаж, мөрөөдөл тэлэх боловч ... монголын хувьд хувь хүмүүсийн харилцаанд итгэл даах этик доогуур, дээр нь түүнийг хууль эрх зүйгээр зохицуулж болдог юмаа гэхэд шүүн таслах, хууль эрхийн дагуу зохицуулах институтууд нь сул дорой болохоор маш их боломж хаагдаж байна. Нэг үгээр хэлбэл өөрсдөө өөрсдөөсөө хулгайлсан, "хулгайлагдсан хөгжил". Иймэрхүү асуудлыг жаахан ч гэсэн шийдэж чадвал, бусад олон хөгжиж буй орны адил хөрөнгө оруулалтыг өөртөө татах боломж уул нь их бий.

Зай гарахаар уулзюу гэж...

Шибусава саны хэлсэн үгийг орчуулж үзсэнээ сонирхуулья:

Зай гарахаар уулзюу гэж болзоог хойш тавибаас
Заяа түших анд байвч золгох мөч хэзээд үл ирнэ
Зав гарахаар уншюу гэж баринтаг нээхийг азнаваас
Зам дагуулах ном байвч хүүрнэлдэх мөч хэзээд үл олдном


Шибүсава Эиичи
(1840-1931)

“Японы аж үйлдвэржилтийн эцэг”

2006/08/24

Бохироос бохир, цэврээс цэвэр

Сар орчмын өмнө уншсан Санкэй сонинд бохир орчин ба гэмт хэрэг хоёрын хамаарлын талаар бяцхан өгүүлэл харагдаж билээ. Юу гэхээр Америкийн нэгэн хотод гудамжны ариун цэвэрт хүч хөрөнгө зориулж, хог хаягдлыг багасгаж, энд тэндхийн хана туурган дээрх сараачаа бичгүүдийг арилгаж л дээ. Тэгтэл хотын гэмт хэргийн тоо хэдэн хувиар ч билээ багассан гэж. Үүнтэй төстэй жишээ буюу Японы нэг дунд сургуульд ажиглагдсан зүйлийн тухай мөн бичигдсэн байв. Танхай банди олонтой тэр сургуульд сурагчдаар бие засах газрыг ээлжлүүлэн цэвэрлүүлдэг болсноос хойш хэл ам татлагч нөхдийн тоо эрс багасчээ. Нолийн өрөөг цэвэрлүүлнэ гэдэг бас учиртай, хамгийн бохир газрыг цэвэрхэн байлгавал бусад газар дөнгүүр байж таарна. Миний мэдэхийн япончууд жорлондоо санаа тавьдаг нь ийм учиртай.
Хүний сэтгэл санаа цэвэр саруул орчинд арай л цэвэр, өндөр дээд байдаг нь нэг бодлын мэдээжийн ч гэмээр. Хүүхэдтэй хүмүүст анхааруулахад, гэрээ цэвэрхэн байлгах нь хүүхдийн тань сэтгэл санаа тогтуун, зөв өсч хөгжихөд нөлөөлж магадгүй нь байна шүү.
Сургуулийн жишээ гэснээс Хирошимагийн нэгэн сургуульд ёс суртахууны хичээлийг программдаа түлхүү оруулж, сайн багшийг урьж залан ажиллуулж л дээ. Үр дүнд нь сурагчдын бусад хичээлийн дүн эрс сайжирчээ. Яагаад ёс суртахууны хичээл орохоор математик, гадаад хэл, түүх гээд огт хамаагүй хичээлийн дүн сайжирдаг байна аа? Нэг бодлын хачирхмаар мэт боловч жаахан лавшруулаад бодвол ойлгомжтой. Ёс суртахуун гэдэг маань явж явж хүн өөрөө өөрийгөө ялахтай салшгүй холбоотой юм. Өөртэйгөө жаахан ч гэсэн тэмцээд эхлэнгүүт янз бүрийн ахиц гарч эхлэх нь тэр.

2006/08/21

Blogweek, Bookweek №2 (2006.08.21)

Бусад блогоор сонин юутай?
Долоо хоногтоо нэг удаа энд тэнд уншсан блогноос сэтгэлд үлдсэн 3 энтриг танилцуулж байя гэж бодоод. Хэр удаан үргэлжлэх бол доо. Монголын хуулиас эхлээд юм болгон гурван өдөр байдаг гээд бодохоор...
Өнгөрсөн долооногт блогууд нэг их шинэчлэгдээгүй бололтой. Яаж зүгээр байхав гээд гурвыг ганзаглаж ирэв. Зарим хүмүүс аль дээр уншчихсан ч байж магадгүй.

(1) Сугараагийн бага насныхаа тухай бичсэн "Тэнэг зэрлэг Түгшүүртэй бага нас минь" Нээрээ л нэг иймэрхүү байсан даа. Социализмын үе ч байж. Зарим газар инээж, зарим газар хөмсөг зангидан байж уншив.
(2) Хэд хэдэн хүн гишүүнээр бүртгүүлж хамтдаа хөтөлдөг Бодрол блог дээр Jagie-гийн бичсэн Mellon collie and the infinite sadness гээд бас задгай, хөөрхөн бичлэг байна лээ. Адилхан мэдрэмж олон залууст төрдөг болов уу. 7 сард бичсэн юм билээ.
(3) Энхтөгс ийн "Цагдаа" ч бас авсаархан хөнгөн бичлэг. Заримдаа иймэрхүү чөлөөт маягийн, энгийн нэг өдрөөс сэдэвлэсэн бичлэг унших бас дуртай.


Өнгөрсөн долооногт уншсан ном (-1)
Сар гарны өмнөх номын тэмдэглэл дээрээ танилцуулж байсан Ямада Шиня-гийн өөр нэг "Аудиторч оюутан бүсгүйн хэрэг хөтлөл" (*1) нэртэй богино өгүүллийн цуврал номын эхний дэвтрийг уншив. Өмнө уншсан "Хулс зардаг явуулын дэлгүүр яагаад дампуурдаггүй вэ?" нь таалагдсан болохоор авч уншлаа л даа. Тэгсэн яахав нэг уншихад бол зүгээр л юм, гэхдээ 2, 3 дахь ботийг нь хэрэг болгож авч уншихааргүй юм байна. Зохиолын өрнөл нь бол урлаг талаасаа жаахан учир дутагдалтай, японы драмын кинонууд нэг л үнэмшилгүй байдаг даа, тиймэрхүү юм билээ.
Зохиол талаасаа тийм байдаг байж, харин мэдлэг болох зүйл багагүй байв. Санхүүгийн мэдлэг, ер нь ямар ч мэдлэгийг заавал зузаан том сурах бичигнээс биш, иймэрхүү уран зохиолын ном уншиж бас олж авах арга байна. Мэдээж сурах бичиг уншихгүй бол системтэй мэдлэг олж авч чадахгүй. Харин ийм ном уншсанаар тухайн мэргэжлийн хүний өдөр тумын ажил амьдралын талаар төсөөлөлтэй болох ба сурах бичигт бичигддэггүй зүйлс, дотор нь орж практик дээр туулахгүйгээр олж авч чаддаггүй зүйлстэй танилцах боломжтой юм.
-------------------------------------
(*1) 山田真哉 『女子大生会計士の事件簿』、英治出版

2006/08/20

Японы капитализмын эцэг - Шибусава Эйчи

Энэ хүний тухай би ярианыхаа завсар хааяа хавчуулдаг юм. Тэгэхэд япон залуучууд өөрсдөө нэрийг нь дуулснаас цаашгүй байх нь олон. Жаахан лавшруулаад яримагц "пээ паа" болж, "гадаадын хүнээс өөрийн японы тухай мэдэж авч байдаг" гэж өөрсдийгөө шүүмжлэх нь бий. Ердөө зуухан жилийн өмнөхөн ийм гайхамшигтай хүн амьдарч асан атал мэдэхгүй байна гэдэг Улаанбаатар хотын урд ханхайх үзэсгэлэнт Богд уулыг мэдэхгүй явахтай адил хайран.
Хэдий тийм ч сонин хэвлэл, ном бичгийн хуудаснаа нэр нь дуурсагдсаар, чимээгүй мэт боловч сүрлэгээр “Японы капитализмыг үндэслэгч эцэг” хэмээн алдаршсаар, үлгэр домог мэт ам дамжин яригдсаар байдаг энэ хүнийг танилцуулж нэг бичихсэн гэж бодож ирлээ.

Мэйжи хувьсгал гарахын өмнөх буцалсан он жилүүдэд хуучны феодал засгийг унагах гэж нөхдийн хамт үгсэн төлөвлөж байсан энэ хүн хувь заяаны зохиол нь таарч, харин ч тэр унагах гэж байсан засгийнхаа албат түшмэл нь болж хувирна. Уг гарал нь гээд ярьвал тариачин. Эцэг эх нь удмаараа хичээнгүй аж ахуйч учир өөрсдийгөө дөмөгхөн борлуулан хажуугаар нь худалдаа арилжаа хийх зэргээр амжуулж зэгсэн чинээлэг айл байсан бололтой. Эйчи хүү төрөлхийн сэргэлэн ухаантайн дээр багаасаа номонд хорхойтой, хятадын хуучин сударуудыг нэгд нэгэнгүй уншснаар халуун өрнүүн сэтгэлтэй нэгэн болжээ. Мөн угаас аж ахуйч удамтай учир багаасаа эцгийнхээ данс бүртгэл, худалдаа арилжаанд туслах замаар санхүү мөнгөний хэрэгт дөртэй болж, энэ чигээрээ явсаар засгийн албатай золгосон нь тэр билээ. Ингээд 24 настай цэл залуудаа сүүлчийн шоогүн болох Токугава Ёшинобугийн (Хитоцүбаши удамт) шадар түшмэлээр ажилласан ба тэр хугацаандаа анх Парисын олон улсын Экспод оролцох Японы элч төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд явах болжээ. Энэ аялалын далимаар Шибүсава европын олон орнуудаар хэрэн аялж, өрнийн орны аж үйлдвэрлжилт, техник технологи, иргэнлэг нийгмийн хөгжилтэй танилцах авай. Харийн гүрэнд үзсэн зүйлээс Япон оронд шаардлагатай байгаа олон шинэ зүйлийн тухай санаа авч, түүнийг насан туршдаа хэрэгжүүлсэн хүн юм.
28-тай нутагтаа буцаж ирэх үест нь Мэйжи хувьсгал ялж өөрийнх нь зүтгэж байсан Бакүфү засаг унав. Нэг хэсэгтээ тэрээр сэтгэлийн дарамттай байсан нь түүний намтар зохиолоос харагддаг. Учир нь унагаах гэж байсан засагтаа хувь зохиолоор хүчин зүтгэж, тэгж байтал нөгөө засаг нь ч унаж, хэсэгтээ өөрийн зорилго, амьдралын утга учирыг олохыг больсон бололтой. Удаан шаналсны эцэст улсын эзний суудлаас хөөгдөж ердийн хар хүн болоод байсан Хитоцүбаши Ёшинобүд үлдсэн насаа зориулья, үнэнч албатын ёсоор харж хандаж явья гэж шийднэ. Ийнхүү зориглож очсон тэрээр Шизүокад байх хугацаандаа бас зүгээр суусангүй. Орон нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим гэдгийг байгуулжээ. Энэ нь түүний Японы хөгжилд оруулсан хамгийн гол хувь нэмрийн нэг болох "Хувьцаат компанийн тогтолцоог” нэвтрүүлэх эхлэл болсон юм. “Бороотой шөнийн хүүрнэл” номондоо (*1) тэрээр “Угаас аж ахуй ганц хүний хүчээр өргөжин цэцэглэх ёсон үгүй. Учир иймээс барууны оронд ашиглан буй хамтын хүч – нэгдсэн хөрөнгийн аргыг (хувьцаат компанийн тогтолцоог хэлж байна) нэн даруй хэрэгжүүлвээс зохино. Нөлөө чадалтай худалдааны ардад энэ аргыг дуулган ойлгуулваас хавь орчимд хамтын компани удаалан бий болох нь магад бөгөөд тэдгээрийн хөрөнгөөс хувь нийлүүлсэн нэгэн танхим байгуулваас энэ нутгийн эдийн засгийг эрс хувилган дэвшүүлмүй” гэж бичсэн байдаг. Түүний эхлүүлсэн худалдааны танхим нь аймаг орны эдийн засгийн сэргэлтэд үлэмж хувь нэмэр оруулах болж энэ сураг хол ойроос сонсогдсоор тэгсэн үү, Мэйжигийн шинэ засаг түүнийг Иргэний хэргийн яаманд татварын түшмэлээр санал болгон татаж ажиллуулах болов. Иргэний хэргийн яамнаас Сангийн яам зэрэгт шилжин ажиллаж, энэ хугацаандаа улсын нэгдсэн мөнгөний гүйлгээг бий болгох, санхүүгийн системийн суурийг тавихтай холбоотой ажилд гардан оролцож, “Аж ахуйн нэгж байгуулах зааварчилгаа” хэвлэж түгээх зэргээр шинээр төвхнөөд буй төр улсын үндэс суурийг тавих ажилд хичээнгүйлэн зүтгэсэн байдаг. Санхүүгийн дэд бүтэц гэдэг эдийн засагт цусны эргэлтийг хангах судас мэт амин нөлөөтэй, харин тэрхүү санхүү хөгжихөд зөвхөн тогтолцоо бүрдэхээр зогсохгүй хүмүүсийн наймааны соёл, мэдлэг, харилцан итгэл даах чадвар юу юунаас чухаг гэж тэрээр үзэж байлаа. Санхүүгийн арилжаа гэдэг үнэндээ итгэл дээр тулгуурлаж явагддагийг одоогийн та бид сайн мэднэ.
Дөрвөн жил ажилласан төрийн албанаасаа түдгэлзэж, үлдсэн насаа хувийн салбарт зориулахаар шийдэх үед Шибүсава 33 настай байлаа. Хүмүүс түүнийг төрийн ажлаас хөндийрөх болсонд гайхаж байв. Учир нь толгойтой чадвартай гэсэн болгон төрд ажиллаж байсан цаг бөгөөд тийнхүү мултарна гэдэг эрхэм зэрэгт хүрэх дардан замаас зайлж, харанхуй балчиг руу зүглэхтэй адил үзэгдэж байв. Хувийн аж ахуйд ажиллах нь огт нэр хүндгүй, ерөөс наймаачинг хамгийн дорд зиндаанд тавьдаг Эдо үеийн үзэл хараахан халагдаагүй байжээ. “Тань шиг ийм чадварлаг хүн юунд ийм зам сонгоно вэ?” гэж хүмүүсийг гайхширахад тэрээр “Би үнэхээр чадвартай бол харин ч худалдаа наймааны хэрэгт зүтгэе. Төрд болхи хүн ч ажиллаж чадна, харин үйлдвэр худалдаанд авьяас чадвартай хүн хэрэгтэй байна” гэж хариулж байлаа(*2). Шилмэл засаг мандаж, шалгарсан систем бүрдлээ ч энгийн хүмүүс шинэ тогтолцооны ашиглах аргыг мэдэхгүй, хэрхэхээ ойлгохгүй бол нэмэргүй. Иймээс ухаантай чадалтай хүмүүс нь биеэр үлгэр үзүүлж, эхлэл суурийг нь тавилцах шаардлагатай. Шибусава ингэж бодож байлаа.

1875 онд Японы анхны арилжааны банк болох "Дай-ичи кокүрицү гинкоо" буюу Үндэсний нэгдүгээр банкийг (одоогийн Мизухо банк) байгуулж, захирлаар нь ажиллав. Үүнтэй давхцуулаад Худалдаа сургалтын газрыг байгуулж, Токио Худалдаа аж үйлдвэрийн танхим, Мужийн халамжийн газар зэргийг давхар удирдан ажиллуулж байлаа. 1877 онд “Сайныг түгээх чуулган” буюу Такүзэнкай (拓善会) байгуулсан нь одоогийнхоор бол венчер капитал эсвэл бизнес инкубатор маягийн байгууллага байсан бололтой бөгөөд энэ нь яваандаа Токио Банк болж өргөжсөн байна.
Цаашилбал Япон Төмөр Зам Компани (одоогийн Japan Railways), Оосака Тоосгоны үйлдвэр, Токиогийн Хөрөнгийн Бирж, Токио цахилгааны компани, Японы Усан Тээвэр компани, Империал зочид буудал, Оожи Цаасны үйлдвэр, Токиогийн усан цахилгаан станц, Химийн бордооны үйлдвэр, Киотод нэхмэлийн, Токиод төмрийн үйлдвэр, Хоккайдод нүүрсний уурхай гэх зэргээр шил дараалуулан байгуулж, заримд нь удирдан оролцсоор амьдралынхаа туршид нийт 500 компанийн (ээ бурхан минь!) үүсгэн байгуулалтад гар бие оролцож, зарим үед хэдэн арван компанийн удирдах ажилтнаар давхар ажиллаж байлаа. Эдгээр компаниуд өдгөөг хүртэл ажиллаж байгаа бөгөөд, ихэнх нь одоогийн Японы эдийн засагт үлэмж нөлөө бүхий байр суурийг эзлээд байна.
Мөн тэрээр хувьцаат компани ба орчин үеийн зах зээл, санхүүгийн тогтолцооны талаар ард иргэдэд танин мэдүүлэх, ухуулан сурталчлах ажлыг мөн давхар явуулж, ном туурвил бичин, Токио Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Худалдааны Ухааны Төв гэх зэрэг бизнесийн мэдээлэл солилцох, харилцан туслах, сургах боловсруулах төвүүдйиг нээж байв. Багадаа Күнзийн сургаалийн гол бүтээл болох "Цэц судараас" (『論語』 буюу англиар "The Analect") номноос маш их нөлөө авсан тэрээр насан туршдаа ЁС СУРТАХУУН, ЭДИЙН ЗАСГИЙГ ХОСЛУУЛАХ ҮЗЭЛ (道徳経済合一説)-ийн тухай ярьж, тийм үзэл санааг түгээж явжээ. Ашиг мөнгө ба ёс суртахуун хоёр эсрэг тэсрэг дайснууд юм гэж ойлгодог ихэнх хүний ойлголтыг эвдэхийг хичээж, ёс суртахууны нормгүйгээр бизнес хэзээ ч жинхэнэ амжилтыг үзэхгүй гэдэг байв.
Ном сэтгүүл дээр “Цэц ба сампин" (論語と算盤)гэсэн ишлэл хааяа харагдаж байдаг. "Баруун гартаа Цэц судар, зуүн гартаа сампин" гэсэн түүний ярианаас гаралтай энэ үг нь хүн нэг талдаа ёс суртахуун, зүрх сэтгэл гэсэн сэтгэл санаа мэдрэмжээс үүдэлтэй (感性) шинж чанар, нөгөө талдаа тоо тооцоо, нарийн ухаанаас үүдэлтэй (知性、合理性) шинж чанарын аль алиныг хослуулах ёстой гэсэн санааг агуулдаг. Тархин дээр аваад үзэхэд ч хүний их бага тархины нэг нь сэтгэл санаа, онгод авьяас, урлагийн мэдрэмж, баланс, нөгөө нь тооцооны ухаан, рационал сэтгэлгээнд зориулагдсан гэгддэг дээ, зүүн гартай хүн ийм баруун гартай хүн тийм ч гэж бид ярилцдаг. Түүн шиг аль алиныг нь хослуулахгүй бол эгц урагш алхаж чадахгүй догонцох нь гарцаагүй. Сэргэг ухаан, нарийн тооцооны дээр зөв үзэл бодол, зөв сэтгэл нийлж байж сая хувь хүн ч хөгжинө, улс орон ч хөгжинө гэж тэрээр үздэг байлаа.

Тухайн үед худалдаа наймааг дорд үздэг байсан тухай дээр өгүүлсэн, энэ ойлголтыг эвдэж, худалдаа наймаа бол ердийн нэг хар ажил биш эрдэм ухаанаар баяжуулах ёстой зүйл хэмээн Токио Худалдааны сургах танхимийг дээд сургууль болгон өөрчилсөн нь одоогийн Хитоцүбаши их сургууль юм. Японд айргийн тавд бичигдэх нэр хүндтэй энэ сургуульд эдүгээ манай монголын шилдэг залуус бас суралцаж байгаа билээ. Мөн тухайн үед ач холбогдлоор илт доогуур үзэгдэж байсан эмэгтэйчүүдйин боловсролд анхаарч Япон Эмэгтэйчүүдийн Их Сургууль (日本女子大学) зэрэг эмэгтэйчүүдийн сургууль боловсролын газар байгуулах, хөгжүүлэх үйлст сэтгэл хүчээ зориулан ажиллаж байлаа. Олон компанийн захирал, удирдах албанд зэрэг ажиллаж байсан тэрээр маш их орлоготой баячуудын нэг байсан ч, өөрөө ямар нэг компанийн хувьцааг бүрэн эзэмших, түүнийгээ дангаар өсгөх замаар монопол эрх тогтоохоос зайлсхийдэг байжээ. Мицүбиши Зайбацуг (одоогийн Мицүбиши групп) байгуулсан Ивасаки Ятароо түүнд нэг удаа хамтдаа бизнес хөтлөхийг санал болгож, "Чи бид хоёр гар нийлүүлвэл энэ Японы бизнес тэр чигээрээ атганд орж хүссэнээрээ хөдөлгөнө дөө" гэж санал болгосон байдаг. Харин Шибусава түүний саналыг хүлээж аваагүй байдаг. Олсон мөнгөө соёл боловсрол, халамжийн байгууллагад зориулж, Тахир дутуучуудын халамжийн газар, Өнчин хүүхэд асрах газар зэргээс эхлээд түүний байгуулсан нийгмийн халамж, соёл боловсролын байгууллага нь 600-д дөхөж очсон байх аж.
Энэ орны эдийн засгийн дэд бүтцээр зогсохгүй нийгмийн дэд бүтцийг бүтээн байгуулахад бүх насаа зориулсан тэрээр 1931 онд 91 насан сүүдэр дээрээ тэнгэрт хальжээ.
--------------------------------------
Токиод Шибусава Эйчигийн дурсгалын музей байдаг, энд сурч байгаа залууст нэг завандаа очиж үзэхийг зөвлөе. Магадгүй цаг боломж таарвал хамт явж болно шүү.
Орох үнэ 300 иен, JR Keihin-Toohoku line, Ooji station зэрэг 3 өртөөнд ойрхон, дэлгэрэнгүйгээр:
Ашигласан эх сурвалж:
(1) 渋沢栄一 『雨夜譚』 岩波文庫
(2) 竜門社月刊機関誌『青淵』2003年3月号
(3) Мөн уг музейн танилцуулах памфлет зэргийг ашиглав.

2006/08/18

Улиралын тайлангаас шинийг дуулаарай

Софтбанк групп өнгөрсөн долооногт буюу 8 сарын 8-нд 2006 санхүүгийн жилийн эхний улиралын тэнцэлээ зарлав. Хувьцаа эзэмшигчдийн өмнө тавьсан тайлан илтгэлийн видео бичлэг нь бүрэн эхээрээ нэт дээр тавигдсан байгаа тул япон хэлтэй залуучуудад сонирхож үзэхийг зөвлөж байна. Групп дотроо Vodafone (гар утас), Yahoo Japan (портал үйлчилгээ), Japan Telecom (шугамын утас), Softbank BB (АDSL холболтын YahooBB гэх мэт үйлчилгээ), Softbank IDC (дата центр) зэрэг мэдээлэл холбоо ба ICT-ийн 500 гаран компанитай. Юу гэхээр уг тайланг үзсэнээр цаг үе, хөгжил хаана яаж явагдаж, ямар чиг хандлагатай байгааг мэдээд авахав тань тустай болов уу. Дээрх линкээр холбогдож 説明会オンデマンド配信(2006/8/8) гэсэн дээр товшоорой. 30-40 минутын бичлэг.

2006/08/17

IT юу, ICT юу аль эсвэл?

Мэдээлэлжиж, дижиталчлагдаж буй энэ цаг үеийг бид IT (Information Technology) буюу мэдээллийн технологийн үе гэж нэрлэдэг. Харин сүүлийн үед ICT (Information & Communication Technology) буюу "мэдээлэл харилцааны технологи" эсвэл "мэдээлэл холбооны технологи" гэх нь элбэгшив. Ойлгомжтой, жаахан дээхэн үед компьютер болон программ хангамж, интернэт гэсэн технологийн шинэ шинэ ололтууд цаг үеийг тодорхойлж байсан бол, өдгөө технологийн шийдлээр хязгаарлагдахгүй хэрэглэгчдийн түвшин дэх хэрэглээний шийдэл нь тун чухал байр суурийг эзлэх болсноос тэр. Бас мэдээлэл боловсруулах хэрэгсэл гэхээс илүү харилцааны (communication) хэрэгсэл гэдэг утгаараа хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчилж эхэллээ. Энд гарутас ч томоохон байр суурь эзлэх ба жилээс жилд гарутас интернэт рүү холбогдох нэг чухал терминал болж ирж байна. Гэхдээ л "мэдээлэл харилцааны технологи" буюу ICT гэдэг нэршил нөгөө технологийн хүрээндээ л эргэлдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ илэрхийлэлд контэнтс (мэдээллийн агуулга, мэдээллийн үйлчилгээ) гэдэг утга бууж ирэхгүй.

Нэгэн номон дээр уншиж байсныг саналаа. Орчин үеийн хөгжлийг 4 шатанд хувааж болно гэж.
1. Аналог технологийн хөгжил
2. Аналог үйлчилгээний хөгжил
3. Дижитал технологийн хөгжил
4. Дижитал үйлчилгээний хөгжил
Юу гэхээр анх ТВ, радио гарах үед түүнийг үйлдвэрлэж байсан цахилгаан электрон бүтээгдэхүүн үйлдвэрлэл дэлхийн цаг үеийг тодорхойлж байв. Сони, Мацүшита, Филипс гээд л бүгд тэр цаг үеийн үр хөрвөл. Эдгээр компаниуд томорч чадсан. Аналог технологи ийн хөгжив.
Дараа нь энэхүү ТВ, радио гэх мэт технологи, хардвэаг ашиглаж телевизийн сувгууд, сонин хэвлэл мэдээллийн магнатууд хүчийг олсон. Аналог технологи дээр тулгуурласан үйлчилгээнүүд юм. Монголоор жишээлбэл мэдээллийн гол суваг дээр сууж буй ноён Балдорж гэхэд л үүнийг төлөөлнө.
Гуравдахь нь дижитал технологи. AиБиЭм-ээс авахуулаад Майкрософт гээд л. Ямар сайндаа Билл Гэйтс дэлхийн хамгийн баян хүн болохов. IT гээд байдаг маань энэ гуравдахь үе юм болов уу даа.
Тэгвэл та бид яг одоо 4 дэх үе рүү орох зааган дээр зогсож байна. Яхүү, Амазон бол гол төлөөлөгчид. Мэдээж Гүүгл бүхний анхаарлын төвд байна, харин технологийн компани гэгддэг тул маргах хүн гарах болов уу гээд шууд нэрлэж чадсангүй.
Энэхүү 4 дэх үеийг сүүлийн үед ихээр яригдах болсон Web2.0-ийг үүнтэй холбож ойлгож болно. Технологийн хувьд Web2.0 аль хэдэн жилийн өмнө шийдэгдчихсэн байсан шиг байгаа юм. Харин бродбанджилт хүчтэй тархаж, энэ дэд бүтэц нэлээд сайн тавигдангуут өдөр тутмын амьдрал, өргөн хэрэглээнд нэвтэрч ирж байна гэсэн үг. Хүмүүс урьдынх шиг зөвхөн хүлээн авах бус, өөрсдөө мэдээллийн эх үүсвэр боллоо. Хэдхэн жилийн өмнө мэдээллийн суваг дээр сууж буй нөхөд л "дуугарах эрхтэй" байсан бол өнөөдөр хэн ч гэсэн блог дээрээ дуугарч, хором зуурт ертөнцийн хүмүүст хүрэх боломжтой боллоо. Програм хангамж огт мэддэггүй байлаа ч, үнэхээр онгод авьяастай, эсвэл уйгагүй хөдөлмөрч бол хамгийн гүйлгээтэй сонин, сэтгүүлээс ч илүү олонд хүрэх мэдээллийн сувгийг бий болгож чадах болов. Интернэт дээр номын дэлгүүр байгуулья гэхэд л тоног төхөөрөмж, байшин сав гэх мэт хөрөнгө оруулалт хэрэггүй, програм хангамж ч хэрэггүй, тэр битгий хэл номын агуулах ч хэрэггүй болжээ. Амазонд өөрийн виртуал дэлгүүрийг хоромхон зуурт байгуулахад л хангалттай. Агуулах, дэлгүүрийн сайт, мөнгөний гүйлгээ зэргийг Амазон гүйцэтгэж, та бол ашгаасаа зөвхөн тодорхой хэмжээний суутгал төлөөд л болоо. Технологи ба холболтын дэд бүтцэн дээр тулгуурлан төрөл бүрийн үйлчилгээ, контэнтсууд ид олширч, дэвшиж ирлээ. Янз бүрийн хэлбэртэй ч бүгдээрээ Web2.0-ын нэг хэлбэр.
Ингээд бодоход ICT гэх нь ч бас учир дутагдалтай байгаа юм. Ердөө IC гэмээр юмуу? Өөрөөр хэлбэл технологи ч багтана, үйлчилгээ ба контэнтс ч багтана. Энэ шинэ үеийг юу гэж нэрлэмээр юм бэ дээ.

2006/08/13

Blogweek, Bookweek (2006.08.13)

Бусад блогоор сонин юутай?

Анхаарал татсан блог:
Дөлмандах IT талбарт ажилладаг, өөдрөг бүтээлч залуу. Блог нь санаа ч өгнө, урам ч өгнө. Шинэчлэгдэхдээ ч сайн юм.
Анхаарал татсан бичлэг:
1) Нээлттэй эхийн бvтээгдэхүүн төрийн байгууллагуудад (Очирхуяг)
Ядуу буурай орон юм гээд төрийн байгууллагууд нь хулгайн программ хангамж суулгаад байх нь зөв vv? Асуудлыг шийдэх гарц opensource-д байна гэж бичжээ.
2) Хөршөө олсны дараа яах вэ (Наранбаяр)
Японы ерөнхий сайдын Монголд айлчилсан энэ удаагийн айлчлал юуг єгvvлнэ вэ? Наранбаярын гярхай ажиглалтыг уншаарай.
1) Москва нулимсанд итгэдэггүй (Хишгээ)
"Амьдрал нулимсанд дургvй" киноны vгээс ишилсэн богинохон авч хvнд нэгийг бодогдуулах бичлэг.



Өнгөрсөн долооногт уншсан ном. (-1)

Ёороо Такэшигийн "Тэнэгийн хана" (養老孟司 『バカの壁』、新潮社、c2003)-ыг уншив. Гурав дөрвөн жилийн өмнө нэрд гарч байсан юм билээ.

Нэгэн их сургуульд оюутнуудад эмэгтэй хүний жирэмслэлтээс авахуулаад амаржих хүртэлх процессийг видеогоор үзүүлжээ. (Ном ингэж эхэлнэ.) Дууссаны дараа оюутнуудаас анкет авч. Тэгтэл үр дүн нь сонирхолтой, эмэгтэй оюутнууд "маш их юм сурлаа, сонирхолтой байлаа" гэсэн байхад эрэгтэй оюутнууд "хичээл дээр ч орж байсан, хэнд ч гэсэн мэдээжийн юм байна" гэж хариулцгааж. Эмэгтэй оюутнуудын хувьд хэзээ нэгэн цагт эх хүн болно, тиймээс энэ бичлэг тэдэнд бодитой бөгөөд, өөрт нь ойр. Тиймээс ч тэд шимтэн үзэж, хэрэгтэй шинэ мэдээлэл байгаа эсэхийг нь сайтар нягталж. Харин эрэгтэй оюутнуудад бол тийм биш. Сонирхол ч байхгүй учраас нарийн ширийнийг тоохгүй. Үүнийг зохиогч Ёороо сан "тэнэгийн хана" гэж тайлбарлах аж. Мэдээд байдаг. Мэдээд байгаа юм шиг хэрнээ яг үнэндээ сайн мэдэхгүй, өөрийнхөө урд том хана босгочихоод хүмүүс ажиггүй явцгаана.

Тэрээр "үнэнээр мэдэх гэдэг бол хорт хавдрын эффекттэй адил зүйл" гэж хэлж байна (60-р тал). Юу гэхээр "та хорт хавдар тусчээ" гэж хэлэгдсэн үед хүн яах вэ? Эмчилгээ байхгүй ганцхан жил, магадгүй хагасхан жилийн амьдрал үлдсэн тохиолдолд. Тийм үед өнөөдрийг хүртэл тоож хараагүй цэцэг шал өөр харагдаад явчих бөлгөө. Энэ бол цэцэг өөрчлөгдсөнд биш, хүн өөрөө өөрчлөгдсөнд гол нь оршино. "Мэдэх" гэдэг бол хүн өөрөө өөрчлөгдөхийн нэр. Өөрөө өөрчлөгдөнгүүт хорвоо ертөнц өөр болоод явчихна.
Зохиолч ингэж өгүүлж байна.

2006/08/12

PLC - Бродбанд инфраны нэг боломж

ICT трэнд
Ердийн цахилгаан дамжуулах шугамаар интернэтэд холбогдох технологи PLC сүүлийн жилүүдэд амжилттай туршигдаж, Испани зэрэг оронд өргөн хэрэглээнд нэвтэрч эхлээд байна. Холбогдох хурдаар ч 10-100 Мэгабит гээд шилэн кабэлаас дутахгүй. Хэрвээ энэ амьдралд нэвтэрвэл хаа л бол хаа байгаа "арзеткаар" бид хаанаас л бол хаанаас дэлхийтэй холбогдох боломжтой болно гэсэн үг. Бас гэр ахуйн цахилгаан хэрэглэлийг гаднаас удирдах боломжтой болно. Японд бол энэ технологийг өргөн хэрэглээнд нэвтрүүлэх нь долгионы шүүрлээс болж техник саатал үүсгэх магадлалтай гэж сонирхогчдын радио холбоо, богино долгионы радио сувгаас эсэргүүцэл ихтэй байгаа бололтой. Японы ерөнхий хэргийн яам ч PLC-г зөвхөн гэр дотор хэрэглэж болохоор журамласан байгаа бөгөөд иймээс одоогийн байдлаар гэр хүртэл ADSL, оптик шугамаар холбогдож, гэр дотроо цахилгаан шугамаар хоум нэтвөөк (home network) үүсгэх гэсэн байдлаар зөвхөн хэрэглэх боломжтой.

Фото аппарат, бугуйн цагны хувь заяа

ICT трэнд
Өнөөдрийг хүртэлх хайлт инжинүүд (search engine) зөвхөн текстээр хайлт хийдгийг бид сайн мэднэ. Гол төлөөлөгч Гүүгл, Яхүү гээд л, мэдээж зураг хайж болох боловч, түүнийг хайхын тулд түлхүүр үгээ текстээр оруулж бичнэ. Тэгвэл шууд зургаар хайлт хийх шинэ технологийг Олимпас компани боловсруулж, өнгөрсөн 7 сараас туршилтын журмаар Стиккийз нэртэй сайт ажиллуулж эхлээд байгаа юм байна (ньюс рилийс). Үйлчилгээ нь зөвхөн мобайл буюу гар утасны нэтэд явагдана. Хүмүүс өөрийн авсан зургийг оруулж хайлт хийнэ, тэгэнгүүт нэт дээрх бүх мэдээллээс тэр зурагтай ойролцоо зураг болгон шүүгдэн гарч ирнэ. Магадгүй ойрын жилд хүн амандаа дуу аялаад түүгээрээ хайлт хийж чаддаг болох байх. Олимпас бол фото аппаратны компани гэдгийг бүгд мэднэ. Тэгвэл яагаад нэтийн Гүүглтэй адил юм хийх болов? Үнэндээ улам бүр нэт хамаааралтай болж буй эринд амьдрахын тулд өөрийн давуу тал болох "зураг" гэдэг юмыг шинэ технологитой хослуулахаас өөр аргагүй болсон бизээ. Хэдэн жилийн өмнө анх гарутаснууд аппараттай болж эхэлсэн үед удахгүй хуучин фото аппарат үйлдвэрлэгчдийг сүйрнэ гэлцэж байсан билээ. Гэхдээ энэ түгшүүр, энэ өрсөлдөөн нь технологийн судалгааг хөхиүлж, дижитал аппаратнууд богино хугацаанд маш сайн чанарын түвшинд хүрээд байна. Канон гэхэд сүүлийн 2-3 жилд айргийн таван шилдэг компанид байнга багтаж, сургууль төгсч байгаа залуучуудын орох сонирхол ч өндөр байгаа. Хэрэглэгчид гарутсаараа ч зураг авна, гэхдээ үнэхээр сайн зураг авч үлдээе гэсэн үедээ дижитал аппарат тусад нь хэрэглэдэг болж. Гартаснууд ч заавал үүнээс илүү нарийвчлалтай функц тавья гэхгүй байна, тэгэх ч шаардлагагүй биз.
За цааш нь бугуйн цаг. 1997 онд 70%-тай байсан бугуйн цагны хэрэглээ энэ жил гэхэд 46% хүртэл буурчээ. Яагаад ингэснийг та таасан байх, гарутас гэдэг үнэнч анд энэ үүргийг дөмөгхөн гүйцэтгээд байгаа болохоор тэр. Эргэн тойрноо ажиглаваас андашгүй. Ингээд бугуйн цаг үйлдвэрлэлийн уламжлалт бизнес хөөрхий болов уу гэтэл бас тийм биш аж, Японы бугуйн цагны зах зээл өнгөрсөн жилд 8% өсчээ (Никкэй 2006.07.06). Харин борлуулагдсан цагны ихэнх хувийг Ролекс гэх мэт брэнд цагнууд эзэлж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл хүмүүс өдөр тутмын хэрэгцээнд цаг зүүх гэхээс илүү гоёл чимэглэл болгож цаг зүүдэг болжээ. Зарим цаг бол яг хэдэн минут болж байгааг мэдэхийн аргагүй. Эзэнд нь минут сонин биш, дизайн, брэнд нь сонин. Минут секунд доль болийг бол гар утаснаасаа харахад л хангалттай гэж.

2006/08/10

Баярт мэдээ - PASSION Зохиогчийн эрх!

Орой ажлаас тарж явах замдаа хүсэн хүлээсэн баярт мэдээг дуулав. ЭМОС клубээс орчуулан дуусч буй "Амжилтанд хүрэх гал эрмэлзэл - PASSION" номын зохиогчийн эрх зөвшөөрөгджээ!!
Монголчууд бидэнд оюуны хишиг хайрлаж буй "Мобикомын өндөр өвөө" Инамори Казуо сан, мөн PHP хэвлэлийн газарт гүн талархал илэрхийлье. Сайн орчуулга болгохын тулд шөнө нойроо хугасалсан "Гүүш" багийн андууд минь, баяр хүргэе. Одоо бидэнд номоо хүмүүст хүргэх, бас энэ хорвоод мэндлэх хүртэлх энэ багахан хугацаанд өнгө дизайн, бүтэц оршилыг нь улам бүр төгсд ойртуулах үлдэж байна. Нэг өдрөөр ч болов хурдан хэвлэгдэж, хүмүүст нэг ч атугай санаа ухаан хайрлаж, эх орны минь хөгжилд мөчир ч болов цучил нэмээсэй гэж санан санан, бодон бодон хичээсэн билээ.


Оройн хоол пивотой...


** "Мобикомын өндөр өвөө" гэсний учир нь зохиогч маань Мобикомын эцэг болох KDDI группыг үүсгэн байгуулсан хүн учраас.

Хvндэлдэг бизнесмэн (санал асуулгын дvн)

Никкэй сонин Японд энэ жилийн хавар шинээр ажилд орсон залуучуудаас "хамгийн их хүндэлдэг бизнесмэнээ нэрлэнэ үү" гэсэн асуулга авахад 1-р байранд 20.2%-аар Ниссаны Карлос Горн шалгарчээ. Эхний таван байрын тухайд,

1. Карлос Горн (Nissan) ...20.2%
2. Билл Гэйтс (Microsoft) ...9.4%
3. Сон Масаёши (Softbank) ...6.3
4. Хонда Сооичироо (Honda) ...6.0%
5. Мацушита Кооносүкэ (Matsushita) ...4.5%

Горны тухайд бол дампуурлын ирмэг дээр байсан Ниссаныг богино хугацаанд сэргээж, "V" хэлбэрийн өсөлт хийж чадсан гэдгээрээ Японд алдартай. Гэйтс, Соны хувьд аргагүй шинэ үеийн ICT бизнесийн төлөөлөгчид. Хуучин үеийн аваргууд болох Хонда, Мацүшита нар өнөөг хүртэл хүндлэгдсэн хэвээр байгаа нь бас харагдаж байна.

(Тоо баримт: Никкэй сонин 2006.07.01 дугаар)

2006/08/07

Хулгайлагдсан хєгжил №1

Хатаж ширгэж, өлсгөлөн нүүрлэсэн Африкийн орон. Хүмүүс энд тэнд ундуй сундуй бөөгнөрч, үхэр, нохойноос үл ялгагдана. Хийх ч юм байхгүй, идэх ч юм байхгүй. Сүүдэр бараадаж, тэнгэр ширтэн гиюүрсээр нэг насыг барна. Зарим нь хатаж ширгэсээр тэжээл дутагдалд орж нөгөө ертөнц рүү яаран нисч одно.

Үнэхээр ногоо ургахааргүй үржил шимгүй газар юмуу, хорвоо ертөнц яасан тэгш биш юм бэ гэтэл тийм биш аж. Туршилтын журмаар төрөл бүрийн хүнсний ногоо ургуулаад үзтэл гайгүй ургац өгөх юм гэнэ. Энэ тухай японы сэтгүүлч Соно Аяко нэгэн тэмдэглэлдээ "асуудал тэнгэр хангайдаа биш байж таарав, асуудал юунд байсан гэхээр нэг нь ногоо тарьдаг, нөгөө нь шөнө хулгайлдаг. Тиймээс хэн ч ногоо тарья гэхгүй ба хаа нэгэнтээ хоол олдвол уралдан хулгайлалцана" гэж дүрслэн бичсэн байдаг(*1). Мөн адил тахианы өндөг үнэтэй, олдоц муутай гэх орны жишээн дээр яагаад тахиаг олноор үржүүлдэггүй вэ гэтэл тэжээл нь үнэтэй учраас гэнэ. Тахианы тэжээл заавал бэлдэнэ гэж юу байсан юм, ил тавьчихад өөрөө хавь ойроос хоолоо олоод идчихдэг биздээ гэтэл тэгж сул тавингуут хажуу хавиргаас хулгайлдаг болохоор яах ч аргагүй гэнэ. Тэгэхээр ногоо тарихад ч, тахиа үржүүлэхэд ч хашаа хамгаалалт хэрэгтэй болно, түүгээр зогсохгүй шөнийн манаач хөлсөлж ажиллуулах хэрэг гарах нь ч бий, ганц хашаа бол шөнөөр давж орж ирээд юу ч болохгүй. Ингээд явж явж нөгөө ногоо тарих, тахиа үржүүлэх хүч зардлаас илүү хашаа хамгаалалт, шөнийн харуул энэ тэр гэсэн зардал нь илүү гараад, за за тэгж дэмий зүдэрч байснаас зүгээр хэвтэж байсан нь дээр гээд хэн ч гар хөдөлгөе гэхийг байна.

Энэ бол хэн ч баялаг бүтээдэггүй, байгаа баялагаас бүгд булаацалддаг увайгүй нийгмийн сонгодог жишээ юм. Ийм нийгэмд бялуу томорно гэж байхгүй. Авилга хахууль, шахаа бизнес, монопольчлол энэ бүхэн бас л дээрхийн өрөөсөн дугуй бөгөөд бялуу бүтээх бус, бялуу руу арсалцан уралцах хэлбэрүүд. Ялангуяа байгалийн баялаг ихтэй оронд эдийн засгийн энэ сонирхол нь улс төрийн хэт тогтворгүй байдал, дайн терроризмд хүргэдэг нь маш олон жишээгээр батлагдсан. Учир нь байгалийн баялаг гэдэг бялуу байхад өөр бялуу бүтээе гэх хүн ховор бөгөөд хүчтэй нь хүчгүйгээ дарлах ой ширэнгийн хууль үйлчилж эхэлнэ. Угаасаа бялуугүй орон юмуу, эсвэл багахан бялууг зөв зохицуулах шударга дүрэмтэй оронд бүтээлч өрсөлдөөн явагддаг билээ. Тийм орон хөгжинө. Тийм биш оронд... хүмүүс нь сүүдэр бараадсан, шөнөөр хулгай хийсэн байдлаар нэг насыг үднэ.

Аливаа орны хөгжих эс хөгжих нь шударга өрсөлдөөн бий үгүйгээс шууд хамаарна.
Аливаа орны хөгжих эс хөгжих нь сайн хүн олон уу, муу хүн олон уу гэдгээр бус,
сайн мууг дэнслэх шударга шүүх, шударга хэмжүүрээр тодорхойлогдоно.
Тоглоомын дүрэм зөв бол бүгд хожно.
Буруу бөгөөд сахиулгагүй бол тоглоом бус уралцаан болж дүнд нь бохир ёс тогтооно.
------------------
(*1) 曽野綾子『正義は胡乱』、c2000、小学館

2006/08/06

ICT зарим статистик

Саяхны сонин дээр харсан зарим нэг тоо баримтаас.
Дэлхийн Телекоммюникацын Холбооноос (ITU буюу International Telecommunication Union) гаргасан дэлхийн улс орнуудын мэдээлэлжилтийн 2006 оны ранкинг дээр ерөнхий үзүүлэлтээрээ Солонгос 1-р байранд оржээ. Удаад нь,
2. Япон
3. Дани
4. Исланд
5. Хонг-конг
зэргээр жагссан байна. Бродбандын үнэ хамгийн хямдтай орон номер нэгд Япон бичигдэв. Интернэт тархалтаар Солонгос 72.2%, Япон 55.8% байна. Бусад орнууд (Монголоо оролцуулаад) ямар янзтай байгааг харах юмсан.

Японы дотоодын өөр нэг эх сурвалжаас үзэхэд Японы нийт өрхийн 41.4% нь бродбанджиж, интернэт хүн ам 73 саяд хүрчээ. Бас SNS буюу социал нэтворк үйлчилгээнд хамрагсадын тоо өнгөрсөн жилийнхээс 4 дахин өсч, интернэт хэрэглэгчдийн 11.1% -ийг эзлэх болжээ.

2006/08/04

Аудиторын єчил


Өнгөрсөн өвөлжин Livedoor-ын сенсаац дэгдэж, Японы нийгэмд, ялангуяа бизнес, эдийн засгийн талбарт нэлээд том цохилт өгсөнийг энд байгаа хүмүүс андахгүй. Захирал Хориэмон нь шинэ үеийн бизнесмэний сонгодог төлөөлөгчөөр тодорч, компани нь өсөх ирээдүйтэй мэдээллийн технологийн компани гэгдэн, бүр хувьцаагий нь 200 000 хувь хүн худалдаж авч байсан ба, Фүжи ТВ-ийг худалдаж авах, сонгуульд уралдах гэх мэтээр ар араас нь нийгэмд цочмог мэдээ гаргаж, тэр бүрд портал сайтаар нь зочлогчид олширч, бас компанийнх нь хувьцаа дээш хадаж байсан. 200 мянган хувьцаа эзэмшигч дотор зөвхөн капитал гэйн, инкам гэйн хайсан хүмүүс гэхээс илүү ердөө л Хориэмоны улаан фэнүүд олон байсан бололтойдог. Японд банкны дампуурлаас хадгаламж эзэмшигчдийг хамгаалах пэй-оффын тогтолцоо халагдсанаас хойш хүмүүсийн хөрөнгө банкны хадгаламжаас, хувьцаа руу шилжиж ирсэн (мэдээж банкны хадгаламжийн эзлэх хувь аанай өндөр байгаа ч) бөгөөд, үүнийг тод гэрчлэх зүйл бол хаа л бол хаа номын дэлгүүрүүдэд "хэрхэн хувьцаагаар баяжих вэ?" маягийн номнууд гарч, борлуулалт өндөртэй байгаа явдал юм. Энэ нь ч бас дөнгөж соёолоод байгаа вэнчэр компаниуд, ялангуяа IT гэх мэт бизнесийн шинэ салбар хөгжихөд тус нэмэр болж байгаа. Нийгмийн энэ шинэ давалгаанаас хамгийн их хожсон нь тэрхүү IT-гийн компаниудаас гадна байгууллага инвесторууд (機関投資家), бас нэт дээр үнэт цаасны арилжаа явуулдаг компаниуд байлаа. Ер нь хэдэн жилийн өмнөх "Дот ком бүүм"-тэй төстэй байдал харагдаж ирсэн гэж болно.
Софтбанкны хувьцааны бүхэл үнэ (aggregate market value буюу 時価総額) гэхэд л өнгөрсөн 1 сарын үед 5 триллион иенд хүрч байв.
Гэтэл үүнийг бичиж байгаа яг одоо Яхүү файнанс дээр харахад Софтбанкны бүхэл үнэ 2.2 триллион хүртэл унасан байна. Ерөөс зөвхөн Софтбанк ч биш, IT салбарыг голлоод хөрөнгийн зах зээл дээр сүүлийн хэдэн сар хувьцааны дундаж үнэ тасралтгүй унаж ирлээ. Хувьцааны бүхэл үнэ бол биет бус, тухайн цаг улиралд нийгмийн амьсгал ямар байгаагаас хамаарч хэлбэлзэж байдаг тул нэгэнт хөл дээрээ зогссон компаниудын хувьд тэгтлээ санаа зовоод байх зүйл байхгүй.
Энэ бүхний эзэн хэн байв? Мэдээж ганц нэгхэн хүн биш. Гэхдээ дэлбэрэлтийн нүхийг сэтэлсэн хүн гарцаагүй Хориэмон мөн. Угаасаа хөөрч бэтгэрэн хэзээ хэзээгүй хагарах дөхөөд байсан эд бололтой. Түүний дараа удаалаад Мураками фанд. Богино хугацаанд хагартлаа баяжиж олныг шуугиулсан хоёр нөхөр ээлж дараалан баривчлагдах нь тэр. Бас Японы дөрвөн их гарын аудит байгууллагын нэг болох Чүүо-Аояма аудит (中央青山監査法人) дээхэн болсон Канэбогийн хэргээс болж 2 сар үйл ажиллагаандаа хориг тавиулсан нь хажуугаар нь "чимэг" болсон байх. Лайвдоорын хэрэг мандах үед 300 сая иенээр шатсан хувь хөрөнгө оруулагч (個人投資家) ч гарсан дуулдсан, бас 1000 хүн нийлж байгаад шүүхэд зарга үүсгэсэн гэж дуулдсан, одоо хааш эргэснийг мэдэхгүй. Ямартай ч индивидуал инвэсторууд үндэслэлгүй найдварт хөөрөн гар сул загнаж байснаа ухаарч, хамаагүй хөрөнгө оруулалт хийхээ азнах болсон нь маркэт дээр хувьцааны үнэ унах эх үндэс болж байна.
Өнгөрсөн долоо хоногт яг энэ хэргийн талаар буюу, Танака Шиничи гэдэг Лайвдоорыг хариуцаж байсан аудитор хүн өөрөө уг болсон явдлын талаар бичсэн "Лайвдоор хариуцагч аудиторын өчил" (田中慎一『ライブドア監査人の告白』)нэртэй номыг уншлаа. Манай ажлынхан гар дамжуулж уншаад байхаар нь сонирхож уншсан юм. Тун зүгээр хүнд их юм өгөхөөр ном байна. Гэртээ худалдаж аваад тавьчихдаг ч юм билүү гэж нэг бодсон шиг. Унших хүнд санхүүгийн суурь мэдлэг хэрэгтэй байж магадгүй ч, сургуульд нягтлан бүртгэл, эсвэл санхүү үзэж байгаа оюутан бол онолын мэдлэгээ "газар дээрх бодит мэдлэгээр" зузааруулаад авахад туслах ном юм. Хориэмон нар инвэстмэнт фандын тогтолцоог гэмт үйлдэлдээ ашигласан бол, түүний эсрэгээр зөв шударга бизнест ашиглахын төлөө санхүүгийн шинэ шийдлүүд, шинэ арга боломжуудаас суралцахыг зорьж хичээвэл боломж тун их байх шиг санагдана.