2008/07/07

Сонгуулийн дараах vймээний талаар

УИХ-ын сонгуулийн дараа эх оронд маань томоохон үймээн, 5 хүний эрдэнэт амь эрсдсэн гунигт явдал боллоо. МАХН-ын байрнаас эхлээд СТӨ бусад обьектууд, өв соёлын үнэт зүйлүүд үрэгдэж сүйдэн нөхөшгүй хохирол учирлаа. Мэдээллийг интернэт ТВ, сонин, найз нөхдийн мэйл, Монголд байгаа ар гэрийнхээс утсаар гэх мэт янз бүрийн сувгаар байнга авч байсан бөгөөд энэ цочирдом мэдээнд монгол хүний хувьд зүрх өвдөж, чимээгүй өнгөрч чадсангүй.

Худлаа үнэн нь мэдэгдэхгүй янз бүрийн яриа бол хангалттай сонсогдож байна. Магнай, Батзандан нар залуусыг турхирсан л гэнэ, эсвэл МАХН жүжиг тавьсан л гэнэ, хэсэг бүлэг хүн архи тарааж байсан л гэнэ, бүр байчаад Хятадын явуулга л гэнэ. Хол байгаа би байтугай ойрхон эх орондоо байгаа хүмүүст ч алинд нь итгэвэл зохилтойв, тааж хэлэхэд бэрх болоод байгаа бизээ.

Гэхдээ л энэ дундаас хэд хэдэн зүйлийг хэлж чадах болов уу. Факт биш юмаа гэхэд мөн чанараар нь.

Сонгуульд яах аргагүй элдэв булхай гарсан бололтой. Би интернэт видеогоор МАХН-ын нэр дэвшигч Чойжилсүрэн улайм цайм мөнгө тарааж байгааг үзэж, хоёр нүдэндээ гайхсан. Гэхдээ хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчээр дан ганц МАХН ч юмуу АН булхайтай биш байхаа. Аль ч намд боломж гарвал булхай хийхээс буцахгүй улсууд байж таарна. Нэг намынхан нь цугласан цагаан тагтаа, нөгөө намынхан нь сүрэг хар хэрээ байв гэж. Дотор нь сайтай муутай нөгөө л хэдэн монголчууд бид нар байгаагаас хойш. Харин булхай нь тодорхой байгаа нэг хоёр тойрог дээр дахин сонгууль явуулбал нийгэмд, ялангуяа залуу хойч үеийнхэнд эерэг мэссэж өгч, жаахан ч атугай эрүүл саруул уур амьсгалыг бий болгоход чухал нөлөөтэй юм. 20 дөнгөж шүргэж яваа залуус уур омог, зэрлэг авирт баригдаж эвдэн сүйтгэж байгаа нь та бидний байгуулж ирсэн увайгүй нийгэмд гомдсон гомдол бухимдлын илрэл гэж хэлж болно.
Цаашилбал энэ удаагийн үймээн бол УЛС ТӨР гэхээс илүү, НИЙГМИЙН БУХИМДЛААС ихээхэн хэмжээгээр хамааралтай байгаа. Зөвхөн Монголд ч биш, дэлхийн олон оронд нефтийн үнийн өсөлт, үнийн инфляцаас болж нийгэмд бухимдал үүсч, зарим орнуудад тогтворгүй байдал үүсээд байгааг бид дуулж байна. Манай орны хувьд ялангуяа сүүлийн арваад жилд ихэссэн баян хоосны ялгаа, төрд үл итгэх, амьдралдаа үл итгэх цөхрөл, гомдол хуримтлагдаж ирсэн гэдэг "архаг хууч" нөлөөлж буй.

Ийнхүү хуралдсан нийгмийн бухимдал сонгуулийн луйвар гэдэг зүйлийг шалтаг болгож сад тавьжээ.

Нийгмийн бухимдал эзнээ хайдаг. Жүжигт эсрэг талын дүр хэрэгтэй. Хамаг зовлонгийн үр таригчийг олж тогтоогоод, олны өмнө дүүжлээд авъя гэх маягийн. Гэхдээ энэ бол хэтэрхий гэнэн бодол бөгөөд, тэглээ гээд үр дүнд юу ч олж долоохгүй. Ядуу байсан бол ядуу чигээрээ л үлдэнэ. Жагсагчдын дунд сөрөг хүчин эргэлзээтэй шалтгаанаар ялагдсанд эгдүүцэж, үнэн мөнийг эрэлхийлж очсон хүмүүс ч байгаа, дээр дурдсан нийгмийн бухимдал гэдэг ерөнхий шалтгаанаас болж бухимдлаа гаргаж ядан очсон, өөрөөр хэлбэл бухимдлынхаа үзүүрийг МАХН-д чиглүүлсэн хүмүүс ч байж. Одоо түүх соёлын дурсгал эвдэж сүйдсэн, гарз хохирол учирсан зэрэг нь өөрөө бухимдал болоод явчихсан, түүнд О.Магнай нарыг, эсвэл Ц.Элбэгдоржийг хараан зүхэж хатгуурын үзүүрийг тийш чиглүүлэх хүмүүс ч байна. Зарим нь ерөөсөө
ерөнхийлөгч Н.Энхбаярын хар нүглээс боллоо гэх жишээтэй. Тэгвэл яагаад өөр нэг бурхан бумба нь биш, нөгөө л муу хэлэгддэг муухай царайтай хэд маань биднийгээ оройлоод явж байгаа юм бэ? Энэ бол сайн ч муу ч, манай Монголын байгаа байдал, та бид ард түмний чанарын дундаж түвшин тийм болохоор юм. Толинд хараад өөрийнхөө батгатай нүүрийг дэмий үзэн ядах бус, харин яаж эмчилж засах талаар бодож эхлэх нь эрүүл бөгөөд бүтээлч сэтгэлгээ. Бухимдлын үүсгүүр нь олон бөгөөд нарийн хүчин зүйлээс бүрдэж байхад түүнийг ганц хоёрхон юманд, эсвэл хүнд тохоод, түүнийг занаж зүхээд өнгөрөх нь хялбар бөгөөд ойлгомжтой байдаг байх. Харамсалтай нь ингэснээр нэг удаа бухимдлаа тайлж чадах боловч уг шалтгааныг тайлж үл чадах учир дахиад л давтагдана, тамын тогооноос хэзээ ч гарч чадахгүй.

Тиймээ, тамын тогооноос гарах тухайд бид ярих хэрэгтэй юм.
Жишээ нь энэ удаад юу байв? Хэд хэдэн сэдвээр ярьж болох боловч, энэ удаад хүчний байгууллагын ажиллагааны талаар онцолж хөндмөөр санагдлаа.

Жагсаал сүүлдээ сүйтгэл тонуул болж хувирсан нь анх зохион байгуулсан хүмүүс хариуцлагагүй хандсантай холбоотой байж болох боловч, үнэхээр түмэн хүн жолоодлого алдаж улангассан үед хэд гуравхан хүн тогтооход бэрх гэдэг нь төсөөлж ядах юмгүй. Түүн дээр нь чоно борооноор гэгчээр хулгайч тонуулчид, устган сүйтгэгчид нэмэгдээд тэр гэхийн тэмдэггүй болж. Ийм үед л хүчний байгууллага хэргээ гаргах ёстой. Энэ удаад тэгж чадаагүй бол манай цагдаагийн байгууллага болзошгүй үед хэв журам сахиулах ур чадвартаа цаашид анхаарах ёстой гэсэн дүгнэлт хийж, ажиллах нь зүй. Хэв журам сахиулахаа чаддаггүй, хэрцгийлж дарамтлахыг чаддаг, тэр хоёрыг хольж хутгадаг бол тийм цагдаа бидэнд хэрэггүй.
(Цагдаагийн байгууллага өөрсдөө зориуд ийм үймээнийг зохиоход оролцсон гэдэг яриа ч бас байгаа, гэхдээ түүнд итгэх үү байх уу гэж эргэлзэхийг энд азная)

Онц байдал зарлах талаар ч энэ удаад туршлагагүйтсэн болов уу. Хэдхэн цагийн өмнө иргэд улангасч байсан бол онц байдал зарласны дараа цагдаа нар улангасч, онц байдал нэрийн дор хотоор нэг баривчилгаа хийж, иргэдийг зодож нүдэж, хэлмэгдүүлсэн. Зугтаж яваа иргэнийг араас нь буудаж амь насыг нь хохироосон гэгдэж байгаа, хэрэв энэ үнэн болох нь тогтоогдвол туйлын жигшүүрт үйлдэл. Ихэнх цагдаа ажил үүргээ номын дагуу гүйцэтгэсэн байх, гэхдээ бас цөөнгүй хэдийн цөс нь хөөрч, ажил үүргийн хэм хэмжээг умартсан байна. Үүнд цаашид анхаарах, цагдаагийн ажилтны ёс журмын хэм хэмжээ, онцгой үед биеэ авч явах нормативийг тогтоох, эс биелүүлэгчдэд хариуцлага тооцож байх шаардлагатай нь харагдаж байна. Ялангуяа энэ удаагийн хэргээр иргэдийн амь нас, эрүүл мэндэд халдсан гэмт этгээдүүдийг олж тогтоож хуулийн дагуу арга хэмжээ авах, цааш цаашид хатуу сургамж болгох шаардлагатай.

Цаашилбал албадан саатуулах газарт иргэдийг хэрцгийлэн зодож, галуун цуваагаар явуулах зэргээр шийтгэж, гарыг нь ард нь бариулж толгойг нь хөлөн тушаа тонгойлгож олон цагаар тамласнаар ухаан алдах хүн ч гарсан байна. Хөхүүл хүүхэдтэй эмэгтэй, жирэмсэн эмэгтэй ч тэдний дунд байсан гээд хүний ой тойнд багтахааргүй зүйлүүдийг иргэдийн ярианаас үзлээ. Монгол хүн монгол хүндээ ийм харгис ханддаг болсон юм гэж үү? Гэмгүй явж байгаад тэнд саатуулагдсан, зодуулж гэмтсэн, сэтгэл санааны хохирол хүлээсэн иргэдийн хохирлыг хэн төлөх вэ? Гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байгаа нөхцөлд зодож тамлах (уул нь бол гэмт хэрэгтэн байсан ч хүний ёсоор харьцах ёстой) нь хаана зөвшөөрөгдсөн хууль вэ? Монголын ёс уу?

Энэ удаагийн үймээн бол “ардчилал” гэдэг хүн төрөлхтний томоохон ололтыг гутаасан, сэв суулгасан үйл явдал байлаа. Үүнээс болж жагсаал цуглаан гэдэг юманд бурууг өгч болохгүй. Асуудал ардчилалдаа байгаа юм биш, ардчилалыг зөв ажиллуулж чадахгүй байгаадаа байна. Жагсах, цуглах, эвлэлдэн нийлэх эрх чөлөө бол ардчилалын үнэт зүйлүүд. Түүнийг эрх баригчид ч бай, хэн нь ч бай, та би, өөрөө монгол хүн бөгөөд эх орныхоо ирээдүйд санаа тавьдаг л хүн бол зүй зохистой явуулах, дахиж буруу тийш хазгайрахгүй байхын тулд анхаарах, гэхдээ хамгийн гол нь хадгалж хамгаалж явах нь зүй.
Манай ардчилал Ардчилсан Намын өмч биш, Ардчилсан Холбооны ч өмч биш, 1992 онд Үндсэн хуулиа баталсан монголчууд бидний бүгдийн үнэт өмч. Хэрэв МАХН үүнийг огоорч төв байраа шатаалгасан хорсол занал, “үзүүлээд өгье та муусайнд” гэх бардамналд автаж, ардчилалын нэр хүндийг унагах, түүний үнэт зүйлүүдийг хааж боох, энэ удаагийн явдлыг өөрсдийн байр суурийг бэхжүүлэхэд явцуугаар ашиглавал төдий чинээ холын бодолгүй, түүхийн өмнө хариуцлагагүй байгаагаа харуулсан хэрэг болно. Олон мянган гишүүнтэй, Монгол орныг удирдан чиглүүлж байгаа ахмад намд ухаалаг, алсын хараатай лидерүүд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Цаашдын өрнөл сонгуульд ялсан, энэ удаагийн үймээнээр хохирогчийн байранд байгаа МАХН-ын гарт байна. Үнэхээр төлөвшсөн нам эсэх нь шалгагдах цаг иржээ.

4 comments:

Buyantsogtoo, Ts. said...

Тулгат аа чиний бичсэн доорх хэсэгтэй бүрэн санал нэг байна:
"энэ удаагийн үймээн бол УЛС ТӨР гэхээс илүү, НИЙГМИЙН БУХИМДЛААС ихээхэн хэмжээгээр хамааралтай байгаа. Манай орны хувьд ялангуяа сүүлийн арваад жилд ихэссэн баян хоосны ялгаа, төрд үл итгэх, амьдралдаа үл итгэх цөхрөл, гомдол хуримтлагдаж ирсэн гэдэг "архаг хууч" нөлөөлж буй."

Unknown said...

Үерийн ус хурж, цуглан далангаа сад тавин урсдаг шиг яг тийм " Нийгмийн бухимдал" нь энэ удаагийн эмгэнэлт байдалд хүргэсэн байх. Цаана нь бас олон нийтийг турхирсан муу санаа ч байсан гэдэг нь ойлгомжтой.
МАХН-аас илүүтэй он удаан жилийн турш хуримтлуулж ирсэн Монголын ард түмний түүх, соёлын үнэт өв далбаанд нь өртөж, шатаагдаж, устгагдсан гэдэг нь туйлын сэтгэл эмзэглүүлэх юм.

tuvshuu said...

Tulgat akhaa tanii bichseniig unshaad neeree ch tiim shuu gej bodogdohiin satsuu setgel hudulj suulaa. ard tumnii mine eserguutsel, tsuglaan etsestee deerem tonuul, hun aminii hereg bolon, hen humuusiin setgeliin huurul bolson yavdal ni, bas tuuhiin tomoohon uv erdene maani suitgegdsend setgel emzeglej mongolchuud bid uhamsar doroigoo neg musun haruulaad avlaa.

uranchimeg said...

Gehdee ter nudnii umnu ilt bsan songuuliin budilaan,7sariin1nii uil yabdal zaluuchuudad negiig bodogduulsan ni sayiin Erunhiilugchiin songuuliar ilt haragdaj bsan shuu.Mash idebhitei songuulid oroltsoj bsan ni baharhuushtai saihn bsan.Ter sanal uguh gej bgaa humuusiin urt daraalaliin 80hubi ni zaluuchuud haragdaj bsan.Bi bas umnuhtei adil budilian garah vii,hereb tm yum boldiin bol yostoi heden nzuudtaigaa shuudain chuluu duurgej abaad talbai ruu yabii gej bodoj blaa hehehe.Zaza joke shuu.Gehdeel duugui suuj chadahgui shuu harin.Gebch uneheer saihn zub shudarga songuuli bolj chadsan.Mash ih setgel hanamjtai bna.Ev negdel mandtugai.Bid chadsan.Odoo harin uzuuleed l uguh heregtei bna.