2012/11/15

Иргэд, сонгогчиддоо хандаж....

БЗД-ИЙН ИТХ-Д АРДЧИЛСАН НАМААС
НЭР ДЭВШИГЧ МАЙНБАЯРЫН ТУЛГАТ 
2012-11-14

Иргэд сонгогчид оо, энэ сарын 21-нд болох дүүргийн сонгуульдаа ач холбогдол өгч оролцон, сонголтоо заавал хийгээрэй. УИХ дээр улс орны хэмжээний томоохон асуудлыг хэлэлцэж шийддэг бол, Дүүргийн хурал дээр та бидний хороо хорин, хог шороо, гараад явдаг зам, хүүхдээ өгдөг цэцэрлэг, орон сууц, гудамж талбайн асуудлыг хэлэлцдэг, иргэдийн амьдралд хамгийн ойр дөт асуудлыг шийддэг билээ. Тийм чухал сонголтыг та бид одоо хийх гэж байна.  

22 ЖИЛ НЭГ НАМ УДИРДЛАА, ОДОО БОЛЛОО

Нэр дэвшиж буй миний бие энэ дүүрэгт төрж өссөн, энэ дүүрэгт өнөөдөр амьдарч байна. Намайг багад “Найрамдлын район” маань хотын хамгийн элит, цэвэрхэн дүүрэг байсан. Сансарын тунел бол тухайн үеийн Улаанбаатарын нүүр царай байлаа. Микрт Монголын элитүүд амьдардаг байсан. Оросын мэргэжилтнүүд ч олноор амьдарч байсан, цэвэрхэн, сайхан дүүрэг байсан билээ.

Тэгтэл энэ дүүрэг өнөөдөр ямар байр байдалтай байна вэ? Баянзүрх дүүрэгт Ардчилал ялснаас хойш 22 жилд Ардчилсан нам нэг ч удаа гарч ирсэнгүй, засаг барьсангүй. Нэг нам, ө.х. Монгол Ардын Нам дангаар удирдаж ирсэн байдаг. Үүний үр дүнд өнөөдөр мнай дүүрэг тохижилтоор хамгийн муу 2 дүүргийн нэг нь болчихсон явж байна. 700 айл гэрэл цахилгаангүй байна. Хойшоогоо уул руугаа айл өрх тэр чигээрээ хаягдаж орхигджээ. Хогондоо дарагдсан, гэрэлтүүлэггүй, шороотой, хальтиргаатай харанхуй гудамжинд иргэд маань бүдчин амьдарч байна. Баянзүрх дүүрэг маань ашигтай ажилладаг дүүрэг, энэ нь аж ахуйн нэгж олонтой, татварын орлого сайтай учраас юм. Гэтэл алдагдалтай буюу татаасаар амьдардаг СХД болон бусад дүүргээс дор тохижилттой, ард иргэд нь ядуу, дүүрэг нь ядуу ийм байдалтай байна.
 
Хүүхдийн цэцэрлэг, сургууль байх ёстой хэмжээнээс хоёр дахин ачаалалтай ажиллаж байна. Ө.х. 25 хүүхэд сурч хүмүүжих ёстой газарт бидний хойч үе болсон хүүхэд багачууд маань 50-иулаа чихцэлдэн байна. Манай 4-р хороонд цэцэрлэг алга. Дүүргийн хэмжээгээр 3 хүүхэд тутмын 2 нь цэцэрлэгт явж чадахгүй байна. Гэр хороололд төрийн үйлчилгээ хүрч очихгүй, байшин хороололд зөвшөөрөлгүй байшин, баруун зүүнээс таглаж босгосон хэрмэл хашаа. Асуудал овоорч, иргэд хохирч байвч хандах газаргүй, сонсох хүнгүй байна. Энэ мэт овоорсон асуудлуудыг жагсаан тоочоод байж болно, тэр бүгдийг шийдэх арга зам, хийх ажлыг дүүргийн АН мөрийн хөтөлбөртөө бүрэн тусгасан байгаа. Бид мөрийн хөтөлбөрийнхөө дагуу бүрэн эрхийнхээ хугацаанд шийдээд явах болно.

ОЧИХ ГАЗАРГҮЙ ЦӨХӨРСӨН ИРГЭД

Асуудлуудыг жагсааж байгаад шийдэх нэг хэрэг, үүнд бүх нам бүх нэр дэвшигчид харахад төстэй олон янзын мөрийн хөтөлбөр зарлан тунхагласан байгаа. Харин энд би өөр нэг чухал зүйлийг онцолж хэлмээр байна. Тиймээ, өнөөдөр манай олон иргэд өмнөө тулгарсан асуудлыг хэнд хэлж, хаана шийдүүлэхээ мэдэхгүй, айлын шоовдор хүүхэд шиг засагтаа гомдсон байдалтай болжээ. 4 жилийн өмнө сонгогдсон дүүргийн хурлын тэр төлөөлөгч одоо хаана явна вэ? Иргэд тэр нөхрийн нэрийг мэддэг үү? Тэр хүн иргэдээ төлөөлж, иргэдийнхээ төлөө ажиллана гэчихээд яагаад таг суучихсан юм бэ? Иргэдтэй уулзалт хийгээд явж байхад маш харамсалтай зүйлийг мэдэрч байна. Тэд нэр дэвшигчдэд итгэхээ больжээ. Хэн нь ч гарсан ялгаагүй, сонгуулийн үеэр баахан сайхан ярьчихаад сонгогдсоныхоо дараа таг болдог гэж. Баянзүрх дүүрэгт 22 жилийн туршид ноёрхохдоо Ардын нам иргэдийн итгэлээр ингэж тоглосон байна. Сонгогдсон төлөөлөгчид өөрийг нь сонгосон тэр л хүмүүсийг маргааш нь гэхэд мартдаг юм байна.

Хүн өвдвөл эхлээд өрхийнхөө эмнэлэг рүүгээ явдаг шиг, иргэд маань асуудал тавих бол эхлээд өөрсдийг нь төлөөлнө гэж сонгогдсон тэр нөхөр дээр яваад очих ёстой. Иргэд төлөөлөгчөө сонгоно, төлөөлөгч нь дүүрэг, хорооны засаг дарга, ажлын аппарат иргэдийнхээ төлөө ажиллаж чадаж байна уу үгүй юу иргэдийгээ төлөөлөн хяналт тавьж, хариуцлага тооцдог тэр систем рүү бид одоо орох ёстой.

Хэрэв би Иргэдийн төлөөлөгч болвол намайг сонгосон иргэдтэйгээ тогтмол уулзалт хийх болно. Иргэдээ зөвхөн сонгуулийн үеэр сонсдог Ардын намын арга барилыг халж, иргэдийн санал хүсэлтийг байнга хүлээж авдаг, хариу өгдөг, эргэх холбоотой байдаг, “иргэдийн төлөөлөгч” гэдэг тэр үгийн утга учрыг жинхэнэ ёсоор нь гаргадаг тийм төлөөлөгч байх болно. Очих газаргүй болчихсон иргэд маань очоод хэлдэг газартай, сонсдог хүнтэй болно. Тэр хүн нь хороо хоринд ажил хийх ёстой тэр л хүмүүсээр ажлыг нь хийлгэж, хариуцлагыг нь тооцож өгнө. Бид Баянзүрх дүүрэгт хоноцын сэтгэлээр хандсан өмнөх нөхдийн алдааг давтахгүй, тэдний явсан замаар явахгүй ээ. Бид энэ гажуудлыг засч, байх ёстой зүйлийг байр байранд нь тавих болно.

НАМЧИРХЛААС ҮҮДЭХ АЛАГЧЛАЛ

Манай нийгэм өнөөдөр нам төвтэй нийгэм болжээ. Төр нь иргэдэд биш, намд үйлчилдэг жишиг Ардын намын жилүүдэд тогтжээ. Иргэд дуртай ч дургүй ч, намын гишүүн байх, намын ажилд оролцохоос аргагүй байдал үүсчээ. Энэ бол нам бүхний дээр сандайлдаг  социализмын тэр тогтолцоо одоо хэр амь бөхтэй байгаагийн илрэл. Социализмын үед “нараа дагавал даарахгүй, намаа дагавал алзахгүй” гэдэг зүйр үг байдаг байсан, тэр үг Ардчилал ялсан өнөө үед ч хүчин төгөлдөр үйлчилж байна. Яагаад вэ? Тэр бол манай улс төрийн ууган хүчин гэж өөрсдийгөө нэрлэдэг МАН буюу хуучнаар МАХН-тай салшгүй холбоотой.

Нам гэдэг үг “нам нийлж, сэм хуйвалдах” гэдгээс гаралтай гэдэг. Ард иргэдэд нээлттэй биш хаалттай байдаг, зөвхөн хэдэн нөхөд нам нийлж өөрсдөдөө зориулсан, дарга нарт зориулсан шийдвэр гаргадаг ийм байдалтай явж ирлээ. Тэд “иргэдээ сонсоё” гэдэг аяныг кампанит ажил болгон хийдэг өөрөөр хэлбэл, иргэд тэр үед л үгээ хэлж чаддаг, бусад үед нь үгийг нь тоож сонсдоггүй.

Хуучин социализмын үед бүх шатны албан байгууллагад намын үүр байдаг, нам нь нийгмийг бүхэлд нь хэрсэн сүлжээ байгууллагаараа дамжуулан удирдаж, хянадаг байлаа. Ардчилал ялснаар нэг намын ноёрхол эцэс болсон ч, манай ууган улс төрийн хүчин болох МАХН, одоогийн МАН өмнөх арга барил, зуршлаа улам нарийсган хөгжүүлж, Монголын нийгмийг өөрийн намын сүлжээгээр дамжуулан барьж, хянаж ирсэн юм. Тэд иргэдээ намаар нь ангилан алагчилж, төрийн үйлчилгээ, төслийн үр өгөөжийг өөрийн намын хүмүүстээ өгдөг нь одоо нэгэнт жишиг шахуу болжээ. 

Ийнхүү МАН нь хагас нам, хагас төр болж, намын ажил төрийн ажил хутгалдаж, төрөөс санхүүжиж ирсэн юм. Энэ байдал өнөөдөр Монголын нийгэм намаас хамааралтай, намаас болж хагардаг ийм гажуудал үүсэх эх үндэс болж өгсөн юм. Өнгөрсөн сонгуулиар тэд дүнгээ авч, Засгийн жолоог барих эрхээ ард түмнээс алдсан, төрөөс санхүүждэг, баяждаг арга барилдаа дассан тэдэнд амь тарианаасаа салах нь туйлын хүнд байгаа бөгөөд, “Ардчилал устлаа, төр жолоогоо алдлаа” гэх зэргээр уйлан хайлж, өрөвдүүлэхийг хичээж байна.

АН иргэдээ алагчилж үздэг Ардын намын арга барилыг халах болно оо. АН нам төвтэй нийгмийг халж, иргэн төвтэй нийгмийг бий болгоно. Ардчилалынхны унаган төрх бол ил тод байдал юм. АН засаг авснаар Иргэний танхим амь орлоо. АН нийслэлд гарч ирснээр өмнө нь хэн ч анзаардаггүй байсан Нийслэлийн ИТХ нүднээ ил болж, тэнд яригдаж байгаа зүйлүүд, гарч байгаа шийдвэрүүдийг нийслэлийн иргэд УИХ-ын чуулганаас дутахгүй сонирхон үздэг боллоо. Далд, хаалттай, хэдхэн хүний дунд явагддаг хурлууд иргэдийн өмнө нээлттэй, ил тод боллоо. Иргэд үгээ хэлэх, хандах газартай боллоо, тэдний яриаг сонсох тусгай дугаарууд байнгын ажиллагаанд орлоо. Нийгэмд өөрчлөлт шинэчлэл мэдрэгдэж, хүмүүст итгэл найдварын гал аслаа.

АН ХЭЛСЭНДЭЭ ХҮРЧ ИРСЭН, ГЭТЭЛ ЯАГААД...

АН анх малыг малчдад гэсэн, малчдад нь өгсөн. Орон сууцыг суугчдад нь гэсэн тэдэнд хувьчилсан. Газрыг хувьчилж эдийн засгийн эргэлтэд оруулсан, иргэдээ гадаадад чөлөөтэй зорчих эрхтэй болгоно гэсэн болгосон. Хүүхдийн мөнгө анх олгосон. 2008 оны сонгуулиар амалсан Эх орны хишиг 1 сая 500 мянган төгрөгтэй дүйцэх хувьцааг олгоно гэсэн, үүнийгээ олгож, өнөөдөр иргэн бүрийн Хүний хөгжлийн дэвтэрт 1072 ш хувьцаа бичээстэй байгаа. АН өнөөдрийг хүртэл тавьсан зорилго, хэлсэн үгэндээ эзэн болж ирсэн.

Тэгвэл яагаад өнөөдөр монголчууд нуруу тэнэгэр амьдарч чадахгүй байна вэ? АН ч гэсэн төр барилцаж байсны хувьд үүнд хариуцлага хүлээх ёстой бишүү, гэж зарим хүн асуудаг. Үүнд хариулт өгье. Тиймээ, АН 1996 онд Засгаа байгуулж байсан, түүнээс хойш хэд хэд хамтарсан засагт орсон, УИХ-д тэд суусан, хууль журам гаргалцаж байсан. Харин асуудлын гол нь АН нийслэл болон дүүрэг, хороонд, анхан шатанд олонхи болж чаддаггүй байсан, тэнд аанай л МАХН буюу одоогийн МАН гүн бат шигдэж байснаас үүдэж дээр гаргасан хууль, доош хөрсөн дээр бууж амьдралд хэрэгжихдээ огт өөр үйлчлэлтэй болж ирснээс юм. Ардчилал ялснаас хойш 22 жил өнгөрөхөд ардчилалын үр шим манай энгийн ард иргэдэд наалдаж, мэдрэгдэхгүй, ардчилал жинхэнэ утгаараа хөгжихгүй байгаагийн цаад шалтгаан нь төрийн болон орон нутгийн өөрөө удирдах дунд болон анхан шатанд нэг нам байнга ноёрхож, дээр нь хэчнээн зөв зүйтэй санаачилга шийдвэр гарсан ч, дунд болон доод шатанд гажуудуулж, нийгмийн нэгхэн хэсэгт үйлчилсэн нөгөө сүлжээ, арга барилаараа нийгмийн баялагийн хуваарилалтыг алдагдуулж байсантай холбоотой.

Газар хувьчлалын хууль гарч, иргэд газраа өмчилж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж олдсон ч, тэр нь иргэдэд биш, дарга нарт үйлчилдэг дунд болон анхан шатандаа гажуудсан. Хотын газрыг газрын наймаачид сөөм газар үлдээлгүй завшиж дуусгалаа. Энэ бол газар хувьчлалын хууль нь ардчилсан зарчмаар батлагдлаа ч, доороо тэрхүү хуулийг хэрэгжүүлэх, хувьчлалын ажлыг гардан явуулах шатанд ардчилалгүйгээр, шударга бусаар явагдснаас болсон. Тэд байгаа газар ардчилал завхарч, замхарсан.

ЭРХ МЭДЛЭЭС ЗУУРСАН ХЭВЭЭР ХЯНАНА ГЭДЭГ ЛОГИК

Нийслэл хотод өнгөрсөн сонгуулиар Ардчилсан Нам анх удаагаа яллаа. Бат-Үүл даргын тэргүүлсэн хотын шинэ удирдлага эрч хүчтэй ажиллаж, нүдэнд харагдаж гарт баригдах шинэчлэл, дэвшлийг хийж чадаж байгаа нь харагдаж байна. Дүүрэгт хэрэв АН ялвал бид нэгэн баг болж, нийслэлд хэрэгжиж эхэлж байгаа бодлоготой уялдсан дүүргийн шинэчлэлийг хийгээд явах юм.

Үүний эсрэг Ардын нам өнөөдөр “төрийг хазаарлана, хянана” гэж мэдэгдэж байна. Арай л чөдөрлөнө, тушна гэчихсэнгүй. Тэдний хувьд орон нутаг дахь эрх мэдэл нь төрөөс санхүүждэг, амьдардаг амь тарианых нь сүүлчийн боломж юм. Тэд түүний төлөө үхэн хатан тэмцэж байна. Дүүрэгт МАН сандайлан сууснаар Ардчилсан намыг хянана, хазаарлана гэж ярьж байна. Өөрсдөө засгийн нэг хэсэг нь болчихоод тэр засгаа хянана гэж байдаг юмуу? Нийслэлийн удирдлагаас гаргах бодлого, шинэчлэл, шийдвэрийг Дүүрэг дээр цааш хэрэгжүүлэх ёстой болохоос Нийслэлийн удирдлагыг дүүргийн удирдлага хянана гэж юу байдаг юм бэ? Өөрсдөө эрх мэдлээс зуурсан хэр нь тэрхүү эрх мэдлийг хянана гэсэн зөрчилтэй зүйлийг тэд ярьж байна. Жинхэнэ ёсоор хянъя гэвэл сөрөг хүчин болж байгаад, эрх мэдлээ өгч байгаад хянах хэрэгтэй. Харамсалтай нь тэд хяналт хийх, сөрөг хүчний үүргийг ном ёсоор нь биелүүлэхийг хүсээгүй. Төрийн амин дуслаа алдахгүйн тулд хяналт гэдгээр бамбай хийж байна. Сөрөг хүчин нь сөрөг хүчин байя, хоёрын хооронд байдлаас салъя. БЗДүүргээс Д.Ганхуяг, Ж.Батзандан нарын гишүүд УИХ-д гарсан, Нийслэлд Бат-Үүл баатар жолоо атгалаа. Бид нэг баг болж ажиллана. Нийслэлээс дүүрэг, хороо руу, дээрээсээ доошоо хүртэл нэг чиглэл, нэг бодлого, нэг хөтөлбөрөөр ажиллаж, 4 жилийн дараа хариуцлагаа “би энэ хэсгийг нь, чи үүнийг нь” гэхгүйгээр, хамтдаа хүлээсэн шиг хүлээе.

ЭЦСИЙН БҮЛЭГТ СЭТГЭЛ Л ДУТЖЭЭ

Монгол орон маань 1.5 сая хавтгай дөрвөлжин метр газар нутагтай, хүн бүл цөөн хэр нь өнөөдөр Улаанбаатар хотод алга дарам газар олдохоо байж, монгол хүн явах талбайгүй, хаашаа л харна хашаа хэрэм, зам дээр нь битүү түгжрэл болжээ. Бид газартай хэрнээ газаргүй хүмүүс ажээ.

Монгол орон 45 сая малтай. Нэг хүнд ногдох малынхаа тоогоор дэлхийд тасархай нэгд орно. Гэтэл өнөөдөр монголчууд бид гэртээ махгүй, махныхаа үнийг дийлэхгүй сууж байна. Бид малтай хэрнээ махгүй хүмүүс ажээ.

Монгол орны нутаг дэвсгэрийн ихэнх нь нүүрсний баялагтай. Зөвхөн ТТ орд гэхэд өнөөгийн хүчин чадлаар 100 жил ашиглах нөөцтэй гэдэг. Түүний цаана нүүрсний олон том орд газар бий. Тэгтэл монгол хүн өнөөдөр нүүрсээ авч чадахгүй гал алдах дээрээ тулсан юм. Үүнд Ардчилсан засгийн газар арга хэмжээ авч, галзууртал өссөн нүүрсний үнийг тогтоон барьлаа. Бид нүүрстэй хэрнээ нүүрсгүй хүмүүс болчих гээд байна.

Би энд Монголд байхгүй юмны тухай яриагүй, бидэнд байгаа, байх байхдаа маш их байгаа малын тухай, газрын тухай, нүүрсний тухай ярьж байна. Ямар нэг далайн ус ч юмуу, манайд байхгүй халуун орны амьтан ургамалын тухай яриагүй байна. Яагаад бидэнд байгаа тэр зүйл, яагаад иргэдэд маань хүртэхгүй, олдохгүй байгаа юм бэ? Энэ бол иргэдээ боддоггүй, төрийн, дүүрэг, хорооны, шат шатны дарга дарганцаруудын сэтгэл дутсаных. Бат-Үүл баатар ажлаа хүлээж аваад нийслэлийн өмнөх удирдлагын байр байдал, ажлын үр дүнг хараад цочирдож бүр гайхшаа барсан тухайгаа халаглан ярьж байсан. Улаанбаатар хотыг удирдаж ирсэн МАН-ын лидерүүд энэ хотыг тонож дээрэмдэж гүйцжээ. Тэд арай хэтэрхий хоноцын сэтгэлээр хандаж ирснийг хараад үнэхээр цочирдмоор. Тэд ядаж үр хүүхэд энэ хотод амьдарна гэдгийг боддоггүй юм байхдаа, эсвэл тэд баяжиж аваад гадагшаа дайжина гэж боддог юм болов уу гэж. Хот нь хогтой, түгжрэлтэй, газаргүй, бохирдолтой, утаатай, хордлоготой боллоо. Цөөхөн нь хагартлаа баяжиж, олонхи нь ядуурлаа. АН энэ бүхэнд цэг тавих болно.

ХОНХНЫ ДУУГ ӨРТӨӨЛҮҮЛНЭ

Миний авга ах сэтгүүлч, дуучин, Ардчилалын алтан хараацай нарын нэг “Хонхны Цогтсайхан ах маань 22 жилийн өмнө Монголын нийгэмд ардчилал, шударга ёс, эрх чөлөөг авчрахаар тэмцэж, тэрхүү хувьсгалыг гардан хийлцэж байсан юм. Миний төрж өссөн гэр бүл, өвөө эмээ, ах дүү нар маань бүгдээрээ Ардчилалыг дэмжигчид, энэ он жилүүдэд ардчилалын төлөө явсан. Гэтэл тэр бүхний үр дүн өнөөдөр бүрэн утгаараа гарч чадаагүй байна. Авга ах Цогтсайхан маань, аав ээж маань өнөөгийн ийм иргэд нь орхигдсон, дарга нар нь туйлсан нийгмийг бий болгохын төлөө тэмцээгүй юм. Одоо бидний өмнө ардчилалыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх үүрэг хариуцлага ногдож байна. Тэд 90 онд Ардчилсан хувьсгалыг хийсэн, тэгвэл шинэ үеийн залуус бид одоо тэрхүү хувьсгалыг жинхэнэ утгаар нь ялалтанд хүргэх, Ардчилалын үр шим манай ард иргэдэд жинхэнэ утгаараа хүрдэг болгохын төлөө ажиллах хэрэгтэй боллоо. Үүний тулд би нэрээ дэвшүүлж, улс төрд хөл тавихаар шийдсэн билээ. 

Та Ардчилсан Засгийн бодлогыг дэмжиж байгаа бол, Бат-Үүл баатрын хэрэгжүүлж эхэлсэн Нийслэлийн шинэчлэлийг дэмжиж, түүнийг хороо дүүрэгт, өөрийн өрх гэрт хүргэхийг дэмжиж байгаа бол Ардчилсан намд саналаа өгөөрэй.

Олуулаа сайхан амьдрах, олуулаа хамтдаа нуруу тэнэгэр, олуулаа том мөрөөдөлтэй, мөрөөдлийнхөө төлөө ажиллаж амьдарч, амьдралын баяр баясгаланг эдэлдэг тийм нийслэл хотыг бид байгуулах болно. Хүн рүү сэтгэлээ нээсэн он жилүүд болгохоор, төрийн албан хаагчид, түшмэд нар нь дарга руугаа хардаг биш, ард иргэд рүүгээ хардаг болгохоор Ардчилсан нам ажиллаж байна. Энэ 4 жил бол Ардчилалын хөгжилд шийдвэрлэх 4 жил байх болно. Түүнийг бид багаараа, иргэдтэйгээ, олуулаа хийх болно.

Анхаарал тавьсанд баярлалаа.

ЭРИН ОВОГТ М.ТУЛГАТ