2006/02/19

[among] Re: Temtsel urgeljilseer

(Аmong-д бичсэн мэйл)
Хүндэт Abc4life-д
Мэйлнээс тань таныг дажгүй залуу байна уу даа гэж дүгнэв. Yнэндээ таны бичсэнээр ард түмнийг аварна энэ тэр гэж дөвчигнөхгүй, хүн бүр дор дорноо хичээгээд, өөрийнхөө ажлаар бахархаад, үр хүүхдээ зөв хүмүүжүүлээд явдаг бол... Монгол орон тийм болоосой гэж хүснэм. Харин өнөөдрийн энэ цаг мөчид яагаад таны хэлж байгаа шиг сайхан хүн, сайн хүн Монголд олноор төрөхгүй байна аа?

Учир нь тэнд их сонирхолтой амьдрал хүлээж байна л даа... Гараад нэг алхахаар утаанд багтарч үхчих гээд, хүүхэд нь нэг мэдсэн сүрье тусаад, эмчийн гарыг цайлгахгүй бол үхүүлчих гээд... Байшин баръя гэсэн газрын зөвшөөрөл дээр нэмээд давхар давхар хахууль... Машинаа бариад томоотой явж байтал хажуугаас улаан жийптэй онгироо залуу тас хийтэл мөргөх. Юун төлбөр төлүүлэх манатай хаашаа ч явж яаж ч заргалдаад нэмэргүй. Өглөөнөөс орой болтол, хөлнөөсөө толгой хүртэл есөн шидийн бухимдал нерв, сэтгэлийн болоод биеийн шарх сорви. Тэнд нэг хүн хохирно, энд нэг хүн шударга бустай учирна. Гай нь өөрт л таарахгүй бол болоо гээд өөрийгөө болгоод явах. Гэхдээ нэг өдөр заавал ээлж ирнэ!

Япончуудын хэлдэг салариман, эсвэл ямар нэгэн профешионал маягийн ажил эрхэлдэг хүмүүс, өөрөөр хэлбэл өөрт оногдсон нэг хэвийн ажлыг хийгээд явах хүмүүст бол асуудал бас ч гайгүй. Ийм хүмүүс оногдсон ажил, авсан даалгавараа гүйцээгээд даруухан явж байж болно. Харьцангуйгаар сэтгэх шаардлагагүй, өөрчлөлт багатай "routine works". Мал маллах бол хамгийн сонгодог жишээ.

Тэгвэл нийгэмд шинэ юм бий болгох, эсвэл байгааг өөрчлөх гэсэн миссионтой хүмүүс бас бий. Жишээ нь Монголд бродбанд сүлжээг хөгжүүлье гэдэг ч юмуу, цоо шинэ үйлдвэрлэл эхлүүлье гэх жишээтэй. Угаасаа ийм шинэ далайцтай ү/а-гүйгээр Монгол орон буурай гэдэг статусаасаа хэзээ ч гарч чадахгүй. Гэтэл тийм хүнд хамгийн түрүүн хүнд суртал, хээл хахууль, заваарсан сүлжээ, шударга бус байдал гэдэг эгц нүүрэн дээр хөндөлсөж ирнэ. Юм хийе, бүтээе гэсэн санаа зоригтой (志)хүний тухайд ярьж байна. Зүгээр байхад л оролдоод эхэлнэ. Монгол хүн дотооддоо эм үйлдвэрлэе гэхээр Эрүүл мэндийн яамнаас хачин хууль гаргаж ирээд хавчаад унана. Нэг дарга нь гадаадаас эм оруулдаг бизнестэй, тэрнийгээ хамгаалж байгаа ухаан нь тэр.

Ингээд л нөгөө добрый хүн чинь тэсэхээ байж эхэлдэг юм болов уу даа. Жагсаад явж байгаа хүмүүсийн дотор онгиргон хөөргөн, өөрийгөө яая гэж байж улс орон гэж томорсон нөхдүүд мэдээж олон байгаа. Гэхдээ бүгд тийм биш. Түүн дотор аргаа бараад, энэ нийгэм чинь нэг л биш гээд, гэртээ авгайгаа тэврээд сэтгэл амар сууж чадахгүй тэсэхээ байгаад гудамжинд гарч ирсэн хүмүүс бас байгаа. Түүнийг ялгаж салгаж ойлгоосой гэж хүснэм.

Хүн төрөлхтний түүхэнд улс орнууд хамгийн их хөгжсөн үе нь жирийн хүмүүс зөвхөн өөрийгөө биш, эргэн тойрны нийгмээ сонирхдог, тэр үйл хэрэгт оролцдог болсон үе байдаг гэж би ойлгодог. Грек, Ромын иргэншил (иргэний нийгэмшил)-ээс эхлээд, Пакс Британика, дараа нь Америкийн Нэгдсэн Улсын эх суурь тавигдсан үе, Бакүмацүгийн Япон. Шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоо хүчтэй нийгэм, иргэд нь орчин байдалд санаа зовж дуугаа өргөсөн нийгэм, өөрөөр хэлбэл "иргэний нийгэм" гэдэг юманд хамгийн ихээр дөхөж очсон үед тухайн улсын хөгжлийн гол тулгуур тавигддаг гэж би боддог.

Миний хувьд үнэндээ улс төрчдөд, улс төрд найдлага тавьдаггүй.
Хувийн хэвшлийн хөгжил л Монголыг аварна.

Харин тэр хувийн хэвшлийн хөгжилд засаг төр багахан шиг л саад тушаа болоосой доо. Шударга бизнес ялах хөрс бүрдээсэй.
Тийм эрүүл орчинг бүрдүүлэхийн тулд нэг ч гэсэн хүн, нэг ч гэсэн ИРГЭН нэмэгдэж хувь нэмэрээ оруулаасай.

Хүндэтгэсэн,
Тулгат
------------------------------------------------------------
Abc4life wrote:
Haraad baihad ene buh avilga heel hahuuliin asuudliig herhen shiideh ve, Mongold bolood baigaa ene alban tushaal, uls tur, avilga, jagsaal tsuglaan ene buhniig herhen tsegtsleh ve geed bodood baihad. Ug ni bol bi eh ornoo avarna, bi turiin erhend garch ard tumnee avarch avilgalchdiig zailuulna, bi hamgiin shudraga hun geed sonin setguuleer nuguuhiinuu muug erj haisan, negniig nuguuruu turhirsan, zanasan zuhsen ene buh arga bol hezee ch tus bolohgui gej boddog. Iim yum bicheed, yariad jagsaad yavj bdag, yaasan ih zav zaitai, hiih ajlaa olj yadsan humuus yum gej bodoh yum. Ug ni ar ger, aav eej, ur huuhed, ajil turul geed sanaa zovoh yum bishgui l baimaar, hun muulj jagsaj yavah chini sain zuil herhev ch bish.Harin tuunii orond hamgiin eh oronch, eh oronoo avarch chadah zuil bol hun bur uurtuu nogdson ajlaa dor burtee henees ch iluu hiigeed, tuugeeree baharhaad, nadaas uur hun hiij chadahgui, ene ni minii eh orondoo ugch bui huvi nemer gedeg setgeleer handaad, uh huuhdee sain hun bolgon usgun humuujvel hamgiin ach tustai baimaar. Huduu ochood 300-400 maltai jiriin neg malchin irgeniig harahaar uneheer baharhamaar. Hiisen yumtai, uuriinhuu hariutssan ajild ezen bolood, turiinhuu suldend zalbiraad yavj bdag jinhene Mongol hun tend l bn.
------------------------------------------------------------

2006/02/04

Японд сурах гэж байгаа нэг залууд

Японы засгийн газрын шалгалтанд тэнцээд удахгүй явахаа хүлээгээд байж байгаа залуу надад "юун дээр анхаарвал зохих вэ?" гэж асуусан мэйл ирүүллээ. Түүнд хариулж бичсэнээ энд хуваалцъя.

-----------------------
Сайн байна уу?

Монкашогийн шалгалтад тэнцээд удахгүй ирэх гэж байгаад чинь баяр хүргэе. Би 8 жилийн өмнө адилхан Осака Гайдайд (гадаад хэлний дээд сургууль) япон хэл үзэж байсан л даа. Ер нь бол Гайдайд байх хугацаанд сургалтын програм нь маш чамбай боловсруулагдсан байдаг учир бага зэрэг "эрхлээд" санаа амар явж байж болдог. Мэдээж хичээлээ таслахгүй, өгсөн даалгаваруудыг яс хийнэ гэдэг нөхцөлтэйгээр. Ердөө тэгэхэд л болоод явчихна. Хамгийн гол нь гадаадын олон оюутнуудтай найзалж, энд тэнд зугаалж, элдэв юм үзэж явмаар үе.
(Харин их сургуулийн оюутан болонгуут бүх юм шал өөр болно. Ёстой жинхэнэ өөрийгөө контролдож, өөрөө өөртөө эзэн болохгүй бол хэн ч шахахгүй, сургалтын програм нь монголынх шиг хатуу заагдсан байдаггүй, хажуу хавиргад сайн нөлөө үзүүлэх япон оюутан тэр бүр олдохгүй. За тэгээд юу ч боддоггүй, цагийг шал утгагүй өнгөрүүлсэн 4 жил болчих гээд байдаг нэг аюул бий)

Одоо бодоход Гайдайгийн япон хэлний хичээл ч тэр, бусад эдийн засаг, түүх г.м. хичээлүүд ч тэр, япон орны тухай, эндхийн түүх нийгмийн тухай үндсэн ойлголтыг маш сайн олгож чаддаг. Надад одоо ч гэсэн Гайдайд байхдаа олж авсан мэдлэг хэрэг болох үе зөндөө гардаг. Япон хэлний хичээл нь ч ялгаагүй. "Би японд удах юм чинь аяндаа сайжирна" гэж бодож болохгүй. Яриа бол аяндаа сурч магадгүй ч, бичгийн хэл, ханз г.м зүйлүүд яг сууж хичээллэхгvй бол тэр болгон биед шингээд байдаггүй.

Явах хүртлээ, за тэгээд яваад очсон хойноо ч тэр, өдрийн тэмдэглэл хөтлөөрэй. Юу болсон, юу хийсэн гэдгээс гадна, хамгийн гол нь өөрөө юу бодож байгаагаа сайн сийрүүлэх. Хүний бодол гэдэг цаг эргэх тусам хувирч, бас арчигдаж явдаг болохоор 18, 19 настай үеийн Энка гэдэг хүмүүний бодол санааг тухай бүрд нь үлдээгээд явбал эргээд харахад том баялаг болно. Ялангуяа том зорилго, мөрөөдөл өвөрлөсөн шив шинэхнээрээ байгаа үе, эхний үеийн бодол санаа урам зориг гэдэг алт шиг үнэтэй. Хүн гэдэг амьтан цаг өнгөрөх тусам анхны хүсэл мөрөөдлөөсөө няцаж, байгаа орчиндоо уусч, дөжрөх гээд байдаг талтай. Тийм ч учраас япончууд "Шинэхэн үеийн залуу зүрхийг мартаж үл болно" (是非の初心を忘るべからず) гэж хэлэх дуртай. Харин тэр залуу зүрхээ цаасан дээр үлдээхгvй бол эргээд саная, уншъя гэх юмгүй болно.

Японд ирэх хүртлээ ... Айхтар бэлдэж сүйд болох юм санаанд орохгүй байх чинь. Япон хэл бол ирээд сайн хичээхэд болоод явчихна, угаасаа ирэх гэж байгаа сургууль чинь (Осака Гайдай) сайн сургаж чаддаг газар. Англи хэлэндээ муу бол харин түүн дээрээ жаахан юм хийгээд авах хэрэгтэй. Японд ирсэн хойноо англи хэлтэй байх, үгүй байх гэдэг том ялгаатай байдаг. Ирээд сайн ойлгох биз.


Түүнээс гадна амжаад монголынхоо нийгмийн хамгийн эмзэг, дорой хэсгээр явж, тэдний амьдралыг үзээд авбал сайн. Өнчин хүүхдийн төв, хөгшүүдийн асрах газар, тэнэмэл хүүхдийн байрлах газар, за тэгээд хэлгүй дүлий хүүхдийн тусгай сургууль, тахир дутуу иргэдийн ажиллаж буй цех завод гэх мэт. Сүйдэж болохоо байж байгаа байгаль орчинтой орон нутгаар явах гэх мэт. Ядуу хүмүүс, ядарсан хөгшчүүд юу бодож өдрийг өнгөрөөж байна? Энэ хүмүүс яагаад ийм болчихов, яагаад? Яаж энэ байдлыг өөрчилж болох вэ? Цээжин дотор чинь тийм асуултууд дүүрэх цагт, өөрөөр хэлбэл зөвхөн өөрийнхөө баян болох сайхан амьдрахыг биш, эргэн тойрноо, төрүүлж өсгөсөн нийгмээ харж эхлэх үед жинхэнэ юм сурч, жинхэнэ чадалтай чансаатай хvн болох гараа чинь эхэлнэ. Японоор 問題意識 гэж үг бий. Монголоор бол цээжин дотор хуралдсан "цээж асуултууд". Тийм асуултуудгүй хүн бол нөгөө алт хийсэн ч сэгсрээд байдаг илжигтэй адил болно. Гох дэгээгүй хүн хэчнээн их загастай газраар явлаа ч ядаж замаг уурганд нь орохгүй. Цээжиндээ гох дэгээгүй залуу олон орноор аялж, ном эрдмийн уурхайд умбалаа ч юм сурахгүй. Толгойд нь юу ч өлгөгдөхгүй. Адилхан юм чихэнд сонсогдож нүдэнд харагдаад өнгөрөхөд түүний ач холбогдлыг ойлгох хүн, сэтгэл нь хөдлөх хүн, эсвэл мэдлэг болгох хүн гэж байхад, дүнз мод шиг дүмбийгээд үлдэх хүн гэж байна.

Чам шиг эдийн засаг, нийгмийн ухаанаар сурах гэж байгаа хүний хувьд, "цээж асуултууд" нийгмийн ямар ч сэдвийг хамарч болно. Огт өөр мэт байгаль орчны нэг асуудлаар "яагаад?", "яаж?" гэж бодож явсан ч, эргээд тэр нь нийгмийн ухааны асуудлуудтай холбогдоод явчихдаг.

Сэтгэлдээ санаа зоригтой (志), цээжиндээ олон асуулттай (問題意識) яваад ирээрэй.

Туги
2006.02.04