2006/10/30

Зvvнийх vv, барууных уу, аль эсвэл

Өөрийнхөө улс төрийн байр суурийг хялбар тестээр гаргах сайт байна. Түвшингийн блогноос Грэг Манкивийн блог руу дамжиж үүнд хүрэв. Хариулаад үзтэл минийх Centrist (зураг дээрх улаан цэг) гэж гарчээ. Хоёрын хооронд гурвын дунд, ёстой ямар ч онцлоггүй хөгийн хүн болж таарав аа. Хариулах явцад бодлоо, тухайн орны нөхцөл байдал, хөгжлийн шатнаас хамаарч хариулт өөр болох юм байна. Японы нийгмийг бодоод хариулбал арай өөр байхсан гэх жишээтэй. Та ч бас өөрийнхийгөө үзэхгүй юү.

За тэгээд ганц тестээс болоод хүнийг стереотиптэй хараад унав даа гэж...

-----------------------
The political description that fits you best is...
CENTRIST

CENTRISTS espouse a "middle ground" regarding government control of the economy and personal behavior. Depending on the issue, they sometimes favor government intervention and sometimes support individual freedom of choice.
Centrists pride themselves on keeping an open mind, tend to oppose "political extremes," and emphasize what they describe as "practical" solutions to problems.

2006/10/29

Гэрэл, харанхуй

Бичсэн зүйл маань Монголын хар барааныг тоочсон маягтай болчих гээд байдаг ч, яг дотроо бол би ирээдүйн талаар нэлээд өөдрөг бодолтой явдаг. Монголд хувийн сектор хурдтай хөгжиж, ажилсаг овсгоотой хүмүүсийн амьдрал ерөнхийдөө сайжрах тийшээгээ, хэдэн жилийн өмнөх архидал, залхуурал багассаар байгаа гэж ойлгодог. Статистик тоогоор биш, баримжаагаар буудаж байгаа минь жаахан тийм. За тэгээд төрийн байгууллагын тухайд гэнгүүт нөгөө шүүмжлэл маань урсч өгнө, яаж зүгээр байхав хавчуулаад авъя. Үнэндээ өөрийн үнэн хүчээр амьдрах чадваргүйдээ авилга, эрх мэдлээр дамжуулж бусдын хүчийг сорж амьдрагч паразитуудын орон байр, талх залгах газар болоод байгаа юм бишүү? Шударгаар ажиллаж буй төрийн ажилтан байхгүй биш байгаа, гэвч ердөө таслалаас хойшхи аравтын бутархай.

Харин төрөөс хамааралгүй орчинд дэвшил эрчтэй явагдаж байна. Хувийн секторын хөгжил арчаатай хүмүүсийн амьдралыг дээшлүүлээд зогсохгүй нийгэмд илүү хүнлэг, оюунлаг, боловсон уур амьсгалыг авчирч байна. Зам дээр нэг нэгэндээ зай тавих, харилцан талархал хүргэн дохих жолооч нар цөөн боловч харагдах болж байгаа нь том дэвшил. Одоохондоо эхлэл төдий байгаа ч удахгүй өдөр тутмын хэвшил болох бизээ.
Хувийн секторын хөгжилд найднам. Японд ч гэсэн дээхэн үед төрийн захиргааны хүнд суртал айхавтар байсан гэдэг. Харин хувийн салбарт үйлчилгээний боловсон ёс, үйлчлүүлэгчээ хүндлэх харьцаа өндөр түвшинд хүрмэгц ард олон төрөөс аяндаа чанартай үйлчилгээг шаардах болж, энэ нь эдүгээ Японы албан газрууд жирийн монгол хүн бол уулга алдахаар эелдэг шуурхай үйлчилгээтэй болоход хүргээд байна. Угаасаа хувийн сектор хөгжих явцад ард түмний дундаж хөдөлмөрийн чадвар, менежмент хийх, зохион байгуулах дундаж чадамж дээшлэх тул, нэг улсын дотор нэгэн хүйгээр холбоотой орших хувийн болон төрийн секторын хооронд хүн нөөцийн солилцоо явагдаж, энэ нь төрийн чанарыг аяндаа сайжруулдаг билээ.

Гэхдээ одоогийн байдалд сэтгэл ханахад бас дэндүү эртэднэ. Дээрээсээ дунд, доод шатанд хүртлээ ужгирсан нийгмийн эмгэг тун гүнзгий, түүний дээр яг одоогийн байгаа байдал өөрсдөд нь ашигтай байгаа хүмүүсийн хувьд өөрчлөлт дэвшил гэдэг хүсэхээр эд биш. Тэд өөрчлөлтийг өөрийн мэдэлтэй ч, өөрийн мэдэлгүй ч эсэргүүцэх болно.
Масс буюу монголын олон нийт дээр хэлсэн ёсоор ерөнхийдөө зөв зүг рүүгээ чиглэж байгаа ч, тэрхүү масс нийгмийн үнэлэмжийг яг тодорхойлон шийдэх үү гэвэл үгүй. Масс тун хүчтэй, гэхдээ масс салхи зүсэгчгүйгээр, дагуулагчгүйгээр жинхэнэ хүчээ гаргаж, зөв голдрилдоо орж чадахгүй.

Нийгмийг хөтлөх ёстой, дагуулах ёстой хүч хаана ч, аль ч нийгэмд 5 хувиас хэтрэхгүй гэдэг. Баабар нэг нийтлэлдээ дурдсан байдагчлан нийгмийн “түүчээ” болсон хүмүүсийн үүрэг роль энд чухал болж ирнэ. “Ийм байх ёсгүй, тийм байх ёстой” гэж дараагийн шатыг харж, дээш тэмүүлсэн дэвшилтэт үзэлтэй хүмүүс тухайн нийгэмдээ ямагт цөөнх байж ирсэн билээ. Харин манай түүчээ болох ёстой залуусын хувьд жишээ нь харь оронд боловсрол эзэмшин чин зоригийг өвөрлөн эх нутагтаа очдог, гэтэл удалгүй нийгмийн хавтгайрсан дадал заншил, увайгүй үзэлд нам даруулж, анх тээн байсан сэтгэлийнх нь гал амьдралын “бодит үнэн” болсон хүйтэн салхинд цохигдон унтрах жишээ олон. Дээш хөтлөх түүчээ биш, доогуур ёзойх эрэг шураг болж дуусдаг нь тун харамсалтай.
Үнэнийг, зөвийг эрхэмлэх үзэл санаа тооны олонд няц даруулсаар ирлээ. Уул нь үнэн гэдэг тоондоо биш, чанартаа байдагсан. Үнэн худал хоёр олонхийн саналаар тогтоогдох ёсонгүй, чухамхүү чанараар хэмжигдэх учиртай. Хүн амын дотор 5%-ийг эзлэх түүчээ нар тооны хувьд цөөн боловч нийгэмд тэд хэр жин нөлөөтэй, хэр нягтралтай байгаагаас хамаарч тухайн нийгмийн хөгжил хөдөлгөөн тодорхойлогдоно гэж би боддог. Манай Монголын хувьд 5%-чууд маань олиггүй нөхдүүдэд байраа бүрэн тавьж өгөөд байгаа мэт.
Одоогийн дөч тавиад насныхан тэр чигээрээ болохоо байсан юм бишээ. Тэдний дотор зөв зүйлийг үнэ цэнэтэйд тооцох, өөрийн зарчмаа хатуу барих хүмүүс бас бий. Асуудлын гол нь тэд эзлэх ёстой байр сууриа өөр этгээдүүдэд алдсанд оршино. Одоогийн үе солигдож, дараагийн үе гарснаар байдал сайжирна гэж их ярьдаг ч би тэгтлээ итгэхгүй байна, аль ч үеийн бай түүчээ болох ёстой хүмүүс өөрийн байр, миссионыг ухварлаж харилцан бие биесийг дэмжихдээ гол нь юм. Тиймээс шинэ үеийн залуус зөвхөн өөр хоорондоо холбогдоод зогсохгүй, хуучин үеийн ахмадуудтай үзэл санаа нэг л бол холбоотой байж, харилцан бие биеийг дэмжвэл зохино.

Сэтгэлдээ гал тээсэн тавхан хувийнхан. Нэг нэгээрээ бол ганц шөнийн салхинд унтрах тавилантай. Харин олуулаа ойртон сууваас түүдэг болон бадамлах бөгөөд, салхи түүнийг унтраах нь битгий хэл улам хөгжөөж, улмаар түймэр адил нийтийг хамрах чадалтай. Түүхэндээ эргэлт хийх нийгэм, хийж үл чадах нийгэм хоёрын ялгаа ердөө энэ. Нийлж ойртоно гэхээр энэ олон клуб хөдөлгөөнүүд нэгдээч ээ гээд байдаг. Нягтарна гэдэг нь урмаар, шинэ санаагаар биесийг цэнэглэж, нэтвөрк хэлбэрээр харилцан дэмжилцэхийн нэр юм. Түүнээс биш заавал ч үгүй нэг шуудайнд чихцэлдэхийн нэр биш.

Би яах гэж блог бичдэг вэ? Бодол санаа, өөрийн үнэлэмж value-г ний нуугүй дэлгэн тавьснаар ойролцоо бодол, үнэлэмжтэй хүмүүстэй холбогдох, эсвэл тийм хүмүүст холоос ч болов хүч, урам өгөх үүднээс юм. Түүнээс огт өөр бодолтой хүнд өөрийн бодлыг хүчээр тулгах хүсэл байхгүй. Санаа сэтгэл нийлэх хүн миний блогийг хааяа ч болов уншаад яваг, санаа үл таарах хүн заавал унших албагүй, тийм хүн аяндаа орж ирэхгүй биз.
Санаа нэгт анд минь, зарим үед итгэл алдрах үе ч бий. Гэвч чадах чадахгүйдээ гол нь биш. Үр дүндээ хамаатай бус. Гагцхүү чадахын тулд, хүрэхийн тулд бүхнээ зориулж амьдрахад хүн гэж явахын утга учир оршдог болохоор зүтгээд байдаг хэрэг ээ.
---------------------
Анд Түвшинд хандаж бичиж эхэлсэн захидал маань хадуурсаар сүүлдээ ийм юм болж хувирав.

Чихний чимэг vv, чихний чийр vv?

Маралгоогийн блог дээрээс Монгол хэлний эрдэмтэд хаана явна?-ыг уншлаа. Тун юм бодууштай сайн нийтлэл болсон байна лээ. Ойролцоо сэдэвтэй юм гээд өөрийнхөө "Бусгаар тогтносон Монгол" номонд орсон нэг нийтлэлийг тавихаар шийдэв.
---------------------------
Чихний чимэг vv, чихний чийр vv?
(“Өдрийн сонин”-д нийтлэгдсэн) 2004.10.22

“Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэлэнд” маань чирэгдэл учруулмаар нэг сонин онцлог байх юм. Монгол хэлний уртсаж, сунжирдаг зүй тогтол. Англи үг "economу" монгол хэлнээ "эдийн засаг" гэж, "freedom" бидний ярианд "эрх чөлөө" гэж хоёр үгээр үржиж илэрхийлэгддэг билээ. Цаашилбал "lifestyle" гэдэг нь "амьдралын хэв маяг" гэж бүр гурван үгийн жагсаал болдог бөгөөд, "environment"-ийг нүүдэлчид "хүрээлэн буй орчин" гэж нэг амьсгаагаар дуржигнуулах ёстой болдог (Дашрамд, “environment”-ийг "байгаль орчин" гэж орчуулдаг нь буруу бөгөөд энэ тохиолдолд natural environment-ийг илэрхийлнэ). Тэр ч бүү хэл ганцхан ухагдахууныг илэрхийлэхийн тулд бид бүтэн өгүүлбэр зохиож байна. Миний мэргэжлийг японоор "канкёокэйзайгакү", англиар "environmental economics" гэнэ. Үүнийг би нутаг нэгтэндээ "хүрээлэн буй орчны эдийн засгийн ухаан" гэж бараг өгүүлбэр хэлэх шахуу танилцуулдаг. Хэрэв энэ чиглэлийн сүүлийн үеийн номноос орчуулж монгол түмэндээ хүргэнэ гэвэл гарчган дээрээ ингэж байгаа юм, цаашаа яаж томорч зузаарах нь ойлгомжтой. Орчуулгын ном ойлгоход хэцүү байдаг нь үүнтэй холбоотой байж болох.
Ийнхүү бид англи юмуу, япон хүний арван үгэнд багтааж ярих асуудлыг хорь, гучин үгээр арай чүү ойлголцож байна. Монгол хэлэнд салаа утгатай үг олон байдаг учир ойлголцож чадвал бараг их юм. Англи хэл дээрх 100 хуудастай ном Монголд 200 хуудас болдоггүй юмаа гэхэд өлхөн 20, 30 хуудсаар зузаан болно. Америкийн Ерөнхийлөгч Бушийн 30 минутанд багтаах илтгэлийг Монголын Ерөнхийлөгч Багабанди хичээгээд ч 40 минутанд багтааж үл чадна. Ийнхүү Ерөнхийлөгчийнхөө яриаг монголын насанд хүрсэн сая иргэн бүгдээрээ нэг удаа сонсдог юмаа гэхэд, хэлний энэ онцлогоос болж улсын хэмжээгээр нийт 167 000 цагийг алдах болж байгаа юм. Энэ илүү арван минутанд.
Зөвхөн хоёр гурван үгээр сунжраад асуудал дуусдаггүй. “Өсөхөөс сурсан үндэсний хэлэн” дэх үгнүүд маань “ийн”, “ын” гэж харъяалахын тийн ялгалаар өөр хоорондоо хэлхэлдэх дуртай. Дээр дурдсан “эдИЙН засаг” ч нэг төлөөлөгч нь. Япон хэлэн дээрх Word программ нэг өгүүлбэрт гурваас дээш “ийн” орвол алдаатай гэж заадаг. Тэгвэл монгол хүн зөвхөн эрхэлдэг ажлаа танилцуулахдаа л "НийгмИЙН хамгаалал, хөдөлмөрИЙН яамНЫ төрИЙН нарИЙН бичгИЙН даргЫН туслах" гэж уг тийн ялгалыг долоо угсруулан хэрэглэж байна. Япон хэлтэй харьцуулах нь утгагүй л дээ. Хоёр өөр дүрэмтэй, хоёр өөр хэлнүүд. Гэхдээ ийм олон “ИЙН” сонсох нь чихэнд чимэгтэй байх уу, үгүй юу гэдгийг бас бодож үзмээр байгаа юм. Түүгээр барахгүй, хэрэггүй газар хүртэл харъяалахын тийн ялгалыг хэрэглэж бид заншжээ. Гадаадын их, дээд сургуулиудын нэрэн дээр Harvard University буюу Харвард их сургуулийг "ХарвардЫН их сургууль", Кёото их сургуулийг "КёотоГИЙН их сургууль" гээд л ярьдаг. Монголд "Отгонтэнгэрийн их сургууль", "Ирээдүйгийн дээд сургууль" гэж хэлдэг билүү? University of Chicago бол болж байна, “Чикагогийн их сургууль” гэх нь зүйн хэрэг.
Энэ яриа бол зүгээр нэг хэл шинжлэлтэй холбоотой яриа биш юм аа. Үгийн цаана хүний сэтгэлгээ явж байдаг. Үг нь байхгүй бол тухайн ухагдахууныг хүн сэтгэж чадахгүй. Үг будилаантай бол сэтгэлгээ будилаантай. Монгол хэлэнд салаа утгатай үг олон байдгаас та бид санаагаа зөв дамжуулахын тулд аргаа барж, ажил дээр буруу ойлголцсоноос болж хариуцлага алдаж байна. Ярианы хэлэн дээр бол дүүрч, дохиж зангаад ч болов ойлголцоно. “Нөгөө юугаа яачих” гэж байгаад нэвтрэлцэнэ. Бичгийн хэлэн дээр очоод яаж ч болохгүй гацдаг. Үгийн асуудал бол зөвхөн хэл шинжлэлийн биш, гүн ухааны ярвигтай асуудал байдаг билээ.
Монгол хэлэнд нэр томъёоны үндсэн утгыг буруу дамжуулдаг илэрхийлэл цөөнгүй. Жишээ нь “нэмүү өртөг”. Монгол оронд амьдарч байгаа хүн алхам тутамдаа "нэмүү өртгийн татвар" төлж явдаг билээ. Энэ татварыг англи хэлэнд "value-added tax" гэх бөгөөд "value-added" гэдэг нь угтаа нэмж бий болсон бүтээгдэхүүн, баялаг гэсэн утгатай. Нийгмийн шинэ орлого, баялагаас авах татвар гэсэн санааг агуулдаг. Тэгвэл бид тэрхүү нэмэгдэл баялаг, бүтээлийг ажиг ч үгүй "нэмэгдэж бий болсон өртөг, зардал” гэж нэрлээд явж байна. Энэ нь цагааныг хар гэсэнтэй адил юм. Ардчилал, зах зээлийн харилцаа руу шилжсэн гэх боловч орчин үеийн улс төр, эдийн засаг, гүн ухаан, нийгмийн маш олон үг хэллэг өнөөдөр монголд буруу хэлэгдэж, будилаантай хэрэглэгдэж байна. Тэр дунд жаахан ч гэсэн шинэ оролдлогууд гарч байгаа нь сайшаалтай. Жишээ нь sustainable development-ийг “тогтвортой хөгжил” гэж орчуулдаг ч, сүүлийн үед “тулхтай хөгжил” гэж нэрлэх санал гарчээ (Д.Дагвадорж, Тулхтай хөгжил – Монголын ирээдүй, 2002). “Тогтвортой” хэмээх орчуулга дэлхий нийтийн энэхүү шинэ үзэл санааг зөв илэрхийлж чаддаггүй бөгөөд stable гэдгийн орчуулгатай давхцдаг. Түүнээс болж “stable and sustainable development” гэсэн мөр таарах үед “тогтвортой бөгөөд тогтвортой хөгжил” гэж орчуулахаас аргагүй болдог. Харин “тулхтай” гэх нь утгын хувьд ч, бусад үгтэй давхцахгүй байх чанараараа ч, тун тохиромжтой хувилбар юм. Мөн адил дээр дурьдсан "нэмүү өртөг"-ийг Баабар гуай "нэмүү үнэлэмж" гэж нэрлэх санал гаргасан юм билээ.
[1] Иймэрхүү байдлаар энд тэндээс янз бүрийн санал гарах нь эрүүл, сайшаалтай үзэгдэл юм. Японд бол шинэ ухагдахуун гарч ирэхэд эрдэмтэн бүр өөр өөрийнхөөрөө нэрлэж, тэр дундаас хамгийн тохиромжтой нь шигшигдэж үлддэг. Хэдий эрдэмтэн нь биш ч, би бас “нэмүү өртөг” дээр саналаа нэмэрлэе. Миний бодлоор "үнэлэмж" гэдэг нь ертөнцийг үзэх үзэл, юмыг үнэлэх үнэлэмж буюу "sense of value" маягийн утгыг заадаг учир “value”–г орчуулахдаа "үнэ цэнэ" гэвэл илүү оновчтой мэт. Гэвч “нэмүү үнэ цэнийн татвар” гэхээр бас л сунжруу талдаа болох учир "үнэ цэнэ" гэдгийг нийлүүлээд "үнэц" гэж шинээр нэрлэх санал гаргамаар байна. Нэмүү үнэцийн татвар.
Үгэнд шинэ оноолт хайдаггүй, хэдэн хуучин үгээ унааны ганц морь мэт баруун солгойгүй хэрэглэдэг муу зуршил маань бидэнд багагүй түвэг учруулж байдгийг олон жишээн дээрээс харж болно.
Capital: хөрөнгө
Investment: хөрөнгө оруулалт
Asset: эд хөрөнгө
[2]
Эдгээр нь эдүгээ Монголд түгээмлээр тогтоод байгаа орчуулга юм. Харамсалтай нь энд “хөрөнгө” гэдгийг бүгдэд нь хэрэглэснээс болж жишээ нь “investment on capital asset” мөрийг орчуулах үед "хөрөнгөн эд хөрөнгө дэх хөрөнгө оруулалт" гэж буулгах болж таардаг. Сонссон хүний чих өвдөж, уншсан хүний нүд эрээлжилмээр ийм юм гэж байх уу даа. Ийм үед манай хэд тухай бүрт нь зохицуулаад тохирох үгээр “халтуурдаж” аргалдаг. Ингэж системтэй орчуулга, буулгалтыг алдагдуулах нь ялангуяа мэргэжлийн нэр томъёон дээр маш бүдүүлэг хэрэг болно.
Бүдүүлэг гэснээс монголчууд бид үгийн утгыг тунгааж, зөв хэрэглэхэд хир анхаардаг билээ дээ? Үгийг яаж хэрэглэж байгаагаас тухайн хүний соёл харагддаг билээ. Ихэнх япон айлд Коожиэн хэмээх япон хэлний тайлбар толь байх бөгөөд, аливаа маргаан, хэлэлцүүлэг гарах үед “бид энэ ухагдахууныг зөв хэрэглэж, ойлголцож байна уу?” гээд түүнийгээ үзэж шалгадаг. Энэ орны соён гэгээрүүлэгч Нитобэ Иназо Өөрийгөө төвшитгөсөн тэмдэглэл
[3] номондоо “үгэн дотор зүрх бий” гэж үгийн соёлыг чухалчилжээ. Тэгвэл эх хэлнийхээ тайлбар толийг тавиуртаа залсан монгол айл хэд байдаг бол оо? Угаасаа тавих толь нь ч байхгүй байх. Хамгийн сүүлд Я.Цэвэл гуайн “Монгол хэлний товч тайлбар толь” (1966) хэвлэгдсэнээс хойш хагас зуун жил өнгөрөх гэж байна.
Хэл хэрэглэхэд тохиромжгүй бол хүмүүс улам бүр гадаад хэл хэрэглэх болно. Дэлхий дээрх 6800 хэлнээс ирэх зуун гэхэд тал нь устана гэсэн тооцоо гараад байгаа юм байна. Энэ жагсаалтанд монгол хэл маань орчих юм биш биз? Ганц хэл биш, цаана нь монгол хэмээх өвөрмөц соёл тэрчигээрээ асуултын тэмдэгтэй яригдах болоод байна. Эх хэл дээрээ явагдаж байгаа Монголын оюуны амьдрал, оюуны гал голомт бөхвөл Монгол орон сэтгэгчдийг биш, гадаадад гардаг хар ажилчид, дэнхийсэн хэдэн бөхчүүдийг л төрүүлдэг орон болно. Хэл гэдэг үнэхээр чухал. Үгийг бурхан зохиодоггүй хүн зохиодогоос хойш шинэ ухагдахуун, ойлголт дээр тал бүрийн санал гаргацгааж байя. Бүтээлч хүн гэж заавал мод, чулуу, цаасаар биетэй юм хийдэг хүнийг хэлэхгүй, үгэн дээр ч хүн бүтээлч байж болно. Тохиромжгүй орчуулга, илэрхийллүүдийг зоригтой халж, шинэ үг олж санал болговол тэр бүтээлч үйл мөн. Мэдээж ихэнх хүн хүлээж авахгүй л дээ. "Хэзээ ингэж хэлж байсийм", “наадах чинь сүүлийн үед ингэж хэлдэг болж байгаа” гэх мэт. Хамаагүй, хэрэглээд байх хэрэгтэй. Хэрэглэх явцад дасцгаана. “Дуурь” гэдэг харьцангуй сүүлд зохиогдсон үг юм билээ. Энэ нь “дуут жүжиг” гэдгийг богиносгосон оролдлого юм байна. Анх ийн нэрлэж байх үед нь хэн нэгэн “Дуурь гэж ийм балай монгол үг гэж юу байсан юм, дуут жүжиг л гэдэг шүү дээ” гэж хэлж байсан байж болох. Одоо бол эсрэгээр “дуут жүжиг” гэж байгаа хүнийг гайхан харах биз ээ. Заавал цоо шинэ үг зохиох шаардлага байхгүй, мартагдсан үгээ сэргээх боломж бас байна. Эртний монгол хэлний элэгдэж хуучирч буй үгнүүдээс түүж, шинэ утгаар сэргээн хэрэглэж болно. Японд суралцагч оюутнууд Өөрийгөө хөгжүүлье! (2004) номондоо “liberal arts”-ыг “арвис” хэмээх хуучин монгол үгээр оноож нэрлэсэн билээ.
Эх хэлний хувь заяаг зөвхөн хэл шинжээчид, хэдэн эрдэмтэд шийддэг юм бишээ. Хэрэглэж буй хүн ард нь шийддэг. Хэл бол амьд организм. Хэрэглэх явцад өөрчлөгдөж байдаг зүйл. Аялгуу сайхан монгол хэл гээд л ярьдаг. Монгол хэл яагаад бидэнд уянгалаг сонсогддог юм бэ? Дассан болохоор л тэр. Түүнээс биш "а" үсгийн дараа "у" үсэг орвол чихний чимэг болно гэдэг дүрэм дэлхийд байхгүй. Хятад хэл хятад хүндээ, англи хэл англи хүндээ сайхан. Францчууд франц хэлээ дэлхийн хамгийн гоё хэл гээд итгэчихсэн байгаа. Үгийн утгыг бүтээлчээр тунгааж, хэрэглэх явцад амьд организм өөрөө өөрийгөө хөгжүүлээд явна. Нэг үг ойролцоо утгатай олон үгэнд хэрэглэгддэггүй, богино бөгөөд хэрэглэхэд тохиромжтой, үгийн арвин сантай монгол хэл бидэнд хэрэгтэй байна.
Ингээд эцэст нь тийм чухал биш байж магадгүй ч сонирхлын үүднээс нэг шинэ үг зохиох санал гаргая. Үгийн эхний үсэг буюу англиар “initial” гэдгийг монголоор “титмэг” гэж нэрлэвэл ямар вэ? Монгол бичгэнд ихэнх үсэг “титэм”-ээр эхэлж бичигддэг гэдгээс ургуулсан юм. “Тулхтай хөгжил гэдгийг титмэгээр товчилж илэрхийлбэл ТХ болно” гэж ярих жишээтэй. Тэгвэл миний овог нэрийн титмэг доорх маягийн товчлолыг үүсгэнэ:

Э.М.Т

2004 он 10 сар

[1] Марк Скаузэн, Эдийн засгийн ухаан, эдүгээчлэгдсэн замнал номын орчуулга.
[2]Энэхүү asset-ийг “агуурс” гэж орчуулах боломжийг санал болгож дэвшүүлмээр байна.
[3] Номын нэр эх хэл дээрээ: 新渡戸稲造『自警録』、講談社学術文庫

Самурайн ёс - Японы хєгжлийн нууц?

Нэг сэдвээр юм бичих санаатай яваад байгаа юм. Хэзээ яг бичихийг мэдэхгүй ч тэр үед иш татаж ашиглахын тулд "Бусгаар тогтносон Монгол" номынхоо нэг өгүүллээс толилуулж байна.
----------------------------------------
Холливудын жүжигчин Том Крузийн тоглосон “Сүүлчийн самурай” кино сүүлийн үед ихээхэн шуугиан тарьлаа. Энэ кино нь бүхэлдээ самурайн ариун ёс, үйл хэрэгтээ үнэнч байдаг амьдралын зарчмыг харуулсан бөгөөд киноны гол санааг “honour” (нэр төр) гэсэн ганцхан үгээр илэрхийлж болно. Самурайн тухай, япон хүний зүрх сэтгэлийн тухай баруунд, улмаар дэлхийд анхлан таниулсан нь нэрт соён гэгээрүүлэгч Нитобэ Иназогийн бичсэн Бушидо – Японы охь сэтгэл[1] гэдэг ном бөгөөд, дээрх кино ч мөн адил энэ номоос гол санаагаа авчээ (“Бушидо” гэдэг нь “самурайн ёс журам” гэсэн утга бүхий япон үг). Нитобэ Иназо уг номондоо самурайн ёс горим нь дундад зууны Японд ёс суртахууны хэм хэмжүүрийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэсэн тухай өгүүлдэг. Самурай гэхээр ихэнх хүмүүс цэрэг дайны хүнийг төсөөлдөг, дээрх кинон дээр ч гэсэн энэ талыг нь хүчтэй гаргажээ. Гэтэл үнэндээ 265 жилийн туршид энх амгалан тогтоод байсан Эдо эринд (1603-1867) самурай нар нь дайнч эр гэхээсээ “ёс суртахуун”, “эрдэм гэгээрэл”-ийг шүтэн дээдэлсэн үнэнч “төрийн хар хүний” шинжтэй болж ирсэн байна. Хөдөө нутгийн тариачин самурайн (зарим борогдуу амьдралтай самурай тариалан эрхэлдэг байсан) гэрт хүртэл хүүхдүүд нь “самурайн гэрээс гаралтай” гэдэг бахархал, тийм хүний дагаж мөрдөх ёстой ёс зүйгээр хүмүүжин, ном дэлгэн эрдэмд шамдаж байсан тухай японы түүхч, зохиолч Шиба Рёотарогийн бүтээлд (Жишээ нь: Хорвоогийн өдрүүд[2]) дүрслэгдэн бичигдсэн байдаг. Эрдэм ном үзэх нь эхэн үедээ цэргийн эрдэм сурах шаардлагаар урган гарч байсан бол, яваандаа самурайн ёс суртахуунаа өндөрт өргөн, сэтгэл санаагаа төвлөрүүлэн чангатгахын тулд үзэх шаардлагатай зүйл болон хувирчээ. Эрдэм ном, ариун ёсыг дээдэлж, оногдсон үүрэг, хэтийн зорилгынхоо төлөө өөрийгөө бүрэн зориулдаг самурайн “зүрх сэтгэл”-гүйгээр өнөөгийн Японы хөгжлийг төсөөлөхийн аргагүй. Орчин үеийн Япон орны суурийг тавьсан Мэйжигийн эхэн үеийн зоригт хөвгүүд, улс нийгмийн зүтгэлтнүүдийн ихэнх нь самурайн гэр бүлд төрж өссөн байдаг нь ч тохиолдлын хэрэг биш ээ. Олон улсын Япон судлалын хүрээлэнгийн эрдэмтэн Кавакацу Хэйта “Никкей” (2004.01.13) сонинд бичсэн өгүүлэлдээ “Дэлхийн өнөөгийн нийгэм эдийн засгийн системийг тодорхойлогчид нь ‘иргэд’ (буржуй нар) юм. 17-р зууны Английн Буржуйн Хувьсгал нь орчин үеийн капиталист нийгэм рүү түрж орох их шилжилтийг авчирсан. Ийм ‘иргэд’ (жижиг хөрөнгө бүхий чөлөөт иргэд) нь капитал буюу хөрөнгийн эзэд байсан. Харин японы хувьд орчин үежилтийг авчирахад ийм ‘иргэдийн’ үүргийг боловсролыг шүтсэн самурай нар гүйцэтгэсэн ба тэд өмч хөрөнгөгүй, эзэн ноёны албан хаагчид, өөрөөр хэлбэл менежерүүд байсан юм. Европт иргэний хувьсгалаар ‘капиталистууд’ бэлтгэгдэн төрсөн бол, Японд ‘самурайн хувьсгалаар’ ‘менежерүүд’ бэлтгэгджээ” гэж дүгнэсэн байдаг. Дээр үеийн Чёошү, Айзү, Сацүма аймгууд алга болсон ч өнөөдөр Тоёота, Мицубиши, Мацүшита хэмээх аварга компаниудад самурайн үзэл санаа, ёс горим ямар нэг хэмжээгээр хадгалаатай явна. Компаниуд өөр өөрсдийн онцлог, айдэнтити (identitiy) –гээрээ ялгагдах ба ажилчид нь түүнийг хадгалж, залгамжилж, мөн компанийнхаа нэр хүндийг эрхэмлэн, үүрэгт ажилдаа үнэнчээр зүтгэдэг тэднийг үзэг барьж, костюм мөрлөсөн “шинэ үеийн самурайнууд” гэж нэрлэмээр. Энд Сумитомо корпорацыг жишээлж болж байна[3]. Дээхэн үед чинээлэг худалдаачид төрсөн охиноо хүн чанар сайтайгаар нь Сумитомогийн ажилтнуудтай гэрлүүлэх сонирхолтой байдаг байжээ. Компанийхаа тулгуур зарчмыг “улсын ашгийг эхэнд, хувийн ашгийг удаад” гэж тодорхойлсон Сумитомод хэдийгээр цалин бага ч (ерөнхий захирал нь “мөнгө залуу хүнийг эвдэнэ” гэдэг үзэлтэй байж), ажилчид нь итгэл хүлээх шударга хүмүүс гэдгээрээ алдартай байж. Тэрхүү Сумитомогийн нэг ажилтан Мицубишигийн ажилтнаас хувийн сууц худалдаж авах болжээ. Гэрээ бичиг, төлбөр тооцоо ч дуусч, худалдаж авсан байрандаа нүүж орох өдөр ирэв гэнэ. Тэгтэл шинэ байрандаа ороод үзтэл гэрээнд бичигдээгүй байсан олон зүйл эхнээсээ гарч ирэх нь тэр. Шалны дэвсгэрийг цоо шинээр солин, гал тогооны өрөөнд тухайн үед дээд зэрэглэлд орох стэнлэс угаалтуур, зуух тавьж, үүдэнд шинээр амьдрах хүнд зориулан хиймэл цэцгэн чимэглэл суулгасан байлаа. Тэр ч бүү хэл халуун ваннд ус халаадаг зуухны янданг гялалзтал цэвэрлэн, зуухны дэргэд түлшний мод бэлдсэн байлаа. Байрны шинэ эзэн “Мицубишигийнхэн ч бас чамгүй улс байна даа” гэж магтсан гэдэг. Сумитомогийнхоо нэр хүндээр бахархаж явдаг түүнд “өөр компанийн самурай нар ч” өөрсдөөс нь дутахгүй болохыг харуулсан хэрэг болжээ. Ер нь япон маягийн бизнес нь гэрээ хийдэггүйгээрээ, харилцан итгэл хүлээсний үндсэн дээр явагддагаараа алдартай. Энэ нь мөн самурайн ёсноос гаралтай бөгөөд дээр үед самурай нар хэлсэн үгэндээ яс хүрдэг, тэр нь мэдээжийн хэрэг тул түүнийг биелүүлнэ гэж гэрээ байгуулахыг ичгэвтэр хэрэгт тооцдог байжээ. Харин итгэлийг хөсөрдүүлж, нэр төрөө хугалсан тохиолдолд гэдсээ хүүлж үхдэг байсан ба үүнийг “Харакири хийх” гэдгийг олон хүн мэднэ. Ингэж гэдсээ хүүлэх нь зүгээр нэг амиа хорлох үйлдэл биш, өөрийгөө шийтгэх нэг төрлийн ёслол байсан гэж тайлбарладаг. “Муу амьд явахаар сайн үх” гэдгийг зүгээр нэг мэргэн цэцэн үг төдийд хязгаарлаагүй, амьдрал дээр “түвэггүй” хэрэгжүүлэх заншлын хэмжээнд аваачсан үндэстэн дэлхийд өөр байхгүй биз ээ. Дорны “бүдүүлэг” орон байсан Япон богино хугацаанд үсрэнгүй хөгжиж чадсан нь шинэ төрийг төвхнүүлсэн Мэйжи үед төрийн албан хаагчдын авилга, ёс бус ажиллагаа бараг байхгүй байсантай холбоотой гэж үздэг. Төр шинээр төвхнөсөн эхний үед авилгатай холбоотой нэг хоёр хэрэг мандсан боловч, засаглалын ялзралыг хүчтэй эсэргүүцсэн Сайго Такамори зэрэг хуучин самурай нарын бослого тэмцлийн үр дүнд зогсож, төрийн үйл ажиллагаа цэвэр шударга явагдсан байдаг. Самурайн ёс – энэ японы хөгжлийн нууц биш гэж үү хэмээсэн энэхүү бичиглэлээ дээр дурдсан Хорвоогийн өдрүүд (I боть) номын хэсгээр төгсгөе.
...Баруун Японы хязгаар тосгон. Аймгийн албан хаагч Тамакийн гэрт нэгэн жаал хүү цэх цомцойн сууж, урдаа тавиастай номыг хичээнгүйлэн унших авай. Зуны халуун шатаж, өрөөн дотор бүгчим дүүгэхэд хүний бие махбодь тэсэхийг байж хөлс усаар уйлна.
Яг тэр мєчид. "Аа чи самурайн хүү байтлаа ингэдэг вий" гэсэн Тамаки багшийн ширүүн дуу гэрийг цочоож, жаал хүүг булиа гар угз татав. Ээлжит зодуур эхлэх нь тэр. Энэ удаагийнх бүр ч ширүүн нь байлаа. Цус нөжтэйгээ холилдон жаал хүүг ухаан балартан унахад Тамаки сая сэхээ авч сэргээх гэж сандарна. Зодуурын шалтгаан ялихгүй зүйл байв. Халуунд хүзүү дагаж урссан хөлс бие ирвэгнүүлэн загатнуулахад жаал хүү тэсэлгүй маажсанаас болсон ажээ. Харин Тамаки багшийн үзлээр бол самурай хүн улс нийгмийн төлөө өөрийгөө бүрэн зориулах ёстой бөгөөд "Би", "Хувийн" гэх зүйл яавч байж болохгүй аж. Эрдэм сурах нь өөрийгөө улс нийгмийн төлөө зүтгэх хүн болгон боловсруулах үйл учир тийм эрдэм уншлагын үед биеэ маажих нь хувийн хэрэгцээгээ хангаж байгаа хэрэг гэх аж.
"Загатнуур гэдэг бол "Би". Түүнийг маажиж өөрийнхөө дур хүслийг чөлөөтэй тавьж байгаа хүн яагаад ч улс нийгмээ гэсэн хүн болохгүй. Тийм болохоор зодож байгаа юм" гэж Тамаки багш өгүүлэх ажгуу....
(Энэ жаал хүү бол хожим Мэйжигийн хувьсгалын эцэг болон мөнхөрсөн түүхэн хүн Ёшида Шооин юм.)
2004 он 2 сар
--------------------------------
[1] BUSHIDO-The Soul of Japan, 1900. Нийтобэ Иназогийн тухай зохиогч Өөрийгөө хөгжүүлье! (2004) номонд дэлгэрэнгүй танилцуулж бичсэн байгаа.
[2] Хорвоогийн өдрүүд: Эх хэл дээрээ 『世に棲む日日』. Энэ ном монгол хэлнээ хараахан хөрвүүлэгдээгүй байна.
[3] Энд Шиба Рёотароо, Энэ орны хэлбэр төрх (II боть) номоос иш татаж байгаа. Номын япон нэр 『この国のかたち(二)』. Уг номын 「会社的“公”」өгүүллээс.

2006/10/22

Ёс журамтай хvнд дэв тушаалыг (by Сайго Такамори)

Буянгийн Жаргалсайхан ҮХЯ-ны сайд болсныг Дөлгөөний блог дээрээс уншиж сая л мэдлээ. Ойрд Монголын мэдээнээс хол байх шиг байна. Гайхсан, нүд орой дээрээ гарсныг хэлэх нь илүүц, юутай ч ТВ-ээр ярьсан бичлэгийг нь дээрх блогоос үзээд хэлэх үг олдохыг больж, ам хэсэгтээ дэмий л ангалзав. Ярьж байгааг нь харваас согтуу ч юм шиг. Надад лав төрийн сайдын шаардлагыг хангах хүн шиг санагдахгүй л байна. Монголд байдаг нэг гажууд ойлголт бол Эрүүл мэндийн сайдад заавал эмч хүн очих ёстой, Боловсролын сайдад заавал багш ч юмуу, эрдэмтэн байсан хүн ч юмуу очих ёстой гэж ойлгоод байдаг явдал. Энэ удаад Үйлдвэр худалдааны сайдад гарамгай үйлдвэрлэгч, худалдаачин Жаргалсайханг сонгохгүй бол болохгүй байсан бололтой.

Мэйжи хувьсгалын үед онцгой гавьяа байгуулсан Сайго Такамори нэгэнтээ "гавьяатай хүнд шан урамшууллыг, ёс журамтай хүнд зэрэг тушаалыг" (功ある人には禄を与え、徳ある人には地位を与えよ) гэж хэлсэн байдаг.
Тун онож хэлсэн мэргэн үг. Манай ажил дээр Шима сан гэж нэг хүн байх. Ажилдаа маш гаргууд. Түүнийг хараад би энэ компанид олон жил болж байгаа, ажилдаа ийм сайн хүн яагаад ядаж менежер ч юмуу, тасгийн дарга болдоггүй юм бол гэж гайхаж байсан юм. Харин хэсэг хугацаа өнгөрөхөд жаахан болчимгүй зантай болохыг нь мэдсэн. Нэг удаагийн хурал дээр ялихгүй юман дээрээс бөөн уур уцаар болж, хүмүүсийг зүхээд унахыг нь хүртэл хараад "аа ийм хүн дарга хийж чадахгүй юм байна" гэж бодож билээ. Үнэхээр Сайго саны хэлсэнчлэн, ажлаа сайн хийж чадаж байгаа хүнд цалин урамшууллыг нь хангалттай сайн өгөөд явахад болно. Харин хүнийхээ хувьд үнэнч, ёс журамтай хүнд бол тухайн шатанд хариуцлага хүлээлгэн зэрэг дэв олгох нь оновчтой. Учир нь тушаал дэвшингүүт тодорхой хэмжээгээр өөрөө өөрийгөө мэдэх, эрх мэдлийнхээ хүрээнд нэг ёсондоо хяналтаас гадуур байх болдог (мэдээж бүрмөсөн гадуур болохгүй, гэхдээ байнга цагдаад байх боломжгүй). Компанийн нарийн нандин нууц, цаашдын төлөвлөгөө зэрэг ч гарт орж ирэхээс гадна, тайлан баланс дээр худал мэдээлэл гаргах энэ тэрд доод шатны хүн бол амархан баригдах бөгөөд, угаас үнэхээрийн чухал хариуцлагатай зүйлийг даалгахгүй. Харин тушаал ахингуут ийм боломжтой болж ирнэ. Иймээс итгэл даах хүн л биш бол чухал нандин суудалд тавих нь аюултай. Бас удирдлага дор ажиллах хүмүүсийн урам зориг, мотивацийг бодсон ч гэсэн, хүний хүндэтгэл хүлээхээргүй овилгогүй нөхөр дарга болвол ажилчид ажилд сэтгэлээсээ хандахыг байна.
Манай компанийн боловсон хүчний системд дээшээ ахиж дэвших замыг профешионалын болон карьерын гэж хоёр хувааж боловсруулсан байдаг. Профешионал нь бол тодорхой нэг хүрээнд гүнзгий мэдлэг, туршлагатай болж, түүндээ улам гаршиж явах бөгөөд төдийчинээ цалин пүнлүү, мэргэжлийн зэрэг нь ахина. Харин доороо лайн (line) буюу гартаа удирдах хамт олонгүй. Тийм хүмүүс менежер, синиор менежер, хэлтсийн хариуцлагатан гэх маягаар дээшлэнэ. Харин доороо лайнтай карьер талын хүн бол группын дарга, тасгийн дарга, хэлтсийн дарга, төв хэлтсийн дарга гэх зэргээр тушаал ахина. Дээр бичсэн Сайго Такаморигийн үгтэй уялдаж байгаа биз?
За тэгээд ярианыхаа эх рүү буцахад, Жаргалсайхан гуайг сайн бизнесч, мань мэтийг бодвол хийсэн юмтай хэлэх үгтэй хүн гэдэгтэй маргахгүй. Гэхдээ төрийн өндөр зэрэг суудалд суух болзолыг үгүй ядаж ёс журмын талаас нь хангах хүн үү гэдэгт гүн эргэлзэл төрнө. Энд мэдлэг боловсрол гэх мэт шалгуур луу ч ороогүй байна.

Домогт эмэгтэй - Хэлэн Кэллэр

Сохор байх ямар байдгийг өөр дээрээ төсөөлж үзээгүй хүн ховор бизээ. Гэнэт маргаашнаас эхлээд юу ч харахгүй болвол өдөр тутмын амьдрал яаж өөрчлөгдөх вэ? Төсөөлөхөөс аймшигтай. Тэгвэл зөвхөн сохроор зогсохгүй дүлий, хэлгүй зэрэгцвэл яах вэ? Нүд, чихээр дамжиж орж ирэх гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдаж, зөвхөн гар биеэр тэмтрэх, халуун хүйтнийг мэдрэх төдийгөөр хязгаарлагдах ертөнц! Өлсөж байна, даарч байна, тэнд өвдөж байна гэж хэлье гэхнээ хэлж үл чадна.
Ийм хувь тавилантай золгосон хүмүүс ховор боловч, бас огт байхгүй биш. Тэдний нэг болох Хэлэн Адамс Кэллэр (1880-1968) хүний оюун ухаан, тэвчээр хөдөлмөрийн гайхамшиг болж түүхэнд мөнхөрсөн бөгөөд, амьдрал нь сая сая хүмүүст зориг, итгэл хайрлаж ирсэн билээ. Сохор бөгөөд хэлгүй-дүлий хүмүүсийн түүхэнд анх удаа их сургууль төгссөн, амьдралдаа 13 ном бичиж, тахир дутуу хүмүүст зориулсан олон байгууллага, коммюнитиг байгуулан, олон газраар явж лекц уншин, сохор хүмүүст зориулсан Брэйл бичгийг (braille) олон улсын нэгдсэн стандартад оруулах зэрэгт хувь нэмэр оруулсан юм. Америкийн Алабама мужид төрсөн тэрээр дөнгөж 19 сартайдаа өвчний улмаас сохор, хэлгүй-дүлий болсон байдаг. Өөрийг нь тойрон хүрээлж буй хорвоо ертөнц, хүмүүс ямар өнгө төрх, шинж байдалтай болохыг анхнаасаа мэдэхгүй байна гэсэн үг. "Ногоон навч" гэхэд ногоон гэж юу болохыг мэдэхгүй. Байгалийн үзэсгэлэн гоог амьдралдаа ч үзээгүй, тэнгэр дэлхий, нар сараа байг гэхэд ачит эхийнхээ нүүр царайг харж чадахгүй, дуу хоолойг нь ч сонсч чадахгүй байна гэдэг аяа, тун ч хөөрхийлөлтэй! Хүмүүсийн яриаг сонсч чадахгүй учир ердийн хүүхдүүдийн адил аяндаа үг ухагдахууныг сурна гэж байхгүй.
Энгийн харилцааны хэрэгслүүд ашиглах боломжгүй ийм нөхцөлд Анни Салливан хэмээх сайхан сэтгэлт багш бүсгүй уйгагүй оролдсоор түүнд гараар дүрсэлж бичих аргаар хүмүүстэй харилцах арга болон юмны нэршлүүд, үг ухагдахуунуудыг зааж, улмаар уншиж бичихэд сургасан байдаг. Энэ хоёрын тухай The Miracle Worker (1962) хэмээх алдартай кино бий. Анх ойртохоор Хэлэн охин өшигчөөд, самардаад, муухай аашлаад, ер хэлснээр болж өгөхгүй. Муу дээрээ муу, муухай дээрээ улцан гэдэг шиг ядаж байхад ярдаг. Энэ нь сохор дүлийгээс үүдэх айдас, стрессээс болж байжээ. Юу ч харж, юу ч сонсч чадахгүй ертөнцөд амьдарч буй охины хувьд үл үзэгдэх гар өөрт нь хүрч, энд тэнд нь дарж, хаа нэг үл мэдэх зүг рүү барьж очиж, түүний дараа ам руу нь юм чихэж, нэг мэдэхэд усанд оруулна. Ёстой өдөр бүр хар дарсан зүүд гэсэн үг. Тэрээр өөрийн дурсамж номонд "Би хаяа хоорондоо харилцаж буй хоёр хүний дунд зогсож байх бөгөөд тэдний уруулд гараа хүргэж үзнэ. Тэгээд тэд яаж харилцаж байгааг мэдэх цөхрөл барагдаж, хамаг нерв барагдана. Өөрийн минь уруул ямар ч үр дүнгүй, хий хөдлөхөөс цаашгүй. Уур бухимдалдаа би бүх хүчээ шавхагдан ядартлаа өшигчин тийчилж, хашгирдаг байлаа".
Мөн тэрээр үг үсэг сурч эхлэхээс өмнө үеэ дүрслэн, "Тас харанхуй нөмөрсөн хөлгүй их далайн дунд аварга хөлөг онгоц зүг чиггүй уухайлан урагшлах бөгөөд аймшиг түгшүүр бүрэн эзэмдэж, цааш юу болохыг эс мэдэх тул зүрх дэмий л түг түг цохилно. Хичээл сургуулилт эхлэхээс өмнө миний байр байдал яг энэ хөлөг онгоц шиг байсан юм. Луужин баримжаа ч үгүй, боомт зогсоол хаа байгааг бүү мэд. Гэрэл гэгээг, гагцхүү гэрэл гэгээг надад хайрла! гэж зүрхэн дотроо орь дуу тавьж байлаа."
Харин Салливан багшийн хичээл эхэлснээс хойш бүх юманд нэр оноолт байдгийг мэдэх болж, нэг шинэ нэршил сурах болгонд нэг шинэ бодол санаа төрж, аз жаргал бялхах болжээ. "Яг тэр үед би өөрийнхөө шидэж хагалсан хүүхэлдэйг гэнэт санаж хэлтэрхийнүүдийг нь цуглуулан нийлүүлэх гэж оролдов. Миний нүдэнд нулимс бүрхэж, амьдралдаа анх удаагаа харамсах, уярахыг мэдэрч билээ." Энэ нь түүний өөрийнх нь бичсэнээр үнэхээр "Мэдлэг бол хайр, гэрэл гэгээ, хүсэл мөрөөдөл юм" (Knowledge is love and light and vision) гэдгийг үзүүлэх нэг жишээ. Төрснөөсөө хойш тэгэхэд л анх "шинэ өдөр ирэхийг тэсч ядан хүлээхийг" мэдэрч билээ гэж тэрээр номондоо дурссан байдаг.
Цаг өнгөрөх тусам түүний боловсрол зузаарч, уран зохиолын болон сонгодог өч төчнөөн ном бүтээлтэй уншиж танилцах болжээ. Тэр ч бүү хэл франц, герман, латин зэрэг гадаад хэл сурч, тэдгээр хэл дээр ном зохиол уншиж байсан нь эрүүл нүд чихтэй бид ч өөрсдөөсөө ичмээр. Бас энэ явцад тэрээр ярьж сурсан байдаг. Өөрийнхөө юу ярьж байгааг сонсч чадахгүй нөхцөлд төвөнх, хэл уруулын хөдөлгөөнөөр тааруулан ярьж сурна гэдэг асар их, уйгагүй хичээл зүтгэл шаардсан ажил байдаг бололтой.
Бичсэн номыг нь уншиж байхад, тэрээр өөрийнхөө бодитойгоор харж байгаагүй, сонсч байгаагүй ертөцийг ямар сайн мэдэж, ямар уран гоёор дүрслэн илэрхийлж байна аа гэдэг нь гайхшрал төрүүлнэ. Хүний оюун ухаан, танин мэдэхүйн хүч гэдэг агуу юм. Заавал бодитойгоор харж, сонсч байгаа бүхнийг мэднэ гэж ч юу байхав. Үнэндээ шинжлэх ухааны хүчээр хүн төрөлхтөн нүдэнд үл харагдах бичил ертөнц, эсвэл санаанд үл багтах огторгуй галактикийн тухай тодорхой төсөөлөл, зураглалтай болж чаддаг нь үүний нэг жишээ гэж хэлж болно.
----------------------
Өнгөрсөн долооногт Хэлэн Кэллэрийн Миний түүх (The Story of My Life) номыг уншсанаа танилцуулж бичлээ.

2006/10/15

Чих хазагч махчинг жигших нь

Ирэх 7 хоног ачаалалтай байх учир өнөөдөр эртхэн унтах санаатай, долоо хоногт уншсан номын тэмдэглэлээ ч бичихийг болъё гэж байлаа. Тэгтэл Наранбаярын блог дээрээс Жаксоны ардчилал манайд туйлширсаар -ыг уншсан биш юм хэлэхгүй бол санаа амрахгүй болж дотор арзагнаад явчихав. Байгаль орчны яамны хэлтсийн дарга Г.Энхээ гэгч нөхөр яамны нэг ажилтныг зэрлэгээр зодож, чихийг нь тасартал хазжээ. Бас түрүүхэн Нийслэлийн Иргэдийн хурлын гишүүн Түмэнгэрэл гэгч нөхөр ажлаа гүйцэтгэж явсан ирээдүйтэй чадварлаг залууг ар нуруунд нь хутгалж алсан. Түүний өмнө УИХ-ын гишүүн Батаа нэг залууг гавлаж байгаад зэрлэгээр зодож гэмтээсэн. Энэ Монголын төрд юу гээч махчид араатад гараад ирэх нь энэ вэ!

Төрийн өндөр албан хаагч хүн хүний ёсонд байж боломгүй авир гаргасан энэ явдалд хэн хариуцлага хүлээх ёстой вэ? Үүнийг зөвхөн уг хүнтэй нь холбоод, эсвэл системийн буруу гэж бүрзгэр саарал юманд тохоод өнгөрч болохгүй. Зохих ёстой хариуцлага зохих хүндээ очихгүй бол үүнтэй төстэй явдал дахиад л гарна. Би бол энэ удаагийнхад Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатарт хариуцлага хүлээлгэх, огцруулах ёстой гэж бодож байна. Ингээд хэлэхээр магадгүй зарим хүнд арай ч хэтэрнэ ээ гэж санагдаж магадгүй. Энэ бол бид тийм доод түвшний соёл, зан байдалд дассаны шинж. Хүлээн зөвшөөрч, эвлэрч байна гэсэн үг. Ажлаа хийж яваад алдах эндэх тохиолдолд ч огцрох, халагдах явдал бий. Тэгэхэд ажлын хариуцлагаас бүүр наад захын, хамгийн доод хэмжээнд тавигдах ёстой, хүн гэдгийн хувьд ёс зүйн гутмаар үйлдэл гаргасан байна шүү дээ.

Гол нь сайд өөрөө тэгээгүй учир хамаагүй бишүү гэж маргах бизээ. Үгүй ээ, хамаатай. Албан тушаалд томилсон хүн гэдэг бол тэр хүний давхар батлан даагч гэсэн үг. Японд албан тушаалд томилох асуудал дээр битгий хэл, ердийн хоёр хүн нэг нь нөгөөдөө хүн танилцуулж ямар нэгэн харилцаанд зуучлахад үнэхээр итгэдэг, найдвартай хүнээ л танилцуулдаг. Учир нь өөрөө танилцуулсан явдалд хариуцлага хүлээнэ, тэр хүний кредит давхар байж байдаг болохоор.

Монголд байдаг нэг ТОМ МУУХАЙ ДАДАЛ бол ямарваа асуудлын хариуцлагыг дээр байгаа хүн хүлээдэггүйд байдаг. Японд бол төмөр замд гэмтэл осол гарлаа, худалдаанд гаргасан бараа хүний биед хортой байлаа гэхэд ерөнхий захирал нь хариуцлага хүлээж огцрох жишээ тун олон. Доод ажилтны хийж байгаа үйлдэл, шийдвэр бүр нь дээд тушаалтны зөвшөөрөл, хяналтаар дамждаг учир дээр байгаа хүн шууд хариуцлага хүлээдэг. Миний ажил дээр гэхэд л, дарга байх гэдэг үнэхээр хүсмээргүй бэрх ажил гэж санагдахаар байдаг юм. Наад захын жишээ, өдөрт зуу зуугаараа мэйлээр явагддаг өдөр тутмын ажил хэргийн яриа (компанийн доторх ч тэр, гаднах ч тэр). Нэг муу захын ажилтан надад л гэхэд өдөрт 50 орчим мэйл ирнэ, түүнд хариулах зэрэгт бас л 30 орчим юм болно. Чухал асуудал байх тусам мэйлийн "Cc"-д даргын хаягийг оруулах ёстой. Ганцхан би биш, манай тасгийн хэд бүгдээрээ. Cc-д оруулчихаар л тэр асуудалд дарга хариуцлага хүлээх ёстой болж байгаа юм. "Би мэдээгүй, өө тийм юм болсон юмуу?" гээд сууж байх эрхгүй. Бизнесийн ертөнц хатуу. Тасгийн дарга, менежер нарт бол өдөрт дунджаар 100-гаад мэйл ирдэг шиг байгаа юм, тоолж үзээгүй болохоор мэдэхгүй байна. Лав л хоёр өдөр амраад ирэхэд нь 200 гаран мэйл ирсэн байсан гэж байсан. Хэлтсийн дарга болонгуут өдөрт 200 болдог юмуу, 300 болдог юмуу мэдэхгүй. Ширээн дээр нь очоод гуравхан үг солих зуур ар араасаа мэйл орж ирж байгаа нь харагддаг юм. Хувийн баримт бичиг гаргуулах гэх мэт энгийн юман дээр хүртэл компанийн интра системээр дамжиж даргын зөвшөөрөл хэрэгтэй болно. Тэр бүгдийг нэгбүрчлэн шалгаж уншина. Дээрээс нь өдрийн ихэнх цагт хурлын төлөвлөгөө, аппоинтууд орсон байдаг. Тийм хүмүүстэй зэрэгцүүлээд өөрийгөө завгүй гэж хэлэхэд ч ичмээр. Тасаг хэлтсийн дарга тийм байгаа юм, CFO, COO, за тэгээд CEO (ерөнхий захирал) бол юу болдог болоо. Компанийн шинээр хэрэгжүүлэх төсөл, шинэ үйлчилгээ, бизнес, эсвэл ердөө ганц сарын компанит ажил, бусад олон асуудлууд бүгд тойрох хуудсаар дамжина, тэр бүхэн дамжиж ирэх учир хариуцлага хүлээнэ. Боловсон хүчний дарга боловсон хүчний байр сууриндаа, Санхүүгийн дарга (CFO) санхүү талаас нь, Хууль зүйн хэлтсийн дарга гэрээ маягт, corporate compliance, хууль эрх зүйн зөрчилгүй байх талаас нь хариуцлага хүлээж тойрох хуудасны системд зөвшөөрөл бичнэ. Нэг том хэрэг мандвал тэр талын хүн хариуцлага хүлээнэ. Тиймээс тэд үхэн хатан, ердийн ажилчдаас илүүтэй махаа баран ажиллаж байдаг. Ингэж тушаал дэвшснээс мөрөөрөө энгийн ажилтан байх нь аз жаргалтай, сэтгэл амар юм байна гэж бодохоор. Миний хамт ажиллагсад үнэхээр ч тэгж ярьдаг.

Тэгвэл Монгол дарга ямар аз жаргалтай вэ? Сайн сайхан бүхнийг өөртөө зүүгээд, муу юм болонгуут тухайн ажилтан буруутай. Ажлыг доодохууд нугалж өгнө, өөрөө бол семинар, айлчлал, хүлээн авалт. Дээр нь авилга гэдэг амтат бялуу.
Олон улсын шуудангаар иргэдийн үнэ цэнэтэй өч төчнөөн бичиг баримт алга болоход Монгол Шуудан компанийн захирал огцрохоо байг гэхэд ядаж нэг удаа албан ёсны уучлал гуйсан уу? "Би мэдэхгүй, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн ёс суртахууны асуудал" гэчихээд өөрөөсөө зайлуулна. Мэдэхгүй юм бол, хариуцлагын хүрээнд нь байхгүй юм бол дээр нь юу хийх гэж дарга сууж байгаа хэрэг вэ?

ЭМОС клуб анхны номоо Мөнхийн үсэг компаниар хэвлүүлсэн юм. Тэгэхэд захиалга өгсөн 1000 хувиас 50 ширхэг нь дутчихсан гэсэн. Энэ чинь дутуу байна гээд захирал дээр нь орсон чинь, үйлдвэрийн нэг дамжлага дээр ажилладаг Дулмаа нь ч юмуу, Должин нь ч юмуу нэг авгай дээр дагуулж очоод, "энэ хүний л гараар дамжсан байх ёстой, энэ хүнтэй л тооцоогоо бод" гээд сууж байсан гэсэн. Японд, ер нь ердийн бизнес хөгжсөн оронд бол компанийн дотор хэн яаж хариуцлага алдсан нь гаднах харилцагчид хамаагүй. Хэн нэгнийг зааж өгөөд "би мэдэхгүй, энэ хүнтэй тооцоогоо бод" гэвэл Япон компани дахиж тэр компанитай хэзээ ч харьцахгүй. Зуун хувь.
Тэгээд нөгөө Дулмаа, Должин авгай нь "яасныг би мэдэхгүй, намайг ойлго би олон хүүхэд шуухадтай" энэ тэр гэж өөдөөс нь баахан зовлон тоочихоор манай ЭМОС-ын хүн юу гэх вэ дээ. Ердийн бизнесийн харилцаанд бол гадны харилцагч, захиалга өгөгчтэй түүнтэй харилцах цонх болж байгаа хүн л бүх тооцоогоо бодож, аваа өгөөгөө шийддэг. Шат шатанд тухайн хүрээний дарга нар хариуцлага хүлээж, томоохон асуудал болоход гадны бүх ертөнцийн өмнө компанийг төлөөлж байгаа CEO, эсвэл Төлөөлөн удирдах зөвлөл тэр чигээрээ хариуцлага хүлээнэ.

Хувийн компани бол бас яахав гэхсэн, төрийн байгууллага, түмний татвар дээр сууж, түүний өмнө хариуцлага хүлээж байгаа засгийн хүмүүс бол бүр ч хүнд хариуцлагын байр сууринд байгаа улс. Японд яам тамгын газрын хэлтсийн дарга битгий хэл тасгийн дарга нь л гэхэд маш их шалгуур дамжсан чадварлаг хүн байх учир "Байгаль орчны яаманд тасгийн дарга" гэвэл ер нь л элит гэж сонсогдоно. Ажлын мэдлэг, арга чадварыг байя гэхэд ердөө боловсон хүнд байх ёстой ёс жудаг, соёлын түвшин нь ойлгомжтой. Юун хүний чих хазаад, танхайраад явж байх.

Монголд байгаа юм бүхнийг үгүйсгэж, эх орноо муулах хүсэл алга. Гэхдээ ганцхан энэ явдал л гэхэд, манай нийгэм ямар аймшигтай байгааг хангалттай харуулж байна. Залуус минь, ганц ганцаараа бол бид юуг ч өөрчилж чадахгүй, юунд ч хүрэхгүй. Японд Эдогийн үед ном солилцож уншдаг байсан хэсэг хүмүүс яваандаа эдийн засаг, бусад асуудалд бие биенээ дэмжиж татдаг хүчтэй сүлжээ болсон түүх байдаг. Зөв юм бодож, зүрх чинь халуунаар цохилж байгаа бол тийм санаа нэгт нөхдөөр хүрээлж одооноос бие биесийг түрэн дэмжицгээе.

2006/10/14

Блогжиж буй Япон

"Мэдээлэл холбооны цагаан бичигт"(1) дурдсанаар Японд 2005/03 байдлаар 8.6 сая блог нээгдээд байгаа аж. Энэ тоо яг энэ мөчид 10 сая давсан байгаа нь эргэлзээгүй. Текноратигийн судалгаагаар дэлхий дээр өнөөдөр 55 сая блог байгаа бөгөөд сүүлийн үед шинээр мэндэлж буй блог бүрийн 32% нь япон блог болох нь тодорхой болжээ. Япон блогжилтоороо дэлхийд топ раннер болов.
Блог олширно гэдэг бол тухайн хэл дээрх мэдээллийн сан төдий чинээ зузаарахын нэр. Өнөөдөр япончууд хүзүү хөшингүүт нэт дээр хайлт хийж байна, эксэл ашиглах заавар хайхад л өч төчнөөнөөр гараад ирнэ. Чухам мэдээллийн гээд байгаа энэ эринд хэн юугаараа баян байх вэ? Компьютерээр үү? Гар утас хэрэглэдэг тоогоор уу? Үгүй. Хариулт ойлгомжтой байхаа?
Япон блог загас мэт үржихэд миний бодлоор 2 шалтгаан байна.
Нэгдүгээрт, бродбанд дэд бүтцийн хөгжил. Америк, Англиас ойролцоогоор 50 дахин хурдан бөгөөд 50 дахин хямд холболтын дэд бүтэц Японд бүрджээ. Америкт очсон япончууд бродбанд орчинг нь голдог. Ундны ус, газ, цахилгаан, хурдны зам гэх мэт аль ч дэд бүтцээрээ Япон барууныхнаас илүү үнэтэй байсан бол 21-р зууны амин чухал инфра болсон интернэт холболтоор илт хямд, илэрхий давуу болжээ. Энэ тухай би дээхэн Маргаашийг өнгийж харахуй-даа бичсэн байгаа. Японы Тоёота машин америкийн Форд, Жи-Эмээс 50 дахин хурдан, 50 дахин хямд байсан бол юу болох вэ? Аливаа солилцоо, процесс 50 дахин хурдан байвал тэр орны хөгжлийг хэн гүйцэх вэ? Бродбанд инфра гэдэг хурдны зам шиг нүдэнд харагдаад байхгүй ч түүний үр дүн санаанд багтамгүй.
Хоёрдахь шалтгаан нь, япончуудын яс чанарт байдаг тэмдэглэл хөтлөх зуршил юм. Шиба Рёотароогийн зэрэг түүхэн роман уншиж байхад түүхийн тухайн нэг үйл явдлыг харсан, тэнд байсан хүмүүсийн 3-4ийн зэрэг өдрийн тэмдэглэл үлдсэн байх нь олон байдаг. Японы түүхчид бол азтай хүмүүс.
Нэг аялалын замд хоноглосон Youth Hostel-доо ажиглаж билээ. Тэнд буусан европ залуучууд хостелийн жижиг бааранд ууж, ярьж байсан бол япон залуучууд хажуугийнх нь тасалгаанд чимээгүйхэн өдрийн тэмдэглэл бичицгээж байж билээ. Бүр хэн нэгнээс тушаал авсан юм шиг. Монголд аялалаар явж байгаа япончуудыг хараарай, яаж ч ядарсан гэсэн орой нь тэмдэглэл хөтлөх цаг гаргаад байдаг улс. Тэд бас зураг авах дуртай. Бидний нэг хяламхийгээд л өнгөрөх мод навчны дор очоод хэдэн цагаар онилоод зогсоцгооно. Ер нь улирч буй өдөр бүрийг, агшин болгоныг бичиг үсэг, зураг сэлтэд үлдээх сонирхолтой улс шиг байгаа юм.
Ингэхэд сэтгүүлзүй буюу journalism гэдэг үгийн үндэст "jour" буюу "өдөр" гэсэн утга агуулагдсан байдаг. Тэгвэл өдрийн тэмдэглэл маягаар хөнгөн бичээд явдаг блог нь шинэ үеийн журнализм болж тодорч байгаад гайхах зүйл үгүй. Энгийн хүмүүс репорт хүргэгчид, түүнд анализ хийгчид, тоймлогчид болж байгаа нь яах аргагүй медиагийн дараагийн үе ирсний шинж тэмдэг. Хэдхэн сонин телевиз, сэтгүүлч, хөтлөгчид мэдээллийг бүрэн атгадаг, нийгмийн сэтгэхүйг жолооддог, жирийн нэг хүний үг ертөнцийн чихэнд хүрэх хүртэл асар хол, бартаа дамжлага ихтэй байсан тэр цаг үе өнгөрч байна. Үнэхээр чанартай мэдээлэл бол хормын зуурт дэлхий дахинд хүрэх боломжтой болно.
Үүний нэг том жишээ бол "Иргэн бүр сурвалжлагч" гэдгийг уриагаа болгосон Өү Май Ньюс юм. Энэ тухай өнгөрсөн 7 сард Солонгосын Oh My News дээрээ бичиж байсан билээ. Түүний туршлагаар бий болсон Японы Өү Май Ньюст анх үүсгэн байгуулагдах үе буюу энэ оны 8 сарын сүүлээр 1150 иргэн сурвалжлагч бүртгүүлсэн бол, ганцхан сарын дараа буюу 9 сарын сүүлээр гэхэд 2045 болж өсчээ(2). Энэ тоог 3 жилд 40000-д хүргэх зорилготой байгаа аж.
-------------------
(1) 情報白書
(2) Майничи сонин 2006/09/25

2006/10/09

Savaagui week (2006.10.09)

Санал хураалтын дүн
"Амжилтад хүрэх гал эрмэлзэл" номын хавтасны дизайнд нийт 145 санал хүлээж авлаа. Цаг сэтгэл гарган саналаа нэмэрлэж, комент үлдээсэн эрхэм андууддаа гүнээ талархаж байна. Ингээд "олонхийн" буюу 89 санал авсан улаан өнгийн хавтсаар хийхээр тогтов. (Дашрамд нэгдүгээр загвар 36, гуравдугаар загвар 20 санал авсан)

Өнгөрсөн хагас бүтэн сайнд ч номын засвар дээр сууж байлаа. Уул нь уржигдар эцсийн хавсралт зүүлт энэ тэрийг нь янзалж дуусаад багийн ахлагч бид хоёр утсаар "за одоо болсон байх, ингээд Монгол руу явуулах уу?" гэж ярьж байсан улс. Тэгтэл яг явуулах гэтэл бас л төвдсөнгүй, хоёулаа талаар нь хувааж эцсийн удаа 30-хан минут шалгаад явуулах юм болов. Тэгээд үзтэл бас л энд тэнд засмаар оргиод явчих нь тэр. Анх орчуулагч нар харилцан бие биенийхийгээ засч шалган, түүний дараа редакторын зөвлөл 2, 3 дамжиж хянаад, эцэст нь Монгол руу ч явуулж сэтгүүлч хүнд уншуулах зэргээр давхар давхар хянасан юмсан. Гайгүй сайн болчихлоо гэж санаа амарсан байтал, хэд хоног цааш нь тавьж байгаад дахиад харахад бас өөр харагддаг байна. Ингээд энэ хагас бүтэн сайнд төлөвлөж байсан бусад ажлаа цуцлаад засварт анхаарлаа төвлөрүүлэв. Харин одоо санаа амраад сууж байна, сэтгэлд дутуу юм үлдэх дэмий байдаг хойно. Ном орчуулна гэдэг ... амаргүй эд юмаа. Найруулга нь нэг мэдэхэд таг түг хийгээд модон болоод явчихдаг, бас философилог яриа гарч ирэнгүүт монгол үг илт дутагддаж хамаг үсээ зулгаадаг. Гэхдээ яахав, засах явцад өнгө ороод илүү гоё болоод байгаа өгүүлбэрүүдийг харж нэг урамшина.

Уншсан ном
1) Д.Баярхүү (ред.) Бидний араншин - Гурван монгол зодолдоно. 2005, Монсудар хэвлэлийн газар.
Баабар, Баярхүү, Цогтсайхан зэрэг архаг нийтлэлчдээс эхлээд Батчулуун, Тэмүүжин, Эрдэмбилэг гэсэн залуу бичигчдийн ойрын нэг хоёр жилд бичсэн час хийсэн нийтлэл бүтээлүүдийг эмхтгэжээ. Уншихаар монголоо баахан шүүмжилсэн юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ зүгээр, залуу хүн өөрийн гэсэн нүдтэй болохын тулд нийгмийг шоолж шүүмжилсэн юм сайн уншиж, тархиа зөөллөж байх тустай. Уншихыг хүчлэн байж зөвлөе! Б. Батчулууны хоёр нийтлэл, Баабарын "Сэтгэхүйн хөх толбо" зэрэг чанга байсан, ер нь энэ нь илүү гэхэд хэцүү юм, аль нь ч гэсэн санаа өгөх, дотроос хатгах бүтээлүүд байна. Л.Мөнхбаясгалангийн "Би тангараг өргөмөөргүй байна" дээр "хүн зөвхөн өөрийнхөө төлөө ажилладаг, ажиллах ёстой юм" гэж сонсогдохоор хэсэг байв. Миний хувьд санал нийлдэггүй үзэл байгаа юм. Иймэрхүү Либертариан маягийн өнгө аяс зарим нийтлэл дээр мэдрэгдэнэ. Туйлширсан либертарианизмыг бол би үгүйсгэдэг, тодорхой хэмжээнд, хүмүүст санаа өгөх хэмжээнд бол болж л байна.

2) Сано Шин-ичи, Шибусава овгийн гурван үе.(佐野真一『渋沢家三代』、文春新書)
Миний Шибусава өвчлөл энэ номоор нэг хэсэгтээ завсарлах нь байна. Шибусава Эй-ичигийн буцалсан амьдрал үйлсээс эхлээд түүний хүү Шибусава Токүжигийн гунигтай чимээгүй он жилүүд, ач хүү Шибусава Кэйзоогийн (Сангийн сайд хүртэл дэвшсэн) мөн намтар хүртэл энэ номонд багтжээ. Ийм нэг гэр бүл байж дээ гэхээр байдаг л нэг ном байна.