2007/12/09

Бизнес дэх бөмбөг

(2007/01/26-нд бичсэн)


Япончууд ажил дээр “бөмбөг” гэж үгийг их хэрэглэнэ. “Ажил хэн дээр очоод гацчихав?, хаана сул зогсолт үүсэв?” гэхийг “хэн бөмбөг тэврээд байна аа?” гэх жишээтэй. Бөмбөгөөр жишээлэх нь тун оновчтой юм шиг байгаа юм. Бөмбөгөөр наадаж тоглох үед бөмбөг нэг тоглогчоос нөгөө рүү гэж, завсар зайгүй ойн үсчиж байдаг даа. Үүнтэй адил бүх ажил тухай тухайн мөчдөө хэн нэгэн эзэнтэй байна.

Тэгтэл хааяа хэний ч хариуцлагад хамаарахгүй ажил бас байж байдаг. Тэр бол хүмүүс бие биедээ найдчихсан, бөмбөг бүгдийн дунд ойчоод дэмий хэвтэж байх үе юм. Ийм байдал гаргахгүй байж, ажлын процессыг байнга шалгаж байх нь лидер хүний нэг чухал үүрэг роль болно. Момент болгонд хариуцах эзэнг тодорхой болговол бие биедээ сул найдах, цаг алдах явдал гарахгүй бөгөөд ажил хурдтай, тасралтгүй явагдана. “Би өчигдөр бүгд рүү нь бөмбөг шидчихсэн байгаа” гэдэг ч юмуу, “Энэ асуудлаар өчигдөр захирал дээр орж байдлыг танилцуулсан, захиралд атгуулсан болохоор хүлээгээд байж байя”, “цаадах чинь мэйлийн хариуг их удаадаг болохоор хүмүүс ч өөрлүү нь бөмбөг буцаахдаа хойрго болчихсон юм” гэх мэт яриаг япон компаниас сонсч болно.

Телевиз, сонин, за тэгээд ном

(2007/01/27-д бичсэн)

Миний ажиллаж байгаа газарт нэг гайхалтай толгойтой залуу байдаг л даа. Өчигдөр хальт таараад хэдэн үг сольтол ярьж байна. “Саяхнаас гэртээ сонин захиалж үзсэн чинь бас ч гэж сонирхолтой юмаа” гээд хаа нэг бөглүү тайгаас соёлт ертөнцөд орж ирсэн хүн шиг бүр үнэн сэтгэлээсээ надад “сонин” гэдэг юмыг сонин болгоод ярих нь тэр. “Банаана чинь хальсыг нь аваад идэхээр ёстой амттай юм билээ”… гэдэг шиг л.

Их сургуульд байхад нэг багшийн тухай телевиз огт үздэггүйн дээр сонин ч шагайдаггүй гэж сонсоод гайхаж байж билээ. Эдийн засгийн ухааны профессор хүн өдөр тутмын сонин уншихгүй байж яаж оюутнуудад лекц уншиж, судалгаа хийдэг болж байна аа, гэтэл хариулт нь, өдөр өдрийн мэдээллийг эхнэрээсээ цай уунгаа сонсдог, тэгээд л болоо гэх.

Нэг бодлын зөв ч юм шиг байгаа юм. Ер нь цаг үеийн мэдээ гэдэг уншаад байвал эцэс төгсгөлгүй. Ядаж байхад нэг юм болонгуут бүх мэдээллийн хэрэгслүүд яг адилхан сэдвээр залхтал бөмбөгдчихнө. Гурав дөрвөн жилийн өмнө лав Афганистаны дайн гээд л Япон даяар үерлэсэн. Ертөнцийн тэр нэг мухрын хэдэн хотын нэр, газар усны нэрийг Япон даяар цээжилсэн гэхэд хилсдэхгүй. Дараа нь Иракийн дайн гээд л. Нэг гэмт хэрэг гардаг, бас л хамаг сонин шуугидаг. Охиноо егүүтгсэн эх юм л гэнэ, тэдэн настай л гэнэ, тийм нэртэй, тэгж тэгж явсан л гэнэ. Удахгүй мартана, эргээд бодоход ямар ч хүртээлгүй. Харин сэтгүүл бол арай дээр. Анализ хийх, болж буй үйл явдлууд, үзэгдлүүдийн талаар арай илүүтэй задлан шинжилж, нэгтгэсэн тайлбар хийх талдаа. За тэгээд ном. Ном бол шинж чанарын хувьд өөр юм. Мэдээж муу ном ч байдаг, сайн сонины нийтлэл ч бий. Гэхдээ дунджаар аваад үзэхэд ном бол үлдэц сайтай, системтэй бодол, ухаан өгөхдөө илүү. Ялангуяа дөнгөж өсч хөгжиж байгаа өсвөр насны хүүхдүүдийн боловсрол дээр тэдний үнэт цагийг ТВ, сонины эрээвэр хураавар, оочин цоочин мэдээлэлд биш, цэгцтэй мэдлэг, гүнзгий бодол ухаан хайрлах номонд зориулах нь зүйтэй санагдана.

Амартья Сэн - Нобелийн шагналтан

(Хуучин блогспот дээр 2007/01/06-нд бичсэн)

Индранила блог дээрээ саяхан худалдаж авсан номоо танилцуулжээ. Зурган дотор Амартья Сэний хоёр ч бүтээл харагдсан нь надад сайхан санагдлаа. Уг бичлэгийн комент дээр нэг хүн "Who's Amartya Sen?" гэж асуусан байсан учир зохиогчийн танилцуулгатай хамт жил орчмын өмнө ЭМОС клубийн мэйл листэд явуулж байсан номын тэмдэглэлээ сэргээн тавъя гэж бодлоо.

Амартья Сэн бол 1998 онд Эдийн засгийн салбарт Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэн юм. Түүний үзэл онол зөвхөн академик ертөнцөд шагшигдаад зогсохгүй олон улсын байгууллагууд, улс орнуудын бодлого хөтөлбөрт нөлөөлж, амьдралд хэрэгжиж байдгаараа нэн далайцтай. Жишээ нь НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрөөс (UNDP)-аас жил бүр гаргах болсон “Хүний хөгжлийн тайлан” (Human Development Report) болон Хүний хөгжлийн индекс бий болоход Сэний нөлөө, оролцоо их байсан гэдэг. 20-р зуун гарсаар эдийн засгийн ухаан улам нарийсч, бие даасан тусдаа шинжлэх ухаан болон хөгжиж, муугаар хэлбэл төдий чинээ явцуурч ирсэн бол, Сэний бүтээлүүд эдийн засгийн онол, чадварлаг математик гаргалгаагаар тогтохгүй философи, улс төр, социологи гэх мэт нийгмийн бусад салбарыг өргөн хамардаг.

Сэний номуудыг уншсанаар хөгжлийн тухай концепттой болох, нийгмийн үндсэн элементүүд, ухагдахуунуудын талаар шинэ соргог ойлголттой болоход дөхөм байх болов уу. Ер нь тодорхой vision-той хүмүүс удирдагчид болвол өөрийнхөө дүр зураг, төсөөллийг хэрэгжүүлэхийн тулд тэмцэж амьдрах бөгөөд хүрэх арга зам нь ч байнгын эрэл хайгуулын дүнд тодрон харагдаж ирдэг, төдий чинээ зорьсон зүйл нь эргэлт буцалтгүй байж чаддаг мэт. Хэрэв тийм биш хүмүүс удирдагчид болвол байгуулан бүтээхэд бус, өөрийн эрх тушаал, элбэг хангамжинд хамаг ач холбогдлыг өгөх хандлагатай байдаг гэж бодож байна.

Түүний бүтээлүүд заримдаа эдийн засгийн гэхээс илүү философийн шинж чанартай байдгийн нэг учир нь эдийн засгийн ухаанд томоохон парадайм шифт (paradigm shift) явагдаж байгаатай холбоотой. Парадайм шифт гэдэг үгийг анх удаа сонсч буй хүнд тайлбарлахад тухайн шинжлэх ухааны салбарт онолын суурь шилжилт явагдаж, нэг томоохон оргил, мөчлөгөөс дараагийн том оргилд хүрэх процесс юм. Уул нуруугаар зүйрлэвэл нэг томоохон оргилд хүрсэн үед тэр оргилоос олон жижиг оройнууд салбарлан хярласан байх бөгөөд, дараагийн бүр өндөр оргилд хүрэх үед түүнээс хяр дамжин олон орой толгод салбарласан байдгийг санагдуулна. Амартья Сэнийг уншихыг зөвлөж байгаа минь, манай монголчууд нийгэм-эдийн засгийн ухааны хамгийн сүүлийн ололт, өндөрлөг дээр очиж, түүнтэй танилцаасай гэсэн хүслээс үүдэлтэй.

--------------------------------------
2006.01.10 Номын танилцуулга
Амартья Сэн, Inequality Reexamined

Энэ номын агуулга нь “тэгш байдал” (equality)-ын тухай хэлэлцэхэд хамгийн түрүүнд “Юуны тэгш байдал вэ?” гэдэг асуултыг авч үзэх хэрэгтэй гэсэн санаанаас эхлэнэ. Тэгш байдал гэдгийг ихэнх хүмүүс орлогын тэгш байдлаар ойлгодог бөгөөд, жишээ нь “тэгш байдлын эсрэг үзэлтэй” гэгдэх либертариан талынхан хүртэл, ухаад үзвэл “эрх чөлөө, эрх ашгийн тэгш байдлыг” хамгаалж байгаа гэж Сэн тайлбарлах аж. Үүний дараагаас зохиогчийн эдийн засаг, нийгмийн ухаанд оруулж ирсэн шинэ ухагдахуун “чадамж” (capability) тайзан дээр гарч ирэх бөгөөд, тэгш байдлыг хэмжихэд хувь хүмүүсийн capability (чадамж)-ийг хэмжүүр болгох хэрэгтэй гэжээ. Өнөөдрийг хүртэл гол сэдэв болж ирсэн орлогын тэгш байдал, эрх чөлөөний тэгш байдал, ханамжийн тэгш байдал зэрэг хэмжүүрүүдэд тэгш байдлыг зөв хэмжих чадваргүй гэж няцаалт өгсөн байна. Ялангуяа ядуу хүн, баян хүн, ядуу орон, баян орон гэх мэт, орлогыг суурь тэгш байдлын хэмжүүр болгож ирсэн байгаа. Сэний дэвшүүлсэн санал бол "чадамж"-ыг хэмжүүр болгох явдал. Орлого гэдэг тухайн нэг "хэрэгслээр" тэгш байгаа эсэхэд шууд үнэлгээ өгөх бус, хувь хүн тухайн орлогыг амьдралынхаа сайн сайханд (well-being) хувиргах чадамжийн олонлогоор үнэлгээ өгөх гэсэн санаа. Яг адилхан 100 долларын орлоготой хоёр ядуу хүний нэг нь маш хүнд архаг өвчтэй, нөгөө нь ердийн эрүүл байсан тохиолдолд энэ хоёр хүний well-being адилхан байна гэж хэлж чадахгүй. Өөр жишээ татахад, хоёулаа адилхан унадаг дугуйтай хүн байлаа гэж бодоход, нэг нь тэр дугуйг ашиглан нааш цааш явахад уналга болгох зэргээр тухайн хүний well-being-д дугуй эерэгээр үйлчилдэг байя. Харин нөгөө хүн нь хөлгүй учир хэдий дугуйтай боловч түүнийг унаж эдлэн well-being-ээ өсгөх боломжгүй байг. Энэ тохиолдолд тэр хоёрыг адилхан л дугуйтай гэдгээр нь хэмжин "тэгш" гэж авч үзэх боломжгүй. Номын гол үзэл санааг жижиг зайнд багтаая гэвэл ийм байна.
-------------------------
2005.12.21
"ON ETHICS AND ECONOMICS", 1988, Blackwell Publishing.
Зохиогч: Amartya Sen

Бүгдэд нь мэнд. Єнгєрсєн 7 хоногт уншсан номоо танилцуулъя. Миний яг л хүлээж найдаж байсан сайхан ном байлаа.
Орчин үеийн эдийн засгийн онолд, бvх гаргалгаа, тооцооны хамгийн эх цэг, vндэс болдог нэг assumption байдаг. Тэр нь хүний авир үйлдлийг авч үзэхдээ (assumption болгож) “зєвхєн хувийнхаа сонирхолд хєтлєгдєх бєгєєд, өєрийн ханамжийг maximum хэмжээнд хүргэхийг зорино” гэж тодорхойлдог. Үүнийг микро эдийн засгийн онол тулгуур assumption болгож, эндээс эхэлж, бусад бvх онол, тооцоо нотолгоо эх аван салбарладаг. Ялангуяа Адам Смитийн “Үндэстнvvдийн баялаг”-аас эх авсан “Хvн бvр өєр єєрсдийнхєє тєлєє амьдрахад, тэр нь нийгмийн тєлєє болж, эцсийн бүлэгт бvгдээрээ хожино” гэсэн “Үл үзэгдэгч гарын хүчээр” бvх юм зохицуулагдах тухай ойлголт үүнийг онолын хувьд найдвартай ар тал нь болж түшсэн юм. Өєрєєр хэлбэл эдийн засгийн ухаанд авч үздэг Хvн гэдэг амьтан нь маш хүйтэн бєгєєд хувиа хичээсэн, ховдог шунахай (өєрийн ханамжийг хязгааргүй ихэсгэхийг тэмvvлсэн) тийм дvр тєрхтэй “homo economicus” байдаг. Амартя Сэн үүний сул талыг уудлан гарган ирж, эдийн засгийн ухаан этикийн талын элементvvдийг оруулж, суурь тавилт болгон авч үзсэнээр улам бодитой тайлбар хийх чадвартай болох бєгєєд, илүү хүчирхэг ухаан болж хєгжинє гэж тайлбарлажээ. Адам Смитийг хожуу үеийн эдийн засагчид яаж буруугаар ойлгон тайлбарласан тухай сонирхолтой тайлбар ч бий. Эрх (rights), эрх чєлєє (freedom), ханамж (utility), well-being, үнэц (value), Парэто оптималчлал (Pareto optimality) гэх мэт олон тvлхvvр үгнүүдийн утгыг эргэн авч үзэж шинжлэн, нухацтайгаар дахин тайлбарласан буй. Ийнхvv тvлхvvр vгнvvдийг буюу principle-vvдээр “оролдож” шинэ тайлбар, санаа гарч ирнэ гэдэг нь аливаа шинжлэх ухаанд парадигм өєрчлєлт хийгдэх үед л илэрдэг зүйл гэж болно. Хvнд зєвхєн хувийнхаа аз жаргал (well-being)-г томруулах гэсэн нэг мотивац байхаас гадна, бусдад єгєгч (agency) байх тийм мотивац бас байдаг, тvvнийг анхаарлын тєвєєс гаргаж болохгvй гэх мэт санаануудыг энэ номноос уншиж болно. Гаргалгаа явсаар байгаад хамгийн сvvлийн бvлгийн нэг “Welfare, Goals and Choices” дээр (миний хувьд) оргилдоо хvрнэ. Ядаж энэ бvлгийг бол заавал уншууштай.

2 comments:

eldorado said...

sain baina u?
unshigch tani bna.
Ene 2 nomnii tuhaig ni unshtal araanii shuls goojij bnaa. iim goyo nomnuudiin tuhai duulgasand bayarlalaa. Mongoloor orchuulagdsan bdag u? ugui bol ta baabar guai shig orchuulan mongolchuudiinhaa hurteel bolgooch gej husye. za tiim zawgui bol uur busad unshsan nomnuudiinhaa tuhaig ingej goyo bichihiig husch baina.

Кёкvшюзанд зориулав

(Хуучин блогспот дээр 2006/12/06-нд бичсэн)

Миний сумогийн талаарх мэдлэг нимгэн. Огт сонирхдоггүй биш л дээ, хэдэн жилийн өмнө бол тухалж байгаад үздэг байсан, харин сүүлийн үед огт үзэхээ байж. Угаасаа телевиз үзэх зав ер олдохоо байсан. Монголд байгаа хүмүүстэй сумо яривал лав миний япон хэл дутна.

Тэгсэн хэрнээ Кёкүшюзаны тухай гурван үг холбох санаатай. Бас л сайн мэдэхгүй, уулзаж нэг үг сольсон удаагүй. Японд ирээд удаагүй байхдаа нэг танилыгаа “Сумогийн барилдаан дээр очъё, чадвал Кёкүшюзантай зургаа авахуулъя” гэж хэлэхэд нь алдартай хүнтэй зураг авахуулах гэж чаргууцалдаж явах утгагүй санагддаг болохоор “за би болих уу даа, тэр Батбаяр гэдэг хүнтэй авахуулсан зургаар юу хийх юм” гэж тоглоом шоглоомын хооронд хэлээд өнгөрч байсан санаанд орж байна. Одоо бол өөрийн хүндэлдэг хүн гэдэг утгаар дуртайяа авахуулна.

Оршил урт болоод явчихлаа, ердөө л Кёкүшюзанд япон заншлаар “Хонтоү ни оцүкарэсама дэшита” (Та үнэхээр их хичээлээ, сайн хийлээ гэсэн утгатай) гэж хэлэх гэсэн юм. Анхны монгол сумоч маань өнгөрсөн башо буюу 3 долооногийн өмнө зодог тайллаа. Сумо нэг их сонирхдоггүй надад хүртэл нэгийг бодогдуулав.

Анхны монгол сумоч болохынхоо хувьд үүрэг, миссионоо тун сайн биелүүлсэнд нь заавал ингэж талархлын үг холбоё гэж бодсон юм. Энэ хүн “Мэхний их дэлгүүр” гэгдэн алдаршиж япончуудын анхаарлыг татсанаар ар араасаа олон залуусын ирэх замыг зассан. Хорвоо дээр юм анхнаасаа гэнэт хамгийн төгс төгөлдөр хэлбэрээ олно гэж байдаггүй шиг, Монголоос очсон анхны хүн шууд ёкозүна болно гэж байхгүй. Заавал эхний хүмүүс нь дэр болж байж дараа дараагийн үе улам хүчийг авч, түүх урагшаа даялдаг. Кёкүшюзан, Кёкүтэнхо нар байсны хүчинд Асашёорюү, Хакүхо нар гарч ирсэн. Анхны хүмүүс ямар байх, ямар өв соёлыг (ямар нэг орчинд байгаа хүмүүс тухайн орчиндоо нэгэн хэв маяг, уур амьсгалыг бий болгодогийг өв соёл хэмээлээ) дараагийнхандаа үлдээх гэдэг тун их учир холбогдолтой зүйл. Кёкүтэнхог бусдадаа тусч гэж сонсч байсан. Кёкүшюзан бол халуун эх оронч санагддаг. Эхний хүмүүс ийм байх нь дараа дараагийнхандаа эерэг сайн нөлөөтэй, нүдэнд илт харагдахгүй ч тийм уламжлал, уур амьсгал тогтох булаг шанд болдог билээ.

Ялангуяа Васэда их сургуульд оюутнаар элсэн орсон үед нь би дотроо ихэд сайшаан дэмжиж байсан юм (ер нь тэр үеэс л илүүтэй үнэлдэг болсон). Төдий чинээ нэр алдарт хүрсэн, тэгээд спортын, спорт спортдоо сумогийн хүн гэнэт сургуульд орно гэхээр янз бүрээр хэлэх хүн гарч л байсан. Мэдээж хүн гайхуулахаар цоортол сурж, гийгүүлээгүй байх. Гэхдээ эрдэм ном гэж тэмүүлж яваа хүн байр байдлаасаа эхлээд өөр. Сайн муу ч хийж яваа зүйл, бодож тэмүүлж байгаа нь дээшээгээ чиглэсэн, зөв чиг баримжаатай байх шиг санагддаг. Монголд явуулж байгаа байгаль экологийн үйл ажиллагааныхаа тухай Японы телевизээр ярьж байхыг нь үзэж байсан. Ухаантай юм ярьж, уран цэцнээр байлдан дагуулаагүй. Бага зэрэг бүдүүн баараг юм шиг хэрнээ зөв баримжаатай, хамгийн гол нь сэтгэл нь наашаагаа байгаа нь мэдрэгдсэн.

Нэг харьцуулалт. Асашёорюү, Кёкүшюзан хоёрын хэн нь илүү “эх орны хүү” вэ? Бодож үзлээ. Монголынхоо нэрийг Японд төдийгүй дэлхийд гаргасан Аса аваргын гавьяа үнэхээр том юмаа. Түүнд нь бахархаж, талархаад баршгүй. Гэхдээ Кант маягийн логикоор бодвол, өөрөөр хэлбэл үр дүнгээр нь биш, зорилго сэтгэлээр нь хэмжвэл хариулт өөр гарч мэднэ. Аваргын суудалд хүрэхийг эрмэлзсэн хувь хүний өөрийн сонирхол, тэмцэл нь эцсийн дүндээ улс орны хувьд ч таатай болж таарах нэг тохиолдол, хэдийгээр үр дүн нь эхний хүнийг гүйцэхгүй байсан ч гэсэн тухайн үйл хэргийг гэсэн сэтгэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирэх нөгөө тохиолдол. Энэ хоёр тохиолдлыг яаж харьцуулах вэ гэж Кантаас асуувал лав хоёрдах тохиолдолыг нь гэх байх. Нэлээд муйхар харьцуулалт л даа. Үнэндээ бол аль аль нь хайрлаж хүндлүүштэй хүмүүс.

Кёкүшюзан 14 жил барилдсан юм байна. Дээд зиндаа буюу макү-үчид олон жил удаан тогтоно гэдэг тэр бүр аавын хөвгүүд чадаад байдаг зүйл биш. Ердийн хүмүүсийн нүдэнд Оозэки, Ёкозүна, түрүүлсэн, үзүүрлэсэн гэдэг тод сонин харагддаг бол, үнэндээ доошоо уначихгүй дээд зиндаагаа хадгалж он удаан жил барилдана гэдэг өөрөө том ялалт юм. Дэвжээн дээр нийт 500 орчим ялж, 400 орчим өвдөг шороодож өөрийнхөө “сумогийн амьдрал” гэдэг урт башод 50 хувиа бат хийсэн юм байна. Залуу хүн байна, сумогийн дэвжээнээс зодог тайлсан ч цаашдын өөр шинэ дэвжээнүүдэд амжилт олж, ихийг бүтээх байх гэж найдаж байна. Чин сэтгэлээс амжилт хүсээд энэ бичиглэлээ төгсгөе.

8 comments:

khuder said...

Тантай санал нэг байна. Кёкүшүзан! Оцукарэ сама дэшита.

Хишгээ said...

алтан хараацай Кёкүшүзаны гаргасан жимаар аварга, арслангууд төрсөн билээ. Баярлалаа танд. Ер нь анхны юм гэдэг дандаа хэцүү байдаг. Хэрвээ Кёкүшүзан маань ирээгүй байсан бол ээдээ бид нар өдийд аваргүй л сууж байх байсан байхдаа

Galaarid said...

Монголчууд юмны эхлэл ямар бол төгсгөл тийм, санаа нь ямар байна заяа нь тийм гэхчлэн сургадаг, булган сүүлний тухай их ярьдаг нь үндсэндээ зөв амьдрахуйн томъёоллууд байдаг. Кёкүшүзан энэ томъёололд яв цав нийцэхээр амьдарч чадаж байгаа хүн шиг бодогддог. Их сайхан бичлэг байна. Баярлалаа.

Buyantsogtoo said...

Тогигийн энэ бичлэгийг уншаад би ч бас Шюү-гийн талаар хэдэн үг хэлмээр санагдаад блог дээрээ нэг бичлэг тавьлаа.

sod said...

kyokushuzanii talaar yaponii soninguudaar evgui zuiluud bichigdsen bsan.ter ni l unen bigii bgaasai bilee.ug ni ih l buyntai hun yumsan...

А.Ганбаатар said...

Сайн уу Тоги. Анд нь шилдэг блоггэр шалгаруулаад, хүмүүс их идэвхтэй сайхан оролцлоо. Хүмүүс өөрийг чинь хамгийн шилдгээр шалгаруулсан шүү. Баяр хүргье.

Ширчингийн Баатар said...

Batbayar sain zaluu shuu. Yostoi mongolchuudyn heldgeer bulgan suultei, buyan daguulsan zaluu hun dee. Namaig Yapond baihad ene zaluu dongoj ireed ner ni garaad shuugiulj ehelj bailaa. Mongolchuud ter uyed tsoon baijee. Nadad haayaa bilet yavuuldag baiv. Bi ochood uulzaad, sumogiinh ni hoolnoos ni ideed, eldeviig huuren yariltsdag baiv. Sergelen tsovoo, hogjoontei, ih guilgee uhaantai, huntei evteihen hartisdag tsogtoi zaluu baij bilee. Bi ter dur zugaar ni odoogoor sanaj, dursaj, dotroo ih bayarlaj yavdag yum. Chinii bichsen dursamj uneheer saihan sanagdlaa. Ih bayarlalaa. Ulam saihan yum bichij baigaarai.

Эрин М.Тулгат said...

Ta buhend ih bayarlalaa.

Ganbaatart,
Neeree Top10-t shargarsan tuhai bayarlalaa geed neg bichleg bichne ee.

Силикон валлигийн спирит

(Хуучин блогспот дээр 2006/12/03-нд бичсэн)

"Вэб хувьслын тухай" [1] нь бэстсэллэр болсон Үмэда Мочиогийн өөр нэг ном "Силикон валлигийн спирит"-ийг [2] уншлаа. Сүүлийн үед ходий болоод байгаа Mr.B-тэй уулзах үед цүнхнээсээ гаргаж ирээд танилцуулж байсан юм. Мистер Би энэ номыг "Вэб хувьслын тухай"-гаас ч илүү гэж үнэлж байсан, үнэхээр тэгж хэлж болох талтай. Эхний ном ирэх маргаашийн тухай, энэ удаагийнх нь бол өнөөдрийг хүртэлх богино түүх, мөн байдлын тухай гэж хэлж болно.


Бэй эриа, Сан-Франциско орчимд орших, хөдөөгийн жижигхэн хот "Силикон валли" (гэхдээ яг ийм нэртэй хот бол байхгүй). Нарийн технологи, аитигийн нэг түм орчим компанид хэдэн зуун мянган аити (IT) инженерүүд, менежерүүд, хөрөнгө оруулагчид амьдарч, дээрээс нь хятад, энэтхэг зэрэг гадаадын шилдэг толгойтой залуус ч хүн амыг нь нэмэгдүүлэн хөгжлийн хөдөлгөх хүчийг зузаатгах.

Компьютер, програмчлалын ажилд үнэн голоосоо дуртай, дуртай ажилдаа өдөр шөнөгүй бүх өөрийгөө зориулж амьдардаг nerd-үүд, geek-үүд, тэднийг санхүүгийн талаас нь дэмжих хөрөнгө оруулалтын фандууд, эйнжэлүүд (angels), мөн тэр бүхнийг холбож бизнесийг хөтлөн явуулах шилдэг бизнес удирдагчид, менежерүүд. Ийм хүмүүсийн бөөгнөрөл нь эдийн засгийн шинэ механизм буюу New economy-г бий болгожээ. Уламжлалт зээл, хөрөнгө оруулалтын тогтолцоогоос ялгаатай нь бизнес эхлүүлэх гэж байгаа хүн өөрийн тодорхой өмчийг барьцаанд тавих ч юмуу, эрсдлийг бүрэн өөрөө хүлээх шаардлагагүй . Фандууд жишээ нь 20 залуу вэнчэр компанид хөрөнгө оруулах бөгөөд, тэдний дундаас 2-3 нь л амжилтад хүрч, IPO (хувьцаа задлах) хийж эсвэл томоохон компанид худалдагдсан байхад бусад нь амжилт олохгүй байлаа ч зарлагаа нөхөх боломжтой. Юу ч болоогүй нялх компанид ажиллах инженерүүд, менежерүүд зөвхөн маргаашт итгэн зарим нь дундуурхан цалинтай, зарим нь ч цалингүй, компанийнхаа хувьцааг сток опшион (stock option) хэлбэрээр авч үхэн хатан ажиллацгаана. Хэзээ нэгэн цагт амжилт олж хувьцаа нь бирж дээр хэдэн тэрбумаар үнэлэгдэх эсвэл аль нэг их гарын компанид худалдагдан нэг шөнийн дотор тэрбумтан болохыг найдна. Идей, хүчирхэг шинэ технологи жинхэнэ утгаараа үнэлэгдэж, шууд амьдралд нэвтрэх эдийн засгийн систем ийнхүү Силикон валлиг хөдөлгөж байна.

Анх 1938 онд Станфорд их сургуулийн нэгэн профессор өөрийн хоёр оюутан Хьюлэтт, Паккард хоёрт судалгааны шинэ санаагаа бизнес болгохыг зөвлөж, хөрөнгө оруулагч олж өгөн, өөрөө ч тодорхой хувийн хөрөнгө оруулалт хийсэн нь Силикон Валлигийн эхлэл болсон байна. Хьюлэтт Паккардын төв компани одоо ч Станфорд их сургуулийн дэргэд байдаг гэнэ. Их сургууль, эрдэм шинжилгээний газрыг түшиглэсэн нь Силикон валлигийн хөгжих суурь болсон нь эргэлзээгүй.

Эйплийг үүсгэн байгуулагч, Стийв Жобс (Steve Jobs) 2005 онд Станфорд их сургуулийн төгсөлтийн баяр дээр уригдан хэлсэн үгэндээ "Агуу ихийг хийх цорын ганц зам бол хийж байгаа юмандаа дурлах явдал (The only way to do great work is to love what you do)" гээд "Улам улам эрэлхийлэгтүн, бүү суурьш" (Keep looking, and don't settle) гэж хэлсэн тухай энэ номд гарч байна. 70-аад оны Интэл, 80-аад оны Эйпл (Apple), Сан Майкросистемс, Оракл, 90-ээд оны Сиско Системс, Яхүү, И-бэй, тэгээд 2000-аад оны Гүүгл гэсэн Силикон валлигийн үр бүтээлүүд ямар охь үзэл, спирит дундаас бий болов? Номын хуудас бүр нь үүнд зориулагджээ.
-----------------------------
[1]梅田望夫『ウェブ進化論』)-
[2](『シリコンバレー精神』、ちくま文庫、2006
-----------------------------

9 comments:

Buyantsogtoo said...

Үнэндээ бид ч гэсэн иймэрхүү эдийн засгийн тогтолцоог бий болгох хэрэгтэй юм даа. Дэлхий дээр асар их мөнгө яахаа мэдэхгүй зүгээр л хэвтэж байна гээд байгаа биз дээ. Бид ч гэсэн тиймэрхүү бүтэц, тогтолцоог бий болгох гээд үзвэл болмоор санагдаад байгаам даа. Сүүлийн үед бүр ч ... Хятадын Далиан хот гэхэд нэг тод жишээ юм. Ер нь Далианыг нэг удаа үзчихмээр юм билээ. Сүүлийн үед Вьетнам шинээр гарч ирж байна. Дараа нь Монгол гарч ирнэ дээ гсн.

М.Огоо said...

Silicon Valley gedgiig Tsahiur Urtuu gej orchuulbal yaj bna? Ta iimerhuu shine ner tomyog onooj ogohdoo sain sh dee :)

khuder said...

Сонирхолтой зүйл бичсэнд баярлалаа

Togi said...

Ogoo-d,
Orchuulbal "Tsahiur hondii" boloh bolov uu. Gehdee gazar usnyi geh met onooson neriig orchuulahgui baisan ni deer baih tohioldol ni olon. Ulaanbaatar hotyig CNN medeegeer "Red Hero city" gehgui shig.

Buyantsogtoo said...

Ogoo chuham yaagaad Silicon Valley-g orchuulah gej uzev? Bidnii medehgui uur utga bdag yum bish biz dee? (Gazriin ner bish, uur utga gesen ug)

zalituneg said...

Mongold tsahiur ortoo gedeg nereer yum ehluuleh gej uzvel ch yadaj ner ni ch boltugai eeltei baih yum bolov uu. hehe. Buyantsogt ahaa. Delhii deer asar ih mongo yahaa medehgui hevtej baidag gej haanaas duulaa ve? Bi bas medii l daa. aan. Minii harsan uzsen, havitsan oirtson buh l yum mongonii gachaalal dund l baih shig baih yum.

М.Огоо said...

Silicon valley gedeg chini minii oilgosnoor Silk valley gedeg shig garch irsen ym bolov uu. Ug ni gazriin ner gehdee Enethegt lav sonin hevlel deer technologiin tov gedeg utgaar bichigdeed baidag ym. Tegeed l mongol hund oilgomjtoi baidlaar ehnees ni mongoloor nersheed zanshchihval gej bodson ym. Ug ni Valley geheer hundii gej buuh baih. gehdee yamar neg tuv suurin gedeg utgaar ni hundii gej nerlemeergui sanagdaad. Za medehgui baahan bursan bol uuchlaarai :)

Buyantsogtoo said...

Зальтүнэгт: би ч гэсэн тийм яриаг сонсоод итгэдэггүй л байлаа. Олон хүн ярьж, бичиж байгаа тул үнэн болтой гэж бодох болсон юм. Бас мөнгөтэй хүнтэй нь уулзаж яриаг нь сонсох боломж бас таарч байв. Гэхдээ миний явсан газар, уулзсан хүн, уншсан номын тоо гавьтай биш тул буруу ч байж болох. Та бүхний явсан газар олон, уулзах хүний хүрээлэл ч өргөн тул та нарын мэдээлэл илүү үнэн байхоо. Буруу юм бурсан бол уучлал гуйя. Монголд хамаагүй бүлтэрдэг улсууд их болохоор тэдний өвчин халдаж байж ч магадгүй.
Гэхдээ миний хэлээд байгаа зүгээр хэвтэж байгаа мөнгө бол зүгээр хэн нэгэнд май гээд өгчих мөнгө биш юм шиг байгаа юм. Тэр мөнгийг хөдөлгөхөд нэлээн том прожект босгох хэрэгтэй болтой юм билээ. Өөрөөр хэлбэл тэр мөнгө өөрөө урсаад ороод ирэх михнизмийг нь бий болгох гэсэн үг болтой. Жишээ нь Хятад мэт нь яаж тэр мөнгийг авахаа үнэн сайн мэдсэн байна. Тэр мөнгийг хөдөлгөхөд заавал Хятад шиг том байх, мөн далайтай хиллэдэг байх албагүй гэж миний авсан мэдээлэл дотор дүгнээд байгаа юм л даа.

Огоод: Силикон Ваалид олон жил ажиллаж амьдарч байгаа Ширчингийн Баатар сан Цахиуран Хөндий гэсэн маягаар хэлж байна лээ шүү. Тэгээд бодохлоор орчуулаад хэрэглэе гэдэг чиний санаа зөв болтой. Надад бол Хооливүүд шиг л сонсогдоод байдаг болохоор орчуулах шаардлагагүй гэж боддог байв.

crank said...

slee1.Silicon Valey
2.Banglore
3.Dailan ch biluu /buruu bichsen bj magdguishuu /
ehleed edgeer 3 beleehen model deer saitar sudalgaa hiigeed daraa in bidnii oorsnii Mongol iihoo ontslogt tohirson baidlaar in Solution hiivel zov ym bnoluu gej bodloo.

Кантыг уншаад

(2006/11/08-д бичсэн)

Сайн үйл, муу үйл хоёрыг яаж ялгах вэ? Энэ асуултанд, "бүх хүн түүнийг адилхан үйлдвэл байдал ямар болох вэ?" гэдгээр хэмж гэж Кант хариулжээ. Саяхан Иммануэл Кантын "Principles of Metaphysic of Morals" (道徳形而上学原論) номыг чадан ядан уншлаа. "Миний өөртөө зөв гэж бодсон зарчим хэрэв хорвоогийн түгээмэл зарчим болвол ямар байдал үүсэх вэ?" (2-р бүлэг) гэдгээр тухайн үзэл зарчим ёс суртахууны үнэ цэнэтэй эсэхийг дүгнэх аргачлал юм.
Ёс суртахууны хувьд үнэ цэнэтэй зүйл гэж юу вэ? Энэ бол ашиг унац, зан араншингийн онцлог, эсвэл аль нэг юмыг илүүд үзэх ердийн сонирхол зэргээс үл хамааран тухайн үүрэг, ёс зүйг сахин биелүүлэхэд оршдог гэж тэрээр хэлж байна. Үүнийг жишээн дээр тайлбарлажээ.
Жишээ нь худалдаачин хүн туршлага багатай худалдан авагчийг молигодож бараагаа хөөрөгдөж зарахгүй бол тэр ёс зүй буюу "үүрэгт" нийцсэн явдал болно. Тэгвэл олон худалдаачин цугларч, олон бараа эгнэсэн их хөлийн зах дээр хэчнээн арга зальтай худалдаачин байлаа ч үнээ хэтрүүлэхгүй зарах учир том хүн, балчир хүүхэд ялгалгүй сэтгэл амар худалдан авах боломжтой. Энэ тохиолдолд уг худалдаачны үйлдэл ёс зүйд нийцэж байгаа нь үнэн боловч, тэр нь өөрийн ашгийг тооцсоны үндсэн дээр явагдаж байгаагаас хэтрэхгүй учир ёс суртахууны онцгойлох үнэ цэнэ байхгүй.
Өөр жишээ. Хүн өөрийн амь насыг хадгалж явах нь нэг ёсны үүрэгт нийцсэн, ёс зүйн дагуу зүйл. Тэглээ гээд хүн өөрийнхөө амь насны төлөө онцгой анхаарал тавин явдаг нь онцлохуйц дотоод үнэ цэнэ агуулах зүйл биш юм. Амь биеэ арчлан хамгаалж байгаа нь үүрэгт нийцсэн зүйл боловч, үүрэгт тулгуурласан зүйл биш. Харин эсрэг жишээнд давхар давхар зовлон, өвчин зовиураас болж амьд явах хүсэл өчүүхэн ч үлдээгүй, үнэндээ үтэр түргэн нүд анихыг горьдон хүсэх боловч, зүрхээ чангалан амьд хэвээр байгаа хүн, тэрхүү сонголт нь амьдралд хоргодох сэтгэлээс ч юмуу, үхлээс айх айдсаас биш, цор ганц үүрэгт тулгуурласан шийдлээс үүдсэн байна гэвэл түүний энэхүү үзэл зарчим (maxime) нь ёс суртахууны үнэ цэнийг агуулна.
Бас нэг жишээ. Бусдад тусч эелдэг байх нь ёс зүйд (үүрэгт) нийцнэ. Хорвоо дээр бусдыг ойлгох мэдрэмж өндөртэй, ямар нэгэн нэр алдар ч юмуу ашиг унацын төлөө биш байлаа ч эргэн тойрноо баярлуулахыг хичээж, түүнийг жаргалд тооцон таашааж явдаг хүн байдаг. Энэ тохиолдолд, түүний бодол үйлдэл нь хэдийгээр үүрэгт нийцсэн, ашиг сонжоо хайгаагүй зүйл байлаа ч, ёс суртахууны жинхэнэ үнэ цэнийг агуулж чадахгүй. Бусдыг төлөө гэх тухайн хүний зан араншингийн онцлогоос ургаж байгаагаас хэтрэхгүй авир үйлдэл болно.
Нэр алдар горилогч төрийн түшээг бас жишээ болгоё. Түүний тэмцсэн зүтгэсэн бүхэн хотол олонд сайн сайхныг авчирч, үүрэг ёс зүйд ч нийцэж, бүх үр дүн эерэг гарч хүн зоны хайр талархалыг хүлээсэн байг. Энэ тохиолдолд ч тэр хүнийг хүндтэй байранд тавихаар ёс суртахууны үнэ цэнэ байхгүй байгаа юм...
Библи сударт, "Өөрийн хөршийг хайрла", "өөрийн дайсныг ч хайрла" гэж тушаан номлосон байдгийг дээрх зарчимтай адилтгаж болно. Үнэндээ тухайн хүний төлөв хандлага, дур сонирхлоос үүдсэн хайр бол заавал тушааж, номлоод байх юмгүй аяндаа ундран гарна. Тэгвэл үүрэгт тулгуурласан хайр гэдэг бол уг хүний дур хандлагаас огт хамаарахгүйгээр барахгүй бүр үзэн ядсан нөхцөлд байлаа ч тэр дундаас хүчлэн гаргах практикал хайр юм. Өөрөөр хэлбэл ердийн сэтгэл санааны үүдэлтэй пассив хайр биш. Ийм практикал хайр нь гагцхүү хүчтэй "санаа шийдэлд" (will буюу 意志) тулгуурласан байна. (1-р бүлэг)
Цаашилбал Кант сайн муу гэдэг хийсэн үйлийн үр дүнгээр биш, хийж үйлдэх чиг шугам болох дээр дурдсан санаа шийдлээр хэмжигдэнэ гэж үзжээ. Зөв санаа өвөрлөж, тэрхүү чиг шугамаасаа гажаагүй л бол, хэдий үр дүн нь ямар байлаа ч гэсэн “сайн” гэж дүгнэгдэх ёстой. Зүгээр нэг “ингэх ёстой” гэж бодоод өнгөрөлгүй түүнийхээ хойноос бүхнийг хийсэн боловч үр дүн нь эсрэгээр гарах тохиолдол байж болно, тийм тохиолдолд ч уг санаа шийд нь эрдэнэс лугаа үнэ цэнийг дотроо агуулсан хэвээр байх билээ. (1-р бүлэг)
(Санамж: Энд энэ номыг бүхэлд нь танилцуулахыг зорьсонгүй, зөвхөн оочин цоочин санаанд үлдсэн хэсгийг буулгасан нь энэ. Кантын гүн ухааны нарийн төвөгтэй гаргалгаа, цогц үзэл санааг миний агшуун толгой барж ойлгохооргүй юм билээ)

3 comments:

А.Ганбаатар said...

Welcome back Togi, блог ертөнцөд их олон хүн жуулчилдаг болоод байгаа нь миний муу майжгий блогийн тоолуур чамгүй эргэлдээд байгаагаас мэдрэгдээд л байна. Яг одоо л хүмүүсийн сонирхолыг татсан чанартай бичлэгүүд чинь их олон хүнд сайнаар нөлөөлөх байх. Блогоо тасралтгүй шинэчлээрэй гэж хүсье.
Кантын хувьд монгол хэл дээр ном материал байдаг юм болов уу. Унших хорхой хөдөлчихлөө. Ийм номыг эх хэл дээрээ эхлээд уншихгүй бол би арай л english-ээр нь барахгүй байх

А.Ганбаатар said...

Nuguu mungutei buguud avgaidaa hairtai hun abdag l ed dee gedeg shig Philospy-iin chglel sonirhodog ulsuudad sonin l directory olloo

http://www.ivzhao.com/plato/

Togi said...

Ganbaatar aa, bayarlalaa. Blogoo tasraltgui shinechleed yavna aa. Sanaa zovoltgui. Medeej zavgui uye taarval heseg zuur shinechlegdehgui uye garch magad. Elseltiin shalgalt geh met (he he).

Kantyin mongol orchuulga gej yostoi sonsoogui yum baina. Bas uneheer baidag bol orchuulga ni yamar baidag bol doo, gedeg ih sonin. Bi lav ene muu jijighen blog taniltsuulgyig bichih gej hedhen ugiin orchuulga deer yostoi ugee helsen. Bas sonirholtoi URL taniltsuulsand bayarlalaa.

Мэдээжийн гэвч мартаастай

(2006/11/07-нд бичсэн)

Христийн шашинд сүмийн цугларалт гэж байдгийг бид мэднэ. Үүнийг "гайхамшигтай семинар”! гэж хэлнэ. Долоо хоног бүр Ням гаригт ч юмуу цуглаж, тэнд Библи судраас уншиж, өөрийнхөө зан байдлыг эргэн шүүж, ирэх маргаашийг зөв сэтгэлтэй өнгөрөөе гэж өөрийгөө зоригжуулна. Гол нь ганцаараа биш бусадтайгаа хамт. Тиймээс семинар гэж хэлж байна. Христиан хүн амьдралдаа Библийг хэд уншдагийг мэдэхгүй. Лав л уншаагүй долооног гэж байдаггүй болов уу. Тэгэхдээ “мэгмэд зээвий дэрчин жанрайсаг...” гэдэг шиг хуурай дуржигнуулахгүй. Бодож тунгаангаа уншина.

Өөрийгөө хөгжүүлье! (ЭМОС клуб) номын тухай уншсан хүнээс “уншаад нэг хэсэгтээ маш их эрч хүч авсан шүү, харин тэгж байгаад нэг мэдэхэд хуучиндаа буцчихсан байсан” гэдэг яриа хэдэн ч удаа сонсч билээ. Энэ юуг хэлээд байна гэхээр, хүн гэдэг амьтан өөрийнхөө сэтгэлийг байнга засч, зоригжуулахыг хичээж байхгүй бол аяндаа хэврэгшдэгийг хэлж байна. “Ширээний ном” гэж ярьдаг, энэ бол дээр хэлсэн Библи шиг байнга дэргэдээ байлгаж, энд тэндээс нь харж, мөлжиж байх ном юм. Галыг унтраачихгүйн тулд байнга мөчир нэмж байх хэрэгтэйн адил сэтгэл дэх галыг унтраахгүйн тулд номоор байнга тэжээх хэрэгтэй болдог.

Өнгөрсөн долоо хоногт алдарт бизнесмэн Мацүшита Кооносүкэгийн “Зам нээх нь” [1] гэдэг номыг уншлаа. Нэг их шинэ юм харагдсангүй, ихэнх нь мэдээжийн зүйлүүд. Гэхдээ л өөрийгөө олон талаар шүүн тунгаах боломж болсон гэдэг утгаар уншсандаа сэтгэл хангалуун үлдсэн. Хүмүүс бид явж явж хамгийн сайн мэддэг, мэдээжийн зүйлүүдээ л мартчихсан байдаг. Тэгсэн мөртөө нэг гайхалтай аргыг олж аваад л “тэнгэрийн умдагаас атгах” юм шиг найдна. Үнэндээ бол хорвоо дээр бидний сайн мэддэг тэр л үндсэн зарчмууд, түүнийг биелүүлэх тэсвэр, уйгагүй чанараас өөр дөт зам байхгүй.

Мацүшита сан бичиж байна. “Хүн толинд харж үзэмжээ засдаг. Толь бол шударга, байгаа чигт нь л харуулж орхино. Миний зангиа тэгшхэн байна гэж яаж ч муйхарлалаа ч толинд харуулбал бүх зүйл тодорхой. Гаднах байдлыг ийнхүү шалгах боломжтой ч хүний доторх зүрх сэтгэлийн гажааг толинд харах боломжгүй. Тиймээс өөрийн бодол санаа, авир үйлдлийн сайн мууг зөв таних хэцүү” гэж. Гоё хэлсэн байгаа биз?

Өөрийнхөө зүрх сэтгэлийг тольдох арга юу вэ? Хүмүүстэй ярих, бусдын үлгэр жишээгээр өөрийгөө дүгнэх арга байж болно. Харин хамгийн түгээмэл, найдвартай арга ном унших явдал болов уу. Өөрийгөө өдөрт арав хорь тольддог хүн ч бий. Тэгтэл өдөрт ядаж унтахын өмнө гучхан минут зүрх сэтгэлээ чагнаж, өөрийгөө шүүн тольдож яагаад болохгүй гэж? За өдөр бүр байг гэхэд 7 хоногт нэг удаа. Яг л дээр хэлсэн Христ шашны “семинар” шиг. Тэгээд өөрийн гэсэн хэдэн Библитэй бол ч...
---------------
[1] 松下幸之助『道をひらく』PHP研究所

Локал сайтны тухай санал

(2006.11.05-д бичсэн)

Өдий болтол цөөхөн монголчууд ХАЯГЖСАНГҮЙ. Хөдөөний ардыг болъё, орчин үеийн гэх Улаанбаатар хотод шуудангийн үйлчилгээ үндсэндээ алга. Цахим технологи, онлайн худалдаа, и-коммерсоор дэлхийн хөгжлөөс хоцрохгүй байя гэвэл бараа солилцоог хангах үйлчилгээ, систем гарцаагүй хэрэгтэй. Энд хаягжилт гэдэгт мэйл хаяг ч юмуу Гүүгл аккаунтын тухай яриагүй байна л даа. Зүгээр л шуудангийн хаяг, гудамж байрны хаягийн тухай ярьж байна. 13-р зуунд дэлхийд анхны буухиа өртөөг байгуулсан Өгөөдэй хааны үр сад ийм царайтай 21-р зууныг угтлаа. Энэ бол манай төр ямар арчаагүй ноль заасан байдалтай байгааг харуулах нэг тод жишээ мөн.

Уул нь би төрийг шүүмжлэх гэж биш, өөрийгөө шүүмжлэх гэж бичиж эхэлсэн ухаантай юм. Юу гэвэл, төр засгийг шүүмжилж байгаа залуус бид өөрсдөө тэр байр сууринд очвол үнэхээр юм хийж чадах уу? Гадаад дотоодод боловсрол эзэмшсэн, элдвээр чамирхсан тэр л залуус үнэхээр уулыг нурааж усыг эргүүлэх чадалтай юу? Миний эргэлзээг төрүүлдэг наад захын жишээ бол өнөөдрийг хүртэл Японд монголчуудын локал коммюнити, боловсронгуй мэдээллийн сайт байхгүй байгаа явдал юм. Локал коммюнити, төр улс хоёр нэг харахад хамаагүй мэт боловч, мөн чанарын хувьд адил гэж хэлж болно.
Нэг улс гэдэг бол ердөө нэг хэсэг хүмүүсийн цуглуулга. Хувь заяа нь газарзүйн нэг орчинд биеийг оноож, соёлын нэг хөнжлөөр оюуныг бүтээснээс цаашгүй. Тийм хүмүүс зохион байгуулагдаад байгаа нь төр. Менежмэнт сайн хийгдэж, нийгэм бүхэлдээ дэвшиж байвал төр сайн ажиллаж байна гэсэн үг. Тэгвэл гадаадад байгаа монголчууд ч гэсэн бас хүмүүсийн цуглуулга. Ялгаагүй хэл, соёлоороо ижилссэн "бяцхан улс". Локал коммюнити хүчтэй хөгжиж, харилцан туслах нэтворкийн хэмжээнд хүрсэн бол "бяцхан төр" онц ажиллалаа гэсэн үг. Харин тухайн жижиг хүрээнд зохицуулалт хийж, орчин тойрноо өмнө байснаас илүү дэвшилд хүргэчих аавын хүү байхгүй бол тэндээс улс орныг авч явах удирдагч төрнө гэж найдахад хэцүү. Зүсэн бүрийн арга мэхээр ширээ сандалд хүрэх хүн байж болно, тийм миссионгүй, чадваргүй хүмүүсийн явах зам тодорхой.

Сүүлийн үед нэг зүйл их бодогдох болоод байгаа юм. Дахиад хэдэн жил Японд байх хугацаандаа дээр дурдсан коммюнити сайтыг бүтээчих юмсан гэж. Зүгээр л нэг сайт хийх бол ядах юмгүй байх, гол нь байнгын ажиллагааг хангах бааз суурийг нь тавих гэдэг асуудал юм. "Тийм юм үнэхээр хэрэгтэй гэжүү? Бүгдээрээ яаж ийгээд л болоод байгаа шүү дээ" гэж арай асуухгүй биз дээ. Потенциал хэрэгцээ, нүдэнд тэр болгон харагдахгүй нуугдмал ач холбогдол их бий.

Өнөөдрийг хүртэл би "манай монголчууд ийм" гэж бусдыг, ялангуяа өөрөөс дээших үеийн сэнпай нарыг шүүмжлэх маягтай явж ирлээ. Тэгээд нэг мэдэхэд, өөрийгөө анзаартал харин би өөрөө тэр хариуцлагыг хүлээх ёстой байр сууринд иржээ. Огт хийж байгаагүй биш л дээ, дээрх шиг зорилготой Амонгнэт гэдэг сайт эхлүүлж байсан удаа бий. "Дараа үеийнхээ оюутнуудад" нийтлэлээс минь энэ тухай уншиж болно. Сайт удалгүй зогссон. Цаг их орохоос гадна хамтарч дэмжих хүн олдохгүй байснаас үргэлжлэх боломжгүй болсон юм.

Одоо дахиад нэг үзээд алдах бодолтой байна. Тэгээд ч тэр үеийг бодвол монголчууд олширч, гар нийлэх нөхдүүд ч энэ хавь орчмоор эргэлдээд байна, бас бизнес утгаараа санхүүгийн хувьд өөрийгөө даах, тэрүүхэндээ болгоод явах боломж байж болохоор байна. Интернэт хэрэглэгчдийн Social Networking-д хандах хандалт Яхүү, Гүүгл зэргийг давах болоод байгаа сурагтай. Японы Микси гэхэд сар гаруйн өмнө хувьцаагаа биржид дэлгэхэд ханш нь огцом өсч маш эрэлттэй байсан.

Дэлхий дээр хаа сайгүй Чайна таун байдаг. Рийл (real) орон зай дахь хятадуудын хотхон. Тэгвэл цаашид заавал рийл хот байх албагүй. Нэг нь Хирошимад, нөгөө нь Киотод сууж байг. Уулзах газар нь виртуал Монгол Хотхон. Энэ хотын шавыг тавих, инженер байгууламжийг хийхэд нэлээд хүч хөрөнгө хэрэгтэй. Гэхдээ рийл хотыг бодвол гайгүй. Иймэрхүү санааг өнгөрсөн 6 сард Web 2.0. хэмээх бичлэгдээ бас бичсэн. Бүтэх эсэхийг сайн мэдэхгүй. Тийм амар санаснаар болох зүйл биш, хоосон мөрөөдөл төдий дуусч ч магад. Гэхдээ хэцүү гэдэг бол боломжгүй гэсэн үг биш. Эртний Грект хот улсууд хөгжиж байсан тухай түүхийн номноос уншиж байсан байх. Хот улсууд гэдэг нь миний дотор ардчилалын билэг тэмдэг байдаг юм. Хотын хувь заяаг өөрсдөө шийдэх, түүнд оролцох иргэдээс бүрдсэн хот. Рийл ертөнц дээрх улс төр ялзарч дууссан байг гэхэд нэт ертөнц дээр цоо шинэ "улсыг" бий болгох боломжгүй юм байхдаа?
Жаахан зөгнөе. Хааяа зөгнөх, мөрөөдөхөд зүгээр. Интернэт хэрэглэгчид Монголын амьдралыг жолоодох үе заавал ирнэ (угаасаа тэр үед хүн амын ихэнх нь интернэт хэрэглэгчид болно). Эдийн засгийн үгүйдээ тал хувийн эргэлт, трансакшионууд интернэт дээр явагдана. Зөвхөн Монголд байгаа хүмүүс биш, дэлхийн орон оронд байгаа монголчууд холбогдож, виртуал Монгол улс рийл Монгол улсын амьдралд шууд нөлөөлж эхэлнэ. Тэр үед бидний тэмүүлээд байгаа шинэчлэл, нийгмийн өөрчлөлт аяндаа, хүссэн хүсээгүй явагдах л болно. Эсрэгээр, түүнээс өөрөөр бол найдвар тун бага.

Япон дахь монголчуудын локал сайтыг хийнэ гэвэл та оролцох уу? Дэлхий дээр монголчуудын виртуал хотхонуудын эхнийх нь болог. Сонирхож байгаа бол юу ч гэсэн мэйл ирүүлээрэй.

Дараа vеийнхээ оюутнуудад

Өөрийн бичсэн Бусгаар тогтносон Монгол номноос.
---------------------------------------------------
(Японд суралцагч монгол оюутнуудын “Amongnet” сайтын өмнөх үгэнд бичсэн бичвэр)

Та бүхний үзэж байгаа энэ вэбсайт анх 2002 оны 2 сарын 17-нд үүд хаалгаа нээсэн юм. Япон дахь монголчуудын маань дунд мэдээлэл солилцох байнгын ажиллагаатай хоомпэйж байхгүй байгаад сэтгэл эмзэглэсэндээ анх С.Энхбаяр, Н.Цэцэгханд нартай хамтран эхлүүлж билээ. Өөрийнхөө мэдэж байсан хэдэн мэдээллийг эмхтгэн оруулж, бас “among” мэйлийн листэд хүмүүсийн бичиж ирүүлдэг зөвлөмжүүдийг нэг нэгээр нь оруулж тавиад байлаа. Хүмүүс мэйлээ латин үсгээр бичдэг болохоор нэг бүрчлэн кирилл рүү хөрвүүлж оруулна. Энэ мэтээр урагшлуулах явцад үүнд өөрийнхөө 300 гаран цагийг зарцуулсан байх юм. Хүмүүст хүргэж байгаа мэдээллийнхээ үнэ цэнийг, өөрийн зарцуулсан цагтайгаа хамт зах зээлийн ханшаар тооцвол хэдий хир юм болох бол? Гэвч хүний сэтгэл санаанд мөнгөөр хэмжигдэхгүй үнэт зүйл бас байдаг даа. Найз нар маань "чи өөрөө таашаал авч байгаа болохоор хийж байгаа байлгүй" гэж хэлдэг юм. Тэдний үг ортой байж болох ч, яг үнэндээ би хэн нэгэн Цээгий, Баагий нарт хэрэгтэй мэдээлэл өгч тусалснаар таашаал ханамж аваад байх хүн бишээ. Нэг хоёр хүн баярлаад өнгөрөх биш, нийт дундад маань харилцан тусалдаг тогтолцоо, уламжлал бий болох нь чухал. Үүнийг хэн нэг нь эхлүүлэх л ёстой гэж бодсон. Энэ бол ердөө нэг “зугаагаа гаргах, таашаал авахын” төлөөх хир хэмжээг давсан ажил байсан гэж бодож байна.
Японд сурч ажиллаж байгаа залуучууд нэгдэж ажиллаж, хоорондоо дотно харилцаа үүсгэж, бүтээлч хүмүүс болж төлөвшвөл хэр баргийн хөрөнгө оруулалт, зудны тусламжаас дутахгүй эх оронд маань хэрэгтэй үйлс болно гэж би боддог. Нүдэнд харагдах хэдэн цаасны өгөө аваанаас нүдэнд харагдахгүй ч гэсэн хүний оюун ухаан, сэтгэл санаа руу чиглэсэн үйл ажиллагаа, мэдээллийн нийлүүлэлт хавьгүй тустай. Дээхэн нэг залуу “Урам” уулзалтын зохион байгуулагч нарт хандаж “та нар энд хэнхэглэж худлаа ярьж суухаар монголдоо буцаж оч, очоод юм хий” гэж мэйлээр агсагнаж байсныг санаж байна. Энд оюутнууд яах гэж ирсэн билээ? Сурах гэж. Сурах гэдэг чинь ганцаараа ном шагайгаад суухыг хэлэхгүй, хоорондоо ярьж маргаж байж сурсан эрдэм задардаг. Бас ирээдүйд ажил дээр гарч, нийгэм дотор биеэ авч явах дасгал болно гэсэн утгаараа иймэрхүү уулзалт маш хэрэгтэй гэдэг дээр та бүхэн санал нийлэх байхаа. Ер нь өөрөө юу ч хийдэггүй хирнээ хийж байгаа хүнийг шүүмжлэх дуртай мэргэн цэцэн хүнд би үнэхээр дургүй. Тийм хүн цөөхөн ч гэсэн, сэтгэлээрээ дэмжиж яваа бусад хүмүүс нь сайн дуугарч, урам хайрлаж байхгүй бол дандаа шүүмжилж дайрч довтолсон үгнүүд сонсогдоод байх нь байна шүү. Энэ сайтийг хийх хугацаанд ч ялгаагүй. “Дизайнаа сайжруулаачээ, яасан уйтгартай юм бэ, бүр гоё болгоочээ” гээд л, ерөөсөө ганц хуруугаа хөдөлгөж тус нэмэр болоогүй байж нэхэж шаардаад байх хүнтэй олон таарлаа. Шүүмжлэл хэрэгтэй байлгүй яахав, гэвч зөвхөн шүүмжлэхээс гадна, засч сайжруулах талаар санаа оноо, бас ажилд нэмэр болох бодитой туслалцаа түүнийг нь дагалдаж байвал сайнсан.
Би анх 2-р курсэд байхдаа сургуулийнхаа Гадаад оюутны зөвлөлийн ажилд оролцдог болж, тэндээсээ сургуулиа төлөөлж Бүх Японы Гадаад Оюутны Нэтвөөк гэдэг байгууллагад ажилладаг болсон. Ингэж явах үедээ маш олон сайн хүмүүстэй учирч, ихийг сурч, бас аминдаа энд тэнд “Монгол” гэдэг нэрээ гаргаж явлаа. Ер нь би бүх оюутнууддаа хандаж идэвхтэйгээр сурч амьдраачээ гэж уриалмаар байгаа юм. Одооных шиг ихэнх нь идэвхгүй байвал, ганц хоёрхон хүн энэ бүгдийг нөхөх гэж хэрээс хэтэрсэн чармайлт гаргахаас аргагүй байдал үргэлжлэх болно. Азийнхан, тэр дундаа монголчууд их даруухан, өөрийгөө голж "за тэр лагууд нь л хийнэ биз" гэж хойш суудаг. Ингэж хүн бүр өөрийгөө голж, юмны ардуур орвол эцэстээ хэн ч хөдлөхгүй ба биелж бүтэх сайхан боломжууд хэзээ ч эргэн ирэхгүйгээр биднийг орхин одох болно. Өөрийгөө голж огт болохгүй, тэр юм хийгээд байгаа хүмүүс гэдэг нь ч гэсэн яг адилхан жирийн оюутнууд байгаа юм шүү дээ. Би өөрөө гэхэд компьютерийн талаар олигтой мэдлэггүй, энэ вэбсайтийг мэргэжлийн хүнд хэлэхэд ичмээр ердөө Word дээр хийж ирсэн.
Хуучин социализмын үед хүчээр нийгэмчилж, хүчээр нэгтгэж байсан учраас өнөөдөр “олон нийтийн ажил”, “хамтрах хорших” гэдийн талаар өрөөсгөл ойлголт, нэг үгээр хэлбэл алергитай болжээ бид. “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” гэх мэт лоозонг хоосон цээжилдэг байснаас биш, үнэхээр өөрт болоод бүгдэд хэрэгтэй учраас нийтийн үйлсэд оролцох хэрэгтэй гэдгийг ухамсарлаад оролцож байсан нь ховор. Ардчилал гэж зөвхөн чөлөөт сонгууль, олонхийн шийдвэрийг хэлдэггүй. Хүн бүр асуудалд оролцох, тийнхүү оролцох хэрэгтэйгээ ухамсарлах, оролцохыг эрмэлзэх нь ардчилалын үндэс. Америкийг аваад үзье л дээ, анх энэ шинэ тив дээр учир замбараагүй баахан хүн хүрч ирсэн ч, хүмүүсийн ухамсарт оролцоог нэгтгэн зөв зохион байгуулалтыг бий болгож, зөв иргэншлийг бүрдүүлснээр л ирээдүйн хүчирхэг гүрний суурийг тавьсaн.
Монголчуудаас идэвх шаардагдаж байгаа бас нэг шалтгаан бол Монгол орныг маань гадныхан төдийлөн мэдэхгүй байгаа явдал гэж хэлж болно. Монголыг Хятадаар бодох, тэр ч бүү хэл улс үндэстнийг маань арай ч дээ, “монголизм” гэдэг сэтгэцийн өвчнөөр (албан ёсны нэр нь “Down’s syndrom”) төсөөлөх хүн байна. Монгол гэдэг энэ жижиг буурай орон өөрийгөө зөвөөр таниулж, дэлхийн хамтын нийгэмлэгийн жинтэй гишүүн болохын тулд цөөхөн хэдэн иргэд нь байдаг чадлаараа “тийчилж” ана мана үзэлцэхээс өөр аргагүй. Ирээдүйд бүс нутгийн болоод дэлхийн хэмжээний асуудалд оролцож, тэнд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд одоо бид хоорондоо хөл гараа нийлүүлж сурах, бусад гадаадын оюутнуудтай хамтран ажил явуулж сурах (тэр дотор санаачлагч нь, уриалагч нь байвал бүр сайн) хэрэгтэй байгаа юм.
Өвөр монголчуудын энд тэнд юм зохиож байхыг нь хараа биз дээ? Та бидэн дотор монгол гэдэг нэрээ харамлан, “Хятадаар шаагилдчихаад монгол соёл энэ тэр гэж сурталчлаад байдаг” гэж бухимдах хүн цөөнгүй байдаг байх. Гэтэл бид өөрсдөө юу хийсэн билээ? Айхтар сүрхий монгол орноо сурталчилж чадаа билүү? Тэд ямар зохион байгуулалттай, хүн бүр ямар идэвхтэйгээр ажилд оролцож байна? Бидний жишээ гэхлээр нэг арга хэмжээ болдог, ажил хийлцэх хүн байхгүй хир нь идэж уучихаад ядаж хогоо цэвэрлэхгүй хаячаад явна. Ингээд л хэдхэн хүн хамаг хог шороогий нь албатай юм шиг цэвэрлэж цаг хүчээрээ хохирно. Ийм байдалд олон дахин ажил зохиогдож чадахгүй болох нь мэдээж. Аягүй бол нэг уулзалтан дээр хоёр согтуу зодолдож хэрэг үүсгэнэ. Гэхдээ харин захиж хэлэхэд, монголчууд ийм шүү дээ гээд нийлж уулзахаа больчихов доо. Бид одоо ийм байж болно, гэвч энэ бүхнээ засч өөрчлөх ёстой, засрах ч болно.
Холбоо, бүлэг, клуб гээд ярихаар л дээр үеийн олон нийтийн байгууллагыг төсөөлөөд байх хүн бидний дунд цөөнгүй. Ажилд ер оролцохгүй хаа хамаагүй явж байснаа, “эрх ашгаа хамгаалуулах” болмогц гэнэт санана. Жишээ нь Японд суралцагч Монгол Оюутны Холбооны (ЯМОХ) тухайд манай зарим оюутнууд “Бүх оюутнуудад хүрч ажиллахгүй байна” гэдэг ч юмуу, “МИАТ-тай хямд билетийн гэрээ байгуулах зэргээр оюутнуудын эрх ашгийг хамгаалсан үйл ажиллагаа явуулахгүй байна” гэх зэргээр шүүмжлэх нь бий. Холбоо гэхээр тэнгэрээс томилогдсон хүмүүс хэн нэгний төлөө ажиллахаар ирээд байж байдаг хэрэг бишээ. Тэгж ярьж байгаа бол өөрөө голд нь орж, тэр шаардаад байгаа ажлаа зохиогоод явах хэрэгтэй. Хүн өөрөө л өөрийнхөө төлөө явна, харин ганцаараа дийлэхгүй зүйлээ бусадтайгаа нийлж байж давна. Ер нь Оюутны Холбоо гэж байр савтай айхтар эд байдаггүй, ердөө “Урам” уулзалт, “Хаврын баяр”, энэ вэбсайт гэх мэт энд тэнд юм хийж байгаа оюутнууд хоорондоо и-мэйлээр харьцаж нэг төрлийн нэтвөөк үүсгэсэн тийм л бүтэцтэй.
Шинээр ирж байгаа оюутнуудыг хараад би дажгүй залуус ирж байна даа гэж үнэлдэг. Эдийн засгийн үзүүлэлтүүдээс илүүтэйгээр, ийм золбоолог залуус надад эх орныхоо ирээдүйд итгэх итгэлийг өгдөг. Бид хамтарч юм хийдэг, холбоо харилцаатай байдаг, голд нь юм хийж байгаа хүмүүсээ бусад нь дэмждэг тийм зохион байгуулалтыг бүрдүүлж чадвал асар их боломж өмнө маань нээгдэх ба, ахуй амьдралынхаа нөхцөл байдлыг дээшлүүлэхээс авахуулаад өөрсдийгөө хөгжүүлэх, найз нөхөд болох, монгол орондоо хэрэгтэй юм хийх гээд янз бүрийн мөрөөдлөө биелүүлж чадна.
Цаг хугацаа гэдэг харьцангуй ойлголт учир хүний амьдралыг нэг өдрөөр зүйрлэж болно. Та бид нэгхэн өдөр амьдрахаар хорвоо дээр иржээ. Энэ нэгхэн өдөр, бүр тэгэхдээ энэ нэг өдрийн нар зулай дээр төөнөж жавхаа нээсэн хамгийн алтан хором – залуу насыг “орондоо унтаад өнгөрөөх” нь юутай хайран, юутай харалган хэрэг болох билээ.
Оюутнууд аа, дахин дахин хэлье, идэвхтэй амьдрагтун!

2003 он 5 сар