2007/12/09

Телевиз, сонин, за тэгээд ном

(2007/01/27-д бичсэн)

Миний ажиллаж байгаа газарт нэг гайхалтай толгойтой залуу байдаг л даа. Өчигдөр хальт таараад хэдэн үг сольтол ярьж байна. “Саяхнаас гэртээ сонин захиалж үзсэн чинь бас ч гэж сонирхолтой юмаа” гээд хаа нэг бөглүү тайгаас соёлт ертөнцөд орж ирсэн хүн шиг бүр үнэн сэтгэлээсээ надад “сонин” гэдэг юмыг сонин болгоод ярих нь тэр. “Банаана чинь хальсыг нь аваад идэхээр ёстой амттай юм билээ”… гэдэг шиг л.

Их сургуульд байхад нэг багшийн тухай телевиз огт үздэггүйн дээр сонин ч шагайдаггүй гэж сонсоод гайхаж байж билээ. Эдийн засгийн ухааны профессор хүн өдөр тутмын сонин уншихгүй байж яаж оюутнуудад лекц уншиж, судалгаа хийдэг болж байна аа, гэтэл хариулт нь, өдөр өдрийн мэдээллийг эхнэрээсээ цай уунгаа сонсдог, тэгээд л болоо гэх.

Нэг бодлын зөв ч юм шиг байгаа юм. Ер нь цаг үеийн мэдээ гэдэг уншаад байвал эцэс төгсгөлгүй. Ядаж байхад нэг юм болонгуут бүх мэдээллийн хэрэгслүүд яг адилхан сэдвээр залхтал бөмбөгдчихнө. Гурав дөрвөн жилийн өмнө лав Афганистаны дайн гээд л Япон даяар үерлэсэн. Ертөнцийн тэр нэг мухрын хэдэн хотын нэр, газар усны нэрийг Япон даяар цээжилсэн гэхэд хилсдэхгүй. Дараа нь Иракийн дайн гээд л. Нэг гэмт хэрэг гардаг, бас л хамаг сонин шуугидаг. Охиноо егүүтгсэн эх юм л гэнэ, тэдэн настай л гэнэ, тийм нэртэй, тэгж тэгж явсан л гэнэ. Удахгүй мартана, эргээд бодоход ямар ч хүртээлгүй. Харин сэтгүүл бол арай дээр. Анализ хийх, болж буй үйл явдлууд, үзэгдлүүдийн талаар арай илүүтэй задлан шинжилж, нэгтгэсэн тайлбар хийх талдаа. За тэгээд ном. Ном бол шинж чанарын хувьд өөр юм. Мэдээж муу ном ч байдаг, сайн сонины нийтлэл ч бий. Гэхдээ дунджаар аваад үзэхэд ном бол үлдэц сайтай, системтэй бодол, ухаан өгөхдөө илүү. Ялангуяа дөнгөж өсч хөгжиж байгаа өсвөр насны хүүхдүүдийн боловсрол дээр тэдний үнэт цагийг ТВ, сонины эрээвэр хураавар, оочин цоочин мэдээлэлд биш, цэгцтэй мэдлэг, гүнзгий бодол ухаан хайрлах номонд зориулах нь зүйтэй санагдана.