2007/12/09

Мэдээжийн гэвч мартаастай

(2006/11/07-нд бичсэн)

Христийн шашинд сүмийн цугларалт гэж байдгийг бид мэднэ. Үүнийг "гайхамшигтай семинар”! гэж хэлнэ. Долоо хоног бүр Ням гаригт ч юмуу цуглаж, тэнд Библи судраас уншиж, өөрийнхөө зан байдлыг эргэн шүүж, ирэх маргаашийг зөв сэтгэлтэй өнгөрөөе гэж өөрийгөө зоригжуулна. Гол нь ганцаараа биш бусадтайгаа хамт. Тиймээс семинар гэж хэлж байна. Христиан хүн амьдралдаа Библийг хэд уншдагийг мэдэхгүй. Лав л уншаагүй долооног гэж байдаггүй болов уу. Тэгэхдээ “мэгмэд зээвий дэрчин жанрайсаг...” гэдэг шиг хуурай дуржигнуулахгүй. Бодож тунгаангаа уншина.

Өөрийгөө хөгжүүлье! (ЭМОС клуб) номын тухай уншсан хүнээс “уншаад нэг хэсэгтээ маш их эрч хүч авсан шүү, харин тэгж байгаад нэг мэдэхэд хуучиндаа буцчихсан байсан” гэдэг яриа хэдэн ч удаа сонсч билээ. Энэ юуг хэлээд байна гэхээр, хүн гэдэг амьтан өөрийнхөө сэтгэлийг байнга засч, зоригжуулахыг хичээж байхгүй бол аяндаа хэврэгшдэгийг хэлж байна. “Ширээний ном” гэж ярьдаг, энэ бол дээр хэлсэн Библи шиг байнга дэргэдээ байлгаж, энд тэндээс нь харж, мөлжиж байх ном юм. Галыг унтраачихгүйн тулд байнга мөчир нэмж байх хэрэгтэйн адил сэтгэл дэх галыг унтраахгүйн тулд номоор байнга тэжээх хэрэгтэй болдог.

Өнгөрсөн долоо хоногт алдарт бизнесмэн Мацүшита Кооносүкэгийн “Зам нээх нь” [1] гэдэг номыг уншлаа. Нэг их шинэ юм харагдсангүй, ихэнх нь мэдээжийн зүйлүүд. Гэхдээ л өөрийгөө олон талаар шүүн тунгаах боломж болсон гэдэг утгаар уншсандаа сэтгэл хангалуун үлдсэн. Хүмүүс бид явж явж хамгийн сайн мэддэг, мэдээжийн зүйлүүдээ л мартчихсан байдаг. Тэгсэн мөртөө нэг гайхалтай аргыг олж аваад л “тэнгэрийн умдагаас атгах” юм шиг найдна. Үнэндээ бол хорвоо дээр бидний сайн мэддэг тэр л үндсэн зарчмууд, түүнийг биелүүлэх тэсвэр, уйгагүй чанараас өөр дөт зам байхгүй.

Мацүшита сан бичиж байна. “Хүн толинд харж үзэмжээ засдаг. Толь бол шударга, байгаа чигт нь л харуулж орхино. Миний зангиа тэгшхэн байна гэж яаж ч муйхарлалаа ч толинд харуулбал бүх зүйл тодорхой. Гаднах байдлыг ийнхүү шалгах боломжтой ч хүний доторх зүрх сэтгэлийн гажааг толинд харах боломжгүй. Тиймээс өөрийн бодол санаа, авир үйлдлийн сайн мууг зөв таних хэцүү” гэж. Гоё хэлсэн байгаа биз?

Өөрийнхөө зүрх сэтгэлийг тольдох арга юу вэ? Хүмүүстэй ярих, бусдын үлгэр жишээгээр өөрийгөө дүгнэх арга байж болно. Харин хамгийн түгээмэл, найдвартай арга ном унших явдал болов уу. Өөрийгөө өдөрт арав хорь тольддог хүн ч бий. Тэгтэл өдөрт ядаж унтахын өмнө гучхан минут зүрх сэтгэлээ чагнаж, өөрийгөө шүүн тольдож яагаад болохгүй гэж? За өдөр бүр байг гэхэд 7 хоногт нэг удаа. Яг л дээр хэлсэн Христ шашны “семинар” шиг. Тэгээд өөрийн гэсэн хэдэн Библитэй бол ч...
---------------
[1] 松下幸之助『道をひらく』PHP研究所