2007/12/09

Дараа vеийнхээ оюутнуудад

Өөрийн бичсэн Бусгаар тогтносон Монгол номноос.
---------------------------------------------------
(Японд суралцагч монгол оюутнуудын “Amongnet” сайтын өмнөх үгэнд бичсэн бичвэр)

Та бүхний үзэж байгаа энэ вэбсайт анх 2002 оны 2 сарын 17-нд үүд хаалгаа нээсэн юм. Япон дахь монголчуудын маань дунд мэдээлэл солилцох байнгын ажиллагаатай хоомпэйж байхгүй байгаад сэтгэл эмзэглэсэндээ анх С.Энхбаяр, Н.Цэцэгханд нартай хамтран эхлүүлж билээ. Өөрийнхөө мэдэж байсан хэдэн мэдээллийг эмхтгэн оруулж, бас “among” мэйлийн листэд хүмүүсийн бичиж ирүүлдэг зөвлөмжүүдийг нэг нэгээр нь оруулж тавиад байлаа. Хүмүүс мэйлээ латин үсгээр бичдэг болохоор нэг бүрчлэн кирилл рүү хөрвүүлж оруулна. Энэ мэтээр урагшлуулах явцад үүнд өөрийнхөө 300 гаран цагийг зарцуулсан байх юм. Хүмүүст хүргэж байгаа мэдээллийнхээ үнэ цэнийг, өөрийн зарцуулсан цагтайгаа хамт зах зээлийн ханшаар тооцвол хэдий хир юм болох бол? Гэвч хүний сэтгэл санаанд мөнгөөр хэмжигдэхгүй үнэт зүйл бас байдаг даа. Найз нар маань "чи өөрөө таашаал авч байгаа болохоор хийж байгаа байлгүй" гэж хэлдэг юм. Тэдний үг ортой байж болох ч, яг үнэндээ би хэн нэгэн Цээгий, Баагий нарт хэрэгтэй мэдээлэл өгч тусалснаар таашаал ханамж аваад байх хүн бишээ. Нэг хоёр хүн баярлаад өнгөрөх биш, нийт дундад маань харилцан тусалдаг тогтолцоо, уламжлал бий болох нь чухал. Үүнийг хэн нэг нь эхлүүлэх л ёстой гэж бодсон. Энэ бол ердөө нэг “зугаагаа гаргах, таашаал авахын” төлөөх хир хэмжээг давсан ажил байсан гэж бодож байна.
Японд сурч ажиллаж байгаа залуучууд нэгдэж ажиллаж, хоорондоо дотно харилцаа үүсгэж, бүтээлч хүмүүс болж төлөвшвөл хэр баргийн хөрөнгө оруулалт, зудны тусламжаас дутахгүй эх оронд маань хэрэгтэй үйлс болно гэж би боддог. Нүдэнд харагдах хэдэн цаасны өгөө аваанаас нүдэнд харагдахгүй ч гэсэн хүний оюун ухаан, сэтгэл санаа руу чиглэсэн үйл ажиллагаа, мэдээллийн нийлүүлэлт хавьгүй тустай. Дээхэн нэг залуу “Урам” уулзалтын зохион байгуулагч нарт хандаж “та нар энд хэнхэглэж худлаа ярьж суухаар монголдоо буцаж оч, очоод юм хий” гэж мэйлээр агсагнаж байсныг санаж байна. Энд оюутнууд яах гэж ирсэн билээ? Сурах гэж. Сурах гэдэг чинь ганцаараа ном шагайгаад суухыг хэлэхгүй, хоорондоо ярьж маргаж байж сурсан эрдэм задардаг. Бас ирээдүйд ажил дээр гарч, нийгэм дотор биеэ авч явах дасгал болно гэсэн утгаараа иймэрхүү уулзалт маш хэрэгтэй гэдэг дээр та бүхэн санал нийлэх байхаа. Ер нь өөрөө юу ч хийдэггүй хирнээ хийж байгаа хүнийг шүүмжлэх дуртай мэргэн цэцэн хүнд би үнэхээр дургүй. Тийм хүн цөөхөн ч гэсэн, сэтгэлээрээ дэмжиж яваа бусад хүмүүс нь сайн дуугарч, урам хайрлаж байхгүй бол дандаа шүүмжилж дайрч довтолсон үгнүүд сонсогдоод байх нь байна шүү. Энэ сайтийг хийх хугацаанд ч ялгаагүй. “Дизайнаа сайжруулаачээ, яасан уйтгартай юм бэ, бүр гоё болгоочээ” гээд л, ерөөсөө ганц хуруугаа хөдөлгөж тус нэмэр болоогүй байж нэхэж шаардаад байх хүнтэй олон таарлаа. Шүүмжлэл хэрэгтэй байлгүй яахав, гэвч зөвхөн шүүмжлэхээс гадна, засч сайжруулах талаар санаа оноо, бас ажилд нэмэр болох бодитой туслалцаа түүнийг нь дагалдаж байвал сайнсан.
Би анх 2-р курсэд байхдаа сургуулийнхаа Гадаад оюутны зөвлөлийн ажилд оролцдог болж, тэндээсээ сургуулиа төлөөлж Бүх Японы Гадаад Оюутны Нэтвөөк гэдэг байгууллагад ажилладаг болсон. Ингэж явах үедээ маш олон сайн хүмүүстэй учирч, ихийг сурч, бас аминдаа энд тэнд “Монгол” гэдэг нэрээ гаргаж явлаа. Ер нь би бүх оюутнууддаа хандаж идэвхтэйгээр сурч амьдраачээ гэж уриалмаар байгаа юм. Одооных шиг ихэнх нь идэвхгүй байвал, ганц хоёрхон хүн энэ бүгдийг нөхөх гэж хэрээс хэтэрсэн чармайлт гаргахаас аргагүй байдал үргэлжлэх болно. Азийнхан, тэр дундаа монголчууд их даруухан, өөрийгөө голж "за тэр лагууд нь л хийнэ биз" гэж хойш суудаг. Ингэж хүн бүр өөрийгөө голж, юмны ардуур орвол эцэстээ хэн ч хөдлөхгүй ба биелж бүтэх сайхан боломжууд хэзээ ч эргэн ирэхгүйгээр биднийг орхин одох болно. Өөрийгөө голж огт болохгүй, тэр юм хийгээд байгаа хүмүүс гэдэг нь ч гэсэн яг адилхан жирийн оюутнууд байгаа юм шүү дээ. Би өөрөө гэхэд компьютерийн талаар олигтой мэдлэггүй, энэ вэбсайтийг мэргэжлийн хүнд хэлэхэд ичмээр ердөө Word дээр хийж ирсэн.
Хуучин социализмын үед хүчээр нийгэмчилж, хүчээр нэгтгэж байсан учраас өнөөдөр “олон нийтийн ажил”, “хамтрах хорших” гэдийн талаар өрөөсгөл ойлголт, нэг үгээр хэлбэл алергитай болжээ бид. “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” гэх мэт лоозонг хоосон цээжилдэг байснаас биш, үнэхээр өөрт болоод бүгдэд хэрэгтэй учраас нийтийн үйлсэд оролцох хэрэгтэй гэдгийг ухамсарлаад оролцож байсан нь ховор. Ардчилал гэж зөвхөн чөлөөт сонгууль, олонхийн шийдвэрийг хэлдэггүй. Хүн бүр асуудалд оролцох, тийнхүү оролцох хэрэгтэйгээ ухамсарлах, оролцохыг эрмэлзэх нь ардчилалын үндэс. Америкийг аваад үзье л дээ, анх энэ шинэ тив дээр учир замбараагүй баахан хүн хүрч ирсэн ч, хүмүүсийн ухамсарт оролцоог нэгтгэн зөв зохион байгуулалтыг бий болгож, зөв иргэншлийг бүрдүүлснээр л ирээдүйн хүчирхэг гүрний суурийг тавьсaн.
Монголчуудаас идэвх шаардагдаж байгаа бас нэг шалтгаан бол Монгол орныг маань гадныхан төдийлөн мэдэхгүй байгаа явдал гэж хэлж болно. Монголыг Хятадаар бодох, тэр ч бүү хэл улс үндэстнийг маань арай ч дээ, “монголизм” гэдэг сэтгэцийн өвчнөөр (албан ёсны нэр нь “Down’s syndrom”) төсөөлөх хүн байна. Монгол гэдэг энэ жижиг буурай орон өөрийгөө зөвөөр таниулж, дэлхийн хамтын нийгэмлэгийн жинтэй гишүүн болохын тулд цөөхөн хэдэн иргэд нь байдаг чадлаараа “тийчилж” ана мана үзэлцэхээс өөр аргагүй. Ирээдүйд бүс нутгийн болоод дэлхийн хэмжээний асуудалд оролцож, тэнд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд одоо бид хоорондоо хөл гараа нийлүүлж сурах, бусад гадаадын оюутнуудтай хамтран ажил явуулж сурах (тэр дотор санаачлагч нь, уриалагч нь байвал бүр сайн) хэрэгтэй байгаа юм.
Өвөр монголчуудын энд тэнд юм зохиож байхыг нь хараа биз дээ? Та бидэн дотор монгол гэдэг нэрээ харамлан, “Хятадаар шаагилдчихаад монгол соёл энэ тэр гэж сурталчлаад байдаг” гэж бухимдах хүн цөөнгүй байдаг байх. Гэтэл бид өөрсдөө юу хийсэн билээ? Айхтар сүрхий монгол орноо сурталчилж чадаа билүү? Тэд ямар зохион байгуулалттай, хүн бүр ямар идэвхтэйгээр ажилд оролцож байна? Бидний жишээ гэхлээр нэг арга хэмжээ болдог, ажил хийлцэх хүн байхгүй хир нь идэж уучихаад ядаж хогоо цэвэрлэхгүй хаячаад явна. Ингээд л хэдхэн хүн хамаг хог шороогий нь албатай юм шиг цэвэрлэж цаг хүчээрээ хохирно. Ийм байдалд олон дахин ажил зохиогдож чадахгүй болох нь мэдээж. Аягүй бол нэг уулзалтан дээр хоёр согтуу зодолдож хэрэг үүсгэнэ. Гэхдээ харин захиж хэлэхэд, монголчууд ийм шүү дээ гээд нийлж уулзахаа больчихов доо. Бид одоо ийм байж болно, гэвч энэ бүхнээ засч өөрчлөх ёстой, засрах ч болно.
Холбоо, бүлэг, клуб гээд ярихаар л дээр үеийн олон нийтийн байгууллагыг төсөөлөөд байх хүн бидний дунд цөөнгүй. Ажилд ер оролцохгүй хаа хамаагүй явж байснаа, “эрх ашгаа хамгаалуулах” болмогц гэнэт санана. Жишээ нь Японд суралцагч Монгол Оюутны Холбооны (ЯМОХ) тухайд манай зарим оюутнууд “Бүх оюутнуудад хүрч ажиллахгүй байна” гэдэг ч юмуу, “МИАТ-тай хямд билетийн гэрээ байгуулах зэргээр оюутнуудын эрх ашгийг хамгаалсан үйл ажиллагаа явуулахгүй байна” гэх зэргээр шүүмжлэх нь бий. Холбоо гэхээр тэнгэрээс томилогдсон хүмүүс хэн нэгний төлөө ажиллахаар ирээд байж байдаг хэрэг бишээ. Тэгж ярьж байгаа бол өөрөө голд нь орж, тэр шаардаад байгаа ажлаа зохиогоод явах хэрэгтэй. Хүн өөрөө л өөрийнхөө төлөө явна, харин ганцаараа дийлэхгүй зүйлээ бусадтайгаа нийлж байж давна. Ер нь Оюутны Холбоо гэж байр савтай айхтар эд байдаггүй, ердөө “Урам” уулзалт, “Хаврын баяр”, энэ вэбсайт гэх мэт энд тэнд юм хийж байгаа оюутнууд хоорондоо и-мэйлээр харьцаж нэг төрлийн нэтвөөк үүсгэсэн тийм л бүтэцтэй.
Шинээр ирж байгаа оюутнуудыг хараад би дажгүй залуус ирж байна даа гэж үнэлдэг. Эдийн засгийн үзүүлэлтүүдээс илүүтэйгээр, ийм золбоолог залуус надад эх орныхоо ирээдүйд итгэх итгэлийг өгдөг. Бид хамтарч юм хийдэг, холбоо харилцаатай байдаг, голд нь юм хийж байгаа хүмүүсээ бусад нь дэмждэг тийм зохион байгуулалтыг бүрдүүлж чадвал асар их боломж өмнө маань нээгдэх ба, ахуй амьдралынхаа нөхцөл байдлыг дээшлүүлэхээс авахуулаад өөрсдийгөө хөгжүүлэх, найз нөхөд болох, монгол орондоо хэрэгтэй юм хийх гээд янз бүрийн мөрөөдлөө биелүүлж чадна.
Цаг хугацаа гэдэг харьцангуй ойлголт учир хүний амьдралыг нэг өдрөөр зүйрлэж болно. Та бид нэгхэн өдөр амьдрахаар хорвоо дээр иржээ. Энэ нэгхэн өдөр, бүр тэгэхдээ энэ нэг өдрийн нар зулай дээр төөнөж жавхаа нээсэн хамгийн алтан хором – залуу насыг “орондоо унтаад өнгөрөөх” нь юутай хайран, юутай харалган хэрэг болох билээ.
Оюутнууд аа, дахин дахин хэлье, идэвхтэй амьдрагтун!

2003 он 5 сар