2007/12/09

Бизнес дэх бөмбөг

(2007/01/26-нд бичсэн)


Япончууд ажил дээр “бөмбөг” гэж үгийг их хэрэглэнэ. “Ажил хэн дээр очоод гацчихав?, хаана сул зогсолт үүсэв?” гэхийг “хэн бөмбөг тэврээд байна аа?” гэх жишээтэй. Бөмбөгөөр жишээлэх нь тун оновчтой юм шиг байгаа юм. Бөмбөгөөр наадаж тоглох үед бөмбөг нэг тоглогчоос нөгөө рүү гэж, завсар зайгүй ойн үсчиж байдаг даа. Үүнтэй адил бүх ажил тухай тухайн мөчдөө хэн нэгэн эзэнтэй байна.

Тэгтэл хааяа хэний ч хариуцлагад хамаарахгүй ажил бас байж байдаг. Тэр бол хүмүүс бие биедээ найдчихсан, бөмбөг бүгдийн дунд ойчоод дэмий хэвтэж байх үе юм. Ийм байдал гаргахгүй байж, ажлын процессыг байнга шалгаж байх нь лидер хүний нэг чухал үүрэг роль болно. Момент болгонд хариуцах эзэнг тодорхой болговол бие биедээ сул найдах, цаг алдах явдал гарахгүй бөгөөд ажил хурдтай, тасралтгүй явагдана. “Би өчигдөр бүгд рүү нь бөмбөг шидчихсэн байгаа” гэдэг ч юмуу, “Энэ асуудлаар өчигдөр захирал дээр орж байдлыг танилцуулсан, захиралд атгуулсан болохоор хүлээгээд байж байя”, “цаадах чинь мэйлийн хариуг их удаадаг болохоор хүмүүс ч өөрлүү нь бөмбөг буцаахдаа хойрго болчихсон юм” гэх мэт яриаг япон компаниас сонсч болно.