2011/05/11

Б.Франклин "Миний намтар" хэвлэгдлээ


Б.Франклин "Миний намтар" (Д.Ганзоригийн орчуулга) ном энэ долоо хоногоос худалдаанд гарч эхлээд байна.
Номыг редакторлахад миний бие оролцсон бөгөөд, редакторын зурвас болгож бичсэн өмнөх үгийг блогтоо буулгая.
-----------------------------------
Уншигч таны гарт “анхны Америк хүн” гэгддэг улс төрч, засаглагч, дипломатч, сэтгүүлч, бизнесмэн, эрдэмтэн, дэлхийн түүхнээ алдаршсан гайхамшигт хүмүүн Бэнжамин Франклины “Намтар” ном монгол хэлээр хөрвүүлэгдэн очоод байна. Энэ эрхэм хүний дүр танд хаа нэгтээ харсан мэт танил санагдаж магадгүй. Тиймээ, Америкчууд өөрсдийн улс нийгмийг үндэслэгчээ үеийн үед дурсан санахаар 100 долларын мөнгөн дэвсгэртдээ хөрөг болгон залсныг анзаарсан тань тэр болов уу.
Тэрээр АНУ-ын Тусгаар тогтнолын тунхагийг үзэглэж, тусгаар тогтнолын дайнд гар бие оролцож байснаараа Америкийг үндэслэгч эцгүүдийн (The Founding Fathers) жагсаалтын тэргүүнд зүй ёсоор ордог бөгөөд, Америкийн орчин үеийн капитализмыг үндэслэгч гэгдэн хойч үеийнхнийхээ бахархал, хүндлэлийг хүлээж ирсэн билээ.
Английн колони байсан тухайн үеийн Америк нь газар газрын шинэ амьдрал хайгчид, эрэлчдээс бүрдсэн эрч хүчтэй, залуухан орон байсныг та бид мэднэ. Олон янзын шашин, хэл заншил, үзэл бодолтой хүмүүс дундаас Америкийн гэх өвөрмөц нэгэн түүх, соёл бүрэлдэж байлаа. Тэгвэл тэр нийгэмд хүмүүс нь юу бодож байв, нийгмийн байдал нь ямар байв, чухам тэр нийгмийг дэлхийн тэргүүлэгч, удирдагч гүрэн болгон хөтөлж чадсан лидерүүд нь ямар бодол сэтгэлтэй, ямар хүмүүс байв гэдэгт энэ ном хариулт өгч байна. Бэнжамин Франклин нөр хичээнгүй, даруу, бүтээлч чанар, зөв сэтгэл, зөв журмыг эрхэмлэн мөрдөхийн зэрэгцээ бизнес болоод улс төр, гадаад харилцаа, шинжлэх ухаан гээд оролцсон талбар бүртээ амжилт гаргаж, хувь нэмрээ оруулж чадсан нь тухайн үедээ ч тэр, дараа дараагийнхаа үедээ ч тэр үлэмж дууриал болж ирсэн юм.
Франклины “Намтар” ном энэ цаг үед монгол хэлнээ бууж, монгол уншигчдын гарт хүрч байгаа нь тун цаг үеэ олсон, чухал ач холбогдолтой явдал гэдгийг энд онцолж дурдмаар байна. Учир нь манай орон ардчилсан, чөлөөт нийгэмд шилжээд 20 жилийг үдэж, нэг үеэ бодвол шинэ нийгмийн үндсэн бүрэлдэхүүнүүд, хууль эрхзүйн орчин, институтууд бэхжээд байгаа билээ. Шилжилтийн өнгөрсөн зурвас үед хэн хууль журмын цоорхойг ашиглаж чаддаг, зарим тохиолдолд хэн хэнэггүй завшиж чаддаг нь амжилт олох жишээ цөөнгүй байв. Нийгэм төлөвшөөгүй байхад ёс суртахууны үнэлэмж ихээхэн уналтад орох, хүнийг хэмжих зүй ёсны үнэт зүйлүүд уланд гишгэгдэх байдал газар авахдаа амархан.
Тэгвэл одоо нэг үеэ бодвол системийн элементүүд зугуухан бэхжиж байна. Цаашид нийгэм жам ёсныхоо хөгжлийн дагуу, нийгэмд хэрэгтэй хүмүүсийг, тийм үнэт зүйлийг шаардаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл шинэ үеийн Монгол оронд Франклины адил зөв ариун сэтгэлийг эрхэмлэгч, уйгагүй хөдөлмөрч, нийгмийн харилцаан дахь зөв үнэлэмжийг дээдлэгч залуу үе хүч түрэн орж ирэх болов уу гэж миний бие найдаж явдаг. Үүнд “Намтар” ном тодорхой хэмжээгээр түлхэц өгч чадна гэдэгт итгэлтэй байна.
Нөгөөтэйгүүр, Монгол орны хувьд ойрын хэдэн жилд үсрэнгүй хөгжиж болох тун хариуцлагатай цаг үе тулж ирээд байна. Байгалийн асар их баялаг нь зөвөөр залвал хөгжил дэвшлийг, буруугаар өнхөрвөл мөнхийн ядуурал, нийгмийн доройтол, зарим тохиолдолд дотоодын дайн самуунд хүргэдгийг дэлхийн олон орны бэлэн туршлага бидэнд сануулдаг. Тэгвэл энэ орныг цаашид зөв залахад алсын хараатай удирдагчид, сэхээлэг иргэний нийгэм, тийм иргэдийн эзлэх хувь, тэдний идэвхтэй оролцоо нэн чухал юм. Франклины хойч үеийнхэндээ зориулж бичсэн энэ ном манай нийгмийн гишүүдэд, ялангуяа залуу үеийнхэнд маань нэгийг бодогдуулж, сайн сайхан руу тэмүүлэх тэмүүлэл, нийгмийн идэвхтэй гишүүн байх урам зоригийг өгч чадах нь дамжиггүй.
Эцэст нь, энэхүү хуучин цагийн хэллэгтэй, орчуулахад амаргүй бүтээлийг сэтгэл оюун хийгээд цаг заваа харамгүй зориулж орчуулсан, даруу мэт боловч үнэлж баршгүй эх оронч хувь нэмэр оруулсан номын садан, эрхэм дүү Д.Ганзоригтоо монгол уншигчдаа төлөөлөн талархал дэвшүүлээд, цаашдын амьдрал, ажил бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе. Сайн үйл, сайн сэдэл бүхэн түгэн дэлгэрэх болтугай.

Эрин М.Тулгат
2011 оны 4 дүгээр сар 10

2011/05/05

Хичээлийн резюм (2011/04/14)

Хичээлийн агуулгыг татаж авахад зориулан түр тавив.

------------------------------------------
Менежмент ба байгууллага
2011 оны 4 дүгээр сар 14

F.W.Тейлорын шинжлэх ухаанч удидрлагын онол, H.Фэйорын удирдлагын процессын онол зэргийг тулгуур болгон 1920-иод оноос Америкт уламжлалт байгууллагын онол, удирдлагын менежментийн онолын үндэс тавигдсан.

Байгууллага бол өгөгдсөн нөхцөл байдал дунд тухайн компанийн зорилгыг биелүүлэх арга хэрэгсэл боөгөөд,
-үүрэг функц (function)
-ажил үүрэг (job)
-позиц (position)
-хариуцлага (responsibility)
-эрх мэдэл (authority)
-үр дүнгийн тайлагнал, хариуцлага (accountability)
эдгээрийн харилцан уялдаа бүхий систем юм гэж тодорхойлогддог.

Дээрх уламжлалт байгууллагын онолд бүтэц, функц талаас нь харж, дүгнэхэд хувь нэмэр оруулсан боловч, тухайн байгууллагыг бүрдүүлж буй хүмүүсийн хувь хүний онцлог, үнэлэмж зэргийг үл тоож, зөвхөн тодорхой түвшинд ажил гүйцэтгэх чадвартай “ажил үүргийг гүйцэтгэх нөөц” гэдэг талаас нь хязгаарлагдмал байдлаар харж байжээ.

Удирдлагын онолыг зөвхөн механик байдлаар буюу, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхийн тулд ямар траекториор хөдлөх нь оновчтой, ямар ямар функц гүйцэтгэлийг хаана байрлуулах шаардлагатай зэрэг хүнийг ердөө нэг ажлын машин, тоног төхөөрөмжийн нэг мэтээр авч үзэж, түүн дээр дүн шинжилгээ, гаргалгаа хийх аргачлал (approach) зонхилж байсан.

-Форд “Т” загварын хямд машинаа олноор үйлдвэрлэхэд хэрэглэсэн дамжлагын зарчмын жишээ.

Харвард их сургуулийн G.E.Мэйо (G.E.Mayo) болон F.J.Реслисбергер (Roethlisberger) нарын судалгааны групп нь Вестерн Электрикс компанийн үйлдвэрийн газарт ажиллах орчин болон ажлын үр дүнгийн уялдаа холбооны тухай судалгаа хийсний үр дүнд (1927-32 он) ажлын байранд албан ёсны бүтэц нэгжээс гадна, албан бус бүтэц, баг хамт олон байх нь ажлын үр дүнд томоохон үүрэг гүйцэтгэдэгийг олж тогтоосон байна. Мөн тэд ажиллагсадын сэтгэл санаа, урам зориг нийт ажлын үр дүнд хэрхэн ихээр нөлөөлж байгааг гаргажээ.
Ингэснээр “санал болгох систем”, “гомдол саналыг зохицуулах аргачлал”, “морал судалгаа”, харилцаа зэргийг компаниуд авч хэрэгжүүлж, ач холбогдол өгч эхэлсэн.

1950-60 аад оноос “Мотивацийн онол” анхаарлын төвд орж ирсэн.
Түүний цөм нь R.Ликерт (R.Likert) зэрэг Мичиган ИС-ийн судлаачид байлаа.
Нийгэм хөгжиж, хүний хүсэл сонирхол илүү өндөр түвшинд очих тусам байгууллагын сонирхол, хувь хүний сонирхол хоёрын зөрөө таарахад түвэгтэй болж ирдэг. Ажлын байр, ажил үүрэг өгөгдсөнөөр түүнд ажиллах хүчийг тавина гэдэг уламжлалт энгийн арга, ойлголт бус, хүний сонирхол, хүслийг харгалзан үзэж ажил үүргийн агуулгыг шинэчлэн найруулах шаардлагатай гэсэн үзэл юм. Үүнээс улбаалж, ажил үүргийг өргөтгөх арга, бие даан шийдвэр гаргах жижиг группын арга, лидершипийн онол зэрэгтэй холбоотой судалгаанууд явагдах болсон.

А.H.Масловын хүний хэрэгцээ, сонирхлын пирамид зураглал

Physiologycal Needs – хоол хүнс, нойр, бэлгийн зэрэг
Safety Needs –
Belongingness and Love Needs (нийгмийн хэрэгцээ)
Esteem Needs
Self-Actualization Needs


C.I. Бернард байгууллагыг “Нийтлэг зорилгыг биелүүлэхийн тулд хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагаа болон нөөц хүчин зүйлээ зориудын бодлоготойгоор нийлүүлж, уялдуулсан нэг систем” гэж тодорхойлжээ.

Ази болон европын ХН сонгох, ажилд тавих аргын ялгаа:
Америк, барууны арга: Тохирох хүнийг хайдаг
Япон, Азийн арга: Хүнийг тохирох газарт нь тавьдаг

Байгууллага ажиллахад юу хэрэгтэй вэ?
-Эрх мэдлийн урсгал (армийн генералын жишээ)
-Эрх мэдлийн дамжуулалт
-Монголд түгээмэл ажиглагддаг асуудал - нэг их олон дарга болчихдог, шийдвэр гуйвж дайвдаг, эсвэл шийдвэр гардаггүй. Ажилтнуудаас өөр өөр юм шаарддаг.

Эрх мэдэл
-Шат шатны шийдвэр
-Тойрох хуудас, цохолт.
Эрх мэдлийн хэт төвлөрөл: ТӨК-ийн жишээ болон хувийн компанийн жишээ

Шийдвэр гаргах 3 дамжлага (H.A.Саймон)
1. Боломжит бүх хувилбар буюу стратегийг жагсаах
2. Тус бүрээс гарч болох үр дүнг тодорхойлж, тооцох
3. Тэдгээр үр дүнг харьцуулан дүгнэх

Байгууллага доторх бүтэц нэгж янз бүр байдаг ч, бодитой эрх мэдэл төвлөрдөг газар нь, доорх хоёр эрх мэдэл хаана төвлөрч байгаагаас шалтгаалдаг:
Хүний нөөцийн эрх мэдэл
Төсвийн эрх мэдэл
Жишээ:
Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны жишээ.
Орон нутгийн бие даасан байдал, түүний газар дээрх хэрэгжилт

2010/02/20

Япон-Казахстаны цөмийн энергийн хамтын ажиллагаа

Өнөөдрийн “Японы эдийн засаг” (Никкэй) сонин дээр Япон-Казахстан хоёрын дундах цөмийн энергийн хамтын ажиллагааны талаар нэг мэдээлэл гарсан байна. Товчлон орчуулав.

------------------

Ирэх 3-р сард Японы ЗГ, Казахстаны ЗГ хооронд цөмийн энергийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурахаар болжээ.

Япон, Казахстаны хооронд цөмийн энергийн хамтын ажиллагааны гэрээ байгуулагдвал Японы дотоод дахь цөмийн технологийн компаниудын хувьд бизнес боломж гарч ирэх юм. Казахстанд лиценз эзэмшиж буй орд газраас атомын энергийн импорт боломжтой болохоос гадна, Казахстанд атомын цахилгаан станц барих захиалга авах зэрэг бизнес боломж нээгдэнэ.

Японы Марүбэни, Токио Электрикс, Тошиба зэрэг компаниуд Казахстаны төрийн өмчит КазАтомПром-ын хамт нутгийн өмнөд хэсэгт байрлах Харасан дахь лицензийг хамтран эзэмшдэг байна. Тошиба болон Токио Электрикс нь Олон улсын хамтын ажиллагааны банкийн хамтаар ураны ордын лицензийг эзэмшдэг Канадын үйлдвэрлэгч компанид хөрөнгө оруулах зэргээр ЗГ-тайгаа уялдаа холбоотойгоор тус орон дахь хөрөнгө оруулалт, бизнес хамтын ажиллагааг гүнзгийгрүүлж иржээ.

Ялангуяа Тошибагийн хувьд Казахстаны ЗГ-ын хүсэлтийн дагуу өөрсдийн эзэмшдэг Америкийн Вестин Хауз хувьцааны 10 хувийг КазАтомПрод шилжүүлэх зэргээр идэвхтэй ажиллаж байна. Мөн Тошиба нь ураны хүдрийг түлш болгон хувиргах технологи дээр Оросын төрийн өмчит АтомЭнергоПром-ын охин компанитай хамтарсан компани байгуулах талаар судалж байгаа аж.

Хэрэв Япон, Орос, Казахстаны цөмийн хамтын ажиллагааны гэрээ хүчин төгөлдөр болвол Казахстанд олборлосон ураны хүдрийг Орост хагас боловсруулж, Япон руу гаргах боломжтой болно. Оростой холбоотой ажилладаг Японы трэйд компаниудын хувьд бизнесийн шинэ боломж гарч магадгүй нь.

2008/12/02

Чойномын 3 шvлгийг You Tube-д

Р.Чойном - Эрх чөлөө


Р.Чойном - Монгол

Чойном - Ази тивд би төрсөн юм

2008/11/21

МАЖ-2: "Эрх ашиг" гэдэг ойлголт, "Social capital" гэдэг ойлголт

(among-д бичсэн мэйлийн удаах нь)
Өмнөх мэйлэнд (11/18) МАЖ-ын зорилгын нэг цөм болсон SOCIAL CAPITAL-ын талаар тусад нь бичье гээд орхисон билээ.

Ирсэн мэйлүүдэд ЭРХ АШИГ-тай холбоотой өгүүлбэрүүд нэлээд байр эзэлжээ. Жишээлбэл "үүсгэн байгуулагчдын ярьж байгаа нь болохоор амаараа хүмүүсийн эрх ашгийг хамгаална энээ тэрээ гэж сайхан ярьж байгаа боловч..." гэдэг ч юмуу, "МАЖ тэр эрх нь зөрчигдсөн иргэдийн эрх ашгийг хамгаалж чадахуу бүхэл бүтэн МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ байхадуу даа." гэх мэт.

Энэ "эрх ашиг" гэдэг үг хэзээ гарч ирсэн үг вэ? Япон англи хэлээр яаж буулгавал бидний төсөөлдөг утга илэрхийлэгдэх болоо? Миний хувьд лав энэ үгийг хэрэглэх тийм ч дуртай биш. Социализмын үеийн олон нийтийн байгууллага юмуу, эсвэл 90-ээд оноос хойшхи "бид монголын бүх малчин тариачдын эрх ашгийг төлөөлж байна" гэж сүржигнэж байгаад улс төр хийдэг зах зээлжсэн эвлэл холбоонууд төсөөлөгддөг.

Анх коммунист нам, үйлдвэрчний эвлэл зэрэг байгууллага гарч ирэхдээ ядарсан пролетариудад "муусайн капиталистууд та нарыг ёстой муухай мөлжиж байна аа, бид та нарын эрх ашгийг хамгаална" гэх мэтээр хуга уярааж гарч ирж байсан болов уу. Ангич талцагч сэтгэлгээ л дээ. Одоо бид энэ үгэнд дэндүү ижил дасал болжээ. Олон нийтийн байгууллага гэхээр тэнгэрээс томилогдсон хүмүүс бид нарын эрх ашгийг хамгаалж, бидний төлөө юм хийж байх ёстой мэтээр төсөөлдөг. Тэгээд жишээ нь ЯМОХ-ыг "МИАТ-тай билет хямдруулах талаар хэлэлцээ хийхгүй байна, оюутнуудынхаа эрх ашгийг хамгаалахгүй байна" гэж шүүмжлэх маягийн. Өөрөө бол өөрийнхөө төлөө явахгүй, ядаж ЯМОХ-ын ажилд туслахгүй. "Бид өөрсдийнхөө төлөө хамтарч ажиллаж чадахгүй байна" гэж дүгнэлт хийхээсээ урьтаж "Тэд бидний төлөө юм хийхгүй байна" гэж зүхэж суух.

Үгэн дээр эргэлдэхээ азнаад, Японд байгаа монгол хүнд ямар нэгэн асуудал зовлон тохиолдсон үед МАЖ яах вэ? гэдэг талаар бичье.

Yнэндээ хувь хүмүүсийн амьдралд эсэн бусын юм тохиолдохыг тоолж баршгүй, тэр бүрд МАЖ өмгөөлж хамгаалаад, шүүхдэж заргалдаад явж чадах уу гэдгийг төсөөлөөд нэг үзнэ бизээ. Тийм цаг хугацаа, хөрөнгө resource байгаа гэвэл худлаа хэлсэн хэрэг болно. “МАЖ” гэж байгууллагын нэрээр ярихаар сүртэй сонсогдоод байгаагаас биш, цаана нь байгаа Нараа Батаа нар үүнийг уншиж байгаа тантай л адил ажил сургуультай, ардаа амьдралтай, бас л завгүй хүмүүс. Сайн дураар яваа хэдэн залуу битгий хэл улсаас томилогдоод, төсөв цалин аваад ажиллаж байгаа Элчингийнхэн ч тэр бүрт хүрч ажиллаад байж чаддаггүй, сайн муугаа хэлүүлж цол гуншингаа аваад явж байдаг даа (үүнд бас л resource болоод capability-ийн асуудал бий).

Асуудал зовлонд тоо хязгаар гэж үгүй, гэтэл нөөц хязгаартай. Иймээс Удирдах Зөвлөл ярилцаад хамгийн эн тэргүүнд ач холбогдол өгөх асуудлуудаа жагсааж байгаад нэг хоёроор нь шийдвэрлэж явахаас өөр аргагүй. Өөр дээрээ бодоод үзсэн ч, Дондог, Дулмаа гээд үл таних нөхдүүдэд асуудал гарах бүрт би 1, 2 өдрөө алдаж явна гэдэг дэндүү хайран. Олдсон цагаа нэг хоёр хүнд биш, нийт олонд хэрэгтэй зүйлд зориулах нь илүү утга учиртай.

Тиймээ, миний хэлэх гээд байгаа гол санааг бараг анзаарсан байх.
Монгол хүнд ямар нэгэн юм тохиолдсон үед МАЖ хөдлөх үү үгүй юу гэдгийг шийдэх нэг чухал хэмжүүр нь “тухайн асуудал бүтцийн шинжтэй байна уу, эсвэл санамсаргүй, тусгай шинжтэй байна уу?” гэдэгт байх болов уу. Бүтцийн шинжтэй гэдэг нь, ганц нэг хүнд тохиолддог биш, олон хүнд тохиолдох магадлалтай, нийгэм соёлын ялгаа, Япон-Монголын хууль дүрмийн онцлог зэрэг бүтцээс шалтгаалж гарах асуудал. Жишээ нь Японд олон жил ажилласан хүн Монголд очоод тэтгэвэргүй байх уу, Японд олон жил тэтгэвэр төлсөн хэр нь бүгд хоосон болох уу гэдэг асуудал бол олон хүнд хамааралтай нийгмийн шинжтэй асуудал юм. Эсвэл хэн нэгэн Дондогт тулгараад байгаа асуудал боловч өөр олон хүнд тохиолдох магадлалтай бол түүнд зориулсан мэдээллийн сан бүрдүүлэлт, эсвэл мэргэжлийн зөвлөгөө авахад нь холбож өгөх зохион байгуулалт бүрдүүлэх нь бүтцийн талаас шийдэж байгаа хэрэг болно.

Иймэрхүү зүйлийг ганц нэгээрээ хийж чадахгүй, чаддаг юмаа гэхэд нэг хүнээс хэтэрхий их хүч шаардана. Тиймээс л олуулаа нийлж, өөрөө өөрсдийнхөө төлөө хамтарч ажиллая гэдгийг сэтгэлгээний тулгуур багана болгож байгаа юм.

Бид нийлж хамтарвал Япон дахь өөрсдийн welfare-г (нийгмийн халамж гэдэг тун буруу орчуулга юм) илүү өндөр түвшинд аваачиж чадна. Бид бүгдэд, цаашибал Монгол оронд маань хэрэгтэй олон зүйлийг бид хийж чадна, харин эхлүүлэхгүй байгаагаас болж маш боломжийг алдсаар байна. Япон Монголын хооронд тус тусдаа жижиг жижиг гүүр барьж, үүргэвч богцоор солилцоо явуулж байхаар, нэгдсэн том гүүр барьж ачааны машинаар солилцоо явуулъя (Божи сэнпайн үгнээс иш татав). Хувь хувьдаа довоо шарлуулж, өөрөө л болж байвал болоо гэдэг сэтгэлгээнээс гарч мэдсэн юмаа, туршлагаа бусаддаа хүргэж байх уламжлал, тийм дэд бүтцийг бий болгоё. Энэ бол МАЖ-ын зорьж хийх гээд байгаа зүйл.

Харилцан туслалцаа, нэтвөрк, итгэл хүлээх ёс горим. Ийм зүйлийн хуримтлал, өөрөөр хэлбэл SOCIAL CAPITAL нь нийгмийг хөгжүүлэхэд үндсэн үүрэг гүйцэтгэдэг гэгддэг. Америкийн эрдэмтэн Р. Патнамын “Making Democracy Work” номыг нэг уншаад үзвэл зүгээр. Гол санаа нь зүгээр л ардчилсан тогтолцоог бий болголоо гээд нийгэм хөгжихгүй. Яг адилхан тогтолцоотой байсаар атал Италийн умард хэсэг, өмнөд хэсэг хоёрт хөгжлийн том ялгаа байгаад эрдэмтэн гайхаж, судалсны эцэст гаргасан дүгнэлт нь тус тусын бус нутагт Social capital-ын хэмжээ өөр өөр байгаагаас болж байна гэдэг байжээ. Одоо энэ ухагдахуун, энэ үзэл ойлголт нийгэм эдийн засгийн ухаанд улам бүр байр сууриа эзлэх болоод байна. Ийм баялагийг хуримтлуулахад МАЖ хүч тавьж ажиллах болно.

(Википэдиа:
http://ja.wikipedia.org/wiki/%E3%82%BD%E3%83%BC%E3%82%B7%E3%83%A3%E3%83%AB%E3%83%BB%E3%82%AD%E3%83%A3%E3%83%94%E3%82%BF%E3%83%AB
)

Социал капиталын эсрэг дүр нь “Тамын тогоо” юмуу даа.


Хүндэтгсэн,
Эрин М.Тулгат

МАЖ-1: "Бизнесийн талаар"

Японд байдаг монголчуудын "амонг" гэдэг мэйлийн сүлжээгээр МАЖ (Монголчуудын Холбоо - Япон)-ы талаар хэдэн хүний бизнес маягаар дайрч давшилсанд хариу өгсөнөө дор хуулбарлалаа.
----------------------------------------------
(2008/11/18)
МАЖ-ын нэрээр хэдэн хүн бизнес хийх гээд байна гэжээ.
Монголд ТББ нэрээр бизнес хийгчид олон гэж дуулддаг, тэдний өрөөсөн дугуй гэж таамагласан юм болов уу. Тэгвэл дүгнэлт таамаглал хэтэрхий эрт бөгөөд хөнгөн байна. "Ингэчих болов уу тэгчих болов уу гэж анхааруулж бичлээ" маягийн "санаа зовогчийн" дүрээр харин ч олон түмэнд сөрөг имиж төрүүлэгчид хааяа нэг харагддаг даа. Энэ удаагийнх бол үнэн сэтгэлээс олон түмний төлөө байсан гэж итгэе. Би бол МАЖ-ыг харин ч үлгэр жишээ болохуйц ТББ болчоосой гэж найдаж хүсч яваа хүний нэг. Бизнес хийе гэвэл Японд компани байгуулахад ядах зүйлгүй. Харин ч олон нийтийн байгууллага бол хүмүүсийн сайн дурын санаачлага дээр тулгуурладаг тул хөдөлгөж авч явахад маш хэцүү. Асар их энерги шаарддаг. Ажил унагасан хүнд хариуцлага тооцох арга байхгүй, бас санаан зоргоор шахаж шаардаад байж чадахгүй. Компани байсан бол халаад ч юмуу, цалингий нь хасаад хариуцлага тооцно, өгөө аваатай болохоор амар. Тэгээд ч японд алба ажил хашиж байгаа хүн бол нэг цагийн орлогоор нь тооцоод үзээрэй. МАЖ "бизнес" орлогоороо жишээ нь жилийн дундаж цалин 5 сая иенийг нэг хүнд олгохоор мөнгө олж чадах уу? Тийм мундаг бизнес санаа байвал хэн нэг нь бушуухан нэг Хувьцаат компани байгуулаад хэрэгжүүлэх бизээ. Яахав ирээдүйд бол нэг хоёр стафф, нарийн бичиг ажилд авах хэмжээний байгууллага болох байх гэж найдаж байгаа. Харин яг одоо бол бидний хэдэн нөхөд өөрсдийн үнэт цагаараа "цэвэр алдагдал" хүлээж байна уу гэхээс энд бизнесийн шанс алга даа. Аливаа юмны эхлэлийг тавьж байгаа хүмүүс асар их хүч хөдөлмөрөө түүнд зориулах болж, нэг үгээр хэлбэл "хохирдог". Гэхдээ ингэж байж л нийгэм хөгжинө. Ээж аав нар хүүхдээ өсгөж бойжуулахдаа "өөрөө хохирч байна, алдагдалтай байна" гэж боддоггүй шүү дээ. Байгалийн зөнгөөр хөгжлийн эргэлтэнд хувь нэмэрээ оруулаад явж байгаа нь тэр. 10 жилийн өмнө Японд ирээд будилж байсан хүмүүс одоо хөлөө олчихсон байгаа. Гэтэл 10 жил өнгөрчихөөд байхад дараа үеийнхэн нь яг адилхан юман дээр будилж л явах. Ийм нөхцөлд хөгжил байх уу? Бидний дараа үеийнхэн арай илүү утга учиртай зүйлд толгойгоо ажиллуулж, арай өндөр тувшинд "будилаасай", түүний тулд энэ цаг үед байгаа бид энэ цаг үеийнхээ үүрэг, mission-ийг биелүүлцгээе. Японд удаж байгаа хүмүүсийн хувьд энэ бол цаг үеийн шаардлага, үүрэг. Ийм бодлоор ажиллаж байна.
Юм өгөхгүй бол хийхгүй гэдэг салариманы сэтгэлгээгүй хүмүүс МАЖ-ыг авч явах болно. Дээр "хохирно", "цэвэр алдагдал хүлээнэ" гэж бичсэн, үнэндээ бол эндээс маш их юм олж авах болно. Нүдний өмнөх хоёр гурван халтар төгрөг биш, урт хугацааны "ашиг" олж авах болно. Архины ширээн дээр биш, ийм хамтын ажиллагааны талбар дээр итгэж болох сайхан хүмүүс цугладаг. Сайхан найз нөхөд ямар үнэтэй билээ дээ. Их юм сурна, мэдээлэлд ойр байна, дан ганц гэр ажил гэж биш, нийгэм олны төлөө зарцуулсан цаг, бүтээлч үйлсээсээ урам зориг авах болно. Өдөр тутмын аар саар зүйлд орооцолдсон амьдрал дунд арай өргөн цар хүрээтэй зүйлийг сэтгэж бодож, тийм зүйлийг ярьж, тийм мэдээлэл сонсох болно. Иргэд нь үндсэн ажлынхаа хажуугаар сайн дураар нийгмийн сайн сайхны төлөө юм хийдэг, тэгж чадахуйцаар бие даасан, хөл дээрээ тогтсон, мөн тийм үнэлэмж болоод ухамсар бүрдсэн иргэдтэй нийгмийг би идеал "Иргэний нийгэм" гэж ойлгодог. Нэг зүйлийг зориуд тодруулахад МАЖ бизнестэй холбоотой байх болно. Монгол-Японы хоорондох бизнес, эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон гүүр болоосой гэж хүсч байгаа. Статистик мэдээ хараарай, манай улсын экспортын хэдэн хувь нь Хятадаас хараат байна. Япон хэдэн хувийг эзэлж байна. Тэнэг хүн харсан ч дуу алдмаар тоо байгаа вий. Бид япончуудтай зузаан, олон талын хамтын ажиллагаатай найрамдалтай л гэдэг. Гэтэл эдийн засгийн салбарт үнэхээр партнэршип тогтоож чадаж байгаа юу? Манай хамгийн том донор орон, тэгээд л гүйцээ бишүү? Өөрөөр хэлбэл бид япончуудтай хамтран ажиллагчийн, түншийн байр сууринаас биш, юм горьдсон боолын сэтгэхүйгээр харьцаж ирсэн юм. Хувь хүмүүсийн дотор ч тийм харилцаа элбэг байдаггүй гэж үү? Уулзсан японоосоо яаж юм салгах вэ маягийн. Өнөөдрийн ганц зоосны төлөө итгэл алдаж ирээдүйн, урт хугацааны түншлэл, нөхөрлөлийг алддаг.Бидэнд дутагдал байгаа ч манай улс үндэстэн богино хугацаанд алхам алхамаар урагшилж, өдөр өдрөөр сайжирч байна. Сайхан хүмүүс, ухаалаг чадалтай залуус улам олон болж байна. Тийм хүмүүсийгээ дэмжээд, нэг нэгээрээ чадахгүй юмаа олуулаа болж байгаад хийх. Японы аж ахуйн нэгжийн хууль, санхүү гүйлгээний тогтолцоо, бизнесийн ёс жаяг, хэрэглэгчдийн сонирхол зэрэг саадыг давж, монгол бизнесмэнүүд энэ маркэтэд нэвтрэхэд МАЖ тодорхой үүрэг гүйцэтгэж чадвал сайн л байна. Ингээд бичихээр МАЖ зөвхөн эдийн засаг, бизнесийн салбарт эргэлдэх гээд байгаа гэж андууруузай. Япон дахь монголчуудын SOCIAL CAPITAL-ыг арвижуулах, харилцан туслах уламжлал, дэд бүтцийг бий болгоход зорилгынхоо нэг баганыг тавьж байгаа. Энэ талаар тусад нь бичье. Хэлэх амархан хийх хэцүү гэдгийг сайн ойлгож байна. Эцсийн эцэст үүнийг уншиж байгаа Та, энэ үйл хэрэгт жаахан ч атугай хувь нэмэр оруулах юмсан гэж бодохоос, нэг алхам хийхээс л бүх юм шалтгаална.

Хүндэтгэсэн,
Эрин М.Тулгат

2008/11/02

Р.Чойномын нууц захидлууд ном

Өнөөдөр нэг амьсгаагаар Чойномдож бас энэ номыг уншив. Захидлуудыг нь нэгтгэсэн хойч үед сургамжтай, хачир амт сайтай ном юм. Энд тэндээс нь эрээвлэн хураавласугай.
"...хүндэт дүү хүү Танаа, ажилд чинь болон уран бүтээлд тань өндөр амжилт хүсэн ерөөж, өчүүхэн болхи нэгэн, хуучны сайн цагт бол асман тойн төдий байх номгүй шүлэгч, онолгүй философич, овилгогүй ард, муу цагийн мунхаг иргэн би, гэрийн мухарт, хөгшид хүүхдийн хэрүүлийн доор бичвэй..."
(Яаж ингэж бэлэн цэцэн үг сад тавьдаг байна аа.)
"... ард түмэндээ хэрэгтэй зүйл хийхээс илүү жаргал байхгүй. Тэр л жаргалаар би цөөн насандаа дүүрэн жаргалаа. Тийм жаргалыг мэддэггүй хүнтэй маргах гэдэг адгийн зовлон байдаг бол, би тийм зовлонгоор насан турш зовлоо..."
("Тийм жаргалыг мэддэггүй хүн" гэдгээр тухайн соц. нийгмийн гар хөл, хүйтэн сэтгэлт, хуурай толгойтнуудыг хэлсэн байх даа. Цаг үеэсээ түрүүлж төрсөн түүнийг өрөвдөх шиг.)
"...Дэндсэн зүйл хиймэл болдог хуультай. Хүн хүнийг, өөрийн үнсдэгээрээ л үнсвэл сайхан үнсэх бөгөөд харин, хачин цэвэрхэн бөгөөд чанга үнсэнэ гэж хэт мэрийвэл нусаа ч наачихаж мэдэх..."
(Үнсэлтээр зүйрлэл авсан нь хамгийн эгэл жирийн, тэгсэн хэрнээ ой тойнд тод буухуйц.)
"...Сая би английн Кеннет Рексрот гэгч шүлэгчийн нилээд уянгыг уншлаа. Хүнд юу ч тулгаж хэлээгүй юм. Тэр ч байтугай юмсыг тийм ийм байдаг гэж нотлоогүй юм. Харин сэтгэл хөдлөм сайхнаар байгаль орчин болон хувийн сэтгэлгээгээ жирийн тэмдэглэсэн хэнээс ч юу ч асуугаагүй, хэнд ч юу ч номлоогүй, тийм л сонин шүлгүүд байх юм. Тэхдээ сэтгэлд нэг их юм хөдөлгөөд, өөрийн эрхгүй хувийнхаа зовлон жаргалыг эргэн бодоход хүргэж ажээ. Энэ ёстой уянгын шүлэг гэгч мөн байхаа?
Манай дорно дахин бол номлол үйлдэх дуртай, Орос өөрийгөө магтах дуртай, Хятад загнах дуртай юмуу даа..."
(Шоронд байхдаа ч тэр, ер нь хаа ч явсан маш их ном уншиж байсан байгаа юм.)
".... Гэвч тайвширч, сэтгэл ханахгүй байна. Хийх ёстой зүйлс бараг эхлээ ч үгүй юм шиг санагдана. Хийх бололцоо нөхцөл олдохгүй, үргэлж орон байр, мөнгө хоёроор гачигдаж яваад, байгалийн заяасан авьяасыг хүмүүст үлдээж чадалгүй буцааж байгальд нь тушаах хэрэг үү? Өдий болтол би заавал хийхгүй бол болохгүй зүйл, хийх онц шаардлагагүй зүйл хоёрыг ялгахгүй явжээ."
(Нас эцэслэх дөхсөн үедээ бичсэн дээрх мөрүүдийг уншаад өөрт гойд авьяас байхгүй ч, оногдсон багахан тархи, зүүгдсэн дөрвөн мөчийн хэргийг олигтой гаргаж чадахгүй явсаар бурхан багшид буцааж өгчихгүй юмсан гэж бодогдож байлаа.)

Р.Чойномын "Гεлεг" тууж

Өнөөдөр Р.Чойномын шоронд байхдаа бичсэн Гөлөг гэдэг бэсрэгхэн туужийг уншлаа. 50-иад оны цэл залуу Улаанбаатар хотын амьдрал, хоёр залуугийн хайр сэтгэл, гунигт хагацал. Амралтаар уншихад хөөрхөн л ном байна.

Гөлөг туужийнхаа тухай нэг захиандаа бичсэнээс иш татъя:

"... сэтгэхүй буюу ижил дасал явдал, хүндэтгэх бишрэх гэгч нь гагц хүнд байгаа зүйл биш, нохойд ч байна гэх гэсэн юм. Нохой зүүдэлдэг. Нохой дасч жигшиж, уурлаж баясч, тэр ч байтугай гашуудан уйлж чаддаг амьтан! Нохой тэмцдэг, цөхөрдөг, бас бодол болон гайхдаг амьтан!...
... Би хэд хэдэн удаа нохой тэжээж, эрхлүүлж, элдэв зүйл эрдэмд сургаж үзсэн. Тэднээ хэрхэн үхэхийг ч үзсэн. Би харамсан уйлж байсан. Би "Гөлөг" гэж тууж бичихдээ, нохойны амьдралыг зураглах гэж бодож эхэлсэн юм. Гэтэл реалист утга зохиол орчин үед нийгэм - төрийн гар хөл байх учиртай болохоор, нохойны аяг зан, амьдрал байдлыг сурталчилсанаар социализмд юу ч нэмэрлэхгүй тул арга буюу түүний эзэн хүнээр уг туужийг бүтээсэн билээ..."
("Өд" сан, Р.Чойномын нууц захидлууд номноос)

2008/10/26

風林火山 Салхи, шугуй, гал, уул

風林火山(ふうりんかざん) Японы дайнч улсын үеийн (15-16-р зуун) даймёо Такэда Шингэний цэргийн туганд бичигдсэн 疾如風、徐如林、侵掠如火、不動如山 -ээс авсан алдартай ишлэл.
"Салхи мэт хурдан, шугуй мэт чимээгүй,

Довтлохдоо гал мэт, тогтон барихдаа уул мэт."

疾(はや)きこと風の如く、徐(しず)かなること林の如く、侵掠(しんりゃく)すること火の如く、動かざること山の如し」の通称


Такэда Шингэнээр алдаршсан боловч, түүнээс урд ч цэргийн туганд хэрэглэгдэж байжээ. Уг гарвал нь гэвэл Хятадын эртний цэргийн ухааны ном Сүнз (孫子)-д бичигдэж байсан юм байна.

2008/07/09

Батзандан

Яагаад хүмүүс түүнийг буруугаар ойлгоод байдаг юм болоо? Ай хорвоо гэж хатууяа! Бид нар шиг гадаадад байж байгаад, энэ Монгол болохоо болилоо гээд явсан залуу. Явахынхаа өмнө "Туги, энэ эрүүл биш болчоод байгаа Монгол орныг эрүүл болгохын тулд эрэгчин эмэгчнээ үзэх санаатай" гэж мэйлэндээ бичсэн байсан нь санаанд тод. Хэлснээрээ л явж байна.Эрх тушаал, алдар нэрийн төлөө байсан бол ийм зовлонтой, эрсдэлтэй, хамгийн үйлтэй аргыг сонгохгүй шүү дээ. Унгар, Герман, АНУ-д боловсорсон хүн МАХН хавиар жаал гүйгээд л "ахаа эгчээ" гэж ая тал засахад л цаадуул нь манай залгамж халаа гээд хөөп гээд л авчихгүй юу. Цаг хугацаа харуулах байх гэж найдъя.

2008/07/07

Сонгуулийн дараах vймээний талаар

УИХ-ын сонгуулийн дараа эх оронд маань томоохон үймээн, 5 хүний эрдэнэт амь эрсдсэн гунигт явдал боллоо. МАХН-ын байрнаас эхлээд СТӨ бусад обьектууд, өв соёлын үнэт зүйлүүд үрэгдэж сүйдэн нөхөшгүй хохирол учирлаа. Мэдээллийг интернэт ТВ, сонин, найз нөхдийн мэйл, Монголд байгаа ар гэрийнхээс утсаар гэх мэт янз бүрийн сувгаар байнга авч байсан бөгөөд энэ цочирдом мэдээнд монгол хүний хувьд зүрх өвдөж, чимээгүй өнгөрч чадсангүй.

Худлаа үнэн нь мэдэгдэхгүй янз бүрийн яриа бол хангалттай сонсогдож байна. Магнай, Батзандан нар залуусыг турхирсан л гэнэ, эсвэл МАХН жүжиг тавьсан л гэнэ, хэсэг бүлэг хүн архи тарааж байсан л гэнэ, бүр байчаад Хятадын явуулга л гэнэ. Хол байгаа би байтугай ойрхон эх орондоо байгаа хүмүүст ч алинд нь итгэвэл зохилтойв, тааж хэлэхэд бэрх болоод байгаа бизээ.

Гэхдээ л энэ дундаас хэд хэдэн зүйлийг хэлж чадах болов уу. Факт биш юмаа гэхэд мөн чанараар нь.

Сонгуульд яах аргагүй элдэв булхай гарсан бололтой. Би интернэт видеогоор МАХН-ын нэр дэвшигч Чойжилсүрэн улайм цайм мөнгө тарааж байгааг үзэж, хоёр нүдэндээ гайхсан. Гэхдээ хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчээр дан ганц МАХН ч юмуу АН булхайтай биш байхаа. Аль ч намд боломж гарвал булхай хийхээс буцахгүй улсууд байж таарна. Нэг намынхан нь цугласан цагаан тагтаа, нөгөө намынхан нь сүрэг хар хэрээ байв гэж. Дотор нь сайтай муутай нөгөө л хэдэн монголчууд бид нар байгаагаас хойш. Харин булхай нь тодорхой байгаа нэг хоёр тойрог дээр дахин сонгууль явуулбал нийгэмд, ялангуяа залуу хойч үеийнхэнд эерэг мэссэж өгч, жаахан ч атугай эрүүл саруул уур амьсгалыг бий болгоход чухал нөлөөтэй юм. 20 дөнгөж шүргэж яваа залуус уур омог, зэрлэг авирт баригдаж эвдэн сүйтгэж байгаа нь та бидний байгуулж ирсэн увайгүй нийгэмд гомдсон гомдол бухимдлын илрэл гэж хэлж болно.
Цаашилбал энэ удаагийн үймээн бол УЛС ТӨР гэхээс илүү, НИЙГМИЙН БУХИМДЛААС ихээхэн хэмжээгээр хамааралтай байгаа. Зөвхөн Монголд ч биш, дэлхийн олон оронд нефтийн үнийн өсөлт, үнийн инфляцаас болж нийгэмд бухимдал үүсч, зарим орнуудад тогтворгүй байдал үүсээд байгааг бид дуулж байна. Манай орны хувьд ялангуяа сүүлийн арваад жилд ихэссэн баян хоосны ялгаа, төрд үл итгэх, амьдралдаа үл итгэх цөхрөл, гомдол хуримтлагдаж ирсэн гэдэг "архаг хууч" нөлөөлж буй.

Ийнхүү хуралдсан нийгмийн бухимдал сонгуулийн луйвар гэдэг зүйлийг шалтаг болгож сад тавьжээ.

Нийгмийн бухимдал эзнээ хайдаг. Жүжигт эсрэг талын дүр хэрэгтэй. Хамаг зовлонгийн үр таригчийг олж тогтоогоод, олны өмнө дүүжлээд авъя гэх маягийн. Гэхдээ энэ бол хэтэрхий гэнэн бодол бөгөөд, тэглээ гээд үр дүнд юу ч олж долоохгүй. Ядуу байсан бол ядуу чигээрээ л үлдэнэ. Жагсагчдын дунд сөрөг хүчин эргэлзээтэй шалтгаанаар ялагдсанд эгдүүцэж, үнэн мөнийг эрэлхийлж очсон хүмүүс ч байгаа, дээр дурдсан нийгмийн бухимдал гэдэг ерөнхий шалтгаанаас болж бухимдлаа гаргаж ядан очсон, өөрөөр хэлбэл бухимдлынхаа үзүүрийг МАХН-д чиглүүлсэн хүмүүс ч байж. Одоо түүх соёлын дурсгал эвдэж сүйдсэн, гарз хохирол учирсан зэрэг нь өөрөө бухимдал болоод явчихсан, түүнд О.Магнай нарыг, эсвэл Ц.Элбэгдоржийг хараан зүхэж хатгуурын үзүүрийг тийш чиглүүлэх хүмүүс ч байна. Зарим нь ерөөсөө
ерөнхийлөгч Н.Энхбаярын хар нүглээс боллоо гэх жишээтэй. Тэгвэл яагаад өөр нэг бурхан бумба нь биш, нөгөө л муу хэлэгддэг муухай царайтай хэд маань биднийгээ оройлоод явж байгаа юм бэ? Энэ бол сайн ч муу ч, манай Монголын байгаа байдал, та бид ард түмний чанарын дундаж түвшин тийм болохоор юм. Толинд хараад өөрийнхөө батгатай нүүрийг дэмий үзэн ядах бус, харин яаж эмчилж засах талаар бодож эхлэх нь эрүүл бөгөөд бүтээлч сэтгэлгээ. Бухимдлын үүсгүүр нь олон бөгөөд нарийн хүчин зүйлээс бүрдэж байхад түүнийг ганц хоёрхон юманд, эсвэл хүнд тохоод, түүнийг занаж зүхээд өнгөрөх нь хялбар бөгөөд ойлгомжтой байдаг байх. Харамсалтай нь ингэснээр нэг удаа бухимдлаа тайлж чадах боловч уг шалтгааныг тайлж үл чадах учир дахиад л давтагдана, тамын тогооноос хэзээ ч гарч чадахгүй.

Тиймээ, тамын тогооноос гарах тухайд бид ярих хэрэгтэй юм.
Жишээ нь энэ удаад юу байв? Хэд хэдэн сэдвээр ярьж болох боловч, энэ удаад хүчний байгууллагын ажиллагааны талаар онцолж хөндмөөр санагдлаа.

Жагсаал сүүлдээ сүйтгэл тонуул болж хувирсан нь анх зохион байгуулсан хүмүүс хариуцлагагүй хандсантай холбоотой байж болох боловч, үнэхээр түмэн хүн жолоодлого алдаж улангассан үед хэд гуравхан хүн тогтооход бэрх гэдэг нь төсөөлж ядах юмгүй. Түүн дээр нь чоно борооноор гэгчээр хулгайч тонуулчид, устган сүйтгэгчид нэмэгдээд тэр гэхийн тэмдэггүй болж. Ийм үед л хүчний байгууллага хэргээ гаргах ёстой. Энэ удаад тэгж чадаагүй бол манай цагдаагийн байгууллага болзошгүй үед хэв журам сахиулах ур чадвартаа цаашид анхаарах ёстой гэсэн дүгнэлт хийж, ажиллах нь зүй. Хэв журам сахиулахаа чаддаггүй, хэрцгийлж дарамтлахыг чаддаг, тэр хоёрыг хольж хутгадаг бол тийм цагдаа бидэнд хэрэггүй.
(Цагдаагийн байгууллага өөрсдөө зориуд ийм үймээнийг зохиоход оролцсон гэдэг яриа ч бас байгаа, гэхдээ түүнд итгэх үү байх уу гэж эргэлзэхийг энд азная)

Онц байдал зарлах талаар ч энэ удаад туршлагагүйтсэн болов уу. Хэдхэн цагийн өмнө иргэд улангасч байсан бол онц байдал зарласны дараа цагдаа нар улангасч, онц байдал нэрийн дор хотоор нэг баривчилгаа хийж, иргэдийг зодож нүдэж, хэлмэгдүүлсэн. Зугтаж яваа иргэнийг араас нь буудаж амь насыг нь хохироосон гэгдэж байгаа, хэрэв энэ үнэн болох нь тогтоогдвол туйлын жигшүүрт үйлдэл. Ихэнх цагдаа ажил үүргээ номын дагуу гүйцэтгэсэн байх, гэхдээ бас цөөнгүй хэдийн цөс нь хөөрч, ажил үүргийн хэм хэмжээг умартсан байна. Үүнд цаашид анхаарах, цагдаагийн ажилтны ёс журмын хэм хэмжээ, онцгой үед биеэ авч явах нормативийг тогтоох, эс биелүүлэгчдэд хариуцлага тооцож байх шаардлагатай нь харагдаж байна. Ялангуяа энэ удаагийн хэргээр иргэдийн амь нас, эрүүл мэндэд халдсан гэмт этгээдүүдийг олж тогтоож хуулийн дагуу арга хэмжээ авах, цааш цаашид хатуу сургамж болгох шаардлагатай.

Цаашилбал албадан саатуулах газарт иргэдийг хэрцгийлэн зодож, галуун цуваагаар явуулах зэргээр шийтгэж, гарыг нь ард нь бариулж толгойг нь хөлөн тушаа тонгойлгож олон цагаар тамласнаар ухаан алдах хүн ч гарсан байна. Хөхүүл хүүхэдтэй эмэгтэй, жирэмсэн эмэгтэй ч тэдний дунд байсан гээд хүний ой тойнд багтахааргүй зүйлүүдийг иргэдийн ярианаас үзлээ. Монгол хүн монгол хүндээ ийм харгис ханддаг болсон юм гэж үү? Гэмгүй явж байгаад тэнд саатуулагдсан, зодуулж гэмтсэн, сэтгэл санааны хохирол хүлээсэн иргэдийн хохирлыг хэн төлөх вэ? Гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байгаа нөхцөлд зодож тамлах (уул нь бол гэмт хэрэгтэн байсан ч хүний ёсоор харьцах ёстой) нь хаана зөвшөөрөгдсөн хууль вэ? Монголын ёс уу?

Энэ удаагийн үймээн бол “ардчилал” гэдэг хүн төрөлхтний томоохон ололтыг гутаасан, сэв суулгасан үйл явдал байлаа. Үүнээс болж жагсаал цуглаан гэдэг юманд бурууг өгч болохгүй. Асуудал ардчилалдаа байгаа юм биш, ардчилалыг зөв ажиллуулж чадахгүй байгаадаа байна. Жагсах, цуглах, эвлэлдэн нийлэх эрх чөлөө бол ардчилалын үнэт зүйлүүд. Түүнийг эрх баригчид ч бай, хэн нь ч бай, та би, өөрөө монгол хүн бөгөөд эх орныхоо ирээдүйд санаа тавьдаг л хүн бол зүй зохистой явуулах, дахиж буруу тийш хазгайрахгүй байхын тулд анхаарах, гэхдээ хамгийн гол нь хадгалж хамгаалж явах нь зүй.
Манай ардчилал Ардчилсан Намын өмч биш, Ардчилсан Холбооны ч өмч биш, 1992 онд Үндсэн хуулиа баталсан монголчууд бидний бүгдийн үнэт өмч. Хэрэв МАХН үүнийг огоорч төв байраа шатаалгасан хорсол занал, “үзүүлээд өгье та муусайнд” гэх бардамналд автаж, ардчилалын нэр хүндийг унагах, түүний үнэт зүйлүүдийг хааж боох, энэ удаагийн явдлыг өөрсдийн байр суурийг бэхжүүлэхэд явцуугаар ашиглавал төдий чинээ холын бодолгүй, түүхийн өмнө хариуцлагагүй байгаагаа харуулсан хэрэг болно. Олон мянган гишүүнтэй, Монгол орныг удирдан чиглүүлж байгаа ахмад намд ухаалаг, алсын хараатай лидерүүд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Цаашдын өрнөл сонгуульд ялсан, энэ удаагийн үймээнээр хохирогчийн байранд байгаа МАХН-ын гарт байна. Үнэхээр төлөвшсөн нам эсэх нь шалгагдах цаг иржээ.

2008/06/08

Өлгий

За хө хорвоогийн жамыг дагаад, сажлаад явж байна даа. Блогоо тоосонд даруулаад байх зуураа нэг данхгар хүүтэй боллоо. Хэдэн сарын өмнө гадуур явж байхад жирэмсэн эмэгтэйчүүд нүдэнд тусдаг болоод байсан, одоо жаахан хүүхдүүд хараанд өртөх боллоо. Амьдрал хэдэн градусаар ч юм эргэв, авдаг сонирхдог юм ч шал өөр болов. Хүүхдээ хуурайлангаа "өлгий"-ий тухай бодох жишээний.

Япончууд хүүхдийг өлгийддөггүй. Халуун зунаа байг гэхэд өвөл ч өлгийдөхгүй шүү. Бидний монголчууд яагаад өлгийддөг болчихсон юм бол оо? Бас өөр ямар үндэстэн өлгийддөг бол? Лав ховор байх.
"Хөл нь тэгшхэн болдог болохоор өлгийддөг" гэж боддог хүн ч байдаг юм билээ. Гэхдээ тэр юу л бол. Шалтгаан нь биш, зүгээр үр дүн нь л байх. Хөдсөн дээлтэй хээгүй монгол ахуй хүүхдийн хөл тэгш гоо байх тухай бодохтой манатай байсан биз. Угаасаа гурав дөрвөн наснаас морь унахад л амархан дугуйрна биз дээ.
Миний бодлоор хүйтэн жаварт хүүхдээ цохиулахгүй гэдэг л том шалтгаан байсан болов уу. Сайн баглаж боохгүй бол нялх хүүхэд хэд савчаад л тавьсан даавуу хөнжлийг зайлуулчихна. Угаасаа хөдлөх зуур сэвэлзээд дааруулчихна. Жимбийтэл нь боовол хүйтэнд алзахгүй.
Гээд байж байтал бас нэг юм мэдэж авлаа.

Хүүхэд өлгий ч юмуу, тиймэрхүү бариу давчуу орчинд тайван амгалан байдаг юм байна.
Саяхан интернэтээр нэг "ороовч" (?) авлаа. Эхчүүд биеэрээ ороосон даавуунд хүүхдээ оруулж, гэр орны ажил хийх, нааш цааш явахад гараа чөлөөтэй байлгадаг тийм өлгийрхүү юм байдаг юм байна. Зургийг нь тавив. Давчуу гэж жигтэйхэн. Нуруу нь бөхийж, хөл гар нь хавчигдаад, өрөвдөлтэй бөөрөнхий юм болчихдог. Тэгсэн байтал, тэр дотор оруулахаар хүүе хаая гэхийн зуургүй унтаад өгдөг юм. Их сонин. Бидний насанд хүрсэн хүн бол нэг тэниймээр санагдаад лав унтаж чадахгүй ээ. Харин нялх хүүхэд эхийн хэвлийд тийм байрлалтай байсан болохоор дасчихсан, харин ч тайван байдаг бололтой. Хүүхэдтэй эмэгтэйчүүдэд хэрэглэж үзэхийг зөвлөмөөр тустай эд байна.
Өөрийнхөө гарыг өөрийн гэж мэддэггүй байх үедээ (манай хүү одоо яг тийм) савчсан гарнаасаа өөрөө тух алдаж уйлж байгаа энэ амьтад томчууд бидний төсөөлснөөс огт өөр ертөнцөд амьдарч байна аа.

2007/12/09

Бизнес дэх бөмбөг

(2007/01/26-нд бичсэн)


Япончууд ажил дээр “бөмбөг” гэж үгийг их хэрэглэнэ. “Ажил хэн дээр очоод гацчихав?, хаана сул зогсолт үүсэв?” гэхийг “хэн бөмбөг тэврээд байна аа?” гэх жишээтэй. Бөмбөгөөр жишээлэх нь тун оновчтой юм шиг байгаа юм. Бөмбөгөөр наадаж тоглох үед бөмбөг нэг тоглогчоос нөгөө рүү гэж, завсар зайгүй ойн үсчиж байдаг даа. Үүнтэй адил бүх ажил тухай тухайн мөчдөө хэн нэгэн эзэнтэй байна.

Тэгтэл хааяа хэний ч хариуцлагад хамаарахгүй ажил бас байж байдаг. Тэр бол хүмүүс бие биедээ найдчихсан, бөмбөг бүгдийн дунд ойчоод дэмий хэвтэж байх үе юм. Ийм байдал гаргахгүй байж, ажлын процессыг байнга шалгаж байх нь лидер хүний нэг чухал үүрэг роль болно. Момент болгонд хариуцах эзэнг тодорхой болговол бие биедээ сул найдах, цаг алдах явдал гарахгүй бөгөөд ажил хурдтай, тасралтгүй явагдана. “Би өчигдөр бүгд рүү нь бөмбөг шидчихсэн байгаа” гэдэг ч юмуу, “Энэ асуудлаар өчигдөр захирал дээр орж байдлыг танилцуулсан, захиралд атгуулсан болохоор хүлээгээд байж байя”, “цаадах чинь мэйлийн хариуг их удаадаг болохоор хүмүүс ч өөрлүү нь бөмбөг буцаахдаа хойрго болчихсон юм” гэх мэт яриаг япон компаниас сонсч болно.

Телевиз, сонин, за тэгээд ном

(2007/01/27-д бичсэн)

Миний ажиллаж байгаа газарт нэг гайхалтай толгойтой залуу байдаг л даа. Өчигдөр хальт таараад хэдэн үг сольтол ярьж байна. “Саяхнаас гэртээ сонин захиалж үзсэн чинь бас ч гэж сонирхолтой юмаа” гээд хаа нэг бөглүү тайгаас соёлт ертөнцөд орж ирсэн хүн шиг бүр үнэн сэтгэлээсээ надад “сонин” гэдэг юмыг сонин болгоод ярих нь тэр. “Банаана чинь хальсыг нь аваад идэхээр ёстой амттай юм билээ”… гэдэг шиг л.

Их сургуульд байхад нэг багшийн тухай телевиз огт үздэггүйн дээр сонин ч шагайдаггүй гэж сонсоод гайхаж байж билээ. Эдийн засгийн ухааны профессор хүн өдөр тутмын сонин уншихгүй байж яаж оюутнуудад лекц уншиж, судалгаа хийдэг болж байна аа, гэтэл хариулт нь, өдөр өдрийн мэдээллийг эхнэрээсээ цай уунгаа сонсдог, тэгээд л болоо гэх.

Нэг бодлын зөв ч юм шиг байгаа юм. Ер нь цаг үеийн мэдээ гэдэг уншаад байвал эцэс төгсгөлгүй. Ядаж байхад нэг юм болонгуут бүх мэдээллийн хэрэгслүүд яг адилхан сэдвээр залхтал бөмбөгдчихнө. Гурав дөрвөн жилийн өмнө лав Афганистаны дайн гээд л Япон даяар үерлэсэн. Ертөнцийн тэр нэг мухрын хэдэн хотын нэр, газар усны нэрийг Япон даяар цээжилсэн гэхэд хилсдэхгүй. Дараа нь Иракийн дайн гээд л. Нэг гэмт хэрэг гардаг, бас л хамаг сонин шуугидаг. Охиноо егүүтгсэн эх юм л гэнэ, тэдэн настай л гэнэ, тийм нэртэй, тэгж тэгж явсан л гэнэ. Удахгүй мартана, эргээд бодоход ямар ч хүртээлгүй. Харин сэтгүүл бол арай дээр. Анализ хийх, болж буй үйл явдлууд, үзэгдлүүдийн талаар арай илүүтэй задлан шинжилж, нэгтгэсэн тайлбар хийх талдаа. За тэгээд ном. Ном бол шинж чанарын хувьд өөр юм. Мэдээж муу ном ч байдаг, сайн сонины нийтлэл ч бий. Гэхдээ дунджаар аваад үзэхэд ном бол үлдэц сайтай, системтэй бодол, ухаан өгөхдөө илүү. Ялангуяа дөнгөж өсч хөгжиж байгаа өсвөр насны хүүхдүүдийн боловсрол дээр тэдний үнэт цагийг ТВ, сонины эрээвэр хураавар, оочин цоочин мэдээлэлд биш, цэгцтэй мэдлэг, гүнзгий бодол ухаан хайрлах номонд зориулах нь зүйтэй санагдана.

Амартья Сэн - Нобелийн шагналтан

(Хуучин блогспот дээр 2007/01/06-нд бичсэн)

Индранила блог дээрээ саяхан худалдаж авсан номоо танилцуулжээ. Зурган дотор Амартья Сэний хоёр ч бүтээл харагдсан нь надад сайхан санагдлаа. Уг бичлэгийн комент дээр нэг хүн "Who's Amartya Sen?" гэж асуусан байсан учир зохиогчийн танилцуулгатай хамт жил орчмын өмнө ЭМОС клубийн мэйл листэд явуулж байсан номын тэмдэглэлээ сэргээн тавъя гэж бодлоо.

Амартья Сэн бол 1998 онд Эдийн засгийн салбарт Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэн юм. Түүний үзэл онол зөвхөн академик ертөнцөд шагшигдаад зогсохгүй олон улсын байгууллагууд, улс орнуудын бодлого хөтөлбөрт нөлөөлж, амьдралд хэрэгжиж байдгаараа нэн далайцтай. Жишээ нь НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрөөс (UNDP)-аас жил бүр гаргах болсон “Хүний хөгжлийн тайлан” (Human Development Report) болон Хүний хөгжлийн индекс бий болоход Сэний нөлөө, оролцоо их байсан гэдэг. 20-р зуун гарсаар эдийн засгийн ухаан улам нарийсч, бие даасан тусдаа шинжлэх ухаан болон хөгжиж, муугаар хэлбэл төдий чинээ явцуурч ирсэн бол, Сэний бүтээлүүд эдийн засгийн онол, чадварлаг математик гаргалгаагаар тогтохгүй философи, улс төр, социологи гэх мэт нийгмийн бусад салбарыг өргөн хамардаг.

Сэний номуудыг уншсанаар хөгжлийн тухай концепттой болох, нийгмийн үндсэн элементүүд, ухагдахуунуудын талаар шинэ соргог ойлголттой болоход дөхөм байх болов уу. Ер нь тодорхой vision-той хүмүүс удирдагчид болвол өөрийнхөө дүр зураг, төсөөллийг хэрэгжүүлэхийн тулд тэмцэж амьдрах бөгөөд хүрэх арга зам нь ч байнгын эрэл хайгуулын дүнд тодрон харагдаж ирдэг, төдий чинээ зорьсон зүйл нь эргэлт буцалтгүй байж чаддаг мэт. Хэрэв тийм биш хүмүүс удирдагчид болвол байгуулан бүтээхэд бус, өөрийн эрх тушаал, элбэг хангамжинд хамаг ач холбогдлыг өгөх хандлагатай байдаг гэж бодож байна.

Түүний бүтээлүүд заримдаа эдийн засгийн гэхээс илүү философийн шинж чанартай байдгийн нэг учир нь эдийн засгийн ухаанд томоохон парадайм шифт (paradigm shift) явагдаж байгаатай холбоотой. Парадайм шифт гэдэг үгийг анх удаа сонсч буй хүнд тайлбарлахад тухайн шинжлэх ухааны салбарт онолын суурь шилжилт явагдаж, нэг томоохон оргил, мөчлөгөөс дараагийн том оргилд хүрэх процесс юм. Уул нуруугаар зүйрлэвэл нэг томоохон оргилд хүрсэн үед тэр оргилоос олон жижиг оройнууд салбарлан хярласан байх бөгөөд, дараагийн бүр өндөр оргилд хүрэх үед түүнээс хяр дамжин олон орой толгод салбарласан байдгийг санагдуулна. Амартья Сэнийг уншихыг зөвлөж байгаа минь, манай монголчууд нийгэм-эдийн засгийн ухааны хамгийн сүүлийн ололт, өндөрлөг дээр очиж, түүнтэй танилцаасай гэсэн хүслээс үүдэлтэй.

--------------------------------------
2006.01.10 Номын танилцуулга
Амартья Сэн, Inequality Reexamined

Энэ номын агуулга нь “тэгш байдал” (equality)-ын тухай хэлэлцэхэд хамгийн түрүүнд “Юуны тэгш байдал вэ?” гэдэг асуултыг авч үзэх хэрэгтэй гэсэн санаанаас эхлэнэ. Тэгш байдал гэдгийг ихэнх хүмүүс орлогын тэгш байдлаар ойлгодог бөгөөд, жишээ нь “тэгш байдлын эсрэг үзэлтэй” гэгдэх либертариан талынхан хүртэл, ухаад үзвэл “эрх чөлөө, эрх ашгийн тэгш байдлыг” хамгаалж байгаа гэж Сэн тайлбарлах аж. Үүний дараагаас зохиогчийн эдийн засаг, нийгмийн ухаанд оруулж ирсэн шинэ ухагдахуун “чадамж” (capability) тайзан дээр гарч ирэх бөгөөд, тэгш байдлыг хэмжихэд хувь хүмүүсийн capability (чадамж)-ийг хэмжүүр болгох хэрэгтэй гэжээ. Өнөөдрийг хүртэл гол сэдэв болж ирсэн орлогын тэгш байдал, эрх чөлөөний тэгш байдал, ханамжийн тэгш байдал зэрэг хэмжүүрүүдэд тэгш байдлыг зөв хэмжих чадваргүй гэж няцаалт өгсөн байна. Ялангуяа ядуу хүн, баян хүн, ядуу орон, баян орон гэх мэт, орлогыг суурь тэгш байдлын хэмжүүр болгож ирсэн байгаа. Сэний дэвшүүлсэн санал бол "чадамж"-ыг хэмжүүр болгох явдал. Орлого гэдэг тухайн нэг "хэрэгслээр" тэгш байгаа эсэхэд шууд үнэлгээ өгөх бус, хувь хүн тухайн орлогыг амьдралынхаа сайн сайханд (well-being) хувиргах чадамжийн олонлогоор үнэлгээ өгөх гэсэн санаа. Яг адилхан 100 долларын орлоготой хоёр ядуу хүний нэг нь маш хүнд архаг өвчтэй, нөгөө нь ердийн эрүүл байсан тохиолдолд энэ хоёр хүний well-being адилхан байна гэж хэлж чадахгүй. Өөр жишээ татахад, хоёулаа адилхан унадаг дугуйтай хүн байлаа гэж бодоход, нэг нь тэр дугуйг ашиглан нааш цааш явахад уналга болгох зэргээр тухайн хүний well-being-д дугуй эерэгээр үйлчилдэг байя. Харин нөгөө хүн нь хөлгүй учир хэдий дугуйтай боловч түүнийг унаж эдлэн well-being-ээ өсгөх боломжгүй байг. Энэ тохиолдолд тэр хоёрыг адилхан л дугуйтай гэдгээр нь хэмжин "тэгш" гэж авч үзэх боломжгүй. Номын гол үзэл санааг жижиг зайнд багтаая гэвэл ийм байна.
-------------------------
2005.12.21
"ON ETHICS AND ECONOMICS", 1988, Blackwell Publishing.
Зохиогч: Amartya Sen

Бүгдэд нь мэнд. Єнгєрсєн 7 хоногт уншсан номоо танилцуулъя. Миний яг л хүлээж найдаж байсан сайхан ном байлаа.
Орчин үеийн эдийн засгийн онолд, бvх гаргалгаа, тооцооны хамгийн эх цэг, vндэс болдог нэг assumption байдаг. Тэр нь хүний авир үйлдлийг авч үзэхдээ (assumption болгож) “зєвхєн хувийнхаа сонирхолд хєтлєгдєх бєгєєд, өєрийн ханамжийг maximum хэмжээнд хүргэхийг зорино” гэж тодорхойлдог. Үүнийг микро эдийн засгийн онол тулгуур assumption болгож, эндээс эхэлж, бусад бvх онол, тооцоо нотолгоо эх аван салбарладаг. Ялангуяа Адам Смитийн “Үндэстнvvдийн баялаг”-аас эх авсан “Хvн бvр өєр єєрсдийнхєє тєлєє амьдрахад, тэр нь нийгмийн тєлєє болж, эцсийн бүлэгт бvгдээрээ хожино” гэсэн “Үл үзэгдэгч гарын хүчээр” бvх юм зохицуулагдах тухай ойлголт үүнийг онолын хувьд найдвартай ар тал нь болж түшсэн юм. Өєрєєр хэлбэл эдийн засгийн ухаанд авч үздэг Хvн гэдэг амьтан нь маш хүйтэн бєгєєд хувиа хичээсэн, ховдог шунахай (өєрийн ханамжийг хязгааргүй ихэсгэхийг тэмvvлсэн) тийм дvр тєрхтэй “homo economicus” байдаг. Амартя Сэн үүний сул талыг уудлан гарган ирж, эдийн засгийн ухаан этикийн талын элементvvдийг оруулж, суурь тавилт болгон авч үзсэнээр улам бодитой тайлбар хийх чадвартай болох бєгєєд, илүү хүчирхэг ухаан болж хєгжинє гэж тайлбарлажээ. Адам Смитийг хожуу үеийн эдийн засагчид яаж буруугаар ойлгон тайлбарласан тухай сонирхолтой тайлбар ч бий. Эрх (rights), эрх чєлєє (freedom), ханамж (utility), well-being, үнэц (value), Парэто оптималчлал (Pareto optimality) гэх мэт олон тvлхvvр үгнүүдийн утгыг эргэн авч үзэж шинжлэн, нухацтайгаар дахин тайлбарласан буй. Ийнхvv тvлхvvр vгнvvдийг буюу principle-vvдээр “оролдож” шинэ тайлбар, санаа гарч ирнэ гэдэг нь аливаа шинжлэх ухаанд парадигм өєрчлєлт хийгдэх үед л илэрдэг зүйл гэж болно. Хvнд зєвхєн хувийнхаа аз жаргал (well-being)-г томруулах гэсэн нэг мотивац байхаас гадна, бусдад єгєгч (agency) байх тийм мотивац бас байдаг, тvvнийг анхаарлын тєвєєс гаргаж болохгvй гэх мэт санаануудыг энэ номноос уншиж болно. Гаргалгаа явсаар байгаад хамгийн сvvлийн бvлгийн нэг “Welfare, Goals and Choices” дээр (миний хувьд) оргилдоо хvрнэ. Ядаж энэ бvлгийг бол заавал уншууштай.

2 comments:

eldorado said...

sain baina u?
unshigch tani bna.
Ene 2 nomnii tuhaig ni unshtal araanii shuls goojij bnaa. iim goyo nomnuudiin tuhai duulgasand bayarlalaa. Mongoloor orchuulagdsan bdag u? ugui bol ta baabar guai shig orchuulan mongolchuudiinhaa hurteel bolgooch gej husye. za tiim zawgui bol uur busad unshsan nomnuudiinhaa tuhaig ingej goyo bichihiig husch baina.

Кёкvшюзанд зориулав

(Хуучин блогспот дээр 2006/12/06-нд бичсэн)

Миний сумогийн талаарх мэдлэг нимгэн. Огт сонирхдоггүй биш л дээ, хэдэн жилийн өмнө бол тухалж байгаад үздэг байсан, харин сүүлийн үед огт үзэхээ байж. Угаасаа телевиз үзэх зав ер олдохоо байсан. Монголд байгаа хүмүүстэй сумо яривал лав миний япон хэл дутна.

Тэгсэн хэрнээ Кёкүшюзаны тухай гурван үг холбох санаатай. Бас л сайн мэдэхгүй, уулзаж нэг үг сольсон удаагүй. Японд ирээд удаагүй байхдаа нэг танилыгаа “Сумогийн барилдаан дээр очъё, чадвал Кёкүшюзантай зургаа авахуулъя” гэж хэлэхэд нь алдартай хүнтэй зураг авахуулах гэж чаргууцалдаж явах утгагүй санагддаг болохоор “за би болих уу даа, тэр Батбаяр гэдэг хүнтэй авахуулсан зургаар юу хийх юм” гэж тоглоом шоглоомын хооронд хэлээд өнгөрч байсан санаанд орж байна. Одоо бол өөрийн хүндэлдэг хүн гэдэг утгаар дуртайяа авахуулна.

Оршил урт болоод явчихлаа, ердөө л Кёкүшюзанд япон заншлаар “Хонтоү ни оцүкарэсама дэшита” (Та үнэхээр их хичээлээ, сайн хийлээ гэсэн утгатай) гэж хэлэх гэсэн юм. Анхны монгол сумоч маань өнгөрсөн башо буюу 3 долооногийн өмнө зодог тайллаа. Сумо нэг их сонирхдоггүй надад хүртэл нэгийг бодогдуулав.

Анхны монгол сумоч болохынхоо хувьд үүрэг, миссионоо тун сайн биелүүлсэнд нь заавал ингэж талархлын үг холбоё гэж бодсон юм. Энэ хүн “Мэхний их дэлгүүр” гэгдэн алдаршиж япончуудын анхаарлыг татсанаар ар араасаа олон залуусын ирэх замыг зассан. Хорвоо дээр юм анхнаасаа гэнэт хамгийн төгс төгөлдөр хэлбэрээ олно гэж байдаггүй шиг, Монголоос очсон анхны хүн шууд ёкозүна болно гэж байхгүй. Заавал эхний хүмүүс нь дэр болж байж дараа дараагийн үе улам хүчийг авч, түүх урагшаа даялдаг. Кёкүшюзан, Кёкүтэнхо нар байсны хүчинд Асашёорюү, Хакүхо нар гарч ирсэн. Анхны хүмүүс ямар байх, ямар өв соёлыг (ямар нэг орчинд байгаа хүмүүс тухайн орчиндоо нэгэн хэв маяг, уур амьсгалыг бий болгодогийг өв соёл хэмээлээ) дараагийнхандаа үлдээх гэдэг тун их учир холбогдолтой зүйл. Кёкүтэнхог бусдадаа тусч гэж сонсч байсан. Кёкүшюзан бол халуун эх оронч санагддаг. Эхний хүмүүс ийм байх нь дараа дараагийнхандаа эерэг сайн нөлөөтэй, нүдэнд илт харагдахгүй ч тийм уламжлал, уур амьсгал тогтох булаг шанд болдог билээ.

Ялангуяа Васэда их сургуульд оюутнаар элсэн орсон үед нь би дотроо ихэд сайшаан дэмжиж байсан юм (ер нь тэр үеэс л илүүтэй үнэлдэг болсон). Төдий чинээ нэр алдарт хүрсэн, тэгээд спортын, спорт спортдоо сумогийн хүн гэнэт сургуульд орно гэхээр янз бүрээр хэлэх хүн гарч л байсан. Мэдээж хүн гайхуулахаар цоортол сурж, гийгүүлээгүй байх. Гэхдээ эрдэм ном гэж тэмүүлж яваа хүн байр байдлаасаа эхлээд өөр. Сайн муу ч хийж яваа зүйл, бодож тэмүүлж байгаа нь дээшээгээ чиглэсэн, зөв чиг баримжаатай байх шиг санагддаг. Монголд явуулж байгаа байгаль экологийн үйл ажиллагааныхаа тухай Японы телевизээр ярьж байхыг нь үзэж байсан. Ухаантай юм ярьж, уран цэцнээр байлдан дагуулаагүй. Бага зэрэг бүдүүн баараг юм шиг хэрнээ зөв баримжаатай, хамгийн гол нь сэтгэл нь наашаагаа байгаа нь мэдрэгдсэн.

Нэг харьцуулалт. Асашёорюү, Кёкүшюзан хоёрын хэн нь илүү “эх орны хүү” вэ? Бодож үзлээ. Монголынхоо нэрийг Японд төдийгүй дэлхийд гаргасан Аса аваргын гавьяа үнэхээр том юмаа. Түүнд нь бахархаж, талархаад баршгүй. Гэхдээ Кант маягийн логикоор бодвол, өөрөөр хэлбэл үр дүнгээр нь биш, зорилго сэтгэлээр нь хэмжвэл хариулт өөр гарч мэднэ. Аваргын суудалд хүрэхийг эрмэлзсэн хувь хүний өөрийн сонирхол, тэмцэл нь эцсийн дүндээ улс орны хувьд ч таатай болж таарах нэг тохиолдол, хэдийгээр үр дүн нь эхний хүнийг гүйцэхгүй байсан ч гэсэн тухайн үйл хэргийг гэсэн сэтгэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирэх нөгөө тохиолдол. Энэ хоёр тохиолдлыг яаж харьцуулах вэ гэж Кантаас асуувал лав хоёрдах тохиолдолыг нь гэх байх. Нэлээд муйхар харьцуулалт л даа. Үнэндээ бол аль аль нь хайрлаж хүндлүүштэй хүмүүс.

Кёкүшюзан 14 жил барилдсан юм байна. Дээд зиндаа буюу макү-үчид олон жил удаан тогтоно гэдэг тэр бүр аавын хөвгүүд чадаад байдаг зүйл биш. Ердийн хүмүүсийн нүдэнд Оозэки, Ёкозүна, түрүүлсэн, үзүүрлэсэн гэдэг тод сонин харагддаг бол, үнэндээ доошоо уначихгүй дээд зиндаагаа хадгалж он удаан жил барилдана гэдэг өөрөө том ялалт юм. Дэвжээн дээр нийт 500 орчим ялж, 400 орчим өвдөг шороодож өөрийнхөө “сумогийн амьдрал” гэдэг урт башод 50 хувиа бат хийсэн юм байна. Залуу хүн байна, сумогийн дэвжээнээс зодог тайлсан ч цаашдын өөр шинэ дэвжээнүүдэд амжилт олж, ихийг бүтээх байх гэж найдаж байна. Чин сэтгэлээс амжилт хүсээд энэ бичиглэлээ төгсгөе.

8 comments:

khuder said...

Тантай санал нэг байна. Кёкүшүзан! Оцукарэ сама дэшита.

Хишгээ said...

алтан хараацай Кёкүшүзаны гаргасан жимаар аварга, арслангууд төрсөн билээ. Баярлалаа танд. Ер нь анхны юм гэдэг дандаа хэцүү байдаг. Хэрвээ Кёкүшүзан маань ирээгүй байсан бол ээдээ бид нар өдийд аваргүй л сууж байх байсан байхдаа

Galaarid said...

Монголчууд юмны эхлэл ямар бол төгсгөл тийм, санаа нь ямар байна заяа нь тийм гэхчлэн сургадаг, булган сүүлний тухай их ярьдаг нь үндсэндээ зөв амьдрахуйн томъёоллууд байдаг. Кёкүшүзан энэ томъёололд яв цав нийцэхээр амьдарч чадаж байгаа хүн шиг бодогддог. Их сайхан бичлэг байна. Баярлалаа.

Buyantsogtoo said...

Тогигийн энэ бичлэгийг уншаад би ч бас Шюү-гийн талаар хэдэн үг хэлмээр санагдаад блог дээрээ нэг бичлэг тавьлаа.

sod said...

kyokushuzanii talaar yaponii soninguudaar evgui zuiluud bichigdsen bsan.ter ni l unen bigii bgaasai bilee.ug ni ih l buyntai hun yumsan...

А.Ганбаатар said...

Сайн уу Тоги. Анд нь шилдэг блоггэр шалгаруулаад, хүмүүс их идэвхтэй сайхан оролцлоо. Хүмүүс өөрийг чинь хамгийн шилдгээр шалгаруулсан шүү. Баяр хүргье.

Ширчингийн Баатар said...

Batbayar sain zaluu shuu. Yostoi mongolchuudyn heldgeer bulgan suultei, buyan daguulsan zaluu hun dee. Namaig Yapond baihad ene zaluu dongoj ireed ner ni garaad shuugiulj ehelj bailaa. Mongolchuud ter uyed tsoon baijee. Nadad haayaa bilet yavuuldag baiv. Bi ochood uulzaad, sumogiinh ni hoolnoos ni ideed, eldeviig huuren yariltsdag baiv. Sergelen tsovoo, hogjoontei, ih guilgee uhaantai, huntei evteihen hartisdag tsogtoi zaluu baij bilee. Bi ter dur zugaar ni odoogoor sanaj, dursaj, dotroo ih bayarlaj yavdag yum. Chinii bichsen dursamj uneheer saihan sanagdlaa. Ih bayarlalaa. Ulam saihan yum bichij baigaarai.

Эрин М.Тулгат said...

Ta buhend ih bayarlalaa.

Ganbaatart,
Neeree Top10-t shargarsan tuhai bayarlalaa geed neg bichleg bichne ee.

Силикон валлигийн спирит

(Хуучин блогспот дээр 2006/12/03-нд бичсэн)

"Вэб хувьслын тухай" [1] нь бэстсэллэр болсон Үмэда Мочиогийн өөр нэг ном "Силикон валлигийн спирит"-ийг [2] уншлаа. Сүүлийн үед ходий болоод байгаа Mr.B-тэй уулзах үед цүнхнээсээ гаргаж ирээд танилцуулж байсан юм. Мистер Би энэ номыг "Вэб хувьслын тухай"-гаас ч илүү гэж үнэлж байсан, үнэхээр тэгж хэлж болох талтай. Эхний ном ирэх маргаашийн тухай, энэ удаагийнх нь бол өнөөдрийг хүртэлх богино түүх, мөн байдлын тухай гэж хэлж болно.


Бэй эриа, Сан-Франциско орчимд орших, хөдөөгийн жижигхэн хот "Силикон валли" (гэхдээ яг ийм нэртэй хот бол байхгүй). Нарийн технологи, аитигийн нэг түм орчим компанид хэдэн зуун мянган аити (IT) инженерүүд, менежерүүд, хөрөнгө оруулагчид амьдарч, дээрээс нь хятад, энэтхэг зэрэг гадаадын шилдэг толгойтой залуус ч хүн амыг нь нэмэгдүүлэн хөгжлийн хөдөлгөх хүчийг зузаатгах.

Компьютер, програмчлалын ажилд үнэн голоосоо дуртай, дуртай ажилдаа өдөр шөнөгүй бүх өөрийгөө зориулж амьдардаг nerd-үүд, geek-үүд, тэднийг санхүүгийн талаас нь дэмжих хөрөнгө оруулалтын фандууд, эйнжэлүүд (angels), мөн тэр бүхнийг холбож бизнесийг хөтлөн явуулах шилдэг бизнес удирдагчид, менежерүүд. Ийм хүмүүсийн бөөгнөрөл нь эдийн засгийн шинэ механизм буюу New economy-г бий болгожээ. Уламжлалт зээл, хөрөнгө оруулалтын тогтолцоогоос ялгаатай нь бизнес эхлүүлэх гэж байгаа хүн өөрийн тодорхой өмчийг барьцаанд тавих ч юмуу, эрсдлийг бүрэн өөрөө хүлээх шаардлагагүй . Фандууд жишээ нь 20 залуу вэнчэр компанид хөрөнгө оруулах бөгөөд, тэдний дундаас 2-3 нь л амжилтад хүрч, IPO (хувьцаа задлах) хийж эсвэл томоохон компанид худалдагдсан байхад бусад нь амжилт олохгүй байлаа ч зарлагаа нөхөх боломжтой. Юу ч болоогүй нялх компанид ажиллах инженерүүд, менежерүүд зөвхөн маргаашт итгэн зарим нь дундуурхан цалинтай, зарим нь ч цалингүй, компанийнхаа хувьцааг сток опшион (stock option) хэлбэрээр авч үхэн хатан ажиллацгаана. Хэзээ нэгэн цагт амжилт олж хувьцаа нь бирж дээр хэдэн тэрбумаар үнэлэгдэх эсвэл аль нэг их гарын компанид худалдагдан нэг шөнийн дотор тэрбумтан болохыг найдна. Идей, хүчирхэг шинэ технологи жинхэнэ утгаараа үнэлэгдэж, шууд амьдралд нэвтрэх эдийн засгийн систем ийнхүү Силикон валлиг хөдөлгөж байна.

Анх 1938 онд Станфорд их сургуулийн нэгэн профессор өөрийн хоёр оюутан Хьюлэтт, Паккард хоёрт судалгааны шинэ санаагаа бизнес болгохыг зөвлөж, хөрөнгө оруулагч олж өгөн, өөрөө ч тодорхой хувийн хөрөнгө оруулалт хийсэн нь Силикон Валлигийн эхлэл болсон байна. Хьюлэтт Паккардын төв компани одоо ч Станфорд их сургуулийн дэргэд байдаг гэнэ. Их сургууль, эрдэм шинжилгээний газрыг түшиглэсэн нь Силикон валлигийн хөгжих суурь болсон нь эргэлзээгүй.

Эйплийг үүсгэн байгуулагч, Стийв Жобс (Steve Jobs) 2005 онд Станфорд их сургуулийн төгсөлтийн баяр дээр уригдан хэлсэн үгэндээ "Агуу ихийг хийх цорын ганц зам бол хийж байгаа юмандаа дурлах явдал (The only way to do great work is to love what you do)" гээд "Улам улам эрэлхийлэгтүн, бүү суурьш" (Keep looking, and don't settle) гэж хэлсэн тухай энэ номд гарч байна. 70-аад оны Интэл, 80-аад оны Эйпл (Apple), Сан Майкросистемс, Оракл, 90-ээд оны Сиско Системс, Яхүү, И-бэй, тэгээд 2000-аад оны Гүүгл гэсэн Силикон валлигийн үр бүтээлүүд ямар охь үзэл, спирит дундаас бий болов? Номын хуудас бүр нь үүнд зориулагджээ.
-----------------------------
[1]梅田望夫『ウェブ進化論』)-
[2](『シリコンバレー精神』、ちくま文庫、2006
-----------------------------

9 comments:

Buyantsogtoo said...

Үнэндээ бид ч гэсэн иймэрхүү эдийн засгийн тогтолцоог бий болгох хэрэгтэй юм даа. Дэлхий дээр асар их мөнгө яахаа мэдэхгүй зүгээр л хэвтэж байна гээд байгаа биз дээ. Бид ч гэсэн тиймэрхүү бүтэц, тогтолцоог бий болгох гээд үзвэл болмоор санагдаад байгаам даа. Сүүлийн үед бүр ч ... Хятадын Далиан хот гэхэд нэг тод жишээ юм. Ер нь Далианыг нэг удаа үзчихмээр юм билээ. Сүүлийн үед Вьетнам шинээр гарч ирж байна. Дараа нь Монгол гарч ирнэ дээ гсн.

М.Огоо said...

Silicon Valley gedgiig Tsahiur Urtuu gej orchuulbal yaj bna? Ta iimerhuu shine ner tomyog onooj ogohdoo sain sh dee :)

khuder said...

Сонирхолтой зүйл бичсэнд баярлалаа

Togi said...

Ogoo-d,
Orchuulbal "Tsahiur hondii" boloh bolov uu. Gehdee gazar usnyi geh met onooson neriig orchuulahgui baisan ni deer baih tohioldol ni olon. Ulaanbaatar hotyig CNN medeegeer "Red Hero city" gehgui shig.

Buyantsogtoo said...

Ogoo chuham yaagaad Silicon Valley-g orchuulah gej uzev? Bidnii medehgui uur utga bdag yum bish biz dee? (Gazriin ner bish, uur utga gesen ug)

zalituneg said...

Mongold tsahiur ortoo gedeg nereer yum ehluuleh gej uzvel ch yadaj ner ni ch boltugai eeltei baih yum bolov uu. hehe. Buyantsogt ahaa. Delhii deer asar ih mongo yahaa medehgui hevtej baidag gej haanaas duulaa ve? Bi bas medii l daa. aan. Minii harsan uzsen, havitsan oirtson buh l yum mongonii gachaalal dund l baih shig baih yum.

М.Огоо said...

Silicon valley gedeg chini minii oilgosnoor Silk valley gedeg shig garch irsen ym bolov uu. Ug ni gazriin ner gehdee Enethegt lav sonin hevlel deer technologiin tov gedeg utgaar bichigdeed baidag ym. Tegeed l mongol hund oilgomjtoi baidlaar ehnees ni mongoloor nersheed zanshchihval gej bodson ym. Ug ni Valley geheer hundii gej buuh baih. gehdee yamar neg tuv suurin gedeg utgaar ni hundii gej nerlemeergui sanagdaad. Za medehgui baahan bursan bol uuchlaarai :)

Buyantsogtoo said...

Зальтүнэгт: би ч гэсэн тийм яриаг сонсоод итгэдэггүй л байлаа. Олон хүн ярьж, бичиж байгаа тул үнэн болтой гэж бодох болсон юм. Бас мөнгөтэй хүнтэй нь уулзаж яриаг нь сонсох боломж бас таарч байв. Гэхдээ миний явсан газар, уулзсан хүн, уншсан номын тоо гавьтай биш тул буруу ч байж болох. Та бүхний явсан газар олон, уулзах хүний хүрээлэл ч өргөн тул та нарын мэдээлэл илүү үнэн байхоо. Буруу юм бурсан бол уучлал гуйя. Монголд хамаагүй бүлтэрдэг улсууд их болохоор тэдний өвчин халдаж байж ч магадгүй.
Гэхдээ миний хэлээд байгаа зүгээр хэвтэж байгаа мөнгө бол зүгээр хэн нэгэнд май гээд өгчих мөнгө биш юм шиг байгаа юм. Тэр мөнгийг хөдөлгөхөд нэлээн том прожект босгох хэрэгтэй болтой юм билээ. Өөрөөр хэлбэл тэр мөнгө өөрөө урсаад ороод ирэх михнизмийг нь бий болгох гэсэн үг болтой. Жишээ нь Хятад мэт нь яаж тэр мөнгийг авахаа үнэн сайн мэдсэн байна. Тэр мөнгийг хөдөлгөхөд заавал Хятад шиг том байх, мөн далайтай хиллэдэг байх албагүй гэж миний авсан мэдээлэл дотор дүгнээд байгаа юм л даа.

Огоод: Силикон Ваалид олон жил ажиллаж амьдарч байгаа Ширчингийн Баатар сан Цахиуран Хөндий гэсэн маягаар хэлж байна лээ шүү. Тэгээд бодохлоор орчуулаад хэрэглэе гэдэг чиний санаа зөв болтой. Надад бол Хооливүүд шиг л сонсогдоод байдаг болохоор орчуулах шаардлагагүй гэж боддог байв.

crank said...

slee1.Silicon Valey
2.Banglore
3.Dailan ch biluu /buruu bichsen bj magdguishuu /
ehleed edgeer 3 beleehen model deer saitar sudalgaa hiigeed daraa in bidnii oorsnii Mongol iihoo ontslogt tohirson baidlaar in Solution hiivel zov ym bnoluu gej bodloo.