2008/11/21

МАЖ-1: "Бизнесийн талаар"

Японд байдаг монголчуудын "амонг" гэдэг мэйлийн сүлжээгээр МАЖ (Монголчуудын Холбоо - Япон)-ы талаар хэдэн хүний бизнес маягаар дайрч давшилсанд хариу өгсөнөө дор хуулбарлалаа.
----------------------------------------------
(2008/11/18)
МАЖ-ын нэрээр хэдэн хүн бизнес хийх гээд байна гэжээ.
Монголд ТББ нэрээр бизнес хийгчид олон гэж дуулддаг, тэдний өрөөсөн дугуй гэж таамагласан юм болов уу. Тэгвэл дүгнэлт таамаглал хэтэрхий эрт бөгөөд хөнгөн байна. "Ингэчих болов уу тэгчих болов уу гэж анхааруулж бичлээ" маягийн "санаа зовогчийн" дүрээр харин ч олон түмэнд сөрөг имиж төрүүлэгчид хааяа нэг харагддаг даа. Энэ удаагийнх бол үнэн сэтгэлээс олон түмний төлөө байсан гэж итгэе. Би бол МАЖ-ыг харин ч үлгэр жишээ болохуйц ТББ болчоосой гэж найдаж хүсч яваа хүний нэг. Бизнес хийе гэвэл Японд компани байгуулахад ядах зүйлгүй. Харин ч олон нийтийн байгууллага бол хүмүүсийн сайн дурын санаачлага дээр тулгуурладаг тул хөдөлгөж авч явахад маш хэцүү. Асар их энерги шаарддаг. Ажил унагасан хүнд хариуцлага тооцох арга байхгүй, бас санаан зоргоор шахаж шаардаад байж чадахгүй. Компани байсан бол халаад ч юмуу, цалингий нь хасаад хариуцлага тооцно, өгөө аваатай болохоор амар. Тэгээд ч японд алба ажил хашиж байгаа хүн бол нэг цагийн орлогоор нь тооцоод үзээрэй. МАЖ "бизнес" орлогоороо жишээ нь жилийн дундаж цалин 5 сая иенийг нэг хүнд олгохоор мөнгө олж чадах уу? Тийм мундаг бизнес санаа байвал хэн нэг нь бушуухан нэг Хувьцаат компани байгуулаад хэрэгжүүлэх бизээ. Яахав ирээдүйд бол нэг хоёр стафф, нарийн бичиг ажилд авах хэмжээний байгууллага болох байх гэж найдаж байгаа. Харин яг одоо бол бидний хэдэн нөхөд өөрсдийн үнэт цагаараа "цэвэр алдагдал" хүлээж байна уу гэхээс энд бизнесийн шанс алга даа. Аливаа юмны эхлэлийг тавьж байгаа хүмүүс асар их хүч хөдөлмөрөө түүнд зориулах болж, нэг үгээр хэлбэл "хохирдог". Гэхдээ ингэж байж л нийгэм хөгжинө. Ээж аав нар хүүхдээ өсгөж бойжуулахдаа "өөрөө хохирч байна, алдагдалтай байна" гэж боддоггүй шүү дээ. Байгалийн зөнгөөр хөгжлийн эргэлтэнд хувь нэмэрээ оруулаад явж байгаа нь тэр. 10 жилийн өмнө Японд ирээд будилж байсан хүмүүс одоо хөлөө олчихсон байгаа. Гэтэл 10 жил өнгөрчихөөд байхад дараа үеийнхэн нь яг адилхан юман дээр будилж л явах. Ийм нөхцөлд хөгжил байх уу? Бидний дараа үеийнхэн арай илүү утга учиртай зүйлд толгойгоо ажиллуулж, арай өндөр тувшинд "будилаасай", түүний тулд энэ цаг үед байгаа бид энэ цаг үеийнхээ үүрэг, mission-ийг биелүүлцгээе. Японд удаж байгаа хүмүүсийн хувьд энэ бол цаг үеийн шаардлага, үүрэг. Ийм бодлоор ажиллаж байна.
Юм өгөхгүй бол хийхгүй гэдэг салариманы сэтгэлгээгүй хүмүүс МАЖ-ыг авч явах болно. Дээр "хохирно", "цэвэр алдагдал хүлээнэ" гэж бичсэн, үнэндээ бол эндээс маш их юм олж авах болно. Нүдний өмнөх хоёр гурван халтар төгрөг биш, урт хугацааны "ашиг" олж авах болно. Архины ширээн дээр биш, ийм хамтын ажиллагааны талбар дээр итгэж болох сайхан хүмүүс цугладаг. Сайхан найз нөхөд ямар үнэтэй билээ дээ. Их юм сурна, мэдээлэлд ойр байна, дан ганц гэр ажил гэж биш, нийгэм олны төлөө зарцуулсан цаг, бүтээлч үйлсээсээ урам зориг авах болно. Өдөр тутмын аар саар зүйлд орооцолдсон амьдрал дунд арай өргөн цар хүрээтэй зүйлийг сэтгэж бодож, тийм зүйлийг ярьж, тийм мэдээлэл сонсох болно. Иргэд нь үндсэн ажлынхаа хажуугаар сайн дураар нийгмийн сайн сайхны төлөө юм хийдэг, тэгж чадахуйцаар бие даасан, хөл дээрээ тогтсон, мөн тийм үнэлэмж болоод ухамсар бүрдсэн иргэдтэй нийгмийг би идеал "Иргэний нийгэм" гэж ойлгодог. Нэг зүйлийг зориуд тодруулахад МАЖ бизнестэй холбоотой байх болно. Монгол-Японы хоорондох бизнес, эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон гүүр болоосой гэж хүсч байгаа. Статистик мэдээ хараарай, манай улсын экспортын хэдэн хувь нь Хятадаас хараат байна. Япон хэдэн хувийг эзэлж байна. Тэнэг хүн харсан ч дуу алдмаар тоо байгаа вий. Бид япончуудтай зузаан, олон талын хамтын ажиллагаатай найрамдалтай л гэдэг. Гэтэл эдийн засгийн салбарт үнэхээр партнэршип тогтоож чадаж байгаа юу? Манай хамгийн том донор орон, тэгээд л гүйцээ бишүү? Өөрөөр хэлбэл бид япончуудтай хамтран ажиллагчийн, түншийн байр сууринаас биш, юм горьдсон боолын сэтгэхүйгээр харьцаж ирсэн юм. Хувь хүмүүсийн дотор ч тийм харилцаа элбэг байдаггүй гэж үү? Уулзсан японоосоо яаж юм салгах вэ маягийн. Өнөөдрийн ганц зоосны төлөө итгэл алдаж ирээдүйн, урт хугацааны түншлэл, нөхөрлөлийг алддаг.Бидэнд дутагдал байгаа ч манай улс үндэстэн богино хугацаанд алхам алхамаар урагшилж, өдөр өдрөөр сайжирч байна. Сайхан хүмүүс, ухаалаг чадалтай залуус улам олон болж байна. Тийм хүмүүсийгээ дэмжээд, нэг нэгээрээ чадахгүй юмаа олуулаа болж байгаад хийх. Японы аж ахуйн нэгжийн хууль, санхүү гүйлгээний тогтолцоо, бизнесийн ёс жаяг, хэрэглэгчдийн сонирхол зэрэг саадыг давж, монгол бизнесмэнүүд энэ маркэтэд нэвтрэхэд МАЖ тодорхой үүрэг гүйцэтгэж чадвал сайн л байна. Ингээд бичихээр МАЖ зөвхөн эдийн засаг, бизнесийн салбарт эргэлдэх гээд байгаа гэж андууруузай. Япон дахь монголчуудын SOCIAL CAPITAL-ыг арвижуулах, харилцан туслах уламжлал, дэд бүтцийг бий болгоход зорилгынхоо нэг баганыг тавьж байгаа. Энэ талаар тусад нь бичье. Хэлэх амархан хийх хэцүү гэдгийг сайн ойлгож байна. Эцсийн эцэст үүнийг уншиж байгаа Та, энэ үйл хэрэгт жаахан ч атугай хувь нэмэр оруулах юмсан гэж бодохоос, нэг алхам хийхээс л бүх юм шалтгаална.

Хүндэтгэсэн,
Эрин М.Тулгат

2 comments:

D.Sainbayar said...

Тулгат анд болоод японд буй монгол залуус маань сайхан үйлс санаачлан эхлүүлж байгаа юм байна. Бусад улсын холбоодын ү/а-наас мэдээж бас сургамж авууштай сайн муу зүйлс их бий. МАJ нь тэдэндээ ч бас үлгэр жишээ болсон сайхан ТББ болоосой гэж бодож байна. Та бүгд хийж чадна гэдэгт итгэл төгс байна. Амжилт хүсье!

ganga said...

Японууд хамгийн том донор атлаа яагаад хөрөнгө оруулалт хийдэггүй гэдэг бодууштай асуудал. Боловсрол, ухамсар, хариуцлага ижил үгүйдээ ойролцоо түвшинд байсан цагт л хамтран ажиллах байх даа. Та нарын ажил үйлст амжилт хүсье.