2008/11/21

МАЖ-2: "Эрх ашиг" гэдэг ойлголт, "Social capital" гэдэг ойлголт

(among-д бичсэн мэйлийн удаах нь)
Өмнөх мэйлэнд (11/18) МАЖ-ын зорилгын нэг цөм болсон SOCIAL CAPITAL-ын талаар тусад нь бичье гээд орхисон билээ.

Ирсэн мэйлүүдэд ЭРХ АШИГ-тай холбоотой өгүүлбэрүүд нэлээд байр эзэлжээ. Жишээлбэл "үүсгэн байгуулагчдын ярьж байгаа нь болохоор амаараа хүмүүсийн эрх ашгийг хамгаална энээ тэрээ гэж сайхан ярьж байгаа боловч..." гэдэг ч юмуу, "МАЖ тэр эрх нь зөрчигдсөн иргэдийн эрх ашгийг хамгаалж чадахуу бүхэл бүтэн МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ байхадуу даа." гэх мэт.

Энэ "эрх ашиг" гэдэг үг хэзээ гарч ирсэн үг вэ? Япон англи хэлээр яаж буулгавал бидний төсөөлдөг утга илэрхийлэгдэх болоо? Миний хувьд лав энэ үгийг хэрэглэх тийм ч дуртай биш. Социализмын үеийн олон нийтийн байгууллага юмуу, эсвэл 90-ээд оноос хойшхи "бид монголын бүх малчин тариачдын эрх ашгийг төлөөлж байна" гэж сүржигнэж байгаад улс төр хийдэг зах зээлжсэн эвлэл холбоонууд төсөөлөгддөг.

Анх коммунист нам, үйлдвэрчний эвлэл зэрэг байгууллага гарч ирэхдээ ядарсан пролетариудад "муусайн капиталистууд та нарыг ёстой муухай мөлжиж байна аа, бид та нарын эрх ашгийг хамгаална" гэх мэтээр хуга уярааж гарч ирж байсан болов уу. Ангич талцагч сэтгэлгээ л дээ. Одоо бид энэ үгэнд дэндүү ижил дасал болжээ. Олон нийтийн байгууллага гэхээр тэнгэрээс томилогдсон хүмүүс бид нарын эрх ашгийг хамгаалж, бидний төлөө юм хийж байх ёстой мэтээр төсөөлдөг. Тэгээд жишээ нь ЯМОХ-ыг "МИАТ-тай билет хямдруулах талаар хэлэлцээ хийхгүй байна, оюутнуудынхаа эрх ашгийг хамгаалахгүй байна" гэж шүүмжлэх маягийн. Өөрөө бол өөрийнхөө төлөө явахгүй, ядаж ЯМОХ-ын ажилд туслахгүй. "Бид өөрсдийнхөө төлөө хамтарч ажиллаж чадахгүй байна" гэж дүгнэлт хийхээсээ урьтаж "Тэд бидний төлөө юм хийхгүй байна" гэж зүхэж суух.

Үгэн дээр эргэлдэхээ азнаад, Японд байгаа монгол хүнд ямар нэгэн асуудал зовлон тохиолдсон үед МАЖ яах вэ? гэдэг талаар бичье.

Yнэндээ хувь хүмүүсийн амьдралд эсэн бусын юм тохиолдохыг тоолж баршгүй, тэр бүрд МАЖ өмгөөлж хамгаалаад, шүүхдэж заргалдаад явж чадах уу гэдгийг төсөөлөөд нэг үзнэ бизээ. Тийм цаг хугацаа, хөрөнгө resource байгаа гэвэл худлаа хэлсэн хэрэг болно. “МАЖ” гэж байгууллагын нэрээр ярихаар сүртэй сонсогдоод байгаагаас биш, цаана нь байгаа Нараа Батаа нар үүнийг уншиж байгаа тантай л адил ажил сургуультай, ардаа амьдралтай, бас л завгүй хүмүүс. Сайн дураар яваа хэдэн залуу битгий хэл улсаас томилогдоод, төсөв цалин аваад ажиллаж байгаа Элчингийнхэн ч тэр бүрт хүрч ажиллаад байж чаддаггүй, сайн муугаа хэлүүлж цол гуншингаа аваад явж байдаг даа (үүнд бас л resource болоод capability-ийн асуудал бий).

Асуудал зовлонд тоо хязгаар гэж үгүй, гэтэл нөөц хязгаартай. Иймээс Удирдах Зөвлөл ярилцаад хамгийн эн тэргүүнд ач холбогдол өгөх асуудлуудаа жагсааж байгаад нэг хоёроор нь шийдвэрлэж явахаас өөр аргагүй. Өөр дээрээ бодоод үзсэн ч, Дондог, Дулмаа гээд үл таних нөхдүүдэд асуудал гарах бүрт би 1, 2 өдрөө алдаж явна гэдэг дэндүү хайран. Олдсон цагаа нэг хоёр хүнд биш, нийт олонд хэрэгтэй зүйлд зориулах нь илүү утга учиртай.

Тиймээ, миний хэлэх гээд байгаа гол санааг бараг анзаарсан байх.
Монгол хүнд ямар нэгэн юм тохиолдсон үед МАЖ хөдлөх үү үгүй юу гэдгийг шийдэх нэг чухал хэмжүүр нь “тухайн асуудал бүтцийн шинжтэй байна уу, эсвэл санамсаргүй, тусгай шинжтэй байна уу?” гэдэгт байх болов уу. Бүтцийн шинжтэй гэдэг нь, ганц нэг хүнд тохиолддог биш, олон хүнд тохиолдох магадлалтай, нийгэм соёлын ялгаа, Япон-Монголын хууль дүрмийн онцлог зэрэг бүтцээс шалтгаалж гарах асуудал. Жишээ нь Японд олон жил ажилласан хүн Монголд очоод тэтгэвэргүй байх уу, Японд олон жил тэтгэвэр төлсөн хэр нь бүгд хоосон болох уу гэдэг асуудал бол олон хүнд хамааралтай нийгмийн шинжтэй асуудал юм. Эсвэл хэн нэгэн Дондогт тулгараад байгаа асуудал боловч өөр олон хүнд тохиолдох магадлалтай бол түүнд зориулсан мэдээллийн сан бүрдүүлэлт, эсвэл мэргэжлийн зөвлөгөө авахад нь холбож өгөх зохион байгуулалт бүрдүүлэх нь бүтцийн талаас шийдэж байгаа хэрэг болно.

Иймэрхүү зүйлийг ганц нэгээрээ хийж чадахгүй, чаддаг юмаа гэхэд нэг хүнээс хэтэрхий их хүч шаардана. Тиймээс л олуулаа нийлж, өөрөө өөрсдийнхөө төлөө хамтарч ажиллая гэдгийг сэтгэлгээний тулгуур багана болгож байгаа юм.

Бид нийлж хамтарвал Япон дахь өөрсдийн welfare-г (нийгмийн халамж гэдэг тун буруу орчуулга юм) илүү өндөр түвшинд аваачиж чадна. Бид бүгдэд, цаашибал Монгол оронд маань хэрэгтэй олон зүйлийг бид хийж чадна, харин эхлүүлэхгүй байгаагаас болж маш боломжийг алдсаар байна. Япон Монголын хооронд тус тусдаа жижиг жижиг гүүр барьж, үүргэвч богцоор солилцоо явуулж байхаар, нэгдсэн том гүүр барьж ачааны машинаар солилцоо явуулъя (Божи сэнпайн үгнээс иш татав). Хувь хувьдаа довоо шарлуулж, өөрөө л болж байвал болоо гэдэг сэтгэлгээнээс гарч мэдсэн юмаа, туршлагаа бусаддаа хүргэж байх уламжлал, тийм дэд бүтцийг бий болгоё. Энэ бол МАЖ-ын зорьж хийх гээд байгаа зүйл.

Харилцан туслалцаа, нэтвөрк, итгэл хүлээх ёс горим. Ийм зүйлийн хуримтлал, өөрөөр хэлбэл SOCIAL CAPITAL нь нийгмийг хөгжүүлэхэд үндсэн үүрэг гүйцэтгэдэг гэгддэг. Америкийн эрдэмтэн Р. Патнамын “Making Democracy Work” номыг нэг уншаад үзвэл зүгээр. Гол санаа нь зүгээр л ардчилсан тогтолцоог бий болголоо гээд нийгэм хөгжихгүй. Яг адилхан тогтолцоотой байсаар атал Италийн умард хэсэг, өмнөд хэсэг хоёрт хөгжлийн том ялгаа байгаад эрдэмтэн гайхаж, судалсны эцэст гаргасан дүгнэлт нь тус тусын бус нутагт Social capital-ын хэмжээ өөр өөр байгаагаас болж байна гэдэг байжээ. Одоо энэ ухагдахуун, энэ үзэл ойлголт нийгэм эдийн засгийн ухаанд улам бүр байр сууриа эзлэх болоод байна. Ийм баялагийг хуримтлуулахад МАЖ хүч тавьж ажиллах болно.

(Википэдиа:
http://ja.wikipedia.org/wiki/%E3%82%BD%E3%83%BC%E3%82%B7%E3%83%A3%E3%83%AB%E3%83%BB%E3%82%AD%E3%83%A3%E3%83%94%E3%82%BF%E3%83%AB
)

Социал капиталын эсрэг дүр нь “Тамын тогоо” юмуу даа.


Хүндэтгсэн,
Эрин М.Тулгат

1 comment:

Ganzorig V. Han Ho'hii said...

Hi,

Aliv olon niitiin bguullaga bguulan ajillah, gardan abch yvahad haa saigui iim zuil tohiolddog. Chinii zovlong mash sain oilgoj mederch bna. Shantralgui sain ajillaarai. Bi sayhan Japand irsen bgaa. Medeh, chadah zuils bval tuslahad belen bna.