Өдий болтол цөөхөн монголчууд ХАЯГЖСАНГҮЙ. Хөдөөний ардыг болъё, орчин үеийн гэх Улаанбаатар хотод шуудангийн үйлчилгээ үндсэндээ алга. Цахим технологи, онлайн худалдаа, и-коммерсоор дэлхийн хөгжлөөс хоцрохгүй байя гэвэл бараа солилцоог хангах үйлчилгээ, систем гарцаагүй хэрэгтэй. Энд хаягжилт гэдэгт мэйл хаяг ч юмуу Гүүгл аккаунтын тухай яриагүй байна л даа. Зүгээр л шуудангийн хаяг, гудамж байрны хаягийн тухай ярьж байна. 13-р зуунд дэлхийд анхны буухиа өртөөг байгуулсан Өгөөдэй хааны үр сад ийм царайтай 21-р зууныг угтлаа. Энэ бол манай төр ямар арчаагүй ноль заасан байдалтай байгааг харуулах нэг тод жишээ мөн.
Уул нь би төрийг шүүмжлэх гэж биш, өөрийгөө шүүмжлэх гэж бичиж эхэлсэн ухаантай юм. Юу гэвэл, төр засгийг шүүмжилж байгаа залуус бид өөрсдөө тэр байр сууринд очвол үнэхээр юм хийж чадах уу? Гадаад дотоодод боловсрол эзэмшсэн, элдвээр чамирхсан тэр л залуус үнэхээр уулыг нурааж усыг эргүүлэх чадалтай юу? Миний эргэлзээг төрүүлдэг наад захын жишээ бол өнөөдрийг хүртэл Японд монголчуудын локал коммюнити, боловсронгуй мэдээллийн сайт байхгүй байгаа явдал юм. Локал коммюнити, төр улс хоёр нэг харахад хамаагүй мэт боловч, мөн чанарын хувьд адил гэж хэлж болно.
Нэг улс гэдэг бол ердөө нэг хэсэг хүмүүсийн цуглуулга. Хувь заяа нь газарзүйн нэг орчинд биеийг оноож, соёлын нэг хөнжлөөр оюуныг бүтээснээс цаашгүй. Тийм хүмүүс зохион байгуулагдаад байгаа нь төр. Менежмэнт сайн хийгдэж, нийгэм бүхэлдээ дэвшиж байвал төр сайн ажиллаж байна гэсэн үг. Тэгвэл гадаадад байгаа монголчууд ч гэсэн бас хүмүүсийн цуглуулга. Ялгаагүй хэл, соёлоороо ижилссэн "бяцхан улс". Локал коммюнити хүчтэй хөгжиж, харилцан туслах нэтворкийн хэмжээнд хүрсэн бол "бяцхан төр" онц ажиллалаа гэсэн үг. Харин тухайн жижиг хүрээнд зохицуулалт хийж, орчин тойрноо өмнө байснаас илүү дэвшилд хүргэчих аавын хүү байхгүй бол тэндээс улс орныг авч явах удирдагч төрнө гэж найдахад хэцүү. Зүсэн бүрийн арга мэхээр ширээ сандалд хүрэх хүн байж болно, тийм миссионгүй, чадваргүй хүмүүсийн явах зам тодорхой.
Сүүлийн үед нэг зүйл их бодогдох болоод байгаа юм. Дахиад хэдэн жил Японд байх хугацаандаа дээр дурдсан коммюнити сайтыг бүтээчих юмсан гэж. Зүгээр л нэг сайт хийх бол ядах юмгүй байх, гол нь байнгын ажиллагааг хангах бааз суурийг нь тавих гэдэг асуудал юм. "Тийм юм үнэхээр хэрэгтэй гэжүү? Бүгдээрээ яаж ийгээд л болоод байгаа шүү дээ" гэж арай асуухгүй биз дээ. Потенциал хэрэгцээ, нүдэнд тэр болгон харагдахгүй нуугдмал ач холбогдол их бий.
Сүүлийн үед нэг зүйл их бодогдох болоод байгаа юм. Дахиад хэдэн жил Японд байх хугацаандаа дээр дурдсан коммюнити сайтыг бүтээчих юмсан гэж. Зүгээр л нэг сайт хийх бол ядах юмгүй байх, гол нь байнгын ажиллагааг хангах бааз суурийг нь тавих гэдэг асуудал юм. "Тийм юм үнэхээр хэрэгтэй гэжүү? Бүгдээрээ яаж ийгээд л болоод байгаа шүү дээ" гэж арай асуухгүй биз дээ. Потенциал хэрэгцээ, нүдэнд тэр болгон харагдахгүй нуугдмал ач холбогдол их бий.
Өнөөдрийг хүртэл би "манай монголчууд ийм" гэж бусдыг, ялангуяа өөрөөс дээших үеийн сэнпай нарыг шүүмжлэх маягтай явж ирлээ. Тэгээд нэг мэдэхэд, өөрийгөө анзаартал харин би өөрөө тэр хариуцлагыг хүлээх ёстой байр сууринд иржээ. Огт хийж байгаагүй биш л дээ, дээрх шиг зорилготой Амонгнэт гэдэг сайт эхлүүлж байсан удаа бий. "Дараа үеийнхээ оюутнуудад" нийтлэлээс минь энэ тухай уншиж болно. Сайт удалгүй зогссон. Цаг их орохоос гадна хамтарч дэмжих хүн олдохгүй байснаас үргэлжлэх боломжгүй болсон юм.
Одоо дахиад нэг үзээд алдах бодолтой байна. Тэгээд ч тэр үеийг бодвол монголчууд олширч, гар нийлэх нөхдүүд ч энэ хавь орчмоор эргэлдээд байна, бас бизнес утгаараа санхүүгийн хувьд өөрийгөө даах, тэрүүхэндээ болгоод явах боломж байж болохоор байна. Интернэт хэрэглэгчдийн Social Networking-д хандах хандалт Яхүү, Гүүгл зэргийг давах болоод байгаа сурагтай. Японы Микси гэхэд сар гаруйн өмнө хувьцаагаа биржид дэлгэхэд ханш нь огцом өсч маш эрэлттэй байсан.
Дэлхий дээр хаа сайгүй Чайна таун байдаг. Рийл (real) орон зай дахь хятадуудын хотхон. Тэгвэл цаашид заавал рийл хот байх албагүй. Нэг нь Хирошимад, нөгөө нь Киотод сууж байг. Уулзах газар нь виртуал Монгол Хотхон. Энэ хотын шавыг тавих, инженер байгууламжийг хийхэд нэлээд хүч хөрөнгө хэрэгтэй. Гэхдээ рийл хотыг бодвол гайгүй. Иймэрхүү санааг өнгөрсөн 6 сард Web 2.0. хэмээх бичлэгдээ бас бичсэн. Бүтэх эсэхийг сайн мэдэхгүй. Тийм амар санаснаар болох зүйл биш, хоосон мөрөөдөл төдий дуусч ч магад. Гэхдээ хэцүү гэдэг бол боломжгүй гэсэн үг биш. Эртний Грект хот улсууд хөгжиж байсан тухай түүхийн номноос уншиж байсан байх. Хот улсууд гэдэг нь миний дотор ардчилалын билэг тэмдэг байдаг юм. Хотын хувь заяаг өөрсдөө шийдэх, түүнд оролцох иргэдээс бүрдсэн хот. Рийл ертөнц дээрх улс төр ялзарч дууссан байг гэхэд нэт ертөнц дээр цоо шинэ "улсыг" бий болгох боломжгүй юм байхдаа?
Жаахан зөгнөе. Хааяа зөгнөх, мөрөөдөхөд зүгээр. Интернэт хэрэглэгчид Монголын амьдралыг жолоодох үе заавал ирнэ (угаасаа тэр үед хүн амын ихэнх нь интернэт хэрэглэгчид болно). Эдийн засгийн үгүйдээ тал хувийн эргэлт, трансакшионууд интернэт дээр явагдана. Зөвхөн Монголд байгаа хүмүүс биш, дэлхийн орон оронд байгаа монголчууд холбогдож, виртуал Монгол улс рийл Монгол улсын амьдралд шууд нөлөөлж эхэлнэ. Тэр үед бидний тэмүүлээд байгаа шинэчлэл, нийгмийн өөрчлөлт аяндаа, хүссэн хүсээгүй явагдах л болно. Эсрэгээр, түүнээс өөрөөр бол найдвар тун бага.
Япон дахь монголчуудын локал сайтыг хийнэ гэвэл та оролцох уу? Дэлхий дээр монголчуудын виртуал хотхонуудын эхнийх нь болог. Сонирхож байгаа бол юу ч гэсэн мэйл ирүүлээрэй.