Сайн үйл, муу үйл хоёрыг яаж ялгах вэ? Энэ асуултанд, "бүх хүн түүнийг адилхан үйлдвэл байдал ямар болох вэ?" гэдгээр хэмж гэж Кант хариулжээ. Саяхан Иммануэл Кантын "Principles of Metaphysic of Morals" (道徳形而上学原論) номыг чадан ядан уншлаа. "Миний өөртөө зөв гэж бодсон зарчим хэрэв хорвоогийн түгээмэл зарчим болвол ямар байдал үүсэх вэ?" (2-р бүлэг) гэдгээр тухайн үзэл зарчим ёс суртахууны үнэ цэнэтэй эсэхийг дүгнэх аргачлал юм.
Ёс суртахууны хувьд үнэ цэнэтэй зүйл гэж юу вэ? Энэ бол ашиг унац, зан араншингийн онцлог, эсвэл аль нэг юмыг илүүд үзэх ердийн сонирхол зэргээс үл хамааран тухайн үүрэг, ёс зүйг сахин биелүүлэхэд оршдог гэж тэрээр хэлж байна. Үүнийг жишээн дээр тайлбарлажээ.
Жишээ нь худалдаачин хүн туршлага багатай худалдан авагчийг молигодож бараагаа хөөрөгдөж зарахгүй бол тэр ёс зүй буюу "үүрэгт" нийцсэн явдал болно. Тэгвэл олон худалдаачин цугларч, олон бараа эгнэсэн их хөлийн зах дээр хэчнээн арга зальтай худалдаачин байлаа ч үнээ хэтрүүлэхгүй зарах учир том хүн, балчир хүүхэд ялгалгүй сэтгэл амар худалдан авах боломжтой. Энэ тохиолдолд уг худалдаачны үйлдэл ёс зүйд нийцэж байгаа нь үнэн боловч, тэр нь өөрийн ашгийг тооцсоны үндсэн дээр явагдаж байгаагаас хэтрэхгүй учир ёс суртахууны онцгойлох үнэ цэнэ байхгүй.
Өөр жишээ. Хүн өөрийн амь насыг хадгалж явах нь нэг ёсны үүрэгт нийцсэн, ёс зүйн дагуу зүйл. Тэглээ гээд хүн өөрийнхөө амь насны төлөө онцгой анхаарал тавин явдаг нь онцлохуйц дотоод үнэ цэнэ агуулах зүйл биш юм. Амь биеэ арчлан хамгаалж байгаа нь үүрэгт нийцсэн зүйл боловч, үүрэгт тулгуурласан зүйл биш. Харин эсрэг жишээнд давхар давхар зовлон, өвчин зовиураас болж амьд явах хүсэл өчүүхэн ч үлдээгүй, үнэндээ үтэр түргэн нүд анихыг горьдон хүсэх боловч, зүрхээ чангалан амьд хэвээр байгаа хүн, тэрхүү сонголт нь амьдралд хоргодох сэтгэлээс ч юмуу, үхлээс айх айдсаас биш, цор ганц үүрэгт тулгуурласан шийдлээс үүдсэн байна гэвэл түүний энэхүү үзэл зарчим (maxime) нь ёс суртахууны үнэ цэнийг агуулна.
Бас нэг жишээ. Бусдад тусч эелдэг байх нь ёс зүйд (үүрэгт) нийцнэ. Хорвоо дээр бусдыг ойлгох мэдрэмж өндөртэй, ямар нэгэн нэр алдар ч юмуу ашиг унацын төлөө биш байлаа ч эргэн тойрноо баярлуулахыг хичээж, түүнийг жаргалд тооцон таашааж явдаг хүн байдаг. Энэ тохиолдолд, түүний бодол үйлдэл нь хэдийгээр үүрэгт нийцсэн, ашиг сонжоо хайгаагүй зүйл байлаа ч, ёс суртахууны жинхэнэ үнэ цэнийг агуулж чадахгүй. Бусдыг төлөө гэх тухайн хүний зан араншингийн онцлогоос ургаж байгаагаас хэтрэхгүй авир үйлдэл болно.
Нэр алдар горилогч төрийн түшээг бас жишээ болгоё. Түүний тэмцсэн зүтгэсэн бүхэн хотол олонд сайн сайхныг авчирч, үүрэг ёс зүйд ч нийцэж, бүх үр дүн эерэг гарч хүн зоны хайр талархалыг хүлээсэн байг. Энэ тохиолдолд ч тэр хүнийг хүндтэй байранд тавихаар ёс суртахууны үнэ цэнэ байхгүй байгаа юм...
Библи сударт, "Өөрийн хөршийг хайрла", "өөрийн дайсныг ч хайрла" гэж тушаан номлосон байдгийг дээрх зарчимтай адилтгаж болно. Үнэндээ тухайн хүний төлөв хандлага, дур сонирхлоос үүдсэн хайр бол заавал тушааж, номлоод байх юмгүй аяндаа ундран гарна. Тэгвэл үүрэгт тулгуурласан хайр гэдэг бол уг хүний дур хандлагаас огт хамаарахгүйгээр барахгүй бүр үзэн ядсан нөхцөлд байлаа ч тэр дундаас хүчлэн гаргах практикал хайр юм. Өөрөөр хэлбэл ердийн сэтгэл санааны үүдэлтэй пассив хайр биш. Ийм практикал хайр нь гагцхүү хүчтэй "санаа шийдэлд" (will буюу 意志) тулгуурласан байна. (1-р бүлэг)
Цаашилбал Кант сайн муу гэдэг хийсэн үйлийн үр дүнгээр биш, хийж үйлдэх чиг шугам болох дээр дурдсан санаа шийдлээр хэмжигдэнэ гэж үзжээ. Зөв санаа өвөрлөж, тэрхүү чиг шугамаасаа гажаагүй л бол, хэдий үр дүн нь ямар байлаа ч гэсэн “сайн” гэж дүгнэгдэх ёстой. Зүгээр нэг “ингэх ёстой” гэж бодоод өнгөрөлгүй түүнийхээ хойноос бүхнийг хийсэн боловч үр дүн нь эсрэгээр гарах тохиолдол байж болно, тийм тохиолдолд ч уг санаа шийд нь эрдэнэс лугаа үнэ цэнийг дотроо агуулсан хэвээр байх билээ. (1-р бүлэг)
(Санамж: Энд энэ номыг бүхэлд нь танилцуулахыг зорьсонгүй, зөвхөн оочин цоочин санаанд үлдсэн хэсгийг буулгасан нь энэ. Кантын гүн ухааны нарийн төвөгтэй гаргалгаа, цогц үзэл санааг миний агшуун толгой барж ойлгохооргүй юм билээ)
Welcome back Togi, блог ертөнцөд их олон хүн жуулчилдаг болоод байгаа нь миний муу майжгий блогийн тоолуур чамгүй эргэлдээд байгаагаас мэдрэгдээд л байна. Яг одоо л хүмүүсийн сонирхолыг татсан чанартай бичлэгүүд чинь их олон хүнд сайнаар нөлөөлөх байх. Блогоо тасралтгүй шинэчлээрэй гэж хүсье.
Кантын хувьд монгол хэл дээр ном материал байдаг юм болов уу. Унших хорхой хөдөлчихлөө. Ийм номыг эх хэл дээрээ эхлээд уншихгүй бол би арай л english-ээр нь барахгүй байх
Nuguu mungutei buguud avgaidaa hairtai hun abdag l ed dee gedeg shig Philospy-iin chglel sonirhodog ulsuudad sonin l directory olloo
http://www.ivzhao.com/plato/
Ganbaatar aa, bayarlalaa. Blogoo tasraltgui shinechleed yavna aa. Sanaa zovoltgui. Medeej zavgui uye taarval heseg zuur shinechlegdehgui uye garch magad. Elseltiin shalgalt geh met (he he).
Kantyin mongol orchuulga gej yostoi sonsoogui yum baina. Bas uneheer baidag bol orchuulga ni yamar baidag bol doo, gedeg ih sonin. Bi lav ene muu jijighen blog taniltsuulgyig bichih gej hedhen ugiin orchuulga deer yostoi ugee helsen. Bas sonirholtoi URL taniltsuulsand bayarlalaa.