2006/07/29

Солонгосын Оh My News!

“Иргэн сурвалжлачид” Солонгост хүчээ авч байна
Лийндер Каани /Эй Пи агентлаг/
------------------------------------------------
(Товчлон орчуулав)
Өмнөд Солонгосын “Oh my news” нэртэй нэгэн сайт дэлхий нийтийн анхаарлыг татах болжээ. “Жирийн иргэн та ч гэсэн сурвалжлагч” гэдгийг уриагаа болгосон энэхүү интернэт сонин нь сэтгүүлзүйн ертөнцөд цоо шинэ хуудсыг нээж байна гэх аж. Барууны хөгжингүй орнуудад хувь хүмүүс блог (өдрийн тэмдэглэл, эссэ зэрэг бичихэд зориулсан хялбар хоомпэйж) нээж, өдөр тутмын бодсон санасан зүйлээ буулган “амныхаа загатнааг гаргадаг” болж байгаа бол Солонгосын бичигч нар блог дээр даруухан үзэглэхийг төвдөлгүй шууд л олон хүн цугласан "газар", томоохон индэр дээрээс дуу хоолойгоо хүргэхийг илүүд үзсэн бололтой. Энэ нь явсаар ийнхүү хүчирхэг мэдээллийн хэрэгсэл төрж гарахад хүргэжээ. Үүсгэн байгуулагчдын нэг редактор Оү Ёнхо хэлэхдээ “Хуучныг баримталсан уламжлалт хэвлэл мэдээлэл хүмүүсийн гол харах нүд болж байсан 20-р зууны сэтгүүлзүйг үндсээр нь халахыг Өү май ньюс зорьж байгаа” гэнэ. “Бидний үндсэн консепт нь иргэн бүр хэн боловч сурвалжлагч, сэтгүүлч байж чадна гэх санаа юм. Бид бодит үйл явцыг байгаа чигээр нь дамжуулж, уншигчдад өөрсдийнхөөрөө дүгнэлт хийх боломжийг олгоно”. Гурван жилийн өмнө 4 хүний бүрэлдэхүүнтэй гараагаа эхэлсэн Өү май ньюс өнөөдөр 40 гаран сурвалжлагч, редактор бүхий томоохон байгууллага болж, өдөрт 200 орчим мэдээ мэдээллийг нийтлэх хэмжээнд өргөжөөд байна. Мэдээллийн ихэнхийг сайтад бүртгэлтэй 26 мянган “иргэн сурвалжлагчид” нийлүүлж байгаа ажээ. Иргэн сурвалжлагчдын үндсэн ажил нь бол зочид буудлын үйлчлэгчээс эхлээд зохиолч хүртэл янз бүр. Уг сайт өдөрт 2 сая уншигчийг өөртөө татаж, Ерөнхийлөгчийн сонгуульд прогрессив (эрчимтэй шинэчлэгч) талын Ро Мо Хюнийг ялахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэдгээрээ олон нийтэд нэр хүндтэй болоод байгаа юм. Английн Гардиан (Guardian) сонин “улс доторх нөлөөлөл гэдэг үзүүлэлтээрээ бол дэлхий дээр хамгийн хүчтэй мэдээллийн сайт” гэж үнэлж байна. Мөн Солонгосын нэгэн дипломат “Өү май ньюс өнөөдөр солонгосын аль ч сониноос илүү хүч нөлөөтэй байгаа. Энэ сайтыг үл тоох улс төрч байхгүй болжээ. Солонгос орон маань бид өөрсдөө ч итгэхийн аргагүйгээр өөрчлөгдөж байна” гэж өгүүлнэ. Хэлбэрт баригдаж хэт хуучинсаг барилд бугшсан дотоодын медиагийн эсрэг цоо шинэ мэдээллийн хэрэгсэл бий болгоё гэж Оү Ёнхо 2000 онд анх Өү май ньюсийг нээсэн бөгөөд, хөрөнгө мөнгөгүйн эрхээр аматюр (мэргэжлийн бус) репортеруудад бичүүлж, гол талбараа вэбсайт болгохоос өөр арга байсангүй. Уншсан хүн бүр “Өү май год!” (Oh, my God!) гэж уулга алдан, байр байдлаа эргэн харж засмаар тийм нийтлэлүүдийг оруулна гэсэн санаа зориг өвөрлөж эхлүүлсэн юм. “Өү май ньюс” сайт нь томоохон компаниудын эсрэг, засгийн газрын эсрэг, эсвэл Америкийн эсрэг боломтгой, сэтгэлийн хөдлөл илэрч, юмыг бодитойгоор бус субьективээр дүгнэх, зарим тохиолдолд хувь хүний яриа руу хадуурч оромтгой. Гэвч түүний хажуугаар амьд эрч хүчтэй, нарийн дэлгэрэнгүй, өргөн хүрээг хамарсан мэдлэг бүхий бичлэгүүд дүүрэн байдаг. Спортоос эхлээд олон улсын харилцаа хүртэл уламжлалт сонинд байдаг бүх төрлийн сэдвийг хамарч чадсаны хажуугаар өөрийн гэсэн хүчтэй онцлогыг хэдийнэ бий болгожээ. Өү-май-ньюсийг өдөр болгон уншдаг Солонгос гаралтай америкийн иргэн Дон Парк “Блог уншиж байгаа юм шиг л байдаг. Хувь хүнлэг, эмоцлог (emotional) бөгөөд амьд. Уламжлалт мэдээ шиг уйтгартай бөгөөд хэт бодьлог (objective) биш. Мэдээж туйлшрах тал ч бий. Мэргэжлийн хүний бичсэнээс өөр боловч, уншигчид болсон явдлын талаар сайн ойлголт авч чадна. Би лав итгэдэг” гэж үнэлж байна. Өү май ньюсийн сурвалжлагчид Засгийн газар, яам тамгын газруудаар чөлөөтэй нэвтрэх эрхтэй бөгөөд бусад мэргэжлийн сурвалжлагчидтай адилхан түвшинд сурвалжлага авах боломжоор хангагдсан байдаг. Дээд албаны хүмүүс ч эхнээсээ Өү май ньюсийн тусгайлсан ярилцлагыг хүлээн зөвшөөрч эхлээд байна. Ерөнхийлөгч Ро Мо Хюн сонгуульд ялсан анхныхаа ярилцлагыг Өү май ньюст өгсөн нь их гарын бусад хэвлэлийн агентлагуудад томоохон шок болж байлаа. Өү май ньюсийн сурвалжлагчид хүссэн зүйлээ юу ч бай сайтад нийтлүүлэх эрхтэй. Нөхцөл бол ердөө ганцхан, өөрийн жинхэнэ нэрээ тавих явдал. Уг сайт нийтлүүлэгч нарт бичсэн зүйлийнхээ бүх хариуцлагыг хүлээх ёстойг анхааруулж буй. Зохиогчийн эрхийг Өү май ньюс болон репортерууд хамтдаа эзэмших тул бичсэн хүн өөр газар ч бичлэгээ нийтлэх боломжтой. Бичлэгийн шагнал нь тэгээс 16 доллар хүртэл бөгөөд, редактороос уг нийтлэлд олгох “үндсэн”, “бонус”, “онцгой” зэрэг ранкаар тодорхойлогдоно. Боловсруулах ажиллагаа нь ердийн сонинтой адилхан боловч тэдэнтэй харьцуулахад хаалттай тусгаарлагдсан өрөөнд биш нээлттэй ил орчинд явагдана. Мөн сайт дээрх хэлэлцүүлэг форумд сурвалжлагч болон редакторууд бичигч иргэдтэй шинэ нийтлэлийн санаа онооны талаар ярилцана. Түүн дотроос сонирхолтой санаа төрсөн үед иргэн сурвалжлагчдын нэг нь өлгөн авч сурвалжлага болгон боловсруулна. Нийтлэл мэдээнүүд вэбийн интерфэйсээр тушаагдах ба, нийтлэгдэхийн өмнө редакторуудын хяналтаар дамжина. Оүгийн хэлснээр, бүх бичлэгүүдийг бодитой үнэн эсэх талаар нь урьдчилан шалгаж, мэргэжлийн редакторуудаар хянан тохиолдуулдаг гэх. Өнөөдрийг хүртэл нэр төр гутаасан хэргээр шүүх зарга үүссэн нь ердөө хоёрхон удаа гэж тэрээр ярина. Мэдээж дутагдалтай талууд ч бий. “Аль нэг компанийн маркетингийн ажилтан, эсвэл ямар нэг активист сэтгүүлчийн баг өмсч өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүн, эсвэл үзэл суртлыг “шахахгүй” гэх газаргүй” гэж Солонгосын томоохон сонин болох “Чоосүн Илбо”-гийн Чой Жюнсүк өгүүлж байна. “Онлайн медиад чанарын томоохон асуудал бий”. Өү май ньюсийн хувьд иймэрхүү асуудлаас сэргийлэхийн тулд бичлэг нийлүүлэгчдээс банкны дансны дэлгэрэнгүй баримт зэргийг авдаг болж эхлээд байна. Ямартай ч, энэхүү сайт нь Солонгосын соёлд томоохон давалгаа авчирч байгаатай маргах зүйл үгүй. Солонгос бол хүн амынх нь 70 орчим хувь бродбанд холболтоор интернэтэд холбогдсон, дэлхийн хамгийн интернэтчлэгдсэн орон. Тиймээс ч Солонгос нь дэлхий дээр хамгийн “вэбтөржсөн” (Webocracy) орон гэгдэх хэмжээнд хүрээд байна.
2006.03.21-нд орчуулж, Гэгээ сайт дээр тавьсан байсныгаа энд давхар хуулав.
--------------------------
Эх сурвалж:

2 comments:

А.Ганбаатар said...

Mash sonirholtoi medeelel Hurgesend bayarlalaa. Mongold yag iim bish ch gesen iimerhuu Blog planet uusgevel humuus iish tiish demii tuilshiraad bh bolov uu yadag bol... Solongos shig bish yum a gehed todorhoi hemjeenii unshigchidiin hureelel bii bolchihson gedegt itgeltei bna. EMOS club ingehed odoo yamar uil ajillagaa yavuulj bgaa ve.

Togi said...

Нэг номыг монгол хэлнээ хєрвvvлж байгаа. Одоохондоо зохиогчийн эрхийг авч чадаагүй байгаа болохоор нэрийг нь зарлахгvй. Орчуулга бол дууссан. Хянах засварлах ажил эцсийн шатандаа явж байна.