2006/07/24

Эрдмийг эрхэмлэх ухаан

Очирхүүгийн Жаргалсайхан гэж хүний тухай дуулсан уу? Энэ хүн бол боловсрол, хэл орчуулгын салбарт олон буянтай үйл бүтээж яваа эмэгтэй юм. Японд мастер хамгаалж төгсөөд нутагтаа очин япон хэлнээс Самюэл Смайлс "Өөртөө туслах ухаан", Шиба Рёотароо "21-р зуунд амьдрах охид хөвгүүдэд", мөн зохиолчийн "Тал нутгийн тэмдэглэл" гэх мэт хэд хэдэн сайхан бүтээл орчуулсан юм. Өнөөдөр би түүний орчуулсан Фүкүзава Юкичи "Эрдмийг эрхэмлэх ухаан" (福沢諭吉 『学問のすすめ』) нэртэй номыг уншлаа. Өнөөдрийн залуучуудад маань цөлд асгарах бороо мэт юу юунаас хэрэгтэй номын нэг гэж бодож байна. Бас үнэндээ сайн орчуулжээ. Ялангуяа эх хэлнийхээ баялаг сангаас үгийн сувд түүх гэж цөхрөлтгүй чармайлт гаргасан нь унших явцад нүднээ ил. Мэдээж орчуулгын ном гэдэг хаа нэгтээ заавал "гадны үнэртэй" байдаг бөгөөд, мөн тухайн орны түүх соёлын дэвсгэргүй уншигчдад хүрэхгүй зүйл олон байдаг учир амаргүй ажил. Юутай ч Жаргалсайхан эгчид уншигчийн хувиар талархал илэрхийлээд цаашдаа улам ихийг бүтээж, урт удаан баяр баясгалантай амьдрахыг хүсэн ерөөе! Бас залуус минь, хэрэв уншаагүй байгаа бол энэ номыг худалдан авч, оюуны бүтээл туурвин байгаа хүмүүсээ дэмжээрэй.

------------------------
Зарим сонирхолтой хэсгээс:

(83-р тал) ... Шувууд, загас жараахай, өт хорхой өөрөө хоолоо олж иддэггүй гэж үү. Шоргоолж сэлт нь идэш хоолоо олоод зогсохгүй өвөл болоход бэлтгэж нүх ухаж, үүр бариад, идэш хоолоо нөөцлөн хураадаг. Гэтэл энэ хорвоод шоргоолжтой адилхан үйлдэл төдийд сэтгэл нь бүр ханаж орхидог хүмүүн буй бөлгөө. Нэгэн жишээ татья.
Хүү өсч, худалдаа наймааны юмуу түшмэлийн алба хаших болж, төрөл төрөгсөд, найз нөхдийнхөө туслалцаа дэмээс салж, юутай ч биеийг даасан амьдралаар амьдрах боллоо гэж бодъё. Бусад хүмүүст ёс алдалгүй, яаж ийгээд өөрийн гэрээ босгож, эд хогшил ч бага сага бүрдэж, хүссэн ёсоороо гэрлэнэ.Амьжиргааны зарлагаа ч бага сага хэмнэн, бас хүүхэд ч төрж, ном ёсоор сургаж хүмүүжүүлэн, элдэв гэнэтийн үед хэрэг болно гэж хэдэн төгрөг ч хуримтлуулав. Би ингээд хувиа даасан амьдралтай боллоо гэж тэрээр сэтгэл ханана. Бусад хүмүүс ч энэ сүрхий чамбай хүн дээ гэж үнэлцгээж, тэр өөрөө ч амьдралд хөлөө олоод авчихлаа хэмээн бодно.
Та энэ хүнийг юу гэж үзэж байна? Би бол нэг их сүрхий хүн гэж бодохгүй л байна. Дээрх хүмүүсийн үнэлэлтэд том эндүүрэл байна. Ийм хүн чухамдаа шоргоолжтой л адилхан зүйл хийсэн төдий агаад шоргоолжноос илүү гарсан юм алга...
Уул нь хүнд балаггүй, өөрийгөө болгоод амьдарвал тэр чинь том буян гэж ярилцах ч бий. Харин Фүкүзава сан их хатуу байна шүү. Ердөө л шоргоолжтой л адилхан зүйл хийсэн гэж чангалж байх.
49-р тал дээр
Улс орон маань яг л Засгийн газрын хувийн өмч лүгээ адил агаад харин ард түмэн болохоор улс орныхоо хоноц лугаа адил байж ирлээ.
гэсэн нь өнөөгийн монголчууд бидэнд ч бас юм бодогдуулахаар яриа шиг санагдана. Өөр олон сайхан санаа, зүйрлэл, жишээ энэ номонд орсон байгаа.

За тэгээд энэхүү орчуулгын талаар зарим ганц хоёр санал гарсаныг бичье.
Дээр хэлсэн ёсоор орчуулгын ном гаргана гэдэг ярвигтай ажил билээ. Шууд монгол хэл дээрээ бичсэн ном ч хэдэн арван удаа мөлжиж байж арай гэж санаанд дөхүү болж ирдэг эд. Орчуулгын болоод ирэхээр эх бүтээлтэй нь тулгах, утгыг зөв дамжуулах гээд бүр их ажиллагаатай, засвар ариутгал хэд илүү шаардагддаг болохоор ямар ч орчуулгын бүтээлээс но хайвал барагдахгүй.
---------------------------
*** Хятадын гүн ухаантан 孟子-г Мүнз гэсэн байсан, уул нь монголд Мэнз гэдэг. Хятадын эртний 週 улсыг "Шюү улс" гэж япончуудын дуудлагаар бичжээ. Уул нь монголд Сүй улс гэдэг санагдана (хэрэв андуурч байвал андууд залруулж өгөөрэй). Бас 『論語』-г Ронго гэж шууд япон дуудлагаар бичсэн нь орчуулгын түгээмэл зарчимд нийцэхгүй мэт. "Шүүмжлэлт өгүүлэл" нэртэйгээр орчуулагдаж байсан юм шиг байна лээ, би бол "Цэц судар" гэж нэрлэх дуртай. Ингэж буюу ямар нэгэн байдлаар монгол гарчиг оноож, харин ард нь хаалтанд оригинал хэл буюу ханзыг нь тавибал тустай санагдана.
*** (119р тал) Дээр дурдсан "Цэц судар"-т олонтаа гардаг бага хүн, явцуу хүмүүн гэсэн утгатай 「小人」-г "одой хүн" гэж орчуулсан нь уншигчдад бие галбирын хувьд жижиг хүнийг зааж буй мэтээр буруу ойлголт өгөхөөр болж. Учир нь уг сударт биеэр жижиг хүнийг биш, санаа сэтгэлээр явцуу, жижиг бодолтой хүний тухай яригддаг билээ.
*** Хоёрдугаар бүлгийн эхэнд буюу 19-р талд эрдэм хэмээх үгийн утга хийсвэр хийгээд бодот гэсэн хоёр талтай гэж бичигдсэн хэсэг байгаа. Хийсвэр гэдэг нь монгол хэлэнд жаахан сөрөг утгаар сонсогдох гээд байдаг, энд орчуулгын дагуу явбал "хийсвэр эрдэм ном" болж таарна, энэ бол нэг л амьдралгүй, хоосон утга учиргүй гэж бууж магадгүй юм. Уул нь эх бүтээл дээрээ 「無形」 гэсэн байна. Иймд "биет бус" гэх зэргээр орчуулбал гэвэл сөрөг утгаар сонсогдох нь арай гайгүй болох байх.
*** Миний хувьд хамгийн анхаарууштай хэсэг бол 136-р тал дээрх "Хятадад хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөв гэж зүйр үг бий" гэж орчуулсан хэсэг юм. Дээрх орчуулга нь монгол уншигчдад "хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөв" гэдэг маань монгол биш хятадын зүйр үг юм байна шүү дээ гэж санагдахаар болжээ. Би ч гайхсандаа япон эхийг нь шалгаж үзэв. Тэгтэл япон эх дээрээ "Хятадад Сэйши авхайгаас хөмсөг зангидахыг сурах (西施の顰に倣う) гэж зүйр үг бий" гэсэн байна. Хэрээ галууны зүйр үгийг тавьсанаас болж түүнээс доошхи хэсэг нь ойлгомжгүй болж. Ном орчуулахад гадаад хэл дээрх зүйр цэцэн үгийг эх хэлнийхээ зүйр үгээр орлуулах нь орчуулгыг амьд бөгөөд уншигчдад ойр болгодог ч, энэ тохиолдлын адилаар бүх юманд ингэж хэрэглэхийг бас азнах нь зүйтэй.
*** За тэгээд нэг их чухал биш хэдэн засвар санал болгоё. Хэд хэдэн газар англи үгийн спэл (spell) дээр буруу бичсэн байсан. Эдгээр нь eguality биш equality (т.25), rait биш, right (т.27), leasening биш reasoning (т.109) гэх мэт.
- 15-р талд "Японы ард түмэнд, эхээс төрөхийн өмнөөс тогтож шийдэгдсэн эрх ямба гэгч..." гэдэг дээр эх бүтээл дээрээ 「位」 гэж байсан тул "эрх ямба" биш "зэрэг дэв" гэх нь зүйтэй.
- (т.147) бид мэдрэлийн өвчтөн гэж их ярьдаг, уул нь "сэтгэцийн өвчтөн" гэх нь зүйтэй гэж боддог юм. Мэдрэл гэдэг маань сэрэл мэдрэл болох учир сэтгэцийн биш, бие махбодийн өвчлөл болж таарна.
- (т.41) 「万能」-г "түмэн чадал" гэж орчуулсан нь яг тухайн өгүүлбэр дотроо байхдаа монгол уншигчдад бууж ирэхээргүй санагдсан. Шинэ илэрхийллийг импортлох дээр би эсрэг байдаггүй, харин уншигчдад утга нь хүрэхгүй байвал зай бөглөсөн илүү үг болох учир анхаарвал зүгээр. Иймэрхүү санал хэлэх байна. Магадгүй энд би өөрөө эндүү ташаа ойлгосон зүйл ч байгаа байхаа. Юутай ч хэрэв хэзээ нэгэнтээ дахин засварлагдаж гарах болвол дээрх мэт сайжруулалтыг тусгаж, илүү чансаатай бүтээл болоосой гэж хүснэ.

7 comments:

Anonymous said...

Erhem and mini chi uneheer "Savaagui nohoi" yum baina! chinii blog yamagt shiniig erelhiilj shono bolmogts sar luu haran hutsah savaagui "nohoi" met shine bugdiig humuust hurgej chadaj baigaad chin ataarhaad barshgui! Bi huuchin yarij baigaa baij bolno. Gehdee chi minii minii blogoor orj garahgui, namaig "hun" gej toohgui baigaad chin l gomdoj baina daa...

Эрин М.Тулгат said...

Сайтаа танилцуулсанд баярлалаа. Анх удаа орж vзлээ. За тэгээд vргэлжлvvлээд байгаарай. Амжилт хvсье.

Buyantsogtoo, Ts. said...

Энэ номыг гарсныг мэдсээн. Харин япон дээр нь дээрхэн үед уншсан юм болохоор монгол орчуулгыг нь сонирхсонгүй. Үнэндээ бол олигтой орчуулга болоогүй дээ гэж бодсоных юм л даа. Харин таны бичсэн тэмдэглэлийг уншаад хүний бүтээснийг хоосон голж байхын оронд ийнхүү уншиж судлаад ном хаялцаж байвал хэн хэндээ хэрэгтэй юм даа гэж бодлоо. Би ер нь зарим үед бусдын хийснийг хэт шүүмжилдэг хүн. Сүүлийн үед гайгүй болж байгаа ч заримдаа тэр зан маань гараад л ирдэг юм. Бас нэгэн японоос дуун хөрвүүлдэг Т хэмээгчийг би гайгүй сайн танидаг бөгөөд уулзах бүртээ тэр хүнтэй үг сөргөөлцдөг юм. Бурхангүй газрын бум ба галзуурна гэгчээр чанаргүй юм хийхээ болиоч, тэр сайхан бүтээлүүдийг орчуулбал орчуулсан шиг орчуулах хэрэгтэй гээтэхсэн чин тун дургүй байсан. Олон жил орчуулж байгаа юм байж эх хэл дээрээ аятайхан найруулаад сурч болдоггүй юм байх даа гэхчлэн өөнтөглөнө. Жагаагийн орчуулгыг уншаад сайхан дүгнэлт өгч, бас өөрийн бодол саналыг танилцуулсан тань надад ухаарал өглөө.
Жич: Ойрын хэдэн сар ажил төрөл маань жаахан давчуухан тантай блогоор харицаж амжилгүй явна. Удахгүй уулзахын ерөөл тавьж танд амжилт хүсье.

Buyantsogtoo, Ts. said...

Японоос монгол руу ном орчуулдаг дээрх эрхэмд аягүйхэн ханддагийн минь учир юун гэвэл тэр агуу ард түмний өв соёлоос монголчууддаа хүргэх юмсан, тэр үнэт эрхэм зүйлсийг зөвөөр ойлгуулах юмсан, тийм чадалтай орчуулагч нар төрөн гараасай гэж эртнээс бодож явдгийн тул дутуу хоомгой хийсэн зүйлийнх нь талаар нэгэнтээ санаа сэтгэгдлээн хэлээдэхсэн чинь асар ихээр хилэгнэн хүлээж авч, бүүр барилцаж авахдаа тулсан юм л даа. Угтаа бол бултаараа тийн санаагаа уралдуулж байж гэмээнэ сайн бүтээл гарах учиртай гэж боддог. Японы ард түмний бүтээсэн соёлын их өвд зүгээр гар хурууны үзүүрээр тэгсгээд орчуулчихаар зүйл бараг байдаггүй л дээ. Тэр ард түмний сэтгэлгээний соёлыг нэлээн сайн мэдэрсэн хүмүүн л орчуулж чадна гэж боддог. Харин тийм залуус хэзээ төрөн гарах бол доо гэж нэлээн хэдэн жилийн өмнөөс бодож явдаг байтал нэгэн номтой учирсан минь японд сурдаг залуустай хамт таны бүтээлцсэн ном байж асар ихээр талархан хүлээж авч билээ. Бас таны бүтээлүүд ч миний сэтгэлд хүчтэй нөлөө үзүүлж хязгааргүй баярлах сэтгэлийг төрүүлсэн. Харин цаашид эрдэмт хүмүүс маань ухаан санаагаа уралдуулан олон сайхан номыг орчуулан гаргаасай гэж бодож байна. Өчүүхэн би ч бас чадлын хэрээр хувь нэмэр оруулахсан гэж бодож явдаг.

Наранбаяр said...

Сайхан комент бичжээ. Орчуулгын бүтээлүүдэд ийнхүү саналаа өгөөд байвал ирээдүйдээ чангарах учиртай мэт бодогдоно.

Хятадын эртний улс дотор 周 ханзаар тэмдэглэдэг улсыг Zhou гэж дууддаг. Манай крилл үсгээр бол Жоу улс гэж тэмдэглэж байгаа.

byambaa said...

shuumjilj chadsan bna shuu.

olj usnhinaa.

Unur said...

Сайхан шүүмж болж.

Шинэ хэвлэл нь гарсан, түүнээ энэхүү засваруудыг оруулсан болов уу?