2006/02/04

Японд сурах гэж байгаа нэг залууд

Японы засгийн газрын шалгалтанд тэнцээд удахгүй явахаа хүлээгээд байж байгаа залуу надад "юун дээр анхаарвал зохих вэ?" гэж асуусан мэйл ирүүллээ. Түүнд хариулж бичсэнээ энд хуваалцъя.

-----------------------
Сайн байна уу?

Монкашогийн шалгалтад тэнцээд удахгүй ирэх гэж байгаад чинь баяр хүргэе. Би 8 жилийн өмнө адилхан Осака Гайдайд (гадаад хэлний дээд сургууль) япон хэл үзэж байсан л даа. Ер нь бол Гайдайд байх хугацаанд сургалтын програм нь маш чамбай боловсруулагдсан байдаг учир бага зэрэг "эрхлээд" санаа амар явж байж болдог. Мэдээж хичээлээ таслахгүй, өгсөн даалгаваруудыг яс хийнэ гэдэг нөхцөлтэйгээр. Ердөө тэгэхэд л болоод явчихна. Хамгийн гол нь гадаадын олон оюутнуудтай найзалж, энд тэнд зугаалж, элдэв юм үзэж явмаар үе.
(Харин их сургуулийн оюутан болонгуут бүх юм шал өөр болно. Ёстой жинхэнэ өөрийгөө контролдож, өөрөө өөртөө эзэн болохгүй бол хэн ч шахахгүй, сургалтын програм нь монголынх шиг хатуу заагдсан байдаггүй, хажуу хавиргад сайн нөлөө үзүүлэх япон оюутан тэр бүр олдохгүй. За тэгээд юу ч боддоггүй, цагийг шал утгагүй өнгөрүүлсэн 4 жил болчих гээд байдаг нэг аюул бий)

Одоо бодоход Гайдайгийн япон хэлний хичээл ч тэр, бусад эдийн засаг, түүх г.м. хичээлүүд ч тэр, япон орны тухай, эндхийн түүх нийгмийн тухай үндсэн ойлголтыг маш сайн олгож чаддаг. Надад одоо ч гэсэн Гайдайд байхдаа олж авсан мэдлэг хэрэг болох үе зөндөө гардаг. Япон хэлний хичээл нь ч ялгаагүй. "Би японд удах юм чинь аяндаа сайжирна" гэж бодож болохгүй. Яриа бол аяндаа сурч магадгүй ч, бичгийн хэл, ханз г.м зүйлүүд яг сууж хичээллэхгvй бол тэр болгон биед шингээд байдаггүй.

Явах хүртлээ, за тэгээд яваад очсон хойноо ч тэр, өдрийн тэмдэглэл хөтлөөрэй. Юу болсон, юу хийсэн гэдгээс гадна, хамгийн гол нь өөрөө юу бодож байгаагаа сайн сийрүүлэх. Хүний бодол гэдэг цаг эргэх тусам хувирч, бас арчигдаж явдаг болохоор 18, 19 настай үеийн Энка гэдэг хүмүүний бодол санааг тухай бүрд нь үлдээгээд явбал эргээд харахад том баялаг болно. Ялангуяа том зорилго, мөрөөдөл өвөрлөсөн шив шинэхнээрээ байгаа үе, эхний үеийн бодол санаа урам зориг гэдэг алт шиг үнэтэй. Хүн гэдэг амьтан цаг өнгөрөх тусам анхны хүсэл мөрөөдлөөсөө няцаж, байгаа орчиндоо уусч, дөжрөх гээд байдаг талтай. Тийм ч учраас япончууд "Шинэхэн үеийн залуу зүрхийг мартаж үл болно" (是非の初心を忘るべからず) гэж хэлэх дуртай. Харин тэр залуу зүрхээ цаасан дээр үлдээхгvй бол эргээд саная, уншъя гэх юмгүй болно.

Японд ирэх хүртлээ ... Айхтар бэлдэж сүйд болох юм санаанд орохгүй байх чинь. Япон хэл бол ирээд сайн хичээхэд болоод явчихна, угаасаа ирэх гэж байгаа сургууль чинь (Осака Гайдай) сайн сургаж чаддаг газар. Англи хэлэндээ муу бол харин түүн дээрээ жаахан юм хийгээд авах хэрэгтэй. Японд ирсэн хойноо англи хэлтэй байх, үгүй байх гэдэг том ялгаатай байдаг. Ирээд сайн ойлгох биз.


Түүнээс гадна амжаад монголынхоо нийгмийн хамгийн эмзэг, дорой хэсгээр явж, тэдний амьдралыг үзээд авбал сайн. Өнчин хүүхдийн төв, хөгшүүдийн асрах газар, тэнэмэл хүүхдийн байрлах газар, за тэгээд хэлгүй дүлий хүүхдийн тусгай сургууль, тахир дутуу иргэдийн ажиллаж буй цех завод гэх мэт. Сүйдэж болохоо байж байгаа байгаль орчинтой орон нутгаар явах гэх мэт. Ядуу хүмүүс, ядарсан хөгшчүүд юу бодож өдрийг өнгөрөөж байна? Энэ хүмүүс яагаад ийм болчихов, яагаад? Яаж энэ байдлыг өөрчилж болох вэ? Цээжин дотор чинь тийм асуултууд дүүрэх цагт, өөрөөр хэлбэл зөвхөн өөрийнхөө баян болох сайхан амьдрахыг биш, эргэн тойрноо, төрүүлж өсгөсөн нийгмээ харж эхлэх үед жинхэнэ юм сурч, жинхэнэ чадалтай чансаатай хvн болох гараа чинь эхэлнэ. Японоор 問題意識 гэж үг бий. Монголоор бол цээжин дотор хуралдсан "цээж асуултууд". Тийм асуултуудгүй хүн бол нөгөө алт хийсэн ч сэгсрээд байдаг илжигтэй адил болно. Гох дэгээгүй хүн хэчнээн их загастай газраар явлаа ч ядаж замаг уурганд нь орохгүй. Цээжиндээ гох дэгээгүй залуу олон орноор аялж, ном эрдмийн уурхайд умбалаа ч юм сурахгүй. Толгойд нь юу ч өлгөгдөхгүй. Адилхан юм чихэнд сонсогдож нүдэнд харагдаад өнгөрөхөд түүний ач холбогдлыг ойлгох хүн, сэтгэл нь хөдлөх хүн, эсвэл мэдлэг болгох хүн гэж байхад, дүнз мод шиг дүмбийгээд үлдэх хүн гэж байна.

Чам шиг эдийн засаг, нийгмийн ухаанаар сурах гэж байгаа хүний хувьд, "цээж асуултууд" нийгмийн ямар ч сэдвийг хамарч болно. Огт өөр мэт байгаль орчны нэг асуудлаар "яагаад?", "яаж?" гэж бодож явсан ч, эргээд тэр нь нийгмийн ухааны асуудлуудтай холбогдоод явчихдаг.

Сэтгэлдээ санаа зоригтой (志), цээжиндээ олон асуулттай (問題意識) яваад ирээрэй.

Туги
2006.02.04

2 comments:

AD said...

Надад ч бас хэрэг болох эд байна :) Баярлалаа!

Unknown said...

Энэ нийтлэл "захиаг" Дөнгөж сая л уншиж үзлээ. Сэтгэл их хөдөллөө. Амжилт хүсье.