2006/06/04

Миний санал болгох 10 ном

Хэн нэгэн танаас "хүнд уншихыг зөвлөх 10 номоо нэрлээч?" гэвэл ямар номнуудыг санал болгох вэ? Энд тэнд явахад үүнтэй төстэй асуулттай хааяа таарч байдаг болохоор жагсааж үзье гэж бодлоо. Яг өнөөдрийн байдлаарх миний санал болгох ШИЛДЭГ 10 НОМ - ХИТ ПАРАД:

------------------------
1. Нитобэ Иназоо "Өөрийгөө төвшитгөсөн тэмдэглэл" / 新渡戸稲造 『自警録』
Одоогийн Нэгдсэн Үндэстний Байгууллага буюу дайны өмнөх Үндэстнүүдийн Холбооны 2-р нарийн бичгийн дарга байсан олон улсын зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч хүний бичсэн амьдрах ухааны ном.
Хэвлэлийн газар 講談社学術文庫 (567)


2. Бэнжамин Франклин "Autobiography"
Анхны америк хүн гэгддэг, улс төрч, бизнесман, зохион бүтээгч, дипломат тэрээр өөрийнхөө намтрын тухай бичсэн ном. "Founding fathers" (Америкийг бий болгосон эцгүүд) нарын нэгд тооцогддог, Америкийн тусгаар тогтнолын хөдөлгөөнд гар бие оролцож, энэ орны суурийг тавилцсан хүн юм.
Хэвлэлийн газар, сери: Oxford World's Classics

3. Хонг Зичэнг "Оюуны үндэс" буюу 『菜根譚』
Буддизм, Күнзизм, Таоизмын гурван шашныг нэвтэрхий судалсан Хятадын Мин улсын үеийн философич тэрээр энэ гурван ухааны охь дээжийг шүүрдэн байж маш товч хэллэгээр хүнд хүрэх хурц илэрхийлэлтэй бичсэн ном.
Хэвлэлийн газар 岩波文庫


4. Үчимүра Канзо "Япон орныг төлөөлөх хүмүүс" / 内村鑑三 『代表的日本人』  
Японы түүхэнд нэрээ дуурсгасан 5 их хүмүүн Сайго Такамори(西郷隆盛), Үэсvги Ёозан(上杉鷹山), Ниномия Сонтокү(二宮尊徳), Накаэ Тоожү(中江藤樹), Ничирэн Шоонин(日蓮上人) нарын тухай ном. Улс төрчид, орон нутгийг хөгжүүлэгчид, боловсрол үзэл сэтгэлгээний зүтгэлтнүүд юм. Манай монголын ирээдvйг авч явах, удирдагчид болох залуус заавал уншаасай гэж хүснэ. Зохиогч энэ номынхоо эхийг англи хэл дээр бичсэн байдаг (Represantitive men of Japan).
Хэвлэлийн газар 岩波文庫

5. Баабар "20-р зууны Монгол -Нүүдэл суудал, гарз олз"
Энэ номыг андууд сайн мэдэх учир тайлбарлах нь илүүц бизээ. Ер нь түүхийн мэдлэггүй хүн, ялангуяа эх түүхээ мэддэггүй хүн ямар ч салбарт олигтой амжилт гаргаж чадахгүй гэж би боддог юм (хэтрүүлэг байж магадгүй ч).



6. С.Цогтсайхан "Хонхны дуу"
90-ээд оноос хойшхи монголын сэтгvvлзvй болоод эстрад урлагт шинэ үеийг авчирсан гэж үнэлэгддэг ардчилалын анхны хараацай, сэтгүүлч, дуучин, ая зохиогч, улс төрч Цогтсайхан агсны нийтлэл, шүлэг, дууны эмхтгэл. Монгол хэл дээрх оюуны өвүүдийн сор дээжийн нэг гэж би хувьдаа тооцдог.


7. Күнз "Цэц" буюу 『論語』
Кунзийн ухааны гол 4 судрын хамгийн оргил бүтээл болсон ном (англиар "The Analects").
Японд боловсролтой гэсэн хүн бол заавал уншсан байдаг номын нэг. Япончуудын "Ронго" гээд иш татаж байхтай та ч бас таардаг байх. Мэйжигийн хувьсгалыг гардан хийлцэж японы орчин үежилтийн тулгыг тавилцсан самурай нар, интэллигэнт давхаргынхан энэ номыг оюуныг ундаалах аршаан, эрдмийн цагаан толгойгоо болгож байлаа.
Хэвлэлийн газар 講談社学術文庫

8. Амартяа Сэн "Оn Ethics and Economics"
1998 онд эдийн засгийн ухаанаар Нобэлийн шагнал хүртсэн Харвардын профессор. Түүний онол үзэл орчин үеийн нийгэм-эдийн засгийн ухаанд шинэ түрэлтийг авчирч, UNDP гэх мэт дэлхийн гол олон улсын байгууллагуудын ү/а, чиг шугамд томоохон нөлөө үзүүлж байгаа.
Хэвлэлийн газар: Blackwell Pub.


9. Эндоо Шүүсакү "Есүсийн амьдрал" /遠藤周作 『イエスの生涯』
Японы нэрт зохиолч Эндоо Шүүсакүгийн Христ шашны үүслийн талаар бичсэн холбоо номын эхний дэвтэр. Миний хувьд Христ шашны талаар их өрөөсгөл ойлголттой явж ирснийгээ энэ номыг уншиж мэдэж байлаа. Есүсийг үлгэр домгийн ид шидийн дүр биш, ердийн эгэл жирийн бодит хүн гэдэг талаас нь бичиж, харин тэр хүний бодол санаа яаж дэлхийн хамгийн том шашны үндэс болж чадсан бэ гэдэг мөн чанарыг нь гаргаж ирсэн ном юм.
Хэвлэлийн газар: 新潮文庫

10. Шиба Рёотароо "Хорвоогийн өдрүүд" / 司馬遼太郎 『世に棲む日日』  
Мэйжигийн хувьсгалд гол үүрэг гүйцэтгэсэн Чёошү аймгийн хоёр түүхэн хүн Ёшида Шооин ба Такасүги Шинсакү нарын тухай бичсэн түүхэн роман. Шиба саны номнууд аль нь ч гэсэн гайхалтай сайхан бүтээлүүд, тэр дундаас миний сэтгэлийг хамгийн их хөндсөн нь энэ ном юм.
Хэвлэлийн газар: 文春文庫

2006/05/28

Ном: К.Мацvшита "Зvрхээ тунгалаг болгохын тулд"

4-5 сард манай компани төсвөө батлах гээд, энэ нь гол нь Vodafone-ийг худалдаж авсан учраас группын төсвийг яаралтай шинэчлэн батлах шаардлагатай болж ёстой үхэхээс наагуур ажиллалаа. Шөнө 4 цагт гэртээ ирж, хоёр цаг унтаад нэг усанд орсон болоод 9-д цагтаа амжихын тулд яаравчлан гарна. Хагас бүтэн сайнгүй гараад сүүлдээ өдөр судар ч мэдэхээ больж биеийн биохэмнэл бүрэн алдагдав. Ганцхан би юмуу гэвэл тийм биш, эргэн тойрныхон ялгаагүй. Тэгээд бодогдож байлаа, Монголд бол өмнөх өдөр нь 2 хон цаг унтсан бол дараагийн өглөө 9 цагт ажлын цагтаа ирнэ гэж ёстой байхгүй дээ гэж. Энэ япон орныг хөөрхий салариманууд ингэж л авч явна даа.
За тэгээд би өөрөө бас юмыг удаан боддог, төрөлхийн тоо тооцооноос илүү утга уянгын цустай төрсөн болохоор тэр юмуу тооцоо хийхдээ янз бүрийн алдаа гаргаж, амархан хийчих юман дээр баахан цаг алдаж, хамт ажиллаж байгаа хүмүүсээ нэлээд залхаах шиг болов. Бараг өдөр болгон л сэтгэлээр унасан даа. Стресснээс болсон уу яасан, баруун хацар улайсч яршаад, шар ногоон юм шүүрч гарч заваарав.
Аймшигтай үе одоо л нэг ард хоцрох янзтай, дараагийн дайн эхлэх хүртэл сүх далайтал үхэр амар гээд сууж байя.

За үг олдлоо. Өнгөрсөн 4-5 сард 7 хоногт нэг ном унших гэдэг төлөвлөгөөгөө биелүүлж чадсангүй. Гэхдээ унаан дотор сиймхий гарган уншсаар 3 номтой барилдлага тогтоов. Товч өгүүлсүгэй.

Мацүшита Кооносүкэ "Зүрхээ тунгалаг болгохын тулд"
松下幸之助『素直な心になるために』, PHP文庫 (1976)
Японы "менежментийн ухааны эцэг" гэгддэг, Американ дрийм гэдэг шиг дайны дараах япончуудын japanese dream болох шахсан бизнесмэн Мацүшита саны бичсэн ном. Ядуу бор гаралтай, бага ангийн боловсролтой энэ хүн японы электрон үйлдвэрлэлийн акул компанийг босгож, дайны дараах японы өндөр хөгжилд асар их хувь нэмэр оруулсан юм. Хүмүүс Мацүшита компанийг National, Panasonic брандаар нь сайн мэднэ. Энэ хүний хэрхэн лидер болох тухай бичсэн олон ном өдгөө японы бизнесмэнүүдийн гарын авлага болж, классикуудын тоонд зүй ёсоор ордог болжээ. Миний уншсан энэ ном харин тийм алдартайд нь ордоггүй байх. Харин би өөрөө юманд илүү байгаагаараа, илүү үнэнч, чин сэтгэлээсээ ханддаг болох гэсэн эрмэлзэлээр санаа өгч юу магад гээд уншлаа. Хүн дутагдалтай байж болно, харин түүнийгээ ядаж засахсан гэж тэмүүлж явбал болоо.
Уншихад сайхан ном байлаа. Магадгүй зарим хүнд бол шинэ сонин мэдээлэлгүй, мэдээжийн юм бичсэн шиг санагдаж бизээ. Гэхдээ миний бодлоор хүмүүс бид харин ч мэдээжийн юмыг биелүүлдэггүй улсууд. Тиймээс хааяа ч гэсэн мэдээжийн юм, үндсэн basic юмыг уншиж өөрийгөө эргэн харж шүүж байгууштай юм. Энэ ном миний хувьд "Би ойрд өөрийгөө хүнд худал харуулаагүй биз? Би ойрд өөрийгөө бодсон өчүүхэн сэтгэлээр юманд хандаад, муугаа нуух гээд байгаа юм биш биз?" гэх мэтээр эргэж дүгнэх сайхан боломж боллоо. Номын дотроос хоёр хэсгийг тасдаж оруулья. Энэ хоёр бол номын түлхүүр үг, Мацүшита саны өөрийнх нь амьдралыг харуулах үг юм шиг санагдаад болдоггүй. Мацүшита сан өөрөө боловсрол багатайгаа, мэдлэг дутмагаа хэзээ ч нуудаггүй, үргэлж өөрийгөө дор тавьж, бусдаас юм сурах, бусдыг хүндэтгэх сэтгэлээр аливаад ханддаг байсан гэгддэг.
素直 гэдэг энэ үгийг монголоор юу гэж орчуулахаа сайн мэддэггүй. Тунгалаг зүрх гээд аваад хаялаа. Утгын хувьд бол "цайлган", "үнэнч", "байгаагаараа ямар нэг жүжиглэлгүй" гэж ойлгож байгаа. Санаа нэмэрлэх хүн байвал комент үлдээнэ бизээ.

・ 素直な心というのは、物事のありのままの姿、本当の姿、実相というものが見える心である(Тунгалаг зүрх сэтгэл гэдэг бол аливаа юмны байгаа үнэн дүр төрх, бодит оршил нүдэнд харагдаж танигдаж ирэх тийм сэтгэл юм)
・ 素直な心というものは、すべてに対して学ぶ心で接し、そこから何らかの教えを得ようとする謙虚さをもった心である(Тунгалаг зүрх гэдэг бол аливаад сурах чин эрмэлзэлээр хандаж, тэндээс ямар нэгэн сургаал санааг олж авах гэсэн жижиг даруу чанартай байхын нэр юм)

Энэ тун үнэн үг гэж бодно. Яагаа ч үгүй хар залуугаараа жаахан юм мэдсэн юм шиг хэт биеэ тоосон, за тэгээд өөрийнхөө сул доройг байгаа чигээр нь хүлээн зөвшөөрдөггүй, хүнд ч өөртөө ч жүжиг тавьж явдаг хүн бол хэзээ ч өөдлөхгүй ээ.

Нөгөө хоёр номыг дараа бичье дээ... Нэг нь Шибусава саны намтар, нөгөө нь Моги проффесорын тархины үйл ажиллагааны тухай ном байгаа.

2006/04/09

Ном: The Mystery of Economic Growth

Өнгөрсөн 7 хоногт Харвардын проффесор Элханан Хэлпманы "Эдийн засгийн өсөлтийн оньсого" нэртэй энэ номыг уншив. Киотогийн андуудаасаа бэлгэнд авсан ном юм.
Elhanan Helpman "The Mystery of Economic Growth", Harvard Univ.Press, 2004
-------------------
Эдийн засгийн хөгжилд хамгийн их нөлөө үзүүлдэг хүчин зүйл юу вэ? Энэ асуулт 20-р зууны сүүлийн хагасаас олон эрдэмтдийн өмнө оньсого хэвээр явж ирлээ. Зохиогч бичихдээ Солоугийн Өсөлтийн моделоос (Solow's Growth Model) эхлэн хуримтлал (accumulation), хөдөлмөрийн бүтээмж (productivity), нээлт (innovation) гэх зэргээр өсөлтийн гол хүчин зүйлийг тайлбарлах оролдлогуудыг дараалан танилцуулсаар, сүүлийн хагаст нь баян хоосны ялгаа, даяарчлалын нөлөө, улс төр институтын байдал зэрэг нь хөгжилд яаж нөлөөлж байгаа тухай асуудал руу оржээ. Ерөнхийдөө эмпирик судалгаануудыг танилцуулж, тэндээс дүгнэлт олж гаргахыг зорьсон байна. Тэдгээр судалгаа нь крос кантри буюу янз бүрийн орнуудын олон жилийн үзүүлэлтүүдийг харьцуулах замаар хийгдсэн судалгаанууд юм.
Сонирхолтой санагдсан хэсгүүдээс танилцуулья:
/Institution and Politics бүлэг/ Djankov нар (2002) наян таван орныг харьцуулсан судалгаандаа шинээр компани байгуулахад төрийн зохицуулалт, дүрэмчлэлийн зардал ямар байгааг тооцжээ. Маш том зөрүүтэй тоо гарсан байгаа юм. Ийм "хүнд суртлын" гэмээр зардал Америкт ДНБ-ий 0.5%-тай тэнцэж байхад, Доминикийн Бүгд Найрамдах Улсад ДНБ-ийх нь 460%-тай тэнцүү гарсан байна. Ийм төрийн албаны "бүтээлч биш" салбарт хэтэрхий их энерги, зардал гарах нь эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөөтэй байх нь илэрхий.
Эдийн засгийн өсөлтөд хуулийн тогтолцоо ч мэдээж нөлөөлж байгаа. Дэлхийн улс орнуудын хууль үндсэндээ хоёр янзын урсгал байдгийг шинээр мэдэж авлаа. Нэг нь англи гаралтай "common-law system" нөгөө нь франц маягийн "civil-law system". Энэ хоёрын дундуурх нь Герман болон Скандинавын орнуудын иргэний хуульт систем юм байна. La Porta нарын (1998) судалгаагаар common-law системтэй улсуудад засаглалын чанар илүү сайн байдаг нь харагджээ.
Ардчилал жинхэнэ утгаараа хөгжиж, бэхэжсэн орнуудад ерөнхийлөгчийн засаглал үр дүнтэй, харин тийм биш орнуудад парламентийн засаглал үр дүнтэй байгаа нь Persson and Tabellini (2003) нарын судалгаагаар танигдсан байна.
Зохиогчийн хэлж байгаагаас санаанд үлдсэн гол зүйл бол эдийн засгийн өсөлттэй шууд хамааралтай байгаа үзүүлэлт нь TFP (Total Factor Productivity), мөн институтын хүчин зүйлүүд чухал нөлөөтэй гэдэг дүгнэлт байлаа. Ялангуяа хүн хувийн өмчөө аривжуулах, хамгаалах боломжоор хангагдсан зөв тогтолцоо, хууль эрхзүй чухал нөлөөтэй гэдгийг онцлоод байх шиг.
Дээрх судалгааны материалуудыг сургуулийнхаа номын сан зэргээс олж уншъя гэвэл доорх мэдээллийг ашиглаарай:

- La Porta, Rafael, Florencio Lopez-de-Silanes, Andrei Shleifer, and Robert W.Vishny. 1998. "Law and Finance." Journal of Political Economy 106
- Persson and Tabellini (2003) The Economic Effects of Constitutions. Cambridge: MIT Press.
- Djankov, Simeon, Raphael La Porta, Florencio Lopez-de-Silanes, and Andrei Shleifer. 2002. "The Regulation of Entry." Quarterly Journal of Economics 117: 1-37.

2006/03/22

Маргаашийг єнгийж харахуй - Бродбанд бидэнд юу авчрах вэ?




Өнгөрсөн жил хэвлүүлсэн "Бусгаар тогтносон Монгол" номноосоо нэг өгүүллийг сонирхуулья. Интернэтийн ирээдүйн тухай...


~ Broadband бидэнд юу авчрах вэ? ~
(ТЭМДЭГЛЭЛ)

“Юм хийе, амжилтанд хүрье гэсэн хүнд хамгаас чухал гурван зүйл юу вэ?
1. Санаа зориг (Will)
2. Дүр зураг (Vision)
3. Арга стратеги (Strategy)”
Ажил амьдралынхаа гарааг хэрхэн эхлэхээ шийдэж ядан байгаа хэдэн мянган залуусын өмнө зогсоод Софтбанк компанийн ерөнхий захирал Сон Масаёши намуухан дуугаар ийнхүү ярьж эхэллээ. 2004 оны 6 сарын 22, NHK-гийн их танхим.
Софтбанк бол Японд мэдээллийн технологийн хөгжлийг тэргүүлэн авч явж буй компаниудын нэг юм. Тодорхой хэлбэл урьд хэрэглэж байсан ердийн утасны шугамаар холбогддог интернэт холболтоос, мэдээллийг асар хурдтай дамжуулах багтаамж бүхий өргөн судалт*
(broadband) холболт руу шилжих шилжилт, түүнд шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлж байгаа компани. Японд байгаа монголчууд бол ҮahooBB-гийн компани гэвэл андахгүй байх.
Энэхүү өргөн судлын тархалт цахим хөгжлийн 2 дахь үе шатыг авчирч, бидний амьдралын хэв маягийг бүхэлд нь өөрчлөхөөр айсуй. Хамаг харилцаа холбоо, амралт зугаацал, ажил хэрэг тун удахгүй үүгээр дамжиж явагддаг болох гэж байна. Дугуйнаас машин тав дахин хурдтай гэдэг. Дугуйнаас шинкансэн арав дахин хурдтай. Хөдөлгөөний хурд ингэж нэмэгдсэн “моторчлолын” XX зуун хүн төрөлхтөнд бахдмаар хөгжлийг авчирсан билээ. Тэгвэл өргөн судал бол нарийн судлаас (narrow band) даруй мянга дахин хурдтайгаар мэдээлэл дамжуулна. Ямархан өөрчлөлт, хөгжил бидний өмнө ирээд байгааг тааж хэлэхийн аргагүй.
Сон Масаёши “бидний зорьж хийж буй ажил бол нийгмийг бүхэлд нь өөрчлөх ач холбогдолтой зүйл, өөрөөр хэлбэл хувьсгал юм. Тийм хувьсгалыг хийхэд нугарашгүй САНАА ЗОРИГ хэрэгтэй” гээд ийн өгүүлж байна:
“...Аж үйлдвэрийн хувьсгалын эхний шат НҮҮРСЭЭР биелэлээ олсон. Өөрөөр хэлбэл дотоод шаталтын хөдөлгүүр бий болсон явдал. Хоёрдахь шат нь ЦАХИЛГААНААР хэрэгжсэн. Хүний амьдралын өнцөг булан бүрт цахилгаан хэрэглэгдэх болсон билээ. Үнэндээ өнөөгийн дэлхийн улсуудын хөгжил, ДНБ-ий хэмжээ нь тэр оронд хэзээ анх цахилгаан шугам татагдсантай шууд пропорциональ хамааралтай байдаг. Хүн амын тоо ч, газар нутаг, эд баялагийн хэмжээ ч ийм хамааралтай байдаггүй. Япон өнөөдөр дэлхийн хөгжилтэй улс болоод байгаагийн учир нь Мэйжигийн шинэчлэл ба түүний эхэн үеийн нийгмийн зүтгэлтнүүд улс орноо улсын дайтай улс болгоно хэмээн их цанхаа өвөрлөж, тэр зорилгуудаа хэрэгжүүлсэнд оршдог. Тэд шууд л төмөр зам барина гэж зүтгэсэн. Тэд шууд л цахилгаан сүлжээ, аварга каналуудыг барина гэж дайрсан. Тэгээд хэрэгжүүлж чадсан. Тийм гайхамшигтай хөвгүүдийг төрүүлсэн Япон орон бахархалтай, тийм хүмүүсийн удам болж төрсөн бид бахдалтай. "
Япон хүн гэдгээрээ бахархдаг гэх боловч яг цусыг нь хөөвөл Сон Масаёши япон хүн биш аж. Тэрээр Японд цагаачилж ирсэн ядуу солонгос айлуудын нэгэнд мэндэлжээ. Овог нь хүртэл “Сон”. Тийм овог Японд байхгүй. Дээшээ тоолбол 26 дахь өвөг нь Солонгост нүүн суурьшсан хятад хүн байсан гэнэ. Харин нэр “Масаёши” нь япон нэр бөгөөд энэ нь “чигч шударга чанар” гэсэн утгыг илэрхийлнэ. Аав нь энэ нэрийг хайрлахдаа “Өөрт гарз хохиролтой байсан ч, чигч шударгыг барьж яваарай” гэж билэгдэн өгчээ. Учир нь “Сон” овог нь япон дуудлагаар “гарз хохирол” гэж сонсогддог юм. Ямар ч үед, өөрт хохиролтой байсан ч замын голоор, шударга үнэнээс хазайлгүй хээв нэг явах гэдгийг амьдралынхаа зарчим болгож иржээ. Эргээд түүний яриаг сонсоё:
“...Зам бүхэн Ромыг дайрна” гэж үг байдаг. Өөрөөр хэлбэл өөд уруугүй зам барьсан эртний Ром хот тухайн үедээ дэлхийн дээвэр болсон. Харин далайн тээвэр хүчээ авах үед хөлөг онгоц өчнөөнөөр нь үйлдвэрлэсэн Испани, Португал, удаагаар нь Англи дэлхийд ноёрхсон. Цахилгааны зуунд Америк учир зүггүй цахилгаан шугам татаж хөгжсөн. Тэгвэл одоо мэдээллийн эрин. Өргөн судлын шугамаар хязгаар тосгоны айл өрхийг хүртэл үлдээлгүй холбож, тэр дэд бүтцийг хамгийн түрүүнд хөгжүүлсэн орон 21-р зуунд цахиур хагална. Софтбанк энэ үйл хэргийн төлөө явж байна. Өнөөдөр Японы өргөн судал (broadband) дэлхийд хамгийн хямдхан нь болоод байгаа билээ. Газрын үнээр ч тэр, цахилгааны үнээр ч тэр, хурдны замаар ч тэр Япон дэлхийд хамгийн үнэтэй орон байж ирсэн. Тэгвэл өргөн судлаар Япон нэг нойморын хямд орон боллоо! Түүгээр ч зогсохгүй дэлхийн нийт өргөн судлын 50 хувийг Япон эзэлж, интернэт протоколт цэгээр (IP contents) дэлхийд нэг ноймор, интернэт утасны (IP telephone) хэрэглээгээр мөн адил нэг ноймор буюу дэлхийн 50 хувийг эзлээд байна. Энэ дэд бүтцийг бий болгохын тулд бид жил бүр өчнөөн тэрбумын алдагдалтайгаар хөрөнгө оруулалт хийж ирлээ. Япон орон ирээдүйдээ итгэлтэй байж болно, бидэнд тэгж итгэх үндэс бий, тэр үндэс суурь тавигдаж байна...”
Америкт суралцаж байсан үедээ буюу 1974 онд тэрээр шинжлэх ухааны нэгэн сэтгүүл дээрээс микропроцессорын зургийг анх олж хараад зогтусан алмайрсан гэнэ. “Хүн төрөлхтөн ямар мундаг юм бэ! Хүн гэдэг амьтан ямар гайхамшигтай юм бэ!” гэж бодохоос сэтгэл нь хөдлөж, хоолой нь зангираад иржээ. Ирээдүйн мэдээллийн эриний нэг лидер айсуй яваа ертөнцийн анир чимээг мэдэрсэн нь тэр биз ээ. Эдийн засгаар сурч байсан оюутан Сон, тэр үеэс эхлэн мэдээллийн технологи сонирхон судлаж эхэлжээ. Харин үзвэл үзсэн шиг үзэж, судалвал сууж босон судалдаг япон хүний чанараар оролдсоор байгаад амжилтанд хүрч, дэлхийд анхных болох халаасны цахим төхөөрөмжийг зохиож, патентийг нь авсан байна. Энэ бүтээлийнхээ зохиогчийн эрхийг электрон үйлдвэрлэлийн Шарп (Sharp) компанид зарснаар бизнес эрхлэх гарааныхаа мөнгийг олсон гэнэ.
1981 онд Кюшүгийн Фүкүока хотод зөөлөнгис (software) түгээлтийн (distribution) компани байгуулав. Компани байгуулагдсан эхний өглөө, цагаар ажиллуулахаар хөлсөлсөн хоёр ажилтныхаа өмнө алимний хайрцаг давхарлан гарч зогсоод “манай компани таван жилийн дотор 10 тэрбум, арван жилийн дотор 50 тэрбум иен эргэлдүүлдэг болж, хэзээ нэг цагт нэг триллионы эргэлттэй компани болно” гэж ярьжээ. Үүнийг дуулсан хоёр ажилтан нь “энэ солиотой хүн байна” гэж бодсон уу, долоо хоног болсон үгүйтэй компаниас гарчээ.
1996 онд Софтбанк Америкийн Яхүү (Үahoo!) компанид голлох хувьцаа эзэмшигч болж 10 тэрбум иений хөрөнгө оруулалт оруулав. Тухайн үед Яхүү нь Станфорд их сургуулийн оюутнууд болох Дэвид Фило ба Жэрри Янгийн эхлүүлсэн, байгуулагдаад дөнгөж хагас жил болсон, арав хүрэхгүй ажилтантай жижиг компани байлаа. Иенээр тооцоход жилд 100 саяын борлуулалт хийдэг боловч, 200 сая иений алдагдалтай ажиллана. Ийм компанид зориглож хөрөнгө оруулалт хийх хүн тэр үед ховор байсан болов уу. Харин Софтбанк ирээдүйг соргог мэдэрсэн ба түүгээр ч зогсохгүй Яхүүгийн хайлтын систем ирээдүйтэй гэж үзсэн учир Япон дахь салбар болох Яхүү Жапанийг 60%-ийн хөрөнгө оруулалттайгаар байгуулсан байна. Эдгээр хөрөнгө оруулалт нь маргаашийг маш зөв тооцоолж хийсэн алхмууд байлаа. Энэ хэдхэн жилд Яхүү яаж томорлоо доо. Үнэхээр мэдээллийн эринд дараагийн таван жилд юу болохыг, юм яаж өөрчлөгдөхийг тааж хэлэхэд хэцүү. Өргөн судлын ирээдүйн талаар тэр цааш нь ингэж ярьж байна:
“...Нарийн судлын (narrow band) үед интернэт дээрх мэдээллүүд голцуу үнэгүй тавигддаг байсан. Орлогын эх үүсвэр нь вэбхуудсан дээрх сурталчилгаа (banner ad) болдог байсан гэж хэлж болно. Тэгвэл өргөн судал хөгжсөнөөр интернэт дээрх төлбөр тооцоо улам боловсронгуй болж, мэдээлэл өөрийн жинхэнэ үнэ цэнээрээ үнэлэгддэг болно. Хүмүүс интернэт ТВ үзнэ, интернэт утсаар ярина, интернэт дээр бизнес зөвлөгөөнөө явуулна. Ахуй амьдрал тэр чигээрээ цахим талбараас хамааралтай болж ирнэ. Зөвхөн сурталчилгаанаас орлого олдог байх үед интернэт өөрийн жинхэнэ потенциалыг нээж чадахгүй байсан юм. Японы сурталчилгааны бизнес жилд 6 триллион иений зах зээлтэй байдаг. Үүний багаахан хэсэг нь л интернэт сурталчилгаанд зориулагдана. Автомашины үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ гэхэд 17 триллионы зах зээлтэй. Тэгвэл өргөн судлаас бий болох зах зээл 50 триллион давах тооцоотой байгаа. Зах зээлийн энэ томоохон орон зайг мэдэрсэн учраас Софтбанк жил бүр их хэмжээний алдагдал гарган байж, өргөн судлын дэд бүтцийг төвхнүүлж байна. Гадуур гудамжинд харагдах Үahoo! BB-гийн кампанит ажлыг хүмүүс “хаа сайгүй л зогсож байх юм, яасан ч үзэмжгүй юм бэ дээ” гэж муулдаг. Сүүлийн үед хувийн мэдээлэл алдагдсан хэргийн талаар шуугиан гарлаа. Гэхдээ бид үүнээс болж няцахгүй, алдаагаа засч, байнга урагш тэмүүлэх болно. Шүүмжлэл бол түр зуурынх байдаг. Нийгмийг хамарсан томоохон өөрчлөлтийг угаасаа ихэнх хүн хүлээж авдаггүй, заавал эсэргүүцдэг. Залуус минь, бэрхшээлгүй юм гэж байхгүй бөгөөд юм хийе гэсэн хүн заавал хаана мөргөх хэрэгтэй болдог билээ. Даваад гардаг, дахиад л хана мөргөдөг. Харин нэг мэдэхэд мөргөх хана намсаад ирэхийг, хамгийн гол нь чи өөрөө өөрчлөгдөөд ирэхийг мэдрэх болно...”
Өнгөрсөн сард Нихон Телеком компанийг худалдаж авснаар Софтбанкийн нийт хэрэглэгчдийн тоо 10 саяд хүрсэн байна. 10 сая хэрэглэгчид утасны шугам татахын тулд NTT (тэр үед улсын өмчийн компани байсан) 80 жил зарцуулжээ. Тэгвэл Софтбанк компани маш богино хугацаанд буюу 2 жил 2 сарын дотор өргөн судалд холбогдсон 10 сая хэрэглэгчтэй болсон амжилттай. “Мэдээллийн эринд Япон дэндүү ард хоцорч явна, Солонгосын хойно орчихсон явж байна” гэж шуугиж байсан нь өчигдөрхөн. Гэтэл энэ хоёрхон жилд Япон алдсан цагаа нөхөж чадлаа.
Дэлхийн холбооны компаниуд зөвхөн утсан шугамыг, өөрөөр хэлбэл дамжуулах хоолойг (pipe) л хэрэглэгчдэд санал болгож ирсэн. Харин Софтбанк тийм хоолой, дэд бүтцийг нийлүүлээд зогсохгүй, дотуур нь дамжих агуулгыг бэлтгэн нийлүүлэхээр зорьж байгаа гэнэ. Удахгүй Үahoo BB-ийн телевизийн нэвтрүүлгүүд интернэт дээр цацагдах гэж байна. Өргөн судлаар дамжин хөгжим, дуу, амралт чөлөөт цагт зориулсан төрөл бүрийн үйлчилгээнүүд хэрэглэгчдэд хүрч эхлээд байна. Хийх ажил их. Ярианыхаа төгсгөлд цугларсан залууст хандаж тэрээр, хорвоод хүн болж төрчихөөд дан ганц хар аминыхаа төлөө гэж явах нь дэндүү хайран, харамсалтай хэрэг гээд, ямарваа нэгэн ҮЙЛ ХЭРГИЙН ТӨЛӨӨ амьдарч, хүн болж төрсөн их хувь заяаг “ҮНЭ ЦЭНЭТЭЙ” зүйл болгохыг захисан билээ. “Миний хувьд дэлхийн хамгийн ядуу, хамгийн хаягдмал орны жаал охиныг баярлуулах нь амьдралын маань эцсийн зорилго, утга учир юм шиг санагддаг” гэж тэр хэлээд яриагаа дуусгасан юм.
Та бид мэдээллийн технологийн ид гялалзаж яваа нэгэн лидерийн санаа бодол, үйл хэрэгтэй нь танилцлаа. Энэ яриаг зөвхөн цаг нөхцөөх гэж энд бичээгүй нь мэдээж. Бас хэн нэгнийг хоосон магтах гэж үзэглэсэнгүй. Бидэнд сэтгэл зовох нэг л асуудал бий. Тэр бол Монгол орны маань ирээдүй. Мэдээллийн эриний энэхүү гарч ирж буй шинэ боломж, шинэ давалгаанд Монгол орон, монгол түмэн маань од шүүрч чадах уу? Хамгийн гол нь түүнийг гардан хэрэгжүүлэх залуучуудад маань бадамлан ассан ЗҮРХ СЭТГЭЛ байна уу? Хамтдаа тунгаацгаая.

2004 он 7 сар


------------------------
*Broadband-ийг “өргөн зурвас”гэж орчуулах нь элбэг байдаг ч, үнэндээ зурвас гэдэг нь “зураас” гэдэгтэй язгуур нэг, зурмал буюу хэлбэр төдий зүйлийг илэрхийлдэг. Харин судал хэмээх нь “судас” гэдэгтэй язгуур нэг бөгөөд дотроо ямар нэгэн юмыг агуулж, дамжуулах утгыг илүүтэй илэрхийлэх мэт. Түүний дотуур мэдээлэл дамжина гэдэг утгаар ийнхүү нэрлэж байгаа болно.

2006/03/21

Унтраагчид

АСУУЛТ: -Нэг хүүхэд ширээн дээрээс алим нууцаар авах гэж байгаад 2 таваг хагалчихжээ, харин нөгөө хүүхэд нь ширээ арчих гэж байгаад 10 таваг хагалчихжээ. Аль нь муу юм хийсэн бэ?
ТАЙЛБАР: -Насанд хүрсэн хүнд мэдээжийн ойлгомжтой энэ асуулт 4-5 настай балчир хүүхдүүдэд яггүй том этикийн асуудал байдаг байна. Сайн мууг дүгнэх хэмжүүр нь бүрэлдээгүй тэд "10 таваг хагалсан хүүхэд нь муу" гэж хариулна.
Хүүхдийн тухай яриан дээр бол инээж өхөөрдөөд өнгөрөхсөн. Асуудал бүхэл бүтэн улс үндэстний тухай яригдвал томоохон эмгэнэл тэр билээ. Хүмүүсийн дийлэнх нь юмны үнэ цэнийг, мөн чанарыг ялгаж чадахаа байсан нийгэм.
Засгийн газрын ордон руу өндөг улаан лооль шидлээ, пөөх паах яасан бүдүүлэг танхай нөхөд вэ гэцгээж байсан. ЭНТИХ-ийн тухай ярьж байна. Зорьж буй үйлсийнх нь утга учир хамаагүй. Амиараа дэнчин тавиад аалзны тор шиг хэлхэлдсэн архагчуудтай тэмцэж байгаа зориг зүрх нь үнэлгээгүй. Бүдүүлэг хүн олон болохоор бүдүүлэг гэдэг үгэнд алергитай. Үнэндээ идэж ууж байгаа нөхдийн ичгүүртэй үйлдлийн хажууд бол зүйрлэх юм биш. Төв замыг хаалаа, жагсах мөрөөрөө жагсахгүй замын хөдөлгөөнийг хааж яарч тэвдсэн олон хүнийг хохироолоо гэнэ. Авилгачид, хүнд сурталтнууд нийгмийн хөгжлийг хааж, нэг бүхэл улс ардад чирэгдэл учруулж байгаад дургүйцлээ илэрхийлж 2 цаг зам хаасан юм. Буу бариад мөргөлдөөн үүсгээгүй, ардчилсан нийгэмд байдаг цэвэрхэн аргаар бухимдлаа илэрхийлэн тэмцэж байна. Зөвхөн гаднах үзэмжийг биш, мөн чанарыг, утга учрыг нь харж дүгнэхгүй бол дээр хэлсэн 4 настай хүүхдийн "10 таваг хагалсан нь муухай" гэдгээс өөрцгүй юм болно.
Аль нь зөв, аль нь буруу, аль нь үнэн, аль нь худал болохыг мэдэхээ байгаад, нийгэмд байгаа саарал бусар зүйлүүдэд харсаар байгаад дасч, түүнээс гаръя, энэ нэг л биш гэж эрүүлээр сэтгэж чадахаа байв. Аль ч улс орон хаа нэгэн газраа эмгэг өвчинтэй байдаг нь үнэн. Гэмт хэрэг, авилга гэх мэт зүйл хөгжингүй орнуудад ч бий. Харин тэнд гарч ирсэн өвчнийг тоншиж хаях тоншуулын механизм яггүй найдвартай ажиллаж байна. Шударга бус үйлдлүүд хариугаа авч, цэвэрлэгдэж байна. Харин Монголд? Өөрийгөө эрүүлжүүлье гэх дархлалын систем нь хэр ажиллаж байна вэ? Дархлалгүй бол тэгээд муудан муудсаар үхлээ хүлээхээс өөр аргагүй.
Дархлалын систем бүр ажилладаггүй юу гэвэл үгүй, амьтай голтой ажиллах гэж ядан байна. Энэ чинь нэг л бишээ гээд бодож сэтгэж, бухимдах хүн цөөнгүй. Эх орноо гэж санаа зориг өвөрлөсөн залуус ч бий. Мэдээж алдаа оноотой. Гол нь түүн дээр нь тал талаас нь засч санаа өгөх, хамтдаа зөв чиглэл рүү нь оруулья гэх нь зүй юм. Зорьсон зүг нь зөв бол арга нь болхи байлаа ч түүн дээр нь санаа өгч, хүчээ нэмье гэвэл хамтдаа урагш ахина. Гэтэл тэгэхгүй. У
нтраах, холоос шүүмжлэх нөхдүүд үгүй мөн олон шүү. "За тийм тэнэг юм ярихаа боль" гэж их л намбатай айлдана. Хөдөлгөөн нь удаан, үг нь няхуур, гэдэс гүзээ суучихсан. Бусдын хийж байгаа зүйлийг зөвхөн хажуугаас шүүмжилнэ. Өөрөө бол “гараа бохиртуулах” дургүй. Гараас нь юу ч гарахгүй. Юу ч гаргахгүй, тийм болохоор шүүмжлүүлэх юм ч байхгүй. Дөнгөж асч ядан байгаа галыг тэд унтраана. Шинэ санааг үгүйсгэнэ. Хүнийг гутаана. Шүүмжилж бол болно оо, гэтэл зүгээр л унтраана. "Наадах чинь бүтэхгүй ээ", "чи ер нь балай юмуу хайшаа юм..." Ердөө унтраагчид. Үхлээ хүлээж буй нийгэмд хүн чулуунууд олширно, хүйтэн салхи үлээнэ.
(Дээхэн амонг сүлжээнд бичиж байсан мэйлнээсээ сэргээн энд тавив)

2006/03/05

Баабар ба монгол vнэлгээ

Баабарыг нэг залуу "хаанаас хуулж орчуулсныг нь бүгдий нь дэлгээд хаявал таарна, өөрийн санаа гэж ер нь байна уу" гэж дайрч байна. Баабарын талаар ингэж ярьж бичигчид олон байдаг тул гайхаад байх юм байхгүй. Харин миний гайхлыг төрүүлдэг зүйл бол олон хүний дотор гүн бат суусан энэ сонирхолтой сэтгэлгээ юм.
Нэрнийхээ урд Чингисийн академич, их профессор, мэргэн доктор энэ тэр гэсэн урт чимэгтэй эрдэмтний нэг номноос барьж аваад уншлаа. Иш татсан нь хэдхэн орос ном, ерөнхийдөө цээжний бангаар аваад хаяжээ. Огт сонсогдоогүй онол, ухагдахууныг нойлоос нь эхлээд өөрөө зохиочихсон, эсвэл дэлхийн хаана ч нэвтрэлцэхгүй зөвхөн монголчууд дотроо тийм гээд бодчихон зүйлийг онолдоод тонгочоод унах. Аливаа бүтээл гэдэг "түрүү бүтээл" буюу бичиж буй тухайн хүнээс өмнөх эрдэмтэн мэргэдийн судалгаа, ном бүтээлээс иш татаж, хэтрүүлээд хэлэхэд 99% бусдын бүтээж ирсэн дээр тулгуурлаж, түүн дээр өөрийн гэсэн 1%-ийг нэмэх замаар явагддаг. Адам Смит ч юмуу, Амартья Сэн гэсэн шинжлэх ухаанд парадайм шилжилт (paradigm shift) авчирсан суут сэтгэгчдийн тухайд бол өөр хэрэг. Гэтэл манай нөхдүүд ер ном уншихгүй, баахан бясалгаж бясалгаж байгаад хаа хамаагүй авч өгнө шүү дээ. Худалч хүнд 1% ном уншвал их юм, 99% зохиож орхино. Жаахан юм уншаад, арай баримттай бичье гэсэн Баабар нарыг "хуулагч" гээд л буулгаж өгнө. Ном уншдаггүй хүмүүсийн ярьж бичиж байгаа юманд шинэлэг зүйл байдаггүй. Захын Баагий, Долоон буудлын Долгор эмгэний хэлж ярьж байхаар зүйлийг дахин дахин сонсоно гэдэг цаг заванд дэндүү хайран.

Уул нь Баабарын тухай ярих гэсэн юм биш. Монголчуудын дунд элбэг байдаг өвөрмөц сэтгэлгээг тайлбарлахад энэ хүнийг тойрсон жишээ илүү ойр байгаа юм. Аргагүй сайн ч, муу ч манай оюуны амьдралыг авч яваа нөлөө бүхий opinion leader болохоор тэр байх. Миний хувьд түүний баримталдаг нео-классик маягийн үзэл санаанд бол эсрэг байдаг. Энэ бол үнэлэмж (value), үзэл бодлын ялгаа. Харин сэтгэгчийнх нь хувьд бол хүлээн зөвшөөрдөг. Гэтэл манай олон залуус түүний үзэл бодол, байр сууринд шүүмжлэл, үнэлэлт өгөхөөс илүү өндөр нам, гарал үүсэл гээд хадуураад явчих юм. Шүүмжлэл биш, зүгээр л доромжлол.

Хөөрхий Баабарын чих хангинаж байгаа болов уу, хангинасаар байгаад дөжирсөн ч байж мэдэх. Юутай ч дахиад л Баабараар жишээ авья. Түүний тухай нэг хүний амнаас "ТВ-ээр ярьж байхдаа хүнсний зах дээр махны үнэ ямар байгааг мэдэхгүй байсан. Тийм байж, эдийн засаг энэ тэр гэж солиороод" гэж бут авч байна өө. Эдийн засагч гэхээр зах дээр байгаа мах шөл, арьс шир, гууль төмөрний үнийг цээжлээд явж байх ёстой гэсэн үг үү энэ чинь. Компьютер биш хүн шүү дээ. Тэгж цээжлэх, мэдээлэл хадгалахыг нь компьютер хийдэг юм байгаа биз. Хэрэгтэй үед товчлуур дараад, эсвэл нэг биржийн мэдээг лавлаж хараад л мэдээд авчихна шүү дээ. Логикоор сэтгэнэ, үнэлэлт өгнө, зөв бурууг тогтооно гэдэг бол амар ажил биш, үүнийг чадаж байвал өөр дэл сул юм хэрэггүй.

Дээрхтэй адил жишээгээр, америкт байдаг монголчуудын дунд алдартай Ш.Баатарыг нэг хүн "англиар муу л ярьдаг юм билээ, юугаараа тэгж мандаад байдаг байна аа" гэхийг нь сонссон. Магадгүй хэлэндээ тэр залуугаас муу байсан байж болно. Хэлэндээ жаахан л муу бол ухаантны эгнээнээс хасагдана гэсэн үг үү? Тэр шүүмжилж буй залуу Баатараас хэлэндээ тав дахин сайн байг ээ. Гэхдээ Баатар шиг олон ажил амжуулж, монголчууддаа нөлөөлж, ихийг бүтээж чадах билүү? Үгүй л болов уу. Хэлэндээ сайн гээд сайндаа л нэг орчуулагч болно биз.

Угаасаа гадаад хэлний чадвар гэдэг тухайн хүний мэргэжил сонирхлоос шалтгаалаад балансгүй тогтдог эд. Эдийн засгаар сурдаг монгол оюутан мэргэжлийнхээ талаар япон хүнээс илүү японоор ярьж, ойлгож байхад, "хурууны үү", "хүүхдийн өлгий" гэх мэт үгийг мэдэхгүй байж болно. Ажил хэргийн яриа, эсвэл нийгэм эдийн засгийн сэдвээр унших бичих тал дээр нэг их зүдрээд байхгүй ч, ердийн япон залуусын уншиж байгааг манга уншихдаа итгэлгүй хүн байж болно. Хүн юунд цаг заваа ихээр зориулсан түүнийхээ талаар л илүү хэлний баялагтай болох нь яах ч аргагүй зүйл. Тэр нийгэмд төрж өсч, бусадтай адил цэцэрлэг яслиас эхлээд явсан бол өөр хэрэг.
Хүнийг зөв таньж, зөв үнэлнэ гэдэг амаргүй эд л дээ.


2006/02/19

[among] Re: Temtsel urgeljilseer

(Аmong-д бичсэн мэйл)
Хүндэт Abc4life-д
Мэйлнээс тань таныг дажгүй залуу байна уу даа гэж дүгнэв. Yнэндээ таны бичсэнээр ард түмнийг аварна энэ тэр гэж дөвчигнөхгүй, хүн бүр дор дорноо хичээгээд, өөрийнхөө ажлаар бахархаад, үр хүүхдээ зөв хүмүүжүүлээд явдаг бол... Монгол орон тийм болоосой гэж хүснэм. Харин өнөөдрийн энэ цаг мөчид яагаад таны хэлж байгаа шиг сайхан хүн, сайн хүн Монголд олноор төрөхгүй байна аа?

Учир нь тэнд их сонирхолтой амьдрал хүлээж байна л даа... Гараад нэг алхахаар утаанд багтарч үхчих гээд, хүүхэд нь нэг мэдсэн сүрье тусаад, эмчийн гарыг цайлгахгүй бол үхүүлчих гээд... Байшин баръя гэсэн газрын зөвшөөрөл дээр нэмээд давхар давхар хахууль... Машинаа бариад томоотой явж байтал хажуугаас улаан жийптэй онгироо залуу тас хийтэл мөргөх. Юун төлбөр төлүүлэх манатай хаашаа ч явж яаж ч заргалдаад нэмэргүй. Өглөөнөөс орой болтол, хөлнөөсөө толгой хүртэл есөн шидийн бухимдал нерв, сэтгэлийн болоод биеийн шарх сорви. Тэнд нэг хүн хохирно, энд нэг хүн шударга бустай учирна. Гай нь өөрт л таарахгүй бол болоо гээд өөрийгөө болгоод явах. Гэхдээ нэг өдөр заавал ээлж ирнэ!

Япончуудын хэлдэг салариман, эсвэл ямар нэгэн профешионал маягийн ажил эрхэлдэг хүмүүс, өөрөөр хэлбэл өөрт оногдсон нэг хэвийн ажлыг хийгээд явах хүмүүст бол асуудал бас ч гайгүй. Ийм хүмүүс оногдсон ажил, авсан даалгавараа гүйцээгээд даруухан явж байж болно. Харьцангуйгаар сэтгэх шаардлагагүй, өөрчлөлт багатай "routine works". Мал маллах бол хамгийн сонгодог жишээ.

Тэгвэл нийгэмд шинэ юм бий болгох, эсвэл байгааг өөрчлөх гэсэн миссионтой хүмүүс бас бий. Жишээ нь Монголд бродбанд сүлжээг хөгжүүлье гэдэг ч юмуу, цоо шинэ үйлдвэрлэл эхлүүлье гэх жишээтэй. Угаасаа ийм шинэ далайцтай ү/а-гүйгээр Монгол орон буурай гэдэг статусаасаа хэзээ ч гарч чадахгүй. Гэтэл тийм хүнд хамгийн түрүүн хүнд суртал, хээл хахууль, заваарсан сүлжээ, шударга бус байдал гэдэг эгц нүүрэн дээр хөндөлсөж ирнэ. Юм хийе, бүтээе гэсэн санаа зоригтой (志)хүний тухайд ярьж байна. Зүгээр байхад л оролдоод эхэлнэ. Монгол хүн дотооддоо эм үйлдвэрлэе гэхээр Эрүүл мэндийн яамнаас хачин хууль гаргаж ирээд хавчаад унана. Нэг дарга нь гадаадаас эм оруулдаг бизнестэй, тэрнийгээ хамгаалж байгаа ухаан нь тэр.

Ингээд л нөгөө добрый хүн чинь тэсэхээ байж эхэлдэг юм болов уу даа. Жагсаад явж байгаа хүмүүсийн дотор онгиргон хөөргөн, өөрийгөө яая гэж байж улс орон гэж томорсон нөхдүүд мэдээж олон байгаа. Гэхдээ бүгд тийм биш. Түүн дотор аргаа бараад, энэ нийгэм чинь нэг л биш гээд, гэртээ авгайгаа тэврээд сэтгэл амар сууж чадахгүй тэсэхээ байгаад гудамжинд гарч ирсэн хүмүүс бас байгаа. Түүнийг ялгаж салгаж ойлгоосой гэж хүснэм.

Хүн төрөлхтний түүхэнд улс орнууд хамгийн их хөгжсөн үе нь жирийн хүмүүс зөвхөн өөрийгөө биш, эргэн тойрны нийгмээ сонирхдог, тэр үйл хэрэгт оролцдог болсон үе байдаг гэж би ойлгодог. Грек, Ромын иргэншил (иргэний нийгэмшил)-ээс эхлээд, Пакс Британика, дараа нь Америкийн Нэгдсэн Улсын эх суурь тавигдсан үе, Бакүмацүгийн Япон. Шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоо хүчтэй нийгэм, иргэд нь орчин байдалд санаа зовж дуугаа өргөсөн нийгэм, өөрөөр хэлбэл "иргэний нийгэм" гэдэг юманд хамгийн ихээр дөхөж очсон үед тухайн улсын хөгжлийн гол тулгуур тавигддаг гэж би боддог.

Миний хувьд үнэндээ улс төрчдөд, улс төрд найдлага тавьдаггүй.
Хувийн хэвшлийн хөгжил л Монголыг аварна.

Харин тэр хувийн хэвшлийн хөгжилд засаг төр багахан шиг л саад тушаа болоосой доо. Шударга бизнес ялах хөрс бүрдээсэй.
Тийм эрүүл орчинг бүрдүүлэхийн тулд нэг ч гэсэн хүн, нэг ч гэсэн ИРГЭН нэмэгдэж хувь нэмэрээ оруулаасай.

Хүндэтгэсэн,
Тулгат
------------------------------------------------------------
Abc4life wrote:
Haraad baihad ene buh avilga heel hahuuliin asuudliig herhen shiideh ve, Mongold bolood baigaa ene alban tushaal, uls tur, avilga, jagsaal tsuglaan ene buhniig herhen tsegtsleh ve geed bodood baihad. Ug ni bol bi eh ornoo avarna, bi turiin erhend garch ard tumnee avarch avilgalchdiig zailuulna, bi hamgiin shudraga hun geed sonin setguuleer nuguuhiinuu muug erj haisan, negniig nuguuruu turhirsan, zanasan zuhsen ene buh arga bol hezee ch tus bolohgui gej boddog. Iim yum bicheed, yariad jagsaad yavj bdag, yaasan ih zav zaitai, hiih ajlaa olj yadsan humuus yum gej bodoh yum. Ug ni ar ger, aav eej, ur huuhed, ajil turul geed sanaa zovoh yum bishgui l baimaar, hun muulj jagsaj yavah chini sain zuil herhev ch bish.Harin tuunii orond hamgiin eh oronch, eh oronoo avarch chadah zuil bol hun bur uurtuu nogdson ajlaa dor burtee henees ch iluu hiigeed, tuugeeree baharhaad, nadaas uur hun hiij chadahgui, ene ni minii eh orondoo ugch bui huvi nemer gedeg setgeleer handaad, uh huuhdee sain hun bolgon usgun humuujvel hamgiin ach tustai baimaar. Huduu ochood 300-400 maltai jiriin neg malchin irgeniig harahaar uneheer baharhamaar. Hiisen yumtai, uuriinhuu hariutssan ajild ezen bolood, turiinhuu suldend zalbiraad yavj bdag jinhene Mongol hun tend l bn.
------------------------------------------------------------

2006/02/04

Японд сурах гэж байгаа нэг залууд

Японы засгийн газрын шалгалтанд тэнцээд удахгүй явахаа хүлээгээд байж байгаа залуу надад "юун дээр анхаарвал зохих вэ?" гэж асуусан мэйл ирүүллээ. Түүнд хариулж бичсэнээ энд хуваалцъя.

-----------------------
Сайн байна уу?

Монкашогийн шалгалтад тэнцээд удахгүй ирэх гэж байгаад чинь баяр хүргэе. Би 8 жилийн өмнө адилхан Осака Гайдайд (гадаад хэлний дээд сургууль) япон хэл үзэж байсан л даа. Ер нь бол Гайдайд байх хугацаанд сургалтын програм нь маш чамбай боловсруулагдсан байдаг учир бага зэрэг "эрхлээд" санаа амар явж байж болдог. Мэдээж хичээлээ таслахгүй, өгсөн даалгаваруудыг яс хийнэ гэдэг нөхцөлтэйгээр. Ердөө тэгэхэд л болоод явчихна. Хамгийн гол нь гадаадын олон оюутнуудтай найзалж, энд тэнд зугаалж, элдэв юм үзэж явмаар үе.
(Харин их сургуулийн оюутан болонгуут бүх юм шал өөр болно. Ёстой жинхэнэ өөрийгөө контролдож, өөрөө өөртөө эзэн болохгүй бол хэн ч шахахгүй, сургалтын програм нь монголынх шиг хатуу заагдсан байдаггүй, хажуу хавиргад сайн нөлөө үзүүлэх япон оюутан тэр бүр олдохгүй. За тэгээд юу ч боддоггүй, цагийг шал утгагүй өнгөрүүлсэн 4 жил болчих гээд байдаг нэг аюул бий)

Одоо бодоход Гайдайгийн япон хэлний хичээл ч тэр, бусад эдийн засаг, түүх г.м. хичээлүүд ч тэр, япон орны тухай, эндхийн түүх нийгмийн тухай үндсэн ойлголтыг маш сайн олгож чаддаг. Надад одоо ч гэсэн Гайдайд байхдаа олж авсан мэдлэг хэрэг болох үе зөндөө гардаг. Япон хэлний хичээл нь ч ялгаагүй. "Би японд удах юм чинь аяндаа сайжирна" гэж бодож болохгүй. Яриа бол аяндаа сурч магадгүй ч, бичгийн хэл, ханз г.м зүйлүүд яг сууж хичээллэхгvй бол тэр болгон биед шингээд байдаггүй.

Явах хүртлээ, за тэгээд яваад очсон хойноо ч тэр, өдрийн тэмдэглэл хөтлөөрэй. Юу болсон, юу хийсэн гэдгээс гадна, хамгийн гол нь өөрөө юу бодож байгаагаа сайн сийрүүлэх. Хүний бодол гэдэг цаг эргэх тусам хувирч, бас арчигдаж явдаг болохоор 18, 19 настай үеийн Энка гэдэг хүмүүний бодол санааг тухай бүрд нь үлдээгээд явбал эргээд харахад том баялаг болно. Ялангуяа том зорилго, мөрөөдөл өвөрлөсөн шив шинэхнээрээ байгаа үе, эхний үеийн бодол санаа урам зориг гэдэг алт шиг үнэтэй. Хүн гэдэг амьтан цаг өнгөрөх тусам анхны хүсэл мөрөөдлөөсөө няцаж, байгаа орчиндоо уусч, дөжрөх гээд байдаг талтай. Тийм ч учраас япончууд "Шинэхэн үеийн залуу зүрхийг мартаж үл болно" (是非の初心を忘るべからず) гэж хэлэх дуртай. Харин тэр залуу зүрхээ цаасан дээр үлдээхгvй бол эргээд саная, уншъя гэх юмгүй болно.

Японд ирэх хүртлээ ... Айхтар бэлдэж сүйд болох юм санаанд орохгүй байх чинь. Япон хэл бол ирээд сайн хичээхэд болоод явчихна, угаасаа ирэх гэж байгаа сургууль чинь (Осака Гайдай) сайн сургаж чаддаг газар. Англи хэлэндээ муу бол харин түүн дээрээ жаахан юм хийгээд авах хэрэгтэй. Японд ирсэн хойноо англи хэлтэй байх, үгүй байх гэдэг том ялгаатай байдаг. Ирээд сайн ойлгох биз.


Түүнээс гадна амжаад монголынхоо нийгмийн хамгийн эмзэг, дорой хэсгээр явж, тэдний амьдралыг үзээд авбал сайн. Өнчин хүүхдийн төв, хөгшүүдийн асрах газар, тэнэмэл хүүхдийн байрлах газар, за тэгээд хэлгүй дүлий хүүхдийн тусгай сургууль, тахир дутуу иргэдийн ажиллаж буй цех завод гэх мэт. Сүйдэж болохоо байж байгаа байгаль орчинтой орон нутгаар явах гэх мэт. Ядуу хүмүүс, ядарсан хөгшчүүд юу бодож өдрийг өнгөрөөж байна? Энэ хүмүүс яагаад ийм болчихов, яагаад? Яаж энэ байдлыг өөрчилж болох вэ? Цээжин дотор чинь тийм асуултууд дүүрэх цагт, өөрөөр хэлбэл зөвхөн өөрийнхөө баян болох сайхан амьдрахыг биш, эргэн тойрноо, төрүүлж өсгөсөн нийгмээ харж эхлэх үед жинхэнэ юм сурч, жинхэнэ чадалтай чансаатай хvн болох гараа чинь эхэлнэ. Японоор 問題意識 гэж үг бий. Монголоор бол цээжин дотор хуралдсан "цээж асуултууд". Тийм асуултуудгүй хүн бол нөгөө алт хийсэн ч сэгсрээд байдаг илжигтэй адил болно. Гох дэгээгүй хүн хэчнээн их загастай газраар явлаа ч ядаж замаг уурганд нь орохгүй. Цээжиндээ гох дэгээгүй залуу олон орноор аялж, ном эрдмийн уурхайд умбалаа ч юм сурахгүй. Толгойд нь юу ч өлгөгдөхгүй. Адилхан юм чихэнд сонсогдож нүдэнд харагдаад өнгөрөхөд түүний ач холбогдлыг ойлгох хүн, сэтгэл нь хөдлөх хүн, эсвэл мэдлэг болгох хүн гэж байхад, дүнз мод шиг дүмбийгээд үлдэх хүн гэж байна.

Чам шиг эдийн засаг, нийгмийн ухаанаар сурах гэж байгаа хүний хувьд, "цээж асуултууд" нийгмийн ямар ч сэдвийг хамарч болно. Огт өөр мэт байгаль орчны нэг асуудлаар "яагаад?", "яаж?" гэж бодож явсан ч, эргээд тэр нь нийгмийн ухааны асуудлуудтай холбогдоод явчихдаг.

Сэтгэлдээ санаа зоригтой (志), цээжиндээ олон асуулттай (問題意識) яваад ирээрэй.

Туги
2006.02.04

2005/05/22

Эдийн засагч гэж...

Манай ЭМОС клубээс гаргасан "Мэргэжлээ зөв сонгоход тань" номонд өөрийн зүгээс нэмэрлэсэн бичлэгийг сонирхуулъя.
ЭДИЙН ЗАСАГ

Эдийн засгийн ухаанаар сурах санаатай байгаа чамд хэдэн юм хэлээд орхиё. Гол сэдвээс хазайж давхина, төсөөлж байснаас чинь ангид юм ярина. Магадгүй Монголын бодит амьдралаас хөөрхөн тасарна. Гэхдээ зүгээр, гол нь хэлмээр байгаа зүйлээ чөлөөтэй хүүрнэхийг зорьж байгаа юм. Одоо ямар байгаа гэдгийг зөвхөн харах биш, ямар байх ёстой, ирээдүйд ямар болох, ямар чиг хандлагатай байх тухай ярих нь чамд илүү өгөөжтэй.
Эдийн засгаар сурч төгссөн хүнийг ямар ажлын байр хүлээж байдаг вэ? Магадгүй чамд хамгийн түрүүнд макро, микро онол гэж ярьсан мэдэмхий эрдэмтэн судлаач хүн төсөөлөгдөх байх. Цаашлаад яамны мэргэжилтэн ч юмуу, банкир, санхүүч, нягтлан бодох, татварын байцаагч, компанийн менежер гэх мэт янз бүрийн төсөөллүүд ургаж ирнэ байх. Эдийн засгийг мөнгө олох ухаан гэж ойлгодог хүнд бол хөлжиж баяжих аргад нүд тайлагдан лут бизнесмэн болох юм шиг санагдаж ч магадгүй. Зах зээлд шилжсэн эхний үед менежмент, бизнес, маркетинг, үнэт цаас гэх мэт гоё чамин үгнүүд сонсогдох болж, эдийн засгаар сурах нь бараг л моод болж билээ.
Угаасаа эдийн засаг өөрөө нэг үзүүртээ цэвэр математик онолоос нөгөө үзүүртээ түүх, философийг хүртэл багтаадаг маш өргөн ухаан учир төгсөөд ямар хүн болох талаар цэгцтэй төсөөлөл бууж ирэхгүй байх нь аргагүй.
Энд эхлээд “эдийн засгаар сурах”, “эдийн засагч болох” гэдгийн хооронд тэнгэр газар шиг ялгаа байдгийг анхааруулж хэлмээр байна. Зуун хүнээс арав хүрэхгүй нь л ирээдүйд эдийн засагч болно гэж ойлгох хэрэгтэй. Анагаахаар сураад эмч болно, хуулиар сураад хуульч, өмгөөлөгч болно гэж ярьдаг бол эдийн засаг дээр тийм биш.
Анагаах, хууль, цаашилбал инженер технологи зэрэг нь мэргэжлийн нарийн бөгөөд явцуу мэдлэг, чадварыг илүүтэй шаарддаг. Тиймээс ийм талбарт ажиллах хүмүүсийг арай тусгайд нь авч үзэж “мэргэжилтнүүд” буюу профешионалууд гэж хэлэх нь бий. Ийм чиглэлийн сургалтын агуулга ч түүнд тохирсон байх бөгөөд төгсөөд шууд ажил дээр гарахад хэрэг болох мэдлэг, арга зүйг түлхүү эзэмшүүлдэг.
Тэгвэл их сургуульд олж авах эдийн засгийн боловсролын нэлээд нь шууд ажил дээр гарч хэргийг нь гаргах боломжгүй байдаг. Макро эдийн засаг дээр яригдах Филипсийн муруй гэдэг ч юмуу, тоглоомын онол дээр гарч ирэх Нашийн тэнцвэрийг ажил дээр яаж ашиглана гэх билээ? Жилд өчнөөнөөрөө “үйлдвэрлэгдэж” байгаа төгсөгчдийн дотор Парето оптималчлал, Филипс муруй энэ тэрийг ажил мэргэжлээ болгоод явах ганц нэг нөхөр байдаг л биз, хэдэн зуун хүнийг тэжээх Филипс муруйн хөдөлмөрийн зах зээл Монголд байхгүй.
Төгсөгчдийн дотор сургуульдаа үлдэж мастер доктороор үргэлжлүүлэн суралцаж, улмаар эрдэмтэн судлаач болох цөөн хэдэн хүн гарна. Зөвхөн МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийн багш, оюутны тоон харьцаанаас жишээлээд үзэхэд л эрдэмтэн профессор болж явах орон зай тийм том биш нь ойлгомжтой.
За тэгээд хичээлдээ овоо гайгүй байсан хэдээс нь холбогдох яам тамгын газар, эсвэл төв банк ч юмуу, ямар нэг судалгааны хүрээлэнд эдийн засагч, шинжээчээр орж ажиллана. Онолдоо гаргууд, эмпирик судалгааны аргачлалд гаршсан хүмүүсийн хувьд тэр. Судалгаа, эрдэм ном хөөгчдийн дотроос өгүүлэл, нийтлэл бичдэг судлаач-сэтгүүлчид бас ганц нэг төрнө.
Монголд яваандаа консалтинг (consulting) бизнес хөгжвөл мэргэжлийн консалтантууд (бизнес зөвлөхүүд) олшрох байх. Консалтант бол бизнес удирдлагаар голцуу дагнасан, туршлага-арга зүй судлаач байдаг учир яг эдийн засагч гэдэгт тэр бүр ороод байхгүй.
Төгсөгчдийн зарим нь төрийн албан хаагч болох боловч эдийн засгаасаа тэс хөндлөн ажил хийнэ. Яг эдийн засгийн мэргэжлээр улсад ажиллана гэвэл статистикч, татварын байцаагч гэх мэт бас л хүрэлцээ муутай эд.
Ингэхээр “эдийн засагч” гэж хэлэгдэх хүмүүс буюу дээр дурдсан багш, судлаач, сэтгүүлч, улсын байгууллагын мэргэжилтнүүд нийлээд нийт төгсөгчдийн 10%-д хүрэхтэй үгүйтэй л байх болов уу. Эдийн засгаар суралцаж төгсөх боловч ихэнх нь эдийн засагч болохгүй гэсэн үг. Үүнийг сайн ойлгож авах хэрэгтэй. Одоо ийм байгаа, цаашид ч ийм байх биз.
Үлдсэн хүмүүс юу хийх вэ? Тэдний сонгох ажил мэргэжлийн замыг үндсэнд нь:
1) Нарийн бөгөөд гүнзгий
2) Өргөн бөгөөд гүехэн
гэж хоёр хувааж ойлгогтун. Зөвхөн эдийн засаг дээр ч биш, ямар ч чиглэлийн боловсрол, ажил мэргэжил дээр энэ ангилалыг хийж болно.
Нарийн бөгөөд гүнзгийгийн хамгийн тод жишээ бол дээр дурьдсан эмч, хуульч гэх мэт мэргэжлийн салбарууд юм. Нэг насныхаа талхыг олж идье гэж шийдсэн чиглэлдээ гүнзгийрэн дагнаж, төгсөөд шууд ажил дээр гарахад хэрэг болох мэдлэг, арга зүйг эзэмшдэг хэсэг. Мэргэжилтэн (specialist, professional) болно гэсэн үг. Эдийн засаг дотроо тогтож ярьвал мэргэшсэн нягтлан бодогч (certified public accountant), татвар бодогч (licensed tax accountant) зэрэг нь энэхүү “нарийн бөгөөд гүнзгий” ангилалд орно. Зах зээлийн харилцаа тогтворжсон хөгжингүй орнуудад ийм ажил мэргэжлээр замаа тодорхойлсон хүмүүс ширүүн өрсөлдөөнтэй шалгалтыг дамжин зэрэг, сертификат авах хэрэгтэй болдог. Мэргэжлийн үнэмлэхгүй бол ажил хийх боломжгүй. Төгсөөд мэргэжлийн салбарт ажиллахаар төлөвлөсөн оюутнууд үндсэн хичээлийнхээ хажуугаар нойр хоолоо хасан байж тэрхүү шалгалтанд бэлддэг. Японд их чанга, Америкт арай зөөлөн гээд орон орны онцлог байдаг ч, ерөнхий чиг хандлага бол тийм. Том даваа давж мэргэжлийн эрхтэй болоод авбал амьдралын баталгаагаа хийчих нь тэр.
Банк санхүүгийнхэн бас ерөнхийдөө энэ ангилалд орно. Монголд үнэт цаас, хувьцаа, санхүүгийн арилжаа зэрэг нь яваандаа гүнзгий мэдлэг, тооцоoлон бодох арга чадвар бүхий мэргэжилтнүүдийг шаарддаг салбар болж цаашдаа улам хөгжих бизээ. Зах зээлд шилжсэнээс хойш бага хугацаанд чамгүй төвхнөж чадсан ч, цаашдаа хийх юм ихтэй, яагаа ч үгүй байгаа атар газар, нялхаараа байгаа салбар. Хөгжингүй орнуудад хэдэн зууныг дамжин хөгжсөн гээд бодохоор аргагүй.
Нарийн-гүнзгий замыг сонгох нь төгсөөд ажлын байр олдох нь амар, цалин орлого сайн, тогтвортой гээд тун дажгүй. Харин өөрийнхөө онцлог, сонирхол, хувь хүний шинж чанарт хир нийцсэн байна вэ гэдгийг анхнаасаа зөв таньж, сонгосон байх хэрэгтэй байдаг. Чимхлүүр нямбай, нөр хичээнгүй чанарыг шаарддаг учир хүссэн хүн бүр чадаад байдаггүй. Муугаар хэлбэл ийм ажил мэргэжлүүд нь өөрчлөлт багатай, нэг хэвийн байх хандлагатай байдаг.
Хоёрдахь ангилал буюу “өргөн бөгөөд гүехэн” гэдэгт эдийн засгаар суралцаж худлаа үнэн диплом өвөрлөх ихэнх хүн хамрагдана. Нийгэмд “нарийн-гүнзгийчүүдийн” хэрэгцээ байхаас гадна, энэхүү “өргөн-гүехэнчүүдийн” эрэлт хэрэгцээ бий. Байх байхдаа их байдаг. Угаасаа их сургуульд бүх төрлийн ажил мэргэжлээр бүх хүнийг тусгайлан бэлтгэх боломжгүй юм. Дийлэнх нь ажил дээр гарсан хойноо бага багаар дасгалжиж, өөр өөрийн ажилд мэргэшинэ.
Өргөн-гүехэн замаар явах хүмүүс сургуульд байхдаа нэг юмаар дагнаж гүнзгийрээгүй байх бөгөөд макро эдийн засгийн хичээл ч үзсэн, менежмент дээр ч хоёр гурван кредит бөглөсөн, бас нэг дипломын ажил аятай юм бичсэн байна. Тэдний хувьд сонголт өргөн боловч ирээдүй нь тодорхойгүй, нэг үгээр хэлбэл харьцангуй эрсдэлтэй. Нэг хэсэг нь карьер ахина, компанийн захирал босс, эсвэл нийгмийн зүтгэлтнүүд гэх мэт түүхийг бичигчид болно. Нөгөө хэсэг нь ердийн худалдагч, борлуулагч, эгэл жирийн ажилчид хэвээр нэг насыг үднэ. Бизнесийн салбарт хүчээ сорихоор шийдсэн хүн ихэнх тохиолдолд “өргөн-гүехэн”-д хамрагддаг гэхэд болно.
Яриаг жаахан хазайлгахад, ер нь “бизнес” гэж юу вэ? Нэг газар хямд байсан юмыг нөгөө газар үнэтэй зарахыг бизнес гэдэг үү? Эсвэл хаа нэг ашиг унах нүхийг олж, бусдаас сэргэлэн хөдлөх нь бизнес үү? Эдгээр нь нэг жишээ, нэг хэлбэр төрөл нь боловч, мөн чанар нь биш юм. Үнэндээ бизнес бол “нийгэмд үнэ цэнэтэй зүйлийг бүтээж, тэрхүү нийгэмд оруулсан хувь нэмрийнхээ тодорхой хэмжээгээр өөрөө сайхан амьдрах зарчим” юм. Луйврын аргаар баяжин, бизнесмэн гэгдээд явж байх хүн өнөө үед олон байна л даа. Энэ бол нийгмийн доторх дүрэм сахиулах механизм төгөлдөржөөгүйгээс болж байгаа үзэгдэл. Хэрэв Монголын нийгмийн доторх зохицуулалт төлөвшиж, шударга өрсөлдөөн бүхий хувийн сектор хөгжих юм бол бизнес жинхэнэ утгадаа дөхөж очно. Нийгэмд тустай зүйлийг шинээр бүтээж (бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ), улсад татвар төлж, олон хүнийг ажлаар хангаж нийгэмд хувь нэмэр оруулж байгаа тийм ач буянтай хүн өөрөө ч төдий чинээ сайхан амьдарна гэдэг бол яаж ч бодсон тэгш шударга зарчим. Тийм болохоор бизнес гэдэг сайхан зүйл. Жинхэнэ бизнесмэнүүд түүхийг бичигч, хөгжлийг урагш чирэгчид байдаг.
Эргээд яриандаа ороход эдийн засгийн сургуулиар явсан “өргөн-гүехэн” хүн жишээ нь хувийн компанид ажилд орсон бол эхлээд юу ч чадахгүй учир гар хөлийн үзүүрийн ажил хийж, бага багаар компани дотроо “мэргэжлийн боловсрол эзэмшдэг”. Сони компанийн борлуулалтын хэлтэст английн утга зохиолоор дээд боловсрол олсон хүн ажиллаж, Ай-Би-Эм (IBM) –ийн боловсон хүчний хэсэгт дэлхийн түүхээр сургууль төгссөн хүн ажиллаж байна гэдэг бол эрүүл үзэгдэл. Эдийн засгийн ухаанаар сургууль төгссөн худалдагч хүн (salesman) хөгжингүй оронд олон бий. Дээд боловсролтой боловч насан туршдаа барилгын материал зарж суусан учир нөгөө үзсэн дуулсан ном ажилд нь хэрэг болоогүй хүн байж байх жишээтэй. Ердийнхөөр бодвол тэр хүн их сургуулийн дөрвөн жилийг дэмий үрж гэмээр. Гэтэл үгүй юм байна. Тэр хүн эдийн засагч болох гэж ч юмуу мэргэжлийн боловсрол олох гэж биш, дээд боловсрол олох гэж их сургуульд сурчээ. Ажилд нь хэрэг болоогүй байж гэхэд амьдралд нь хүний дайтай мэдлэгтэй, хүн шиг хүн болоход нь дээд боловсрол хэрэг болж. Нэмүү үнэцийн татвар, орлогын татварын ялгааг уншиж мэдсэн, иргэний хуулийн хичээл бас авч байсан. Ийнхүү дээд боловсрол олсноор энэ хүн “иргэн хүн” болсон байна. Дээд боловсролтой учир ядаж үс гэзэг, яриа хөөрөө нь дөнгүүр, бичиг баримт зөв уншаад зөв дамжуулах чадвартай. Мэдээж зөвхөн дээд боловсролтой гэхээр соёлжсон ухаажсан байгаад, бага боловсролтой бол болохоо байчихна гэсэн үг биш. Боловсрол багатай ч оюуны чадавхи, хувийн соёл өндөртэй хүн олон бий. Энд статистик дунджаар ярьж байгааг ойлгох хэрэгтэй. Дээд боловсролтой дундаж хүн, тийм биш дундаж хүн хоёрыг харьцуулан хэлж байна.
Цаашилбал тус тусын мэргэжлээр гүнзгийрсэн олон “мэргэжилтнүүдийг” (явцуу-гүнзгийчүүдийг) холбож, тэдний хүчийг нэгтгэн ажил зохион байгуулах чадвартай хүмүүс нийгэмд хэрэгтэй. Лидерүүд, менежерүүд, өөрчлөгчид, үүсгэн байгуулагчид. Ийм хүмүүс яаж төрдөг вэ? Сургуулийн программ лидер болгоод өгөхгүй. Менежментийн ангид сурч, онцсайн сурлаа гээд онц менежер болчихгүй. Төрөлхийн авьяастай боловч хүн хард жаал гайхагдахаас өөр юу ч бүтээлгүй явсаар хорвоогийн хоногоо барах хүн олон. Мэдлэгтэй, чадвартай боловч үхмэл царцанги хүн цөөнгүй.
Үнэндээ лидер болоход “сэтгэлийн чинзориг” гэдэг юм хамгаас чухал билээ. Дарагдашгүй, булагдашгүй, оргилж гарсан халуун тэмүүлэлтэй, ирмүүн амбицтай байх эсэхээс бүх юм хамаарна. Амбиц гэдэгт хоёр утга бий. Нэг нь хувийн амбиц, өөрөөр хэлбэл “би ийм болох юмсан” гэдэг хувийн хүсэл сонирхол юм. “Би баян болох юмсан”, “сайд болмоор байна”, “нэр алдартай болъё” гэх мэт. Харин нөгөөх нь “би ийм юмыг өөрчилж, нийгэмд ийм юмыг шинээр бий болгох юмсан” гэдэг илүү цар хүрээтэй амбиц юм. Мэдээж ихэнх залуу хүнд “би ийм болох юмсан” гэдэг хүсэл мөрөөдөл бий. Гэвч зөвхөн түүгээр хязгаарлагдвал, өөрөөр хэлбэл зөвхөн түүнд баригдаж хүлэгдвэл тэр хүн ердөө тийм хэмжээний л хүн юм. Амбиц нь тэр хүний насаар дуусгавар болно. Нөгөө хэсэг хүмүүс, “нийгэмд ийм юм шинээр бий болгох юмсан”, “үүнийг ингэж өөрчлөх юмсан” гэсэн амбиц, хүсэл эрмэлзэл, цанхаатай хүмүүсийн хувьд санаа зориг нь нэг хүнээр хэмжигдэж, нэг насаар дуусах эд биш. Зуун хүн шоолж байсан ч өөрийнхөөрөө тууштай зогсох, зуун хүн “бүтэхгүй” гэж байсан ч, ганцаараа “бүтээнэ” гэж дайрах ийм хүмүүс л аварга компаниудыг байгуулж, улс орныг өөрчилж, нийгэмд хувьсгал авчирч байж. Хэзээ ч бүтэхгүй мэт санагдах зүйл, урд тээглэсэн аварга том “NO”-ийг ”YES” болгох хүмүүс.
Ийм эрч хүч, хүсэл зориг гэдэг юм “за жаахан эрч хүчтэй байя” гэж бодохоор л аяндаа ундраад ирдэг юм биш ээ. Энэ бол бага багаар бүрэлдэж, исч, дотроосоо халж ирдэг зүйл. Түүнийг хүн өөрөө дотроо асааж, өрдөж явах хэрэгтэй байдаг. Залуу насандаа асар их юм уншиж, тунгаан бодож байсан хүн өөрийн гэсэн философи, ганц салхинд унтархааргүй сэтгэлийн галтай болдог. Ном унших үед хүн зөвхөн зохиогчийн үгийг сонсоод байдаггүй, хамгийн гол нь дотроо өөрөө давхар бодож байдаг онцлогтой. Хоосон тааз гөлрөөд юм бодох, ном уншингаа бодох хоёрт үр дүн нь өөр. Түүхийг бичилцсэн алдартай хүмүүсийн намтар болоод үг айлдварууд, өрнийн болоод дорнын гүн ухааны судрууд, дэлхийн болоод монголын түүх, уран зохиолын дээжис, зөвхөн хичээлийн сурах бичиг биш, өөр бусад сайн номнуудыг унших хэрэгтэй. Ингэх явцад өөрийн гэсэн философи, системчлэгдсэн үзэл бодол бага багаар бүрэлдэж ирнэ. Оюутан байх хугацаандаа амжиж ингэж чадаагүй хүн ер нь хол явахгүй дээ.
Өнөөдөр эдийн засгаар сурч байгаа оюутнууд маань макро микро онолоо ч үзээд, татвартай ч танилцаад, маркетингийг ч магадлаад, санхүүгээс ч самардаад, ихэнх нь юу сураад яах гээд байгаагаа сайн ойлгохгүй л яваа болов уу. Ихэнх нь ойлгоогүй чигтээ нэг мэдэхэд сургуулиа төгсч байгаа бизээ. Нарийн-гүнзгийнээр нь явсан хүн ч байддаггүй, бүгдээрээ урсч байгаад нэг мэдэхэд өргөн-гүехэнчүүд болчихдог. Төгссөн хойноо хэд хэдэн ажлын хаалга тогших боловч энэ гээд хүнд гайхуулах юмгүй болохоор очсон газар болгондоо гологдоно. “Чи юу чадах вэ, үзүүл дээ?” гээд асуудаг, юу ч чадахгүй. Угаасаа өргөн-гүехэнээр явсан хүн шууд ажил дээр гарах мэргэжлийн бэлтгэлгүй байдаг хойно аргагүй гэж хүлээн зөвшөөрье.
Явж байтал ажилд орохыг зөвшөөрөх ганц нэг газар гарч ирнэ. Авахдаа “бичиг баримт копидож, энэ хэдэн датаг шивж оруулаад байгаарай, ажил тарахын өмнө үлдэж ширээ сандал арчиж, шал угаагаарай” гэдэг ч юмуу, эсвэл “менежер” энэ тэр гэсэн гоё нэр зүүгээд агуулахын тостой тоног төхөөрөмж харгалзаж хариуцсан хүн болгох юм ярина. Энэ ч аргагүй. Юу ч чадахгүй хүнийг чинь яах вэ дээ. Тэгэнгүүт манай хүн “дөрвөн жил эдийн засаг үзсэн дээд боловсролтой над шиг хүн ийм ажил хийгээд байхдаа яадаг юм” гэж биеэ тоогоод хаалга тас савж одно. Уул нь хэсэг хугацаанд гарын үзүүрийн боловч юм хийж, ажлын байран дотроо боловсрон бага багаар “мэргэших” боломж байгаа юм шүү дээ.
Адмоны захирал Р.Энхбат Info сонинд өгсөн ярилцлагадаа (2005.01.27-ы дугаар) “Манай компани дээр ажилд орох гээд олон залуус ирдэг. Менежментийн ангийг төгссөн гэдэг. Юу ч чаддаггүй. Хаанаас нь ч авсан яг адилхан, чадвар муутай. Бүгдээрээ туйлбартай биш, аймхай. Хүн өөрийн гэсэн бодолтой, толгойтой байх ёстой” гэж бодит байдлыг нүдэнд харагдтал ярьсан байж билээ. Оюутан байхдаа нийгмийн ч юмуу сайн дурын ажилд оролцож, хүнтэй хамтран ажиллаж үзсэн, дадлага хуримтлуулсан, ядаж нэг зөвлөгөөн хөтлөөд ч юмуу, протокол бичээд сурчихсан бол бас яахав. Тийм юм ер хийж үзээгүй. “Наадахыг чинь хийвэл юу өгөх юм? Юу ч өгөхгүй юм бол яршиг”. Үнэ хөлсгүй, ашиг унахгүй гэвэл холуур дөлнө. Тэр дороо олж авах ашгийг харснаас болж ирээдүйд гартаа хийж болох бүр том ашгийг алддаг (Оюутан байх үедээ компани байгуулан, хичээж зүтгэсээр бизнесээ өргөтгөж, хөлөө олсон хүмүүс байдаг, энэ бол өөр хэрэг бөгөөд тэднээр бахархууштай). Ашиг гэдэг юм том байх тусмаа гарт орж ирэх хугацаа нь урт байдаг эд. Хамгийн гол нь нөгөө сэтгэлийн чинзориг гэгч нь үгүй, дотоод ертөнц нь бүрэлдээгүйгээс ийнхүү аймхай, өөрийн бодолгүй хэмээн гологдож байна. Ийм болсон хүний төгсгөл ямар байх нь тодорхой.
Өргөн бөгөөд гүехэн замаар явагчдын хувьд үнэндээ эдийн засгаар сурах, өөр чиглэлээр сурах хоёрт бараг ялгаа байхгүй гэж хэлж болно. Түүхийн ангиар ч явсан бай, улс төрөөр ч сурсан бай, английн утга зохиолоор ч сурсан бай, тэр хүний өөрийн онцлогтой үзэл бодлын систем бүрэлдэх эсэх нь гол. Хэдий тийм боловч эдгээр дотроос эдийн засгийн ухаан бол өөрийн философийг төлөвшүүлэх маш таатай арга зам гэж хэлмээр байна. Сэтгэлгээний аргачлал нь сонирхолтой, хэрэглээ өргөнтэй.
Эцэст нь товч нэгтгэе. Ажил мэргэжлийн замыг ерөнхийд нь “нарийн-гүнзгий”, “өргөн-гүехэн” гэж ангилж болно гэсэн билээ. Эхний буюу нарийн гүнзгий, мэргэжлийн дагнасан чиглэлээр явах хүсэлтэй залуучууд их сургуульд байхдаа зөвхөн хичээлийн кредит бөглөх биш, тухайн сонгосон мэргэжлийнхээ талаар бие даан судалж, хэний ч дор орохгүй болохын тулд бүх хүчээ төвлөрүүлэх хэрэгтэй..
Харин ихэнх буюу нарийн мэргэжлээр дагнахгүй залуусын хувьд сургууль төгсөөд ажил дээр гарахад юу ч чадахгүй байг, нов ногоон байг, бусдаас илүү гарсан толгойтой биш байг, хамаагүй ээ. Энэ бол оюутан байхдаа зүгээр сул задгай явж болно гэсэг үг биш. Хүнийхээ хувьд боловсорч, өөрийн гэсэн философи, халуун чинзоригтой болж чадах юм бол хаа ч алзахгүй. Эдийн засгийн ухаан чамайг эдийн засагч болоход чинь биш, хүн шиг хүн болоход чинь тусална.

2005/05/03

Ухамсар нэг л агшинд єєрчлєгддєг

Саяхан уншсан Накатани Акихирогийн номон дээр нэг сонирхолтой хэсэг байсан тул товчлон орчуулъя.

“Компанид шинэ сайн ажилчин оруулж ирье гэхэд хуучин ажилчдаасаа халах шаардлага гарна. Япон маягийн менежментийн хувьд энэ нь тийм ч амар ажил биш. Ажилчдыг халах юм бол нийгмээр нэг эсэргүүцэл шүүмжлэл өрнөнө. Ийм нөхцөлд шинээр сайн ажилчин авдаггүй юмаа гэхэд одоо байгаа ажилчдаа жаахан ч гэсэн өөрчлөх, чанаржуулах арга байна уу? Янз бүрийн компанийн удирдлагатай уулзаж явахад ийм асуулт зөвлөгөө байнга ирдэг юм.
Хүнийг өөрчлөх боломж бол бий.
Ханиадны вирусэнд тэсвэртэй хүнээс ханиад хүрдэггүй хүүхэд гарна гэдэг нь DNA-д тулгуурласан онол юм. Удамшил ийнхүү нэг бүтэн үеэс нөгөөд арай чүү нэг нэгээр дамжин явагдаж байгаа цагт эволюц маш удаан хугацааны процесс байж таарна.
Тэгвэл сүүлийн үед бие дотор ямар нэгэн вирус халдаж ирсэн үед, ген өөрөө өөрчлөгдөж, вирусний дархлалтай болон өөрчлөгддөг гэх судалгаа анхаарал татах боллоо. RNA –д тулгуурласан онол юм. RNA нь DNA-ийн хуулбар боловч, энэхүү хуулбар нь анх байсан их биеэ өөрчлөх чадвартай аж. Гол ялгаа нь, энэхүү онолыг баримталвал эволюц маш түргэн явагдах боломжтой гэдэг санаа.
Хэрэв тийм биш байсан бол ямар нэгэн сөрөг өөрчлөлт бий болоход хүн, амьтан юу юугүй устаад алга болох байсан биз.
Археологичид мичнээс хүн үүссэн шилжилтийн үе дэх missing ring буюу “алдагдсан хэлхээ” гэж нэрлэгддэг ясыг ухаан сөгөөгүй хайж байдаг. Мич, хүн хоёрын дундах завсрын яс олддоггүй. Сурах бичиг дээр байдаг Sinanthropus, Pithecanthropus эд нар бол бүр сүүл үеийнх л дээ. Асар их хүч гарган хайсны эцэст ерөөсөө тийм яс байхгүй юм бишүү гэдэг дүгнэлт сүүлийн үед хийх болоод байгаа юм.
Өөрөөр хэлбэл мич, хүн хоёрын завсарын үеийн яс олддоггүй нь мичнээс хүн үүсэх шилжилт маш богино хугацаанд явагдсантай холбоотой гэх аж. Хэрэвзээ DNA-ийн өөрчлөлтөөр аажимдаа хүн төрөлд шилжсэн бол завсрын яс хаа нэгтээ заавал байх ёстой.
Ерөөсөө хүний өвөг дээдэс ой шугуйнаас гарч, хоёр хөл дээрээ явах болсон нь маш богино хугацаанд явагдсан өөрчлөлт гэж тайлбарлагддаг. Ийм түргэн зуурын шилжилт гэж юм байдаггүй байсан бол эволюц хэзээ ч явагдахгүй байх байсан бизээ.

Компани өөрчлөгдөх үү? Хэрвээ компанийг өөрчлөе гэж бодож байгаа бол маш богино хугацаанд л өөрчлөх хэрэгтэй. Мэдээж байгууллагын өөрчлөлт бол DNA-ийн өөрчлөлт учраас цаг хугацаа орно. Харин ухамсрын өөрчлөлт гэдэг юм явагдахаа хүрвэл огцом богино хугацаанд явагддаг.
Мэдээжийн юм шиг юмыг хийж, хуримтлуулсаар явтал “үгүй нээрээ ийм байж” гэж бодох, ухварлах огцом шилжилтийн тэр мөч ирдэг. Байгууллагын өөрчлөлтөд хугацаа ордог бол, ухамсрын өөрчлөлт “өө тиймүү” гэж нүд нээгдэх яг тэр агшинд огцом явагдана.
Үүнийг зүйрлэвэл өнөөдрийг хүртэл мөлхөж дэвхэрч байсан сармагчингуудын дундаас нэг хоёр нь хоёр хөл дээрээ босоод явангуут бусад нь хараад “энэ чинь зүгээр ч юмуу” гэж бүгдээрээ босч ирэх маягтай. Ердөө ийм түвшний зүйлийг л хэлж байна л даа.
Хүний бие, мэдрэц, ухаан бүгдээрээ оюун ухамсартай холбоотой. За тийм юм худлаа биз, гэж бодож байгаа зүйл бол хэзээ ч бүтэхгүй.
Булчин хүртэл ухамсартай холбоотой. Хүний биед хязгааргүй тооны булчин байх бөгөөд, хаана агшиж, хүч өгөх хэрэгтэй вэ гэдгийг мэдэх тэр мөчид зангирч, гантилийг өргөдөг юм.”

Үүнийг уншиж байхад ингэж бодогдож байлаа. Нээрээ хэл сурахад ч гэсэн өдөр бүр өчнөөн үг цээжлээд байхад л тогтоогдож өгдөггүй, нэг үгээ олон дахин мартаад л, ер ахидаггүй шүү дээ. Ямар ч ажлыг аваад үзсэн тэр. Харин хийгээд л явж байтал нэг өдөр "хөөх би чинь овоо болчихсон байна шдээ" гэж гэнэт анзаарах үе ирдэг. Энэ мэт олон жишээ холбож хэлж болмоор санагдаж байлаа.

ХҮНИЙ УХАМСАР НЭГ Л АГШИНД ӨӨРЧЛӨГДДӨГ (「人間の意識は一瞬で変わる」) бүлгээс. Зохиогчийн болон номын нэр япон хэл дээрээ: 中谷彰宏『入社3年目までに勝負がつく77の法則』、PHP、Ⓒ1995

2005/01/15

"Кvнзийн сургаал" бол алдаатай нэршил


Японд самурайн ёс (бушидо) хөгжихөд Күнзийн сургаал маш хүчтэй нөлөөлсөн байдаг. Ялангуяа Эдо эринд Күнзийн 『論語』 (The Analects) номыг уншаагүй боловсролтой хүн гэж байсангүй, ерөөсөө самурай нарын эрдэм номын "А үсэг" нь энэ ном байсан гэж хэлж болно. Гэтэл нөгөө талаас Күнзээс эх авч Хятад, Солонгост улс төр, нийгмийн тогтолцоо болтлоо хөгжсөн "Күнзийн сургаал" Японд тэгтлээ нөлөөлж чадаагүй байгаа юм. "Күнзийн сургаал Японд хүчтэй нэвтэрсэн боловч, Күнзийн сургаал Японд нэвтрээгүй" хэмээх логик зөрчилтэй ийм дүгнэлт яагаад гарч ирэх болов оо? Ийнхүү будилахын учир нь нэршил дээр алдаа байгаатай холбоотой.

Хятад, Солонгос орнуудад өргөн дэлгэр түгсэн 儒教 суртлыг хятад дуудлагаар нь уншвал "Рүжиэ" болно. Харин үүнийг баруунд Confucianism гэж, Монголд "Күнзийн сургаал" гэж нэрлэж байгаа нь дээр хэлсэн зөрчлийг бий болгож байна. Учир нь бодит хүн болох Күнзийн (孔子、МЭӨ 552 - 479) үзэл санаа нь жишээ нь "The Analects" номонд туссан байгаачлан цэвэр номлол төдий байсан юм. Түүнийг шавь нар нь цааш хөгжүүлэн боловсруулж "Рүжиэ суртал" -ыг бий болгожээ. Сургаал номлол байх, түүнийг хэлбэржүүлэх хоёрт ихээхэн ялгаа бий. Японд Күнзийн сургаал нь өөрийн гэсэн өвөрмөц онцлогтойгоор хэлбэржсэн бөгөөд, Хятад, Солонгост хэлбэржсэн Рүжиэ буюу Күнзизм Японд хүчтэй нэвтэрч ороогүй гэж үзэж болно.

Монголчууд бид Күнзийн сургаал, Күнзизм (Рүжиэ) хоёрыг ялгаагүй "Күнзийн сургаал" гэж нэрлэж байгаа нь ази хүн л бол хятад гэж ойлгодог зарим боловсролгүй барууныхантай төстэй хэрэг. Күнзизм (рүжиэ шашин) ба Күнз гэдэг бодит хүний сургаал хоёр ялгаатай гэдгийг жишээн дээр тайлбарлая л даа. Адам Смитийн "Үндэстнүүдийн баялаг" ном бол орчин үеийн зах зээлийн эдийн засгийн онолын нэг чухал тулгуур бүтээл. Энэ бүтээлээр нь Адам Смитийг эдийн засгийн ухааны эцэг гэж алдаршуулдаг. Тэглээ гээд зах зээлийн эдийн засгийг "Адам Смитийн эдийн засаг" гэж нэрлэдэггүй шүү дээ. Түүнтэй адил Күнзизмыг шууд Күнзийн сургаал гэх нь тун өрөөсгөл хэрэг.
Яг Күнзийн өөрийнх нь айлдсан сургаалийг "Күнзийн сургаал" гэж, харин түүний шавь нарын боловсруулж, төр-нийгмийн харилцааны систем болгосон үзэл суртлыг хятад дуудлагаар нь "Рүжиэ суртал" гэх юмуу, үгүй ядаж Күнзизм, эсвэл Күнз шашин гэх нь зүйтэй мэт.
Японд Рүжиэ суртал, шашин нь биш, цэвэр эрдэм оюунлаг Күнзийн сургаал нэвтэрсэн нь өнөөгийн Япон орны хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэсэн мэт надад санагддаг.
-----------------------------------------------------------------------------------
*** Надтай холбоо барья гэвэл доорх хаягаар хандаарай: