2008/06/08

Өлгий

За хө хорвоогийн жамыг дагаад, сажлаад явж байна даа. Блогоо тоосонд даруулаад байх зуураа нэг данхгар хүүтэй боллоо. Хэдэн сарын өмнө гадуур явж байхад жирэмсэн эмэгтэйчүүд нүдэнд тусдаг болоод байсан, одоо жаахан хүүхдүүд хараанд өртөх боллоо. Амьдрал хэдэн градусаар ч юм эргэв, авдаг сонирхдог юм ч шал өөр болов. Хүүхдээ хуурайлангаа "өлгий"-ий тухай бодох жишээний.

Япончууд хүүхдийг өлгийддөггүй. Халуун зунаа байг гэхэд өвөл ч өлгийдөхгүй шүү. Бидний монголчууд яагаад өлгийддөг болчихсон юм бол оо? Бас өөр ямар үндэстэн өлгийддөг бол? Лав ховор байх.
"Хөл нь тэгшхэн болдог болохоор өлгийддөг" гэж боддог хүн ч байдаг юм билээ. Гэхдээ тэр юу л бол. Шалтгаан нь биш, зүгээр үр дүн нь л байх. Хөдсөн дээлтэй хээгүй монгол ахуй хүүхдийн хөл тэгш гоо байх тухай бодохтой манатай байсан биз. Угаасаа гурав дөрвөн наснаас морь унахад л амархан дугуйрна биз дээ.
Миний бодлоор хүйтэн жаварт хүүхдээ цохиулахгүй гэдэг л том шалтгаан байсан болов уу. Сайн баглаж боохгүй бол нялх хүүхэд хэд савчаад л тавьсан даавуу хөнжлийг зайлуулчихна. Угаасаа хөдлөх зуур сэвэлзээд дааруулчихна. Жимбийтэл нь боовол хүйтэнд алзахгүй.
Гээд байж байтал бас нэг юм мэдэж авлаа.

Хүүхэд өлгий ч юмуу, тиймэрхүү бариу давчуу орчинд тайван амгалан байдаг юм байна.
Саяхан интернэтээр нэг "ороовч" (?) авлаа. Эхчүүд биеэрээ ороосон даавуунд хүүхдээ оруулж, гэр орны ажил хийх, нааш цааш явахад гараа чөлөөтэй байлгадаг тийм өлгийрхүү юм байдаг юм байна. Зургийг нь тавив. Давчуу гэж жигтэйхэн. Нуруу нь бөхийж, хөл гар нь хавчигдаад, өрөвдөлтэй бөөрөнхий юм болчихдог. Тэгсэн байтал, тэр дотор оруулахаар хүүе хаая гэхийн зуургүй унтаад өгдөг юм. Их сонин. Бидний насанд хүрсэн хүн бол нэг тэниймээр санагдаад лав унтаж чадахгүй ээ. Харин нялх хүүхэд эхийн хэвлийд тийм байрлалтай байсан болохоор дасчихсан, харин ч тайван байдаг бололтой. Хүүхэдтэй эмэгтэйчүүдэд хэрэглэж үзэхийг зөвлөмөөр тустай эд байна.
Өөрийнхөө гарыг өөрийн гэж мэддэггүй байх үедээ (манай хүү одоо яг тийм) савчсан гарнаасаа өөрөө тух алдаж уйлж байгаа энэ амьтад томчууд бидний төсөөлснөөс огт өөр ертөнцөд амьдарч байна аа.