2006/05/28

Ном: К.Мацvшита "Зvрхээ тунгалаг болгохын тулд"

4-5 сард манай компани төсвөө батлах гээд, энэ нь гол нь Vodafone-ийг худалдаж авсан учраас группын төсвийг яаралтай шинэчлэн батлах шаардлагатай болж ёстой үхэхээс наагуур ажиллалаа. Шөнө 4 цагт гэртээ ирж, хоёр цаг унтаад нэг усанд орсон болоод 9-д цагтаа амжихын тулд яаравчлан гарна. Хагас бүтэн сайнгүй гараад сүүлдээ өдөр судар ч мэдэхээ больж биеийн биохэмнэл бүрэн алдагдав. Ганцхан би юмуу гэвэл тийм биш, эргэн тойрныхон ялгаагүй. Тэгээд бодогдож байлаа, Монголд бол өмнөх өдөр нь 2 хон цаг унтсан бол дараагийн өглөө 9 цагт ажлын цагтаа ирнэ гэж ёстой байхгүй дээ гэж. Энэ япон орныг хөөрхий салариманууд ингэж л авч явна даа.
За тэгээд би өөрөө бас юмыг удаан боддог, төрөлхийн тоо тооцооноос илүү утга уянгын цустай төрсөн болохоор тэр юмуу тооцоо хийхдээ янз бүрийн алдаа гаргаж, амархан хийчих юман дээр баахан цаг алдаж, хамт ажиллаж байгаа хүмүүсээ нэлээд залхаах шиг болов. Бараг өдөр болгон л сэтгэлээр унасан даа. Стресснээс болсон уу яасан, баруун хацар улайсч яршаад, шар ногоон юм шүүрч гарч заваарав.
Аймшигтай үе одоо л нэг ард хоцрох янзтай, дараагийн дайн эхлэх хүртэл сүх далайтал үхэр амар гээд сууж байя.

За үг олдлоо. Өнгөрсөн 4-5 сард 7 хоногт нэг ном унших гэдэг төлөвлөгөөгөө биелүүлж чадсангүй. Гэхдээ унаан дотор сиймхий гарган уншсаар 3 номтой барилдлага тогтоов. Товч өгүүлсүгэй.

Мацүшита Кооносүкэ "Зүрхээ тунгалаг болгохын тулд"
松下幸之助『素直な心になるために』, PHP文庫 (1976)
Японы "менежментийн ухааны эцэг" гэгддэг, Американ дрийм гэдэг шиг дайны дараах япончуудын japanese dream болох шахсан бизнесмэн Мацүшита саны бичсэн ном. Ядуу бор гаралтай, бага ангийн боловсролтой энэ хүн японы электрон үйлдвэрлэлийн акул компанийг босгож, дайны дараах японы өндөр хөгжилд асар их хувь нэмэр оруулсан юм. Хүмүүс Мацүшита компанийг National, Panasonic брандаар нь сайн мэднэ. Энэ хүний хэрхэн лидер болох тухай бичсэн олон ном өдгөө японы бизнесмэнүүдийн гарын авлага болж, классикуудын тоонд зүй ёсоор ордог болжээ. Миний уншсан энэ ном харин тийм алдартайд нь ордоггүй байх. Харин би өөрөө юманд илүү байгаагаараа, илүү үнэнч, чин сэтгэлээсээ ханддаг болох гэсэн эрмэлзэлээр санаа өгч юу магад гээд уншлаа. Хүн дутагдалтай байж болно, харин түүнийгээ ядаж засахсан гэж тэмүүлж явбал болоо.
Уншихад сайхан ном байлаа. Магадгүй зарим хүнд бол шинэ сонин мэдээлэлгүй, мэдээжийн юм бичсэн шиг санагдаж бизээ. Гэхдээ миний бодлоор хүмүүс бид харин ч мэдээжийн юмыг биелүүлдэггүй улсууд. Тиймээс хааяа ч гэсэн мэдээжийн юм, үндсэн basic юмыг уншиж өөрийгөө эргэн харж шүүж байгууштай юм. Энэ ном миний хувьд "Би ойрд өөрийгөө хүнд худал харуулаагүй биз? Би ойрд өөрийгөө бодсон өчүүхэн сэтгэлээр юманд хандаад, муугаа нуух гээд байгаа юм биш биз?" гэх мэтээр эргэж дүгнэх сайхан боломж боллоо. Номын дотроос хоёр хэсгийг тасдаж оруулья. Энэ хоёр бол номын түлхүүр үг, Мацүшита саны өөрийнх нь амьдралыг харуулах үг юм шиг санагдаад болдоггүй. Мацүшита сан өөрөө боловсрол багатайгаа, мэдлэг дутмагаа хэзээ ч нуудаггүй, үргэлж өөрийгөө дор тавьж, бусдаас юм сурах, бусдыг хүндэтгэх сэтгэлээр аливаад ханддаг байсан гэгддэг.
素直 гэдэг энэ үгийг монголоор юу гэж орчуулахаа сайн мэддэггүй. Тунгалаг зүрх гээд аваад хаялаа. Утгын хувьд бол "цайлган", "үнэнч", "байгаагаараа ямар нэг жүжиглэлгүй" гэж ойлгож байгаа. Санаа нэмэрлэх хүн байвал комент үлдээнэ бизээ.

・ 素直な心というのは、物事のありのままの姿、本当の姿、実相というものが見える心である(Тунгалаг зүрх сэтгэл гэдэг бол аливаа юмны байгаа үнэн дүр төрх, бодит оршил нүдэнд харагдаж танигдаж ирэх тийм сэтгэл юм)
・ 素直な心というものは、すべてに対して学ぶ心で接し、そこから何らかの教えを得ようとする謙虚さをもった心である(Тунгалаг зүрх гэдэг бол аливаад сурах чин эрмэлзэлээр хандаж, тэндээс ямар нэгэн сургаал санааг олж авах гэсэн жижиг даруу чанартай байхын нэр юм)

Энэ тун үнэн үг гэж бодно. Яагаа ч үгүй хар залуугаараа жаахан юм мэдсэн юм шиг хэт биеэ тоосон, за тэгээд өөрийнхөө сул доройг байгаа чигээр нь хүлээн зөвшөөрдөггүй, хүнд ч өөртөө ч жүжиг тавьж явдаг хүн бол хэзээ ч өөдлөхгүй ээ.

Нөгөө хоёр номыг дараа бичье дээ... Нэг нь Шибусава саны намтар, нөгөө нь Моги проффесорын тархины үйл ажиллагааны тухай ном байгаа.

4 comments:

Dulu said...

Ойрд бодогдож байгаа зvйлтэй тєстэй санагдлаа. Миний аливаад хандах хандлага их хуурамч болоод байгаа гэж єєрийгєє дvгнээд, тэгээд энэ номд дурдсан тэр "тунгалаг сэтгэл" гэсэн зvйл нь миний хувьд бол чин сэтгэл юм болов уу хэмээн єєртєє буулгаж байна. Хийж байгаа зvйлсээ сайн хийх юмсан гэж боддог хэр нь бодол ба vйлдэл маань ялгаатай, тэрvvхэндээ л хурдан хийгээд дуусгах гэсэн яаруу сандруу, хvний нvд хуурсан мэт байгаад байгаа. Юманд сэтгэлээсээ хандаж хийнэ гэдэг нь тэр л зvйлдээ 100% уусан орж байгаатай адил болохоор тунгалаг гэж хэлж болох ч юм шиг.

Эрин М.Тулгат said...

Баярлалаа. Гэхдээ "чин сэтгэл" гэдгийг япон хэлэнд 誠実, 真心 гэх мэт vгнvvд илэрхийлдэг, энд гарч байгаа 素直 гэдэг маань илvv цайлган, цагаан гэдэгт дєхvv гэхдээ яг тийм утгатай юу гэвэл бас vгvй.

Dulu said...

Yгийн орчуулгын талаар яриагvй юм шvv. Би япон хэл мэдэхгvй. Таны бичсэн зvйлээс єєртєє хэрэгтэйгээр л тусгаж бодсон юм.Таньд амжилт хvсье!

Эрин М.Тулгат said...

Аан зєв зєв