2006/03/22

Маргаашийг єнгийж харахуй - Бродбанд бидэнд юу авчрах вэ?




Өнгөрсөн жил хэвлүүлсэн "Бусгаар тогтносон Монгол" номноосоо нэг өгүүллийг сонирхуулья. Интернэтийн ирээдүйн тухай...


~ Broadband бидэнд юу авчрах вэ? ~
(ТЭМДЭГЛЭЛ)

“Юм хийе, амжилтанд хүрье гэсэн хүнд хамгаас чухал гурван зүйл юу вэ?
1. Санаа зориг (Will)
2. Дүр зураг (Vision)
3. Арга стратеги (Strategy)”
Ажил амьдралынхаа гарааг хэрхэн эхлэхээ шийдэж ядан байгаа хэдэн мянган залуусын өмнө зогсоод Софтбанк компанийн ерөнхий захирал Сон Масаёши намуухан дуугаар ийнхүү ярьж эхэллээ. 2004 оны 6 сарын 22, NHK-гийн их танхим.
Софтбанк бол Японд мэдээллийн технологийн хөгжлийг тэргүүлэн авч явж буй компаниудын нэг юм. Тодорхой хэлбэл урьд хэрэглэж байсан ердийн утасны шугамаар холбогддог интернэт холболтоос, мэдээллийг асар хурдтай дамжуулах багтаамж бүхий өргөн судалт*
(broadband) холболт руу шилжих шилжилт, түүнд шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлж байгаа компани. Японд байгаа монголчууд бол ҮahooBB-гийн компани гэвэл андахгүй байх.
Энэхүү өргөн судлын тархалт цахим хөгжлийн 2 дахь үе шатыг авчирч, бидний амьдралын хэв маягийг бүхэлд нь өөрчлөхөөр айсуй. Хамаг харилцаа холбоо, амралт зугаацал, ажил хэрэг тун удахгүй үүгээр дамжиж явагддаг болох гэж байна. Дугуйнаас машин тав дахин хурдтай гэдэг. Дугуйнаас шинкансэн арав дахин хурдтай. Хөдөлгөөний хурд ингэж нэмэгдсэн “моторчлолын” XX зуун хүн төрөлхтөнд бахдмаар хөгжлийг авчирсан билээ. Тэгвэл өргөн судал бол нарийн судлаас (narrow band) даруй мянга дахин хурдтайгаар мэдээлэл дамжуулна. Ямархан өөрчлөлт, хөгжил бидний өмнө ирээд байгааг тааж хэлэхийн аргагүй.
Сон Масаёши “бидний зорьж хийж буй ажил бол нийгмийг бүхэлд нь өөрчлөх ач холбогдолтой зүйл, өөрөөр хэлбэл хувьсгал юм. Тийм хувьсгалыг хийхэд нугарашгүй САНАА ЗОРИГ хэрэгтэй” гээд ийн өгүүлж байна:
“...Аж үйлдвэрийн хувьсгалын эхний шат НҮҮРСЭЭР биелэлээ олсон. Өөрөөр хэлбэл дотоод шаталтын хөдөлгүүр бий болсон явдал. Хоёрдахь шат нь ЦАХИЛГААНААР хэрэгжсэн. Хүний амьдралын өнцөг булан бүрт цахилгаан хэрэглэгдэх болсон билээ. Үнэндээ өнөөгийн дэлхийн улсуудын хөгжил, ДНБ-ий хэмжээ нь тэр оронд хэзээ анх цахилгаан шугам татагдсантай шууд пропорциональ хамааралтай байдаг. Хүн амын тоо ч, газар нутаг, эд баялагийн хэмжээ ч ийм хамааралтай байдаггүй. Япон өнөөдөр дэлхийн хөгжилтэй улс болоод байгаагийн учир нь Мэйжигийн шинэчлэл ба түүний эхэн үеийн нийгмийн зүтгэлтнүүд улс орноо улсын дайтай улс болгоно хэмээн их цанхаа өвөрлөж, тэр зорилгуудаа хэрэгжүүлсэнд оршдог. Тэд шууд л төмөр зам барина гэж зүтгэсэн. Тэд шууд л цахилгаан сүлжээ, аварга каналуудыг барина гэж дайрсан. Тэгээд хэрэгжүүлж чадсан. Тийм гайхамшигтай хөвгүүдийг төрүүлсэн Япон орон бахархалтай, тийм хүмүүсийн удам болж төрсөн бид бахдалтай. "
Япон хүн гэдгээрээ бахархдаг гэх боловч яг цусыг нь хөөвөл Сон Масаёши япон хүн биш аж. Тэрээр Японд цагаачилж ирсэн ядуу солонгос айлуудын нэгэнд мэндэлжээ. Овог нь хүртэл “Сон”. Тийм овог Японд байхгүй. Дээшээ тоолбол 26 дахь өвөг нь Солонгост нүүн суурьшсан хятад хүн байсан гэнэ. Харин нэр “Масаёши” нь япон нэр бөгөөд энэ нь “чигч шударга чанар” гэсэн утгыг илэрхийлнэ. Аав нь энэ нэрийг хайрлахдаа “Өөрт гарз хохиролтой байсан ч, чигч шударгыг барьж яваарай” гэж билэгдэн өгчээ. Учир нь “Сон” овог нь япон дуудлагаар “гарз хохирол” гэж сонсогддог юм. Ямар ч үед, өөрт хохиролтой байсан ч замын голоор, шударга үнэнээс хазайлгүй хээв нэг явах гэдгийг амьдралынхаа зарчим болгож иржээ. Эргээд түүний яриаг сонсоё:
“...Зам бүхэн Ромыг дайрна” гэж үг байдаг. Өөрөөр хэлбэл өөд уруугүй зам барьсан эртний Ром хот тухайн үедээ дэлхийн дээвэр болсон. Харин далайн тээвэр хүчээ авах үед хөлөг онгоц өчнөөнөөр нь үйлдвэрлэсэн Испани, Португал, удаагаар нь Англи дэлхийд ноёрхсон. Цахилгааны зуунд Америк учир зүггүй цахилгаан шугам татаж хөгжсөн. Тэгвэл одоо мэдээллийн эрин. Өргөн судлын шугамаар хязгаар тосгоны айл өрхийг хүртэл үлдээлгүй холбож, тэр дэд бүтцийг хамгийн түрүүнд хөгжүүлсэн орон 21-р зуунд цахиур хагална. Софтбанк энэ үйл хэргийн төлөө явж байна. Өнөөдөр Японы өргөн судал (broadband) дэлхийд хамгийн хямдхан нь болоод байгаа билээ. Газрын үнээр ч тэр, цахилгааны үнээр ч тэр, хурдны замаар ч тэр Япон дэлхийд хамгийн үнэтэй орон байж ирсэн. Тэгвэл өргөн судлаар Япон нэг нойморын хямд орон боллоо! Түүгээр ч зогсохгүй дэлхийн нийт өргөн судлын 50 хувийг Япон эзэлж, интернэт протоколт цэгээр (IP contents) дэлхийд нэг ноймор, интернэт утасны (IP telephone) хэрэглээгээр мөн адил нэг ноймор буюу дэлхийн 50 хувийг эзлээд байна. Энэ дэд бүтцийг бий болгохын тулд бид жил бүр өчнөөн тэрбумын алдагдалтайгаар хөрөнгө оруулалт хийж ирлээ. Япон орон ирээдүйдээ итгэлтэй байж болно, бидэнд тэгж итгэх үндэс бий, тэр үндэс суурь тавигдаж байна...”
Америкт суралцаж байсан үедээ буюу 1974 онд тэрээр шинжлэх ухааны нэгэн сэтгүүл дээрээс микропроцессорын зургийг анх олж хараад зогтусан алмайрсан гэнэ. “Хүн төрөлхтөн ямар мундаг юм бэ! Хүн гэдэг амьтан ямар гайхамшигтай юм бэ!” гэж бодохоос сэтгэл нь хөдлөж, хоолой нь зангираад иржээ. Ирээдүйн мэдээллийн эриний нэг лидер айсуй яваа ертөнцийн анир чимээг мэдэрсэн нь тэр биз ээ. Эдийн засгаар сурч байсан оюутан Сон, тэр үеэс эхлэн мэдээллийн технологи сонирхон судлаж эхэлжээ. Харин үзвэл үзсэн шиг үзэж, судалвал сууж босон судалдаг япон хүний чанараар оролдсоор байгаад амжилтанд хүрч, дэлхийд анхных болох халаасны цахим төхөөрөмжийг зохиож, патентийг нь авсан байна. Энэ бүтээлийнхээ зохиогчийн эрхийг электрон үйлдвэрлэлийн Шарп (Sharp) компанид зарснаар бизнес эрхлэх гарааныхаа мөнгийг олсон гэнэ.
1981 онд Кюшүгийн Фүкүока хотод зөөлөнгис (software) түгээлтийн (distribution) компани байгуулав. Компани байгуулагдсан эхний өглөө, цагаар ажиллуулахаар хөлсөлсөн хоёр ажилтныхаа өмнө алимний хайрцаг давхарлан гарч зогсоод “манай компани таван жилийн дотор 10 тэрбум, арван жилийн дотор 50 тэрбум иен эргэлдүүлдэг болж, хэзээ нэг цагт нэг триллионы эргэлттэй компани болно” гэж ярьжээ. Үүнийг дуулсан хоёр ажилтан нь “энэ солиотой хүн байна” гэж бодсон уу, долоо хоног болсон үгүйтэй компаниас гарчээ.
1996 онд Софтбанк Америкийн Яхүү (Үahoo!) компанид голлох хувьцаа эзэмшигч болж 10 тэрбум иений хөрөнгө оруулалт оруулав. Тухайн үед Яхүү нь Станфорд их сургуулийн оюутнууд болох Дэвид Фило ба Жэрри Янгийн эхлүүлсэн, байгуулагдаад дөнгөж хагас жил болсон, арав хүрэхгүй ажилтантай жижиг компани байлаа. Иенээр тооцоход жилд 100 саяын борлуулалт хийдэг боловч, 200 сая иений алдагдалтай ажиллана. Ийм компанид зориглож хөрөнгө оруулалт хийх хүн тэр үед ховор байсан болов уу. Харин Софтбанк ирээдүйг соргог мэдэрсэн ба түүгээр ч зогсохгүй Яхүүгийн хайлтын систем ирээдүйтэй гэж үзсэн учир Япон дахь салбар болох Яхүү Жапанийг 60%-ийн хөрөнгө оруулалттайгаар байгуулсан байна. Эдгээр хөрөнгө оруулалт нь маргаашийг маш зөв тооцоолж хийсэн алхмууд байлаа. Энэ хэдхэн жилд Яхүү яаж томорлоо доо. Үнэхээр мэдээллийн эринд дараагийн таван жилд юу болохыг, юм яаж өөрчлөгдөхийг тааж хэлэхэд хэцүү. Өргөн судлын ирээдүйн талаар тэр цааш нь ингэж ярьж байна:
“...Нарийн судлын (narrow band) үед интернэт дээрх мэдээллүүд голцуу үнэгүй тавигддаг байсан. Орлогын эх үүсвэр нь вэбхуудсан дээрх сурталчилгаа (banner ad) болдог байсан гэж хэлж болно. Тэгвэл өргөн судал хөгжсөнөөр интернэт дээрх төлбөр тооцоо улам боловсронгуй болж, мэдээлэл өөрийн жинхэнэ үнэ цэнээрээ үнэлэгддэг болно. Хүмүүс интернэт ТВ үзнэ, интернэт утсаар ярина, интернэт дээр бизнес зөвлөгөөнөө явуулна. Ахуй амьдрал тэр чигээрээ цахим талбараас хамааралтай болж ирнэ. Зөвхөн сурталчилгаанаас орлого олдог байх үед интернэт өөрийн жинхэнэ потенциалыг нээж чадахгүй байсан юм. Японы сурталчилгааны бизнес жилд 6 триллион иений зах зээлтэй байдаг. Үүний багаахан хэсэг нь л интернэт сурталчилгаанд зориулагдана. Автомашины үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ гэхэд 17 триллионы зах зээлтэй. Тэгвэл өргөн судлаас бий болох зах зээл 50 триллион давах тооцоотой байгаа. Зах зээлийн энэ томоохон орон зайг мэдэрсэн учраас Софтбанк жил бүр их хэмжээний алдагдал гарган байж, өргөн судлын дэд бүтцийг төвхнүүлж байна. Гадуур гудамжинд харагдах Үahoo! BB-гийн кампанит ажлыг хүмүүс “хаа сайгүй л зогсож байх юм, яасан ч үзэмжгүй юм бэ дээ” гэж муулдаг. Сүүлийн үед хувийн мэдээлэл алдагдсан хэргийн талаар шуугиан гарлаа. Гэхдээ бид үүнээс болж няцахгүй, алдаагаа засч, байнга урагш тэмүүлэх болно. Шүүмжлэл бол түр зуурынх байдаг. Нийгмийг хамарсан томоохон өөрчлөлтийг угаасаа ихэнх хүн хүлээж авдаггүй, заавал эсэргүүцдэг. Залуус минь, бэрхшээлгүй юм гэж байхгүй бөгөөд юм хийе гэсэн хүн заавал хаана мөргөх хэрэгтэй болдог билээ. Даваад гардаг, дахиад л хана мөргөдөг. Харин нэг мэдэхэд мөргөх хана намсаад ирэхийг, хамгийн гол нь чи өөрөө өөрчлөгдөөд ирэхийг мэдрэх болно...”
Өнгөрсөн сард Нихон Телеком компанийг худалдаж авснаар Софтбанкийн нийт хэрэглэгчдийн тоо 10 саяд хүрсэн байна. 10 сая хэрэглэгчид утасны шугам татахын тулд NTT (тэр үед улсын өмчийн компани байсан) 80 жил зарцуулжээ. Тэгвэл Софтбанк компани маш богино хугацаанд буюу 2 жил 2 сарын дотор өргөн судалд холбогдсон 10 сая хэрэглэгчтэй болсон амжилттай. “Мэдээллийн эринд Япон дэндүү ард хоцорч явна, Солонгосын хойно орчихсон явж байна” гэж шуугиж байсан нь өчигдөрхөн. Гэтэл энэ хоёрхон жилд Япон алдсан цагаа нөхөж чадлаа.
Дэлхийн холбооны компаниуд зөвхөн утсан шугамыг, өөрөөр хэлбэл дамжуулах хоолойг (pipe) л хэрэглэгчдэд санал болгож ирсэн. Харин Софтбанк тийм хоолой, дэд бүтцийг нийлүүлээд зогсохгүй, дотуур нь дамжих агуулгыг бэлтгэн нийлүүлэхээр зорьж байгаа гэнэ. Удахгүй Үahoo BB-ийн телевизийн нэвтрүүлгүүд интернэт дээр цацагдах гэж байна. Өргөн судлаар дамжин хөгжим, дуу, амралт чөлөөт цагт зориулсан төрөл бүрийн үйлчилгээнүүд хэрэглэгчдэд хүрч эхлээд байна. Хийх ажил их. Ярианыхаа төгсгөлд цугларсан залууст хандаж тэрээр, хорвоод хүн болж төрчихөөд дан ганц хар аминыхаа төлөө гэж явах нь дэндүү хайран, харамсалтай хэрэг гээд, ямарваа нэгэн ҮЙЛ ХЭРГИЙН ТӨЛӨӨ амьдарч, хүн болж төрсөн их хувь заяаг “ҮНЭ ЦЭНЭТЭЙ” зүйл болгохыг захисан билээ. “Миний хувьд дэлхийн хамгийн ядуу, хамгийн хаягдмал орны жаал охиныг баярлуулах нь амьдралын маань эцсийн зорилго, утга учир юм шиг санагддаг” гэж тэр хэлээд яриагаа дуусгасан юм.
Та бид мэдээллийн технологийн ид гялалзаж яваа нэгэн лидерийн санаа бодол, үйл хэрэгтэй нь танилцлаа. Энэ яриаг зөвхөн цаг нөхцөөх гэж энд бичээгүй нь мэдээж. Бас хэн нэгнийг хоосон магтах гэж үзэглэсэнгүй. Бидэнд сэтгэл зовох нэг л асуудал бий. Тэр бол Монгол орны маань ирээдүй. Мэдээллийн эриний энэхүү гарч ирж буй шинэ боломж, шинэ давалгаанд Монгол орон, монгол түмэн маань од шүүрч чадах уу? Хамгийн гол нь түүнийг гардан хэрэгжүүлэх залуучуудад маань бадамлан ассан ЗҮРХ СЭТГЭЛ байна уу? Хамтдаа тунгаацгаая.

2004 он 7 сар


------------------------
*Broadband-ийг “өргөн зурвас”гэж орчуулах нь элбэг байдаг ч, үнэндээ зурвас гэдэг нь “зураас” гэдэгтэй язгуур нэг, зурмал буюу хэлбэр төдий зүйлийг илэрхийлдэг. Харин судал хэмээх нь “судас” гэдэгтэй язгуур нэг бөгөөд дотроо ямар нэгэн юмыг агуулж, дамжуулах утгыг илүүтэй илэрхийлэх мэт. Түүний дотуур мэдээлэл дамжина гэдэг утгаар ийнхүү нэрлэж байгаа болно.

2006/03/21

Унтраагчид

АСУУЛТ: -Нэг хүүхэд ширээн дээрээс алим нууцаар авах гэж байгаад 2 таваг хагалчихжээ, харин нөгөө хүүхэд нь ширээ арчих гэж байгаад 10 таваг хагалчихжээ. Аль нь муу юм хийсэн бэ?
ТАЙЛБАР: -Насанд хүрсэн хүнд мэдээжийн ойлгомжтой энэ асуулт 4-5 настай балчир хүүхдүүдэд яггүй том этикийн асуудал байдаг байна. Сайн мууг дүгнэх хэмжүүр нь бүрэлдээгүй тэд "10 таваг хагалсан хүүхэд нь муу" гэж хариулна.
Хүүхдийн тухай яриан дээр бол инээж өхөөрдөөд өнгөрөхсөн. Асуудал бүхэл бүтэн улс үндэстний тухай яригдвал томоохон эмгэнэл тэр билээ. Хүмүүсийн дийлэнх нь юмны үнэ цэнийг, мөн чанарыг ялгаж чадахаа байсан нийгэм.
Засгийн газрын ордон руу өндөг улаан лооль шидлээ, пөөх паах яасан бүдүүлэг танхай нөхөд вэ гэцгээж байсан. ЭНТИХ-ийн тухай ярьж байна. Зорьж буй үйлсийнх нь утга учир хамаагүй. Амиараа дэнчин тавиад аалзны тор шиг хэлхэлдсэн архагчуудтай тэмцэж байгаа зориг зүрх нь үнэлгээгүй. Бүдүүлэг хүн олон болохоор бүдүүлэг гэдэг үгэнд алергитай. Үнэндээ идэж ууж байгаа нөхдийн ичгүүртэй үйлдлийн хажууд бол зүйрлэх юм биш. Төв замыг хаалаа, жагсах мөрөөрөө жагсахгүй замын хөдөлгөөнийг хааж яарч тэвдсэн олон хүнийг хохироолоо гэнэ. Авилгачид, хүнд сурталтнууд нийгмийн хөгжлийг хааж, нэг бүхэл улс ардад чирэгдэл учруулж байгаад дургүйцлээ илэрхийлж 2 цаг зам хаасан юм. Буу бариад мөргөлдөөн үүсгээгүй, ардчилсан нийгэмд байдаг цэвэрхэн аргаар бухимдлаа илэрхийлэн тэмцэж байна. Зөвхөн гаднах үзэмжийг биш, мөн чанарыг, утга учрыг нь харж дүгнэхгүй бол дээр хэлсэн 4 настай хүүхдийн "10 таваг хагалсан нь муухай" гэдгээс өөрцгүй юм болно.
Аль нь зөв, аль нь буруу, аль нь үнэн, аль нь худал болохыг мэдэхээ байгаад, нийгэмд байгаа саарал бусар зүйлүүдэд харсаар байгаад дасч, түүнээс гаръя, энэ нэг л биш гэж эрүүлээр сэтгэж чадахаа байв. Аль ч улс орон хаа нэгэн газраа эмгэг өвчинтэй байдаг нь үнэн. Гэмт хэрэг, авилга гэх мэт зүйл хөгжингүй орнуудад ч бий. Харин тэнд гарч ирсэн өвчнийг тоншиж хаях тоншуулын механизм яггүй найдвартай ажиллаж байна. Шударга бус үйлдлүүд хариугаа авч, цэвэрлэгдэж байна. Харин Монголд? Өөрийгөө эрүүлжүүлье гэх дархлалын систем нь хэр ажиллаж байна вэ? Дархлалгүй бол тэгээд муудан муудсаар үхлээ хүлээхээс өөр аргагүй.
Дархлалын систем бүр ажилладаггүй юу гэвэл үгүй, амьтай голтой ажиллах гэж ядан байна. Энэ чинь нэг л бишээ гээд бодож сэтгэж, бухимдах хүн цөөнгүй. Эх орноо гэж санаа зориг өвөрлөсөн залуус ч бий. Мэдээж алдаа оноотой. Гол нь түүн дээр нь тал талаас нь засч санаа өгөх, хамтдаа зөв чиглэл рүү нь оруулья гэх нь зүй юм. Зорьсон зүг нь зөв бол арга нь болхи байлаа ч түүн дээр нь санаа өгч, хүчээ нэмье гэвэл хамтдаа урагш ахина. Гэтэл тэгэхгүй. У
нтраах, холоос шүүмжлэх нөхдүүд үгүй мөн олон шүү. "За тийм тэнэг юм ярихаа боль" гэж их л намбатай айлдана. Хөдөлгөөн нь удаан, үг нь няхуур, гэдэс гүзээ суучихсан. Бусдын хийж байгаа зүйлийг зөвхөн хажуугаас шүүмжилнэ. Өөрөө бол “гараа бохиртуулах” дургүй. Гараас нь юу ч гарахгүй. Юу ч гаргахгүй, тийм болохоор шүүмжлүүлэх юм ч байхгүй. Дөнгөж асч ядан байгаа галыг тэд унтраана. Шинэ санааг үгүйсгэнэ. Хүнийг гутаана. Шүүмжилж бол болно оо, гэтэл зүгээр л унтраана. "Наадах чинь бүтэхгүй ээ", "чи ер нь балай юмуу хайшаа юм..." Ердөө унтраагчид. Үхлээ хүлээж буй нийгэмд хүн чулуунууд олширно, хүйтэн салхи үлээнэ.
(Дээхэн амонг сүлжээнд бичиж байсан мэйлнээсээ сэргээн энд тавив)

2006/03/05

Баабар ба монгол vнэлгээ

Баабарыг нэг залуу "хаанаас хуулж орчуулсныг нь бүгдий нь дэлгээд хаявал таарна, өөрийн санаа гэж ер нь байна уу" гэж дайрч байна. Баабарын талаар ингэж ярьж бичигчид олон байдаг тул гайхаад байх юм байхгүй. Харин миний гайхлыг төрүүлдэг зүйл бол олон хүний дотор гүн бат суусан энэ сонирхолтой сэтгэлгээ юм.
Нэрнийхээ урд Чингисийн академич, их профессор, мэргэн доктор энэ тэр гэсэн урт чимэгтэй эрдэмтний нэг номноос барьж аваад уншлаа. Иш татсан нь хэдхэн орос ном, ерөнхийдөө цээжний бангаар аваад хаяжээ. Огт сонсогдоогүй онол, ухагдахууныг нойлоос нь эхлээд өөрөө зохиочихсон, эсвэл дэлхийн хаана ч нэвтрэлцэхгүй зөвхөн монголчууд дотроо тийм гээд бодчихон зүйлийг онолдоод тонгочоод унах. Аливаа бүтээл гэдэг "түрүү бүтээл" буюу бичиж буй тухайн хүнээс өмнөх эрдэмтэн мэргэдийн судалгаа, ном бүтээлээс иш татаж, хэтрүүлээд хэлэхэд 99% бусдын бүтээж ирсэн дээр тулгуурлаж, түүн дээр өөрийн гэсэн 1%-ийг нэмэх замаар явагддаг. Адам Смит ч юмуу, Амартья Сэн гэсэн шинжлэх ухаанд парадайм шилжилт (paradigm shift) авчирсан суут сэтгэгчдийн тухайд бол өөр хэрэг. Гэтэл манай нөхдүүд ер ном уншихгүй, баахан бясалгаж бясалгаж байгаад хаа хамаагүй авч өгнө шүү дээ. Худалч хүнд 1% ном уншвал их юм, 99% зохиож орхино. Жаахан юм уншаад, арай баримттай бичье гэсэн Баабар нарыг "хуулагч" гээд л буулгаж өгнө. Ном уншдаггүй хүмүүсийн ярьж бичиж байгаа юманд шинэлэг зүйл байдаггүй. Захын Баагий, Долоон буудлын Долгор эмгэний хэлж ярьж байхаар зүйлийг дахин дахин сонсоно гэдэг цаг заванд дэндүү хайран.

Уул нь Баабарын тухай ярих гэсэн юм биш. Монголчуудын дунд элбэг байдаг өвөрмөц сэтгэлгээг тайлбарлахад энэ хүнийг тойрсон жишээ илүү ойр байгаа юм. Аргагүй сайн ч, муу ч манай оюуны амьдралыг авч яваа нөлөө бүхий opinion leader болохоор тэр байх. Миний хувьд түүний баримталдаг нео-классик маягийн үзэл санаанд бол эсрэг байдаг. Энэ бол үнэлэмж (value), үзэл бодлын ялгаа. Харин сэтгэгчийнх нь хувьд бол хүлээн зөвшөөрдөг. Гэтэл манай олон залуус түүний үзэл бодол, байр сууринд шүүмжлэл, үнэлэлт өгөхөөс илүү өндөр нам, гарал үүсэл гээд хадуураад явчих юм. Шүүмжлэл биш, зүгээр л доромжлол.

Хөөрхий Баабарын чих хангинаж байгаа болов уу, хангинасаар байгаад дөжирсөн ч байж мэдэх. Юутай ч дахиад л Баабараар жишээ авья. Түүний тухай нэг хүний амнаас "ТВ-ээр ярьж байхдаа хүнсний зах дээр махны үнэ ямар байгааг мэдэхгүй байсан. Тийм байж, эдийн засаг энэ тэр гэж солиороод" гэж бут авч байна өө. Эдийн засагч гэхээр зах дээр байгаа мах шөл, арьс шир, гууль төмөрний үнийг цээжлээд явж байх ёстой гэсэн үг үү энэ чинь. Компьютер биш хүн шүү дээ. Тэгж цээжлэх, мэдээлэл хадгалахыг нь компьютер хийдэг юм байгаа биз. Хэрэгтэй үед товчлуур дараад, эсвэл нэг биржийн мэдээг лавлаж хараад л мэдээд авчихна шүү дээ. Логикоор сэтгэнэ, үнэлэлт өгнө, зөв бурууг тогтооно гэдэг бол амар ажил биш, үүнийг чадаж байвал өөр дэл сул юм хэрэггүй.

Дээрхтэй адил жишээгээр, америкт байдаг монголчуудын дунд алдартай Ш.Баатарыг нэг хүн "англиар муу л ярьдаг юм билээ, юугаараа тэгж мандаад байдаг байна аа" гэхийг нь сонссон. Магадгүй хэлэндээ тэр залуугаас муу байсан байж болно. Хэлэндээ жаахан л муу бол ухаантны эгнээнээс хасагдана гэсэн үг үү? Тэр шүүмжилж буй залуу Баатараас хэлэндээ тав дахин сайн байг ээ. Гэхдээ Баатар шиг олон ажил амжуулж, монголчууддаа нөлөөлж, ихийг бүтээж чадах билүү? Үгүй л болов уу. Хэлэндээ сайн гээд сайндаа л нэг орчуулагч болно биз.

Угаасаа гадаад хэлний чадвар гэдэг тухайн хүний мэргэжил сонирхлоос шалтгаалаад балансгүй тогтдог эд. Эдийн засгаар сурдаг монгол оюутан мэргэжлийнхээ талаар япон хүнээс илүү японоор ярьж, ойлгож байхад, "хурууны үү", "хүүхдийн өлгий" гэх мэт үгийг мэдэхгүй байж болно. Ажил хэргийн яриа, эсвэл нийгэм эдийн засгийн сэдвээр унших бичих тал дээр нэг их зүдрээд байхгүй ч, ердийн япон залуусын уншиж байгааг манга уншихдаа итгэлгүй хүн байж болно. Хүн юунд цаг заваа ихээр зориулсан түүнийхээ талаар л илүү хэлний баялагтай болох нь яах ч аргагүй зүйл. Тэр нийгэмд төрж өсч, бусадтай адил цэцэрлэг яслиас эхлээд явсан бол өөр хэрэг.
Хүнийг зөв таньж, зөв үнэлнэ гэдэг амаргүй эд л дээ.