2008/07/09
Батзандан
2008/07/07
Сонгуулийн дараах vймээний талаар
Худлаа үнэн нь мэдэгдэхгүй янз бүрийн яриа бол хангалттай сонсогдож байна. Магнай, Батзандан нар залуусыг турхирсан л гэнэ, эсвэл МАХН жүжиг тавьсан л гэнэ, хэсэг бүлэг хүн архи тарааж байсан л гэнэ, бүр байчаад Хятадын явуулга л гэнэ. Хол байгаа би байтугай ойрхон эх орондоо байгаа хүмүүст ч алинд нь итгэвэл зохилтойв, тааж хэлэхэд бэрх болоод байгаа бизээ.
Гэхдээ л энэ дундаас хэд хэдэн зүйлийг хэлж чадах болов уу. Факт биш юмаа гэхэд мөн чанараар нь.
Сонгуульд яах аргагүй элдэв булхай гарсан бололтой. Би интернэт видеогоор МАХН-ын нэр дэвшигч Чойжилсүрэн улайм цайм мөнгө тарааж байгааг үзэж, хоёр нүдэндээ гайхсан. Гэхдээ хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчээр дан ганц МАХН ч юмуу АН булхайтай биш байхаа. Аль ч намд боломж гарвал булхай хийхээс буцахгүй улсууд байж таарна. Нэг намынхан нь цугласан цагаан тагтаа, нөгөө намынхан нь сүрэг хар хэрээ байв гэж. Дотор нь сайтай муутай нөгөө л хэдэн монголчууд бид нар байгаагаас хойш. Харин булхай нь тодорхой байгаа нэг хоёр тойрог дээр дахин сонгууль явуулбал нийгэмд, ялангуяа залуу хойч үеийнхэнд эерэг мэссэж өгч, жаахан ч атугай эрүүл саруул уур амьсгалыг бий болгоход чухал нөлөөтэй юм. 20 дөнгөж шүргэж яваа залуус уур омог, зэрлэг авирт баригдаж эвдэн сүйтгэж байгаа нь та бидний байгуулж ирсэн увайгүй нийгэмд гомдсон гомдол бухимдлын илрэл гэж хэлж болно.
Ийнхүү хуралдсан нийгмийн бухимдал сонгуулийн луйвар гэдэг зүйлийг шалтаг болгож сад тавьжээ.
Нийгмийн бухимдал эзнээ хайдаг. Жүжигт эсрэг талын дүр хэрэгтэй. Хамаг зовлонгийн үр таригчийг олж тогтоогоод, олны өмнө дүүжлээд авъя гэх маягийн. Гэхдээ энэ бол хэтэрхий гэнэн бодол бөгөөд, тэглээ гээд үр дүнд юу ч олж долоохгүй. Ядуу байсан бол ядуу чигээрээ л үлдэнэ. Жагсагчдын дунд сөрөг хүчин эргэлзээтэй шалтгаанаар ялагдсанд эгдүүцэж, үнэн мөнийг эрэлхийлж очсон хүмүүс ч байгаа, дээр дурдсан нийгмийн бухимдал гэдэг ерөнхий шалтгаанаас болж бухимдлаа гаргаж ядан очсон, өөрөөр хэлбэл бухимдлынхаа үзүүрийг МАХН-д чиглүүлсэн хүмүүс ч байж. Одоо түүх соёлын дурсгал эвдэж сүйдсэн, гарз хохирол учирсан зэрэг нь өөрөө бухимдал болоод явчихсан, түүнд О.Магнай нарыг, эсвэл Ц.Элбэгдоржийг хараан зүхэж хатгуурын үзүүрийг тийш чиглүүлэх хүмүүс ч байна. Зарим нь ерөөсөө ерөнхийлөгч Н.Энхбаярын хар нүглээс боллоо гэх жишээтэй. Тэгвэл яагаад өөр нэг бурхан бумба нь биш, нөгөө л муу хэлэгддэг муухай царайтай хэд маань биднийгээ оройлоод явж байгаа юм бэ? Энэ бол сайн ч муу ч, манай Монголын байгаа байдал, та бид ард түмний чанарын дундаж түвшин тийм болохоор юм. Толинд хараад өөрийнхөө батгатай нүүрийг дэмий үзэн ядах бус, харин яаж эмчилж засах талаар бодож эхлэх нь эрүүл бөгөөд бүтээлч сэтгэлгээ. Бухимдлын үүсгүүр нь олон бөгөөд нарийн хүчин зүйлээс бүрдэж байхад түүнийг ганц хоёрхон юманд, эсвэл хүнд тохоод, түүнийг занаж зүхээд өнгөрөх нь хялбар бөгөөд ойлгомжтой байдаг байх. Харамсалтай нь ингэснээр нэг удаа бухимдлаа тайлж чадах боловч уг шалтгааныг тайлж үл чадах учир дахиад л давтагдана, тамын тогооноос хэзээ ч гарч чадахгүй.
Тиймээ, тамын тогооноос гарах тухайд бид ярих хэрэгтэй юм.
Жишээ нь энэ удаад юу байв? Хэд хэдэн сэдвээр ярьж болох боловч, энэ удаад хүчний байгууллагын ажиллагааны талаар онцолж хөндмөөр санагдлаа.
Жагсаал сүүлдээ сүйтгэл тонуул болж хувирсан нь анх зохион байгуулсан хүмүүс хариуцлагагүй хандсантай холбоотой байж болох боловч, үнэхээр түмэн хүн жолоодлого алдаж улангассан үед хэд гуравхан хүн тогтооход бэрх гэдэг нь төсөөлж ядах юмгүй. Түүн дээр нь чоно борооноор гэгчээр хулгайч тонуулчид, устган сүйтгэгчид нэмэгдээд тэр гэхийн тэмдэггүй болж. Ийм үед л хүчний байгууллага хэргээ гаргах ёстой. Энэ удаад тэгж чадаагүй бол манай цагдаагийн байгууллага болзошгүй үед хэв журам сахиулах ур чадвартаа цаашид анхаарах ёстой гэсэн дүгнэлт хийж, ажиллах нь зүй. Хэв журам сахиулахаа чаддаггүй, хэрцгийлж дарамтлахыг чаддаг, тэр хоёрыг хольж хутгадаг бол тийм цагдаа бидэнд хэрэггүй.
(Цагдаагийн байгууллага өөрсдөө зориуд ийм үймээнийг зохиоход оролцсон гэдэг яриа ч бас байгаа, гэхдээ түүнд итгэх үү байх уу гэж эргэлзэхийг энд азная)
Онц байдал зарлах талаар ч энэ удаад туршлагагүйтсэн болов уу. Хэдхэн цагийн өмнө иргэд улангасч байсан бол онц байдал зарласны дараа цагдаа нар улангасч, онц байдал нэрийн дор хотоор нэг баривчилгаа хийж, иргэдийг зодож нүдэж, хэлмэгдүүлсэн. Зугтаж яваа иргэнийг араас нь буудаж амь насыг нь хохироосон гэгдэж байгаа, хэрэв энэ үнэн болох нь тогтоогдвол туйлын жигшүүрт үйлдэл. Ихэнх цагдаа ажил үүргээ номын дагуу гүйцэтгэсэн байх, гэхдээ бас цөөнгүй хэдийн цөс нь хөөрч, ажил үүргийн хэм хэмжээг умартсан байна. Үүнд цаашид анхаарах, цагдаагийн ажилтны ёс журмын хэм хэмжээ, онцгой үед биеэ авч явах нормативийг тогтоох, эс биелүүлэгчдэд хариуцлага тооцож байх шаардлагатай нь харагдаж байна. Ялангуяа энэ удаагийн хэргээр иргэдийн амь нас, эрүүл мэндэд халдсан гэмт этгээдүүдийг олж тогтоож хуулийн дагуу арга хэмжээ авах, цааш цаашид хатуу сургамж болгох шаардлагатай.
Цаашилбал албадан саатуулах газарт иргэдийг хэрцгийлэн зодож, галуун цуваагаар явуулах зэргээр шийтгэж, гарыг нь ард нь бариулж толгойг нь хөлөн тушаа тонгойлгож олон цагаар тамласнаар ухаан алдах хүн ч гарсан байна. Хөхүүл хүүхэдтэй эмэгтэй, жирэмсэн эмэгтэй ч тэдний дунд байсан гээд хүний ой тойнд багтахааргүй зүйлүүдийг иргэдийн ярианаас үзлээ. Монгол хүн монгол хүндээ ийм харгис ханддаг болсон юм гэж үү? Гэмгүй явж байгаад тэнд саатуулагдсан, зодуулж гэмтсэн, сэтгэл санааны хохирол хүлээсэн иргэдийн хохирлыг хэн төлөх вэ? Гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байгаа нөхцөлд зодож тамлах (уул нь бол гэмт хэрэгтэн байсан ч хүний ёсоор харьцах ёстой) нь хаана зөвшөөрөгдсөн хууль вэ? Монголын ёс уу?
Энэ удаагийн үймээн бол “ардчилал” гэдэг хүн төрөлхтний томоохон ололтыг гутаасан, сэв суулгасан үйл явдал байлаа. Үүнээс болж жагсаал цуглаан гэдэг юманд бурууг өгч болохгүй. Асуудал ардчилалдаа байгаа юм биш, ардчилалыг зөв ажиллуулж чадахгүй байгаадаа байна. Жагсах, цуглах, эвлэлдэн нийлэх эрх чөлөө бол ардчилалын үнэт зүйлүүд. Түүнийг эрх баригчид ч бай, хэн нь ч бай, та би, өөрөө монгол хүн бөгөөд эх орныхоо ирээдүйд санаа тавьдаг л хүн бол зүй зохистой явуулах, дахиж буруу тийш хазгайрахгүй байхын тулд анхаарах, гэхдээ хамгийн гол нь хадгалж хамгаалж явах нь зүй.
2008/06/08
Өлгий
Япончууд хүүхдийг өлгийддөггүй. Халуун зунаа байг гэхэд өвөл ч өлгийдөхгүй шүү. Бидний монголчууд яагаад өлгийддөг болчихсон юм бол оо? Бас өөр ямар үндэстэн өлгийддөг бол? Лав ховор байх.
Миний бодлоор хүйтэн жаварт хүүхдээ цохиулахгүй гэдэг л том шалтгаан байсан болов уу. Сайн баглаж боохгүй бол нялх хүүхэд хэд савчаад л тавьсан даавуу хөнжлийг зайлуулчихна. Угаасаа хөдлөх зуур сэвэлзээд дааруулчихна. Жимбийтэл нь боовол хүйтэнд алзахгүй.
Гээд байж байтал бас нэг юм мэдэж авлаа.
Саяхан интернэтээр нэг "ороовч" (?) авлаа. Эхчүүд биеэрээ ороосон даавуунд хүүхдээ оруулж, гэр орны ажил хийх, нааш цааш явахад гараа чөлөөтэй байлгадаг тийм өлгийрхүү юм байдаг юм байна. Зургийг нь тавив. Давчуу гэж жигтэйхэн. Нуруу нь бөхийж, хөл гар нь хавчигдаад, өрөвдөлтэй бөөрөнхий юм болчихдог. Тэгсэн байтал, тэр дотор оруулахаар хүүе хаая гэхийн зуургүй унтаад өгдөг юм. Их сонин. Бидний насанд хүрсэн хүн бол нэг тэниймээр санагдаад лав унтаж чадахгүй ээ. Харин нялх хүүхэд эхийн хэвлийд тийм байрлалтай байсан болохоор дасчихсан, харин ч тайван байдаг бололтой. Хүүхэдтэй эмэгтэйчүүдэд хэрэглэж үзэхийг зөвлөмөөр тустай эд байна.
Өөрийнхөө гарыг өөрийн гэж мэддэггүй байх үедээ (манай хүү одоо яг тийм) савчсан гарнаасаа өөрөө тух алдаж уйлж байгаа энэ амьтад томчууд бидний төсөөлснөөс огт өөр ертөнцөд амьдарч байна аа.
2007/12/09
Бизнес дэх бөмбөг
Япончууд ажил дээр “бөмбөг” гэж үгийг их хэрэглэнэ. “Ажил хэн дээр очоод гацчихав?, хаана сул зогсолт үүсэв?” гэхийг “хэн бөмбөг тэврээд байна аа?” гэх жишээтэй. Бөмбөгөөр жишээлэх нь тун оновчтой юм шиг байгаа юм. Бөмбөгөөр наадаж тоглох үед бөмбөг нэг тоглогчоос нөгөө рүү гэж, завсар зайгүй ойн үсчиж байдаг даа. Үүнтэй адил бүх ажил тухай тухайн мөчдөө хэн нэгэн эзэнтэй байна.
Тэгтэл хааяа хэний ч хариуцлагад хамаарахгүй ажил бас байж байдаг. Тэр бол хүмүүс бие биедээ найдчихсан, бөмбөг бүгдийн дунд ойчоод дэмий хэвтэж байх үе юм. Ийм байдал гаргахгүй байж, ажлын процессыг байнга шалгаж байх нь лидер хүний нэг чухал үүрэг роль болно. Момент болгонд хариуцах эзэнг тодорхой болговол бие биедээ сул найдах, цаг алдах явдал гарахгүй бөгөөд ажил хурдтай, тасралтгүй явагдана. “Би өчигдөр бүгд рүү нь бөмбөг шидчихсэн байгаа” гэдэг ч юмуу, “Энэ асуудлаар өчигдөр захирал дээр орж байдлыг танилцуулсан, захиралд атгуулсан болохоор хүлээгээд байж байя”, “цаадах чинь мэйлийн хариуг их удаадаг болохоор хүмүүс ч өөрлүү нь бөмбөг буцаахдаа хойрго болчихсон юм” гэх мэт яриаг япон компаниас сонсч болно.
Телевиз, сонин, за тэгээд ном
(2007/01/27-д бичсэн)
Миний ажиллаж байгаа газарт нэг гайхалтай толгойтой залуу байдаг л даа. Өчигдөр хальт таараад хэдэн үг сольтол ярьж байна. “Саяхнаас гэртээ сонин захиалж үзсэн чинь бас ч гэж сонирхолтой юмаа” гээд хаа нэг бөглүү тайгаас соёлт ертөнцөд орж ирсэн хүн шиг бүр үнэн сэтгэлээсээ надад “сонин” гэдэг юмыг сонин болгоод ярих нь тэр. “Банаана чинь хальсыг нь аваад идэхээр ёстой амттай юм билээ”… гэдэг шиг л.
Их сургуульд байхад нэг багшийн тухай телевиз огт үздэггүйн дээр сонин ч шагайдаггүй гэж сонсоод гайхаж байж билээ. Эдийн засгийн ухааны профессор хүн өдөр тутмын сонин уншихгүй байж яаж оюутнуудад лекц уншиж, судалгаа хийдэг болж байна аа, гэтэл хариулт нь, өдөр өдрийн мэдээллийг эхнэрээсээ цай уунгаа сонсдог, тэгээд л болоо гэх.
Нэг бодлын зөв ч юм шиг байгаа юм. Ер нь цаг үеийн мэдээ гэдэг уншаад байвал эцэс төгсгөлгүй. Ядаж байхад нэг юм болонгуут бүх мэдээллийн хэрэгслүүд яг адилхан сэдвээр залхтал бөмбөгдчихнө. Гурав дөрвөн жилийн өмнө лав Афганистаны дайн гээд л Япон даяар үерлэсэн. Ертөнцийн тэр нэг мухрын хэдэн хотын нэр, газар усны нэрийг Япон даяар цээжилсэн гэхэд хилсдэхгүй. Дараа нь Иракийн дайн гээд л. Нэг гэмт хэрэг гардаг, бас л хамаг сонин шуугидаг. Охиноо егүүтгсэн эх юм л гэнэ, тэдэн настай л гэнэ, тийм нэртэй, тэгж тэгж явсан л гэнэ. Удахгүй мартана, эргээд бодоход ямар ч хүртээлгүй. Харин сэтгүүл бол арай дээр. Анализ хийх, болж буй үйл явдлууд, үзэгдлүүдийн талаар арай илүүтэй задлан шинжилж, нэгтгэсэн тайлбар хийх талдаа. За тэгээд ном. Ном бол шинж чанарын хувьд өөр юм. Мэдээж муу ном ч байдаг, сайн сонины нийтлэл ч бий. Гэхдээ дунджаар аваад үзэхэд ном бол үлдэц сайтай, системтэй бодол, ухаан өгөхдөө илүү. Ялангуяа дөнгөж өсч хөгжиж байгаа өсвөр насны хүүхдүүдийн боловсрол дээр тэдний үнэт цагийг ТВ, сонины эрээвэр хураавар, оочин цоочин мэдээлэлд биш, цэгцтэй мэдлэг, гүнзгий бодол ухаан хайрлах номонд зориулах нь зүйтэй санагдана.
Амартья Сэн - Нобелийн шагналтан
Амартья Сэн бол 1998 онд Эдийн засгийн салбарт Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэн юм. Түүний үзэл онол зөвхөн академик ертөнцөд шагшигдаад зогсохгүй олон улсын байгууллагууд, улс орнуудын бодлого хөтөлбөрт нөлөөлж, амьдралд хэрэгжиж байдгаараа нэн далайцтай. Жишээ нь НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрөөс (UNDP)-аас жил бүр гаргах болсон “Хүний хөгжлийн тайлан” (Human Development Report) болон Хүний хөгжлийн индекс бий болоход Сэний нөлөө, оролцоо их байсан гэдэг. 20-р зуун гарсаар эдийн засгийн ухаан улам нарийсч, бие даасан тусдаа шинжлэх ухаан болон хөгжиж, муугаар хэлбэл төдий чинээ явцуурч ирсэн бол, Сэний бүтээлүүд эдийн засгийн онол, чадварлаг математик гаргалгаагаар тогтохгүй философи, улс төр, социологи гэх мэт нийгмийн бусад салбарыг өргөн хамардаг. 2 comments:
Кёкvшюзанд зориулав
(Хуучин блогспот дээр 2006/12/06-нд бичсэн)Миний сумогийн талаарх мэдлэг нимгэн. Огт сонирхдоггүй биш л дээ, хэдэн жилийн өмнө бол тухалж байгаад үздэг байсан, харин сүүлийн үед огт үзэхээ байж. Угаасаа телевиз үзэх зав ер олдохоо байсан. Монголд байгаа хүмүүстэй сумо яривал лав миний япон хэл дутна.
Тэгсэн хэрнээ Кёкүшюзаны тухай гурван үг холбох санаатай. Бас л сайн мэдэхгүй, уулзаж нэг үг сольсон удаагүй. Японд ирээд удаагүй байхдаа нэг танилыгаа “Сумогийн барилдаан дээр очъё, чадвал Кёкүшюзантай зургаа авахуулъя” гэж хэлэхэд нь алдартай хүнтэй зураг авахуулах гэж чаргууцалдаж явах утгагүй санагддаг болохоор “за би болих уу даа, тэр Батбаяр гэдэг хүнтэй авахуулсан зургаар юу хийх юм” гэж тоглоом шоглоомын хооронд хэлээд өнгөрч байсан санаанд орж байна. Одоо бол өөрийн хүндэлдэг хүн гэдэг утгаар дуртайяа авахуулна.
Анхны монгол сумоч болохынхоо хувьд үүрэг, миссионоо тун сайн биелүүлсэнд нь заавал ингэж талархлын үг холбоё гэж бодсон юм. Энэ хүн “Мэхний их дэлгүүр” гэгдэн алдаршиж япончуудын анхаарлыг татсанаар ар араасаа олон залуусын ирэх замыг зассан. Хорвоо дээр юм анхнаасаа гэнэт хамгийн төгс төгөлдөр хэлбэрээ олно гэж байдаггүй шиг, Монголоос очсон анхны хүн шууд ёкозүна болно гэж байхгүй. Заавал эхний хүмүүс нь дэр болж байж дараа дараагийн үе улам хүчийг авч, түүх урагшаа даялдаг. Кёкүшюзан, Кёкүтэнхо нар байсны хүчинд Асашёорюү, Хакүхо нар гарч ирсэн. Анхны хүмүүс ямар байх, ямар өв соёлыг (ямар нэг орчинд байгаа хүмүүс тухайн орчиндоо нэгэн хэв маяг, уур амьсгалыг бий болгодогийг өв соёл хэмээлээ) дараагийнхандаа үлдээх гэдэг тун их учир холбогдолтой зүйл. Кёкүтэнхог бусдадаа тусч гэж сонсч байсан. Кёкүшюзан бол халуун эх оронч санагддаг. Эхний хүмүүс ийм байх нь дараа дараагийнхандаа эерэг сайн нөлөөтэй, нүдэнд илт харагдахгүй ч тийм уламжлал, уур амьсгал тогтох булаг шанд болдог билээ.
Ялангуяа Васэда их сургуульд оюутнаар элсэн орсон үед нь би дотроо ихэд сайшаан дэмжиж байсан юм (ер нь тэр үеэс л илүүтэй үнэлдэг болсон). Төдий чинээ нэр алдарт хүрсэн, тэгээд спортын, спорт спортдоо сумогийн хүн гэнэт сургуульд орно гэхээр янз бүрээр хэлэх хүн гарч л байсан. Мэдээж хүн гайхуулахаар цоортол сурж, гийгүүлээгүй байх. Гэхдээ эрдэм ном гэж тэмүүлж яваа хүн байр байдлаасаа эхлээд өөр. Сайн муу ч хийж яваа зүйл, бодож тэмүүлж байгаа нь дээшээгээ чиглэсэн, зөв чиг баримжаатай байх шиг санагддаг. Монголд явуулж байгаа байгаль экологийн үйл ажиллагааныхаа тухай Японы телевизээр ярьж байхыг нь үзэж байсан. Ухаантай юм ярьж, уран цэцнээр байлдан дагуулаагүй. Бага зэрэг бүдүүн баараг юм шиг хэрнээ зөв баримжаатай, хамгийн гол нь сэтгэл нь наашаагаа байгаа нь мэдрэгдсэн.
Нэг харьцуулалт. Асашёорюү, Кёкүшюзан хоёрын хэн нь илүү “эх орны хүү” вэ? Бодож үзлээ. Монголынхоо нэрийг Японд төдийгүй дэлхийд гаргасан Аса аваргын гавьяа үнэхээр том юмаа. Түүнд нь бахархаж, талархаад баршгүй. Гэхдээ Кант маягийн логикоор бодвол, өөрөөр хэлбэл үр дүнгээр нь биш, зорилго сэтгэлээр нь хэмжвэл хариулт өөр гарч мэднэ. Аваргын суудалд хүрэхийг эрмэлзсэн хувь хүний өөрийн сонирхол, тэмцэл нь эцсийн дүндээ улс орны хувьд ч таатай болж таарах нэг тохиолдол, хэдийгээр үр дүн нь эхний хүнийг гүйцэхгүй байсан ч гэсэн тухайн үйл хэргийг гэсэн сэтгэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирэх нөгөө тохиолдол. Энэ хоёр тохиолдлыг яаж харьцуулах вэ гэж Кантаас асуувал лав хоёрдах тохиолдолыг нь гэх байх. Нэлээд муйхар харьцуулалт л даа. Үнэндээ бол аль аль нь хайрлаж хүндлүүштэй хүмүүс.
8 comments:
- khuder said...
-
Тантай санал нэг байна. Кёкүшүзан! Оцукарэ сама дэшита.
- 12/06/2006 9:53 AM
- Хишгээ said...
-
алтан хараацай Кёкүшүзаны гаргасан жимаар аварга, арслангууд төрсөн билээ. Баярлалаа танд. Ер нь анхны юм гэдэг дандаа хэцүү байдаг. Хэрвээ Кёкүшүзан маань ирээгүй байсан бол ээдээ бид нар өдийд аваргүй л сууж байх байсан байхдаа
- 12/06/2006 8:05 PM
- Galaarid said...
-
Монголчууд юмны эхлэл ямар бол төгсгөл тийм, санаа нь ямар байна заяа нь тийм гэхчлэн сургадаг, булган сүүлний тухай их ярьдаг нь үндсэндээ зөв амьдрахуйн томъёоллууд байдаг. Кёкүшүзан энэ томъёололд яв цав нийцэхээр амьдарч чадаж байгаа хүн шиг бодогддог. Их сайхан бичлэг байна. Баярлалаа.
- 12/08/2006 1:14 PM
- Buyantsogtoo said...
-
Тогигийн энэ бичлэгийг уншаад би ч бас Шюү-гийн талаар хэдэн үг хэлмээр санагдаад блог дээрээ нэг бичлэг тавьлаа.
- 12/10/2006 8:19 PM
- sod said...
-
kyokushuzanii talaar yaponii soninguudaar evgui zuiluud bichigdsen bsan.ter ni l unen bigii bgaasai bilee.ug ni ih l buyntai hun yumsan...
- 12/15/2006 2:45 AM
- А.Ганбаатар said...
-
Сайн уу Тоги. Анд нь шилдэг блоггэр шалгаруулаад, хүмүүс их идэвхтэй сайхан оролцлоо. Хүмүүс өөрийг чинь хамгийн шилдгээр шалгаруулсан шүү. Баяр хүргье.
- 12/16/2006 9:52 PM
- Ширчингийн Баатар said...
-
Batbayar sain zaluu shuu. Yostoi mongolchuudyn heldgeer bulgan suultei, buyan daguulsan zaluu hun dee. Namaig Yapond baihad ene zaluu dongoj ireed ner ni garaad shuugiulj ehelj bailaa. Mongolchuud ter uyed tsoon baijee. Nadad haayaa bilet yavuuldag baiv. Bi ochood uulzaad, sumogiinh ni hoolnoos ni ideed, eldeviig huuren yariltsdag baiv. Sergelen tsovoo, hogjoontei, ih guilgee uhaantai, huntei evteihen hartisdag tsogtoi zaluu baij bilee. Bi ter dur zugaar ni odoogoor sanaj, dursaj, dotroo ih bayarlaj yavdag yum. Chinii bichsen dursamj uneheer saihan sanagdlaa. Ih bayarlalaa. Ulam saihan yum bichij baigaarai.
- 12/17/2006 10:53 AM
- Эрин М.Тулгат said...
-
Ta buhend ih bayarlalaa.
Ganbaatart,
Neeree Top10-t shargarsan tuhai bayarlalaa geed neg bichleg bichne ee. - 1/04/2007 4:48 AM
Силикон валлигийн спирит
"Вэб хувьслын тухай" [1] нь бэстсэллэр болсон Үмэда Мочиогийн өөр нэг ном "Силикон валлигийн спирит"-ийг [2] уншлаа. Сүүлийн үед ходий болоод байгаа Mr.B-тэй уулзах үед цүнхнээсээ гаргаж ирээд танилцуулж байсан юм. Мистер Би энэ номыг "Вэб хувьслын тухай"-гаас ч илүү гэж үнэлж байсан, үнэхээр тэгж хэлж болох талтай. Эхний ном ирэх маргаашийн тухай, энэ удаагийнх нь бол өнөөдрийг хүртэлх богино түүх, мөн байдлын тухай гэж хэлж болно.
Бэй эриа, Сан-Франциско орчимд орших, хөдөөгийн жижигхэн хот "Силикон валли" (гэхдээ яг ийм нэртэй хот бол байхгүй). Нарийн технологи, аитигийн нэг түм орчим компанид хэдэн зуун мянган аити (IT) инженерүүд, менежерүүд, хөрөнгө оруулагчид амьдарч, дээрээс нь хятад, энэтхэг зэрэг гадаадын шилдэг толгойтой залуус ч хүн амыг нь нэмэгдүүлэн хөгжлийн хөдөлгөх хүчийг зузаатгах.
Компьютер, програмчлалын ажилд үнэн голоосоо дуртай, дуртай ажилдаа өдөр шөнөгүй бүх өөрийгөө зориулж амьдардаг nerd-үүд, geek-үүд, тэднийг санхүүгийн талаас нь дэмжих хөрөнгө оруулалтын фандууд, эйнжэлүүд (angels), мөн тэр бүхнийг холбож бизнесийг хөтлөн явуулах шилдэг бизнес удирдагчид, менежерүүд. Ийм хүмүүсийн бөөгнөрөл нь эдийн засгийн шинэ механизм буюу New economy-г бий болгожээ. Уламжлалт зээл, хөрөнгө оруулалтын тогтолцоогоос ялгаатай нь бизнес эхлүүлэх гэж байгаа хүн өөрийн тодорхой өмчийг барьцаанд тавих ч юмуу, эрсдлийг бүрэн өөрөө хүлээх шаардлагагүй . Фандууд жишээ нь 20 залуу вэнчэр компанид хөрөнгө оруулах бөгөөд, тэдний дундаас 2-3 нь л амжилтад хүрч, IPO (хувьцаа задлах) хийж эсвэл томоохон компанид худалдагдсан байхад бусад нь амжилт олохгүй байлаа ч зарлагаа нөхөх боломжтой. Юу ч болоогүй нялх компанид ажиллах инженерүүд, менежерүүд зөвхөн маргаашт итгэн зарим нь дундуурхан цалинтай, зарим нь ч цалингүй, компанийнхаа хувьцааг сток опшион (stock option) хэлбэрээр авч үхэн хатан ажиллацгаана. Хэзээ нэгэн цагт амжилт олж хувьцаа нь бирж дээр хэдэн тэрбумаар үнэлэгдэх эсвэл аль нэг их гарын компанид худалдагдан нэг шөнийн дотор тэрбумтан болохыг найдна. Идей, хүчирхэг шинэ технологи жинхэнэ утгаараа үнэлэгдэж, шууд амьдралд нэвтрэх эдийн засгийн систем ийнхүү Силикон валлиг хөдөлгөж байна.
Анх 1938 онд Станфорд их сургуулийн нэгэн профессор өөрийн хоёр оюутан Хьюлэтт, Паккард хоёрт судалгааны шинэ санаагаа бизнес болгохыг зөвлөж, хөрөнгө оруулагч олж өгөн, өөрөө ч тодорхой хувийн хөрөнгө оруулалт хийсэн нь Силикон Валлигийн эхлэл болсон байна. Хьюлэтт Паккардын төв компани одоо ч Станфорд их сургуулийн дэргэд байдаг гэнэ. Их сургууль, эрдэм шинжилгээний газрыг түшиглэсэн нь Силикон валлигийн хөгжих суурь болсон нь эргэлзээгүй.
Эйплийг үүсгэн байгуулагч, Стийв Жобс (Steve Jobs) 2005 онд Станфорд их сургуулийн төгсөлтийн баяр дээр уригдан хэлсэн үгэндээ "Агуу ихийг хийх цорын ганц зам бол хийж байгаа юмандаа дурлах явдал (The only way to do great work is to love what you do)" гээд "Улам улам эрэлхийлэгтүн, бүү суурьш" (Keep looking, and don't settle) гэж хэлсэн тухай энэ номд гарч байна. 70-аад оны Интэл, 80-аад оны Эйпл (Apple), Сан Майкросистемс, Оракл, 90-ээд оны Сиско Системс, Яхүү, И-бэй, тэгээд 2000-аад оны Гүүгл гэсэн Силикон валлигийн үр бүтээлүүд ямар охь үзэл, спирит дундаас бий болов? Номын хуудас бүр нь үүнд зориулагджээ.
9 comments:
- Buyantsogtoo said...
-
Үнэндээ бид ч гэсэн иймэрхүү эдийн засгийн тогтолцоог бий болгох хэрэгтэй юм даа. Дэлхий дээр асар их мөнгө яахаа мэдэхгүй зүгээр л хэвтэж байна гээд байгаа биз дээ. Бид ч гэсэн тиймэрхүү бүтэц, тогтолцоог бий болгох гээд үзвэл болмоор санагдаад байгаам даа. Сүүлийн үед бүр ч ... Хятадын Далиан хот гэхэд нэг тод жишээ юм. Ер нь Далианыг нэг удаа үзчихмээр юм билээ. Сүүлийн үед Вьетнам шинээр гарч ирж байна. Дараа нь Монгол гарч ирнэ дээ гсн.
- 12/03/2006 7:56 PM
- М.Огоо said...
-
Silicon Valley gedgiig Tsahiur Urtuu gej orchuulbal yaj bna? Ta iimerhuu shine ner tomyog onooj ogohdoo sain sh dee :)
- 12/04/2006 2:13 PM
- khuder said...
-
Сонирхолтой зүйл бичсэнд баярлалаа
- 12/05/2006 5:04 PM
- Togi said...
-
Ogoo-d,
Orchuulbal "Tsahiur hondii" boloh bolov uu. Gehdee gazar usnyi geh met onooson neriig orchuulahgui baisan ni deer baih tohioldol ni olon. Ulaanbaatar hotyig CNN medeegeer "Red Hero city" gehgui shig. - 12/07/2006 7:40 AM
- Buyantsogtoo said...
-
Ogoo chuham yaagaad Silicon Valley-g orchuulah gej uzev? Bidnii medehgui uur utga bdag yum bish biz dee? (Gazriin ner bish, uur utga gesen ug)
- 12/11/2006 4:05 PM
- zalituneg said...
-
Mongold tsahiur ortoo gedeg nereer yum ehluuleh gej uzvel ch yadaj ner ni ch boltugai eeltei baih yum bolov uu. hehe. Buyantsogt ahaa. Delhii deer asar ih mongo yahaa medehgui hevtej baidag gej haanaas duulaa ve? Bi bas medii l daa. aan. Minii harsan uzsen, havitsan oirtson buh l yum mongonii gachaalal dund l baih shig baih yum.
- 12/16/2006 9:32 PM
- М.Огоо said...
-
Silicon valley gedeg chini minii oilgosnoor Silk valley gedeg shig garch irsen ym bolov uu. Ug ni gazriin ner gehdee Enethegt lav sonin hevlel deer technologiin tov gedeg utgaar bichigdeed baidag ym. Tegeed l mongol hund oilgomjtoi baidlaar ehnees ni mongoloor nersheed zanshchihval gej bodson ym. Ug ni Valley geheer hundii gej buuh baih. gehdee yamar neg tuv suurin gedeg utgaar ni hundii gej nerlemeergui sanagdaad. Za medehgui baahan bursan bol uuchlaarai :)
- 12/17/2006 7:26 PM
- Buyantsogtoo said...
-
Зальтүнэгт: би ч гэсэн тийм яриаг сонсоод итгэдэггүй л байлаа. Олон хүн ярьж, бичиж байгаа тул үнэн болтой гэж бодох болсон юм. Бас мөнгөтэй хүнтэй нь уулзаж яриаг нь сонсох боломж бас таарч байв. Гэхдээ миний явсан газар, уулзсан хүн, уншсан номын тоо гавьтай биш тул буруу ч байж болох. Та бүхний явсан газар олон, уулзах хүний хүрээлэл ч өргөн тул та нарын мэдээлэл илүү үнэн байхоо. Буруу юм бурсан бол уучлал гуйя. Монголд хамаагүй бүлтэрдэг улсууд их болохоор тэдний өвчин халдаж байж ч магадгүй.
Гэхдээ миний хэлээд байгаа зүгээр хэвтэж байгаа мөнгө бол зүгээр хэн нэгэнд май гээд өгчих мөнгө биш юм шиг байгаа юм. Тэр мөнгийг хөдөлгөхөд нэлээн том прожект босгох хэрэгтэй болтой юм билээ. Өөрөөр хэлбэл тэр мөнгө өөрөө урсаад ороод ирэх михнизмийг нь бий болгох гэсэн үг болтой. Жишээ нь Хятад мэт нь яаж тэр мөнгийг авахаа үнэн сайн мэдсэн байна. Тэр мөнгийг хөдөлгөхөд заавал Хятад шиг том байх, мөн далайтай хиллэдэг байх албагүй гэж миний авсан мэдээлэл дотор дүгнээд байгаа юм л даа.
Огоод: Силикон Ваалид олон жил ажиллаж амьдарч байгаа Ширчингийн Баатар сан Цахиуран Хөндий гэсэн маягаар хэлж байна лээ шүү. Тэгээд бодохлоор орчуулаад хэрэглэе гэдэг чиний санаа зөв болтой. Надад бол Хооливүүд шиг л сонсогдоод байдаг болохоор орчуулах шаардлагагүй гэж боддог байв. - 12/18/2006 1:54 PM
- crank said...
-
slee1.Silicon Valey
2.Banglore
3.Dailan ch biluu /buruu bichsen bj magdguishuu /
ehleed edgeer 3 beleehen model deer saitar sudalgaa hiigeed daraa in bidnii oorsnii Mongol iihoo ontslogt tohirson baidlaar in Solution hiivel zov ym bnoluu gej bodloo. - 3/23/2007 12:43 AM
Кантыг уншаад
Сайн үйл, муу үйл хоёрыг яаж ялгах вэ? Энэ асуултанд, "бүх хүн түүнийг адилхан үйлдвэл байдал ямар болох вэ?" гэдгээр хэмж гэж Кант хариулжээ. Саяхан Иммануэл Кантын "Principles of Metaphysic of Morals" (道徳形而上学原論) номыг чадан ядан уншлаа. "Миний өөртөө зөв гэж бодсон зарчим хэрэв хорвоогийн түгээмэл зарчим болвол ямар байдал үүсэх вэ?" (2-р бүлэг) гэдгээр тухайн үзэл зарчим ёс суртахууны үнэ цэнэтэй эсэхийг дүгнэх аргачлал юм.
3 comments:
- А.Ганбаатар said...
-
Welcome back Togi, блог ертөнцөд их олон хүн жуулчилдаг болоод байгаа нь миний муу майжгий блогийн тоолуур чамгүй эргэлдээд байгаагаас мэдрэгдээд л байна. Яг одоо л хүмүүсийн сонирхолыг татсан чанартай бичлэгүүд чинь их олон хүнд сайнаар нөлөөлөх байх. Блогоо тасралтгүй шинэчлээрэй гэж хүсье.
Кантын хувьд монгол хэл дээр ном материал байдаг юм болов уу. Унших хорхой хөдөлчихлөө. Ийм номыг эх хэл дээрээ эхлээд уншихгүй бол би арай л english-ээр нь барахгүй байх - 11/27/2006 5:07 PM
- А.Ганбаатар said...
-
Nuguu mungutei buguud avgaidaa hairtai hun abdag l ed dee gedeg shig Philospy-iin chglel sonirhodog ulsuudad sonin l directory olloo
http://www.ivzhao.com/plato/ - 11/28/2006 2:39 PM
- Togi said...
-
Ganbaatar aa, bayarlalaa. Blogoo tasraltgui shinechleed yavna aa. Sanaa zovoltgui. Medeej zavgui uye taarval heseg zuur shinechlegdehgui uye garch magad. Elseltiin shalgalt geh met (he he).
Kantyin mongol orchuulga gej yostoi sonsoogui yum baina. Bas uneheer baidag bol orchuulga ni yamar baidag bol doo, gedeg ih sonin. Bi lav ene muu jijighen blog taniltsuulgyig bichih gej hedhen ugiin orchuulga deer yostoi ugee helsen. Bas sonirholtoi URL taniltsuulsand bayarlalaa. - 12/04/2006 12:32 PM
Мэдээжийн гэвч мартаастай
Христийн шашинд сүмийн цугларалт гэж байдгийг бид мэднэ. Үүнийг "гайхамшигтай семинар”! гэж хэлнэ. Долоо хоног бүр Ням гаригт ч юмуу цуглаж, тэнд Библи судраас уншиж, өөрийнхөө зан байдлыг эргэн шүүж, ирэх маргаашийг зөв сэтгэлтэй өнгөрөөе гэж өөрийгөө зоригжуулна. Гол нь ганцаараа биш бусадтайгаа хамт. Тиймээс семинар гэж хэлж байна. Христиан хүн амьдралдаа Библийг хэд уншдагийг мэдэхгүй. Лав л уншаагүй долооног гэж байдаггүй болов уу. Тэгэхдээ “мэгмэд зээвий дэрчин жанрайсаг...” гэдэг шиг хуурай дуржигнуулахгүй. Бодож тунгаангаа уншина.
Өөрийгөө хөгжүүлье! (ЭМОС клуб) номын тухай уншсан хүнээс “уншаад нэг хэсэгтээ маш их эрч хүч авсан шүү, харин тэгж байгаад нэг мэдэхэд хуучиндаа буцчихсан байсан” гэдэг яриа хэдэн ч удаа сонсч билээ. Энэ юуг хэлээд байна гэхээр, хүн гэдэг амьтан өөрийнхөө сэтгэлийг байнга засч, зоригжуулахыг хичээж байхгүй бол аяндаа хэврэгшдэгийг хэлж байна. “Ширээний ном” гэж ярьдаг, энэ бол дээр хэлсэн Библи шиг байнга дэргэдээ байлгаж, энд тэндээс нь харж, мөлжиж байх ном юм. Галыг унтраачихгүйн тулд байнга мөчир нэмж байх хэрэгтэйн адил сэтгэл дэх галыг унтраахгүйн тулд номоор байнга тэжээх хэрэгтэй болдог.
Өнгөрсөн долоо хоногт алдарт бизнесмэн Мацүшита Кооносүкэгийн “Зам нээх нь” [1] гэдэг номыг уншлаа. Нэг их шинэ юм харагдсангүй, ихэнх нь мэдээжийн зүйлүүд. Гэхдээ л өөрийгөө олон талаар шүүн тунгаах боломж болсон гэдэг утгаар уншсандаа сэтгэл хангалуун үлдсэн. Хүмүүс бид явж явж хамгийн сайн мэддэг, мэдээжийн зүйлүүдээ л мартчихсан байдаг. Тэгсэн мөртөө нэг гайхалтай аргыг олж аваад л “тэнгэрийн умдагаас атгах” юм шиг найдна. Үнэндээ бол хорвоо дээр бидний сайн мэддэг тэр л үндсэн зарчмууд, түүнийг биелүүлэх тэсвэр, уйгагүй чанараас өөр дөт зам байхгүй.
Мацүшита сан бичиж байна. “Хүн толинд харж үзэмжээ засдаг. Толь бол шударга, байгаа чигт нь л харуулж орхино. Миний зангиа тэгшхэн байна гэж яаж ч муйхарлалаа ч толинд харуулбал бүх зүйл тодорхой. Гаднах байдлыг ийнхүү шалгах боломжтой ч хүний доторх зүрх сэтгэлийн гажааг толинд харах боломжгүй. Тиймээс өөрийн бодол санаа, авир үйлдлийн сайн мууг зөв таних хэцүү” гэж. Гоё хэлсэн байгаа биз?
Өөрийнхөө зүрх сэтгэлийг тольдох арга юу вэ? Хүмүүстэй ярих, бусдын үлгэр жишээгээр өөрийгөө дүгнэх арга байж болно. Харин хамгийн түгээмэл, найдвартай арга ном унших явдал болов уу. Өөрийгөө өдөрт арав хорь тольддог хүн ч бий. Тэгтэл өдөрт ядаж унтахын өмнө гучхан минут зүрх сэтгэлээ чагнаж, өөрийгөө шүүн тольдож яагаад болохгүй гэж? За өдөр бүр байг гэхэд 7 хоногт нэг удаа. Яг л дээр хэлсэн Христ шашны “семинар” шиг. Тэгээд өөрийн гэсэн хэдэн Библитэй бол ч...
---------------
[1] 松下幸之助『道をひらく』PHP研究所
Локал сайтны тухай санал
Өдий болтол цөөхөн монголчууд ХАЯГЖСАНГҮЙ. Хөдөөний ардыг болъё, орчин үеийн гэх Улаанбаатар хотод шуудангийн үйлчилгээ үндсэндээ алга. Цахим технологи, онлайн худалдаа, и-коммерсоор дэлхийн хөгжлөөс хоцрохгүй байя гэвэл бараа солилцоог хангах үйлчилгээ, систем гарцаагүй хэрэгтэй. Энд хаягжилт гэдэгт мэйл хаяг ч юмуу Гүүгл аккаунтын тухай яриагүй байна л даа. Зүгээр л шуудангийн хаяг, гудамж байрны хаягийн тухай ярьж байна. 13-р зуунд дэлхийд анхны буухиа өртөөг байгуулсан Өгөөдэй хааны үр сад ийм царайтай 21-р зууныг угтлаа. Энэ бол манай төр ямар арчаагүй ноль заасан байдалтай байгааг харуулах нэг тод жишээ мөн.
Уул нь би төрийг шүүмжлэх гэж биш, өөрийгөө шүүмжлэх гэж бичиж эхэлсэн ухаантай юм. Юу гэвэл, төр засгийг шүүмжилж байгаа залуус бид өөрсдөө тэр байр сууринд очвол үнэхээр юм хийж чадах уу? Гадаад дотоодод боловсрол эзэмшсэн, элдвээр чамирхсан тэр л залуус үнэхээр уулыг нурааж усыг эргүүлэх чадалтай юу? Миний эргэлзээг төрүүлдэг наад захын жишээ бол өнөөдрийг хүртэл Японд монголчуудын локал коммюнити, боловсронгуй мэдээллийн сайт байхгүй байгаа явдал юм. Локал коммюнити, төр улс хоёр нэг харахад хамаагүй мэт боловч, мөн чанарын хувьд адил гэж хэлж болно.
Сүүлийн үед нэг зүйл их бодогдох болоод байгаа юм. Дахиад хэдэн жил Японд байх хугацаандаа дээр дурдсан коммюнити сайтыг бүтээчих юмсан гэж. Зүгээр л нэг сайт хийх бол ядах юмгүй байх, гол нь байнгын ажиллагааг хангах бааз суурийг нь тавих гэдэг асуудал юм. "Тийм юм үнэхээр хэрэгтэй гэжүү? Бүгдээрээ яаж ийгээд л болоод байгаа шүү дээ" гэж арай асуухгүй биз дээ. Потенциал хэрэгцээ, нүдэнд тэр болгон харагдахгүй нуугдмал ач холбогдол их бий.
Дараа vеийнхээ оюутнуудад
Та бүхний үзэж байгаа энэ вэбсайт анх 2002 оны 2 сарын 17-нд үүд хаалгаа нээсэн юм. Япон дахь монголчуудын маань дунд мэдээлэл солилцох байнгын ажиллагаатай хоомпэйж байхгүй байгаад сэтгэл эмзэглэсэндээ анх С.Энхбаяр, Н.Цэцэгханд нартай хамтран эхлүүлж билээ. Өөрийнхөө мэдэж байсан хэдэн мэдээллийг эмхтгэн оруулж, бас “among” мэйлийн листэд хүмүүсийн бичиж ирүүлдэг зөвлөмжүүдийг нэг нэгээр нь оруулж тавиад байлаа. Хүмүүс мэйлээ латин үсгээр бичдэг болохоор нэг бүрчлэн кирилл рүү хөрвүүлж оруулна. Энэ мэтээр урагшлуулах явцад үүнд өөрийнхөө 300 гаран цагийг зарцуулсан байх юм. Хүмүүст хүргэж байгаа мэдээллийнхээ үнэ цэнийг, өөрийн зарцуулсан цагтайгаа хамт зах зээлийн ханшаар тооцвол хэдий хир юм болох бол? Гэвч хүний сэтгэл санаанд мөнгөөр хэмжигдэхгүй үнэт зүйл бас байдаг даа. Найз нар маань "чи өөрөө таашаал авч байгаа болохоор хийж байгаа байлгүй" гэж хэлдэг юм. Тэдний үг ортой байж болох ч, яг үнэндээ би хэн нэгэн Цээгий, Баагий нарт хэрэгтэй мэдээлэл өгч тусалснаар таашаал ханамж аваад байх хүн бишээ. Нэг хоёр хүн баярлаад өнгөрөх биш, нийт дундад маань харилцан тусалдаг тогтолцоо, уламжлал бий болох нь чухал. Үүнийг хэн нэг нь эхлүүлэх л ёстой гэж бодсон. Энэ бол ердөө нэг “зугаагаа гаргах, таашаал авахын” төлөөх хир хэмжээг давсан ажил байсан гэж бодож байна.
Японд сурч ажиллаж байгаа залуучууд нэгдэж ажиллаж, хоорондоо дотно харилцаа үүсгэж, бүтээлч хүмүүс болж төлөвшвөл хэр баргийн хөрөнгө оруулалт, зудны тусламжаас дутахгүй эх оронд маань хэрэгтэй үйлс болно гэж би боддог. Нүдэнд харагдах хэдэн цаасны өгөө аваанаас нүдэнд харагдахгүй ч гэсэн хүний оюун ухаан, сэтгэл санаа руу чиглэсэн үйл ажиллагаа, мэдээллийн нийлүүлэлт хавьгүй тустай. Дээхэн нэг залуу “Урам” уулзалтын зохион байгуулагч нарт хандаж “та нар энд хэнхэглэж худлаа ярьж суухаар монголдоо буцаж оч, очоод юм хий” гэж мэйлээр агсагнаж байсныг санаж байна. Энд оюутнууд яах гэж ирсэн билээ? Сурах гэж. Сурах гэдэг чинь ганцаараа ном шагайгаад суухыг хэлэхгүй, хоорондоо ярьж маргаж байж сурсан эрдэм задардаг. Бас ирээдүйд ажил дээр гарч, нийгэм дотор биеэ авч явах дасгал болно гэсэн утгаараа иймэрхүү уулзалт маш хэрэгтэй гэдэг дээр та бүхэн санал нийлэх байхаа. Ер нь өөрөө юу ч хийдэггүй хирнээ хийж байгаа хүнийг шүүмжлэх дуртай мэргэн цэцэн хүнд би үнэхээр дургүй. Тийм хүн цөөхөн ч гэсэн, сэтгэлээрээ дэмжиж яваа бусад хүмүүс нь сайн дуугарч, урам хайрлаж байхгүй бол дандаа шүүмжилж дайрч довтолсон үгнүүд сонсогдоод байх нь байна шүү. Энэ сайтийг хийх хугацаанд ч ялгаагүй. “Дизайнаа сайжруулаачээ, яасан уйтгартай юм бэ, бүр гоё болгоочээ” гээд л, ерөөсөө ганц хуруугаа хөдөлгөж тус нэмэр болоогүй байж нэхэж шаардаад байх хүнтэй олон таарлаа. Шүүмжлэл хэрэгтэй байлгүй яахав, гэвч зөвхөн шүүмжлэхээс гадна, засч сайжруулах талаар санаа оноо, бас ажилд нэмэр болох бодитой туслалцаа түүнийг нь дагалдаж байвал сайнсан.
Би анх 2-р курсэд байхдаа сургуулийнхаа Гадаад оюутны зөвлөлийн ажилд оролцдог болж, тэндээсээ сургуулиа төлөөлж Бүх Японы Гадаад Оюутны Нэтвөөк гэдэг байгууллагад ажилладаг болсон. Ингэж явах үедээ маш олон сайн хүмүүстэй учирч, ихийг сурч, бас аминдаа энд тэнд “Монгол” гэдэг нэрээ гаргаж явлаа. Ер нь би бүх оюутнууддаа хандаж идэвхтэйгээр сурч амьдраачээ гэж уриалмаар байгаа юм. Одооных шиг ихэнх нь идэвхгүй байвал, ганц хоёрхон хүн энэ бүгдийг нөхөх гэж хэрээс хэтэрсэн чармайлт гаргахаас аргагүй байдал үргэлжлэх болно. Азийнхан, тэр дундаа монголчууд их даруухан, өөрийгөө голж "за тэр лагууд нь л хийнэ биз" гэж хойш суудаг. Ингэж хүн бүр өөрийгөө голж, юмны ардуур орвол эцэстээ хэн ч хөдлөхгүй ба биелж бүтэх сайхан боломжууд хэзээ ч эргэн ирэхгүйгээр биднийг орхин одох болно. Өөрийгөө голж огт болохгүй, тэр юм хийгээд байгаа хүмүүс гэдэг нь ч гэсэн яг адилхан жирийн оюутнууд байгаа юм шүү дээ. Би өөрөө гэхэд компьютерийн талаар олигтой мэдлэггүй, энэ вэбсайтийг мэргэжлийн хүнд хэлэхэд ичмээр ердөө Word дээр хийж ирсэн.
Хуучин социализмын үед хүчээр нийгэмчилж, хүчээр нэгтгэж байсан учраас өнөөдөр “олон нийтийн ажил”, “хамтрах хорших” гэдийн талаар өрөөсгөл ойлголт, нэг үгээр хэлбэл алергитай болжээ бид. “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” гэх мэт лоозонг хоосон цээжилдэг байснаас биш, үнэхээр өөрт болоод бүгдэд хэрэгтэй учраас нийтийн үйлсэд оролцох хэрэгтэй гэдгийг ухамсарлаад оролцож байсан нь ховор. Ардчилал гэж зөвхөн чөлөөт сонгууль, олонхийн шийдвэрийг хэлдэггүй. Хүн бүр асуудалд оролцох, тийнхүү оролцох хэрэгтэйгээ ухамсарлах, оролцохыг эрмэлзэх нь ардчилалын үндэс. Америкийг аваад үзье л дээ, анх энэ шинэ тив дээр учир замбараагүй баахан хүн хүрч ирсэн ч, хүмүүсийн ухамсарт оролцоог нэгтгэн зөв зохион байгуулалтыг бий болгож, зөв иргэншлийг бүрдүүлснээр л ирээдүйн хүчирхэг гүрний суурийг тавьсaн.
Монголчуудаас идэвх шаардагдаж байгаа бас нэг шалтгаан бол Монгол орныг маань гадныхан төдийлөн мэдэхгүй байгаа явдал гэж хэлж болно. Монголыг Хятадаар бодох, тэр ч бүү хэл улс үндэстнийг маань арай ч дээ, “монголизм” гэдэг сэтгэцийн өвчнөөр (албан ёсны нэр нь “Down’s syndrom”) төсөөлөх хүн байна. Монгол гэдэг энэ жижиг буурай орон өөрийгөө зөвөөр таниулж, дэлхийн хамтын нийгэмлэгийн жинтэй гишүүн болохын тулд цөөхөн хэдэн иргэд нь байдаг чадлаараа “тийчилж” ана мана үзэлцэхээс өөр аргагүй. Ирээдүйд бүс нутгийн болоод дэлхийн хэмжээний асуудалд оролцож, тэнд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд одоо бид хоорондоо хөл гараа нийлүүлж сурах, бусад гадаадын оюутнуудтай хамтран ажил явуулж сурах (тэр дотор санаачлагч нь, уриалагч нь байвал бүр сайн) хэрэгтэй байгаа юм.
Өвөр монголчуудын энд тэнд юм зохиож байхыг нь хараа биз дээ? Та бидэн дотор монгол гэдэг нэрээ харамлан, “Хятадаар шаагилдчихаад монгол соёл энэ тэр гэж сурталчлаад байдаг” гэж бухимдах хүн цөөнгүй байдаг байх. Гэтэл бид өөрсдөө юу хийсэн билээ? Айхтар сүрхий монгол орноо сурталчилж чадаа билүү? Тэд ямар зохион байгуулалттай, хүн бүр ямар идэвхтэйгээр ажилд оролцож байна? Бидний жишээ гэхлээр нэг арга хэмжээ болдог, ажил хийлцэх хүн байхгүй хир нь идэж уучихаад ядаж хогоо цэвэрлэхгүй хаячаад явна. Ингээд л хэдхэн хүн хамаг хог шороогий нь албатай юм шиг цэвэрлэж цаг хүчээрээ хохирно. Ийм байдалд олон дахин ажил зохиогдож чадахгүй болох нь мэдээж. Аягүй бол нэг уулзалтан дээр хоёр согтуу зодолдож хэрэг үүсгэнэ. Гэхдээ харин захиж хэлэхэд, монголчууд ийм шүү дээ гээд нийлж уулзахаа больчихов доо. Бид одоо ийм байж болно, гэвч энэ бүхнээ засч өөрчлөх ёстой, засрах ч болно.
Холбоо, бүлэг, клуб гээд ярихаар л дээр үеийн олон нийтийн байгууллагыг төсөөлөөд байх хүн бидний дунд цөөнгүй. Ажилд ер оролцохгүй хаа хамаагүй явж байснаа, “эрх ашгаа хамгаалуулах” болмогц гэнэт санана. Жишээ нь Японд суралцагч Монгол Оюутны Холбооны (ЯМОХ) тухайд манай зарим оюутнууд “Бүх оюутнуудад хүрч ажиллахгүй байна” гэдэг ч юмуу, “МИАТ-тай хямд билетийн гэрээ байгуулах зэргээр оюутнуудын эрх ашгийг хамгаалсан үйл ажиллагаа явуулахгүй байна” гэх зэргээр шүүмжлэх нь бий. Холбоо гэхээр тэнгэрээс томилогдсон хүмүүс хэн нэгний төлөө ажиллахаар ирээд байж байдаг хэрэг бишээ. Тэгж ярьж байгаа бол өөрөө голд нь орж, тэр шаардаад байгаа ажлаа зохиогоод явах хэрэгтэй. Хүн өөрөө л өөрийнхөө төлөө явна, харин ганцаараа дийлэхгүй зүйлээ бусадтайгаа нийлж байж давна. Ер нь Оюутны Холбоо гэж байр савтай айхтар эд байдаггүй, ердөө “Урам” уулзалт, “Хаврын баяр”, энэ вэбсайт гэх мэт энд тэнд юм хийж байгаа оюутнууд хоорондоо и-мэйлээр харьцаж нэг төрлийн нэтвөөк үүсгэсэн тийм л бүтэцтэй.
Шинээр ирж байгаа оюутнуудыг хараад би дажгүй залуус ирж байна даа гэж үнэлдэг. Эдийн засгийн үзүүлэлтүүдээс илүүтэйгээр, ийм золбоолог залуус надад эх орныхоо ирээдүйд итгэх итгэлийг өгдөг. Бид хамтарч юм хийдэг, холбоо харилцаатай байдаг, голд нь юм хийж байгаа хүмүүсээ бусад нь дэмждэг тийм зохион байгуулалтыг бүрдүүлж чадвал асар их боломж өмнө маань нээгдэх ба, ахуй амьдралынхаа нөхцөл байдлыг дээшлүүлэхээс авахуулаад өөрсдийгөө хөгжүүлэх, найз нөхөд болох, монгол орондоо хэрэгтэй юм хийх гээд янз бүрийн мөрөөдлөө биелүүлж чадна.
Цаг хугацаа гэдэг харьцангуй ойлголт учир хүний амьдралыг нэг өдрөөр зүйрлэж болно. Та бид нэгхэн өдөр амьдрахаар хорвоо дээр иржээ. Энэ нэгхэн өдөр, бүр тэгэхдээ энэ нэг өдрийн нар зулай дээр төөнөж жавхаа нээсэн хамгийн алтан хором – залуу насыг “орондоо унтаад өнгөрөөх” нь юутай хайран, юутай харалган хэрэг болох билээ.
Оюутнууд аа, дахин дахин хэлье, идэвхтэй амьдрагтун!
2003 он 5 сар
2006/10/30
Зvvнийх vv, барууных уу, аль эсвэл
За тэгээд ганц тестээс болоод хүнийг стереотиптэй хараад унав даа гэж...

-----------------------
The political description that fits you best is...
CENTRIST
CENTRISTS espouse a "middle ground" regarding government control of the economy and personal behavior. Depending on the issue, they sometimes favor government intervention and sometimes support individual freedom of choice.
Centrists pride themselves on keeping an open mind, tend to oppose "political extremes," and emphasize what they describe as "practical" solutions to problems.
2006/10/29
Гэрэл, харанхуй
Гэхдээ одоогийн байдалд сэтгэл ханахад бас дэндүү эртэднэ. Дээрээсээ дунд, доод шатанд хүртлээ ужгирсан нийгмийн эмгэг тун гүнзгий, түүний дээр яг одоогийн байгаа байдал өөрсдөд нь ашигтай байгаа хүмүүсийн хувьд өөрчлөлт дэвшил гэдэг хүсэхээр эд биш. Тэд өөрчлөлтийг өөрийн мэдэлтэй ч, өөрийн мэдэлгүй ч эсэргүүцэх болно. Масс буюу монголын олон нийт дээр хэлсэн ёсоор ерөнхийдөө зөв зүг рүүгээ чиглэж байгаа ч, тэрхүү масс нийгмийн үнэлэмжийг яг тодорхойлон шийдэх үү гэвэл үгүй. Масс тун хүчтэй, гэхдээ масс салхи зүсэгчгүйгээр, дагуулагчгүйгээр жинхэнэ хүчээ гаргаж, зөв голдрилдоо орж чадахгүй.
Нийгмийг хөтлөх ёстой, дагуулах ёстой хүч хаана ч, аль ч нийгэмд 5 хувиас хэтрэхгүй гэдэг. Баабар нэг нийтлэлдээ дурдсан байдагчлан нийгмийн “түүчээ” болсон хүмүүсийн үүрэг роль энд чухал болж ирнэ. “Ийм байх ёсгүй, тийм байх ёстой” гэж дараагийн шатыг харж, дээш тэмүүлсэн дэвшилтэт үзэлтэй хүмүүс тухайн нийгэмдээ ямагт цөөнх байж ирсэн билээ. Харин манай түүчээ болох ёстой залуусын хувьд жишээ нь харь оронд боловсрол эзэмшин чин зоригийг өвөрлөн эх нутагтаа очдог, гэтэл удалгүй нийгмийн хавтгайрсан дадал заншил, увайгүй үзэлд нам даруулж, анх тээн байсан сэтгэлийнх нь гал амьдралын “бодит үнэн” болсон хүйтэн салхинд цохигдон унтрах жишээ олон. Дээш хөтлөх түүчээ биш, доогуур ёзойх эрэг шураг болж дуусдаг нь тун харамсалтай.
Чихний чимэг vv, чихний чийр vv?
“Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэлэнд” маань чирэгдэл учруулмаар нэг сонин онцлог байх юм. Монгол хэлний уртсаж, сунжирдаг зүй тогтол. Англи үг "economу" монгол хэлнээ "эдийн засаг" гэж, "freedom" бидний ярианд "эрх чөлөө" гэж хоёр үгээр үржиж илэрхийлэгддэг билээ. Цаашилбал "lifestyle" гэдэг нь "амьдралын хэв маяг" гэж бүр гурван үгийн жагсаал болдог бөгөөд, "environment"-ийг нүүдэлчид "хүрээлэн буй орчин" гэж нэг амьсгаагаар дуржигнуулах ёстой болдог (Дашрамд, “environment”-ийг "байгаль орчин" гэж орчуулдаг нь буруу бөгөөд энэ тохиолдолд natural environment-ийг илэрхийлнэ). Тэр ч бүү хэл ганцхан ухагдахууныг илэрхийлэхийн тулд бид бүтэн өгүүлбэр зохиож байна. Миний мэргэжлийг японоор "канкёокэйзайгакү", англиар "environmental economics" гэнэ. Үүнийг би нутаг нэгтэндээ "хүрээлэн буй орчны эдийн засгийн ухаан" гэж бараг өгүүлбэр хэлэх шахуу танилцуулдаг. Хэрэв энэ чиглэлийн сүүлийн үеийн номноос орчуулж монгол түмэндээ хүргэнэ гэвэл гарчган дээрээ ингэж байгаа юм, цаашаа яаж томорч зузаарах нь ойлгомжтой. Орчуулгын ном ойлгоход хэцүү байдаг нь үүнтэй холбоотой байж болох.
Ийнхүү бид англи юмуу, япон хүний арван үгэнд багтааж ярих асуудлыг хорь, гучин үгээр арай чүү ойлголцож байна. Монгол хэлэнд салаа утгатай үг олон байдаг учир ойлголцож чадвал бараг их юм. Англи хэл дээрх 100 хуудастай ном Монголд 200 хуудас болдоггүй юмаа гэхэд өлхөн 20, 30 хуудсаар зузаан болно. Америкийн Ерөнхийлөгч Бушийн 30 минутанд багтаах илтгэлийг Монголын Ерөнхийлөгч Багабанди хичээгээд ч 40 минутанд багтааж үл чадна. Ийнхүү Ерөнхийлөгчийнхөө яриаг монголын насанд хүрсэн сая иргэн бүгдээрээ нэг удаа сонсдог юмаа гэхэд, хэлний энэ онцлогоос болж улсын хэмжээгээр нийт 167 000 цагийг алдах болж байгаа юм. Энэ илүү арван минутанд.
Зөвхөн хоёр гурван үгээр сунжраад асуудал дуусдаггүй. “Өсөхөөс сурсан үндэсний хэлэн” дэх үгнүүд маань “ийн”, “ын” гэж харъяалахын тийн ялгалаар өөр хоорондоо хэлхэлдэх дуртай. Дээр дурдсан “эдИЙН засаг” ч нэг төлөөлөгч нь. Япон хэлэн дээрх Word программ нэг өгүүлбэрт гурваас дээш “ийн” орвол алдаатай гэж заадаг. Тэгвэл монгол хүн зөвхөн эрхэлдэг ажлаа танилцуулахдаа л "НийгмИЙН хамгаалал, хөдөлмөрИЙН яамНЫ төрИЙН нарИЙН бичгИЙН даргЫН туслах" гэж уг тийн ялгалыг долоо угсруулан хэрэглэж байна. Япон хэлтэй харьцуулах нь утгагүй л дээ. Хоёр өөр дүрэмтэй, хоёр өөр хэлнүүд. Гэхдээ ийм олон “ИЙН” сонсох нь чихэнд чимэгтэй байх уу, үгүй юу гэдгийг бас бодож үзмээр байгаа юм. Түүгээр барахгүй, хэрэггүй газар хүртэл харъяалахын тийн ялгалыг хэрэглэж бид заншжээ. Гадаадын их, дээд сургуулиудын нэрэн дээр Harvard University буюу Харвард их сургуулийг "ХарвардЫН их сургууль", Кёото их сургуулийг "КёотоГИЙН их сургууль" гээд л ярьдаг. Монголд "Отгонтэнгэрийн их сургууль", "Ирээдүйгийн дээд сургууль" гэж хэлдэг билүү? University of Chicago бол болж байна, “Чикагогийн их сургууль” гэх нь зүйн хэрэг.
Энэ яриа бол зүгээр нэг хэл шинжлэлтэй холбоотой яриа биш юм аа. Үгийн цаана хүний сэтгэлгээ явж байдаг. Үг нь байхгүй бол тухайн ухагдахууныг хүн сэтгэж чадахгүй. Үг будилаантай бол сэтгэлгээ будилаантай. Монгол хэлэнд салаа утгатай үг олон байдгаас та бид санаагаа зөв дамжуулахын тулд аргаа барж, ажил дээр буруу ойлголцсоноос болж хариуцлага алдаж байна. Ярианы хэлэн дээр бол дүүрч, дохиж зангаад ч болов ойлголцоно. “Нөгөө юугаа яачих” гэж байгаад нэвтрэлцэнэ. Бичгийн хэлэн дээр очоод яаж ч болохгүй гацдаг. Үгийн асуудал бол зөвхөн хэл шинжлэлийн биш, гүн ухааны ярвигтай асуудал байдаг билээ.
Монгол хэлэнд нэр томъёоны үндсэн утгыг буруу дамжуулдаг илэрхийлэл цөөнгүй. Жишээ нь “нэмүү өртөг”. Монгол оронд амьдарч байгаа хүн алхам тутамдаа "нэмүү өртгийн татвар" төлж явдаг билээ. Энэ татварыг англи хэлэнд "value-added tax" гэх бөгөөд "value-added" гэдэг нь угтаа нэмж бий болсон бүтээгдэхүүн, баялаг гэсэн утгатай. Нийгмийн шинэ орлого, баялагаас авах татвар гэсэн санааг агуулдаг. Тэгвэл бид тэрхүү нэмэгдэл баялаг, бүтээлийг ажиг ч үгүй "нэмэгдэж бий болсон өртөг, зардал” гэж нэрлээд явж байна. Энэ нь цагааныг хар гэсэнтэй адил юм. Ардчилал, зах зээлийн харилцаа руу шилжсэн гэх боловч орчин үеийн улс төр, эдийн засаг, гүн ухаан, нийгмийн маш олон үг хэллэг өнөөдөр монголд буруу хэлэгдэж, будилаантай хэрэглэгдэж байна. Тэр дунд жаахан ч гэсэн шинэ оролдлогууд гарч байгаа нь сайшаалтай. Жишээ нь sustainable development-ийг “тогтвортой хөгжил” гэж орчуулдаг ч, сүүлийн үед “тулхтай хөгжил” гэж нэрлэх санал гарчээ (Д.Дагвадорж, Тулхтай хөгжил – Монголын ирээдүй, 2002). “Тогтвортой” хэмээх орчуулга дэлхий нийтийн энэхүү шинэ үзэл санааг зөв илэрхийлж чаддаггүй бөгөөд stable гэдгийн орчуулгатай давхцдаг. Түүнээс болж “stable and sustainable development” гэсэн мөр таарах үед “тогтвортой бөгөөд тогтвортой хөгжил” гэж орчуулахаас аргагүй болдог. Харин “тулхтай” гэх нь утгын хувьд ч, бусад үгтэй давхцахгүй байх чанараараа ч, тун тохиромжтой хувилбар юм. Мөн адил дээр дурьдсан "нэмүү өртөг"-ийг Баабар гуай "нэмүү үнэлэмж" гэж нэрлэх санал гаргасан юм билээ.[1] Иймэрхүү байдлаар энд тэндээс янз бүрийн санал гарах нь эрүүл, сайшаалтай үзэгдэл юм. Японд бол шинэ ухагдахуун гарч ирэхэд эрдэмтэн бүр өөр өөрийнхөөрөө нэрлэж, тэр дундаас хамгийн тохиромжтой нь шигшигдэж үлддэг. Хэдий эрдэмтэн нь биш ч, би бас “нэмүү өртөг” дээр саналаа нэмэрлэе. Миний бодлоор "үнэлэмж" гэдэг нь ертөнцийг үзэх үзэл, юмыг үнэлэх үнэлэмж буюу "sense of value" маягийн утгыг заадаг учир “value”–г орчуулахдаа "үнэ цэнэ" гэвэл илүү оновчтой мэт. Гэвч “нэмүү үнэ цэнийн татвар” гэхээр бас л сунжруу талдаа болох учир "үнэ цэнэ" гэдгийг нийлүүлээд "үнэц" гэж шинээр нэрлэх санал гаргамаар байна. Нэмүү үнэцийн татвар.
Үгэнд шинэ оноолт хайдаггүй, хэдэн хуучин үгээ унааны ганц морь мэт баруун солгойгүй хэрэглэдэг муу зуршил маань бидэнд багагүй түвэг учруулж байдгийг олон жишээн дээрээс харж болно.
Capital: хөрөнгө
Investment: хөрөнгө оруулалт
Asset: эд хөрөнгө[2]
Эдгээр нь эдүгээ Монголд түгээмлээр тогтоод байгаа орчуулга юм. Харамсалтай нь энд “хөрөнгө” гэдгийг бүгдэд нь хэрэглэснээс болж жишээ нь “investment on capital asset” мөрийг орчуулах үед "хөрөнгөн эд хөрөнгө дэх хөрөнгө оруулалт" гэж буулгах болж таардаг. Сонссон хүний чих өвдөж, уншсан хүний нүд эрээлжилмээр ийм юм гэж байх уу даа. Ийм үед манай хэд тухай бүрт нь зохицуулаад тохирох үгээр “халтуурдаж” аргалдаг. Ингэж системтэй орчуулга, буулгалтыг алдагдуулах нь ялангуяа мэргэжлийн нэр томъёон дээр маш бүдүүлэг хэрэг болно.
Бүдүүлэг гэснээс монголчууд бид үгийн утгыг тунгааж, зөв хэрэглэхэд хир анхаардаг билээ дээ? Үгийг яаж хэрэглэж байгаагаас тухайн хүний соёл харагддаг билээ. Ихэнх япон айлд Коожиэн хэмээх япон хэлний тайлбар толь байх бөгөөд, аливаа маргаан, хэлэлцүүлэг гарах үед “бид энэ ухагдахууныг зөв хэрэглэж, ойлголцож байна уу?” гээд түүнийгээ үзэж шалгадаг. Энэ орны соён гэгээрүүлэгч Нитобэ Иназо Өөрийгөө төвшитгөсөн тэмдэглэл[3] номондоо “үгэн дотор зүрх бий” гэж үгийн соёлыг чухалчилжээ. Тэгвэл эх хэлнийхээ тайлбар толийг тавиуртаа залсан монгол айл хэд байдаг бол оо? Угаасаа тавих толь нь ч байхгүй байх. Хамгийн сүүлд Я.Цэвэл гуайн “Монгол хэлний товч тайлбар толь” (1966) хэвлэгдсэнээс хойш хагас зуун жил өнгөрөх гэж байна.
Хэл хэрэглэхэд тохиромжгүй бол хүмүүс улам бүр гадаад хэл хэрэглэх болно. Дэлхий дээрх 6800 хэлнээс ирэх зуун гэхэд тал нь устана гэсэн тооцоо гараад байгаа юм байна. Энэ жагсаалтанд монгол хэл маань орчих юм биш биз? Ганц хэл биш, цаана нь монгол хэмээх өвөрмөц соёл тэрчигээрээ асуултын тэмдэгтэй яригдах болоод байна. Эх хэл дээрээ явагдаж байгаа Монголын оюуны амьдрал, оюуны гал голомт бөхвөл Монгол орон сэтгэгчдийг биш, гадаадад гардаг хар ажилчид, дэнхийсэн хэдэн бөхчүүдийг л төрүүлдэг орон болно. Хэл гэдэг үнэхээр чухал. Үгийг бурхан зохиодоггүй хүн зохиодогоос хойш шинэ ухагдахуун, ойлголт дээр тал бүрийн санал гаргацгааж байя. Бүтээлч хүн гэж заавал мод, чулуу, цаасаар биетэй юм хийдэг хүнийг хэлэхгүй, үгэн дээр ч хүн бүтээлч байж болно. Тохиромжгүй орчуулга, илэрхийллүүдийг зоригтой халж, шинэ үг олж санал болговол тэр бүтээлч үйл мөн. Мэдээж ихэнх хүн хүлээж авахгүй л дээ. "Хэзээ ингэж хэлж байсийм", “наадах чинь сүүлийн үед ингэж хэлдэг болж байгаа” гэх мэт. Хамаагүй, хэрэглээд байх хэрэгтэй. Хэрэглэх явцад дасцгаана. “Дуурь” гэдэг харьцангуй сүүлд зохиогдсон үг юм билээ. Энэ нь “дуут жүжиг” гэдгийг богиносгосон оролдлого юм байна. Анх ийн нэрлэж байх үед нь хэн нэгэн “Дуурь гэж ийм балай монгол үг гэж юу байсан юм, дуут жүжиг л гэдэг шүү дээ” гэж хэлж байсан байж болох. Одоо бол эсрэгээр “дуут жүжиг” гэж байгаа хүнийг гайхан харах биз ээ. Заавал цоо шинэ үг зохиох шаардлага байхгүй, мартагдсан үгээ сэргээх боломж бас байна. Эртний монгол хэлний элэгдэж хуучирч буй үгнүүдээс түүж, шинэ утгаар сэргээн хэрэглэж болно. Японд суралцагч оюутнууд Өөрийгөө хөгжүүлье! (2004) номондоо “liberal arts”-ыг “арвис” хэмээх хуучин монгол үгээр оноож нэрлэсэн билээ.
Эх хэлний хувь заяаг зөвхөн хэл шинжээчид, хэдэн эрдэмтэд шийддэг юм бишээ. Хэрэглэж буй хүн ард нь шийддэг. Хэл бол амьд организм. Хэрэглэх явцад өөрчлөгдөж байдаг зүйл. Аялгуу сайхан монгол хэл гээд л ярьдаг. Монгол хэл яагаад бидэнд уянгалаг сонсогддог юм бэ? Дассан болохоор л тэр. Түүнээс биш "а" үсгийн дараа "у" үсэг орвол чихний чимэг болно гэдэг дүрэм дэлхийд байхгүй. Хятад хэл хятад хүндээ, англи хэл англи хүндээ сайхан. Францчууд франц хэлээ дэлхийн хамгийн гоё хэл гээд итгэчихсэн байгаа. Үгийн утгыг бүтээлчээр тунгааж, хэрэглэх явцад амьд организм өөрөө өөрийгөө хөгжүүлээд явна. Нэг үг ойролцоо утгатай олон үгэнд хэрэглэгддэггүй, богино бөгөөд хэрэглэхэд тохиромжтой, үгийн арвин сантай монгол хэл бидэнд хэрэгтэй байна.
Ингээд эцэст нь тийм чухал биш байж магадгүй ч сонирхлын үүднээс нэг шинэ үг зохиох санал гаргая. Үгийн эхний үсэг буюу англиар “initial” гэдгийг монголоор “титмэг” гэж нэрлэвэл ямар вэ? Монгол бичгэнд ихэнх үсэг “титэм”-ээр эхэлж бичигддэг гэдгээс ургуулсан юм. “Тулхтай хөгжил гэдгийг титмэгээр товчилж илэрхийлбэл ТХ болно” гэж ярих жишээтэй. Тэгвэл миний овог нэрийн титмэг доорх маягийн товчлолыг үүсгэнэ:
Э.М.Т
2004 он 10 сар
[1] Марк Скаузэн, Эдийн засгийн ухаан, эдүгээчлэгдсэн замнал номын орчуулга.
[2]Энэхүү asset-ийг “агуурс” гэж орчуулах боломжийг санал болгож дэвшүүлмээр байна.
[3] Номын нэр эх хэл дээрээ: 新渡戸稲造『自警録』、講談社学術文庫
sain baina u?
unshigch tani bna.
Ene 2 nomnii tuhaig ni unshtal araanii shuls goojij bnaa. iim goyo nomnuudiin tuhai duulgasand bayarlalaa. Mongoloor orchuulagdsan bdag u? ugui bol ta baabar guai shig orchuulan mongolchuudiinhaa hurteel bolgooch gej husye. za tiim zawgui bol uur busad unshsan nomnuudiinhaa tuhaig ingej goyo bichihiig husch baina.