2006/10/29

Гэрэл, харанхуй

Бичсэн зүйл маань Монголын хар барааныг тоочсон маягтай болчих гээд байдаг ч, яг дотроо бол би ирээдүйн талаар нэлээд өөдрөг бодолтой явдаг. Монголд хувийн сектор хурдтай хөгжиж, ажилсаг овсгоотой хүмүүсийн амьдрал ерөнхийдөө сайжрах тийшээгээ, хэдэн жилийн өмнөх архидал, залхуурал багассаар байгаа гэж ойлгодог. Статистик тоогоор биш, баримжаагаар буудаж байгаа минь жаахан тийм. За тэгээд төрийн байгууллагын тухайд гэнгүүт нөгөө шүүмжлэл маань урсч өгнө, яаж зүгээр байхав хавчуулаад авъя. Үнэндээ өөрийн үнэн хүчээр амьдрах чадваргүйдээ авилга, эрх мэдлээр дамжуулж бусдын хүчийг сорж амьдрагч паразитуудын орон байр, талх залгах газар болоод байгаа юм бишүү? Шударгаар ажиллаж буй төрийн ажилтан байхгүй биш байгаа, гэвч ердөө таслалаас хойшхи аравтын бутархай.

Харин төрөөс хамааралгүй орчинд дэвшил эрчтэй явагдаж байна. Хувийн секторын хөгжил арчаатай хүмүүсийн амьдралыг дээшлүүлээд зогсохгүй нийгэмд илүү хүнлэг, оюунлаг, боловсон уур амьсгалыг авчирч байна. Зам дээр нэг нэгэндээ зай тавих, харилцан талархал хүргэн дохих жолооч нар цөөн боловч харагдах болж байгаа нь том дэвшил. Одоохондоо эхлэл төдий байгаа ч удахгүй өдөр тутмын хэвшил болох бизээ.
Хувийн секторын хөгжилд найднам. Японд ч гэсэн дээхэн үед төрийн захиргааны хүнд суртал айхавтар байсан гэдэг. Харин хувийн салбарт үйлчилгээний боловсон ёс, үйлчлүүлэгчээ хүндлэх харьцаа өндөр түвшинд хүрмэгц ард олон төрөөс аяндаа чанартай үйлчилгээг шаардах болж, энэ нь эдүгээ Японы албан газрууд жирийн монгол хүн бол уулга алдахаар эелдэг шуурхай үйлчилгээтэй болоход хүргээд байна. Угаасаа хувийн сектор хөгжих явцад ард түмний дундаж хөдөлмөрийн чадвар, менежмент хийх, зохион байгуулах дундаж чадамж дээшлэх тул, нэг улсын дотор нэгэн хүйгээр холбоотой орших хувийн болон төрийн секторын хооронд хүн нөөцийн солилцоо явагдаж, энэ нь төрийн чанарыг аяндаа сайжруулдаг билээ.

Гэхдээ одоогийн байдалд сэтгэл ханахад бас дэндүү эртэднэ. Дээрээсээ дунд, доод шатанд хүртлээ ужгирсан нийгмийн эмгэг тун гүнзгий, түүний дээр яг одоогийн байгаа байдал өөрсдөд нь ашигтай байгаа хүмүүсийн хувьд өөрчлөлт дэвшил гэдэг хүсэхээр эд биш. Тэд өөрчлөлтийг өөрийн мэдэлтэй ч, өөрийн мэдэлгүй ч эсэргүүцэх болно.
Масс буюу монголын олон нийт дээр хэлсэн ёсоор ерөнхийдөө зөв зүг рүүгээ чиглэж байгаа ч, тэрхүү масс нийгмийн үнэлэмжийг яг тодорхойлон шийдэх үү гэвэл үгүй. Масс тун хүчтэй, гэхдээ масс салхи зүсэгчгүйгээр, дагуулагчгүйгээр жинхэнэ хүчээ гаргаж, зөв голдрилдоо орж чадахгүй.

Нийгмийг хөтлөх ёстой, дагуулах ёстой хүч хаана ч, аль ч нийгэмд 5 хувиас хэтрэхгүй гэдэг. Баабар нэг нийтлэлдээ дурдсан байдагчлан нийгмийн “түүчээ” болсон хүмүүсийн үүрэг роль энд чухал болж ирнэ. “Ийм байх ёсгүй, тийм байх ёстой” гэж дараагийн шатыг харж, дээш тэмүүлсэн дэвшилтэт үзэлтэй хүмүүс тухайн нийгэмдээ ямагт цөөнх байж ирсэн билээ. Харин манай түүчээ болох ёстой залуусын хувьд жишээ нь харь оронд боловсрол эзэмшин чин зоригийг өвөрлөн эх нутагтаа очдог, гэтэл удалгүй нийгмийн хавтгайрсан дадал заншил, увайгүй үзэлд нам даруулж, анх тээн байсан сэтгэлийнх нь гал амьдралын “бодит үнэн” болсон хүйтэн салхинд цохигдон унтрах жишээ олон. Дээш хөтлөх түүчээ биш, доогуур ёзойх эрэг шураг болж дуусдаг нь тун харамсалтай.
Үнэнийг, зөвийг эрхэмлэх үзэл санаа тооны олонд няц даруулсаар ирлээ. Уул нь үнэн гэдэг тоондоо биш, чанартаа байдагсан. Үнэн худал хоёр олонхийн саналаар тогтоогдох ёсонгүй, чухамхүү чанараар хэмжигдэх учиртай. Хүн амын дотор 5%-ийг эзлэх түүчээ нар тооны хувьд цөөн боловч нийгэмд тэд хэр жин нөлөөтэй, хэр нягтралтай байгаагаас хамаарч тухайн нийгмийн хөгжил хөдөлгөөн тодорхойлогдоно гэж би боддог. Манай Монголын хувьд 5%-чууд маань олиггүй нөхдүүдэд байраа бүрэн тавьж өгөөд байгаа мэт.
Одоогийн дөч тавиад насныхан тэр чигээрээ болохоо байсан юм бишээ. Тэдний дотор зөв зүйлийг үнэ цэнэтэйд тооцох, өөрийн зарчмаа хатуу барих хүмүүс бас бий. Асуудлын гол нь тэд эзлэх ёстой байр сууриа өөр этгээдүүдэд алдсанд оршино. Одоогийн үе солигдож, дараагийн үе гарснаар байдал сайжирна гэж их ярьдаг ч би тэгтлээ итгэхгүй байна, аль ч үеийн бай түүчээ болох ёстой хүмүүс өөрийн байр, миссионыг ухварлаж харилцан бие биесийг дэмжихдээ гол нь юм. Тиймээс шинэ үеийн залуус зөвхөн өөр хоорондоо холбогдоод зогсохгүй, хуучин үеийн ахмадуудтай үзэл санаа нэг л бол холбоотой байж, харилцан бие биеийг дэмжвэл зохино.

Сэтгэлдээ гал тээсэн тавхан хувийнхан. Нэг нэгээрээ бол ганц шөнийн салхинд унтрах тавилантай. Харин олуулаа ойртон сууваас түүдэг болон бадамлах бөгөөд, салхи түүнийг унтраах нь битгий хэл улам хөгжөөж, улмаар түймэр адил нийтийг хамрах чадалтай. Түүхэндээ эргэлт хийх нийгэм, хийж үл чадах нийгэм хоёрын ялгаа ердөө энэ. Нийлж ойртоно гэхээр энэ олон клуб хөдөлгөөнүүд нэгдээч ээ гээд байдаг. Нягтарна гэдэг нь урмаар, шинэ санаагаар биесийг цэнэглэж, нэтвөрк хэлбэрээр харилцан дэмжилцэхийн нэр юм. Түүнээс биш заавал ч үгүй нэг шуудайнд чихцэлдэхийн нэр биш.

Би яах гэж блог бичдэг вэ? Бодол санаа, өөрийн үнэлэмж value-г ний нуугүй дэлгэн тавьснаар ойролцоо бодол, үнэлэмжтэй хүмүүстэй холбогдох, эсвэл тийм хүмүүст холоос ч болов хүч, урам өгөх үүднээс юм. Түүнээс огт өөр бодолтой хүнд өөрийн бодлыг хүчээр тулгах хүсэл байхгүй. Санаа сэтгэл нийлэх хүн миний блогийг хааяа ч болов уншаад яваг, санаа үл таарах хүн заавал унших албагүй, тийм хүн аяндаа орж ирэхгүй биз.
Санаа нэгт анд минь, зарим үед итгэл алдрах үе ч бий. Гэвч чадах чадахгүйдээ гол нь биш. Үр дүндээ хамаатай бус. Гагцхүү чадахын тулд, хүрэхийн тулд бүхнээ зориулж амьдрахад хүн гэж явахын утга учир оршдог болохоор зүтгээд байдаг хэрэг ээ.
---------------------
Анд Түвшинд хандаж бичиж эхэлсэн захидал маань хадуурсаар сүүлдээ ийм юм болж хувирав.

2 comments:

Galaarid said...

Sanal neg baina.Minii ueiin,eereer helbel 40-eed nasniihan l lav yag iim baidaltai baigaa.Zev uzel,zev bair suuritai theenh maani negdmel baij chadaagui uchraas ezleh estoi bairaa ashig honjoo eregchded tavij egeed haranhuin dund end tend suumelzseer untarch duuch baina.Tuucheenuud tegehdee ali ch nasniihan dund bii.Bugdiig ni sereeh l heregtei dee.

Баасандаваагийн ДӨЛГӨӨН said...

Sain uu,
Bi Mongoliin onoogiin baidliin talaar neg iim oguulel bichsen udaatai.

http://dulguun.blogspot.com/2006/06/blog-post_19.html