2006/10/22

Ёс журамтай хvнд дэв тушаалыг (by Сайго Такамори)

Буянгийн Жаргалсайхан ҮХЯ-ны сайд болсныг Дөлгөөний блог дээрээс уншиж сая л мэдлээ. Ойрд Монголын мэдээнээс хол байх шиг байна. Гайхсан, нүд орой дээрээ гарсныг хэлэх нь илүүц, юутай ч ТВ-ээр ярьсан бичлэгийг нь дээрх блогоос үзээд хэлэх үг олдохыг больж, ам хэсэгтээ дэмий л ангалзав. Ярьж байгааг нь харваас согтуу ч юм шиг. Надад лав төрийн сайдын шаардлагыг хангах хүн шиг санагдахгүй л байна. Монголд байдаг нэг гажууд ойлголт бол Эрүүл мэндийн сайдад заавал эмч хүн очих ёстой, Боловсролын сайдад заавал багш ч юмуу, эрдэмтэн байсан хүн ч юмуу очих ёстой гэж ойлгоод байдаг явдал. Энэ удаад Үйлдвэр худалдааны сайдад гарамгай үйлдвэрлэгч, худалдаачин Жаргалсайханг сонгохгүй бол болохгүй байсан бололтой.

Мэйжи хувьсгалын үед онцгой гавьяа байгуулсан Сайго Такамори нэгэнтээ "гавьяатай хүнд шан урамшууллыг, ёс журамтай хүнд зэрэг тушаалыг" (功ある人には禄を与え、徳ある人には地位を与えよ) гэж хэлсэн байдаг.
Тун онож хэлсэн мэргэн үг. Манай ажил дээр Шима сан гэж нэг хүн байх. Ажилдаа маш гаргууд. Түүнийг хараад би энэ компанид олон жил болж байгаа, ажилдаа ийм сайн хүн яагаад ядаж менежер ч юмуу, тасгийн дарга болдоггүй юм бол гэж гайхаж байсан юм. Харин хэсэг хугацаа өнгөрөхөд жаахан болчимгүй зантай болохыг нь мэдсэн. Нэг удаагийн хурал дээр ялихгүй юман дээрээс бөөн уур уцаар болж, хүмүүсийг зүхээд унахыг нь хүртэл хараад "аа ийм хүн дарга хийж чадахгүй юм байна" гэж бодож билээ. Үнэхээр Сайго саны хэлсэнчлэн, ажлаа сайн хийж чадаж байгаа хүнд цалин урамшууллыг нь хангалттай сайн өгөөд явахад болно. Харин хүнийхээ хувьд үнэнч, ёс журамтай хүнд бол тухайн шатанд хариуцлага хүлээлгэн зэрэг дэв олгох нь оновчтой. Учир нь тушаал дэвшингүүт тодорхой хэмжээгээр өөрөө өөрийгөө мэдэх, эрх мэдлийнхээ хүрээнд нэг ёсондоо хяналтаас гадуур байх болдог (мэдээж бүрмөсөн гадуур болохгүй, гэхдээ байнга цагдаад байх боломжгүй). Компанийн нарийн нандин нууц, цаашдын төлөвлөгөө зэрэг ч гарт орж ирэхээс гадна, тайлан баланс дээр худал мэдээлэл гаргах энэ тэрд доод шатны хүн бол амархан баригдах бөгөөд, угаас үнэхээрийн чухал хариуцлагатай зүйлийг даалгахгүй. Харин тушаал ахингуут ийм боломжтой болж ирнэ. Иймээс итгэл даах хүн л биш бол чухал нандин суудалд тавих нь аюултай. Бас удирдлага дор ажиллах хүмүүсийн урам зориг, мотивацийг бодсон ч гэсэн, хүний хүндэтгэл хүлээхээргүй овилгогүй нөхөр дарга болвол ажилчид ажилд сэтгэлээсээ хандахыг байна.
Манай компанийн боловсон хүчний системд дээшээ ахиж дэвших замыг профешионалын болон карьерын гэж хоёр хувааж боловсруулсан байдаг. Профешионал нь бол тодорхой нэг хүрээнд гүнзгий мэдлэг, туршлагатай болж, түүндээ улам гаршиж явах бөгөөд төдийчинээ цалин пүнлүү, мэргэжлийн зэрэг нь ахина. Харин доороо лайн (line) буюу гартаа удирдах хамт олонгүй. Тийм хүмүүс менежер, синиор менежер, хэлтсийн хариуцлагатан гэх маягаар дээшлэнэ. Харин доороо лайнтай карьер талын хүн бол группын дарга, тасгийн дарга, хэлтсийн дарга, төв хэлтсийн дарга гэх зэргээр тушаал ахина. Дээр бичсэн Сайго Такаморигийн үгтэй уялдаж байгаа биз?
За тэгээд ярианыхаа эх рүү буцахад, Жаргалсайхан гуайг сайн бизнесч, мань мэтийг бодвол хийсэн юмтай хэлэх үгтэй хүн гэдэгтэй маргахгүй. Гэхдээ төрийн өндөр зэрэг суудалд суух болзолыг үгүй ядаж ёс журмын талаас нь хангах хүн үү гэдэгт гүн эргэлзэл төрнө. Энд мэдлэг боловсрол гэх мэт шалгуур луу ч ороогүй байна.

5 comments:

Tuvshin said...

http://www.freakonomics.com/blog/2006/10/18/an-obituary-you-probably-wont-read-elsewhere/

khishgee said...

Буянгийн Жагаа бол дээд зэргийн худалч, ёс суртахуунгүй бас муу бизнесмен. Түүний аль 1990 ээд оны үед авсан "Хангай" зочид буудал гээд сайхан орон сууц одоо Сеүлийн гудамжинд улаанбаатарын хамгийн том жорлон болоод байж байна. Жагаагийн оронд байсан ямар ч тэнэг бизнесмен жаахан засвар хийгээд л, бохирынх нь шугамыг янзлаад л зарчихад нилээд хэдэн айлыг орон сууцтай болгочих болов уу. Улсад нэг ч төгрөгний татвар төлж үзээгүй, монгол улсын иргэн гэхэд хэцүү. Татвар авах гээд ирсэн улсуудыг тэнэг мангар, хуц улиар нь дуудаад хөөгөөд явуулдаг. Муу хэлэгдээд байгаа Эрэлийн Эрдэнэбат, Женкогийн Баттулга энэ тэр бол хажууд нь муу сайн ч гэсэн ч хэдэн төгрөг татварт өгөөд яваад байдаг. Нэг жилийн Эрэлийн татвар л гэхэд 13 тэрбум гэж байгаа. Ийм хүнийр сайд хийлгээд явж байгаад би үнэхээр гутарч байна

Oyunbodol said...

БЛОГ БИЧИГЧИД ЭЭ ...

http://oyunbodol.blogspot.com/2006/10/blog-post.html

bluewolf said...

Bi Buyang-iin Jargalsaihaniig medehgui l dee. Tuund muu zuil zondoo baigaa ajigladdag.
Gehdee tuunii neg zuil ni nadad taalagdsan.
Ter ni Mongoliin tuuhii ediig shuud exportlodog bish, bolovsruulj exporlohiin toloo uhaanaa uralduulaachee gej helj baigaa ni yah argagui zov. Ter tiim bolovsruulah uildver bairihiin toloo temcsen ni zov. Harin dund ni yu bolson yum buu med.
Tiimees huniig uzen yadahdaa, zov buruug ni yalgaj baival sain bolov uu gej bodoj baina.

Г.Ганбат said...

Ёс журамтай хүнд дэв тушаалыг гэдэг их зөв санагдлаа.
Харамсалтай нь Монголд албан тушаал нь мөнгө олох хэрэгсэл болчихоод байгаа.
Жишээ нь гэхэд Б.Жаргалсайхан сайд Их монгол 800 жилийн ажлын хүрээнд зохиогдсон урлагийн арга хэмжээ, шоуг зохион байгуулна гээд хэдэн тэрбум ч билээ төгрөг засгийн газраас гаргуулж БУЯН компанид өгсөн гэж байгаа. Тэгээд дээр нь үйлдвэр худалдааны яамныхан сайдынхаа буянд шоу зохиох яам болж зунжин гадаалсан гэнэ лээ.