2006/10/15

Чих хазагч махчинг жигших нь

Ирэх 7 хоног ачаалалтай байх учир өнөөдөр эртхэн унтах санаатай, долоо хоногт уншсан номын тэмдэглэлээ ч бичихийг болъё гэж байлаа. Тэгтэл Наранбаярын блог дээрээс Жаксоны ардчилал манайд туйлширсаар -ыг уншсан биш юм хэлэхгүй бол санаа амрахгүй болж дотор арзагнаад явчихав. Байгаль орчны яамны хэлтсийн дарга Г.Энхээ гэгч нөхөр яамны нэг ажилтныг зэрлэгээр зодож, чихийг нь тасартал хазжээ. Бас түрүүхэн Нийслэлийн Иргэдийн хурлын гишүүн Түмэнгэрэл гэгч нөхөр ажлаа гүйцэтгэж явсан ирээдүйтэй чадварлаг залууг ар нуруунд нь хутгалж алсан. Түүний өмнө УИХ-ын гишүүн Батаа нэг залууг гавлаж байгаад зэрлэгээр зодож гэмтээсэн. Энэ Монголын төрд юу гээч махчид араатад гараад ирэх нь энэ вэ!

Төрийн өндөр албан хаагч хүн хүний ёсонд байж боломгүй авир гаргасан энэ явдалд хэн хариуцлага хүлээх ёстой вэ? Үүнийг зөвхөн уг хүнтэй нь холбоод, эсвэл системийн буруу гэж бүрзгэр саарал юманд тохоод өнгөрч болохгүй. Зохих ёстой хариуцлага зохих хүндээ очихгүй бол үүнтэй төстэй явдал дахиад л гарна. Би бол энэ удаагийнхад Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатарт хариуцлага хүлээлгэх, огцруулах ёстой гэж бодож байна. Ингээд хэлэхээр магадгүй зарим хүнд арай ч хэтэрнэ ээ гэж санагдаж магадгүй. Энэ бол бид тийм доод түвшний соёл, зан байдалд дассаны шинж. Хүлээн зөвшөөрч, эвлэрч байна гэсэн үг. Ажлаа хийж яваад алдах эндэх тохиолдолд ч огцрох, халагдах явдал бий. Тэгэхэд ажлын хариуцлагаас бүүр наад захын, хамгийн доод хэмжээнд тавигдах ёстой, хүн гэдгийн хувьд ёс зүйн гутмаар үйлдэл гаргасан байна шүү дээ.

Гол нь сайд өөрөө тэгээгүй учир хамаагүй бишүү гэж маргах бизээ. Үгүй ээ, хамаатай. Албан тушаалд томилсон хүн гэдэг бол тэр хүний давхар батлан даагч гэсэн үг. Японд албан тушаалд томилох асуудал дээр битгий хэл, ердийн хоёр хүн нэг нь нөгөөдөө хүн танилцуулж ямар нэгэн харилцаанд зуучлахад үнэхээр итгэдэг, найдвартай хүнээ л танилцуулдаг. Учир нь өөрөө танилцуулсан явдалд хариуцлага хүлээнэ, тэр хүний кредит давхар байж байдаг болохоор.

Монголд байдаг нэг ТОМ МУУХАЙ ДАДАЛ бол ямарваа асуудлын хариуцлагыг дээр байгаа хүн хүлээдэггүйд байдаг. Японд бол төмөр замд гэмтэл осол гарлаа, худалдаанд гаргасан бараа хүний биед хортой байлаа гэхэд ерөнхий захирал нь хариуцлага хүлээж огцрох жишээ тун олон. Доод ажилтны хийж байгаа үйлдэл, шийдвэр бүр нь дээд тушаалтны зөвшөөрөл, хяналтаар дамждаг учир дээр байгаа хүн шууд хариуцлага хүлээдэг. Миний ажил дээр гэхэд л, дарга байх гэдэг үнэхээр хүсмээргүй бэрх ажил гэж санагдахаар байдаг юм. Наад захын жишээ, өдөрт зуу зуугаараа мэйлээр явагддаг өдөр тутмын ажил хэргийн яриа (компанийн доторх ч тэр, гаднах ч тэр). Нэг муу захын ажилтан надад л гэхэд өдөрт 50 орчим мэйл ирнэ, түүнд хариулах зэрэгт бас л 30 орчим юм болно. Чухал асуудал байх тусам мэйлийн "Cc"-д даргын хаягийг оруулах ёстой. Ганцхан би биш, манай тасгийн хэд бүгдээрээ. Cc-д оруулчихаар л тэр асуудалд дарга хариуцлага хүлээх ёстой болж байгаа юм. "Би мэдээгүй, өө тийм юм болсон юмуу?" гээд сууж байх эрхгүй. Бизнесийн ертөнц хатуу. Тасгийн дарга, менежер нарт бол өдөрт дунджаар 100-гаад мэйл ирдэг шиг байгаа юм, тоолж үзээгүй болохоор мэдэхгүй байна. Лав л хоёр өдөр амраад ирэхэд нь 200 гаран мэйл ирсэн байсан гэж байсан. Хэлтсийн дарга болонгуут өдөрт 200 болдог юмуу, 300 болдог юмуу мэдэхгүй. Ширээн дээр нь очоод гуравхан үг солих зуур ар араасаа мэйл орж ирж байгаа нь харагддаг юм. Хувийн баримт бичиг гаргуулах гэх мэт энгийн юман дээр хүртэл компанийн интра системээр дамжиж даргын зөвшөөрөл хэрэгтэй болно. Тэр бүгдийг нэгбүрчлэн шалгаж уншина. Дээрээс нь өдрийн ихэнх цагт хурлын төлөвлөгөө, аппоинтууд орсон байдаг. Тийм хүмүүстэй зэрэгцүүлээд өөрийгөө завгүй гэж хэлэхэд ч ичмээр. Тасаг хэлтсийн дарга тийм байгаа юм, CFO, COO, за тэгээд CEO (ерөнхий захирал) бол юу болдог болоо. Компанийн шинээр хэрэгжүүлэх төсөл, шинэ үйлчилгээ, бизнес, эсвэл ердөө ганц сарын компанит ажил, бусад олон асуудлууд бүгд тойрох хуудсаар дамжина, тэр бүхэн дамжиж ирэх учир хариуцлага хүлээнэ. Боловсон хүчний дарга боловсон хүчний байр сууриндаа, Санхүүгийн дарга (CFO) санхүү талаас нь, Хууль зүйн хэлтсийн дарга гэрээ маягт, corporate compliance, хууль эрх зүйн зөрчилгүй байх талаас нь хариуцлага хүлээж тойрох хуудасны системд зөвшөөрөл бичнэ. Нэг том хэрэг мандвал тэр талын хүн хариуцлага хүлээнэ. Тиймээс тэд үхэн хатан, ердийн ажилчдаас илүүтэй махаа баран ажиллаж байдаг. Ингэж тушаал дэвшснээс мөрөөрөө энгийн ажилтан байх нь аз жаргалтай, сэтгэл амар юм байна гэж бодохоор. Миний хамт ажиллагсад үнэхээр ч тэгж ярьдаг.

Тэгвэл Монгол дарга ямар аз жаргалтай вэ? Сайн сайхан бүхнийг өөртөө зүүгээд, муу юм болонгуут тухайн ажилтан буруутай. Ажлыг доодохууд нугалж өгнө, өөрөө бол семинар, айлчлал, хүлээн авалт. Дээр нь авилга гэдэг амтат бялуу.
Олон улсын шуудангаар иргэдийн үнэ цэнэтэй өч төчнөөн бичиг баримт алга болоход Монгол Шуудан компанийн захирал огцрохоо байг гэхэд ядаж нэг удаа албан ёсны уучлал гуйсан уу? "Би мэдэхгүй, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн ёс суртахууны асуудал" гэчихээд өөрөөсөө зайлуулна. Мэдэхгүй юм бол, хариуцлагын хүрээнд нь байхгүй юм бол дээр нь юу хийх гэж дарга сууж байгаа хэрэг вэ?

ЭМОС клуб анхны номоо Мөнхийн үсэг компаниар хэвлүүлсэн юм. Тэгэхэд захиалга өгсөн 1000 хувиас 50 ширхэг нь дутчихсан гэсэн. Энэ чинь дутуу байна гээд захирал дээр нь орсон чинь, үйлдвэрийн нэг дамжлага дээр ажилладаг Дулмаа нь ч юмуу, Должин нь ч юмуу нэг авгай дээр дагуулж очоод, "энэ хүний л гараар дамжсан байх ёстой, энэ хүнтэй л тооцоогоо бод" гээд сууж байсан гэсэн. Японд, ер нь ердийн бизнес хөгжсөн оронд бол компанийн дотор хэн яаж хариуцлага алдсан нь гаднах харилцагчид хамаагүй. Хэн нэгнийг зааж өгөөд "би мэдэхгүй, энэ хүнтэй тооцоогоо бод" гэвэл Япон компани дахиж тэр компанитай хэзээ ч харьцахгүй. Зуун хувь.
Тэгээд нөгөө Дулмаа, Должин авгай нь "яасныг би мэдэхгүй, намайг ойлго би олон хүүхэд шуухадтай" энэ тэр гэж өөдөөс нь баахан зовлон тоочихоор манай ЭМОС-ын хүн юу гэх вэ дээ. Ердийн бизнесийн харилцаанд бол гадны харилцагч, захиалга өгөгчтэй түүнтэй харилцах цонх болж байгаа хүн л бүх тооцоогоо бодож, аваа өгөөгөө шийддэг. Шат шатанд тухайн хүрээний дарга нар хариуцлага хүлээж, томоохон асуудал болоход гадны бүх ертөнцийн өмнө компанийг төлөөлж байгаа CEO, эсвэл Төлөөлөн удирдах зөвлөл тэр чигээрээ хариуцлага хүлээнэ.

Хувийн компани бол бас яахав гэхсэн, төрийн байгууллага, түмний татвар дээр сууж, түүний өмнө хариуцлага хүлээж байгаа засгийн хүмүүс бол бүр ч хүнд хариуцлагын байр сууринд байгаа улс. Японд яам тамгын газрын хэлтсийн дарга битгий хэл тасгийн дарга нь л гэхэд маш их шалгуур дамжсан чадварлаг хүн байх учир "Байгаль орчны яаманд тасгийн дарга" гэвэл ер нь л элит гэж сонсогдоно. Ажлын мэдлэг, арга чадварыг байя гэхэд ердөө боловсон хүнд байх ёстой ёс жудаг, соёлын түвшин нь ойлгомжтой. Юун хүний чих хазаад, танхайраад явж байх.

Монголд байгаа юм бүхнийг үгүйсгэж, эх орноо муулах хүсэл алга. Гэхдээ ганцхан энэ явдал л гэхэд, манай нийгэм ямар аймшигтай байгааг хангалттай харуулж байна. Залуус минь, ганц ганцаараа бол бид юуг ч өөрчилж чадахгүй, юунд ч хүрэхгүй. Японд Эдогийн үед ном солилцож уншдаг байсан хэсэг хүмүүс яваандаа эдийн засаг, бусад асуудалд бие биенээ дэмжиж татдаг хүчтэй сүлжээ болсон түүх байдаг. Зөв юм бодож, зүрх чинь халуунаар цохилж байгаа бол тийм санаа нэгт нөхдөөр хүрээлж одооноос бие биесийг түрэн дэмжицгээе.

2 comments:

Buyantsogtoo, Ts. said...

Тулгат саны хэлдэг юутай үнэн билээ. Бид ганц ганцаараа зүтгээд юунд ч хүрэхгүй шүү. Би амьхандаа өөрийнхөө салбар дотор гайгүйхэн хамтын ажиллагааны хэлбэрийг бий болгоод бас чиг гайгүйхэн бодлого маягийн юм бий болгочих юмсан гэж нөхдийн хамтаар сүүлийн хэдэн жил зүтгэж явна. Үнэндээ зарим үед шантрах цаг гардаг л юм. Гэхдээ амжилтад хүрэхгүй байх магадлал өндөр гэдэгт өөрийн сэтгэлзүйг бэлдээд "алдсан ч хуучнаараа" гэсэн бодлоор үзэж алдаад явж байгаа ухаантай. Бидэнд хамгийн гол саад болж буй зүйл бол хэтэрхий хувиа бодох явдал болтой. Монголчуудынхаа энэ онцлогт нь хэрхэн тааруулж хамтран ажиллах вэ, энэнд нь таарсан хэлбэрийг олохсон гэж бодогддог юм ...

Наранбаяр said...

Zagatnasan gazar maajij ugsund bayarlalaa. Manaid hen ch hariutslaga huleedeggui hachin togtoltsoo bii bolood udaj bainaa. Ajlaa muu hiilee gej husagdsan dargiig ene 10 jild yur duulsangui.Baiguullagiin umnuus hariutslaga huleesen tuuh bur ch baikhgui.