2008/11/02

Р.Чойномын нууц захидлууд ном

Өнөөдөр нэг амьсгаагаар Чойномдож бас энэ номыг уншив. Захидлуудыг нь нэгтгэсэн хойч үед сургамжтай, хачир амт сайтай ном юм. Энд тэндээс нь эрээвлэн хураавласугай.
"...хүндэт дүү хүү Танаа, ажилд чинь болон уран бүтээлд тань өндөр амжилт хүсэн ерөөж, өчүүхэн болхи нэгэн, хуучны сайн цагт бол асман тойн төдий байх номгүй шүлэгч, онолгүй философич, овилгогүй ард, муу цагийн мунхаг иргэн би, гэрийн мухарт, хөгшид хүүхдийн хэрүүлийн доор бичвэй..."
(Яаж ингэж бэлэн цэцэн үг сад тавьдаг байна аа.)
"... ард түмэндээ хэрэгтэй зүйл хийхээс илүү жаргал байхгүй. Тэр л жаргалаар би цөөн насандаа дүүрэн жаргалаа. Тийм жаргалыг мэддэггүй хүнтэй маргах гэдэг адгийн зовлон байдаг бол, би тийм зовлонгоор насан турш зовлоо..."
("Тийм жаргалыг мэддэггүй хүн" гэдгээр тухайн соц. нийгмийн гар хөл, хүйтэн сэтгэлт, хуурай толгойтнуудыг хэлсэн байх даа. Цаг үеэсээ түрүүлж төрсөн түүнийг өрөвдөх шиг.)
"...Дэндсэн зүйл хиймэл болдог хуультай. Хүн хүнийг, өөрийн үнсдэгээрээ л үнсвэл сайхан үнсэх бөгөөд харин, хачин цэвэрхэн бөгөөд чанга үнсэнэ гэж хэт мэрийвэл нусаа ч наачихаж мэдэх..."
(Үнсэлтээр зүйрлэл авсан нь хамгийн эгэл жирийн, тэгсэн хэрнээ ой тойнд тод буухуйц.)
"...Сая би английн Кеннет Рексрот гэгч шүлэгчийн нилээд уянгыг уншлаа. Хүнд юу ч тулгаж хэлээгүй юм. Тэр ч байтугай юмсыг тийм ийм байдаг гэж нотлоогүй юм. Харин сэтгэл хөдлөм сайхнаар байгаль орчин болон хувийн сэтгэлгээгээ жирийн тэмдэглэсэн хэнээс ч юу ч асуугаагүй, хэнд ч юу ч номлоогүй, тийм л сонин шүлгүүд байх юм. Тэхдээ сэтгэлд нэг их юм хөдөлгөөд, өөрийн эрхгүй хувийнхаа зовлон жаргалыг эргэн бодоход хүргэж ажээ. Энэ ёстой уянгын шүлэг гэгч мөн байхаа?
Манай дорно дахин бол номлол үйлдэх дуртай, Орос өөрийгөө магтах дуртай, Хятад загнах дуртай юмуу даа..."
(Шоронд байхдаа ч тэр, ер нь хаа ч явсан маш их ном уншиж байсан байгаа юм.)
".... Гэвч тайвширч, сэтгэл ханахгүй байна. Хийх ёстой зүйлс бараг эхлээ ч үгүй юм шиг санагдана. Хийх бололцоо нөхцөл олдохгүй, үргэлж орон байр, мөнгө хоёроор гачигдаж яваад, байгалийн заяасан авьяасыг хүмүүст үлдээж чадалгүй буцааж байгальд нь тушаах хэрэг үү? Өдий болтол би заавал хийхгүй бол болохгүй зүйл, хийх онц шаардлагагүй зүйл хоёрыг ялгахгүй явжээ."
(Нас эцэслэх дөхсөн үедээ бичсэн дээрх мөрүүдийг уншаад өөрт гойд авьяас байхгүй ч, оногдсон багахан тархи, зүүгдсэн дөрвөн мөчийн хэргийг олигтой гаргаж чадахгүй явсаар бурхан багшид буцааж өгчихгүй юмсан гэж бодогдож байлаа.)

6 comments:

ganga said...

"Би" ирээдүйд илгээх захидал (чөлөөт найраглал)
"...Эцэст нь хэлэхэд би сайн,
жинхэнэ үнэн шүлгэнд дуртай
Энэ зуун маань үргэлж түүнээр гачигдаж байлаа
Үеийн маань жаргал үзээгүй шүлэгчдэд зориулж
Үүнийг та нар заавал бүтээгээрэй"
гэж төгссөн байдаг.

Эрин М.Тулгат said...

"Цэцнүүдийн дунд тэнэг явахад
Цэнгэл жаргал элбэг олдох юм,
Тэнэгүүдийн дунд цэцэн явахад
Түүнээс илүү зовлон алга даа,
Яаж л болохгүй залхуу энэ орчлонд
Яарахаа мэдсэн юм бол яах гэж би төрөө вэ"
гэсэн гунигт мөрүүд бас байдаг

Munkhbayar said...

Залуугаараа өтөлсөн
Зарим хүн, шүлэг сонирхдоггүй гэнэ.
Яруу найргийг сонирхъё ч гэлээ
Явцуухан ой тойнд нь багтдаггүй бололтой.

Аргагүй ч юм уу даа
Арын уулын модыг хувийн пинд багтааж болохгүй.
Далайн усыг
Данханд яаж багтаах вэ!

Erkardo said...

Үнэхээр гайхамшигтай юмаа. би сүмтэй будрын чулууг нь л уншиж байсан. гайхмаар шүү. харин энэ номыг уншмаар санагдлаа.

Тулгат даа мэнд хүргэе. Өнгөрсөн жил таныг монголд ирхэд чинь уулзаж танилцаж байсан хүн байна. Блогийг чинь хаагдчихлаа гээд ихэд сэтгэл дундуур байдаг байлаа. гэтэл нэрийг нь сольчихсон ч юм уу. өөр нэртэй болчихсон явж байхыг нь сая л оллоо.

Орчин цагийн монгол залуусын сор нь болсон чадварлаг, мэдлэглэг хүн гэж таныг хүндэлж явдагийн хувьд блогоо орхилгүй үргэлжлүүлэн бичиж байгааг нь олж хархад тун таатай байна.

Ажил хөдөлмөр, гэр бүлд нь ялангуяа дөнгөж төрсөн хүүхдэд нь аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эрин М.Тулгат said...

Эркардо, баярлалаа.
Урам хайрласанд баярлалаа.

Erdenesaikhan Tsedevsuren said...

Gaihaltai. Erh choloo gedeg shvlgiig ni unshaad shinjilgee hiigeerei. Ta bvhnii oyunii tuvshind bol hvrne. Busdiinhad yadag bol :)