2006/08/07

Хулгайлагдсан хєгжил №1

Хатаж ширгэж, өлсгөлөн нүүрлэсэн Африкийн орон. Хүмүүс энд тэнд ундуй сундуй бөөгнөрч, үхэр, нохойноос үл ялгагдана. Хийх ч юм байхгүй, идэх ч юм байхгүй. Сүүдэр бараадаж, тэнгэр ширтэн гиюүрсээр нэг насыг барна. Зарим нь хатаж ширгэсээр тэжээл дутагдалд орж нөгөө ертөнц рүү яаран нисч одно.

Үнэхээр ногоо ургахааргүй үржил шимгүй газар юмуу, хорвоо ертөнц яасан тэгш биш юм бэ гэтэл тийм биш аж. Туршилтын журмаар төрөл бүрийн хүнсний ногоо ургуулаад үзтэл гайгүй ургац өгөх юм гэнэ. Энэ тухай японы сэтгүүлч Соно Аяко нэгэн тэмдэглэлдээ "асуудал тэнгэр хангайдаа биш байж таарав, асуудал юунд байсан гэхээр нэг нь ногоо тарьдаг, нөгөө нь шөнө хулгайлдаг. Тиймээс хэн ч ногоо тарья гэхгүй ба хаа нэгэнтээ хоол олдвол уралдан хулгайлалцана" гэж дүрслэн бичсэн байдаг(*1). Мөн адил тахианы өндөг үнэтэй, олдоц муутай гэх орны жишээн дээр яагаад тахиаг олноор үржүүлдэггүй вэ гэтэл тэжээл нь үнэтэй учраас гэнэ. Тахианы тэжээл заавал бэлдэнэ гэж юу байсан юм, ил тавьчихад өөрөө хавь ойроос хоолоо олоод идчихдэг биздээ гэтэл тэгж сул тавингуут хажуу хавиргаас хулгайлдаг болохоор яах ч аргагүй гэнэ. Тэгэхээр ногоо тарихад ч, тахиа үржүүлэхэд ч хашаа хамгаалалт хэрэгтэй болно, түүгээр зогсохгүй шөнийн манаач хөлсөлж ажиллуулах хэрэг гарах нь ч бий, ганц хашаа бол шөнөөр давж орж ирээд юу ч болохгүй. Ингээд явж явж нөгөө ногоо тарих, тахиа үржүүлэх хүч зардлаас илүү хашаа хамгаалалт, шөнийн харуул энэ тэр гэсэн зардал нь илүү гараад, за за тэгж дэмий зүдэрч байснаас зүгээр хэвтэж байсан нь дээр гээд хэн ч гар хөдөлгөе гэхийг байна.

Энэ бол хэн ч баялаг бүтээдэггүй, байгаа баялагаас бүгд булаацалддаг увайгүй нийгмийн сонгодог жишээ юм. Ийм нийгэмд бялуу томорно гэж байхгүй. Авилга хахууль, шахаа бизнес, монопольчлол энэ бүхэн бас л дээрхийн өрөөсөн дугуй бөгөөд бялуу бүтээх бус, бялуу руу арсалцан уралцах хэлбэрүүд. Ялангуяа байгалийн баялаг ихтэй оронд эдийн засгийн энэ сонирхол нь улс төрийн хэт тогтворгүй байдал, дайн терроризмд хүргэдэг нь маш олон жишээгээр батлагдсан. Учир нь байгалийн баялаг гэдэг бялуу байхад өөр бялуу бүтээе гэх хүн ховор бөгөөд хүчтэй нь хүчгүйгээ дарлах ой ширэнгийн хууль үйлчилж эхэлнэ. Угаасаа бялуугүй орон юмуу, эсвэл багахан бялууг зөв зохицуулах шударга дүрэмтэй оронд бүтээлч өрсөлдөөн явагддаг билээ. Тийм орон хөгжинө. Тийм биш оронд... хүмүүс нь сүүдэр бараадсан, шөнөөр хулгай хийсэн байдлаар нэг насыг үднэ.

Аливаа орны хөгжих эс хөгжих нь шударга өрсөлдөөн бий үгүйгээс шууд хамаарна.
Аливаа орны хөгжих эс хөгжих нь сайн хүн олон уу, муу хүн олон уу гэдгээр бус,
сайн мууг дэнслэх шударга шүүх, шударга хэмжүүрээр тодорхойлогдоно.
Тоглоомын дүрэм зөв бол бүгд хожно.
Буруу бөгөөд сахиулгагүй бол тоглоом бус уралцаан болж дүнд нь бохир ёс тогтооно.
------------------
(*1) 曽野綾子『正義は胡乱』、c2000、小学館

1 comment:

Confidence of Youth said...

Thanks for this post.
I lived in Africa for a year. But still what you wrote here gave me new insight into the poverty stricken continent.

Good luck!

Confidence.