2006/08/27

Єєрийгєє учирлан хамгаалах

Японд богино хугацаатай ирсэн дүү маань нэг жаахан асуудал гаргаадахав. Шальтай асуудал биш л дээ, би өөрөө 18-тай байсан үеэ бодож үзлээ. Ойлгож байна.
Тэгээд байцаав. Мань хүн "би уул нь тэгээгүй, тэр хүмүүс намайг гүтгээд" гэж байна. Тэгэхээр нь би "чи битгий өөрийгөө хамгаалаад тайлбар тавиад бай, юу болсоныг би нэвт харж байна. Харин ямар дүгнэлт хийснээ л хэл" гэж гэв.
Үнэндээ нөгөө япон улсууд нь буруу ойлгон давсдуулж, болсон явдлыг 2, 3 дахин томсгосон бололтой санагдсан. Хар ажлын боловсрол багатай хүмүүс. Гэхдээ л "овоо босгоогүй бол" гэж үг байдаг шүү дээ, манай хүн ч хүнд тэгж хэлүүлэхээр биеэ авч явж.
Дүү минь надад ерөнхийдөө ний нуугүй ярьж, дүгнэлтээ хэлэв. Би түүнд нь баярлаж байлаа. Ер нь хүн алдаа гаргаж болно, харин нууж худал хэлж болохгүй. Хүнд худал хэлэхгүйн дээр бүр чухал нь өөрөө өөрийгөө хуурч болохгүй. Өөрийгөө хуурвал тэгээд зүйл дуусаа. Тийм хүн өөдлөж хөгжихгүй. Алдаа гаргасан хүнийг бол нэг загнаад сануулаад өнгөрнө, харин түүнийгээ нууж худал хэлж байгаа хүнтэй бол хатуухан ярина. Эсвэл тэр хүнийг зөнд нь орхино (харьцаагаа тасална).
Дүүд хэцүү байсан байх, "Тулгаа ах намайг буруу ойлгочих шиг боллоо" гэж сандарсан байж магадгүй. Тэгэхээр нь би хэллээ, "өөрийгөө хамгаалж битгий тайлбар тавиарай, түрүүн хэлсэн ёсоор энэ явдлаас юу дүгнэж бодсоноо л хэл. Тэр хүмүүс чамайг буруу ойлгож, гүтгэсэн бол гүтгээ л биз. Тэр ч байтугай Тулгаа ах чинь ч буруу ойлгосон байг, хамаагүй. Явж явж чи өөртөө л үнэнч байгаа бол, өөрийгөө буруу юм хийгээгүй гэдгээ мэдэж байгаа бол болоо гэж бод" гэж хэлсэн.
Ер нь үнэхээрийн зөв замаар явж байгаа хүчтэй хүн өөрийгөө хамгаалья гэдэггүй. Тэгж явах илүүдээ гарсан цаг ч байдаггүй. Хийж бүтээж, сайн яваа хүн угаасаа шүүмжлүүлж, буруугаар ойлгогдож, элдвээр хэлэгддэг. Тэр болгонтой зууралдаж байх хайран цаг. Зөв явж байгаагаа өөрөө мэдэж, ӨӨРТӨӨ ҮНЭНЧ байвал болоо. Ийм залуу хүн улам хүчтэй болно.
Гэж байтал саяхан уншсан Үүрцайхын "Ерөнхийлөгчид илгээх ил захидал" санаанд оров. Энэ Н.Энхбаяр гэгч нөхөр өөрийгөө хамгаалах гэж, сурталчилах гэж яаж үхэн хатан арчаагүйтэж байдаг билээ дээ. Жил гарны өмнө юу билээ дээ нэг сэтгүүлчээр хэвлэлийн бага хурал хийлгээд, нэр төрөө хамгаалах байгууллага гаргаад л. Ингээд л үнэлгээ навс унаж өгнө шүү дээ. Ээ өчүүхэн амьтан юм даа чааваас гэж. Энд тэндгүй зураг плакатаар өөрийгөө дүүргээд, өөрийнх нь дотор эвгүй оргидоггүй л юм байх даа.
Үнэхээр юм хийж бүтээж байгаа хүн бол тэр нь хүмүүст аяндаа бага багаар боловч танигдаад ирнэ. Улс төрчид нь хийсэн зүйл, эрдэм чадлаараа биш элдэв ухуулга рекламаар сонгогддог манай нийгмийн хамгийн том төлөөлөгч болохоор аргагүй ийм байдаг байж. Улс төр дэх утсан чинээ улаан амь нь юм болохоор түүнийгээ үхэн хатан хамгаалж байдаг нь тэр.
Үүрцайх гэж сайхан нэр юм. Үүр хаяарах мөч ойртсоор байгаа гэдэгт итгэнэм. Шинэ үеийн залуус өндийсөөр байна. Монгол үндэстэн тэнгэрээс ивээлтэй гэдэгт үл эргэлзнэм.

No comments: