2006/08/17

IT юу, ICT юу аль эсвэл?

Мэдээлэлжиж, дижиталчлагдаж буй энэ цаг үеийг бид IT (Information Technology) буюу мэдээллийн технологийн үе гэж нэрлэдэг. Харин сүүлийн үед ICT (Information & Communication Technology) буюу "мэдээлэл харилцааны технологи" эсвэл "мэдээлэл холбооны технологи" гэх нь элбэгшив. Ойлгомжтой, жаахан дээхэн үед компьютер болон программ хангамж, интернэт гэсэн технологийн шинэ шинэ ололтууд цаг үеийг тодорхойлж байсан бол, өдгөө технологийн шийдлээр хязгаарлагдахгүй хэрэглэгчдийн түвшин дэх хэрэглээний шийдэл нь тун чухал байр суурийг эзлэх болсноос тэр. Бас мэдээлэл боловсруулах хэрэгсэл гэхээс илүү харилцааны (communication) хэрэгсэл гэдэг утгаараа хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчилж эхэллээ. Энд гарутас ч томоохон байр суурь эзлэх ба жилээс жилд гарутас интернэт рүү холбогдох нэг чухал терминал болж ирж байна. Гэхдээ л "мэдээлэл харилцааны технологи" буюу ICT гэдэг нэршил нөгөө технологийн хүрээндээ л эргэлдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ илэрхийлэлд контэнтс (мэдээллийн агуулга, мэдээллийн үйлчилгээ) гэдэг утга бууж ирэхгүй.

Нэгэн номон дээр уншиж байсныг саналаа. Орчин үеийн хөгжлийг 4 шатанд хувааж болно гэж.
1. Аналог технологийн хөгжил
2. Аналог үйлчилгээний хөгжил
3. Дижитал технологийн хөгжил
4. Дижитал үйлчилгээний хөгжил
Юу гэхээр анх ТВ, радио гарах үед түүнийг үйлдвэрлэж байсан цахилгаан электрон бүтээгдэхүүн үйлдвэрлэл дэлхийн цаг үеийг тодорхойлж байв. Сони, Мацүшита, Филипс гээд л бүгд тэр цаг үеийн үр хөрвөл. Эдгээр компаниуд томорч чадсан. Аналог технологи ийн хөгжив.
Дараа нь энэхүү ТВ, радио гэх мэт технологи, хардвэаг ашиглаж телевизийн сувгууд, сонин хэвлэл мэдээллийн магнатууд хүчийг олсон. Аналог технологи дээр тулгуурласан үйлчилгээнүүд юм. Монголоор жишээлбэл мэдээллийн гол суваг дээр сууж буй ноён Балдорж гэхэд л үүнийг төлөөлнө.
Гуравдахь нь дижитал технологи. AиБиЭм-ээс авахуулаад Майкрософт гээд л. Ямар сайндаа Билл Гэйтс дэлхийн хамгийн баян хүн болохов. IT гээд байдаг маань энэ гуравдахь үе юм болов уу даа.
Тэгвэл та бид яг одоо 4 дэх үе рүү орох зааган дээр зогсож байна. Яхүү, Амазон бол гол төлөөлөгчид. Мэдээж Гүүгл бүхний анхаарлын төвд байна, харин технологийн компани гэгддэг тул маргах хүн гарах болов уу гээд шууд нэрлэж чадсангүй.
Энэхүү 4 дэх үеийг сүүлийн үед ихээр яригдах болсон Web2.0-ийг үүнтэй холбож ойлгож болно. Технологийн хувьд Web2.0 аль хэдэн жилийн өмнө шийдэгдчихсэн байсан шиг байгаа юм. Харин бродбанджилт хүчтэй тархаж, энэ дэд бүтэц нэлээд сайн тавигдангуут өдөр тутмын амьдрал, өргөн хэрэглээнд нэвтэрч ирж байна гэсэн үг. Хүмүүс урьдынх шиг зөвхөн хүлээн авах бус, өөрсдөө мэдээллийн эх үүсвэр боллоо. Хэдхэн жилийн өмнө мэдээллийн суваг дээр сууж буй нөхөд л "дуугарах эрхтэй" байсан бол өнөөдөр хэн ч гэсэн блог дээрээ дуугарч, хором зуурт ертөнцийн хүмүүст хүрэх боломжтой боллоо. Програм хангамж огт мэддэггүй байлаа ч, үнэхээр онгод авьяастай, эсвэл уйгагүй хөдөлмөрч бол хамгийн гүйлгээтэй сонин, сэтгүүлээс ч илүү олонд хүрэх мэдээллийн сувгийг бий болгож чадах болов. Интернэт дээр номын дэлгүүр байгуулья гэхэд л тоног төхөөрөмж, байшин сав гэх мэт хөрөнгө оруулалт хэрэггүй, програм хангамж ч хэрэггүй, тэр битгий хэл номын агуулах ч хэрэггүй болжээ. Амазонд өөрийн виртуал дэлгүүрийг хоромхон зуурт байгуулахад л хангалттай. Агуулах, дэлгүүрийн сайт, мөнгөний гүйлгээ зэргийг Амазон гүйцэтгэж, та бол ашгаасаа зөвхөн тодорхой хэмжээний суутгал төлөөд л болоо. Технологи ба холболтын дэд бүтцэн дээр тулгуурлан төрөл бүрийн үйлчилгээ, контэнтсууд ид олширч, дэвшиж ирлээ. Янз бүрийн хэлбэртэй ч бүгдээрээ Web2.0-ын нэг хэлбэр.
Ингээд бодоход ICT гэх нь ч бас учир дутагдалтай байгаа юм. Ердөө IC гэмээр юмуу? Өөрөөр хэлбэл технологи ч багтана, үйлчилгээ ба контэнтс ч багтана. Энэ шинэ үеийг юу гэж нэрлэмээр юм бэ дээ.

1 comment:

Эрин М.Тулгат said...

Sanal uldeesend bayarlalaa.