2006/09/03

Blogweek, Bookweek (2006/09/03)

Үзсэн блог, нийтлэл:
- Ганбаатар "Нострадамус". Мэдээллийн технологи ирээдүйд яаж хөгжих талаар тун сонирхолтойгоор зөгнөж бичжээ. Технологийн хөгжил хэн ч таахын аргагүй урагшилж байгаа учир ийм зөгнөл таарах нь хэцүү. Хэдий тийм ч, ирээдүйг сайн зөгнөхийн тулд өнгөрсөн ба одоог сайн мэдэх, үйл явдлуудын зүй тогтлыг тайлах, сайн анализ хийх чадвар хэрэгтэй. Тэр утгаар уншсан хүнд ихийг өгөх бичлэг болсон байна.
- Ганбат "Үнэтэй боловсрол". Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөхөн сургуулиуд төлбөрөө нэмэв. Энэ талаар Ганбат: "Боловсрол үнэтэй байх ёстой гэж би хувьдаа боддог юм. Үнэтэй байж гэмээнэ сурч байгаа нөхдүүд хаана байгаагаа, яах гэж сурч байгаагаа мэдэрнэ. Угаас үнэгүй юм хүндгүй гэж хүмүүс ярьдаг... ...Үнэндээ оюутнуудын тэн хагас нь хичээл номноос илүү хөөстэй шар усаа уугаад, гашуун утаагаа баагиулаад гэр сургууль баар гурвын хооронд сажлаад байхыг дээр гэж үздэг гэвэл хилсдэхгүй..." гэх зэргээр бичжээ.
- Дөлгөөн "Бид Ладенүүд ба даяаршил". Хэрээс хэтэрсэн "зэрлэг" үндсэрхэг үзэлтэй, өөрсдөө ямар ч чадваргүй, амьдралаа авч явах арчаагүй хэр нь гадныхныг үзэн ядсан хүмүүсийг тэрээр "монголын Бин Ладенүүд" гэж нэрлээд, "...сэтгэлгээнийхээ хоцрогдлоос бага ч болов ангижирч, эртхэн шиг террор биш ашиг хөөж эхэлбэл сайнсан..." гэх зэргээр бичиж.
-За тэгээд Наранбаяр "Грек Ромоос орчин үеийг харах нь"-ы үргэлжлэл дээр Фемистокл хувь заяаны эрхээр дайсны улс Персэд амьдарч, эцэстээ амиа хорлосныг мэдэж, Хишгээгийн "Гала, Гантулгад дуртай, тэгээд юу гэж?" дээрээс хүний дур сонирхолыг ийм тийм гэж хэлэх нээрээ л олигтой зүйл биш шүү ухааны юм бодож байлаа.

Уншсан ном:
Японд өнгөрсөн 5 сараас шинэ "Компанийн тухай хууль" хэрэгжиж эхэлсэн байгаа. Энэ хууль яагаад энэ цаг үед төрж гарав, ямар өөрчлөлтүүд оров гэх зэргийг сонирхож байсан учир Канда Хидэки "Компанийн тухай хуулийн үндэс" (*1) (Иванами шиншо хэвлэл) -ийг уншив. Шинэ хуулийн агуулгыг товч танилцуулахад,
- "Хязгаарлагдмал хариуцлагатай компани" буюу японоор юүгэн гайша-г үгүй хийж, тэдгээрийг "хувьцаат компани" болгосон (өнөөдрийг хүртэл ХХК байсан компани бол өөрсдөө хүсвэл хуучин статусаа хадгалж болно)
- Хувьцаат компани байгуулахад шаардлагатай байсан дүрмийн сангийн доод хэмжээг байхгүй болгосон. Өөрөөр хэлбэл дуртай хүн 1 иенээр ч хамаагүй компани байгуулж чадна.
- Худалдааны хууль (商法) дээрх холбох үгнүүд катагана байсныг бүгдийг хирагана болгож, энгийн хүн уншихад хялбар болгосон.
- Компанийг шууд хянаж контролдох, хязгаарлах аргаас татгалзаж, аль болох олон сонголттой, чөлөөтэй байлгах замд шулууджээ. Энэ нь "компани дүрмээрээ өөрийгөө хянах" (定款自治) гэдэг үгээр илэрхийлэгдэж байна.
- Ер нь 1990-ээд оноос хойш бабл эдийн засгийн нуралт, зах зээлийн глобалчлал, мэдээлэл холбооны хөгжил зэрэгтэй уялдаад худалдааны хуульд ар араасаа олон тасархай нэмэлт өөрчлөлт орж байсан учир энэ удаад бүгдийг нь нэгтгэн эмхэлсэн байна.
- Чиг хандлагын хувьд жижиг дунд компанид үзүүлэх хяналтын дарамтыг аль болох үгүй хийжээ.
- Сүүлийн жилүүдэд Японд эсрэгцсэн M&A-үүд (нэг компани нөгөөгөө худалдаж авах нь M&A боловч, худалдаж авахуулсан тал нь хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд эсрэгцсэн M&A болно) гарч шуугиан тарьсан билээ. Жишээ нь Лайвдоор өнгөрсөн жил Nippon Broadcasting System Inc,-ийн хувьцааг бөөнөөр худалдан авч гэнэт эзэн нь болсон гэх мэт. Үүнд зохицуулалт хийх үүднээс аливаа компани эсрэгцсэн худалдан авалтаас (敵対的買収) биеэ хамгаалах боломжийг олгосон байна.
- LLC, LLP зэрэг аж ахуйн нэгжийн шинэ бүтэц хэлбэрийг хуульчилсан. Энэ талаар би нэлээд сонирхож байсан боловч энэ номон дээр бараг дурдагдсангүй.
Шинэ хууль гарсантай холбогдоод номын дэлгүүрээр дүүрэн иймэрхүү ном өрөөстэй байна, дараа дахиад ганц хоёрыг уншиж үзэх санаатай.
--------------------------------
(*1) 神田秀樹 『会社法入門』、岩波新書、(c)2006

No comments: