2006/09/02

Боолчлолын эсрэг зогссон анхны сонин

Нийгэмд томоохон өөрчлөлт гаргахад урт хугацааны тасралтгүй хүчин зүтгэл хэрэгтэй. Ганц хавар бослого хөдөлгөөн гаргаад, Засгийн газрыг огцруулаад цэнгэлийн манлайг олчихно гэж байхгүй. Таван жил, магадгүй арван жилийн уйгагүй тэмцэл шаардагдана. Гэхдээ ингэж зугуухан хуримтлагдсан энерги, цаг нь болж ил гарах үедээ маш богино хугацаанд бүхнийг орвонгоор нь эргүүлж хаядаг билээ. Санаанд яагаад ч багтаагүй зүйлс биелж, хэзээ ч өөрчлөгдөшгүй мэт хөндөлссөн хана нурдаг. (Үүнтэй төстэй зүйлийг миний нэлээд дээр бичсэн "Нэг л агшинд"-аас уншиж болно).

Жишээ нь боолын ёсыг усгтах нийгмийн том операци гэхэд Америкийн Иргэний дайнд Умардынхан ялах хүртэл (1865 он) хамгийн багаар бодоход 30 гаран жил зарцуулагдсан байна. 17-р зууны Америкт боолын ёс гэдэг ид хүчтэй, хэзээ ч устгагдахааргүй бат бөх систем байв. Боолчлол нь нийгмийн тогтсон норм бөгөөд мэдээжийн зүйл байлаа. Үүнтэй тэмцье гэж яривал хүн гайхаж харна. Сармагчинг хүн болгоно гэнээ!?

Гэвч.....Зугуухан боловч тэмцэл эхэлжээ. Хорвоод шударга үнэн хаа нэгтээ байх ёстой, тэр заавал ялах ёстой гэсэн итгэл найдвар, миссиондоо хөтлөгдсөн хүмүүс... 1831 онд Гарриссон (W.L.Garrisson) гэдэг залуу "Чөлөөлөгч" нэртэй сонин гаргасан нь боолын ёсыг устгах хамгийн анхны бодитой хөдөлгөөний нэг байсан гэдэг. Анхан үед хэн ч тоож уншдаггүй сонин байж. Гэвч аажим аажмаар шинэ цаг үеийн тэрхүү шинэ дуу хоолойг хүмүүс анхаарал тавин сонсч эхэлсэн байна. Гарриссон нөхдийн хамт дарамт, айлган сүрдүүлэлт дунд ч эргэлт буцалтгүй тэмцсээр байв. Үнэндээ боолчлолыг устгах санаа нь тухайн үеийн цагаан арьстнууд, газрын эздийн хувьд хоолыг нь булааж хоолойг нь огтлохтой адил дайсагнал байсан хэрэг.

Цаг хугацаа өнгөрөх тусам уг сонин хүмүүсийн сонирхон уншдаг, нийгэмд хүчтэй нөлөө үзүүлдэг сонин болж ирэв. Мөн аажмаар Нью-Йорк Трибун гэх мэт бусад томоохон сонингууд хүртэл боолын ёсны эсрэг дуугарч эхэлжээ. Газар аж ахуйгаас хамаарал багатай үйлдвэржсэн Умардын мужууд захаасаа эхлээд боолын ёсноос татгалзаж эхлэв. Авраам Линкольн ерөнхийлөгч болсон нь 1860 он, тэрээр боолчлолын эсрэг хатуу зогсч байв. Түүнд дургүйцсэн өмнөдийнхөн тусгаар тогтносноо зарлаж, өөрсдийн ерөнхийлөгчийг сонголоо. Нэгдсэн Улсад салсан хоёр ерөнхийлөгч төрөв. Ингээд хүн төрөлхтний түүхэнд тод мөрөө үлдээсэн Америкийн Иргэний Дайн болж, 1865 онд умардын ялалтаар дуусав. “Civil War”, энэ бол ердийн нэг дотоодын дайн байсангүй. "Иргэний", өөрөөр хэлбэл "Иргэншлийн төлөөх дайн" байжээ.
Шинэ иргэншил хуучин тогтцыг ялсан нэгэн түүх энэ.

No comments: