2006/09/17

Blogweek, Bookweek (2006/09/17)

You Tube дээр Айс Топын "Саак" нэртэй дуу тавигджээ. Өнөөдөр бараг хорин удаа сонсов. Дахилтан дээрх гоцлол дуучин нь ямар өвөрмөц хоолой гаргаж байна аа, барууны дуунуудад иймэрхүү хоолой сонсогдож байдаг, монгол хүнээс ийм хоолой гарна гэдэг нэг л шинэ. Намайг Монголд байхад мэндлээгүй байсан "саак" гэж үг одоо залуусыг байлдан дагуулжээ. Би ч өөрийн мэдэлгүй дуунд чирэгдээд "саак, саак" гэж үглэж гарав. Одоо бодоход дунд сургуульд байсан үеийн нэг аз жаргал маань дуу хөгжим байжээ. Орой байрныхантайгаа гитардаад л, Битлзээс авахуулаад Roxette, Cranberries гээд тэр үед сэтгэл хөгжөөх дуу ямар олон бөгөөд дуусашгүй байв! Гэртээ кабелийн телевиз тавиулахын тулд ээж аавыг ятгаж, янзгүй болохоор нь өөрөө мөнгө олж залгуулаад MTV сонсч байлаа. Бараг MTV үзэхийн тулд халаасан дахь хэдэн бороосоо илүүчлэн сарын хураамж төлдөг байв. 90-ээд оны MTV найзуудтай минь хамт намайг солиоруулж, бас амьдруулж байлаа.

Үзсэн блог, нийтлэл:
Отгонпүрэв гэж залуугийн блогийг олж уншлаа. Түүний бичсэн зүйлүүдийг уншаарай, жишээ нь 21 нас нэртэй бичлэг нь дажгүй, мэдээж бусад нь ч гэсэн. Бас тэнэж яваад Баянзулын блогийг олж баярлах гайхах зэрэгцэв, олон жил дуугийн нь сонссонгүй, дүрийг нь харсангүй. Шууд л блог листдээ нэмлээ. Ажилдаа дуртай, хийж бүтээж яваа найздаа сайн сайхныг хүсье. Ер нь IT талын олон залуус блог бичиж байна, эд нар монголын дараа үеийнхэн гэдэг эргэлзээгүй. Зүгээр нэг "дараа үеийнхэн" биш, монголыг авч явах, маш хүчтэй нөлөөлөх хүмүүс гэдэг утгаар. Зөв бодолтой, бүтээлч хүмүүс хоорондоо уулзаж танилцаж, магадгүй нэтвөрк бүлэглэл үүсгэхийг би зөв гэж боддог. Харин ирээдүйн өндөр тайзан дээр гарсан хойноо, өөрийгөө биш, улс нийгмээ гэсэн сэтгэлээ бүү алдаарай залуус минь.
Наранбаяр Гадаад дахь монголчуудын эрх ашиг-т суурийн телефоны үнэ нэмэгдсэн тухай сонины мэдээн дээр тулгуурлаж бичжээ. Даян дэлхий мэдээлэл холбооны технологид дээд зэргээр анхаарч бодлого үүнд бүрэн чиглэж байтал Монголын хувьд харин эсрэг. Наранбаярын ёжилсноор "ухрах араандаа залгах" нь тэрээ.
Түүний Азтай улсууд бичлэг бүр чанга. Хөгжингүй орны төрийн түшээд хэвлэл мэдээллийн байнгын хяналтын дор байдаг зовлонтой амьтас юм, харин манайд эсрэгээр магтуулах нь олон, юун хянагдах манатай, азтай улс түмний дээр тарвалзана. Ингэхэд сүүлийн үед блог бичигчид Сонин.мн гэх мэт Монголоос ирж буй мэдээлэлд анализ тавьж үзгээ хурцлах хандлагатай байх шиг. Энэ бол яах аргагүй нийтийн хандлага бөгөөд, дэлхий дээр мэдиагийн шинэ төрөл болохын хувьд блогийн гүйцэтгэж байгаа нэг гол үүрэг мөн. Newsweek сэтгүүлийн 2006.03.15-ны дугаарт "Сонинг блог багалзуурдах уу?" нэртэй тусгай нийтлэлд TV Newser нэрт блогийн тухай бичсэн байв. Телевизийн нэвтрүүлэг, мэдээнд өдөр тутам дүгнэлт шинжилгээ өгдөг уг блог дэндүү мэргэжлийн, чадварлаг байсанд хүмүүс эзэн нь хэн болохыг хайж олонд танигдсан нэртэй сэтгүүлч, эсвэл мэдээллийн талын хүн байгаа даа гэж тааварлацгааж байж. Гэтэл тэр нь 18-хан настай оюутан байсан гэж байгаа. Лавшруулахад уг тусгайтлалд, "сонин сэтгүүлийн үүрэг өнөөдрийг хүртэл үйл явдлын мэдээг шууд дамжуулахаас гадна шалгарсан сэтгүүлч, редактор тоймчдын дүгнэлтийг хүмүүст бэлэн хүргэхэд байлаа, тэгвэл одоо хүмүүс сонингийн тоймноос илүү тухайн мэдээний талаар хүмүүс блогт юу гэж байгааг сонирхдог болж. Гэхдээ эгэл жирийн блогчид, хувь хүмүүс Иракт байрлаж репорт явуулаад байж чадахгүй, тиймээс иймэрхүү хөрөнгө капитал, тоног төхөөрөмж хэрэгтэй зүйлд одооны мэдээллийн агентлагууд үүргээ гүйцэтгэсээр байх бизээ" гэж бичсэн байж билээ.
Үнэндээ мэдээг хамгийн хурдан авахад Яхүү, Гүүгл, харин анализ дүгнэлт уншихад Блог хангалттай гэх хүмүүс олширчээ. Юун өнөөдрийн мэдээг уншихын тулд маргааш өглөөний сонинг хүлээх манатай. Яхүү дээр цаг тутамд хамгийн шинэ мэдээ орж ирж байгаа цагт.
Blogweek, bookweek дээр би аль болох монгол блогуудаас танилцуулах бодолтой байдаг (дэмжих, олшруулах үүднээс), харин сонин.мн дээр гарсан Баабарын "Хөгжил дэвшил рүү явж байгаа юм бүхэн миний шүтээн" тун сайхан ярилцлага байна лээ. Зарим хүмүүс ном орчуулах гэж алж хаяж байгаа тухай "тэр номыг тэгж оршуулжээ" гэж ч билүү ёжилсон байсныг уншаад баахан инээв. Уншсан хүн олон байгаа байх, арайхан завдаагүй хүнд уншихыг зөвлөе.

Уншсан ном
Шибусава Эй-ичи "Цэц ба сампин". Шибусава саны энд тэнд уншсан лекцийн цуглуулга юм билээ. Бараг сар гаран дамжуулж уншсаар (би нэг дор хэд хэдэн ном зэрэг уншдаг зантай) өнөөдөр л "Үнэ 7 төг 20 мөнгө" гэдэгт нь хүрэв. Сонирхол татах хэсгүүд олон байлаа, жишээ нь "Сампин ба эрх мэдэл" бүлэгт "Христ, Күнз, бурхан Буддагийн аль нь ч хүндэлж бишрэхээр түүхийн бүтээлүүд гэхдээ би тэр дундаас Күнзэд илүүтэй итгэж, илүүтэй хүндэтгэдэг юм. Миний итгэлийг зузааруулдаг нэг учир шалтгаан бол Христ дээр ч, Будда дээр ч олон ид шидийн хүчний тухай гардаг. Харин Күнзийн тухай түүх намтар, номлол сударлалд тийм зүйл, элдэв чимэг огт байдаггүй нь миний сэтгэлийг татдаг" гэсэн байсан. Бас л сонирхолтой дүгнэлт. Энэ номын "Өөрөө савхаа барьж ав" бүлгийг бол тэр чигээр нь орчуулж тавимаар юм билээ. (Номын нэр японоор 渋沢栄一『論語と算盤』、国書刊行会)

5 comments:

Г.Ганбат said...

Тэр Айс Топ ийн дуу золигийн эд байгаа юм. :D.
Халаас хоосон ч надад эрх чөлөө байна
гэж дуулж явж байгаад халаасны хулгайчид хоослуулсан.

Зэлмэ said...

Одоо л энэ дууг сонсож байгаа юм уу. Би анх сонссоныхоо дараа нэг хэсэг баахан сонсож билээ. Тэр үг, ая дахилтыг дуу болж байгаа маяг гэж янзтай, янзтай

Зэлмэ said...

дахилтыг дуулж байгаа маяг гэх гэж байгаад андуурчиж, уучлаарай. Жаахан пиво уусан чинь нөлөөлж байх шиг байна, согтуу толгой чинь

khuder said...

sain baina uu. amazon deer harsan chin 「論語と算盤」gedeg nomiin 出版社 ni 図書刊行会 bish 国書刊行会 gej baina. bi ene 国書刊行会 companii dergedeh yopon helnii surguuliig tugssun yum l daa.
blog taalagdlaa,
「お気に入り」に追加しとくっす。

Эрин М.Тулгат said...

Khuder-t
Tiim baina, saya hartal neeree tiim nertei baij. Zalruulj ogsond gunee talarhal ilerhiiliye.