2006/09/29

Passion - Аль дизайныг сонгох вэ?

Саналаа ирүүлж байгаа та бүхэнд гүн талархал илэрхийлье.
Цахимөртөөний мэйл листэд "номын зохиогч биш байж, орчуулсан байгууллагын нэрийг авторын доор хамт тавьсан нь ёс суртахуунгүй хэрэг, сүүлийн үед ингэж co-author болж харагдах гэсэн оролдлого ихсэж байгаа юм биш үү" гэсэн шүүмжлэл гарчээ. Хүмүүст буруу ойлголт төрүүлсэнд хүлцэл өчөөд бяцхан тайлбар өгөх нь зүйтэй гэж үзлээ. Японд орчуулгын номын хавтсан дээр зохиолчийн нэрийн яг доор нь ардаа хаалтанд 訳(орчуулагч) гэсэн бичигтэйгээр орчуулагчийн нэр тавигддаг. Co-author болж харагдах гэсэн тийм өчүүхэн санаа хаанаас байх билээ. Энэ загварыг хийсэн хүн монголоор "орчуулагч" гэдгийг юу гэдгийг мэдэхгүй учир түр ингэж тавьсан гэж байсан. Мөн эдгээр загварт ЭМОС гэдэг нэр 2 удаа орсон нь нэг нь орчуулагчийн хувьд, нөгөө нь ЭМОС-ын лого орно гэдэг утгаар түр оруулсан байгаа. Яг хэвлэхдээ бол ямар үг, ямар нэрээр тавих вэ гэдгийг тусад нь шийднэ, ийм олон ЭМОС нэг дор тавихгүй. Энэ удаад зөвхөн ерөнхий дизайн дээр санал цуглуулж байгаа. (2006/10/3-нд нэмэв.)
----------
ЭМОС клуб "Амжилтад хүрэх гал эрмэлзэл- Passion" номын орчуулгыг энэ 10 сард багтааж худалдаанд гаргах гэж байгаа билээ. Бидэнд хавтасны дизайн дээр 3 санал байгаа юм. Аль дизайнаар нь хэвлэвэл дээр вэ, та саналаа нэмэрлэнэ үү? Блогны баруун цэсэнд санал хураалтын төхөөрөмж тавьсан. ЗУРAГ ДЭЭР ДАРВАЛ ТОМОРНО.



 1   2

 3

Киотогийн серамикийн компанийг дэлхийн хэмжээний групп болгон томруулж, шинэ бизнест ээлж дараалан түрж орсон алдарт бизнесмэн Инамори Казүогийн бүтээл. Бизнест ч тэр, хувийн амьдралд ч тэр, амжилт олох найдвартай арга зам юу вэ? "Хүний ёсыг баримталж, хэзээд зөвийг эрхэмлэхийг" компани байгуулах үеэсээ гол зарчим болгосон түүний амьдралын философи, алтан туршлага. Байгуулсан KDDI групп нь Мобикомын хөрөнгө оруулагч бөгөөд энэ утгаараа Монголын мэдээлэл холбооны хөгжилд ч онцгой хувь нэмэр оруулсаар ирлээ. Шинэ үеийн монголчууд, шинэ цагийн бизнесмэнүүдийг урмаар тэтгэж, олноор дагуулах болтугай!

ЭМОС клубын вэбсайт: http://www.emongol.net/emos/

----------
Зохиогчийн нэр зөвөөрөө бол "Инамори". Энд байгаа загварууд дээр алдаад "Инамомри" гэчихсэн байгаа. Жинхэнэ хэвлэлтэн дээрээ бол засна. Кирилл фонтгүй Фотошоп дээр хийлгүүлж байгаа болохоор жинхэнэ биш ноорог дээр байн байн засвар хийлгэхийг яарсангүй (бас л 2006/10/3-нд нэмэв.)

2006/09/28

Мэйл бичихэд

Японд ирээд тун удаагүй байгаа нэг оюутан зарим нэг зүйлийг асуусан мэйл надад ирүүлэв. Тэгээд унштал мэйл нь: "sain u. Bi ter bna. Ter gedeg university.d srj bna. (tovchlov) mgl ruu message yavuulahad yaaj yahuuldgiig meddeg bol helj uguurei. Uur shine irsen yuugaa ch medehgui hund zuvluchihmuur zuil baival helj tyslana uu." гэх маягийн бичлэгтэй байлаа.

Танихгүй хүнд анх удаа бичиж байгаа, тэгэх тэгэхдээ зүгээр мэйл биш дотроо гуйлт хүсэлттэй мэйл гэхэд арай л бодолтой бичих хэрэгтэй байсан мэт. Мэйлнээс нүүр царай, байр байдал харагдахгүй болохоор унших хүн зөвхөн бичигнээс нь л тухайн хүнийг дүгнэхээс өөр аргагүй. Хэр зэрэг чин сэтгэлээс бичсэн байна, хэр зэрэг нямбай бичиж хандсан хүнээ хүндэтгэсэн байна, найруулгын болоод зөв бичгийн алдаа ямар вэ зэргээс тэр хүний боловсролын болоод хүмүүжлийн түвшин нэлээд танигддаг. Зөв бичгийн дүрэм баримтлах, хэрэв хүсэлт гаргасан бол "цагийг тань алдуулж байгаадаа уучлал хүсье" гэх мэтээр цаад хүнээ бодсон үг оруулах гэх зэрэг нь жижиг мэт боловч тухайн хүний сэтгэлгээ, соёлыг үзүүлэх зүйлүүд. Мэдээж хэд хэдэн удаа харилцаад, дотно болоод ирсэн хойно Hi, OK, чи би, сн уу бна уу, түүк таак болно оо, чөлөөтэй.

Өмнө ч гэсэн ийм мэйлтэй хэд хэд тохиолдож байсан болохоор зарим нэгэнд санаа өгөх үүднээс бичлээ.

2006/09/24

Тайваньд аялсан тэмдэглэл No.2

Аян замын тэмдэглэлийнхээ үргэлжлэлийг сонирхуулъя. Энэ удаад White Ladder фото зургийн студид очсон тухай, "2.28 хэргийн" түүхэн музей, түүний далимд Тайванийн түүхийн тухай бичсэн. Тайвань нь дайны дараах Гоминдан дарангуйлалын тогтолцооноос саяхан буюу 1987 онд ангижирч, орчин үеийн ардчилсан орон болох замд эргэлт буцалтгүй шулуудсан байгаа. 2004 онд Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн зэргийг энд бичлээ. Дэлгэрэнгүйгээр: Аяны тэмдэглэл №2

Blogweek, Bookweek (2006/09/24)

Блогоор сонин юутай?
Бат-Отгон гэж Солонгост сурдаг залуугийн "Нано, нано бvх юм нано" тун их сэтгэл гаргаж бичсэн, шинжлэх ухааны шинэ мэдээлэлтэй бичлэг байна. Би өөрөө байгалийн шинжлэх ухаанд паг хүн л дээ, гэхдээ хааяа шинэ мэдээллээр толгойгоо цэнэглэхийг (шүүрхий шанага шиг эд) бодож явдаг.
Зоригт зун нутаг яваад блогоо шинэчлэхгүй байсан, нэг амьсгаагаар хоёр бичлэг нэмжээ. Монголд байсан тэмдэглэл, бас Окинавагаар аялсан Аяны хууч. Тойрог сангийнхаа үйл ажиллагааны хүрээнд залуусын дунд арга хэмжээ зохиох гэх мэтээр ажил амжуулаад ирсэн байна.
Гобигийн блог дээрээс Нийтээрээ хайх нь бичлэгийг уншлаа. Хүмүүст бас уншихыг зөвлөх байна. Магадгүй зарим үед мэргэжлийн ч юм шиг сайн ойлгохооргүй үг хэллэг гарна. Гэхдээ л хичээгээд уншаад байх хэрэгтэй. IT literacy-гаа ахиулж, цаг үетэй хослуулж явахгүй бол болохгүй. Одоо үед А, Бэ гэж уншихыг бичиг үсэгт тайлагдсан гэж хэлэхгүй, орчин үеийн үг хэллэгүүдийг хэр сайн мэдэж, зөв ашиглаж байна гэдгээс тэр хүний боловсролын түвшин шууд харагдана, ажил хэрэг бүтэх, найз нөхөдтэй болох зэрэгт гарцаагүй чухал нөлөөтэй. Digital divide гэж байдаг. Энэ нь интернэт болон компьютер сайн хэрэглэдэг, наад захын түлхүүр үг зэргийг мэддэг хүмүүс болон тийм биш хүмүүс хоёрын хооронд улам бүр зааг гарч, тэр нь сүүлдээ орлого, амьжиргааны түвшиний ялгаа болон тодорч байгааг илэрхийлдэг үг. Тэгэхээр бид өөрсдөө тийм байдалд орохгүй байхын тулд үгүй ядаж Гобигийн ч юмуу, энэ чиглэлээр бусдадаа хамгийн шинэ сониноос дуулгаж байгаа хүмүүсээсээ юм сонсч байх хэрэгтэй юм.

Уншсан ном
Шиба Рёотароогийн "Даваан дээрх үүл"-ийн 1-р ботийг уншив. Гайхалтай ном байна. Дээр уншсан "Хорвоогийн өдрүүд"-тэй зэрэгцээд миний уншсан Шиба саны номнууд дотор хамгийн дуртай ном болох нээ (дөнгөж 1-р ботийг уншсан боловч). Агуулга нь 1905 оны Орос-Японы дайнд гавьяа байгуулсан Иёо Мацүяма аймгаас (одоогийн Эхимэ муж) гаралтай ах дүү хоёр Акияма ба тэдний найз нэрт шүлэгч Масаока Шики нарын тухай. Ах нь морьт цэргийн жанжин, дүү нь тэнгисийн флотын ерөнхий стратегич (японоороо бол 参謀 юм, үүнийг монгол хэлэнд юу гэж хэлдэг юм болоо?). Аль алиных нь өвөрмөц зан характер, үзэл санаа зэрэг нь хүнд санаа өгөх, залуу хүнд зориг хайрлахуйц ном юм.

(司馬遼太郎『坂の上の雲』、文春文庫)

Сайн єдрєєр монголчуудтайгаа

Өчигдөр Токиод байдаг монгол хоолны зоогой "Mongol town"-д(*1) очиж үзлээ. Амттай монгол хоол, халуун нөхөрсөг уур амьсгал дунд сайхан байв. Сумочид, мөн оюутан залуус ч үзэгдэнэ. Уг зоогойг ажиллуулдаг Өлзий эгчтэй анх удаа нүүр тулж уулзав. Энэ хүн Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын шугамаар Япон-Монголын бизнесийн гүүр болох тал дээр олон ажил, арга хэмжээ зохиож ирсэн, бидний хүндэлж үлгэр жишээ авууштай хүмүүсийн нэг. Монголын хувийн секторын хөгжлийн тухай Японд гарсан нэг номон дээр гарсан зэргээр нь энэ хүний тухай анх мэдэж байсан санагдана. Бид хоёрын яриа Японд байгаа монголчуудын дунд хоорондоо хамтрах, бие биенээ дэмжих сүлжээ дутагдаж ирсэн тухай, юм хийх ямар боломж байгаа тухай зэрэг сэдвээр өрнөв. Өвөр монголчууд гэхэд бүр нэтвөрк нь айхтар хөгжчихсөн, дөнгөж ирсэн оюутнуудаа дэмждэг, төгсөөд ажил хайхад нь мэдээллээр тусалдаг, тэр ч байтугай дундаа тэтгэлгийн сантай, хувиар сурч байгаа оюутнууддаа зээл олгодог гэх мэтийг ярьж байлаа.












(Музей дотор)


Өнөөдөр Шибусава Эйичигийн музейг (*2) үзлээ. Монголын хөөрхөн охид, сайхан залуус цуглажээ (өөрийгөө хавчуулаад гэж). Ихэнхтэй нь анх удаа уулзсан. Үзэж дуусаад цугтаа хоолонд орж хөгжилтэй байлаа.









(*1) Mongol town зоогой
Хаяг: 3-7-2 Higashi Kanda, Chiyoda-ku
Утас: 03-3863-4441
Очих: JR Asakusabashi өртөөнөөс алхаад 2 мин.

(*2) Шибусава Эй-ичигийн музей
Байршил болоод очих арга: Энд товшино уу.

2006/09/17

Blogweek, Bookweek (2006/09/17)

You Tube дээр Айс Топын "Саак" нэртэй дуу тавигджээ. Өнөөдөр бараг хорин удаа сонсов. Дахилтан дээрх гоцлол дуучин нь ямар өвөрмөц хоолой гаргаж байна аа, барууны дуунуудад иймэрхүү хоолой сонсогдож байдаг, монгол хүнээс ийм хоолой гарна гэдэг нэг л шинэ. Намайг Монголд байхад мэндлээгүй байсан "саак" гэж үг одоо залуусыг байлдан дагуулжээ. Би ч өөрийн мэдэлгүй дуунд чирэгдээд "саак, саак" гэж үглэж гарав. Одоо бодоход дунд сургуульд байсан үеийн нэг аз жаргал маань дуу хөгжим байжээ. Орой байрныхантайгаа гитардаад л, Битлзээс авахуулаад Roxette, Cranberries гээд тэр үед сэтгэл хөгжөөх дуу ямар олон бөгөөд дуусашгүй байв! Гэртээ кабелийн телевиз тавиулахын тулд ээж аавыг ятгаж, янзгүй болохоор нь өөрөө мөнгө олж залгуулаад MTV сонсч байлаа. Бараг MTV үзэхийн тулд халаасан дахь хэдэн бороосоо илүүчлэн сарын хураамж төлдөг байв. 90-ээд оны MTV найзуудтай минь хамт намайг солиоруулж, бас амьдруулж байлаа.

Үзсэн блог, нийтлэл:
Отгонпүрэв гэж залуугийн блогийг олж уншлаа. Түүний бичсэн зүйлүүдийг уншаарай, жишээ нь 21 нас нэртэй бичлэг нь дажгүй, мэдээж бусад нь ч гэсэн. Бас тэнэж яваад Баянзулын блогийг олж баярлах гайхах зэрэгцэв, олон жил дуугийн нь сонссонгүй, дүрийг нь харсангүй. Шууд л блог листдээ нэмлээ. Ажилдаа дуртай, хийж бүтээж яваа найздаа сайн сайхныг хүсье. Ер нь IT талын олон залуус блог бичиж байна, эд нар монголын дараа үеийнхэн гэдэг эргэлзээгүй. Зүгээр нэг "дараа үеийнхэн" биш, монголыг авч явах, маш хүчтэй нөлөөлөх хүмүүс гэдэг утгаар. Зөв бодолтой, бүтээлч хүмүүс хоорондоо уулзаж танилцаж, магадгүй нэтвөрк бүлэглэл үүсгэхийг би зөв гэж боддог. Харин ирээдүйн өндөр тайзан дээр гарсан хойноо, өөрийгөө биш, улс нийгмээ гэсэн сэтгэлээ бүү алдаарай залуус минь.
Наранбаяр Гадаад дахь монголчуудын эрх ашиг-т суурийн телефоны үнэ нэмэгдсэн тухай сонины мэдээн дээр тулгуурлаж бичжээ. Даян дэлхий мэдээлэл холбооны технологид дээд зэргээр анхаарч бодлого үүнд бүрэн чиглэж байтал Монголын хувьд харин эсрэг. Наранбаярын ёжилсноор "ухрах араандаа залгах" нь тэрээ.
Түүний Азтай улсууд бичлэг бүр чанга. Хөгжингүй орны төрийн түшээд хэвлэл мэдээллийн байнгын хяналтын дор байдаг зовлонтой амьтас юм, харин манайд эсрэгээр магтуулах нь олон, юун хянагдах манатай, азтай улс түмний дээр тарвалзана. Ингэхэд сүүлийн үед блог бичигчид Сонин.мн гэх мэт Монголоос ирж буй мэдээлэлд анализ тавьж үзгээ хурцлах хандлагатай байх шиг. Энэ бол яах аргагүй нийтийн хандлага бөгөөд, дэлхий дээр мэдиагийн шинэ төрөл болохын хувьд блогийн гүйцэтгэж байгаа нэг гол үүрэг мөн. Newsweek сэтгүүлийн 2006.03.15-ны дугаарт "Сонинг блог багалзуурдах уу?" нэртэй тусгай нийтлэлд TV Newser нэрт блогийн тухай бичсэн байв. Телевизийн нэвтрүүлэг, мэдээнд өдөр тутам дүгнэлт шинжилгээ өгдөг уг блог дэндүү мэргэжлийн, чадварлаг байсанд хүмүүс эзэн нь хэн болохыг хайж олонд танигдсан нэртэй сэтгүүлч, эсвэл мэдээллийн талын хүн байгаа даа гэж тааварлацгааж байж. Гэтэл тэр нь 18-хан настай оюутан байсан гэж байгаа. Лавшруулахад уг тусгайтлалд, "сонин сэтгүүлийн үүрэг өнөөдрийг хүртэл үйл явдлын мэдээг шууд дамжуулахаас гадна шалгарсан сэтгүүлч, редактор тоймчдын дүгнэлтийг хүмүүст бэлэн хүргэхэд байлаа, тэгвэл одоо хүмүүс сонингийн тоймноос илүү тухайн мэдээний талаар хүмүүс блогт юу гэж байгааг сонирхдог болж. Гэхдээ эгэл жирийн блогчид, хувь хүмүүс Иракт байрлаж репорт явуулаад байж чадахгүй, тиймээс иймэрхүү хөрөнгө капитал, тоног төхөөрөмж хэрэгтэй зүйлд одооны мэдээллийн агентлагууд үүргээ гүйцэтгэсээр байх бизээ" гэж бичсэн байж билээ.
Үнэндээ мэдээг хамгийн хурдан авахад Яхүү, Гүүгл, харин анализ дүгнэлт уншихад Блог хангалттай гэх хүмүүс олширчээ. Юун өнөөдрийн мэдээг уншихын тулд маргааш өглөөний сонинг хүлээх манатай. Яхүү дээр цаг тутамд хамгийн шинэ мэдээ орж ирж байгаа цагт.
Blogweek, bookweek дээр би аль болох монгол блогуудаас танилцуулах бодолтой байдаг (дэмжих, олшруулах үүднээс), харин сонин.мн дээр гарсан Баабарын "Хөгжил дэвшил рүү явж байгаа юм бүхэн миний шүтээн" тун сайхан ярилцлага байна лээ. Зарим хүмүүс ном орчуулах гэж алж хаяж байгаа тухай "тэр номыг тэгж оршуулжээ" гэж ч билүү ёжилсон байсныг уншаад баахан инээв. Уншсан хүн олон байгаа байх, арайхан завдаагүй хүнд уншихыг зөвлөе.

Уншсан ном
Шибусава Эй-ичи "Цэц ба сампин". Шибусава саны энд тэнд уншсан лекцийн цуглуулга юм билээ. Бараг сар гаран дамжуулж уншсаар (би нэг дор хэд хэдэн ном зэрэг уншдаг зантай) өнөөдөр л "Үнэ 7 төг 20 мөнгө" гэдэгт нь хүрэв. Сонирхол татах хэсгүүд олон байлаа, жишээ нь "Сампин ба эрх мэдэл" бүлэгт "Христ, Күнз, бурхан Буддагийн аль нь ч хүндэлж бишрэхээр түүхийн бүтээлүүд гэхдээ би тэр дундаас Күнзэд илүүтэй итгэж, илүүтэй хүндэтгэдэг юм. Миний итгэлийг зузааруулдаг нэг учир шалтгаан бол Христ дээр ч, Будда дээр ч олон ид шидийн хүчний тухай гардаг. Харин Күнзийн тухай түүх намтар, номлол сударлалд тийм зүйл, элдэв чимэг огт байдаггүй нь миний сэтгэлийг татдаг" гэсэн байсан. Бас л сонирхолтой дүгнэлт. Энэ номын "Өөрөө савхаа барьж ав" бүлгийг бол тэр чигээр нь орчуулж тавимаар юм билээ. (Номын нэр японоор 渋沢栄一『論語と算盤』、国書刊行会)

2006/09/10

Тайваньд аялсан тэмдэглэл No.1

Өнгөрсөн 7 хоногт ээлжийн амралтаа авч Тайваниар аялаад ирэв. Энэ хугацаанд блог шалгасангүй, ном ч уншиж завдсангүй, харин Тайваньд үзэж харсан аяны сониноос хуваалцахаар шийдлээ. Товчдоо энэ орон үнэхээр их таалагдлаа. Гэмт хэрэг бага, амар жимэр бөгөөд хүмүүсийнх нь нүдэнд бухимдал уур уцаар үл үзэгдэх ба нүд дүүрэн инээсэн сайхан зантай юм. Тайланд юмуу Итали гэх мэт оронд байдаг гадаадын жуулчдыг юм мэдэхгүй болохоор нь хуурах, мөнгө салгах гэсэн зүйл таарахгүй учир их л сэтгэл тайван аялав. Явахын өмнө вэбсайтууд дээр судалж үзэхэд такси нь яг метрээрээ мөнгөө авдаг учир сэтгэл зовохгүй байж болно гэсэн байлаа. Аялалын хөтөч-номон (guidebook) дээр ч гэсэн Тайвань хүмүүсийн зан чанарыг "маш хөдөлмөрч, номонд шамдуу, шулуухан зантайн дээр бие даасан сэтгэлгээтэй. Ажилчид нь компанийн захирал болох мөрөөдөл тээн ажиллах зэргээр маш өөдрөг үзэлтэй, гадаадын жуулчдад чин сэтгэлээсээ сайхан ханддаг" гэх мэтээр их магтаж бичсэн байхыг уншаад өөрийн эрхгүй "ямар атаархмаар орон бэ?" гэж уулга алдаад эхнэртээ шоолуулж билээ.
Түүх нь ч маш сонин. Голланд, Мин улс, Манж Чин улсын захиргаанд ээлж дараалан байж байгаад, 50 жил Японы колони болж, дайны дараа Чан Кай Шекийн гоминдан намын тоталитар дэглэмийн дор Бүгд Найрамдах Хятад улс (Republic of China) нэртэйгээр өөрийгөө зарлаж, 1980-аад оны сүүлээс ардчилагдаж орчин үеийн иргэншсэн ардчилсан орон болсон түүхтэй. 20 гаруй сая хүн амтай, нийслэл Тайпэй нь 2.7 сая оршин суугчтай. Азийн 4 барын нэг болж үсрэнгүй хөгжиж ирсэн бөгөөд электроник, тэр дундаа хагас дамжуулагч, шингэн кристал гэх мэт үйлдвэрлэлээр дэлхийд толгой цохидог. Монгол улс хэдийгээр дипломат харилцаагүй, өөрөөр хэлбэл Тайванийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй боловч сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын ажиллагаа идэвхжиж, 2003 оноос Худалдаа соёл хариуцсан төлөөлөгчийн газраа байгуулсан. Ер нь БНХАУ-ын дарамтаас болж арлын голцуу 27 жижиг орныг эс тооцвол дэлхийн ихэнх улс Бүгд Найрамдах Хятад Улс буюу Тайванийг хүлээн зөвшөөрөөгүй байгаа.

Аяны сонингоо цуврал болгож бичих санаатай. Ирэх долоо хоногоос эхлүүлнэ дээ.




Зураг дээрх нь Тайпэй хот дахь дэлхийн хамгийн өндөр байшин, "101 барилга"

2006/09/03

Blogweek, Bookweek (2006/09/03)

Үзсэн блог, нийтлэл:
- Ганбаатар "Нострадамус". Мэдээллийн технологи ирээдүйд яаж хөгжих талаар тун сонирхолтойгоор зөгнөж бичжээ. Технологийн хөгжил хэн ч таахын аргагүй урагшилж байгаа учир ийм зөгнөл таарах нь хэцүү. Хэдий тийм ч, ирээдүйг сайн зөгнөхийн тулд өнгөрсөн ба одоог сайн мэдэх, үйл явдлуудын зүй тогтлыг тайлах, сайн анализ хийх чадвар хэрэгтэй. Тэр утгаар уншсан хүнд ихийг өгөх бичлэг болсон байна.
- Ганбат "Үнэтэй боловсрол". Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөхөн сургуулиуд төлбөрөө нэмэв. Энэ талаар Ганбат: "Боловсрол үнэтэй байх ёстой гэж би хувьдаа боддог юм. Үнэтэй байж гэмээнэ сурч байгаа нөхдүүд хаана байгаагаа, яах гэж сурч байгаагаа мэдэрнэ. Угаас үнэгүй юм хүндгүй гэж хүмүүс ярьдаг... ...Үнэндээ оюутнуудын тэн хагас нь хичээл номноос илүү хөөстэй шар усаа уугаад, гашуун утаагаа баагиулаад гэр сургууль баар гурвын хооронд сажлаад байхыг дээр гэж үздэг гэвэл хилсдэхгүй..." гэх зэргээр бичжээ.
- Дөлгөөн "Бид Ладенүүд ба даяаршил". Хэрээс хэтэрсэн "зэрлэг" үндсэрхэг үзэлтэй, өөрсдөө ямар ч чадваргүй, амьдралаа авч явах арчаагүй хэр нь гадныхныг үзэн ядсан хүмүүсийг тэрээр "монголын Бин Ладенүүд" гэж нэрлээд, "...сэтгэлгээнийхээ хоцрогдлоос бага ч болов ангижирч, эртхэн шиг террор биш ашиг хөөж эхэлбэл сайнсан..." гэх зэргээр бичиж.
-За тэгээд Наранбаяр "Грек Ромоос орчин үеийг харах нь"-ы үргэлжлэл дээр Фемистокл хувь заяаны эрхээр дайсны улс Персэд амьдарч, эцэстээ амиа хорлосныг мэдэж, Хишгээгийн "Гала, Гантулгад дуртай, тэгээд юу гэж?" дээрээс хүний дур сонирхолыг ийм тийм гэж хэлэх нээрээ л олигтой зүйл биш шүү ухааны юм бодож байлаа.

Уншсан ном:
Японд өнгөрсөн 5 сараас шинэ "Компанийн тухай хууль" хэрэгжиж эхэлсэн байгаа. Энэ хууль яагаад энэ цаг үед төрж гарав, ямар өөрчлөлтүүд оров гэх зэргийг сонирхож байсан учир Канда Хидэки "Компанийн тухай хуулийн үндэс" (*1) (Иванами шиншо хэвлэл) -ийг уншив. Шинэ хуулийн агуулгыг товч танилцуулахад,
- "Хязгаарлагдмал хариуцлагатай компани" буюу японоор юүгэн гайша-г үгүй хийж, тэдгээрийг "хувьцаат компани" болгосон (өнөөдрийг хүртэл ХХК байсан компани бол өөрсдөө хүсвэл хуучин статусаа хадгалж болно)
- Хувьцаат компани байгуулахад шаардлагатай байсан дүрмийн сангийн доод хэмжээг байхгүй болгосон. Өөрөөр хэлбэл дуртай хүн 1 иенээр ч хамаагүй компани байгуулж чадна.
- Худалдааны хууль (商法) дээрх холбох үгнүүд катагана байсныг бүгдийг хирагана болгож, энгийн хүн уншихад хялбар болгосон.
- Компанийг шууд хянаж контролдох, хязгаарлах аргаас татгалзаж, аль болох олон сонголттой, чөлөөтэй байлгах замд шулууджээ. Энэ нь "компани дүрмээрээ өөрийгөө хянах" (定款自治) гэдэг үгээр илэрхийлэгдэж байна.
- Ер нь 1990-ээд оноос хойш бабл эдийн засгийн нуралт, зах зээлийн глобалчлал, мэдээлэл холбооны хөгжил зэрэгтэй уялдаад худалдааны хуульд ар араасаа олон тасархай нэмэлт өөрчлөлт орж байсан учир энэ удаад бүгдийг нь нэгтгэн эмхэлсэн байна.
- Чиг хандлагын хувьд жижиг дунд компанид үзүүлэх хяналтын дарамтыг аль болох үгүй хийжээ.
- Сүүлийн жилүүдэд Японд эсрэгцсэн M&A-үүд (нэг компани нөгөөгөө худалдаж авах нь M&A боловч, худалдаж авахуулсан тал нь хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд эсрэгцсэн M&A болно) гарч шуугиан тарьсан билээ. Жишээ нь Лайвдоор өнгөрсөн жил Nippon Broadcasting System Inc,-ийн хувьцааг бөөнөөр худалдан авч гэнэт эзэн нь болсон гэх мэт. Үүнд зохицуулалт хийх үүднээс аливаа компани эсрэгцсэн худалдан авалтаас (敵対的買収) биеэ хамгаалах боломжийг олгосон байна.
- LLC, LLP зэрэг аж ахуйн нэгжийн шинэ бүтэц хэлбэрийг хуульчилсан. Энэ талаар би нэлээд сонирхож байсан боловч энэ номон дээр бараг дурдагдсангүй.
Шинэ хууль гарсантай холбогдоод номын дэлгүүрээр дүүрэн иймэрхүү ном өрөөстэй байна, дараа дахиад ганц хоёрыг уншиж үзэх санаатай.
--------------------------------
(*1) 神田秀樹 『会社法入門』、岩波新書、(c)2006

2006/09/02

Боолчлолын эсрэг зогссон анхны сонин

Нийгэмд томоохон өөрчлөлт гаргахад урт хугацааны тасралтгүй хүчин зүтгэл хэрэгтэй. Ганц хавар бослого хөдөлгөөн гаргаад, Засгийн газрыг огцруулаад цэнгэлийн манлайг олчихно гэж байхгүй. Таван жил, магадгүй арван жилийн уйгагүй тэмцэл шаардагдана. Гэхдээ ингэж зугуухан хуримтлагдсан энерги, цаг нь болж ил гарах үедээ маш богино хугацаанд бүхнийг орвонгоор нь эргүүлж хаядаг билээ. Санаанд яагаад ч багтаагүй зүйлс биелж, хэзээ ч өөрчлөгдөшгүй мэт хөндөлссөн хана нурдаг. (Үүнтэй төстэй зүйлийг миний нэлээд дээр бичсэн "Нэг л агшинд"-аас уншиж болно).

Жишээ нь боолын ёсыг усгтах нийгмийн том операци гэхэд Америкийн Иргэний дайнд Умардынхан ялах хүртэл (1865 он) хамгийн багаар бодоход 30 гаран жил зарцуулагдсан байна. 17-р зууны Америкт боолын ёс гэдэг ид хүчтэй, хэзээ ч устгагдахааргүй бат бөх систем байв. Боолчлол нь нийгмийн тогтсон норм бөгөөд мэдээжийн зүйл байлаа. Үүнтэй тэмцье гэж яривал хүн гайхаж харна. Сармагчинг хүн болгоно гэнээ!?

Гэвч.....Зугуухан боловч тэмцэл эхэлжээ. Хорвоод шударга үнэн хаа нэгтээ байх ёстой, тэр заавал ялах ёстой гэсэн итгэл найдвар, миссиондоо хөтлөгдсөн хүмүүс... 1831 онд Гарриссон (W.L.Garrisson) гэдэг залуу "Чөлөөлөгч" нэртэй сонин гаргасан нь боолын ёсыг устгах хамгийн анхны бодитой хөдөлгөөний нэг байсан гэдэг. Анхан үед хэн ч тоож уншдаггүй сонин байж. Гэвч аажим аажмаар шинэ цаг үеийн тэрхүү шинэ дуу хоолойг хүмүүс анхаарал тавин сонсч эхэлсэн байна. Гарриссон нөхдийн хамт дарамт, айлган сүрдүүлэлт дунд ч эргэлт буцалтгүй тэмцсээр байв. Үнэндээ боолчлолыг устгах санаа нь тухайн үеийн цагаан арьстнууд, газрын эздийн хувьд хоолыг нь булааж хоолойг нь огтлохтой адил дайсагнал байсан хэрэг.

Цаг хугацаа өнгөрөх тусам уг сонин хүмүүсийн сонирхон уншдаг, нийгэмд хүчтэй нөлөө үзүүлдэг сонин болж ирэв. Мөн аажмаар Нью-Йорк Трибун гэх мэт бусад томоохон сонингууд хүртэл боолын ёсны эсрэг дуугарч эхэлжээ. Газар аж ахуйгаас хамаарал багатай үйлдвэржсэн Умардын мужууд захаасаа эхлээд боолын ёсноос татгалзаж эхлэв. Авраам Линкольн ерөнхийлөгч болсон нь 1860 он, тэрээр боолчлолын эсрэг хатуу зогсч байв. Түүнд дургүйцсэн өмнөдийнхөн тусгаар тогтносноо зарлаж, өөрсдийн ерөнхийлөгчийг сонголоо. Нэгдсэн Улсад салсан хоёр ерөнхийлөгч төрөв. Ингээд хүн төрөлхтний түүхэнд тод мөрөө үлдээсэн Америкийн Иргэний Дайн болж, 1865 онд умардын ялалтаар дуусав. “Civil War”, энэ бол ердийн нэг дотоодын дайн байсангүй. "Иргэний", өөрөөр хэлбэл "Иргэншлийн төлөөх дайн" байжээ.
Шинэ иргэншил хуучин тогтцыг ялсан нэгэн түүх энэ.